| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2019/0406/И |
| Дугаар | 498 |
| Огноо | 2019-08-14 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 498
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 6 дугаар багт оршин суудаг, Г-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн сумын 5 дугаар багт байрлах Б аймгийн СДОА /дарга Е/-д холбогдох хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н, хариуцагч Б аймгийн СДОА-ийн дарга Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нароролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн СДОА-ийн даргын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б\16 дугаар “Г-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай.
Нэхэмжлэгч Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангид нягтлан бодогчоор ажилд орж өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Мөн нэг ч удаа сахилгын шийтгэл хүлээгээгүй. Би ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад надад сахилгын шийтгэл хүлээлгэсэн Баймгийн СДОА-ийн даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б\16 дугаар “Г-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалд гомдолтой байна. Иймд энэхүү тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ
Хариуцагч Б аймгийн СДОА-ийн дарга Е шүүхэд бичгээр гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч тайлбар гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 255 дугаар тогтоол, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 63 дугаар тогтоолыг тус тус үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн түр томилон ажиллуулж байна. Энэхүү нягтлан бодогчоор түр томилон ажиллуулахаар тушаал гаргасан үед Г-тэй мөн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр №01 тоот хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож түр байгуулсан. Уг гэрээний 2.3-д ноцтой зөрчилд тооцон Хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 40 дүгээр зүйл болон хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн тохиолдолд мөн гэрээний 5.4-д сахилгын жижиг зөрчил гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд заагдсан сахилгын шийтгэл ногдуулсан гэж тус тус гэрээ байгуулж гарын үсэг зуруулсан. Байгууллагын дотоод журмын 6.3 дугаар заалтад дурдагдсан ажлын байранд бусадтай маргах, хамт ажиллаж буй ажилтнуудыг сэтгэл зүйн хувьд дарамтлах, тэдэнтэй маргах, хэл амаар доромжлох эрх чөлөөнд нь халдах, мөн зүйлийн дараагийн заалтад: удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй буюу гүйцэтгэхээс үндэслэлгүй татгалзах, хурал цуглаан таслах зэрэг зүйлүүдийг удаа дараа ноцтой зөрчсөн байна. Нягтлан бодогч Г-д урьд нь хэд хэдэн удаа байгууллагуудад нэхэмжлэлээр өгсөн модны суулгацын мөнгийг хэдэн байгууллага өгсөн, хэд нь өгөөгүй байна жагсаалтыг гаргаж өгөөч гэж үүрэг өгсөн боловч биелүүлээгүй.Дараа нь 8 байгууллагаас бусад нь бүгд авсан модны суулгацын мөнгийг өгсөн гэхээр нь бэлэн мөнгөнүүд хаана байна гэж асуухад талбайд юм авсан гэж худлаа хэлсэн. Хэд хоногийн дараа Г-гээс өөрийн орлогоос орж ирсэн мөнгө хаана байна, байхгүй бол чухам юунд зарцуулсан бэ гэж шаардахад уурлаж, орилж, хашхирч, уйлаад өөрийн албаны ширээн дээр байгаа зүйлүүдийг шидэж улмаар байгууллагын эд хөрөнгө болох өөрийн ашиглаж байгаа Notebook компьютерыг хүртэл шидэж ажил хийж байгаа ажилтнуудын тав тухыг алдагдуулж, хэрэв би үхвэл чи хариуцан шүү гэж намайг хүртэл хэл амаар доромжилжцагдаа дуудсан. Цагдаагийн газрын хүмүүс Р.Гүлжаукарын бурууг ойлголоо. Миний бие Г-гийн уг үйлдлийн талаар Цагдаагийн газарт албан бичгээр хандсан юм. Нэг удаа хамт олны хурал хийж ажил төрөл болон сахилга хариуцлагын талаар ярилцаж байхад хурлыг орхиж гараад явсан. Мөн хамгийн сүүлд хийсэн хурлаар гаднын хоёр хүн хаалгаар шагайхад ороод ир гэж хамт олныг хүндэтгэхгүй ёс зүйгүй зан гаргасан. Ер нь Г нь төрийн албанд ажиллаж байна гэдгийг ялгаж, салгаж ойлгож мэдэхгүй байх шиг, хүмүүжилгүй, төрийн албанд ажиллахад тохирохгүй ёс зүйгүй хүн байна. Би өөрт нь удаа дараа хэлж ярьж сануулж байсан. Миний бие нэг удаа ажлаа сайн хий чамд хэдэн хүний цалинг тооцож олгохоос өөр хийж байх ажилгүй шүүдээ гэж шаардлага тавихад чи 1сая төгрөгний цалин авч байна. Ийм ёс зүйгүй, хүмүүжилгүй хүнийг мэдэхгүй юм байна. Өөрийн гэр бүлийн нөхцөлд яаж харьцдагийг хэлж мэдэхгүй. Харин албан ажлын байранд надтай болон манай бусад ажилтнуудтай ёс зүйгүй харьцдагийг би өөрөө нүдээрээ үзсэн ба ажилтнууд сайн мэднэ. Урьд нь хувийн хэвшлийн болон төрийн зэрэг 4 байгууллагуудад ажиллаж байгаад гарсан байна. Тэр байгууллагуудын хүмүүсээс асууж судалж байхад сайн зүйл ярихгүй байна. Аймгийн ЗДТГ-ын Санхүүгийн хяналт шалгалтын дотоод аудит хяналт шалгалтын байцаагч төрсөн эгч нь Т-гээр түрүү барьдаг юм шиг байна. Угаасаа төрийн албанд таарахгүй, ёс зүйгүй хүн байна. Цаашдаа ийм хүнтэй хамтран ажиллахад хүндрэлтэй байна. Дээрх зүйлүүдийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.1, Байгууллагын дотоод журмын 6.3, 6.4 дүгээр заалтуудыг үндэслэн сахилгын шийтгэл болох сануулах арга хэмжээ авсан болно. Тухайн үед хамт олны хурлаар хэлэлцүүлж тэмдэглэл хөтөлж байсан. Гэвч би ямар ч зөрчил гаргаагүй байхад сахилгын шийтгэл ногдуулсан тухай О ангийн даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б\16 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэж танайд хандсан. Дээрх зөрчлүүдийг удаа дараа гаргасан тул түүний нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй юм. Иймд Г-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад:2019 оны 01, 02 дугаар сард аймгийн Дотоод аудитын байгууллагаас манай байгууллагад төлөвлөгөөт бус шалгалт хийсэн. Уг шалгалтаар улсын байцаагч Ж 5 төрлийн акт тавьсан. Энэхүү актыг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр манай байгууллагад танилцуулсан. Үүний улмаас манай дарга намайг байнга дарамталж зүй бусаар харьцдаг болсон. Учир нь, шалгалт хийлгүүлэхдээ байгууллагын санхүүгийн зөрчлүүдийг надад чи хэлж өгсөн, задруулсан, урвагч, матаас гэж дарамталдаг болсон. Заримдаа эхнэрээ дагуулж ирээд дарамталж, хамт олны дунд доромжилдог. Хамт олны хурал болгонд намайг муулдаг байсан. Нэг өдөр би тайлан тооцоо хийгээд завгүй сууж байхад дарга нөгөө зангаараа санхүүгийн баримтуудыг асууж эхэлсэн. Би санхүүгийн баримтуудыг улсын байцаагч Ж өгсөн гэдгээ хэлсэн. Дарга үүнийг мэдсээр байж намайг доромжилж санхүүгийн баримтуудыг аваад ир, бүхэл бүтэн хоёр сар шалгасан гэж нэхсэн. Би Цагдаагийн байгууллагад хандана гээд суудлаасаа босоход урьд байсан зөөврийн компьютерын утсанд ороогдоод компьютер байрнаасаа хөдөлчихсөн. Бид нар өрөөндөө 4 хүн суудаг, хамт суудаг хүмүүс намайг компьютерыгшийдсэн гэж буруу ойлгосон байна гэж бодож байна. Өөр ямар нэгэн маргаан гарч байгаагүй байхад надад дарга сахилгын арга хэмжээ авсныг зөвшөөрөхгүй байна. 2 сая төгрөгийн санхүүгийн баримтыг шаардсан гэж байна. Би модны бэлэн мөнгийг цуглуулаагүй. Дарга нар 08 дугаар сард хөдөө орон нутаг руу ажлаар явдаг. Тэр үед надад үлдсэн байгууллагуудаас модны мөнгийг цуглуул гэж хэлсэн. Тэгээд би 4-5 байгууллагаас модны мөнгийг цуглуулсан. Эдгээр баримтуудыг Аудитын газарт өгсөн байсан. Дарга нэхэх үед надад байхгүй, Аудитын байгууллагад өгсөн гэдгийг хэлж байсан. Дарга тайлбарлахдаа хамт олны хурал хийж байхад намайг гаднын хүмүүсийг ороод ир гэж хэлсэн гээд тайлбарлаж байна. Би тэгж хэлээгүй. Тухайн үед би хуралд юу ч хэлээгүй. Бусад хүмүүс ч ямар нэгэн санал хэлээгүй. Даргын хэлснээр хурал хийгддэг. Сүүлийн хуралд актууд дээр байгаа зөрчлүүдийг Г задруулсан гээд хамт олны хуралд муулсан. Тэгээд дарга надад сануулах арга хэмжээ авна гэдгийг танилцуулсан. Би гаднын хүмүүсийг хуралд ороод ир гэж хэлээгүй. Миний бие удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, ажилтнуудтай ёс зүйгүй харьцаж байсан удаа байхгүй. Дарга надад ажлаа хийж чадахгүй бол өөрөө өргөдөл өгөөд гар гэдэг болсон. Иймээснамайг ажлаас гаргах л зорилготой сахилгын арга хэмжээ авсан гэж бодож байна. Иймд ямар ч үндэслэлгүй надад сахилгын арга хэмжээ авсан тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Б аймгийн СДОА-гийн дарга Е шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2019 оны 03 дугаар сар юм уу 04 дүгээр сарын үе байсан байх тухайн өдөр хурал болоогүй. Өрөөнд манай хоёр мэргэжилтэн сууж байсан. Энэ маргаан ганцхан зүйлээс болсон. Манай байгууллагад хийгдсэн шалгалтаар 2,2 сая төгрөг бэлэн мөнгө байхгүй байсан. Аймгийн Дотоод аудитын газарт Г-гийн төрсөн эгч нь ажилладаг. Тэр хүнээр 2 сая төгрөгийн зөрчлийг хаалгасан байна. Г 2 сая төгрөгийг бэлнээр авчхаад өөрөө зарцуулчихсан байна. Түүнээс энэ мөнгийг юунд зарцуулсан болохыг асуухад Толбо сумын чиглэлийн ойн санд зарцуулсан гэж хэлсэн. Тэгээд би түүнд чи юм авсан бол баримтаа гаргаад ир гэж нэхсэн. Тэгтэл намайг дарамталсан гээд ширээндээ байгаа бүх зүйлээ, зөөврийн компьютерыг хүртэл шидчихсэн. Би түүнд зөвхөн албан шаардлага тавьсан. Тэгээд надад чи намайг ажлын байранд дарамталсан гээд цагдаа дуудсан. Тэгээд бид нар Цагдаагийн газарт очсон. Цагдаа надад та албан шаардлага тавих эрхтэй, ажлаас халах эрхтэй шүү дээ гэдгийг хэлсэн. Би ийм л албан шаардлага тавьсан. Үүнийг манай хоёр мэргэжилтэн харж байсан гэв. Дараа нь 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хийсэн хамт олны хурлаар дотоод аудитын дүгнэлтийг танилцуулсан. Тэр үед бас Г янз бүрийн зүйл хэлсэн. Г-тэй юм ярих гэхэд яриулахгүй, өөдөөс юм ярьж, хүний хэлсэн үгийг огт сонсдоггүй. Энэ нь саяны бичлэгүүдээс харагдаж байна. Надад чи 1 сая төгрөгийн цалин авч байна юу хийж байгаа юм бэ гэж хэлдэг. Надад “чи” гэж харьцдаг. Би 60 нас хүрч байна. Би ажлын үр дүнгээр сүүлийн 2 жилд улсад 2, 3 дугаар байранд орсон. Тэгтэл манай хамт олны хийсэн ажлыг үгүйсгээд байна. Дараа нь дахиад хамт олны хурал хийсэн. Бид нар хамт олны хурал хийж байхад үл таних хоёр эмэгтэй хаалгаар шагайсан. Тэгэхэд Г нь тэд нарт та нар ороод ир, хурал хамаагүй гэж хэлсэн. Тэр үед би хурлын тэмдэглэл хөтөлж байгаа хүнд энэ талаар бичээрэй гэдгийг хэлсэн. Тэгээд би нөгөө хоёр хүнийг хамт олны хурал хийж байхад яагаад ороод ирж байгаа юм бэ гээд хөөгөөд гаргасан. Тэр хоёр эмэгтэй аймгийн Музейд ажилладаг хоёр эмэгтэй хүн байсан. Г-гийн хувьд ийм ёс зүйгүй харьцдаг. Миний бие Г-г ажилд авсан, түүнд удаа дараа тусалж байсан боловч ийм ёс зүйгүй гэдгийг мэдээгүй. Тэгээд би сүүлд 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сануулах сахилгын арга хэмжээ авсан гэв.
Хавтаст хэрэг тавагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгч Г-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь,
Хавтаст хэрэгт авагдсан 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан №01 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”-гээр нэхэмжлэгч Р.Г нь Б аймгийн ССРА-д нягтлан бодогчоор ажилладаг болох нь нотлогдож байна.
Хариуцагч Б аймгийн СДОА-гийн даргын 2019 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн Б\16 дугаартай “Г-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, байгууллагын дотоод журмын 6.3, 6.4 дүгээр заалтуудыг тус тус үндэслэн нягтлан бодогч (нэхэмжлэгч) Г-д байгууллагын удирдлага болон ажилтнуудтай ёс зүйгүй харьцахаас гадна удирдлагын зүгээс өгсөн аливаа үүрэг даалгаврыг биелүүлэхгүй буюу үндэслэлгүй татгалзах, хамт олны хурал хийж байх үед хэрүүл маргаан үүсгэж, улмаар хурлыг хаяад явдаг, мөн ажлын байранд бусадтай маргаж, өөрийн ашиглаж байгаа байгууллагын эд хөрөнгө болох notebook компьютерыг хүртэл шийдэж зохисгүй үйлдэл гарган орилж, бусдыг хэл амаар доромжлох зэрэг зүй бус үйлдлүүдийг удаа дараа гаргасан гэсэн үндэслэлээр сануулах шийтгэл ногдуулсан байна.
1) Б аймгийн СДОА-ийн 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөрбаталсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 6.3-д хориглох зүйлгэсний чухам аль аль заалтыг нэхэмжлэгч Г хэзээ, ямар байдлаар хэрхэн зөрчсөн тухай нотлох баримтаа хариуцагч тал гаргаж өгч чадаагүй болно.
Мөн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 6.4 Сахилгын шийтгэл оногдуулах гэсэн заалтын 6.4.1-д “хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэх явцдаа хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээ зөрчсөн ажилтанд дараах журмаар сахилгын шийтгэл оногдуулна”. Үүнд:...
“Оногдуулсан шийтгэлийн хэлбэр нь гаргасан зөрчлийн шинж байдалтай тохирсон байна” гэсэн байхад нэхэмжлэгч Г нь хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэх явцдаа хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээний ямар зүйл заалтыг удаа дараа хэрхэн ямар байдлаар зөрчсөн гэдгийг хариуцагч нотлох баримтаар нотолж чадаагүй.
Мөн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 6.4.3-д “сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож энэ тухай баримтыг үндэслэн зөрчил гаргасан ажилтанд урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан ажилтан уг баримт материалтай танилцан нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй”гэж заасан байхад нэхэмжлэгч Г-д энэ эрхийг нь эдлүүлээгүй, Г-гийн гаргасан гэх зөрчлийг шалгаж тогтоосон талаарх ямар нэгэн баримт, материал хавтаст хэрэгт авагдаагүй байна.
2) Нэхэмжлэгч Г нь байгууллагын удирдлага болон ажилтнуудтай ёс зүйгүй харьцаж байсан гэсэн нь хөндлөнгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан тус байгууллагын нярав Г, мэргэжилтэн Н нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, хариуцагч Б аймгийн СДОА-ийн дарга Егийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн №25 дугаартай албан бичгээр аймгийн Цагдаагийн газарт хандсан зэрэг нотлох баримтаар нэхэмжлэгч Г нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн үед ажлын байранд хариуцагч Б аймгийн СДОА-ийн дарга Е-тэй маргаан, улмаар өөрийн ашиглаж байгаа байгууллагын эд хөрөнгө болон notebook компьютерыг унгаж /шидэж/ орилж хашхирч зохисгүй үйлдэл гаргасан болох нь нотлогдож байгаа боловч хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасны дагуу сахилгын зөрчил илрүүлснээс хойш нэг сарын дотор нэхэмжлэгч Г-д сахилгын арга хэмжээ аваагүй ба сахилгын шийтгэл оногдуулах хуульд заасан хугацааг өнгөрүүлсэн байна.
3) Мөн хариуцагч Б аймгийн СДОА-гийн дарга болон удирдлагын зүгээс нэхэмжлэгч Г-д хэзээ, ямар үүрэг даалгаврыг ямар хугацаатай өгсөн эсэх нь, нэхэмжлэгч тухайн үүрэг даалгаврыг даалгаврыг биелүүлэхгүй буюу үндэслэлгүй татгалзсан гэдгийг хариуцагч нотлох баримтаар нотолж чадаагүй болно.
4) Хавтаст хэрэгт хариуцагч Б аймгийн СДОА-гийн хамт олны 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн[1] болон 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн[2]хурлын тэмдэглэлүүд авагдсан ба эдгээр хурлын тэмдэглэлд хамт олны хурал хийж байх үед нэхэмжлэгч Г нь хэрүүл маргаан үүсгэж, улмаар хурлыг хаяад явсан болон гаднын хүнийг хуралд оруулж ирсэн тухай ямар нэгэн зүйл тусгагдаагүй тул хариуцагчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбарууд нь үгүйсгэгдэж байгаа болно.
5) Нэхэмжлэгч Г-г ажлаас чөлөөлсөн тушаалд зааснаар сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан гэдгийг хариуцагч нотлох баримтаар нотолж чадаагүй болно.
Хавтаст хэрэгт нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Б аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №18-06/04; №18-06/05; №18-06/06; №18-06/07 дугаартай “Төлбөрийн акт тогтоох тухай” болон 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн №18-06/14 “Анхан шатны баримтгүй зарцуулсан мөнгө төлүүлэх тухай” актууд нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүйболно.
Иймд эдгээр нотлох баримтаар хариуцагч Б аймгийн СДОА-гийн даргын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б\16 дугаар “Г-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал нь үндэслэлгүй гарсан болох нь нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, энэхүү тушаалыг хүчингүй болгож, мөнэнэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хариуцагч Б аймгийн СДОА-иас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-г баримтлан нэхэмжлэгч Г-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Б аймгийн СДОА-гийн даргын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б\16 дугаар “Г-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б аймгийн СДОА-иас 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК
[1]Хавтаст хэргийн 28-29 дүгээр тал;
[2]Хавтаст хэргийн 30-31 дүгээр талд;