Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/91

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ,

         улсын яллагч Б.А,

         шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,

         шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С-д холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,Б.С

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.С нь ...... хэвлэл график дизайны ангийн багшаар ажиллаж байх хугацаандаа ангийнхаа сурагчид болох 25 хүүхдийг “... дэвтэр балласан, үзэг сольсон, бие даалт дутуу хийсэн..” гэх үйлдлийнх нь төлөө 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд удаа дараагийн үйлдлээр компьютерын уртасгагч кабелыг ашиглан биед нь олон удаагийн давтамжтай цохиж халдан бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж арван найман насанд хүрээгүй хүүхэдтэй хэрцгий харьцсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Б.С нь Дорноговь аймгийн Сайншанд сумын ...... ажиллаж байх хугацаандаа ангийнхаа сурагчид болох 25 хүүхдийг “... дэвтэр балласан, үзэг сольсон, бие даалт дутуу хийсэн” гэх үйлдлийнх нь төлөө 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд удаа дараагийн үйлдлээр компьютерын уртасгагч кабелыг ашиглан биед нь олон удаагийн давтамжтай цохиж халдан бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж арван найман насанд хүрээгүй хүүхэдтэй хэрцгий харьцсан үйл баримт тогтоогдож байна.

          Дээрхи үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн насанд хүрээгүй хохирогч М.О-ийн "...2022 оны 02 дугаар сард ковид дуусаад хичээлдээ ороход бид нарыг Б.С багш дэвтэр дээр баллаж сохолсон, эсвэл ангийн хүүхэд асуудал гаргавал ангиар нь хар уртасгагчаар ороолгож зоддог. ...А, М, У, Б тэгээд би бид хэдийг нэг хүүхэд дээр 24 удаа нуруу болон бөгс хэсэг рүү ороолгосон" гэсэн /хх 8 ху/, насанд хүрээгүй хохирогч Д.У-ийн “...Б.С багш манай ангийг дааж авснаас хойш ангийн хөвгүүдийг хар /юү эс би/ уртасгагчаар зоддог байсан. Тэгээд 2022 оны 02 дугаар сараар ковид дуусаад хичээл танхимаар орж ирэхэд Б.С багш бид нарын дэвтрийг шалгаад бал сольсон, хуудас дутаасан тохиолдолд бас хар уртасгагчаар зодож эхэлсэн. Тэгээд хий гэсэн юмыг нь хийгээгүй байвал 20-н тооноос эхэлж ороолгоно хэд вэ тоогоо өөрсдөө хэл гэж зоддог болсон” гэсэн /хх 10-11 ху/, насанд хүрээгүй хохирогч Ч.А-ийн “...Б.С багш 2022 оны 02 дугаар сараас хичээл орох үед л бид нарыг нэг ёсондоо хичээл ном хийсэнгүй, эсвэл сургууль дээр маргаан үүсгэсэн тохиолдол болгонд хар өнгийн уртасгагчаар ороолгож гуяддаг болсон” гэсэн /хх 31-32 ху/, насанд хүрээгүй хохирогч Д.Б.н “...Намайг багш 3 удаа зодсон. 1 дүгээр курст байхад 7 удаа уртасгагчаар цохиулсан. Энэ жил 2 удаа зодуулсан ба нийт 29 удаа хар уртасгагчаар цохиулсан...” гэсэн /хх 16 ху/, насанд хүрээгүй хохирогч Т.Б-н “...Б.С багш намайг болон манай ангийн хүүхдүүдийг өгсөн үүрэг даалгаврыг нь биелүүлээгүй гээд хар уртасгагчаар олон удаа зодсон” гэсэн /хх 21-23 ху/, насанд хүрээгүй хохирогч М.А-ын “...Хар өнгийн принтерийн уртасгагчаар л зоддог 1 хуванцар шугамаар зоддог болсон”  гэсэн /хх 27 ху/, насанд хүрээгүй  хохирогч Ө.Б-ийн “...Багш өөрийнх нь өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй бол хар өнгийн уртасгагчаар зоддог тухайн тоог бол өөрөө хэлдэг” гэсэн /хх 36 ху/, насанд хүрээгүй хохирогч С.Ц-ын “...Б.С багш намайг өмнө нь ойролцоогоор 5-6 удаа зодож байсан. Намайг хамгийн ихдээ компьютерын залгуураар залгуураар 18 удаа ороолгож байсан” гэсэн /хх 50-52 ху/, насанд хүрээгүй хохирогч Б.Т-ний “...Б.С багш ихэвчлэн манай ангийн хүүхдүүдийг хичээлээ хийгээгүй байна гэх үндэслэлээр цохиж зоддог” гэсэн /хх 57-59 ху/, насанд хүрээгүй хохирогч А.М-ийн “...Б.С багш ихэвчлэн манай ангийн хүүхдүүдийг хичээлээ хийгээгүй байна гэх үндэслэлээр цохиж зоддог” гэсэн /хх 84-85 ху/ мэдүүлгүүд, хохирогч М.О-ийн биед зүүн бугалга, нурууны цус хуралт гэмтэл бүхий гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн шинжээчийн 02/170 дугаартай дүгнэлт /хх 136 дугаар ху/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.С-ийн “...Хэргийн хувьд маргахгүй, дахин ийм үйлдэл гаргахгүй” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн багш сурган хүмүүжүүлэх үүрэг хүлээсэн үедээ хүүхэдтэй хэрцгий харьцаж, бие махбодод, сэтгэл санааны зовиур үүсгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

         Шүүгдэгч Б.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх төлбөргүй зэрэг хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаархи саналыг яллагдагч Б.С-д танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

           Иймд шүүгдэгч Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч нарын бие махбодод, сэтгэл санааны шаналал зовиур үүссэн бөгөөд насанд хүрээгүй хохирогч нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 180 см урттай компьютерын кабелийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг сидиг хэрэгт үлдээж,  битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч  Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан багш сурган хүмүүжүүлэх үүрэг хүлээсэн хүн хүүхэдтэй хэрцгий харьцаж, бие махбодод сэтгэл санааны шаналал зовиур үүсгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 180 см урттай компьютерын кабелийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг СД-г хэрэгт үлдээсүгэй.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА