Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 448

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 01 өдөр                                   Дугаар 139/ШШ2019/00448                                                      Дундговь аймаг

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч Д  аймгийн Э  сумын 3-р баг, Тэнгэлэг гэх газар оршин суух, Дэ овогт Бийн Г  /РД:ЗП /-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 139/2019/00451/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж   нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:     Миний бие 1964 онд төрсөн, ... Би 8-р ангиа төгсөөд 1981 оы 6 сарын 16-нд илгээлтээр хөдөө гарч 1982 оны 6 сарын 07-ны өдрийг  хүртэл... 1985 оны 5 сарын 30-ны  өдөр цэргээс халагдаж ирээд 1994 оныг дуустал нэгдэлд мал малласан ... 1981 онд нээсэн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлснээс  шүүхээр  ажилласан жилээ  тогтоолгох шаардлагатай болсон.  Иймээс Б.Г намайг 1981 оны 6 сарын 16-ны өдрөөс 1982 оны 6 сарын 07-ны өдрийг  хүртэл 1986 оны 1 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Тэнгэлэг бригадад малчнаар  ажиллаж байсныг тогтоож өгнө  үү      гэжээ.

 

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Г нь ажиллаж байсан  байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг   гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Г нь 1981 оны 6 сарын 16-ны өдрөөс 1982 оны 6 сарын 07-ны өдрийг  хүртэл 1986 оны 1 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Тэнгэлэг бригадад малчнаар ажиллаж  байсан болох нь:

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн  2019 оны 9 сарын 30-ны  өдрийн 08/556 дугаартай “ Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэл,  Хөгжил  хувьцаат компани, Далайн хөгжил хоршоо”-ны   талаарх  тодорхойлолт /хх-ийн 5/

-Дундговь аймгийн Архивын тасгийн2019 оны 9 сарын 30-ны өдрийн 317 дугаартай “Б овогтой Гтой холбогдох баримт байхгүй”талаарх тодорхойлолт/хх-ийн 08/

-Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн даргын 1981 оны 6 сарын 16-ны өдрийн 36 дугаартай “Илгээлтийн эздийг ажилд хуваарилах тухай” тушаалын хуулбар /хх-ийн 09/

-Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын  Засаг даргын тамгын газрын даргын  2019 оны 9 сарын 28-ны өдрийн 27 дугаартай  “Б.Гын 1982, 1986, 1988, 1990, 1991  онуудын цалингийн тооцооны хүснэгтийг хуулбарлан хүргүүлсэн” тухай архивын лавлагаа /хх-ийн 10/

- Б.Гын 1982, 1986, 1988 оны 11 сар, 1990 он, 1991, 1992 онуудын цалингийн хүснэгтийн хуулбар /хх-ийн 11-17/

- Гэрч   И.Г-ын ” ... Б.Г нь 1981 онд илгээлтээр гарч Хөгжил нэгдлийн Тэнгэлэг бригадад мал маллаж байгаад цэргийн насанд хүрээд 1982 онд 3 жилийн цэргийн албанд явж ирснээсээ хойш Хөгжил нэгдэлд тасралтгүй малчинаар ажиллаж байсан.  ...Би  1978 онд 2002 он хүртэл Эрдэнэдалай сумын 10 жилийн сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байсан. Нэг нутаг усны миний шавь учраас нэгдэлд илгээлтээр гарч мал маллаж, одоо ч малчин байгаа гэдгийг нь   сайн мэднэ...”   гэх мэдүүлэг /хх-ийн 28 /

Гэрч Ц.Б “...  Б.Г нь 1981 онд илгээлтээр гарч Хөгжил нэгдлийн Тэнгэлэг бригадад мал маллаж байгаад цэргийн насанд хүрээд 1982 онд 3 жилийн цэргийн албанд явж ирснээсээ хойш Хөгжил нэгдэлд тасралтгүй малчинаар ажиллаж байсан.... Би 1978 оноос 2002 он хүртэл Эрдэнэдалай сумын 10 жилийн сургуульд математикийн  багшаар ажиллаж байсан.  Миний шавь  учраас нэгдэлд илгээлтээр гарч мал маллаж, одоо ч малчин байгаа гэдгийг нь   сайн мэднэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27/

Гэрч Б.Л-ийн “.... Б.Г нь  1981 онд илгээлтээр гарч Хөгжил нэгдлийн Тэнгэлэг бригадад мал маллаж байгаад цэргийн насанд хүрээд 1982 онд 3 жилийн цэргийн албанд явж ирснээсээ хойш Хөгжил нэгдэлд тасралтгүй малчинаар ажиллаж байсан. ...  Гынхтой манайх айл саахалт байсан учраас бага хүүхэд байхаас нь мэднэ. Зун хөдөө гэртээ очиход илгээлтээр гарч малчин, нэгдлийн мал маллаж байсан. Өөр ажил хийж байгаагүй, малчнаар тасралтгүй  ажиллаж байгаад хувьчлал тараасан. Энэ хугацаанд 1982 оноос 1985 онд цэргийн алба Өмнөговь аймагт хаасанаас өөр ажил хийгээгүй, малчин байсан...” гэх  мэдүүлэг /хх-ийн 30/ зэргээр шууд байдлаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д  заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дэ овогт Бийн Г /ЗП /-ыг  1981 оны 6 сарын 16-ны өдрөөс 1982 оны 6 сарын 07-ны өдрийг  хүртэл, 1986 оны 1 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчнаар  ажиллаж байсан болохыг  тус тус тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.Б