| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 128/2023/0636/З |
| Дугаар | 221/МА2025/0432 |
| Огноо | 2025-06-24 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2025/0432
О.Д*******ын гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Д.Оюумаа
Илтгэгч: шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагч Ш.Г*******, гуравдагч этгээд Д.М*******, гуравдагч этгээд О.Б*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээд С.А*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б
Гомдол гаргагч: О.Д*******
Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагч Ш.Г*******
Гуравдагч этгээд: Д.М*******
Гуравдагч этгээд: О.Б*******а
Гуравдагч этгээд: С.А*******
Гуравдагч этгээд: А******* ХК
Гомдлын шаардлага: Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагч Ш.Г*******ийн 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Зөрчилд шийтгэл ногдуулах тухай 0014047 дугаар шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0210 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагч О.Д*******
Хариуцагч Ш.Г*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц
Гуравдагч этгээд Д.М
Гуравдагч этгээд О.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А
Гуравдагч этгээд С.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б
Гуравдагч этгээд А ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Баянжаргал
Хэргийн индекс: 128/2023/0636/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдол гаргагч О.Д*******аас Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагч Ш.Г*******т холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагч Ш.Г*******ийн 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 0014047 дугаар Зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах-аар маргасан.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0210 дугаар шийдвэрээр:
Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч О.Д*******ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагч Ш.Г*******ийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 0014047 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагч Ш.Г******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1....Анхан шатны шүүхийн шийдвэрийн 6.1-т ... зөрчлийг шалгасан эрх бүхий албан тушаалтан маргаан бүхий харилцаанд хамаарах суурь эрх зүй нь нийтийн эсхүл хувийн эрх зүйн аль нь болохыг тодорхойлж чадаагүйгээс шууд Зөрчлийн хуульд заасан зөрчил үйлдсэн байна гэж гомдол гаргагчийг буруутгасан нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 1-5 дахь хэсэгт компани, түүний эрх бүхий албан тушаалтан, хувьцаа эзэмшигчид Компанийн тухай хуульд заасныг зөрчсөн буюу эдгээр этгээдүүд хуульд заасан тодорхой үүргүүдийг биелүүлээгүй бол хариуцлага тооцохоор хуульчилсан.
Харин Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 1-5 дахь хэсэгт зааснаас бусад үйлдлээр Компанийн тухай хуулийг зөрчсөн зөрчил нь мөн зүйлийн 6 дахь хэсэгт хамаарах буюу Компанийн тухай хуульд заасан бусад үүргээ биелүүлээгүй, хориглосон хэм хэмжээ зөрчсөн бол гэх нөхцөл заасан хэсэг нь хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулахад гүйцэтгэх үүргүүдийг зохицуулсан хэм хэмжээтэй холбогдоно.
Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн 6.2-т Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигчдийн хурал буюу хувийн эрх зүйн харилцааны субъектүүдийн хүрээнд үүссэн саналын эрхтэй, эрхгүй хувьцаа эзэмшигчийг тогтоох үйл баримт нь маргаантай байхад Компанийн хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж шууд дүгнэх боломжгүй, Атар өргөө ХК-ийн хувьцааг худалдан авсан О.Б*******а, С.А******* нар өөрийн хувьцааг саналын эрхтэй гэж үзэж байгаа бол иргэний журмаар маргаанаа шийдвэрлүүлэх боломжтой буюу энэ нь иргэд хоорондын хувийн эрх зүйн маргаан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь Компанийн тухай хууль 56 дугаар зүйлийн 56.1-т Компанийн гаргасан энгийн хувьцааны гуравны нэг буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг компанийн хувьцааны хяналтын багц гэнэ, 56.2-т Хувьцаат компанийн энгийн хувьцааны хяналтын багцыг дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авах хүсэлтэй этгээд нь энэ хууль болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан журмын дагуу энэ тухайгаа нийтэд мэдээлэх замаар худалдан авах санал гаргана, 57 дугаар зүйлийн 57.1-т Хувьцаат компанийн хувьцааг дангаараа буюу түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авснаар тухайн этгээдийн эзэмшиж байгаа хувьцаа нь хяналтын багц болон түүнээс дээш хэмжээнд хүрсэн бол хяналтын багц эзэмшигч болсон өдрөөс хойш ажлын 60 өдрийн дотор бусад хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааг уг хувьцааны сүүлийн зургаан сарын зах зээлийн үнийн жигнэсэн дунджаас доошгүй үнээр худалдан авахаар санал гаргах үүрэгтэй, 57.2-т Энэ хуулийн 57.1-д заасан үүргийг хэрэгжүүлээгүй этгээдийн эзэмшиж байгаа хувьцаа нь уг саналыг гаргаж зохих журмын дагуу хэрэгжүүлэх хүртэл хугацаанд энэ хуулийн 62.1.9-62.1.16-д заасан асуудлаар саналын эрхгүй байна, 63 дугаар зүйлийн 63.1-т Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж байгаа асуудлыг санал хураалтаар шийдвэрлэхэд энгийн хувьцаа эзэмшигч энэ хуулийн 34 дүгээр зүйлд, давуу эрхийн хувьцаа эзэмшигч энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан саналын эрх эдэлнэ, 63.7-д Энэ хуулийн 62.1.1-62.1.6-д заасан асуудлыг хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзвэл, аливаа хувьцаат компанийн хувьцааны хяналтын багцыг худалдан авсан этгээд бусдынхаа хувьцааг худалдан авах санал гаргах үүрэг хүлээдэг бөгөөд уг саналаа хуульд заасан журмын дагуу гаргаагүй бол эзэмшиж буй хувьцаа нь саналаа гаргаж хэрэгжүүлэх хүртэл хугацаагаар тодорхой асуудлаар саналын эрхгүй болохоор, өөрөөр хэлбэл, саналын эрхгүй болох нь зөвхөн хяналтын багцыг эзэмшиж байгаа эсэхээс хамаарахаар зохицуулсан байх бөгөөд тийнхүү хязгаарлагдах саналын эрх нь зөвхөн Компанийн тухай хуулийн 62.1.9-62.1.16-д заасан асуудалд хамаарахаар заасан.
Гэтэл Атар өргөө ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын Тооллогын комисс нь хуулийн дээр дурдсан зохицуулалтуудыг хэрэгжүүлэхгүйгээр хувьцаа эзэмшигч О.Б*******а, С.А******* нарын эзэмшиж буй хувьцааг саналын эрхгүй гэж дүгнэн, хувьцаа эзэмшигчдийн хуралд санал өгч оролцох эрхийг эдлүүлээгүй нь Компанийн тухай хуулийг зөрчсөн.
Санхүүгийн зохицуулах хороо нь хөрөнгө оруулагч буюу хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй байгууллага бөгөөд хариуцагчийн зүгээс компанийн хувьцааг саналын эрхтэй, эрхгүй эсэх маргаан нь хувийн эрх зүйн маргаан гэдэгтэй маргаагүй.
Харин хувьцаа эзэмшигчийн эзэмшиж буй хувьцааг саналын эрхгүй гэж тогтоосон ямар ч шийдвэр байхгүй байхад Компанийн тухай хуульд заасан үүргээ биелүүлэлгүй хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчсөн тооллогын комиссын үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжийг бүрэн хангасныг тогтоож шийтгэл оногдуулсан болно.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 128/2025/0210 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд Д.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
4.1....О.Д*******ын нэхэмжлэлтэй Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагч Ш.Г*******т холбогдох хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан Д.М******* миний бие уг хэрэг маргааныг хянан хэлэлцсэн шүүх хуралд биечлэн оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн шийдвэрт дараах үндэслэлээр гомдол гаргаж байна Үүнд:
1.О.Д*******ын нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцэх шүүх хурлын тов тус шүүхийн цахим хуудаст 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр байршуулсан жагсаалтанд бичигдээгүй байсан өөрөөр хэлбэл албан ёсоор зарлаагүй байсан тул мэдэх боломж байгаагүй,
2. Урангуа шүүгчийн туслахаас 7255-8921 дугаарын утаснаас 2025 оны 3 сарын 10-ны өдөр хурал хойшилж байгаа тухай мессеж илгээсэнээс хойш дахиж товлогдсон хурлын талаар огт мэдэгдээгүй. Хэргийг эзгүйд шийдвэрлэж хууль ёсны эрх ээ хамгаалж мэтгэлцэх боломж олгоогүй Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1 дэх хэсэгт заасан ...шүүх хуралдааныг долоо, түүнээс доошгүй хоногийн өмнө зарлаж, хэргийн оролцогч, бусад оролцогчид хурлын товыг мэдэгдэнэ... гэсэн заалтыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0210 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд О.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
5.1....О.Д*******ын нэхэмжлэлтэй Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагч Ш.Г*******т холбогдох хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан О.Б*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* миний бие 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр болж өнгөрсөн анхан шатны шүүх хуралд биечлэн оролцож чадаагүй учир нь шүүх хурлын зар дээр тавигдаагүй, товлогдсон зар дээр байхгүй байсан тул мэдэх боломж байгаагүй, хурлын талаар ямар нэгэн хэлбэрээр урьдчилан мэдэгдээгүй.
Тус шүүхийн хурлын нарийн бичгийн дарга 2025 оны 3 сарын 24-ний өдөр хурал болохоос хэдхэн минутын өмнө буюу 11 цаг 38 минутын үед хуралдаа ирж байна уу гэж холбогдох үед би Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос урьдчилан мэдэгдэж зарлагдсан Бүртгэлийн хорооны ээлжит хуралд 12 цагаас оролцохоор суудлаа эзэлсэн байсан. Намайг шүүх хуралдаанд биечлэн оролцуулаагүйн улмаас би хуульд заасан эрхээ эдэлж, үүргээ хэрэгжүүлж мэтгэлцэх боломжоо эдлээгүй тул маш их гомдолтой байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0210 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.
6.Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд С.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
6.1....О.Д*******ын нэхэмжлэлтэй Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагч Ш.Г*******т холбогдох хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан П.Баяр миний бие уг хэрэг маргааныг хянан хэлэлцсэн шүүх хуралд биечлэн оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн шийдвэрт дараах үндэслэлээр гомдол гаргаж байна Үүнд:
1.О.Д*******ын нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцэх шүүх хурлын тов тус шүүхийн цахим хуудаст 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр байршуулсан жагсаалтанд бичигдээгүй байсан өөрөөр хэлбэл албан ёсоор зарлаагүй байсан тул мэдэх боломж байгаагүй.
2.Хурлын товыг огт мэдэгдэлгүй, гуравдагч этгээд болох намайг оролцуулалгүй хэргийг хянан шийдвэрлэн хууль ёсны эрхээ хамгаалах боломж олгоогүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1 дэх хэсэгт заасан шүүх хуралдааныг долоо, түүнээс доошгүй хоногийн өмнө зарлаж, хэргийн оролцогч, бусад оролцогчид хурлын товыг мэдэгдэнэ... гэсэн заалтыг зөрчсөн байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0210 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангасангүй.
1.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.б-д Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын журмаар хянан шийдвэрлэх тохиолдлуудад хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, -оос өөрөөр хэрэглэсэн байх гэж хуульчилсан, иймд Улсын дээд шүүхийн тогтоолоор нэгэнт эцэслэн шийдвэрлэгдсэн маргаантай агуулга, үр дагаврын хувьд адил хэргийг түүнээс өөрөөр шийдвэрлэх боломжгүй.
Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагчаас А ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит хуралд Тооллогын комисст орж ажилласан комиссын дарга, гишүүн нэр бүхий 3 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 6-д заасан Компанийн хуульд заасан бусад үүргээ биелүүлээгүй, хориглосон хэм хэмжээ, үнэт цаасны зах зээлийг зохицуулах төрийн эрх бүхий байгууллагаас баталсан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр дээрх компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын ирц, хурлыг хүчин төгөлдөрт тооцох тухай 01 дүгээр хууль бус тогтоол гаргасан гэсэн үндэслэлээр тэдгээрийг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэснээс Улсын дээд шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 78 дугаар тогтоолоор Тооллогын комиссын дарга Ө.Оюун-Эрдэнэ, гишүүн Э.Номин-Эрдэнэ нарт холбогдох 0014046, 0014048 тоот шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгожээ.
Уг тогтоолд хувьцаа эзэмшигчдийн хурал буюу хувийн эрх зүйн харилцааны субъектүүдийн хооронд үүссэн саналын эрхтэй, эрхгүй хувьцаа эзэмшигчийг тогтоох үйл баримт нь маргаантай байхад Компанийн хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж шууд дүгнэх боломжгүй, А******* ХК-ийн хувьцааг худалдан авсан О.Б*******а, С.Адъяасүрэн нар өөрийн хувьцааг саналын эрхтэй гэж үзэж байгаа бол иргэний журмаар маргаанаа шийдвэрлүүлэх боломжтой. Гэтэл хянан шалгагч нь хувийн эрх зүйн харилцаанд хөндлөнгөөс оролцож, Тооллогын комиссын гишүүдийг хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж шийтгэл ногдуулсан нь хуульд нийцээгүй, тодруулбал саналын эрхтэй, эрхгүй хувьцаа эзэмшигчдийн асуудал нь хувьцаа эзэмшигчдийн хооронд үүссэн компанийн дотоод асуудал бөгөөд иргэний шүүхээр шийдвэрлэгдээгүй, эцэслэгдээгүй энэ тохиолдолд захиргааны байгууллагаас хувьцаа эзэмшигчдийг саналын эрхтэй, эрхгүй талаар дүгнэхгүйгээс гадна Тооллогын комиссын шийдвэрийг хууль бус гэж үзэх эрх хэмжээгүй, мөн саналын эрхгүй хувьцаа эзэмшигч гэж үзсэн үйлдлийг Компанийн тухай хуульд заасан бусад үүргийг биелүүлээгүй зөрчилд тооцох хууль зүйн үндэслэлгүй гэх зэргээр дүгнэсэн нь энэхүү маргаан болон хариуцагчийн давж заалдах гомдолд шууд хамааралтай байна.
Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан, иймд шийдвэрийн саналын эрхтэй, эрхгүй хувьцааны талаарх дүгнэлтүүд нь Улсын дээд шүүхийн хуулийн хүчин төгөлдөр дээрх тогтоолтой агуулгын хувьд адил байх тул давж заалдах гомдлын аливаа хувьцаат компанийн хувьцааны хяналтын багцыг худалдан авсан этгээд бусдынхаа хувьцааг худалдан авах санал гаргах үүрэг хүлээдэг бөгөөд уг саналаа хуульд заасан журмын дагуу гаргаагүй бол эзэмшиж буй хувьцаа нь саналаа гаргаж хэрэгжүүлэх хүртэл хугацаагаар тодорхой асуудлаар саналын эрхгүй болохоор, өөрөөр хэлбэл саналын эрхгүй болох нь зөвхөн хяналтын багцыг эзэмшиж байгаа эсэхээс үл хамаарахаар зохицуулсан гэтэл А ХК-ийн Тооллогын комисс нь хувьцаа эзэмшигч О.Б*******а, С.А******* нарын эзэмшиж буй хувьцааг саналын эрхгүй гэж дүгнэн, хувьцаа эзэмшигчдийн хуралд санал өгч оролцох эрхийг эдлүүлээгүй нь Компанийн тухай хуулийн 62.1.9-62.1.16-д заасныг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй.
Мөн гомдолд дээрх нэр бүхий 2 иргэний эзэмшиж буй хувьцааг саналын эрхгүй болохыг тогтоосон ямар ч шийдвэр байхгүй байхад Компанийн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчсөн Тооллогын комиссын үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжийг бүрэн хангасан гэх боловч шийтгэл ногдуулах үндэслэл болгосон Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 6-д Компанийн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэдэгт ямар үйлдэл, эс үйлдэхүй хамаарах болон Тооллогын комиссын Хувьцаа эзэмшигчийн ээлжит хурлын ирц, хурлыг хүчин төгөлдөрт тооцох тухай тогтоолд 2 саналын эрхгүй хувьцаа эзэмшигч гэснийг энэхүү зөрчилд тооцохгүй талаар Улсын дээд шүүхийн тогтоолд тодорхой дүгнэжээ.
Хэдийгээр давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагч Ш.Г*******аас Улсын дээд шүүхийн дээрх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн ч хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх нь Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хүн, хуулийн этгээд үүрэг болно.
2.Шүүгчийн 2025 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 901 дүгээр захирамжаар шүүх хуралдааныг 2 дугаар сарын 17-ны өдөр хийхээр анх товлосноос хойш 3 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааныг хүртэл гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хүсэлтээр нийт 3 удаа хойшилсон, харин 24-ний өдрийн 11.30 цагт хийхээр 4 дэх удаагаа товлохдоо үүнээс 13 хоногийн өмнө буюу 3 дугаар сарын 11-ний өдөр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт шүүхийн 72558921 дугаарын утаснаас тус тус зурвас үлдээж мэдэгдсэн талаар баримтад тэмдэглэсэн, мөн гуравдагч этгээд Д.М*******гийн 91758181 дугаарын, С.А*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярын 97080181 дугаарын, О.Б*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******ийн 99044130 дугаарын гар утсанд тус тус 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 09.30 цагт товлогдсон шүүх хурал гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баяр болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр орохгүйгээр хойшилж байна. Дараагийн хурал 2025.03.24-ний өдрийн 11.30 цагт болно гэсэн мессэж илгээснийг нотлох баримт хэрэгт хавсаргагдсан, харин давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон Д.М*******, П.Баяр, Б.А******* нараас тус тусын гар утсанд дээрх мессэж бүрэн ирээгүй, зөвхөн хурал хойшилсон гэсэн хэсэг нь л ирсэн гэсэн, түүнчлэн энэхүү тайлбартай холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэвэлмаагаас ч өөрийнх нь утсанд мессэж бүрэн ирээгүй байгаа талаар илэрхийлсэн боловч энэ нь шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах хангалттай үндэслэл болохгүй.
Учир нь нэг үйл баримтад ногдуулсан маргаан бүхий шийтгэлийн хуудастай адил 2 актыг шүүхээс нэгэнт эцэслэн шийдвэрлэснийг, гуравдагч этгээд нарыг шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаж товлосон шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсныг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс хурлын товыг мэдэгдэхээс гадна 71.2 дахь хэсэгт Хэргийн оролцогч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй гэснийг тус тус харгалзан, дээрх тайлбаруудаас хурлын товыг бүрэн мэдэгдсэн эсэх нь эргэлзээтэй байж болох ч үүнийг шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн буюу уг хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т заасан нөхцөлд хамааруулах шаардлагагүй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0210 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагч Ш.Г*******, гуравдагч этгээд Д.М*******, гуравдагч этгээд О.Б*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, гуравдагч этгээд С.А*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баяр нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээд нарын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 210.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН