Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 118/ШШ2021/0040

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Тунгалаг даргалж, нарийн бичгийн даргаар Ч.*******ыг оролцуулан тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ш.ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/208 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш., түүний өмгөөлөгч Б., хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Нарлаг энгэрийн тоотод оршин суудаг... Манайх 2008 онд Нарлаг энгэрийн 2-р гудамж, 1 тоотод байрлалтай хашаа байшинг худалдан авч, 2016 оны 06-р сарын 02-ны өдрийн А/121 дугаартай аймгийн Засаг даргын захирамжаар талбайн хэмжээн өөрчлөлтийг залруулаад 2016 оны 06 сарын 15-ны өдрийн Г- улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг авсан болохоос хууль бусаар өмчилж авсан зүйлгүй. Гэтэл аймгийн Засаг даргын 2021 оны 06-р сарын 03-ны өдрийн А/208 дугаартай захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай захирамжаар өмчлөх эрхтэй газрын талбайн хэмжээ өөрчилснийг хүчингүй болгосон байна. Тус захирамжийг 2021 оны 06-р сарын 14-ний өдөр гардаж авсан. 2021 оны 06-р сарын 03-ны өдрийн А/208 дугаартай захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29-р зүйлийн 29.2, 29,3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 45-р зүйлийн 45.1 дэх заалтыг үндэслэсэн бөгөөд энэхүү заалт нь миний эрх ашгийг хөндөх хууль зүйн үндэслэлгүй байна.... Би маргаад байгаа уг газрыг хашаа, байшингийн хамт 2008 онд гэдэг хүнээс худалдаж авч байсан юм. Тухайн үед байшин нь үргэлжээрээ баригдсан, 2 талаасаа ордог хаалгатай, 2 айлын орон сууц байсан. Ингээд байшингийн нэг талд нь манайх, нөгөө талд нь манай ээж, эгч, эгчийн 2 хүүхэдтэй дөрвөн ам бүлээрээ амьдарч байгаад, 2016 онд би эгчдээ амьдарч байгаа байшинг нь хэсэг газартай хамт тасалж өгөхөөр болоод уг газарт хэмжилт хийлгүүлж таслуулах, кадастрын зураг, гэрчилгээ гаргуулахаар газрын албанд хууль ёсны дагуу хүсэлтээ гаргасан. Ингээд газрын албанаас хүмүүс ирж хэмжилт хийж газрыг тасалж өгсөн. Би тухайн газрыг анх худалдаж авахдаа эхнэр, эгч, өөрийнхөө гээд 3 хүний хамтран өмчлөлөөр гэрчилгээ гаргуулж авсан юм. Тэгээд эгчдээ уг газраас тодорхой хэсгийг нь тасалж өгөхөөр болсон учраас өмнөх 3 хүний өмчлөлийн гэрчилгээг хүчингүй болгож, уг газрыг ганц хүний буюу миний нэрээр өмчлөлийн гэрчилгээ гаргуулахаар хүсэлтээ өмнөх хүсэлттэйгээ хамт газрын албанд өгсөн байсан юм. Газрын албанаас хүмүүс ирж хэмжилт хийх үед нь би нөгөө талын байшингийн үүдэн дээр байгаа хэсэг газрыг өөрийн нэр дээр байгаа газар дээр нэмж гэрчилгээ гаргуулахаар хүсэлт гаргаад, хэмжилтээ хийлгүүлсэн. Газрын алба миний хүсэлтийн дагуу 720 м.кв газар дээр байшингийн үүдний хэсгийн газрыг нэмээд миний нэр дээр 1 хүний өмчлөлөөр 1051 м.кв хэмжээтэй гэрчилгээ гаргаж өгсөн. Ингээд би өөрийн өмчлөлийн газраасаа эгчдээ тодорхой хэсгийг бэлэглэлийн гэрээгээр тасалж өгсөн юм. Тэгээд байж байтал манай эгч Улаанбаатар хот руу явж ажил хийгээд, тэндээ суурьшиж амьдрахаар болсон тул ээж би том байшинд ганцаараа амьдарч байхаар танай гэрийн хажууд гэрээ бариад амьдаръя, байшингаа манай хамаатны айлд тодорхой хэмжээний хэдэн төгрөгөөр өгье гэсэн. Тэгээд эгч байшингаа газартай нь хамт манай хамаатны айлд худалдах, худалдан авах гэрээ хийж зарсан. Тэгээд би өөрийн өмчлөлийн газартаа үйл ажиллагаа явуулах гээд грашийн барилга барих газраа трактороор түрүүлсэн. Энэ үед аймгийн Лайв телевизийн нэвтрүүлгээр миний газрын талаар гарсан байсан. Тухайн нэвтрүүлгийг би өөрөө үзээгүй учраас яг ямар байдлаар гарсныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан нэвтрүүлгээр гарсан гэдгийг хүнээс сонссон юм. Намайг грашийн барилга бариулахаар газраа түрүүлэх үед манай арын айлын залуу гэрийнх нь үүдний газар руу оруулж түрүүлсэн байна гэж хэл ам гаргасан. Тэгэхээр нь би трактор түрчихсэн байна лээ, би газрыг чинь тэгшлээд өгье гээд тэгшилж өгсөн. Ер нь бол Лайв телевизээр гарсан сурвалжилгыг Засаг дарга үзсэнээс энэ асуудал үүссэн юм байна лээ гэж аймгийн Хууль зүйн хэлтсийн дарга надад хэлж байсан. Тухайн газарт би үйл ажиллагаа явуулах гэж байхад Улиастай сумын газрын албаны гэдэг хүн ирээд таны кадастрын зураг бүх юм чинь байж байгаа юм байна. Та цэгээсээ илүү гаргаж битгий юм хийгээрэй гэж хэлсэн. Тэгээд үйл ажиллагаагаа эхлэх гээд хотоос бараа материалаа татаад юмаа хийх гээд байж байтал газрын албанаас дахиж ирээд та хүлээж бай, аймгийн Засаг даргын захирамжаар таны газрыг цуцална гэж хэлээд явсан. Тэгээд хэсэг хүлээгээд чимээгүй байхаар нь би газрын алба руу утсаар лавлаж асуухад таны асуудал болоогүй байна, Засаг дарга завгүй байна гэж явсаар 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр аймгийн Хууль зүйн хэлтсийн дарга гэдэг хүн намайг дуудаж уулзсан. Уулзахдаа өмнө нь аймгийн Засаг даргад гаргаж байсан миний өргөдлийг өөрт нь цохсоныг танилцуулаад ямар асуудал гарсан талаар гээс тодруулж асуусан. Тэгэхэд миний газрыг цуцалсан аймгийн Засаг даргын захирамж гарсан гэдгийг хэлээд захирамжийг надад танилцуулсан. Ингэж би 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн захирамжийг 06 дугаар сарын 14-ний өдөр мэдээд хүчингүй болгуулахаар өмгөөлөгчид хандан, нэхэмжлэл гаргасан... гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Аймгийн Засаг даргын захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийг үндэслэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д Бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй гэж заасан. Гэтэл энэ заалтыг үндэслэж аваад захиргааны актын холбогдох хэсгийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй юм. Хэрэв захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл байсан гэж үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 47, 48 дугаар зүйлүүдийг үндэслэх ёстой байсан. Актын илэрхий алдаа засаж байгаа юм шиг заалт тавингуутаа захиргааны актын холбогдох хэсгийг хүчингүй болгож байгаа нь захиргааны байгууллага өөрөө хуулийг зөрчөөд байна. Актын илэрхий алдааг засна гэдэг нь жишээлбэл 2008-г 2007 болгож засахыг хэлэхээс биш актыг хүчингүй болгож байгааг илэрхий алдаа засаж байна гэж үзэхгүй. Тэгэхээр энэ бол захирамжийн үндэслэлээ буруу сонгосон байна. Мөн актыг хүчингүй болгож байгаа бол Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хүрээнд мэдэгдэх, сонсох, ач холбогдол бүхий мэдээлэл, нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулах ёстой байсан. Тухайлбал, оролцогчийг сонсох, тайлбар авах, шинжээч оролцуулах, гэрчээс тайлбар авах, утсаар ярьсан бол тэмдэглэл үйлдэх, шаардлагатай бол туршилт хийх нотлох баримтыг хуулбарлах зэрэг энэ ажиллагаануудыг огт хийгээгүй байна. Захиргааны байгууллага эдгээр ажиллагаануудыг хийлгүйгээр өөрийн программ, хагас дутуу бүрдсэн хувийн хэрэгт тулгуурлаж хүний өмчлөх эрхийг хассан сөрөг нөлөөлөл бүхий шийдвэр гаргасан байна. Маргаан бүхий захирамжид газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байна гэдэг заалтыг үндэслэсэн байдаг. Гэтэл эрх олгоогүй учраас энэ заалтыг үндэслэх шаардлагагүй байсан. Эндээс гэдэг хүний газар өмчлөх эрхийг хүчингүй болгох үндэслэл байгаагүй байна гэж харж байна. нь уг газрыг 2007 онд гээс бэлэглэлийн гэрээгээр худалдаж авсан байна. 2016 онд өөрийнхөө хүсэлтээр 1 хүний өмчлөлөөр гэрчилгээ авсан байна. Мөн Засаг даргын захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлж өмчилсөн байна. Энэ байдлаас харахад гэдэг хүний хууль ёсны эрх ашгийг нь хөндөх үндэслэл байгаагүй байна. Мөн өргөдөл өгөөгүй байна гэж хариуцагч тал тайлбарлаж байна. Гэхдээ захиргааны байгууллага өөрөө тухайн иргэний газрын хэмжээг өөрчилж, өмчлөлийн гэрчилгээ гаргаж өгсөн байна. Иргэнд газар өмчлүүлэх журамд зааснаар тухайн иргэн газар өмчлөх гэж байгаа бол сумд газрын даамалдаа, аймагт Газрын албанд өргөдлөө гаргахаар байгаа. Энэ хүрээнд Газрын албаны өрөөнд сууж байгаад өргөдөл бичиж өгсөн. Энэ өргөдлийн дагуу Газрын албанаас хүн ирж хэмжилт хийж өгсөн. Тэгээд захирамжийн дагуу талбайн хэмжээ өөрчлөгдөж гэрчилгээ гарсан гэж тайлбарлаж байна. Хэрвээ Газрын албанд өргөдөл гаргаагүй бол Засаг даргын захирамж гаргахгүй, газрын албаныхан өөрсдийн санаачилгаар гэрчилгээ гаргаж өгөхгүй. Тэгэхээр үүнээс харахад газрын алба энэ захирамжийг төлөвлөж Засаг даргад оруулахдаа өргөдлийг нь үндэслэсэн байна, харин өргөдлийг газрын албаныхан яасан нь тодорхойгүй байна. Ямар нэгэн байдлаар хүсэлтээ илэрхийлсэн учраас газрын хэмжээг нэмж өмчлүүлсэн байна гэж ойлгохоор байна. Иймд аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 208 тоот захирамж илт хууль бус байх үндсэн шаардлагаа хангаж байна. Иймд аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/208 тоот захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Ш.ын Улиастай сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт байрлах өмчлөлийн газрын хэмжээг аймгийн Засаг даргын Газар өмчлүүлэх захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/121 дүгээр захирамжаар талбайн хэмжээг өөрчилсөн байна. Тус захирамжийн агуулга нь ...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 гэсэн заалтуудыг үндэслээд нийт 10 иргэний газар өмчилсөн захирамж дээр өөрчлөлт оруулсан байдаг. Тухайн иргэн д холбогдох хэсэгт өөрчлөлт оруулахдаа 2008 оны 03 дугаар сарын 06-ны 53 дугаар захирамжийн д холбогдох хэсэгт өөрчлөлт оруулсан байсан. Ингэхдээ газрын талбайн хэмжээ болон оршин суугаа хаяг зөрүүтэй бичигдсэн зөрчил гарсан тул гэсэн утга байдаг. Гэтэл 2008 оны 03 дугаар сарын 06-ны 53 дугаар захирамжид Ш.д холбогдох хэсэг байхгүй юм байна лээ. Үүнийг алдаа гэж үзэж байгаа. Харин өмнөх буюу 2007 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн өмчлүүлсэн захирамж дээр д холбогдох хэсэгт ямар нэг зөрчил байгаагүй. Тэгэхээр 2016 онд гарсан захирамж нь утга болон техникийн алдаатай гарсан байсан. Үүнийг нь би Засаг даргад тайлбарлахад тухайн захирамжийг хүчингүй болгох захирамжийн төсөл бэлдэж орж ир гэсний дагуу 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр тус захирамж гарсан. Нэхэмжлэгч тал тайлбартаа тухайн маргаан бүхий захирамжийг 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гардуулсан гэж байна. 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч өөрөө надтай утсаар холбогдоод захирамж гарах гэж байгаа талаар сонслоо, юу болж байна гэж надаас тодруулсан. Тэгэхээр нь би ...Засаг дарга захирамжийн холбогдох материалыг танилцуулсан, Засаг дарга захирамжийг хүчингүй болго гэж хэлсэн. Би захирамжийн төслийг бэлдээд Хууль зүйн хэлтэст хянуулахаар өгсөн байгаа гэдэг зүйлийг ярьсан. Тэгэхээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон нэхэмжлэгчийн ярьж байгаа захирамжийн талаар огт мэдээгүй байсан гэдэг нь үндэслэлгүй тайлбар юм. Хүчингүй болгосон захирамжийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь заалтууд, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1.2-т тухайн өмчлөлийн эрхээр олгогдож байгаа газар нь аль нэг шатны төлөвлөгөөнд тусгагдсан байх ёстой гэсэн заалт болон Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг үндэслэж гаргасан. 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн захирамжаар олгогдсон тус газар нь аль нэг шатны төлөвлөгөөнд огт тусгагдаагүй байсан учраас эдгээр үндэслэлүүдээр 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн захирамжийг хүчингүй болгосон. Мөн нэхэмжлэгч тайлбартаа 2016 онд Газрын албанд өргөдөл өгсөн талаар ярьж байна. Манай албанд 2016 онд иргэн той холбогдох нэг л хүсэлт ирсэн байсан. Тэр хүсэлт нь өөрийн 1051 м.кв газраа хувааж 331 м.вк газрыг Ш.д шилжүүлж байгаа тул хуваалт хийж өгнө үү гэсэн байдаг. Үүнээс өөрөөр ямар нэгэн хүсэлт манай албанд ирүүлээгүй, бүртгэгдсэн зүйл байгаагүй. Мөн нэхэмжлэгч нь газрын хуваалт хийлгэхдээ газрын албаныхныг ирэхэд урд талын газраа сунгаж авах талаар хүсэлт тавьсан гэж тайлбарлаж байна. Өмнөх 2016 оны захирамж нь 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гараад, үл хөдлөхийн гэрчилгээ нь 06 дугаар сарын 09-ний өдөр бичигдсэн байдаг боловч газар хуваах тухай өргөдөл нь 2016 оны 03 дугаар сарын 13-нд өгсөн байдаг. Тэгэхээр сая нэхэмжлэгчийн гаргасан тайлбартаа хавтаст хэрэгт байгаа материалууд он, сарын дараалал зөрүүтэй байна... Аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны захирамжийг хүчингүй болгох тухайн захирамжийн үндэслэл нь 2 хуулийн заалт авсан байгаа. Нэгжийн тухай хуулийн 29.2 бол ойлгомжтой захирамж гаргана гэсэн заалт байгаа. Харин 29.3-т ...Засаг даргын захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол өөрчилж, хүчингүй болгох гэсэн байгаа. Тэгэхээр 2007 оны 08 дугаар сарын 08-ны 156 дугаар Б.д өмчлүүлсэн захирамж нь хуульд нийцээгүй биш, нийцсэн байдаг. Тэгэхээр энэ нь өөрөө үндэслэлээ буруу сонгосон байна. Хоёрдугаарт, Нэгжийн тухай хуулийн 29.3-т ...хууль тогтоомжид нийцээгүй бол хүчингүй болгож болно гэж заасан учраас 29.3-г авсан. Мөн дээрээс нь Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийг авсан нь өмнөх 2008 оны 06 дугаар сарын 02-ны захирамж нь илэрхий алдаатай байсан байна гэдгийг зааж өгч байгаа заалт. Уг захирамж ямар илэрхий алдаатай байсан гэхээр нэгдүгээрт, үндэслэлээ буруу авсан. Хоёрдугаарт, утга зүйн хувьд илэрхий алдаатай байсан. Тухайлбал, талбайн хэмжээ, оршин суугаа хаягийг зөрүүтэй бичсэн зөрчил гарсан гэж байгаа. Гэтэл 2007 оны 08 дугаар сарын 08-ны захирамжид илэрхий алдаа огт байхгүй. Захирамжийн хавсралтад д холбогдох хэсэгт мөн илэрхий алдаа байгаа, тухайн захирамжтай холбоогүй газрыг хойно нь тавьсан байдаг. Дараагийн асуудал нь хувийн хэрэгт хүсэлт байхгүй байна гэж байна. Тэгэхээр нэхэмжлэгч манайд хүсэлтээ гаргаад өөрөө ирж өргөдлөө хуулбарлаж авсан. Тухайн хуулбарлаж авсан баримт нь 2016 оны эхний хагас жилийн байдлаар архивлагдсан байсан. Тэр баримтын товьёгоос харахад 2016 оны эхний хагас жилд болон тэй холбоотой нэг л өргөдөл байгаа. Хэрвээ өргөдөл гээгдээд, алдагдаад байсан бол магадгүй 2016 оны 06 дугаар сарын 13-ны хуваалт хийлгэх тухай өргөдөл байхгүй байх байсан. Тухайн үед би тухайн албан тушаалд байхгүй байсан учраас өмнөх хүний хариуцлагагүй байдлаас болж гээгдүүлсэн, үрэгдүүлсэн байх магадлалтай байж болох. Гэхдээ өргөдлүүдээ 1 сарын дотор өгсөн гээд байгаа боловч 06 сарын 13-нд өгсөн өргөдөл нь байдаг. Тэгэхээр 1 сарын дотор өгсөн өргөдлүүдийг дундаас нь нэгийг нь сугалаад алга болгох боломж байхгүй. Тийм учраас би үүнийг таньж мэддэг хүнээрээ дамжуулж гаргуулсан байх магадлалтай гэж хардаж байгаа. Нэхэмжлэгчийн асуудлууд маш богино хугацаанд шийдэгдсэн байсан. Дараагийн асуудал нь нийтийн эзэмшлийн талбай мөн эсэхийг тогтоолгосон эсэхийг асуугаад байна. Маргаан бүхий газар дээр очиход нийтийн эзэмшлийн зам талбай мөн, биш нь илэрхий харагдана. Тэр газрыг нийтийн эдэлбэрийн газар биш гэж хэлэхгүй байхын аргагүй. Шүүхээс үзлэг хийсэн байгаа. Үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан зургуудаас тодорхой харагдана. Машинтай хүн ирээд худгаас усаа аваад грааш барилаа гэж бодоход айлын үүдэн дээр эргээд гарах ямар ч боломжгүй. Нөгөө талд нь тавих гэхээр шууд авто зам дээр тавигдаж байгаа. Одоо ер нь явганаар ус авдаг хүн цөөн болсон байна лээ. Бид уг газарт үзлэг хийх 2 цаг гаруйн хугацаанд хүмүүс нэг бол тэргээр, нэг бол машинтай ирж усаа авч байсан. Тэгэхээр нэхэмжлэгчийн урд талын талбайг нийтийн эдэлбэр газар байна гэж үзээд байгаа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д Гудамж талбай, зам, нийтийн эдэлбэр газар буюу амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэргийг бусдад эзэмшүүлэхийг хориглосон байдаг. Тэгэхээр тухайн маргаан бүхий газрын сунгасан талбай нь нийтийн эзэмшлийн зам талбай буюу нийтийн эдэлбэр газар байна гэж үзэж байгаа... гэв.

Гэрч С.ийн мэдүүлэгт: ...Би Улиастай сумын газрын даамлаар 2013 оноос хойш ажиллаж байна. Өнгөрсөн зун Ш.ын газраа сунгасан асуудалтай холбогдуулаад би 2021 оны 6 сард байх, хугацааг нь тодорхой санахгүй байна. Фэйсбүүк дээр бичсэн иргэдийн мэдээллийн дагуу очиж үзэхэд Ш. хашааныхаа хаалга гаргасан хэсэгтээ буюу залгаа баруун талдаа шороо буулгасан байдалтай байсан. Газар өмчлөх гэрчилгээ, кадастрын зургаа үзүүлсэн. Гэрчилгээ, зөвшөөрөлтэй байсан учраас газар чөлөөлөх талаар мэдэгдэх хуудас өгөөгүй. Тэр хавийн иргэд худгаас ус авахад төвөгтэй, саад болохоор байна гээд хэл ам хийж байсан учир би дахиж очоод та газар дээрээ байшин барилга барихаас түр азнаж байгаарай, баримт бичгийг нь шалгаж байгаа, аймгийн Засаг даргаас шийдэж хариу өгөх байх гэдгийг хэлсэн... Жаргалант баг, Нарлаг энгэрийн хэсэгт худгийн урдхан байсан. Хашааны хаягийг санахгүй байна. Энэ хүн газар шинээр өмчлөх, өмчлөлийн газраа шилжүүлэх зэрэг асуудлаар надад өргөдөл гаргаж, уулзаж байгаагүй. Сумын Засаг даргын Тамгын газраас иргэдийн газартай холбоотой бүх өргөдөл, хүсэлт над дээр цохогдоод ирдэг байгаа. Тэгэхээр надад шууд гаргасан болон сумын Засаг даргаас цохогдоод ирсэн өргөдөл, хүсэлт байхгүй байна. той холбоотой энэ газрын маргаан эхэлснээр бид холбогдох баримтуудыг шүүж үзэхэд хашааны газраа сунгаж шинээр өмчлөх талаар энэ хүнээс гаргасан ямар нэгэн хүсэлт байгаагүй. Газар өмчлөгчийн хувийн хэргийг цэгцлэх компанит ажлыг улс даяар 2015 оноос хийсэн. Энэ ажлын хүрээнд газар эзэмшигч, өмчлөгч нарын холбогдох баримтуудыг аймаг, сумын Засаг даргын Тамгын газар, газрын алба, газрын даамлууд дээр байгаа бүх баримтуудыг нэгтгэн хувийн хэргийг үүсгэж, одоо аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хадгалдаг болсон юм. Энэ хувийн хэрэг дотор холбоотой бүх баримтууд байгаа... Ер нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд өмчлүүлж болох газрын нийт хэмжээ, тоог ерөнхийд нь тусгадаг болохоос, нэг бүрчлэн нэгж талбараар нь тусгадаггүй болохоор 2016 оны төлөвлөгөөнд яг иргэн ын хашааны залгаа тэр хэсгийг иргэдэд өмчлүүлэхээр тусгасан, тусгаагүй гэж хэлэх боломжгүй... Засаг даргын үүдэнд суудаг туслах ажилтан Улиастай сумын Засаг дарга болон Тамгын газарт иргэдээс ирүүлсэн хүсэлтийг бүгдийг нь хүлээж аваад, газар өмчлөхтэй холбоотой өргөдлийг даргад танилцуулж, цохолт хийлгээд надад шилжүүлж өгдөг. Би өргөдлийг бүртгэж аваад харьяаллын дагуу аймгийн Газрын албанд шилжүүлдэг юм. Аймгийн газрын албанд газар өмчлөл хариуцсан албан тушаалтан өргөдөл, хүсэлт материалыг хүлээн авч зохих шийдвэрийг гаргуулдаг... Над дээр газар өмчлөлтэй холбоотой 2016 оны бүртгэл байхгүй. Энэ үед бүртгэл хөтөлдөггүй байсан. Даргын туслах ажилтан дээр нэгэнт өргөдлүүд бүртгэгддэг байсан тул бүртгэдэггүй байсан. Харин иргэдийн хүсэлтүүдийг он, оноор нь үдээд хадгалж байгаа. 2016 оны өргөдөл, хүсэлтийг шүүж үзэхэд Ш.той холбоотой өргөдөл, хүсэлт байхгүй байна лээ. Газар өмчлөлтэй холбоотой өргөдөл бариад ирсэн бол аймгийн газрын албанд гаргахыг зөвлөөд явуулах тохиолдол байсан...гэжээ.

Гэрч М. мэдүүлэгтээ: ...2013 оноос 2020 оныг хүртэл кадастрын мэргэжилтнээр ажиллаж байгаад 2020 оны /хугацааг санахгүй байна гэв/ 1 сар бил үү 3 сараас эхлэн ахлах мэргэжилтнээр ажиллаж байна.Ш. гэдэг хүн надтай 2016 онд уулзаж байгаагүй. Надад өргөдөл, хүсэлт гаргаж байгаагүй. Өргөдөл хүсэлт хүлээж авах ажлыг хариуцсан хүн тусдаа учир би иргэний өргөдөл хүлээж авдаггүй юм. 2021 онд дээрх хашааны газрынх нь хэсэг газрын өмчлөл ******* гэдэг хүнд шилжихэд нь газрын мэдээллийн санд газрын хуваалт мэдээллийг нь би оруулсан байгаа. Түүнээс өөрөөр уулзаж байгаагүй, дээрх хашааны газар дээр очиж байгаагүй. Газрын хэмжилтийг хариуцсан албан тушаалтан нь гэж хүн байгаа. 2015 оноос хойш энэ хүн хариуцан ажиллаж байгаа. гоос өөр хэмжилт хийдэг хүн байхгүй...гэв.

Гэрч Д. мэдүүлэгтээ: Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2014 оны 10 сараас хойш геодези зураг зүйн асуудал эрхэлсэн мэргэжилтнээр өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Холбогдох хуулиудад заасан үүргийн хүрээнд магадлангийн болон хяналтын геодези, кадастрын зураглалыг хийдэг. Энэ газар дээр очиж хэмжилт хийж байгаагүй. 2021 оны 4, 5 сард байх Ш. гэдэг хүн газрын эргэлтийн цэгүүдийг газар дээрээ заалгаж авмаар байна, хаана хандах вэ гэхээр нь би очиж 4 эргэлтийн цэгийг зааж өгсөн. Ямар нэг өргөдөл, хүсэлт бичүүлж аваагүй. Тухайн үед би яг хэмжилтээр гадагш гарах гээд байж байсан юм. Тухайн үед 2020 онд хэвлэсэн байл уу яг сайн санахгүй байна нэг кадастрын зургаа барьсан явсан. Тэр зурагт туссан нэгж талбарын эргэлтийн цэгүүдийн координатыг багажаараа шалгаж хийж үзээд 4 цэгийг газар дээр нь зааж өгсөн. Тухайн газрын хэмжээг нь одоо сайн санахгүй байна. Баруун талын 2 цэг нь задгүй газарт байсан, нөгөө зүүн талын 2 цэг нь айлын хашаан дотор байсан. Яагаад тэр хашаанд 2 цэг нь орж байгаа талаар сайн ойлгоогүй, тийм нөхцөл байдал л харагдсан. Тухайн үед баримт үйлдээгүй. Иргэдийн анх газар эзэмших, өмчлөх үед нь актаар газрын эргэлтийн цэгүүдийг нь хүлээлгэж өгдөг юм. Тухайн үед Ш. гэдэг хүн өөрөө өмнө гаргуулсан кадастрын зургаа барьж явсан. Цэгүүдээ заалгах гэсэн юм гэхээр нь л цэгүүдийг нь бататгаж хатгаж зааж өгсөн юм. Ш. 2016 онд уг хашааны газраа сунгасан үндэслэлээр газрынхаа хэмжээг нэмэгдүүлэхээр кадастрын зургаа надаар хийлгүүлж байгаагүй. Өмнө хийлгүүлсэн зургаа барьчихсан сүүлд тэгж ирсэн. Энэ хүн өмнө нь кадастрын зургаа хувийн аж ахуйн нэгжээр хийлгүүлсэн байх магадлалтай. Өөрөөр өөр хүн хийх боломжгүй, манай байгууллагаар л хийлгүүлнэ гэжээ.

Гэрч Д. мэдүүлэгтээ: ...Ш. ер нь хашааныхаа баруун талын газрыг авмаар байна, засварын газар хийчихмээр байдаг гэдэг байсан. 2016 онд сар, өдрийг сайн санахгүй байна. Ямартаа ч дулааны улирал байсан юм бид хоёр хамт явж байгаад Ш. нөгөө газраа сунгаж авах өргөдлөө Газрын албанд өгмөөр байна гээд аймгийн Засаг даргын Тамгын газар луу орсон. Би гадаа хүлээгээд үлдсэн, хамт ороогүй. Нэг их удаагүй өгчихлөө гэж гарч ирсэн. Тэр өдөр энд ирсэн дээрээ газрын алба руу ороодохъё гээд хавтастай баримтаа машинаасаа аваад орсон. Ямар баримтууд байсныг сайн санахгүй байна. Газраа сунгаж авна газрын албанд өргөдлөө өглөө л гэж байсан, яг хэнд холбогдуулаад хэнд нь өгснийг мэдэхгүй байна. Одоо 2016 оны зүйлийг тодорхой санахгүй байна. Тэр өргөдлөө газрын албанд өгөөд нэлээд удсан байх, болоогүй байна гээд яваад байсан. Тэгсэн л нэг удаа асуухад газраа авчихсан ш дээ гэж байсан. Тэгээд засварын газар байгуулах гээд цемент, блок гээд материалаа татаад авсан байна лээ. Гэтэл шүүхээр явж байгаа, маргаан гарсан гэж хэлсэн. Үүнээс өөр нарийн зүйл мэдэхгүй байна гэжээ.

Гэрч С. мэдүүлэгтээ: 2013 оноос хойш улсын бүртгэгчээр ажиллаж байна. Улиастай сумын Жаргалант багийн иргэн Ш. Нарлаг энгэрийн 2-р гудамжны 1 тоотод хаягт байршилтай энэ газраа гурвуулаа хамтран хамтран өмчилж байгаад бусад хамтран хамтран өмчлөгч нар нь өөрт ногдох хэсгээ д шилжүүлснээр 720 м.кв газрын өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээ олгогдсон, түүний дараа аймгийн Засаг даргын 2016 оны А/121 дүгээр захирамжийг үндэслэн 1051 м.кв газрын өмчлөгчөөр бүртгэж, мөн гэрчилгээ олгосон байдаг. Тэрнээс хойш 282 м.кв газрыг буцаагаад Ш.д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байдаг юм. Тэр бэлэглэлийн гэрээ, өргөдөл, хүсэлтийг нь үндэслээд үлдсэн 769 м.кв газрын өмчлөгчөөр ыг бүртгэж, гэрчилгээ олгосон байдаг. Ер нь бүх л зохих баримтууд, гэрээ, захирамжийг нь үндэслэж бүртгэж, гэрчилгээ олгодог байгаа... Бүртгэл болгоны тухайд өөр өөр улсын бүртгэгч хийсэн байгаа. Тухайн тухайн үеүдэд ямар зүйл гарсныг мэдэхгүй байна. Миний хийсэн бүртгэлийн тухайд холбогдох шаардлагатай баримтуудыг шаардаад л тэдгээр баримтуудын үндсэн дээр бүртгэсэн байгаа гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш. нь Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай А/208 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Маргаан бүхий захиргааны акт болох дээрх 2021 оны А/208 дугаар захирамжаар[1] газар өмчлөгчдийн оршин суугаа хаяг, газрын хэмжээг зөрүүтэй бичсэн зөрчлийг арилган залруулах зорилгоор аймгийн Засаг даргаас урьд гаргасан 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/121 дүгээр захирамжийн[2] Ш.д холбогдох хэсгийг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч тал ...аймгийн Засаг даргын 2016 оны А/121 дугаартай захирамжаар газрын хэмжээг залруулж, 1051 м.кв газрын өмчлөх эрхийг надад олгосон байхад хариуцагч урьд гаргасан захирамжийнхаа үндсэн зохицуулалт, агуулгад үндэслэлгүйгээр өөрчлөлт оруулж, миний газар өмчлөх эрхэд халдсан, холбогдох хуулиудын заалтыг буруу хэрэглэсэн... хэмээн маргаж байна.

