Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/342

 

 

 

 

 

 

 

 

 

   2023         04        03                                    2023/ШЦТ/342

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Оюунбат,

Улсын яллагч: Н.Булганчимэг,

Хохирогч Н.Б, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг,

Хохирогч Х.Д, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх,

Иргэний хариуцагч Т.А, түүний өмгөөлөгч Э.Ганбат, Б.Номуундарь,  

Шүүгдэгч П.А, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд нар оролцсон эрүүгийн 0 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1963 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Ц” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт

 

Хуулийн этгээд:

 

2006 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр №01 дугаартай, 0 гэрчилгээ, 0 регистрийн дугаар, гадаад худалдаа, Эм эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх үйл ажиллагааны чиглэлтэй, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 7 дугаар хороолол Евро-Ази дээд сургуулийн байр 203 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Ц” хязгаарлагдмал хариуцлагатай компани.

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

Шүүгдэгч Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй “Ц” ХХК-ийн захирал П.А нь Монгол Улсын өнчин эмийн бүртгэлд бүртгэгдсэн Авастин (Bevacizumab) тариа буюу эмийг Энэтхэг улсаас худалдан авч гар тээшиндээ хадгалж, 2017 оны 01, 4 дүгээр саруудад импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг Эрүүл мэнд хөгжлийн төв, Эрүүл мэндийн яамны зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэн, Буянт-Ухаа боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэн импортолсон,

 

Шүүгдэгч Эм ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй “Ц” ХХК нь Монгол Улсын өнчин эмийн бүртгэлд бүртгэгдсэн Авастин (Bevacizumab) тариа буюу эмийг худалдах, түгээх үйл ажиллагааг Эрүүл мэнд хөгжлийн төв, Эрүүл мэндийн яамны зохих зөвшөөрөлгүйгээр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эм ханган нийлүүлэх байгууллагын байрандаа хадгалж хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө “Э”, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “0”, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “С” зэрэг эмнэлгүүдэд тус тус худалдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2, 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч П.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна...”гэв.

 

Хохирогч Х.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Баруун нүдний хараанд өөрчлөлт орсон. Юм харахад бүрэлзэж, хэлбэр дүрс нь өөрчлөгдөж, бараан харагдах болсон. Тэгээд 2017 оны 06 дугаар сарын 09-нд С эмнэлэгт үзүүлсэн. Өмнө харьяаллын дагуу Улсын 3 дугаар эмнэлэгт үзүүлсэн тэгээд нүдний өвчний  талаараа зөвлөөд Монгол улсад мэргэшсэн эмч гэж Мөнхзаяа эмчид үзүүлэхээр болсон. Мөнхзаяа эмч С эмнэлэгт ажилдаг байсан. Очиж үзүүлээд  Мөнхзаяа эмчид үзүүлээд өвчний оношоо тогтоолгож, шаардлагатай эмчилгээ хийлгэж, насжилтын шар толбо сүнэр гэдэг онош тогтоогдоод, үүнийг цааш муутгахгүй байх үүднээс авастин, лсэнц гэдэг хоёр тариаг нүдний алиманд хийх эмчилгээ санал болгосон. Тухайн үед энэ лсэнц гэх тариа нь 2,500,000 төгрөг гэж байсан. Харин авастин тарианы нэг удаагийн тарилт нь 350,000 төгрөг гэж байсан. Үйлчилгээ адилхан гэсний дагуу авастин тариаг сонгон тариулсан. Тухайн үед авастин тариа хүлээлттэй байсан. Нүдэнд хийсэн тариаг тодорхой завсарлагаатай сар, 20 хэдэн хоног гээд эмчийн заасан хугацаагаар  тариагаа хийлгэх давтамжтай.  Тэгээд би анх 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хийлгэсэн. Дараагийн тариаг 2017 оны 07 дугаар сарын 20-нд, гурав дахь тариагаа 2017 оны 08 дугаар сарын 18-нд, дөрөвдөх тариагаа 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хийлгээд нүдний харааны байдал өөрчлөгдөөгүй. Хэвийн байдлаараа байсан. Тэгээд тариагаа үргэлжлүүлээд 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдөр 5 дахь тариагаа хийсэн. Тариагаа хийлгэсний маргааш нүдний өвдөлт хүндрэлийг үздэг хяналтын үзлэг хийлгэсэн. Тэгээд үзлэгтээ ороод үдээс хойш нүдэнд хар юм хөвж эхэлсэн. Ажлын цаг тарсан байсан учир гэртээ хариад унтаад шөнө сэрэхэд юм харахгүй байсан. Эрчимтэй эмчилгээ хийж өдөр шөнөгүй жижүүрлэж халдвар тарах аюулаас сэргийлж чадсан. 12 хоногт эмнэлэгт хэвтээд халдвар цааш халдаагүй учир гэрээр эмчилгээ хийсэн. Хүний асаргаанд орох хэмжээнд болсон. Би эхний 1 жил маш их сэтгэл санаагаар унаж байна. Иймд хариуцлагагүй нүдийг минь ийм болгосон учир хохирлыг нөхөн төлүүлж, гэм буруутай этгээдээр төлүүлж өгнө үү. Эзнийг нь шүүх хурлаар тогтоож хохирлоо иргэний хариуцагч болон шүүгдэгч хоёроос 15 сая төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна...гэв.

