| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2019/03125/И |
| Дугаар | 184/ШШ2019/02754 |
| Огноо | 2019-10-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 184/ШШ2019/02754
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Батсүх, Л.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.Б-д холбогдох,
Гэм хорын хохиролд 1,391,900 төгрөг гаргуулж, тэтгэмжийн зөрүү мөнгийг сар бүр олгохыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Б, хариуцагчийн өмгөөлөгч Х.Д, иргэдийн төлөөлөгч Д.М, Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Хариуцагч А.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 13 дугаар гудамж, 01 тоотын баруун замд “Тоёота королла” маркийн 0000 УНЛ улсын дугаартай автомашиныг согтуугаар жолоодож явахдаа миний нөхөр Б.М-ыг мөргөж амь насыг хохироож бидний амьдралд нөхөж баршгүй гарз учруулсан билээ. Бид 18-н жил гэр бүл болж амьдарсан.
Бидний охин М.Э 2009 онд төрсөн. Одоо 10 настай, ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн 5-р ангид дэвшиж суралцана.
Хариуцагч А.Б нь 2017 оны 05 дугаар сарын 22-нд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр ял шийтгүүлэх үедээ охины маань тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд 2,3,4,5-н сарын мөнгө гэж 279,000 төгрөгийг төлсөн байдаг. Тэрээр шүүх хурал дээр талийгаачийн дүү Б.Г биднээс санал гомдолгүй гэж хэлүүлж хөнгөн ял шийтгэл авахдаа хүүхдийн чинь тэтгэмжийн мөнгөний зөрүүг шүүхдэлгүйгээр, 18-н насанд хүртэл нь тооцоод бөөнд нь өгнө гэж хэлсэн боловч түүнээс хойш нэг ч утсаар яриагүй, сураггүй алга болсон. Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6-д “ЭБШХ-д зааснаар өв залгамжлагч нь амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай” гэсэн байдаг. Бид А.Бг ярихыг хүлээж өнөөдрийг хүрсэн боловч тэрээр нэг ч ярьсангүй. Иймд би шүүхэд хандаж байна.
Миний охин М.Э нь тэжээгчээ алдсаны тэтгэмжид 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сар дуустал сар бүр 140,000 төгрөгийг авч байсан. 2018 оны 04 дүгээр сараас тэтгэмжийн хэмжээнд өөрчлөлт орж 155,000 төгрөг болсон ба мөн 2019 оны 02 дугаар сарын 19-ны өдөр тэтгэмжийн хэмжээ 174,000 төгрөг болж тус тус өөрчлөгдөж ирсэн болно.
Учир нь Хүн амын амьжиргааны баталгаажих түвшиний хэмжээ 2017 онд 185,300 төгрөг байгаад 2018 онд 198,600 төгрөг, 2019 онд 217,900 төгрөгөөр тус тус өөрчлөгдөж тогтоогдсонтой холбоотой гэж ойлгогдож байна. Охин маань өсөж том болохын хэрээр бидэнд мөнгөний хэрэгцээ гарч байна. Х.Б би тогтмол цалин орлогогүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг.
Хариуцагч А.Бгээс охин М.Эд олгогдох ёстой тэжээгчээ алдсаны тэтгэмжийн төлөгдөөгүй зөрүү нь 2017 оны 06 дугаар сараас 2018 оны 03 дугаар сар дуустал Хүн амын амьжиргааны баталгаажих түвшиний хэмжээ 185,300 төгрөг, сар бүр авдаг тэжээгчээ алдсаны тэтгэмж 140,000 төгрөг, сар бүр авах тэтгэмжийн зөрүү 45,300 төгрөгийг 10 сард тооцож 453,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сараас 2019 оны 01 дүгээр сарыг дуустал 198,600 төгрөг-155,000 төгрөг, сар бүр авах зөрүү 43,600 төгрөгийг 10 сард тооцож 436,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сараас 2019 оны 12 дугаар сар дуустал 217,900 төгрөг-174,000 төгрөг, сар бүр авах зөрүү 43,900 төгрөгийг 11 сард тооцож 482,900 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбогдуулан гарсан нотариатын үйлчилгээний хөлсөнд төлсөн 20,000 төгрөг, нийт 1,391,900 төгрөгийг гаргуулж, 2020 оноос эхлэн охин М.Э-ийг 18 нас хүртэл Хүн амын амьжиргааны баталгаажих түвшиний хэмжээний болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү мөнгийг сар бүр олгож байхыг даалгаж өгнө үү.
Талийгаачтай гэр бүлийн баталгаатай байсан, тухайн үед сэтгэл санааны хямралтай байсан тул хохирогчоор оролцоогүй гэжээ.
Хариуцагч А.Б, түүний өмгөөлөгчөөс нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Нотлох баримтын шаардлага, нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хэрэгт Х.Б нь хохирогчоор тогтоогдоогүй оролцоогүй байдаг. Талийгаачийг төлөөлж төрсөн дүү болох Б.Г нь оролцож байсан бөгөөд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “өв залгамжлагч нь амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй” гэж заасан. Талийгаачийн өв залгамжлалын асуудал энд гарч ирнэ. Б.Г-ийн тайлбар, мэдүүлэгт талийгаач болон эхнэр Х.Б нар нь салсан, тусдаа амьдарч байсан гэдэг. Шаардах эрхтэй эсэх нь эргэлзээтэй. Гэм буруугийн хувьд маргах зүйлгүй. Түүнээс гадна нэхэмжлэгч амьжиргааны баталгаажих доод түвшинээс доогуур амьдралтай гэдгээ, мөн нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч А.Бд холбогдуулан гэм хорын хохиролд 1,391,900 төгрөг гаргуулж, тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг сар бүр олгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үед хохирол төлсөн, нэхэмжлэгч шаардах эрхтэй, өв залгамжлагч болох нь тодорхойгүй, амьжиргааны доод түвшинд байдаг болохоо нотлоогүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж мэтгэлцдэг хэдий ч гэм хор учруулснаа хүлээн зөвшөөрч маргадаггүй.
Хариуцагч А.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн 13 дугаар гудамж 01 тоот хашааны баруун замд Тоёота Королла маркийн 52-09 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа явган зорчигч Б.Мыг мөргөж амь насыг нь хохироосон бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар А.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг түүнд оногдуулж шийтгэсэн байна.
Тэрээр зам тээврийн осол гаргаж иргэн Б.Мын амь насыг хохироосон гэм буруутай болох нь тогтоогдсон ба дээрх үйл баримт нь нэгэнт тогтоогдсон үйл баримт тул гэм хор учруулсан нь түүний буруу тухай асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасанчлан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй үндэслэлээр дахин нотлохгүй болно.
Талийгаач Б.М, нэхэмжлэгч Х.Б нар нь 2006 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн бөгөөд хамтран амьдрах хугацаанд 2009 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин М.Энх-Эрдэнийг үрчлэн авч түүний эцэг, эх нь болсон нь нэхэмжлэгчийн тайлбар, М.Энх-Эрдэнийн №Г-3428/17 дугаартай төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна. Гэр бүлийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д үрчлэгдсэн хүүхэд нь төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр заасан. Мөн Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагчийн эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан хүүхэд хууль ёсны өвлөгч байхаар зохицуулсан.
Иймээс нэхэмжлэгч Х.Б нь талийгаач Б.Мын хууль ёсны эхнэр, насанд хүрээгүй охин М.Э-ийн хууль ёсны төлөөлөгч бөгөөд эхнэр, охин хэн аль нь тэргүүн ээлжид өв залгамжлах эрхтэй тул гэм хорын хохирлыг шаардах эрхтэй, гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл тайлбарлагдах бөгөөд Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т “7-оос 14 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн зарим чадамжтай байна”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “Эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай хүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь шүүхэд төлөөлөх бөгөөд тэд өөрийн бүрэн эрхийг нотлох баримт бичгийг шүүхэд үзүүлнэ” гэж заасны дагуу мөн талийгаачийн охин М.Э-ийн зөрчигдсөн эрхийг хамгаалуулахаар шүүхэд хандсан байна.
Нэхэмжлэгчийн талийгаачийн охинд тэжээгчээ алдсаны тэтгэврийг улсаас олгож байгаа, талийгаач цалин, орлогогүй байсан учир хүн амын амьжиргааны доод түвшинд харьцуулан тэтгэвэр тогтоогдон тухай бүр өөрчлөгдөж байгаа, иймээс өөрчлөлт бүр дэх зөрүү мөнгийг гаргуулах, цаашид гарах зөрүүг сар бүр олгуулахыг даалгах гэх нэхэмжлэлийн шаардлага хуулийн үндэслэлтэй тул хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2009 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин М.Э нь 2017 оны 2 сарын 19-ний өдрөөс өнөөдрийг хүртэл сар бүр тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч байгаа бөгөөд энэ хугацаанд тэтгэврийн хэмжээ 140,000, 155,000, 174,000 төгрөг болж өөрчлөгдөж байсан, Үндэсний статистикийн хорооны даргын 2017 оны А/13 дугаар, 2018 оны А/13 дугаар, 2019 оны А/12 дугаар тушаалаар хүн амын амьжиргааны доод түвшинг Улаанбаатарт 2017 онд 185,300, 2018 онд 198,600, 2019 онд 217,900 төгрөг болгон шинэчилж байсан үйл баримт мөн тогтоогдож байна.
Нэхэмжлэгчээс дээрх тэтгэвэр болон амьжиргааны түвшингийн доод хэмжээний харилцан зөрүүг “2017 оны 06 дугаар сараас 2018 оны 03 дугаар сар дуустал Хүн амын амьжиргааны баталгаажих түвшиний хэмжээ 185,300 төгрөг, сар бүр авдаг тэжээгчээ алдсаны тэтгэмж 140,000 төгрөг, сар бүр авах тэтгэмжийн зөрүү 45,300 төгрөгийг 10 сараар тооцож 453,000 төгрөгийг, 2018 оны 04 дүгээр сараас 2019 оны 01 дүгээр сарыг дуустал 198,600 төгрөг ба 155,000 төгрөг, зөрүү 43,600 төгрөгийг 10 сараар тооцож 436,000 төгрөгийг, 2019 оны 02 дугаар сараас 2019 оны 12 дугаар сар дуустал 217,900 төгрөг ба 174,000 төгрөг, зөрүү 43,900 төгрөгийг 11 сараар тооцож 482,900 төгрөгийг, нийт 1,371,900 төгрөг” гэж тооцсон нь үндэслэлтэй ба тухайн шаардах эрхийн үндэслэл нь Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1 “...Эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэх зүйл, заалтад нийцнэ. Тодруулбал, тухайн гэр бүлийн эцэг, эх хүүхдээ асрах, тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд эцэг нь нас барснаар хуульд заасны дагуу төрөөс тэжээгчээ алдсаны тэтгэврийг олгоно, нас барахад буруутай этгээд нас барснаас учирсан гэм хорыг арилгана.
Дээрх гэм хор учруулсны төлбөрийн хэмжээг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-д “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна” гэж заасны дагуу тодорхойлох ба талийгаач тогтмол цалин, орлогогүй байсан тул хуульд заасан тэжээн тэтгэх тэтгэлгийн хэмжээ нь хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр хэмжигдэх учиртай.
Нэхэмжлэгчийн ...тэжээгчээ алдсан тэтгэвэр, хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээний зөрүүг сар бүр хариуцагчаас гаргуулахыг даалгах гэсэн шаардлага мөн хуулийн үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.1-т “бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл гэм хор учруулсны төлбөрийг нөхөн төлнө” гэж заасны дагуу талийгаачийн охин М.Э-ийг насанд хүрэх хүртэл хугацаанд сар бүр гэм хорын хохирол, төлбөрийг хариуцагч А.Бд хариуцуулж, нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын зардалд төлсөн гэх 20,000 төгрөг нь баримтаар нотлогдоогүй, зайлшгүй гарах зардал болох нь эргэлзээ бүхий тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иймээс хариуцагч А.Бгээс өнгөрсөн хугацаанд авч байсан тэжээгчээ алдсаны тэтгэвэр болон хүн амын амьжиргааны түвшиний хэмжээний хоорондын зөрүү болох 1,371,900 төгрөгийг гаргуулж, мөн цаашид гарах зөрүүг буюу төлбөрийг талийгаачийн охин М.Э-г 16 нас, сурч байвал 18 нас хүртэлх хугацаанд сар бүр гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 20,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.4, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Бгээс 1,371,900 төгрөгийг гаргуулж, мөн хүн амын амьжиргааны доод түвшиний хэмжээ, тэжээгчээ алдсаны тэтгэврийн хоорондын зөрүү мөнгийг 2009 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төрсөн М.Э-ийг 16 нас, сурч байвал 18 нас хүртэл гаргуулж нэхэмжлэгч Х.Бт тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 20,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Бгээс улсын тэмдэгтийн хураамжид 53,354 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Т.БАТСҮХ
Л.ОЮУНЦЭЦЭГ