Тодруулбал, маргаан бүхий захиргааны актаар Улиастай сумын Жаргалант багийн Нарлаг энгэрийн 2 дугаар гудамжны 1 тоот хаягт байршилтай газрын өмчлөх эрхэд үндэслэлгүйгээр халдсан гэжээ.

Хариуцагч тал ...аймгийн Засаг даргын 2016 оны А/121 дүгээр захирамжаар газар өмчлөгч Ш.той холбоотой залруулга хийх үндэслэлгүй байсан, уг захирамжийн хавсралтын Ш.ын нэрээр бичигдсэн хэсэгт засвар оруулахаар тусгагдсан 2008 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 53 дугаар захирамжаар[3] Ш.д газар өмчлүүлээгүй тул түүний тухайд газрын талбайн хэмжээ, оршин суугаа хаягийг зөрүүтэй бичсэн зөрчил бий болоогүй, тиймээс засвар оруулах тухай уг илэрхий алдааг засаж А/121 дүгээр захирамжийн Ш.д холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй... нэхэмжлэгчийн хашааны газрын талбайн хэмжээг баруун тийш тэлж нэмэгдүүлэн шинээр өмчлүүлэх талаар 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, уг газар нь нийтийн эзэмшилд хамаарна... хэмээн тайлбарлаж байна.

Хариуцагч Завхан аймгийн Засаг дарга нь маргаан бүхий 2021 оны А/208 дугаар захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, 29.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх заалтуудыг үндэслэжээ.

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3-д зааснаар аймгийн Засаг дарга нь эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд нийцүүлэн захирамж гаргах бөгөөд захирамж хуульд тогтоомжид нийцээгүй бол өөрөө хүчингүй болгох, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар захиргааны актын илэрхий алдааг засах, мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.3-д зааснаар иргэнд газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн газар өмчлүүлэх шийдвэр гаргах, газар өмчлүүлэх талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах эрх хэмжээтэй байна.

Дээрх хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хариуцагч Завхан аймгийн Засаг даргаас гаргасан маргаан бүхий захиргааны акт болох 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/208 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дараах үндэслэлүүдээр зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэг. Хэрэгт тогтоогдсон үйл баримтын тухайд:

1. Маргаан бүхий газар болох Улиастай сумын Жаргалант багийн Нарлаг энгэрийн хэсэг, 2 дугаар гудамжны 1 тоот хаягт байршилтай газрыг анх иргэн Б. нь гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 2004 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр олгосон гэрчилгээ, гэрээний[4] дагуу эзэмшиж байжээ.

2. Дээрх байршилд 720 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр Завхан аймгийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 156 дугаар захирамжаар шийдвэрлэсний дагуу Б., эхнэр Д., хүү Т. нартай хамтран өмчлөх эрхээ 2007 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгүүлснээр 000013787 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ[5] тэдэнд олгогдсон байна.

3. Иргэн Б. нар нь уг 720 м.кв газрын өмчлөх эрхийг Ш., Ш., Д.******* нарын дундын өмчлөлд шилжүүлснээр шинэ өмчлөгч нар өмчлөх эрхээ 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулсан нь 2007 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000054901 дугаартай гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар[6] тогтоогдож байна.

4. Газар өмчлөгч Ш., Д.******* нар нь дээрх 720 м.кв газраас өөрт ногдох хэсгийн өмчлөх эрхийг Ш.д шилжүүлсэн байх ба ингэснээр нэхэмжлэгч Ш. нь 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс уг газрыг бүхэлд нь дангаар өмчлөх эрхтэй болсон нь тэдний хооронд 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ, кадастрын зураг, эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай гэрчилгээ зэргээр[7] мөн тогтоогдож байна.

5. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д ...Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана, 22 дугаар зүйлийн 22.1-д ...Засаг даргын гаргасан шийдвэр болон ...нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж, тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно, 24 дүгээр зүйлийн 24.1-д Иргэний газар өмчлөх эрхтэй холбогдсон хөдөлгөөний бүртгэлийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу хөтөлнө, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилтийг бүртгэх ... гэж тус тус заажээ.

Дээрх үйл баримтууд болон хуулийн зохицуулалтаас харахад нэхэмжлэгч Ш.ын Улиастай сумын Жаргалант багийн Нарлаг энгэрийн 2 дугаар гудамжны 1 тоот хаягт байршилтай 720 м.кв газрыг өмчлөх эрх 2016 оны 5 дугаар сард хуулийн дагуу үүссэн байна.

Үүний дараа Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/121 дүгээр захирамжаар[8] өмчлөлийн газраа сунгагдсан гэж үзэж, уг захирамжийг үндэслэн 1051 м.кв газрын өмчлөгчөөр, түүнээс хойш 5 хоногийн дараа дээрх газраасаа 282 м.кв хэмжээтэй газрыг өөрийн эгч Ш.дээ бэлэглэсэн үндэслэлээр үлдсэн 769 м.кв газрын өмчлөгчөөр тус тус улсын бүртгэлд бүртгүүлж, баталгаажуулсан байх ба эдгээр үйл баримт нь Ш., Ш. нараас Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан 2016 оны 06 дугаар сарын 13, 14, 15-ны өдрийн өргөдөл, мэдүүлэг, бэлэглэлийн гэрээ, кадастрын зураг, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *******,*******,******* дугаартай гэрчилгээнүүд болон үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, гэрч С.ын мэдүүлэг зэрэг баримтуудаар[9] тогтоогдож байна.

Хоёр. Маргаан бүхий захиргааны акт болох Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Газар өмчлүүлэх захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай А/208 дугаар захирамжийн тухайд:

Уг захирамжаар Завхан аймгийн Засаг даргаас урьд гаргасан 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Газар өмчлүүлэх захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай А/121 дүгээр захирамжийн Ш.д холбогдох хэсгийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Ш.оос өмчлөлийн газрынхаа хэмжээг нэмэгдүүлэн /720м.кв+331м.кв/ 1051 м.кв газрын өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхэд үндэслэл болгосон дээрх 2016 оны А/121 дүгээр захирамжаар өмнө нь 2007-2015 онуудад гаргасан хэд хэдэн захирамжаар газар өмчилсөн нэр бүхий 10 иргэний газрын талбайн хэмжээ, оршин суугаа хаягийг дээрх захирамжуудад зөрүүтэй бичсэн үндэслэлээр зөрчлийг арилгах, залруулах асуудлыг шийдвэрлэсэн байх ба уг захирамжийн хавсралт дахь хүснэгтийн 2 дугаарт нэхэмжлэгч Ш.той холбоотой мэдээлэл тусгагджээ.

Энэ мэдээллээс харахад 2008 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 53 дугаар захирамжийн хавсралтад[10] Улиастай сумын Жаргалант багийн Нарлаг энгэрийн ******* тоот хаягт байнга оршин суух Ш.ын газрын хэмжээг 720 м.кв гэснийг 1051 м.кв хэмээн залруулсан агуулга тусгагдсан байна.

Завхан аймгийн Засаг даргын 2008 оны 53 дугаар захирамжийг[11] иргэдэд газар өмчлүүлэх асуудлаар гаргасан байх боловч захирамжийн хавсралтаас шүүж үзэхэд нэхэмжлэгч Ш.д газар өмчлүүлэх агуулга тусгагдаагүй, түүний нэрээр бичигдсэн ямар нэгэн мэдээлэл байхгүй тул уг захирамжийг нэхэмжлэгчид газар өмчлүүлэх эрх олгосон шийдвэр гэж үзэхээргүй байна.

Тодруулбал, уг захирамж нь Ш.д хамааралгүй, түүнд газар өмчлүүлэх агуулга байхгүй тул Завхан аймгийн Засаг даргын 2016 оны А/121 дүгээр захирамжаар Ш.д хамааралтай залруулга хийх шаардлага үүсээгүй байсан байсан байна.

Иймд 2016 оны А/121 дүгээр захирамжийн хавсралтаар Ш.ын нэрээр 2008 оны 53 дугаар захирамжид залруулга хийхээр тусгагдсан нь үндэслэлгүй бөгөөд хариуцагчаас уг алдааг илэрхий алдаатай адилтган үзэж, 2021 оны А/208 дугаар захирамжаар хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй, Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, 29.3-д Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө ...өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ш. Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/121 дүгээр захирамжийн өөрт холбоотой алдаатай гарсан хэсгийг үндэслэн өөрийн өмчлөлийн газрын хэмжээг 1051 м.кв хэмээн үзэж Хариуцагч маргаан бүхий 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/208 дугаар захирамжаар өмнө гаргасан шийдвэрийнхээ газар өмчлүүлэх эрх олгосон агуулгыг хөндсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн тухайд 2016 онд өөрийн өмчлөлийн 720 м.кв газрынхаа хэмжээг 331 м.кв-аар нэмэгдүүлэн 1051 м.кв хэмжээтэйгээр өмчлөх эрх Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана, 22 дугаар зүйлийн 22.1-д Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж, тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно гэж заасан журмын дагуу үүсээгүй байх тул маргаан бүхий захиргааны актаар түүний газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгчийн шүүхээр сэргээлгэхээр шаардаж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны байж гэмээ нь шүүхээр хамгаалагдах, шүүх уг зөрчигдсөн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг өмнөх байдалд нь сэргээн тогтоох учиртай. Энэ маргааны тухайд нэхэмжлэгчийн хууль бус гэж маргаж буй захиргааны акт нь түүний газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Гурав.Бусад асуудлын тухайд

1. Иргэнд газар өмчлүүлэх зарчим, журмыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар зохицуулсан бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 12 дугаар зүйлийн 12.1.3-д зааснаар аймгийн Засаг дарга нь аймгийн төвийн сумын Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт заасан иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, газар өмчилж авахыг хүссэн иргэдийн тоог иш үндэс болгон газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргахаар байна.

Өөрийн өмчлөлийн 720 м.кв газрынхаа хэмжээг нэмэгдүүлэн сунг, баруун тийш 331 м.кв газрыг сунган өмчлөх нэхэмжлэгч Ш.ын /2016 онд үүссэн/ хүсэл, ашиг сонирхол нь иргэнд шинээр газар өмчлүүлэх асуудалд хамаарахаар байх бөгөөд уг асуудлаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд өргөдөл, хүсэлт гаргасан гэх үйл баримт Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Улиастай сумын Засаг даргын Тамгын газарт 2016 онд иргэд, хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, хүсэлт болон холбогдох бүртгэлүүдэд хийсэн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, гэрч Д., М.*******, Г., Д. нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар[12] тогтоогдохгүй байна.

Түүнчлэн 331 м.кв газрыг шинээр өмчлүүлэх талаар 2016 онд Завхан аймгийн Засаг даргаас шийдвэр гараагүй болох нь 2016 оны захирамжуудад үзлэг хийсэн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тэмдэглэлээр[13] тогтоогдож байна.

2016 онд газраа сунган шинээр өмчлөх талаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын байранд газрын асуудал хариуцсан холбогдох албан тушаалтанд биечлэн өргөдөл, хүсэлтээ гаргасан гэх нэхэмжлэгчийн тайлбар дээрх баримтуудаар үгүйсгэгдэж байх бөгөөд өргөдөл, хүсэлт хүлээн авсан гэх тухайн албан тушаалтнуудыг тэрээр тодорхой нэрлэн зааж чадахгүй байгаа болно.

Хэрэгт авагдсан 2016 онд үйлдсэн, хэвлэсэн кадастрын зургууд[14] дээр гэрч Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн М.******* гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба энэ нь түүний 2021 онд дээрх маргаантай газрынх нь хэсэг газрын өмчлөл ******* гэх хүнд шилжихэд нь газрын мэдээллийн санд газрын хуваалт мэдээллийг нь оруулсан, түүнээс өөрөөр Ш. гэдэг хүнтэй уулзаж, газар дээр нь очиж хэмжилт хийж байгаагүй гэх мэдүүлгийг үгүйсгэх нөхцөл болохгүй энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэсгүй.

2. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д иргэнд газар тариалангийнхаас бусад зориулалтаар газар өмчлүүлэхдээ аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, аймгийн төвийн болон хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, сумын төв, тосгоны тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт заасан иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, газар өмчилж авахыг хүссэн иргэдийн тоог иш үндэс болгох гэж заасан.

Завхан аймгийн болон Улиастай сумын 2008, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнөөс харахад иргэнд шинээр өмчлүүлэх газрын хэмжээ байршлыг тодорхой, нэгж талбар бүрээр нь тодруулж тусгаагүй байх бөгөөд нэхэмжлэгчээс маргаж буй Улиастай сумын Жаргалант багийн Нарлаг энгэрийн 2 дугаар гудамжны 1 тоот хаягт байршилтай газрын залгаа баруун хэсэгт шинээр газар өмчлүүлэх талаар тодорхой тусгагдсаныг харах боломжгүй байх бөгөөд нь төлөвлөгөөнд өмчлүүлэх газрыг нэгж талбар бүрээр заагаагүй, жил бүрийн төлөвлөгөөнд тухайн сумын баг тус бүрээр өмчлүүлж болох газрын хэмжээг нийтэд нь ерөнхий байдлаар тусгадаг талаар гэрч Улиастай сумын газрын даамал Г.[15] мэдүүлж байна.

Иймд нэхэмжлэгч Ш.оос нэмж өмчилсөн хэмээн маргаж буй газрын талаар 2016 оны аймаг, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, эсхүл тусгагдаагүй гэдгийг шууд дүгнэх боломжгүй байх тул уг сунгасан гэх газрын тухайд 2016 оны холбогдох төлөвлөгөөнд тусгаагүй гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг үндэстэй гэж үзэх боломжгүй юм.

3. Мөн хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгч Ш.ын сунгаж өмчилсөн хэмээн маргаж буй 331 м.кв газрыг хуульд заасан нийтийн эзэмшлийн талбайд хамаарч байгаа гэж тайлбарлаж байгаа бол нэхэмжлэгчийн өмгөөлөгч уг газрыг нийтийн эзэмшлийн талбайд хамаарч байгаа эсэх, худгаас ус зөөвөрлөх иргэдэд төвөг саад учруулах, халтиргаа, гулгаа үүсгэх зэргээр сөрөг нөлөөлөл учруулах эсэх талаар хариуцагч мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулаагүй, судлан тогтоогоогүй, энэ талаар нотлох баримт цуглуулаагүй гэж маргаж байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Иргэнд газар тариалангийнхаас бусад зориулалтаар дараах газрыг өмчлүүлнэ: 6.1.1.хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэрийн газар /гудамж, талбай, зам, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг/, бэлчээр, ойн болон усны сан бүхий газар, тусгай хэрэгцээний газар, зам, шугам сүлжээний газраас бусад газарт гэж заажээ.

Маргаан бүхий захиргааны акт болох Завхан аймгийн Засаг даргын 2021 оны А/208 дугаар захирамжид нийтийн эзэмшлийн газар болоод иргэдэд учруулах сөрөг нөлөөллийн улмаас Ш.д газар өмчлүүлэхгүй байх агуулга, үндэслэл тусгагдаагүй байх ба хариуцагчийн төлөөлөгчөөс захирамжид тийнхүү тусгагдаагүй үндэслэлийн талаар буюу захирамжийн үндэслэлийг зөрүүтэй байдлаар тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй, уг үндэслэлээр нотлох баримт цуглуулах шаардлагагүй болно.

4. Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хэрэгжүүлээгүй гэж нэхэмжлэгч тал маргасан.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Захиргааны акт, ...ыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 26.2-т Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэж заажээ.

Хариуцагч Завхан аймгийн Засаг даргаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагааг хэрэгжүүлээгүй байх ба уг ажиллагааг явуулсныг баримтаар нотолж чадахгүй байх боловч уг сонсох ажиллагааг хариуцагчаас хэрэгжүүлсэн нөхцөлд өмчлөлийн газраа сунган нэмж шинээр өмчлөх эрх нэхэмжлэгчид хуулийн дагуу үүсээгүй гэх нэгэнт тогтоогдсон үйл баримтыг үгүйсгэх нөхцөл байдлыг бий болгохгүй, захиргааны байгууллагаас гарах шийдвэрт нөлөөлөхгүй тул сонсох ажиллагааг хэрэгжүүлээгүй, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг баримтлаагүй үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

4. Хавтаст хэргийн 92 дугаар хуудсанд авагдсан нэхэмжлэгч Ш.оос аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гаргасан хүсэлтээс[16] харахад Улиастай сумын Нарлаг энгэрийн ******* тоот хаягт байршилтай, 17339291333360 нэгж талбарын дугаартай 1051 м.кв газрын 331 м.кв газрын өмчлөх эрхийг эгч Ш.д бэлэглэж байгаа үндэслэлээр кадастрын зургийг хуваан гаргуулах агуулга тусгагдсан байх боловч Ш.тэй 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ, Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан өргөдөл, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн******* дугаартай гэрчилгээ, кадастрын зураг зэрэг баримтуудад[17] түүнд 331 м.кв биш 282 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлснээр бүртгэгдсэн байна. Ш. нь 282 м.кв газрыг иргэн М.*******д худалдсанаар уг газрын өмчлөх эрх дээрх иргэнд шилжсэн нь тэдний хооронд 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, гэрчийн мэдүүлэг, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай гэрчилгээ, кадастрын зураг зэрэг баримтуудаар[18] тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ш.ын тухайд хуульд заасны дагуу газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай гэрчилгээгээр 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн өмчлөх болсон Жаргалант багийн Нарлаг энгэрийн 2 дугаар гудамжны 1 тоот хаягт байршилтай, 720 м.кв /үзлэгийн тэмдэглэлд[19] тусгагдсан хашаагаар хүрээлэгдсэн хэсэг/ газрынхаа 282 м.кв хэмжээтэй газрын өмчлөх эрхийг 2016 онд бусдын өмчлөлд шилжүүлсэн /720м.кв-282м.кв/ гэж үзэхээр байх ба энэ талаар талууд маргаагүйг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.1, 106.3.14 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 ,29.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/208 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий иргэн Ш.ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ

 

 


[1] Хавтаст хэргийн 8-р хуудсанд

[2] Хавтаст хэргийн 9-10-р хуудсанд

[3] Хавтаст хэргийн 59-р хуудсанд

[4] Хавтаст хэргийн 35, 36-р хуудсанд

[5] Хавтаст хэргийн 98, 100-р хуудсанд

[6] Хавтаст хэргийн 44, 99, 101-р хуудсанд

[7] Хавтаст хэргийн 46, 102, 104, 105-р хуудсанд

[8] Хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд

[9] Хавтаст хэргийн 46, 168, 107, 17*******80,

[10] Хавтаст хэргийн 10-р хуудсанд

[11] Хавтаст хэргийн 59-р хуудсанд

[12] Хавтаст хэргийн 164, 200, 235, 238-р хуудсанд

[13] Хавтаст хэргийн 200-р хуудсанд

[14] Хавтаст хэргийн 6, 104, 106, 173 /ар тал/-р хуудсанд

[15] Хавтаст хэргийн 164-р хуудсанд

[16] Хавтаст хэргийн 92-р хуудсанд

[17] Хавтаст хэргийн 42, 43, 174, 175 /ар нүүр/, 179-р хуудсанд

[18]Хавтаст хэргийн 43, 84, 88-р хуудсанд

[19] Хавтаст хэргийн 72-р хуудсанд