 

Хохирогч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би 2017 оны 01 дүгээр сард зүүн нүд бүрэлзэж харахаа больж Ачтан эмнэлэгт очиж үзүүлэхэд Улсын 3 дугаар эмнэлэгт хэвтэх заалттай яаралтай бичиг бичиж өгсөн. 3 дугаар эмнэлгийн эмч зүүн нүдийг маань үзээд асуудалтай байна гэж С эмнэлгийг зааж өгөөд явуулж байсан. С эмнэлэгт үзүүлэхэд зүүн нүдэндээ торлогийн хагалгаа хийлгэх, нүдэнд лазерын эмчилгээ, тариа тариулах шаардлагатай гэсэн. 2017 оны 02 дугаар сард зүүн нүдэндээ торлогийн хагалгаа хийлгэж хэвтрийн дэглэм сахиж байхад баруун нүд зүүн нүд шиг бүрэлзэж, хараа муудсан. 2017 оны 10 дугаар сар хүртэл баруун нүдэндээ эмчилгээ хийлгэж, зүүн нүдэндээ Мөнхзаяа эмчийн заавраар эмчилгээ хийлгэж байсан. 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 350.000 төгрөгийн үнэтэй авастин тариаг тал үнээр нь буюу 175,000 төгрөгөөр тариулсан. Тариулсны маргааш баруун нүд бүрэлзэж, идээ татсан байсан. Тэгээд өглөө нь очоод үзүүлэхэд вирустай тариа тариулснаа мэдэж авсан. Өмнө өөр тариа тариулдаг байхад асуудалгүй байсан. Авастин тариа тариулахаас өмнө асуудалтай баруун нүд хол, ойрын зүйлийг хардаг байсан. Вирустай тариа тариулснаас хойш баруун нүд огт юм харахгүй байгаа. С эмнэлэгт 15 хоног хэвтэж, хагалгаа хийлгэсэн. Баруун нүдэндээ хийлгэж байсан эм, тарианы мөнгө 1.119.400 төгрөг, бензиний мөнгө 697.490 төгрөг, сэтгэл санааны хохирол 15.000.000 төгрөг нийт 16.713.890 төгрөг болон цаашид гарах зардлаа шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас нэхэмжилж байна...” гэв.

 

Иргэний хариуцагч Т.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн үед “Ц” ХХК гэдэг эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх төвөөс гэрээний дагуу нийлүүлсэн эм, эмнэлгийн хэрэгслийг хүлээн аваад үйлчлүүлэгч нартаа зохих журмын дагуу тусламж үйлчилгээг хийсэн. Тухайн үед эмнэлгийн зүгээс 4 үйлчлүүлэгчид тарилга тарьсны дараа нүдний хөндийн идээт үрэвсэл үүссэн. Тарилгатай холбоотой асуудал гарлаа гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Халдвар судлалын Үндэсний төвийн шалган байцаах тасагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой эмнэлгийн дотоод халдварыг шалган хянах байгууллагууд руу яаралтай мэдэгдэл хүргүүлж нэг дор гарсан кластер тохиолдол буюу 4 хүн тариулаад дөрвүүлээ нүдний  хөндийн цочмог үрэвсэл үүссэн нь хэзээ ч гарч байгаагүй тохиолдол гарсан...” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 0 дугаартай хэргээс:

 

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн Эм био бэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч Ч.Отгонцэцэгийн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 18-20 дугаар хуудас/,

 

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын газрын Эм био бэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч Ш.Энхтуяагийн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 21-22 дугаар хуудас/,

2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хураан авсан эд зүйлийн жагсаалт /1 дүгээр хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Шалгалтаар “Ц” ХХК эм импортлох зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын эмийн бүртгэлээс зөрүүтэй буюу бүртгэгдээгүй Becacizumab /avastin/ тариаг импортлон эмнэлгүүдэд худалдаалсан байна..” гэсэн мэдээлэл /1 дүгээр хх-ийн 30 дугаар хуудас/,

 

“Ц” ХХК-ийн ХХ-15/23/0210 дугаартай Эм эмнэлгийн хэрэгсэл импортлох ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /1 дүгээр хх-ийн 32, 199 дүгээр хуудас/,

 

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын эрүүл мэнд, Боловсрол, Соёлын хяналтын хэлтсийн Эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч Д.Оюунбилэгийн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 54-57 дугаар хуудас/,

 

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн албан бичиг /1 дүгээр хх-ийн 59-63 дугаар хуудас/,

 

МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн шинжилгээний дүгнэлт /1 дүгээр хх-ийн 70 дугаар хуудас/,

 

“Ц” ХХК-ийн “0” эмнэлэгт эм борлуулсан зарлагын баримт /1 дугаар хх-ийн 71 дүгээр хуудас/,

 

“0” эмнэлгийн нүдний хөндийд “Авастин” тарих удирдамж /1 дүгээр хх-ийн 79-81 дүгээр хуудас/,

 

Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 125-129 дүгээр хуудас/,

 

Тендерийн урилга /1 дүгээр хх-ийн 146-148 дугаар хуудас/, 

 

Тендерийн үнийн санал “Ц” ХХК /1 дүгээр хх-ийн 149-152 дугаар хуудас/,

 

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын Эрүүл мэнд, Боловсрол, Соёлын хяналтын хэлтсийн Эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч Д.Оюунбилэгийн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 199-201 дүгээр хуудас/,

 

Өнчин эмийн жагсаалт /1 дүгээр хх-ийн 216-217 дугаар хуудас/,

 

“С” эмнэлгийн гэрчилгээ /1 дүгээр хх-ийн 219 дүгээр хуудас/,

 

“Ц” ХХК-ний “С” эмнэлэгт эм борлуулсан зарлагын баримт /1 дүгээр хх-ийн 222-223 дугаар хуудас/,

 

Хохирогч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 250, 3 дугаар хх-ийн 9, 18, 5 дугаар хх-ийн 69 дүгээр хуудас/,

 

Гэрч Ч.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 233 дугаар хуудас/,

 

Гэрч Л.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 236-237 дугаар хуудас/,

 

Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн албан бичиг /1 дүгээр хх-ийн 241 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5969 дугаартай дүгнэлт /2 дугаар хх-ийн 1 дүгээр хуудас/,

 

2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Б.Ууганбаярын үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хх-ийн 107-143 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Аы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 145 дугаар хуудас/,

 

            Гэрч М.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 148-149 дүгээр/,

 

Хохирогч Х.Дын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 17, 5 дугаар хх-ийн 68 дугаар хуудас/, 

 

Шүүгдэгч П.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 234-2358 2 дугаар хх-ийн 182-183, 5 дугаар хх-ийн 214 дүгээр хуудас/,

 

            Гэрч Х.Бн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 10 дугаар хуудас/,

 

            Гэрч Ц.Мйн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

Гэрч Д.Он мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 181 дүгээр хуудас/,

 

Иргэний хариуцагч Т.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 217-219 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №6 дугаартай шинжээчийн дүгнэлт /5 дугаар хх-ийн 73-78 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн №470 дугаартай шинжээчийн дүгнэлт /3 дугаар хх-ийн 195-198 дугаар хуудас/,

 

С нүдний эмнэлэг Х.Дын өвчний түүх /5 дугаар хх-ийн 83-99 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №58 дугаартай шинжээчийн дүгнэлт /5 дугаар хх-ийн 105-108 дугаар хуудас/,

 

“Ц” ХХК хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /5 дугаар хх-ийн 118 дугаар хуудас/,

 

“Ц” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм /5 дугаар хх-ийн 119-127 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Н мөрдөн шалгах ажиллагаанд  мэдүүлсэн мэдүүлэг /6 дугаар хх-ийн 3 дугаар хуудас/,

 

Шинжээч Б.Ан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /6 дугаар хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

 

Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №02/009 дугаартай дүгнэлт /6 дугаар хх-ийн 148-149 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн №191 дугаартай шинжээчийн дүгнэлт /6 дугаар хх-ийн 150-156 дугаар хуудас/,

 

“Ц” ХХК-аас 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 0 нүдний эмнэлэгт авастин 3.450.000 төгрөгийн зарлагын баримт, мөнгө тушаасан баримт /1-р хх-ийн 71 дүгээр хуудас/,

 

“Ц” ХХК-аас 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр С нүдний эмнэлэгт авастин 1.150.000 төгрөгийн зарлагын баримт, мөнгө тушаасан баримт /1-р хх-ийн 220-222 дугаар хуудас/,

 

Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвөөс “2017.01.24-ний өдөр 3.064.000 төгрөг, 2017.01.11-ний өдөр 1.047.000 төгрөгөөр тариа авсан...” гэх баримт /6-р хх-ийн 4-9 дүгээр хуудас/,

 

Тендерийн үнийн санал “Ц” ХХК 98.236.000 төгрөг гэсэн баримт /1-р хх-ийн 149-152 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч П.Аийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хх-ийн 100 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дугаар хх-ийн 95 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /2 дугаар хх-ийн 96 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /2 дугаар хх-ийн 99 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар хийсэн дүгнэлт:

 

Шүүгдэгч П.А нь Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй “Ц” ХХК-ийн гүйцэтгэх захирал Монгол Улсын өнчин эмийн бүртгэлд бүртгэгдсэн 8 ширхэг Авастин (Bevacizumab) тариа буюу эмийг Эрүүл мэнд хөгжлийн төв, Эрүүл мэндийн яамны зохих зөвшөөрөлгүйгээр гадаад /Энэтхэг/ улсаас худалдан авч гар тээшиндээ хадгалж, улмаар 2017 оны 01, 4 дүгээр саруудад “Буянт-Ухаа” боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэн хууль бусаар импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг явуулсан,

 

Шүүгдэгч П.А нь эм ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй “Ц” ХХК-ийн төлөөлөх эрхийг хэрэгжүүлэн ажиллахдаа Монгол Улсын өнчин эмийн бүртгэлд бүртгэгдсэн Авастин (Bevacizumab) тариа буюу эмийг худалдах, түгээх үйл ажиллагааг Эрүүл мэнд хөгжлийн төв, Эрүүл мэндийн яамны зохих зөвшөөрөлгүйгээр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эм ханган нийлүүлэх байгууллагын байрандаа хадгалж улмаар хуулийн этгээдийн нэрийн өмнөөс 2017 оны 1 дүгээр сарын 11, 24-ны өдрүүдэд “Э”-д 4 ширхэг, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “0” эмнэлэгт 3 ширхэг, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр “С” эмнэлэгт 1 ширхгийг тус тус худалдсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын газрын Эм био бэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч Ш.Энхтуяагийн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл,

 

 Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 06/3421 дугаартай “Лавлагаа мэдээлэл ирүүлэх тухай” албан бичигт “....Шалгалтаар “Ц” ХХК эм импортлох зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын эмийн бүртгэлээс зөрүүтэй буюу бүртгэгдээгүй Becacizumab /avastin/ тариаг импортлон эмнэлгүүдэд худалдаалсан байна..” гэсэн баримт,

 

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын эрүүл мэнд, Боловсрол, Соёлын хяналтын хэлтсийн Эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч Д.Оюунбилэгийн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл,

 

Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл,

 

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын Эрүүл мэнд, Боловсрол, Соёлын хяналтын хэлтсийн Эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч Д.Оюунбилэгийн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл,

 

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №1090 дугаартай албан бичигт “...Монгол Улсын эмийн бүртгэлд Авастин 100мг/4мл №1, 400мг/16мл №1 тун бүхий барилгын уусмал эмийг Моносфарм трейд ХХК-аас 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр бүртгүүлсэн болно...” гэсэн баримт,  

 

Монгол Улсын Эрүүл мэндийн яамны 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 7/4192 дугаартай албан бичигт “...Bevacizumab /Авастин/ 100мг/4мл эм нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй тул уг эмийн талаарх лавлагаа мэдээллийг өгөх боломжгүй байна...” гэсэн баримт,

 

 Эрүүл мэнд, спортын сайдын Өнчин эмийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай тушаал,

 

“Ц” ХХК-ний “С”, “Эх хүүхдийн эрүүл мэндийн төв”, “0” зэрэг эмнэлэгт эм /авастин тариа/ борлуулсан талаарх баримтууд,

 

Гэрч Ч.Огийн “...”Ц” ХХК нь эм эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй. Гэхдээ Монгол улсад эм импортлохдоо дээрх зөвшөөрлөөс гадна эм оруулж ирэх бүртээ Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс импортын зөвшөөрөл авах ёстой байдаг. Гэтэл “Ц” ХХК нь уг зөвшөөрлийг авалгүйгээр Авастин тариаг оруулж ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Л.Агийн “...“Ц” ХХК нь эм импортлох үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрлөөс гадна Эрүүл мэндийн яамнаас эм импортлох зөвшөөрлийг авч байж уг эм тариануудыг оруулж ирэх ёстой байсан. Гэтэл уг зөвшөөрлийг авалгүйгээр авалгүйгээр Монгол Улсад оруулж ирсэн болох нь тогтоогдсон...Монгол улсад ховор тохиолддог өвчтөнд зайлшгүй шаардлагатай Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг холбогдох байгууллагаас зөвшөөрөл авч оруулж ирж болдог эмийн жагсаалтыг өнчин эм гэж ойлгож болно. Уг жагсаалтад орсон эмийг мөн Монгол улсад импортлох тохиолдол бүрт холбогдох байгууллагаас зөвшөөрөл авах ёстой байдаг...” гэсэн мэдүүлэг,

 

            Гэрч М.Эийн “...Манай байгууллагын хувьд энэ Өнчин эмийн жагсаалтад орсон нэг удаагийн эмийг МУ-ын хилээр импортлох, экспортлох хүсэлтийг 2003 оноос хойш хүлээн авч шийдвэрлэж байгаа, 2005 оноос эхлэн хүсэлтийг цахимаар авч эхэлсэн. “Ц” ХХК-ийн хувьд Өнчин эмийн жагсаалтад орсон нэг удаагийн эмийг МУ-ын хилээр импортлох, экспортлох хүсэлтийг 2003 оноос одоог хүртэлх хугацаанд манай байгууллагад гаргаагүй, огт лиценз буюу тусгай зөвшөөрөл авч байгаагүй юм байна...” гэсэн мэдүүлэг,

 

            Гэрч Х.Бын “...манай “Э” эмнэлэг жил бүр эм худалдан авах талаар тендер зарлаж нүдний эм гэсэн багцад Ц шалгарсан... 2017 онд 5 ширхгийг худалдаж авч байсан...Алтангэрэл гэх хүнтэй гэрээ байгуулаагүй, Ц ХХК тай гэрээ байгуулсан...” гэсэн мэдүүлэг,

 

            Гэрч Ц.Мийн “...манай эмнэлэг “Э” байгаа юм. Би Ц ХХК-аас Авастин тариа авсан талаар тодорхой сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан нэг тариаг Цаас худалдаж авсан. Харин хэн хэдэн төгрөгөөр худалдан авсан талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг,  

 

Гэрч Д.Оийн “...С ХХК нүдний эмнэлэг Ц ХХК-ий эм ханган нийлүүлэх байгууллагаас худалдан авч эмчилгээнд хэрэглэсэн Н155В09 серийн дугаар бүхий BEVACIZUMAD /AVASTIN/ 4ml эмтэй ижил цувралын дугаартай анхдагч болон хоёрдогч савлагаа задраагүй 1 ширхэг эм 0 нүдний эмнэлэгт хадгалагдаж байсныг 2017 оны 10 сарын 17-ны өдөр хураан авч Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын харьяа ХАБҮЛЛ-н эмийн хяналтын лабораторид шинжилгээнд хамруулахаар 2-8 С бүхий зориулалтын боксонд хийж тус эмнэлгийн лабораторийн эрхлэгч Ганчимэгт хүлээлгэн өгсөн. Шинжилгээний хариу нь 14 хоногийн дараа гарсан бөгөөд Авастин тарилга нь бохирдолтой гарсан байсан....” гэсэн мэдүүлэг,

 

Иргэний хариуцагч Т.Агийн “...“...Тухайн үед “Ц” ХХК гэдэг эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх төвөөс гэрээний дагуу нийлүүлсэн эм, эмнэлгийн хэрэгслийг хүлээн аваад үйлчлүүлэгч нартаа зохих журмын дагуу тусламж үйлчилгээг хийсэн. Тухайн үед эмнэлгийн зүгээс 4 үйлчлүүлэгчид тарилга тарьсны дараа нүдний хөндийн идээт үрэвсэл үүссэн....” гэсэн мэдүүлэг,

 

“Ц” ХХК хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа,

“Ц” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм,

 

“Ц” ХХК-ний ХХ-15/23/0210 дугаартай Эм эмнэлгийн хэрэгсэл импортлох ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ,

 

“Ц” ХХК-аас 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 0 нүдний эмнэлэгт авастин 3.450.000 төгрөгийн зарлагын баримт, мөнгө тушаасан баримт,

 

“Ц” ХХК-аас 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр С нүдний эмнэлэгт авастин 1.150.000 төгрөгийн зарлагын баримт, мөнгө тушаасан баримт,

 

Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвөөс “2017.01.24-ний өдөр 3.064.000 төгрөг, 2017.01.11-ний өдөр 1.047.000 төгрөгөөр тариа авсан...” гэх баримт,

 

Тендерийн үнийн санал “Ц” ХХК 98.236.000 төгрөг гэсэн баримт,

 

Гэрч Г.Н “...Монгол Улсын эмийн бүртгэлд “Авастин” тариа нь хоёр тунгаар бүртгэлтэй байдаг. Энэ тариаг хэрэглэх заавар нь хорт хавдрын эмчилгээнд эмчийн заавраар хэрэглэх заалттай хорт хавдар дундаа умайн хүзүүний хавдар бөөрний хавдар, хөхний хавдар зэрэг өвчний үед эмчийн заалтаар эмчийн хяналтан дор хэрэглэгддэг. Уг тарианы тухайд үйлдвэрлэгчийн хэрэглэх заавар дээр нүдний эмчилгээнд хэрэглэх заалт байхгүй байдаг боловч практик дээр эмчийн заалтаар эмчийн хяналтан дор нүдний эмчилгээнд хэрэглэсэн тохиолдлууд гарсан...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч П.Аийн яллагдагчаар өгсөн “...тогтоол дээр уг Авастин эмийг тусгай зөвшөөрөлгүйгээр оруулж ирсэн гэж заасан байна, гэтэл уг тариа нь хүнд, хавдрын өвчинд хэрэглэдэг, цөөн тоогоор хэрэглэгддэг өндөр үнэтэй эм учраас МУ-ын Эрүүл мэндийн сайдын тушаалаар Өнчин эмийн жагсаалтад багтдаг юм. Энэ жагсаалтад нийт 15-16 нэр төрлийн эм тариа ордог юм. Уг жагсаалтад орсон эм тариаг тушаалд заахдаа Мэргэжлийн эм ханган нийлүүлэх байгууллага оруулж ирж, мэргэжлийн эмнэлгүүд хэрэглэнэ гэсэн заалт байдаг юм. Иймээс энэ нь Өнчин эмийн жагсаалтад орсон бүртгэлтэй бөгөөд манай эм ханган нийлүүлэх төв нь эм импортлох тусгай зөвшөөрөлтэй юм. Өнчин эмчийн жагсаалтад багтсан эмийг Монгол Улсын хилээр оруулж ирэхдээ Эрүүл мэндийн яаманд мэдэгдэж, зөвшөөрөл авах ёстой байдаг бөгөөд миний хувьд энэхүү Авастин тариаг оруулж ирэхдээ Эрүүл мэндийн яаманд мэдэгдэж, зөвшөөрөл аваагүй юм. Энэ нь миний буруу юм. Иймээс би тус гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна., би гэм буруугаа ойлгож, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, үүнийг минь харгалзан үзээд хөнгөн шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна. Тус Авастин тариаг оруулж ирэхдээ Эрүүл мэндийн яаманд мэдэгдэх гэтэл цаад гадаадын компанитай байгуулсан худалдах-худалдан авах гэрээгээ авчирч өг, энэхүү гэрээг үндэслэн зөвшөөрөл олгоно гэдэг юм. Харин цаад гадаадын компани болохоор цөөн тоогоор авсан тохиолдолд гэрээ байгуулахгүй, харин 50.000 ам.доллароос дээш үнэтэй эм, тариа худалдан авбал гэрээ байгуулна, учир нь манай гэрээ бас аюулгүй байдлын нууцлалаа хамгаалах хэрэгтэй гэсэн шаардлага тавиад гэрээ хийгээгүй юм. Иймээс би зөвшөөрөл авах боломжгүй байсан гэхдээ би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Харин компанийн нэрийн өмнөөс энэ тариаг борлуулсаныг хүлээн зөвгөөрөхгүй...” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл шүүгдэгч П.А нь 2017 оны 1, 4 дүгээр саруудад Эрүүл мэнд хөгжлийн төв, Эрүүл мэндийн яамны зохих зөвшөөрөл авалгүйгээр Монгол Улсын өнчин эмийн бүртгэлд бүртгэгдсэн Авастин (Bevacizumab) тариа буюу эмийг 8 ширхгийг гадаад улсаас худалдан авч Монгол улсад оруулан ирж, улмаар 2017 оны 1 дүгээр сараас 2017 оны 10 дугаар сарын хооронд “Ц” ХХК-ийн нэрийн өмнөөс “Э”, “0”, “С” эмнэлгүүдэд худалдан борлуулсан үйл баримт тогтоогджээ.  

 

Шүүгдэгч П.А нь “Ц” ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд төлөөлөх эрхтэй байх ба тухайн компани нь эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, нэр бүхий эмнэлгүүдэд эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлдэг байна.

 

Монгол Улсын Эрүүл мэнд, Спортын сайдын 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 271 дугаар тушаалаар Авастин (Bevacizumab) тариа буюу эмийг өнчин эмийн жагсаалтанд хамааруулсан.

 

Эм, эмнэлгийн хэрэгслийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хүний эм, эмнэлгийн хэрэгсэл болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, тэдгээрийн угтвар бодис, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрлийг эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгоно” гэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д “Эм хангамжийн байгууллагын үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно” гэж, мөн хууль, зүйлийн 11.1.1-д “энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөлгүйгээр эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах” тухай заажээ.

 

Үүнээс үзэхэд “Ц” ХХК нь эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэдий ч тухайн Авастин (Bevacizumab) тариаг оруулж ирэхдээ тусгай зөвшөөрөл аваагүй нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.

 

Түүнчлэн шүүгдэгч П.А Авастин (Bevacizumab) тариаг эмнэлгүүдэд худалдаж, түгээхдээ “Ц” ХХК-ийг төлөөлж, нөгөөтэйгөөр эмнэлгүүд тухайн үйл ажиллагааг явуулах эрх бүхий эм хангамжийн байгууллагаас худалдан авч байгаа нөхцөлийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.        

 

Нөгөөтэйгөөр “С” эмнэлгийн мэргэжилтэн Эрүүл мэндийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3-д “үйл ажиллагаандаа чанарын стандартын шаардлагыг хангах” гэж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-д “үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах” гэсэн хуульд заасан үүргээ зөрчиж эм хангамжийн байгууллагаас эм, тариа хүлээн авахдаа зохих стандартаа хангаж ажиллаагүй байна.

 

Тодруулбал Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 47 дугаар тогтоолоор батлагдан 2015 оны 6 дугаар сараас хэрэгжиж буй Эм, эмнэлгийн хэрэгслийн хадгалалт, түгээлтэд тавих ерөнхий шаардлагын 14 дэх хэсгийн 14.3-д “Эм эмнэлгийн хэрэгслийг хүлээн авагч нь бүтээгдэхүүнийг баримтжуулан хүлээн авна. Баримтжуулалтанд доорх мэдээллийг заавал багтаана

-хүлээн авагчийн огноо, - Бүтээгдэхүүний нэр, -тоо хэмжээ, -Нийлүүлэгчийн нэр хаяг” гэж, 14.4-д “Баримтжуулалт хийх заавар, баримт, маягтын загвар болон түүнийг ашиглах зааврыг холбогдох хүмүүст мэдээлнэ” гэж, 14.6-д “Баримтыг бүрэн хөтөлсөн, эрх бүхий ажилтан хүлээн зөвшөөрсөн байна” гэж, 14.10-д “Бүтээгдэхүүнийг зохих журмын дагуу хадгалсан эсэх, анхаарах зүйл байгаа эсэх, шалгасан огноо зэрэгт цаасан болон цахим бүртгэлийг тогтмол хөтөлнө” гэх зэрэг эмнэлгийн байгууллага эм, эмнэлгийн хэрэгслийг хүлээн авахдаа баримтлах стандартыг хангаж ажиллаагүй байна.

 

2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр “С” эмнэлгийн эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн байдалд шинжилгээ хийхэд “...тус эмнэлгийн мэс заслын хэсгийн орчны эд зүйлс, тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт заавар журмын дагуу хийгдээгүй, халдвар эсэргүүцэх арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй байгаа нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар гарах нөхцөлийг бүрдүүлж байна...” гэж, Эмийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний №2017-1732 дүнгээр “...HO155B06 цувралын дугаартай Bevacizumab Injection Avastin 100 mg/4ml тарилгын эм нь химийн шинжилгээгээр Аром гидрокарбон бүлгийн таних урвал өгч, бактериологийн шинжилгээгээр Micrococcus luteus илэрсэн...” гэж  дүгнэжээ.

 

Мөн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн №191 дугаар Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэд “...Дүгнэлт: 3.Авастин тариаг нүдний шилэнцрийн хөндийд тодорхой заалтаар хийж болдог. 4. Н.Б, Х.Д нар нь Авастин тариа тарьсаны улмаас нүдний шилэнцрийн хөндийг хамарсан идээт үрэвслийн хүндрэл, нүдний хараагүйдэл бүхий гэмтэл учирсан байна...” гэж дүгнэснээс гадна Авастин (Bevacizumab) тарилгын уусмал, эмийн зааварт “Авастин нүдний шилэнцрийн дотор тарих хэрэглээнд зориулагдаагүй болно...нүдний эмгэг /зориулалтын бус шилэнцэр доторх хэрэглэснээс үүссэн/ халдварт эндофтальмит /давтамж тодорхойгүй, зарим тохиолдолд байнгын хараа алдагдалд хүргэж болох бөгөөд менингоэнцефалит үүссэн нүдний гадуурх халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн/...хэрэглэхийн өмнө ариун орчинд хэрэглэх хэрэгтэй, Микробиологийн зүгээс авч үзвэл бүтээгдэхүүнийг шууд хэрэглэх шаардлагатай бөгөөд хэрэв шууд хэрэглэх боломжгүй тохиолдолд ариун орчинд хяналттайгаар уусмалыг аваагүй бол -2-8С температурт 24 цагаас илүү хугацаанд хадгалах боломжгүй... ” гэжээ.

 

Дээрхээс үзэхэд “С” эмнэлгийн зүгээс “Ц” ХХК-иас Авастин (Bevacizumab) тариаг худалдан авахад баримтлах стандартаа баримтлаагүй, хэрхэн тариаг хүлээж авсан нь тодорхойгүй, авсан тухайн тариагаа задалснаас хойш 24 цагийн хугацааг хэтрүүлж түүнээс дээш хугацаагаар хадгалж хийсэн, хадгалалт хамгаалалт стандартын шаардлагыг хангасан нь тодорхойгүйгээс гадна тухайн тариаг хийх мэс заслын өрөөний орчин бохирдолтой, хэрэглэсэн тариа нь чанарын шаардлага хангаагүй, үйлчлүүлэгч нартаа тухайн эм, тарианы фармалогийн үйлчилгээ, гаж урвал, үүсэх эрсдэлийг танилцуулаагүй, эмчилгээ үйлчилгээг шаардлагын түвшинд зохих ёсоор үзүүлсэн байдал нь тодорхойгүй гэх зэрэг олон зөрчлийг гаргасны улмаас иргэн Х.Д, Н.Б нарын биед гэмтэл учруулж, хохирол учруулсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн.

 

Ийнхүү “С” эмнэлгийн зүгээс Х.Д, Н.Б нарт эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхдээ хууль, журамд заасны дагуу зохих ёсоор үзүүлсэн эсэх  үйлдэлд эрүүгийн эсвэл зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг бүрэн тогтоосны үндсэн дээр Х.Д, Н.Б нарт учирсан хохирлыг шийдвэрлүүлэх нь зүйтэй болохыг тэмдэглэв.

 

Тиймээс хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч П.Аийн “С” эмнэлэгт худалдсан Авастин (Bevacizumab) тарианы чанар байдал хаана алдагдсан нь тодорхойгүй, эмнэлгээс хуульд заасан үндэслэл, журам, стандартаа хангаагүй байхад шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас Х.Д, Н.Б нарт хохирол, хор уршиг үүссэн гэж үзэх үндэслэлгүй болно.   

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 

“Хууль бусаар эм, биобэлдмэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх” гэж эм, эмийн түүхий эд, биобэлдмэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан байхыг ойлгох ба “энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн” гэдэгт хуулийн этгээдийн нэрийн хувиар, бусадтай харилцахдаа хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулахыг хэлнэ.

 

“Эм” гэж хүний болон мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмчлэх, анагаах, дархлаажуулах зориулалттай, үйлчлэл нь эм судлал, эмнэлзүйн сорилт туршилтаар нотлогдсон, нийлэг буюу амьтан, ургамал, эрдсийн гаралтай бодисыг тодорхой хэлбэрт оруулсан, зохих тун, хэмжээгээр хэрэглэх бэлдмэлийг ойлгоно.

 

“Зохих зөвшөөрөлгүй явуулсан” гэж Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан журмаар тусгай зөвшөөрөл авалгүйгээр дээрх үйл ажиллагааг эрхэлсэн байхыг ойлгодог байна.

 

Шүүгдэгчийн үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж, тэрээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзнэ.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Тугтан овогт Пэлжидийн Алтангэрэлийг эмийг импортлох, худалдаалах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Мөн эмийг импортлох, худалдаалах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэргийг “Ц” ХХК-ийн буюу хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас“...шүүгдэгч П.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн шүүгдэгч “Ц” ХХК-ийн нэрийн өмнөөс үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож өгнө үү...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэрэнхандаас “...Хэрэгт авагдсан баримтуудаар “Ц” ХХК энэ гэмт хэргийн субъект болох нь тогтоогдохгүй тул яллагдагчаар татсан нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон “Ц” ХХК-нд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. Шүүгдэгч П.Аийн гэм буруу хохирол хоёрын шууд шалтгаант холбоо байхгүй гэж үзэж байна...” гэж,  бусад өмгөөлөгч нараас гэм буруутай эсэх талаар улсын яллагчаас гаргасан саналтай адил байр суурьтай талаар тус тус гаргажээ.

 

Хэрэгт авагдсан “Ц” ХХК нь эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба гэрч Х.Балданжавын “...2017 онд 5 ширхгийг худалдаж авч байсан...Алтангэрэл гэх хүнтэй гэрээ байгуулаагүй, Ц ХХК тай гэрээ байгуулсан...”, иргэний хариуцагч Т.Агийн “...“...Тухайн үед “Ц” ХХК гэдэг эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх төвөөс гэрээний дагуу нийлүүлсэн эм, эмнэлгийн хэрэгслийг хүлээн аваад үйлчлүүлэгч нартаа зохих журмын дагуу тусламж үйлчилгээг хийсэн....”, гэрч Ц.Мөнхзаяагийн “...нэг тариаг Цаас худалдаж авсан...” гэсэн мэдүүлгүүд, бусад баримтуудаас үзэхэд шүүгдэгч П.Аээс “Э”, “0”, “С” эмнэлгүүд Авастин (Bevacizumab) тариаг худалдан авахдаа түүнийг хувь хүнийх нь талаас биш, хууль ёсны, эрх бүхий хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй субъект гэж үзэж худалдаа хийсэн үйлдэл нь тухайн хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулсан гэж  дүгнэх үндэслэлтэй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн аваагүй болохыг дурдлаа.        

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн хохирогч Х.Доос “...иргэний хариуцагч болон шүүгдэгч хоёроос 15 сая төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна...” гэж, хохирогч Н.Бэс “...Баруун нүдэндээ хийлгэж байсан эм, тарианы мөнгө 1.119.400 төгрөг, бензиний мөнгө 697.490 төгрөг, сэтгэл санааны хохирол 15.000.000 төгрөг нийт 16.713.890 төгрөг болон цаашид гарах зардлаа шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас нэхэмжилж байна...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн

 

Прокуророос тус хэргийн улмаас иргэн Х.Д, Н.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж дүгнэж хохирогчоор тогтоож, шүүгдэгчээс тэдгээрээс гарсан сэтгэл санааны хохирлоос бусад гэм хорын хохирлыг төлүүлэхээр дүгнэлт санал, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний хариуцагч болон түүний өмгөөлөгч нараас “...хохирлыг шүүгдэгчээс гаргуулах, тодорхой хэсгийг гаргуулах ...” талаар саналаа тус тус илэрхийлжээ.

 

“С” эмнэлгийн зүгээс Х.Д, Н.Б нарт эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд хууль, журмыг чанд баримталж үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй талаар Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-д тодорхой тусгасан ба хэрэв тус үүргээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд тэдгээрт учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Шүүгдэгч П.Аийн гэмт үйлдлийн хүрээ хязгаар “С” эмнэлэгт тус тариаг худалдсанаар гэмт үйлдэл нь төгссөн байх ба тухайн худалдсан тариа нь чанарын шаардлага хангаагүй байдал алдагдсан эсэх, хэдийд алдагдсан гэх зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхэд оролцоогүй, оролцох боломжгүй тул түүний гэмт үйлдлийн улмаас Х.Д, Н.Б нарт хохирол, хор уршиг учирсан нөхцөл байдал үгүйсгэгдсэн байна.

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Шүүгдэгч П.Аийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу хохирол учирсан байхыг шаардахгүй, тухайн тариаг импортолсон, худалдсан, түгээснээр төгссөнд тооцогддог ба харин хор уршиг учирсан тохиолдолд шүүгдэгчийн үйлдэлтэй хоорондоо шалтгаант холбоо байж тухайн нөхцөл байдал нь нотлогдсон байхыг шаарддаг.

 

Өөрөөр хэлбэл П.Аийн гэмт үйлдэл, гэмт үйлдлийн улмаас үүссэн хор уршиг хоорондоо шалтгаант холбоо тогтоогдоогүй тул түүнээс хохирол, төлбөр гаргуулах үндэслэлгүй байна. 

 

Харин шүүх Х.Д, Н.Б нараас гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, “С” эмнэлгээс учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй болохыг тэмдэглэв.   

    

Иймд шүүгдэгчийг гэм буруутайд тооцогдсон гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “....шүүгдэгч П.Ад 20.14 дүгээр сарын 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, хуулийн этгээдийн нэрийн өмнөөс буюу “Ц” ХХК-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4-т зааснаар хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч П.Аийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 8.711.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох санал гаргаж байна..” гэж, шүүгдэгч П.Аийн өмгөөлөгч Д.Цэрэнхандаас “...П.Аийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байна. Иймд П.Аийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү. “Ц” ХХК үйл ажиллагаа явуулахгүй байгаа учраас хуулийн этгээдийн тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасахад татгалзах зүйлгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан торгуулийн ялын доод хэмжээ болох 20000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал тус тус гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар ...эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно...” гэж заасан.

 

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Энэ хуулийн үйлчлэлд дараах хүн, хуулийн этгээд хамаарна” гэж, мөн хууль зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж тус тус зохицуулсан.

 

Шүүх шүүгдэгч П.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр  зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон ба тухайн гэмт хэрэг 2017 оны 4 дүгээр сард үйлдэгдсэн байх тул 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч, нөхцөл журмыг хангасан гэж үзлээ.

 

Шүүгдэгч П.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс гадна бусдад төлөх төлбөргүй байх тул 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч “Ц” ХХК-г гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүх эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч /хуулийн этгээд/-д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор хуулийн этгээдийг тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж /эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх үйл ажиллагаа/, 23000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 23.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх “Ц” ХХК-ийн хуулийн этгээдийн орлогын эх үүсвэрийг харгалзан оногдуулсан торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн 9.6 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...хуулийн этгээдийн ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулна” гэж, мөн хууль зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого...ойлгоно” гэж заасан.

 

Шүүгдэгч П.А нь гэмт хэрэг үйлдэж 8.711.000 төгрөгийн мөнгөн хөрөнгийн орлого олсон болох нь түүний мэдүүлэг, гэрч Х.Бын мэдүүлэг /3 дугаар хх-ийн 10 дугаар хуудас/, гэрч Ц.Мийн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 11 дүгээр хуудас/, иргэний хариуцагч Т.Агийн мэдүүлэг /3-р хх-ийн 217-219/, холбогдох баримтуудаар /1-р хх-ийн 71, 220-222/ тогтоогдсон тул, түүнээс тухайн мөнгөн хөрөнгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хураагдсан Gatiquin 0,3% 5 мл 25 ширхэг, Brimodin 5 ml 4 ширхэг, Ketorocin 0.5 5 ml 16 ширхэг, Gatiquin-P 10 ml 2 ширхэг, Dorzox T 5 ml 7 ширхэг, Dorzox 2% 5 ml 4 ширхэг, Predmet 1% 10 ml 24 ширхэг, Tropicamide 1% 5 ширхэг, Toba DM 10 ml 3 ширхэг, Pilocarpine eye drops 2% 5 ml 1 ширхэг нийт 91 хайрцаг эм бүхий зүйлийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон шударга байх ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хууль, журмыг баримтлан ажиллах дадал дутмаг байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.10, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Аийг эмийг импортлох, худалдаалах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч А /“Ц” ХХК/-ийг эмийг импортлох, худалдаалах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

3. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар шүүгдэгч П.Аийг эмийг импортлох, худалдаалах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А /“Ц” ХХК/-г тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх буюу эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх үйл ажиллагааг явуулахыг хасаж, 23000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 23.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А /“Ц” ХХК/-нд оногдуулсан 23000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 23.000.000 төгрөгөөр торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Gatiquin 0,3% 5 мл 25 ширхэг, Brimodin 5 ml 4 ширхэг, Ketorocin 0.5 5 ml 16 ширхэг, Gatiquin-P 10 ml 2 ширхэг, Dorzox T 5 ml 7 ширхэг, Dorzox 2% 5 ml 4 ширхэг, Predmet 1% 10 ml 24 ширхэг, Tropicamide 1% 5 ширхэг, Toba DM 10 ml 3 ширхэг, Pilocarpine eye drops 2% 5 ml 1 ширхэг нийт 91 хайрцаг эм бүхий зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.6 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 8.711.000 төгрөгийг шүүгдэгч /“Ц” ХХК/-ийн хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Б, Х.Д нараас гэм хорын хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хариуцвал зохих этгээд /С эмнэлэг/-ээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “Ц” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч П.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

 

11. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц П.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

12. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

13. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ДУЛАМСҮРЭН