Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/98

 

 

 

 

 

 

 

   

                                

      2023         05           29                                         2023/ШЦТ/98

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ,

         улсын яллагч Б.А,

         шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,

         шүүгдэгч С.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.У-т холбогдох эрүүгийн ....дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр ...төрсөн, .. настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., . хамт, ..... гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б. овогт С-ийн 2 /-/,

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч С.У нь 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Малын худгийн хойд талд байх айлд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч С.Аг бусадтай муудлаа гэх зүйлээр шалтаглан түүний толгой тус газар нь сандлаар цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.У нь 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Малын худгийн хойд талд байх айлд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч С.А-г бусадтай муудлаа гэх зүйлээр шалтаглан түүний толгой тус газар нь сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

          Дээрхи үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч   С.Агийн "... 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн оройн 20 цаг өнгөрч байхад, Жгэх айлд хамтран амьдрагч С.У болон Б гэсэн хүмүүстэй хамт монгол архи ууж байхад танихгүй хүүхэн орж ирсэн. С.У архинаасаа аягалж өг, харамлалаа гэж хэлэхээр нь би аягалж өгөх гэж байна юун сүртэй юм гэж хэлсэн чинь С.У үгийн зөрүүгүй намайг зодсон. Гартаа нэг сандал бариад намайг цохиж байсан. Тэгээд толгойн дээр хэсгээс цус гарахаар нь гэрээс гарч яван, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. С.Ут гаргах санал гомдол надад байхгүй” гэсэн /хх 9, 35 ху/, гэрч Ө.С-ийн "...Би 2023 оны 03 дугаар сарын 17-ны орой 22 цагийн орчимд Дорноговь аймгийн ... сумын .. дугаар баг, ... байх танил Жамъянсүрэн ахын гэрт С.У, нөхөр О, С.А нарын хамт архи ууж байгаад С.А нь намайг архинаас хүнд дураараа аяглаж өглөө гэж хэлээд миний үснээс зулгаагаад тавихгүй байсан чинь С.У ах сандлаар С.Агийн толгой руу нэг удаа цохисон, зүгээр байгаа хүүхдийг зодлоо гэж хэлсэн. ...Миний биед учирсан гэмтэл байхгүй, миний үс унасан. Гомдол санал байхгүй” гэсэн /хх 13 ху/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч С.У-ын “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйл байхгүй. Прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрнө. Гэм буруугаа ойлгож байгаа” гэсэн мэдүүлгүүд, хохирогчийн биед толгойн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсныг тогтоосон шинжээчийн 02/132 дугаартай дүгнэлт /хх 17 ху/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

         Шүүгдэгч С.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй зэрэг хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаархи саналыг яллагдагч С.У-т танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

           Иймд шүүгдэгч С.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, нийтэд тусгай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч С.У-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Б овогт С-ийн С.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.У-г 280 /хоёр зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.У-н эдлэх 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-иас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА