| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2019/0339/И |
| Дугаар | 534 |
| Огноо | 2019-09-04 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 534
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б аймгийн Цсумын 8 дугаар багт оршин суух, Б-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ц сумын эмнэлэг (ерөнхий эмч Ө) -т холбогдох хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б, түүний өмгөөлөгч С, хариуцагч аймгийн Ц сумын эмнэлгийн ерөнхий эмч Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэгнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:1)2019 оны 4 дүгээр сарын цалингаас дутуу олгосон 3 хоногийн цалин 112776 төгрөг, 2019 оны эхний улирлын урамшуулал 248111 төгрөг бүгд 360887 төгрөг гаргуулах;
2) Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаартай “Цалин хасах тухай” тушаалыг хүчингүй болгох;
3)“Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3.2-т заасан албан хаагчдын 2019 оны 01 дүгээр улирлын ажлын үр дүн, гүйцэтгэлийн үнэлгээг дүгнэж, урамшуулал олгох шалгуур үзүүлэлт”-ээс өөрт нь холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай.
Нэхэмжлэгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхэлж Б аймгийн Ц сумын эмнэлэгт мэс заслын эмчээр 7 дахь жилдээ тасралтгүй тогтвор суурьшилтай ажиллаж байна. Б тус эмнэлэгт ажиллаж байх хугацаанд аливаа хэрэг зөрчилд холбогдож байгаагүй бөгөөд хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүй болно. Гэтэл хариуцагч 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хурал хийсэн нэрийдлээр Б-гийн 2019 оны 4 дүгээр сарын цалингаас 3 өдрийн цалинг болон улирал тутам авах цалингийн урамшууллыгүндэслэлгүйгээр хассан байна. Өөрөөр хэлбэл эхний улирлын урамшууллыг хууль бусаар хассан байна. Иймд нэхэмжлэгч Б-гийн 2019 оны 4 дүгээр сард ажил таслаагүй, мөн бусад төрлийн зөрчил гаргаагүй тул ажил олгогчийн шийдвэрийг хууль бус гэж үзэж байна. Иймд Б аймгийн Ц сумын эмнэлгийн их эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, 2019 оны 4 дүгээр сарын цалингаас дутуу олгосон 3 хоногийн цалин болох 112766 төгрөг \37592х3\ гаргуулах, 2019 оны эхний улирлын урамшуулал болох 248111 \827037х30%\ төгрөг нийтдээ 360887 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б аймгийн Ц сумын эмнэлгийн ерөнхий эмч Ө шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Их эмч Б 4 дүгээр сарын цалингийн 3 хоног ба 1 дүгээр улирлынурамшууллыг олгох боломжгүй болохыг дараах үндэслэлээр нотолж байна. Б Хөдөлмөрийн гэрээнд заагдсан үүргээ биелүүлэхгүй, ажил тасалдаг, ажлын байрыг дур мэдэн орхиж явдаг, орой шөнийн цагаар утсаа унтрааж дуудлагад явдаггүй, эмнэлгийн ажилчдын нэгдсэн хуралд ирдэггүй. Энэ тухай эмнэлгийн ажилчдын хурлаар удаа дараа сануулж арга хэмжээ тооцсон. Гэвч тухай зөрчлүүдийг байнга давтдаг, шаардлага хүлээж авдаггүй. Тусламж, үйлчилгээнд чирэгдэл гаргадаг. Иймд хөдөлмөрийн гэрээнд зааснаар ажилд ирээгүй цагийг нэгтгэн бодож тооцоход 3 биш 5,6 хоногийн ажил тасалсан боловч 3 хоногийн цалинг хассан юм. Энэ нь Хөдөлмөрийн гэрээнд тодорхой заагдсан. 4 дүгээр сарын 03, 16,17-ны өдрүүдэд тус бүр 4 цаг, 10, 12, 29 өдрүүдэд бүтэн тасалсан байна. Урамшууллыг ажлын үр дүнг тооцож ЗГ-ын 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтыг үндэслэн олгосон. Хэвтэн эмчлүүлсэн, амбулаториор үйлчлүүлсэн, ард иргэдийн санал гомдол, дуудлагад үйлчлүүлсэн байдал, ажлын ачаалал, цаг ашиглалт, ажлын идэвх санаачилга, эмчилгээ, үйлдвэрийн стандарт мөрдөж ажилласан байдал, ёс зүй, харилцаа хандлага гэх мэт шалгуур үзүүлэлтээр дүгнэж урамшуулал олгосон. Эдгээр шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллаагүй гэж үзсэн. Шалгуур үзүүлэлтүүдийг хангаагүй гэж үзсэн шалтгаанууд:
1. 03 дугаар сарын 17-нд Т мориноос унаж гэмтэл авч 7 хавирга гэмтсэн. Гэмтсэн өвчтөнийг хөдөө сумын төвд хүргэсэн суманд эмчлэх боломжгүй тул аймагт хүрэх шаардлагатай болж Б эмчийг энэ дуудлагад явуулах гэсэн боловч очоогүй. Бага эмчээ дуудлагад явуулав. Замд өвчтөний биеийн байдал хүндэрч бага эмч тусламж үзүүлж чадахгүй янз бүрийн асуудал гарах эрсдэлтэй байсан
2.Т бас машинаас унаж хавирганы бэртэл авч эмнэлэгт 2 хоног хэвтэж аймагт хүргэгдсэн. Суманд 2 хоног хэвтэхдээ Б эмчийг дуудаж үзүүлэх гэсэн боловч өвчтөнийг ирж үзээгүй.
3.Мөн өвчтөн Ташилыг аймагт хүргэхэд амбулаториор үзүүлж, хэвтүүлэх ёстой боловч өвчтөнд өөрөө үзүүлээрэй гэж хамаатныханд үлдээсэн байна.
4. 04 дүгээр сарын 8-20-ны хүртэл дотрын эмч амралт авч Турк улс руу явсан. Тухайн үед бүх өвчтөнүүдийг Б эмч үзэж эмчлэх ёстой байв. Хэвтэж буй өвчтөн К, С Хайролла, Бахыт гэх мэт хэвтэн эмчлүүлэгчид “бид хэвтсэнээс хойш Б эмч нэг ч удаа ирж үзээгүй ядаж бидний даралтыг үзүүлээд өгч гэж” ерөнхий эмчид гомдол хэлсэн. Гэвч тэр талаар Б эмчид хэлэхэд худлаа үгүйсгэсэн боловч тухайн үед хэвтсэн хүмүүсийн өвчний түүхийн ихэнхийг бичээгүй, ямар ч үзсэн тухай тэмдэглэгээ байхгүй байсан.
5. Өвчтөн Б мориноос унаж гэмтэл авч ухаангүй байсан өвчтөнд эмчээр явуулсан сумын төвөөс 60 км алслагдсан өвчтөнд очихдоо толгойны гэмтэл оёх утас ганц монитол 100мл NaCI 0,9%-100,0-тай очсон. Би тухайн өвчтөний биеийн байдал хүнд оёдлын утас авч очоорой эм ээлжийн сувилагчид бэлэн байлгасан шүү гэж хэлсэн. Өвчтөн нас барсны дараа ар гэр нь маш гомдолтой тухайгаа бидэнд хэлж байсан. Миний аав аврах боломжгүй хүнд гэмтэл авсан 6-7 цагийн дотор нас барсан. Хэрвээ Б эмч эм авч очсон бол миний аав нэг өдөр хонох байсан байх ямар ч эмчилгээ авалгүй нас барсан нь харамсалтай байна. Эмчийг өвчтөнд хариуцлага хандуулж сурга гэж ерөнхий эмчид хэлж байсан. Ийм алдаа дутагдал нэг удаа биш удаа дараа давтан гаргадаг.
6. 4 дүгээр сарын 11-нд хэвтсэн өвчтөнд 4 дүгээр сарын 19-нд өдрийн тэмдэглэл бичсэн нь өвчтөнийг үзэж хянаагүйг баталж байна. Эсвэл хэвтсэн тухай өвчний түүх нэгдсэн боловч дотор нь юу ч бичигдээгүй нь Эрүүл мэндийн сайдын 450 дугаар тушаалыг ноцтой зөрчсөн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, чирэгдэлгүй авах үйлчлүүлэгчдийн эрхийг ноцтой зөрчиж байна.
7.Мэс заслын тасагт 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс 4 сар хүртэл нийт 39 өвчтөн хэвтэн эмчлүүлсэн байна. Алсын дуудлагад 19 удаа явсан. Энэ нь тухайн эмчийн ажлын ачаалал байхгүйг илтгэж байна.
8. 3 дугаар сард өөрт нь оногдсон 70 хүнтэй тулж ажиллаагүй байна. Энэ 70 хүнийг яаж гомдол, чирэгдэлгүй эмчилж ажиллаж болох байсан. Миний авсан арга хэмжээ ард иргэд чирэгдэлгүй чанартай, хүртээмжтэй сэтгэл ханамжтай тусламж, үйлчилгээ авч эрүүл мэндээрээ бүү хохироосой гэж эмчид сануулсан явдал гэжээ.
Нэхэмжлэгч Б нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн шаардлагад[1]: Хариуцагч 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр болсон шүүх хуралдаанд Б аймгийн Ц сумын эмнэлгийн ерөнхий эмчийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Цалин хасах тухай” 19 дугаартай тушаалын хуулбарыг гаргаж өгсөн. Миний бие урьд өмнө уг тушаалтай танилцаж байгаагүй, хариуцагчийн зүгээс уг тушаалын хувийг гардуулж өгөөгүй, өөрөөр хэлбэл шүүхийн шатанд уг тушаалтай танилцаж байна. Уг тушаалын үндэслэх хэсэгт байгууллагын дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.7, 4.2.8, 4.2.9 дэх заалт, байгууллагын 4 дүгээр сарын цалингийн бүртгэлийг баримталж 1 дүгээр заалтаар “...4 дүгээр сарын 0”, 07,16,17-ны өдрүүдэд ажлын 4 цаг, 10,12-ны өдрүүдэд ажлын 8 цаг тус тус ажил тасалсан тул 4 дүгээр сарын цалингийн 24 цагтай тэнцэх цалин хассугай” гэжээ. Гэтэл Б аймгийн Ц сумын сум дундын эмнэлгийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэлийн 8 дахь хэсэгт “...1 сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэж тооцоход бараг 7 хоногийн ажил тасалсан байв. Зарим өдөр ажлын бус цагаар дуудлагад явдаг учир түүнийг нь тооцож 4-р сарын цалингаас зөвхөн 3 хоногийн ажлын цагийг хассан. Энэ сард 4 удаа алсын дуудлагад явсан байна.” гэж, хариуцагчийн 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 01\104 дугаар хариу тайлбарт “...ажилд ирээгүй цагийг нэгтгэн бодож тооцоход 3 биш 5,6 хоногийн ажил тасалсан байсан боловч зөвхөн 3 хоногийн цалинг хассан юм” гэжээ. Маргаан бүхий тушаал, хурлын тэмдэглэл, камерын бичлэгт байгаа огноо болон хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, мөн хариуцагчийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбарууд хоорондоо илт зөрүүтэй байна. Миний бие 2019 оны 4 дүгээр сард огт ажил таслаагүй, мөн ажил олгогчоос баталж өгсөн хуваарийн дагуу 2019 оны 4 дүгээр сарын 2,7,11,16,21,26,29-ний өдрүүдэд алсын, 3,8,13,19,25-ны өдрүүдэд ойрын дуудлагад явсан. Хууль болон байгууллагын дотоод журамд зааснаар ажилтан алсын дуудлагад үйлчилсэн тохиолдолд заавал биеэр амрах ёстой. Өөрөөр хэлбэл, хариуцагч чухам хэзээ намайг ажил тасалсан гэж үзсэн нь ойлгомжгүй байна.Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3.4-д заасан албан хаагчдын ажлын үр дүн, гүйцэтгэлийн үнэлгээг дүгнэж, урамшуулал олгох шалгуур үзүүлэлт” гэх баримт дээр байгаа үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, 1-рт энэхүү үнэлгээ үнэлгээг гаргахдаа ажил олгогч Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаалаар баталсан “Эрүүл мэндийн ажилтны албан тушаалын тодорхойлолтод тусгасан үйл ажиллагааны үр дүн, гүйцэтгэлийг дүгнэх журам”-ын дагуу үнэлгээ хийхгүй байна. 2-рт Ажил олгогч 2019 оны 4 дүгээр сарын 26-ны хурлын үед ийм үнэлгээний талаар огт юм хэлээгүй, үзүүлээгүй, зөвхөн нэр бүхий ажилтан нараас гомдол гаргасан учир урамшуулал олгоогүй гэж тайлбарласан юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч уг баримтыг дараа нь нөхөж бүрдүүлсэн байна. 3-рт “Эрүүл мэндийн ажилтны албан тушаалын тодорхойлолтод тусгасан үйл ажиллагааны үр дүн, гүйцэтгэлийг дүгнэх журам”-д зааснаар миний бие үнэлгээг эс зөвшөөрч гомдол гаргах эрхтэй юм. Ажил олгогч миний уг эрхийг минь ноцтой зөрчсөн байна. Үүнээс үзэхэд ер нь хариуцагч болоогүй юмыг болсон болгож, болсон юмыг болоогүй мэтээр харуулах гэж шударга шүүхийг төөрөгдүүлэхийг завдаж байна. Ажил олгогчоос надтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг жил болгон шинэчлэн байгуулдаг байжээ. Тодруулбал, ажил олгогч Б аймгийн Ц сумын эмнэлгийн ерөнхий эмч Ө нь Хөдөлмөрийн гэрээг 2019 оны 02 дугаар сарын 2.-ны өдөр шинэчлэн байгуулсан байна. Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Эмч ажилтан мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх, нийгмийн баталгааг хангахад анхаарч ҮЭ-ийн хамтын гэрээ, Хөдөлмөрийн хууль, эрүүл мэндийн тухай хуульд заасан хөнгөлөлтүүдийг үзүүлнэ”, 4 дүгээр зүйлийн 4.2 дах хэсэгт “Ажилтны эрх, үүрэг”, мөн зүйлийн 4.2.8 дахь хэсэгт “Хариуцсан ажилд идэвхсанаачилга, үр бүтээлтэй хандаж ажлын цагийг нягт баримтлан, бүтээлчээр ашиглан, ажил мэргэжлийн шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллана”, 4.2.8 дэх хэсэгт “Мэдлэг, мэргэжил, ажлын ур чадвараа байнга дээшлүүлж, ёс суртахуун, зан харьцааны хэм хэмжээг сахина, урьдчилан сэргийлэх, эмчилгээ үйлчилгээний ажилд гологдол чирэгдэлгүй ажиллах”, “Байгууллагын дотоод журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт “хүндэтгэн үзэх шалтгаангүй 4 цаг болон түүнээс дээш хугацаагаар ажилдаа ирээгүй тохиолдолд ажилтанг ажил тасалсанд тооцно” гэж тус тус заасан байна. Миний бие Хөдөлмөрийн гэрээ болон Байгууллагын дотоод журмын аль алиныг зөрчиж ажил тасалсан зүйл байхгүй. Иймд хариуцагч Б аймгийн Ц сумын эмнэлгийн “Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3.4-т заасан албан хаагчдын ажлын үр дүн, гүйцэтгэлийн үнэлгээг дүгнэж, урамшуулал олгох шалгуур үзүүлэлт” гэсэн үнэлгээний өөрт холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож, мөн Б аймгийн Ц сумын эмнэлгийн их эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаартай “Цалин хасах тухай” тушаалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б аймгийн Ц сумын эмнэлгийн ерөнхий эмч Ө нэхэмжлэгчийн ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбарт[2]: Их эмч Б сар болгон ажил тасалдаг тул олон удаа ажилчдын хурлаар сануулж, хамгийн сүүлд 4 дүгээр сарын цагийн бүртгэлийг үндэслэн цалин хассан. Эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг хийсэн ажлын үр дүнг тооцож, ажлын ачаалал, хариуцлага, үйлчилгээний чанар, эмнэлгийн тусламж үйлчилгээнд шинэ бүтээл, шинэ санаа санаачилга нэвтрүүлсэн байдал, үргүй зардал багасгах талаар авсан арга хэмжээ зэргийг харгалзан урамшуулал олгосон. Бүх ажилчдын 1 дүгээр улирлын ажлын тайланг бичгээр авсан боловч Б эмч тайлан өгөөгүй, удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалзсан. Иймд их эмч Б гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгч Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие, Б аймгийн Ц сумын эмнэлгийн эрхлэгчийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, 2019 оны 4 дүгээр сарын цалингаас дутуу олгогдсон 3 хоногийн цалин 112776 төгрөг, 2019 оны эхний улирлын урамшуулал 248111 төгрөг, нийт 360884 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3.4-т заасан албан хаагчдын ажлын үр дүн гүйцэтгэлийн үнэлгээг дүгнэж урамшуулал олгох шалгуур үзүүлэлт гэх үнэлгээний өөрт холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоолгох, Б аймгийн Ц сумын эмнэлгийн Ерөнхий эмчийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “цалин хасах тухай” 19 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Миний урамшууллыг хассан үндэслэлээ Ө эмч надад 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр мэдэгдсэн. Хуралд Ө эмч, Тегшил эмч, би, дүн бүртгэлийн эмч Сунхар оролцсон ба Мэс заслын эмчид мэргэжлийн ур чадварын урамшуулал олгоогүй шалтгаанаа тайлбарлаж хэлсэн. Өвчтөн Т машинаас унаж гэмтсэн үед буюу 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 19 цагийн үед эмнэлэгт ирж хэвтэн мэс заслын эмч Б-гийн дуудахад ирээгүй гэх гомдол гаргасан байна. Ташелийг 14-ний өдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн боловч амбулаториор үзсэн хэдий ч өвчтөнийг хэвтүүлээгүй, хамаатан Е гэрт үлдээсэн гэх гомдол гаргасан. Т гэх хүн анх Цэнгэл сумын эмнэлэгт ирсэн ба түүнийг Н гэх эмч авч ирсэн байсан. Т-г гэмтэлтэй гэх шалтгаанаар надад үзүүлсэн гэсэн байсан ч би тухайн өдөр чөлөө аваад аймгийн төвд байсан. Би тухайн өдрийн орой Ц суманд очсон ч Т-г үзээгүй ба маргааш нь үзээд аймагт авчирч амбулаториор үзүүлж, түүнийг хамаатны нэг хүний гэрт нь үлдээгээд яваад өгсөн. Уг нь рентген 14 цаг хүртэл ажилладаг байсан ба гэмтлийн эмчид Т-г үзүүлээд хамаатны хүний гэрт нь үлдээсэн. 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр миний дуудлагын ээлж байсан. Тухайн өдөр би миний эцэг эх өвчтэй байсан тул эмч Н-тэй тохиролцоод миний оронд нэг дуудлагад явсан. Тухайн дуудлага өгсөн хүн архаг өвчтэй цус харвасан өвчтэй хүн байсан бөгөөд эмнэлэгт ирээгүй, гэртээ үлдсэн байсан. Би 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Т гэх хүний дуудлагад очсон. 2019 оны 3 дугаар сарын 17-ний өдөр миний ээлж биш байсан ч би хөдөө дуудлагад явж, өвчтөнийг авчирсан. 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Т гэх хүний хүүхэд түлэгдсэн гэх гомдол гаргасан ба уг өвчтөнийг С эмч авчраад айлд үлдээсэн байсан. 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр намайг байгаагүй гэсэн байна. 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр амралтын өдөр байсан. Тухайн үед ойрын дуудлагад Н эмч явж байсан. Эмнэлэгт ирэхэд намайг байгаагүй гэж тайлбарласан байна. 15 өвчтөний түүх гүйцэд бичигдээгүй байна. Би тухайн үед дотрын тасгийг давхар хариуцаж байсан. Тухайн үед дотрын эмч чөлөө аваад Турк улс руу явсан байсан. Тухайн үед дуудлага ихтэй байсан дотрын тасгийг давхар хариуцаж байсан тул сторыг нөхөж бичсэн. Б, Х гэх хүмүүс “Б эмч үзээгүй” гэж гомдол гаргасан байна би очиж уулзахад гомдол гаргасан хүмүүстэй очиж уулзахад “гомдол гаргаагүй” гэж тодорхойлолт бичиж өгсөн. Мөн би С, Н нартаа очиж уулзсан. Т мөн тодорхойлолт бичиж өгсөн. Урамшуулал олгосон тухай үзүүлэлтийг би хараагүй. Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3.4-т заасан албан хаагчийн үнэлгээг урамшуулал олгох шалгуур үзүүлэлтийг би хараагүй. 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хурал хийж үнэлгээ хийсэн ч би мэдээгүй. Гэхдээ би үүнийг хараагүй. 2019 оны 4 дүгээр сард намайг ажил тасалсан гэж байна. Би 2019 оны 4 дүгээр сарын 12, 16, 29-ний өдрүүдэд ажил таслаагүй. Надад ажил таслаагүй талаар нотлох баримтууд байгаа. 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр би дуудлагад явж ирээд маргааш буюу 4 дүгээр сарын 12-ны өдөр амарсан. Би 2019 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр 15:30 цагт дуудлагад яваад 18:10 минутад дуудлагаас ирсэн ба энэ талаар нотлох баримт байгаа. Би 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Сабитхан гэх хүний дуудлагад явсан. Би 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр өглөө ажилдаа ирээд хуралд оролцсон ба урьд өдөр нь дуудлагад явж ирсэн тул тухайн өдөр нөхөж амарсан. Алсын дуудлагад явсан бол 4 цагийг нөхөж амарна гэх журам байгаа. Хөдөлмөрийн дотоод журамд дээрх асуудлыг зохицуулсан ба хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн гэв.
Хариуцагч Б аймгийн Ц сумын эмнэлгийн ерөнхий эмч Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагийн бүртгэлийг тооцсон. Дотоод журамд “ажил тасалсан цагийг нэгтгэн бодож нийт цагаас нь хасна” гэх заалт байдаг. Би уг заалтыг үндэслээд Б-д арга хэмжээ авсан. Зарим ажилчид “би ажил таслаагүй байсан, дуудлагад явсан” гэж тайлбарладаг тул камерыг тулгаж баталгаатай цагийн бүртгэл хийж байгаа гэж бодож байна. Б нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ажилд ирээгүй, аймаг руу хуралд явсан. Б нь 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 09 цаг 15 минутад ажилдаа ирсэн ба үдээс хойш 13 цаг 55 минутад ирээд 17 цагт ажлаасаа явсан байна. Дотоод журамд зааснаар өглөө 08 цагаас орой 17 цаг хүртэл ажиллана, өдөрт 1 цаг цайны завсарлагаатай гэж заасан. 10-ний өдөр ирээгүй, 12-ны өдөр чөлөө авсан гэсэн байна. 11-ний өдөр дуудлагад явсан, дуудлагаас ирээд амарсан, дуудлагаас орой ирсэн гэж нэхэмжлэгч тайлбарлах гээд байна. Би дуудлагад явсан, нөхөж амарсан цагийн хасаж тооцсон. Б нь заримдаа 11, 10 цагийн үед ажил дээрээ ирээд 12 цагт тараад буцаж 14, 15 цагт ажилдаа ирээд 17 цагт ажлаасаа тардаг. Тэрээр өглөө ирвэл үдээс хойш ирдэггүй, үдээс хойш ирвэл өглөө ирдэггүй. Эсхүл 14, 15 цагийн үед ажлаа тараад яваад өгдөг. Би Б-гийн ажил тасалсан талаар нэг бүрчлэн хэлж чадахгүй. 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дуудлага ямар дуудлага байсныг тодруулмаар байна. 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Б “би аймаг явлаа, чөлөө өгөөч” гэж хэлэхэд “би чөлөө өгөхгүй” гэж хэлсэн. Би Б-г 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах гээд аймаг явсан гэж хүмүүсээс сонссон. Учир нь, Б 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр чөлөө өгөөгүй байхад ажлаа таслаад хувийн ажлаар аймаг явсан. Б нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр С дуудлагад ажлын цагаар буюу 15 цагийн үед яваад 18 цаг 30 минутын үед ирсэн. С нь хамраас цус гарсан өвчтөн байсан. 04 дүгээр сарын 16-ны өдөр дакладтай өдөр байсан ба тухайн өдөр Б хамт олны хуралд болон үдээс хойш ажилдаа ирээгүй. Ажлын цагаар дуудлагад явсан бол дараагийн өдөр амарна гэсэн ойлголт байхгүй. 17 цагаас хойш дуудлагад явсан бол амарна гэх заалт байгаа. Б ажиллаад олон жил болж байна. Би Б-гийн цалингийг хасъя гэж бодоогүй. 2019 оны 01, 02 дугаар сарын цагийн бүртгэлийг зүгээр нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Би 01, 02 дугаар сарын цагийн бүртгэлд Б нь олон цаг ажил тасалсан байсан ч би түүний цалингийг хасаагүй. Учир нь, эмч нарыг харж үзээд цалингийг нь хасаагүй. Б.Бахберген 3 хоног ажил тасалсан тул түүний цалингийг хассан. Би хүний хийж байгаа хөдөлмөрийн үнэлнэ. Би ажил хийсэн хүнийг дэмжиж, ажил хийхгүй бол цалингийг нь хасна. Б ойрын дуудлагад явсан ба нэг талдаа 30 км-ийн зайтай 3 цаг очоод ирэх дуудлага байсан. Б нь Мизамын дуудлагад яваад өглөө 6 цагт ирсэн. Мизамын дуудлагад явж ирсний дараа Б-г амрааж болно. Учир нь, шөнө дуудлагад явсан бол маргааш өдөр нь амрааж болно. Бид дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан үздэг. Уг үйл явдал нь олон сарын өмнө болсон. Б нь удаа дараа ажил тасалсан. Б нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр чөлөө авсан гэж хэлсэн ч би чөлөө өгөөгүй. 2019 оны 04 дүгээр сарын 10, 12, 29-ний өдөр ажилдаа ирээгүй. Мөн Б нь зарим өдрүүдэд ажилдаа 08 цаг 30 минут, 09 цаг 30 минутад ирдэг байсан. Би Б-д 04 дүгээр сарын 12-ны өдөр чөлөө өгөөгүй. Цагийн бүртгэлд 04 дүгээр сарын 12-ны өдөр би чөлөөтэй гэж Б бичүүлсэн байсан. Б нь 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 09 цагт ирээд 12 цагт яваад, үдээс хойш ирээд гарч яваад дахиж ажилд ирээгүй байдал цагийн бүртгэлд бүртгэгдсэн. Би яагаад цагийн бүртгэлтийг яагаад ярьж байгаа вэ гэхээр ард иргэд эмнэлэгт үзүүлэхээр ирээд эмч байхгүй байна гэдэг тул арга хэмжээ авсан. Би Б-гийн ажил тасалсан цагийг тооцож гаргасан цагийн бүртгэлийн хуулбарыг гаргаж өгсөн. 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Б өглөө ирээгүй ба үдээс хойш 15 цагийн 15 минутын үед ирээд 1 цаг суугаад ажлаасаа гарч яваад буцаж ирээгүй. 2019 оны 04 дүгээр сарын 07-ний өдрийн цагийн бүртгэл хоосон байсан ба Б ажилдаа ирээгүй. Б 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн өглөө хамт олны хуралд ирээгүй ба үдээс хойш С дуудлагад явсан. Б нь 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр үдээс хойш ажилдаа ирсэн. Б нь 2019 оны 04 дүгээр сарын 10, 12-ны өдөр ажилд ирээгүй. 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Б нь ажил тасалсан ч тухайн үед цалин олгосон үед байсан тул тасалсанд тооцоогүй ч тухайн өдөр аймаг явсныг би мэдэж байна. Иймд миний гаргасан тушаал үндэслэлгүй гэж үзэхгүй байна. 03 дугаар сарын 17-ний өдөр ажлын 3 дахь өдөр байсан ба Б ажилдаа ирээгүй. Мөн урамшуулал олгох журам гэж бий. 2012 оны 150 дугаар тогтоолыг баримталж өмнөх жилүүдэд урамшуулал өгдөг байсан. Би бүх ажилтнаар өөрсдөөр нь хийсэн ажлынх нь талаар тайлан бичүүлж авдаг байсан. 2019 оноос эхлэн Засгийн газрын 05 дугаар тогтоолын дагуу урамшуулал олгож байгаа. Гэхдээ 150 дугаар тогтоолын дагуу шалгуур үзүүлэлт явагддаг байсан. 70 дээш оноо авсан хүнд урамшуулал өгдөг байсан. Тухайн эмчийн ажил байдлын тодорхойлолтод заасан үндсэн ажлаас гадуур ажил хийж үр дүн гаргасан хүнд урамшуулал олгох ёстой. Үр дүн гаргаагүй, алдаа дутагдал гаргасан ажилтанд урамшуулал олгох ёсгүй гэх заалттай. Би Бахбергений урьд гаргасан алдаа дутагдлуудыг хэлж үнэлгээ гаргасан. Т гэх хүний дуудлага 17 цагаас хойш ирсэн. Эмч нар ээлжтэй өдөр дуудлагад явна гэж дарамталдаг. Б мэс заслын эмч яаралтай мэс засалтай холбоотой дуудлагыг үзэхгүй гэж болохгүй. Долоо хоногт мэс заслын өвчний 2-3 удаа тохиолдоно. Би өөр эмчээр тухайн хүмүүсийг үзүүлсэн ч гэсэн мэс заслын эмч Б-гээр дахиж үзүүлэх ёстой. Т гэх өвчтөнийг авхуулахаар Н эмчийг явуулсан. Би тухайн өдөр Бахберген рүү залгаад олоогүй байж магадгүй, эсхүл өөр эмчийн ээлж байсан байж магадгүй. Машинд ачсан өвс дээрээс унасан хүн ирэхэд Н эмч “мэс заслын эмчид үзүүлээрэй, би авчирлаа, хавирганы гэмтэл байж магадгүй” гэдгийг мэдэгдсэн ба би Б-г дуудаарай гэж хэлсэн. Маргааш өдөр нь би эмнэлэгт очиход “урд өдөр нь 18 цагийн үед ирсэн өвчтөнийг Б үзээгүй, дуудсан чинь ирээгүй, амралтын өдөр байсан тул гар утсаа хаасан” гээд ар гэрийнх нь гомдол гаргасан. Би тухайн үед Б-д “тэр хүнийг үзээрэй” гэж хэлэхэд олигтой эмчилгээ хийгээгүй. Би 5 дахь өдөр ирсэн өвчтөнийг 1 дэх өдрийн дуудлагаар аймаг явуулсан. Тухайн өвчтөний 2 хавирга гэмтсэн, хугарсан хавирга нь уушгийг нь цоолох шинжтэй, 1 сар гаруй хөдөлгөөнгүй хэвтэрт байлгана гэж хэлсэн. Тухайн өвчтөн рентген зураг авахгүй байсан тул сумын төвд ирэхгүй мал эмнэлгийн хашаанд байрлах айлд үлдсэн байсан. Бид нарыг өвчтөнөө мал эмнэлгийн хашаанд үлдээдэг юм уу гэж шоглож байсан. Гэмтэлтэй хүн гомдол гаргах нь зүйн хэрэг. Зүгээр нэг үйлчлүүлэгч гомдол гаргасан бол өөр. Мэс заслын эмч хүн гэмтэлтэй хүнийг хариуцаж эмчлэх ёстой гэдэг үүднээс хандсан. Т гэх хүн мориноос унасан, ухаангүй байна гэх дуудлага ирэхээр мэс заслын эмч явуулсан. Б нь “2019 оны 03 дугаар сарын 17-ний өдөр хуваарийн дагуу дуудлагад явах ёсгүй байсан” гэж хэлж байна. Би тухайн үед өглөөний 07 цагт аймаг руу жирэмсэн эмэгтэйг дуудлагаар хүргэсэн. 03 дугаар сарын 17-ний өдөр 6-7 дуудлага гарсан. Би Т гэх хүнийг шөнө аймаг руу хүргэсэн ба тухайн үед Б эмчийг “гэмтэлтэй хүнийг аваад аймаг яваад ирээч” гэж хэлэхэд “би явахгүй” гэсэн. Тухайн өдөр Б-гийн төрсөн өдөр байсан уу эсхүл амралтын өдөр байсан уу, ямар ч байсан татгалзсан тул би Тойгавалыг сувилагчийн хамт аймгийн төв рүү явуулсан. Сувилагчийн хамт өвчтөнийг аймаг руу явуулна гэдэг нь эрсдэлтэй. Учир нь, Тойгавал гэх хүний 12 хавирганы 7 хавирга нь хугарсан хүнд байдалтай байсан. Хөдөөгөөс өвчтөнийг авчирсан бол эмчилгээ хийж байж аймаг руу хүргэх ёстой. Өөрөөр хэлбэл, Бахберген нь эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлээгүй гэж үзэж байна. 7 хавирга хугарсан өвчтөнийг өөрсдөө хүргэж гэж хэлж болохгүй. Мэс заслын эмч замдаа эмчилгээ хийгээд өвчтөнийг аймагт хүргэж болно. Т гэх хүн бариачид үзүүлээд хавиргаа боолгосон байсан ба амьсгалж чадахгүй байдалтай ирсэн. Би Т-гийн зургийг үзүүлсэн. Бид заавал мэс засал хийхгүй байгаа тул эмнэлгийн анхан шатны тусламжийг үзүүлэх ёстой. Би Б-д “хүнд өвчтөнөө сайн харж байгаарай” гэх шаардлага тавьсан. Шөнийн 12 цагт надад “хүүхэд халуун цайнд түлэгдсэн” гэх дуудлага ирсэн ба би тухайн үед жижүүр эмч С-г тус дуудлагад явуулсан. Тухайн үед “эмнэлэгт томуу ихтэй хүүхдүүд байгаа, чи гадаа байж бай” гэсэн байна. Өглөө 08 цагаас эхэлж над руу утасдаж “та нар эмчээ дуудаж өгөөч, би хүүхдээ үзүүлмээр байна” гэж залгасан ба тухайн хүн хүүхдээ тэврээд эмч нарыг хүлээсээр байгаад яваад өгсөн. Тухайн үед мэс заслын сувилагч байгаагүй. Б түлэгдсэн хүүхдийг гэрт нь очиж үзсэн гэж байгаа. мэс заслын сувилагч тэтгэвэрт гарсан тул оронд нь би мэргэжлийн бус хүн ажиллуулж байсан. Би Б-д “түлэгдсэн хүүхдийг үзээрэй, хүүхдийн эндэгдэл гарах бий” гэж удаа дараа сануулж хэлсэн. Тэр үед надад “би гадуур очиж үзсэн, чиний ажилд авсан мэс заслын сувилагч боолт хийж чадахгүй юм байна” гэж хэлсэн. Улмаар тэтгэвэрт гарсан мэс заслын сувилагчаар ажиллаж байсан хүнээр боолт хийлгэсэн байсан. Төрөөс цалин авч байгаа хүмүүс 5-6 хоног өөрөө хараад боолт хийж болох байсан. Би дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Б-д урамшуулал өгөхгүй гэж шийдвэрлэсэн. Үнэлгээнд заасан “анхан шатны тусламж үйлчилгээг чанартай үзүүлсэн байх” гэх шалгуур үзүүлэлтэд Бахбергений хувьд би 0 үнэлгээ өгсөн. Мөн “ажлын ачаалал бөгөөд цаг ашиглалт” гэх шалгуурт би ажлын байранд ажлын цагаар байдаггүй юм бол урамшуулал өгөхгүй гэж бодсон. Мөн “албан бичгийн хөтлөлт, үргүй зардлыг багасгах, тодорхой санаачилга гаргана үр дүнтэй ажиллах” гэх чиглэлээр хийсэн ажил байхгүй. Эмчилгээ, үйлчилгээний талаар иргэн Т, Т, С нар гомдол гаргасан. С сторыг хуулбарлаж өгсөн. С , Б, Н, К, Х нарын сторыг хуулбарлаж өгсөн. Дээрх нэр бүхий иргэдийн эмнэлэгт хэвтсэнээс хойш нэг л удаа үзэж сторт бичсэн байсан. Дээрх иргэдийг эмч үзээгүй байхад хэрхэн эмчлүүлж гарсан гэдэг нь эргэлзээтэй. Иймэрхүү байдалтай хэвтэн эмчлүүлсэн иргэдийн сэтгэл ханамж ямар байх нь тодорхой. Нэг дуудлагыг далимдуулж ажил тасалж байна. Би өөрийн гэсэн ажилтай тул нэг ажилтны араас хөөцөлдөх зав байхгүй. Би зарим үед хэн ажил дээр байгаа хэн ажил дээрээ байхгүй байгааг ч мэдэхгүй. Надад мэдэгдүүлэхгүйгээр ажлаа тасалсан тул Б-гийн цалинг хассан гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, заримыг нь хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь,
Нэхэмжлэгч Б нь Б аймгийн Ц сумын эмнэлэгт мэс заслын их эмчээр ажиллаж байсан нь хавтаст хэрэгт авагдсанхариуцагч Б аймгийн Ц сумын сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаартай “Зохицуулан ажиллуулах тухай” тушаалаар, мөн нэг талаас нэхэмжлэгч Б нөгөө талаас хариуцагч Б аймгийн Ц сумын эмнэлгийн ерөнхий эмч Ө нарын харилцан тохиролцож гарын үсэг зурж байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”[3]-гээр тус тус нотлогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан хариуцагч Б аймгийн Ц сумын эмнэлгийн ерөнхий эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаартай “Цалин хасах тухай” тушаалаар байгууллагын дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 4.1.7, 4.2.8, 4.2.9 дэх заалт, байгууллагын 4 дүгээр сарын цагийн бүртгэлийг тус тус үндэслэн мэс заслын их эмч Б нь 4 дүгээр сарын 03, 07, 16, 17-ны өдрүүдэд ажлын 4 цаг, 10, 12-ны өдрүүдэд ажлын 8 цаг тус тус ажил тасалсан тул 4 дүгээр сарын цалингаас 24 цагтай тэнцэх цалин хассан даарах байдлаар хууль зөрчсөн байна. Үүнд:
1.2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр баталсан “Ц сумын эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журам”[4]-ын 7.1.4-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүй 4 цаг болон түүнээс дээш хугацаагаар ажилдаа ирээгүй тохиолдолд ажилтанг ажил тасалсанд тооцно” гэж заасан боловч нэхэмжлэгч Б нь хэзээ, хэдэн цаг, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан тухай нотлох баримт байхгүй байна.
Мөн журмын 12.1.7-д “Нийлбэр дүнгээр 4-6 цаг ажиллаагүй бол Хөдөлмөрийн тухай хуулиар “сануулах” хариуцлага тооцохоор заасан байхад хариуцагч энэ талаар эрхийн акт гаргаагүй, сануулах хариуцлага тооцсон тухай нотлох баримт байхгүй байна.
Мөн журмын 12.1.8-д “Нийлбэр дүн 6 цагаас дээш болсон тохиолдолд үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хувьхүртэлх хувиар бууруулах хүртэл хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулна” гэж заасан байхад 24 цагийн цалин хассан нь хариуцагч энэхүү байгууллагын дотоод журмын холбогдох заалтыг тус тус зөрчсөн байна.
2.Хариуцагчийн дээрх Б-гийн цалинг хасах тухай тушаалд үндэслэл болгосон Хөдөлмөрийн гэрээний 4.1.7 “Эмч, ажилтан мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх, нийгмийн баталгааг хангахад анхаарч, ҮЭ-ийн хамтын гэрээ, Хөдөлмөрийн хууль, Эрүүл мэндийн тухай хуульд заасан хөнгөлөлтүүдийг үзүүлнэ”;
4.2.8-д “хариуцсан ажилд идэвх санаачилга, үр бүтээлтэй хандаж, ажлын цагийг нягтлан баримтлан, бүтээлчээр ашиглан, ажил мэргэжлийн шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллана”;
4.2.9-д “мэдлэг мэргэжил, ажлын ур чадвараа байнга дээшлүүлж, ёс суртахуун, зан харьцааны хэм хэмжээг сахин, урьдчилан сэргийлэх, эмчилгээ үйлчилгээний ажилд гологдол чирэгдэлгүй ажиллах” гэсэн заалтууд нь нэхэмжлэгч Б-гийн ажил тасалсан гэх асуудалтай ямар нэгэн шалтгаант холбоотой болохыг хариуцагч нотлох баримтаар нотолж чадаагүй болно.
3. “Ц сумын эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журам”-ын Долоо-д “...ажилтан бүр ажилдаа ирэх болон ажлын цагийн дундуур гадагш явах, ажлын цаг дууссаны дараа өөрийн биеэр заавал бүртгүүлнэ. Бүртгэл нь ажилтанд цалин авах үндэслэл болно. Бүртгэлийн дэвтрийг нэгжийн ахлах сувилагч бүртгэж, хянана” гэсэн байхад хавтаст хэрэгт авагдсан “Ц сумын сум дундын эмнэлгийн 2019 оны 4 дүгээр сарын цагийн бүртгэл”[5]-ийг хэн бүртгэж хөтөлсөн нь тодорхойгүй байна.
Мөн энэхүү дотоод журмын 7.1.2-т “ажлын цагийн эхлэх, дуусах хуваарийг тухайн ажлын байрны онцлог, байгууллагын үйл ажиллагаанд нийцүүлэн дарга баталж мөрдүүлж ажиллана” гэсэн байхад энэхүү ажлын цагийн эхлэх, дуусгах хуваарийг хариуцагч шүүхэд гаргаж өгч чадаагүйгээс цагийн бүртгэлдажил эхлэх цаг, дуусах цаг, амралтын өдрийн аль нь болох нь тодорхойгүй зүй зохистой хөтлөгдөөгүй байна.
Нэхэмжлэгч Б нь 2019 оны 4 дүгээр сарын 03, 07, 16, 17-ны өдрүүдэд ажлын 4 цаг, 10, 12-ны өдрүүдэд ажлын 8 цаг тус тус ажил тасалсан гэх боловч энэхүү цагийн бүртгэлд 3-ны өдөр “1515-д явлаа ирээгүй” гэж тэмдэглэсэн, мөн 07-ны өдөр ямар нэгэн тэмдэглэл хийгдээгүй, 16-ны өдөр “ирээгүй” гэж тэмдэглэсэн, 17-ны өдөрт ямар нэгэн тэмдэглэл хийгдээгүй байхад ажлын цагаа ямар аргаар тооцож эдгээр өдрүүдэд 4 цаг тасалсан гэж тодорхойлсон нь эргэлзээтэй. Мөн 10-ны өдөр “ирээгүй”, 12-ны өдөр “чөлөө” гэж тэмдэглэсэн байхад эдгээр өдрүүдэд 8 цаг тасалсан гэдэг мөн эргэлзээтэй энэхүү “Цагийн бүртгэл”-тэй тохирохгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан дүн бүртгэлийн бага эмч С-гийн тодорхойлсон 2019 оны4 дүгээр сарын “Ажлын цагийн тодорхойлолт”[6]-д Б ажилласан хоног-19, ажилласан цаг-152, илүү цаг-10 хоног гэсэн боловч Б нийт 24 цаг тасалсан гэх асуудлын талаар тайлбар бичигдээгүй мөртлөө бусад эмч ажилтны чөлөө авсан байдал зэргийг тайлбарлан бичсэн байна.
Иймд нэхэмжлэгч Б-г 4 дүгээр сарын цалингаас 24 цагийн цалинг хассан нь бодит байдалтай нийцээгүй байгаа тул хариуцагчийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаартай “Цалин хасах тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Бахбергений 4 дүгээр сарын цалингаас олгогдоогүй 24 цагийн (03 хоногийн) цалин болох 112766 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Б-д олгох нь зүйтэй байна. (Ц сумын эмнэлгийн нягтлан бодогчийн тодорхойлолтыг үндэслэн нэхэмжлэгч Б-гийн нэг сарын үндсэн цалин 827037 төгрөг[7]: ажлын 22 хоног=37592 төгрөг нэг өдрийн цалин; нэг өдрийн цалин 37592 төгрөгийг х 3 хоног= 112776 төгрөг гарч байгаа боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу 112766 төгрөгөөр тооцох нь зүйтэй байна.)
4. Хавтаст хэрэгт авагдсан Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 01\752 дугаартай албан бичгээр хариуцагч Ц сумын сум дундын эмнэлгийн хуучин тамга (дугуй тамга)-ыг 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хураалгаж, мөн өдөр шинэчлэн тамга (дөрвөлжин тамга)[8] авсан болох нь нотлогдож байхад хариуцагч Ц сумын эмнэлгийн ерөнхий эмчийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаартай “Мөнгөн урамшуулал олгох тухай” тушаалд[9] шинэчилсэн (дөрвөлжин тамга) тамга дарж нөхөж бүрдүүлсэн нь эргэлзээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 3.2-т “Улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг эрүүл мэндийн ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийг үндэслэн цалингийн 10-15 хувиар сар бүр тооцож, улирал тутамд олгоно” гэж заасан байхад нэхэмжлэгч Б-гийн ажлын үр дүн, гүйцэтгэлийг сар бүр тооцож байсан тухай нотлох баримт байхгүй буюу журмыг хариуцагч зөрчсөн байна. Хавтаст хэрэгт авагдсан “Эмнэлгийн эмч, ажилчдад үр дүнгийн урамшуулал олгох жагсаалт”[10]-ыг хэн хэзээ, сар болгон юу үндэслэн хэрхэн яаж тооцож үнэлснийг нотлох баримт байхгүй байна.
Мөн журмын 3.9-д зааснаар “эрүүл мэндийн ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийг тухайн ажилтны ажиллаж байгаа тасаг, нэгжийн дарга үнэлж, хамт олны хурлаар хэлэлцүүлэн дүгнэлт гаргана”, 3.10-д “эрүүл мэндийн байгууллагын тасаг, нэгжийн хамт олны хурлаас гаргасан дүгнэлтийг үндэслэн эрүүл мэндийн ажилтанд мөнгөн урамшил олгох шийдвэрийг байгууллагын дарга гаргана” гэж тус тус заасан байхад хариуцагч ерөнхий эмч Ө өөрөө ажил үнэлэх удирдлагын гишүүнд орж үнэлгээ өгч, улмаар өөрөө баталгаажуулсан “Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3.2-т заасан албан хаагчдын 2019 оны 01 дүгээр улирлын ажлын үр дүн, гүйцэтгэлийн үнэлгээг дүгнэж, урамшуулал олгох шалгуур үзүүлэлт”[11]нь журамд нийцээгүй байна. Мөн 16 шалгуур үзүүлэлтээр ажлыг үнэлэн үнэлгээ тавьсан боловч тухайн ажлыг ямар аргачлалаар ямар нотлох баримтуудыг үнэлсэн үнэлгээ тавьсан нь хөндлөнгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Энэхүү “Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3.4-т заасан албан хаагчдын 2019 оны 01 дүгээр улирлын ажлын үр дүн, гүйцэтгэлийн үнэлгээг дүгнэж, урамшуулал олгох шалгуур үзүүлэлтэд 35 эмч ажилтны ажлын үнэлсэн мөртлөө,их эмч А, ахлах сувилагч Х, мэс заслын сувилагч Е нарын гаргаж Ц сумын эмнэлгийн ерөнхий эмчийн Ө батлав гэж гарын үсэг зурж тамга дарсан 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “Эмч, эмнэлгийн ажилчдад 1 дүгээр улирлын үр дүнгийн урамшуулал олгох жагсаалт”[12]-нд 43 эмч ажилтны нэр орсон зэргээс үзэхэд хэн хэзээ эмч ажилчдын ажлын үр дүн, гүйцэтгэлийг яаж үнэлсэн эх сурвалжаа хариуцагч зааж өгч чадаагүй болно.
5.Хавтаст хэргийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр болон 4 дүгээр сарын 01-ний өдөр “Алс, ойрын дуудлагад үйлчлэх эмч нарын хуваарь”-т нэхэмжлэгч Б-гийн алсын болон ойрын дуудлагад явах өдрүүдийг баталж өгсөн ба эдгээр өдрүүдэд нэхэмжлэгч Б нь алсын болон ойрын дуудлагад яваагүй гэснийг нотлох баримт байхгүй ба дээрх хавтаст хэрэгт авагдсан 4 дүгээр сарын цагийн бүртгэлд энэ тухай тэмдэглэж бичсэн зүйл байхгүй болно.
Мөн хариуцагч тайлбартаа нэхэмжлэгч Б нь нэр бүхий эмчлүүлэгч нарын өвчний түүхийг дутуу бичсэн, хийх ёстой эмчилгээнүүдийг хийгээгүй, мөн эмнэлгийн анхны тусламж үзүүлэхэд хариуцлага алдсан гэсэн боловч эдгээр зөрчлүүдийг шалгаж тогтоосон нотлох баримт байхгүй, мөн тухайн асуудлаар эрх бүхий байгууллагаас ямар нэгэн дүгнэлт гарч байгаагүй байна.
Мөн эмчлүүлэгч нараас нэхэмжлэгч Б-тэй холбоотой санал гомдол бичгээр болон “Алдаа зөрчлийг бүртгэх мэдээллийн журнал”-д авагдсан байхад хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасны дагуу сахилгын зөрчил илрүүлснээс хойш нэг сарын дотор нэхэмжлэгч Б-д сахилгын арга хэмжээ аваагүй ба хууль заасан хугацаа өнгөрүүлсэн байна.
Мөн “Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3.9-т зааснаар Б-гийн ажлын үр дүн, гүйцэтгэлийг үнэлсэн байдлын талаар хамт олны хурлаар хэлэлцүүлэх ёстой байхад хавтаст хэрэгт авагдсан Б аймгийн Ц сумын эмнэлгийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэлд[13] Б-д урамшуулал олгоогүй шалтгааныг дурдсан боловч журмын дагуу хэлэлцүүлээгүй болох нь нотлогдож байна.
Дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б-д 2019 оны 1 дүгээр улирлын урамшууллыг олгоогүй нь хууль бус болсон тул нэхэмжлэлийн шаардлагын дагуу Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3.4-т заасныг үндэслэн 2019 оны 01 сард 10 %, 02 сард10%, 03 сард 10%-иартус тус тооцож 2019 оны 1 дүгээр улирлын урамшууллын мөнгө 248111 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Б-д олгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн баталсан “Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3.4-т заасан албан хаагчдын 2019 оны 01 дүгээр улирлын ажлын үр дүн, гүйцэтгэлийн үнэлгээг дүгнэж, урамшуулал олгох шалгуур үзүүлэлт” нь эрхийн акт биш учир энэхүү үзүүлэлтээс нэхэмжлэгч Б-гийн өөрт нь холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт хариуцагч талаас гаргаж өгсөн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн, 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн, 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “Хурлын тэмдэглэлүүд нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас Б аймгийн Ц сумын эмнэлгийн ерөнхий эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаартай “Цалин хасах тухай” тушаалыг хүчингүй болгож, хариуцагчаас 2019 оны 4 дүгээр сарын цалингаас дутуу олгосон 3 хоногийн цалин 112776 төгрөг, 2019 оны эхний улирлын урамшуулал 248111 төгрөг бүгд 360887 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б-д олгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. (Ц сумын эмнэлгийн нягтлан бодогчийн тодорхойлолтыг үндэслэн нэхэмжлэгч Б-гийн нэг сарын үндсэн цалин 827037 төгрөг 30% нь 248111 төгрөг байна)
Мөн нэхэмжлэгчийн бүгд 360887 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 11500 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 11500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, мөн нэхэмжлэгчийн эрхийн актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчийн гаргасан тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХнь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаарзүйлийн 128.1.7, 47 дугаар зүйлийн 47.1-ийг тус тус баримтлан Б аймгийн Ц сумын эмнэлгийн ерөнхий эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаартай “Цалин хасах тухай” тушаалыг хүчингүй болгож, Б аймгийн Ц сумын сум дундын эмнэлгээс 2019 оны 4 дүгээр сарын цалингаас дутуу олгосон 3 хоногийн цалин 112776 төгрөг, 2019 оны эхний улирлын урамшуулал 248111 төгрөг бүгд 360887 (гурван зуун жаран мянга найман зуун наян долоон) төгрөг ийг гаргуулан нэхэмжлэгч Б-д олгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11500 (арван нэгэн мянга таван зуун) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б аймгийн Ц сумын эмнэлгээс 11500 (арван нэгэн мянга таван зуун) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б-д, мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б аймгийн Ц сумын эмнэлгээс 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК
[1]Хавтаст хэрийг 136-137 дугаар хуудас
[2]Хавтаст хэргийн 145 дугаар хуудсанд
[3]Хавтаст хэргийн 138-139 дүгээр талд
[4]Хавтаст хэргийн 99-107 дугаар талд
[5]Хавтаст хэргийн 25 дугаар талд
[6]Хавтаст хэргийн 94 дугаар талд
[7]Хавтаст хэргийн 150 дугаар талд
[8]Хавтаст хэргийн 167-168 дугаар талд
[9]Хавтаст хэргийн 113 дугаар талд
[10]Хавтаст хэргийн 93 дугаар талд
[11]Хавтаст хэргийн 108-110 дугаар талд
[12]Хавтаст хэргийн 114-115 дугаар талд
[13]Хавтаст хэрийг 5-6 дугаар талд