Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 522

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 11 дүгээр баг, Бүркит 2-4 байр 21 тоотод оршин суух, А-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймаг дахь Хилийн 00 дугаар анги /захирагч хурандаа Г/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А, хариуцагч Хилийн 00 дугаар ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус ангийн захирагчийн орлогч, сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгааны албаны дарга, хошууч Х, хариуцагчийн өмгөөлөгч Б, гэрч Б, гэрч Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Хилийн 00 дугаар ангийн захирагчийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн б/83 дугаартай “А-г ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгож, тус ангийн автотехникийн албаны гагнуурчин, жолоочоор эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэгч А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Хилийн цэргийн 0165 дугаар ангийн автотехникийн албанд энгийн гагнуурчин, жолоочоор 2016 оноос хойш ажиллаж байна. Ажиллах хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй, ажлаа идэвх санаачилгатай хийж сайн ажиллаж “Хилийн төлөө”, “Баян-өлгий аймгийн тэргүүний ажилтан” зэрэг тэмдгээр шагнагдаж, арьс элдэх машин зохион бүтээж хил хамгаалах байгууллага аймгийн удирдлагуудаар сайшаагдаж “Эх орны манаа” сонинд нийтлэгдэж байв. 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр намайг ангийн захирагчийн Б/83 тоот тушаалаар захиргааны санаачилгаар ажлаас халсан билээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.4, Хил хамгаалах байгууллагын “Хүний нөөцийн дүрмийн 3-р зүйлийн 3.10.3 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 2.3 дахь заалтыг үндэслэн төрийн албан хаагчийн ёс зүйг удаа дараа зөрчиж сахилгын ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр халсан болно. Миний бие тус байгууллагад ажиллах хугацаанд ёс зүйн зөрчил гаргасан шийтгүүлж байсан удаа байхгүй. Үүнийг авч байсан цалин, сарын дүн, Хил хамгаалах байгууллага болон аймгийн удирдлагаас авч байсан шагнал зэргээр нотлогдоно. Миний бие дэслэгч Б-тэй муудалцаж, зодолдож Б-гий шанаа шалбарч цус гарсан. Дараа нь би уучлалт гуйж хоорондоо эвлэрч хуулийн байгууллагад гомдол гаргаагүй билээ. Гэтэл ангийн удирдлагууд ёс зүйн хороо ангийн зөвлөлийг хуралдуулж хохирогч, гэрч байхгүй, албанд учирсан хохиролгүй байхад архи ууж, ажил таслаагүй байхад хууль шүүхийн нэрийн өмнөөс намайг гэм буруутайд тооцож ноцтой зөрчил хэмээн тодорхойлж ажлаас буруу халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хилийн цэргийн 00-р ангийн захирагчийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар журмын 6.10-д ажилтан, албан хаагчид хоорондоо дүрмийн бус харьцаж, эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан, төрийн болон байгууллагын өмч хөрөнгийг үрэгдүүлж шамшигдуулсан, өөрийн буруугаас өмчийн чанар байдлыг нь алдагдуулсан, хувийн зорилгоор ашигласан, хулгай хийсэн нь тогтоогдож шүүхээр шийтгэгдсэн бол ажлаас халах үндэслэл болно гэжээ. Иймд хуулийн заалтыг буруу хэрэглэж, буруу тайлбарлаж шүүхийн өмнөөс гэм буруутайд тооцож “ноцтой зөрчил” гэж тооцож ажлаас буруу халсан ангийн захирагчийн б/83 тоот тушаалыг хүчингүй болгож намайг Хилийн цэргийн ангийн 00-р ангийн автотехникийн албаны гагнуурчин, жолоочоор эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Хилийн 00 дугаар ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А-гий нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй үндэслэл нь:

1.А нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хилийн 0165 дугаар ангид галчийн албан тушаалд түр хугацаагаар орж 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн ангийн захирагчийн бүтэц орон тооны мн/02 дугаар нууц тушаалаар барилга, орон сууцны албаны гагнуурчин албан тушаалд,  ангийн захирагчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн бүтэц орон тооны мн/02 дугаар нууц тушаалаар автотехникийн албаны гагнуурчин, жолоочоор тус тус томилон ажилласан бөгөөд энэ хугацаанд тэрээр ангийн удирдах албан тушаалтнуудын өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлэхгүй, өгсөн үүрэг даалгаврыг эсэргүүцэн албан хаагч нартай маргалдан харьцааны зөрчил гарган ажилладаг байсан. Цэргийн байгууллагын ажилтан, албан хаагч, ахлах даргаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд биелүүлж, эргэж тухайн үүрэг даалгавар өгсөн албан тушаалтанд илтгэж байх дүрэм журамтай. Энэ журам бол бусад энгийн аж ахуйн нэгж, албан байгууллагаас онцлогтой байдаг. Дээрх онцлогийнхоо хүрээнд үндсэн цалингийн 15 хувиар хилийн нэмэгдэл авдаг. /А-г, анх ажилд авсан тухай хилийн 0165 дугаар ангийн захирагчийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн б/129 хөдөлмөрийн гэрээг хавсаргав.

2.А-гийн Хилийн 00 дугаар ангид ажилласан 2 жил 4 сарын хугацаанд түүний дээрх дутагдал, доголдлыг засаж, арилгах талаар удирдлагын зүгээс өөрт нь ганцаарчлан амаар олон удаа анхааруулан зөвлөж байсан боловч тэрээр дээр дурдсан дутагдлыг арилгах талаар анхаарч ажиллаагүй бөгөөд ажилтан, албан хаагчийн дагаж мөрдөх ёс зүйг чанд сахиж ажиллахгүй, дээр дурдсан зөрчлөө дахин давтан гаргасаар байсан тул түүнийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Хилийн 00 дугаар ангийн ёс зүйн салбар хорооны хурлаар авч хэлэлцээд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасны дагуу сануулах захиргааны шийтгэл оноосон юм.

3.А нь 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тус ангийн Автотехникийн албаны засварын инженер, тавиулангийн дарга, тухайн өдрийн ангийн жижүүр дэслэгч Б-гийн хууль ёсны тавьсан шаардлагыг эсэргүүцэж ангийн хашаан дотор ажлын цагаар хамт олны өмнө танхайран зодож, биед нь гэмтэл учруулан хөдөлмөрийн дотоод журмыг, Хөдөлмөрийн гэрээ, Монгол Улсын Засгийн газрын “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 2017 оны 01 дүгээр албан даалгавар, 258 дугаар тогтоол болон ёс зүйн дүрмийг ноцтой дахин давтан зөрчсөн тул Хилийн 0165 дугаар ангийн захирагчийн зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн хурлын шийдвэрийн дагуу А-г гагнуурчин, жолоочийн үүрэгт ажлаас нь халсан болно. Бидний энэ шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Миний бие ажлаас халсан тушаалыг яагаад зөвшөөрөхгүй байгаа вэ гэвэл би буруутай зүйл хийсэн маань үнэн. Гэхдээ надад сахилгын шийтгэл оногдуулахдаа тухайн хүлээлгэсэн сахилгын шийтгэл нь хүндэдсэн гэж үзэж байна. Сахилгын шийтгэл шат дараалсан байх ёстой. Гаргасан зөрчилтэй нь холбогдуулж заавал шат дараалсан арга хэмжээ авах шаардлага байхгүй. Ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах тохиолдол байдаг юм байна. Гэхдээ ямар тохиолдолд гэхээр шүүхээс ял шийтгэгдсэн тохиолдолд ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах ёстой юм байна. Надад 3 сарын хугацаагаар 20 хувь цалин хасах сахилгын шийтгэл хүлээлгэсэн бол тохиромжтой байх байсан. Гэтэл намайг шууд ажлаас халсан. Би хүүхдийн тэтгэлэг төлдөг, цалингийн зээлтэй, байгууллагад учруулсан хохирол байхгүй гэдгийг дарга нарт хэлж уучлалт гуйсан, нэг удаа боломж олгож ажилд үлдээхийг хүссэн боловч ажлаас халчихсан. Гэхдээ энэ сахилгын шийтгэл надад хүндэдсэн гэж үзэж байна. Би буруу зүйл хийсэн үү гэвэл хийсэн, сахилгын шийтгэл хүлээх ёстой байсан уу гэвэл хүлээх ёстой байсан. Иймд намайг ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Хилийн 00 дугаар ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллага бусад төрийн байгууллагуудаас онцлог байгууллага, цэргийн байгууллага. Үүгээрээ манай үйлчилгээний албан хаагчид хилийн нэмэгдэл гээд 15 хувийн нэмэгдэл авдаг. Удирдлагаас өгсөн аливаа тушаал, даалгаврыг биелүүлэх үүрэгтэй, биелүүлэхгүй бол гарах үр дагавар нь хилийн халдашгүй дархан байдалтай холбоотой байдаг. Бид бүгд Засгийн газрын сахилга хариуцлагыг сайжруулах тухай 258 дугаар тогтоол, 01 дугаартай албан даалгавар гарсныг мэдэж байгаа. Энэ нь юутай холбоотой вэ гэвэл төрийн албан хаагч нар ажлын байранд архидан согтуурч сахилгын зөрчил гаргаж байна, хоорондоо зодолдож амь насаа алдаж байна гээд Хил хамгаалах Ерөнхий газраас удаа дараа үүрэг чиглэл ирсэн.  Үүнийг үндэслэн Хил хамгаалах Ерөнхий газрын даргын ёс зүйн хэм хэмжээ гарсан. Үүнд ажилласан жил, туршлагыг харгалзахгүйгээр аливаа хэлбэрийн зөрчил гаргасан бол ажлаас халж болно гэж заасан. Энэ нь Засгийн газрын тогтоол, захирамжийг үндэслэж гарсан. Аливаа ажлын байранд зодолдоод, нэг нэгнийгээ гэмтээгээд, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй бол дараа дараагийн албан хаагчид ийм байдал гаргаж болох юм байна гэх сөрөг үр дагавар гарч байгаа. А-ийг хувьд нэг жилийн өмнө бас хүнсний нярав Ариунаатай хэрэлдээд араас нь ална тална гээд хөөсөн асуудал гаргасан байсан. Тэгээд Зөвлөлийн хурлаар авч хэлэлцээд захирагч албан ёсоор тушаал шийдвэр гаргахгүйгээр хурлын тэмдэглэлийг үндэслээд өөрт нь сануул гэдэг байдлаар  арга хэмжээ авагдаж байсан. Тэрний дараа ангийн захирагч түүнийг ажлаа сайн хийж байсан, алдаагаа ухамсарлаж байна гэдэг үүднээс урамшуулж шагнаж байсан. Манай байгууллага ажилчдаас ёс зүйн зөрчил гаргахгүй гэх талаар сар болгон баталгаа авдаг. А өөрөө ёс зүйн зөрчил, харьцааны зөрчил гаргахгүй гээд гарын үсэг зурж баталгаа өгч байсан. Мөн өөрөө харьцааны зөрчил гаргасан маань үнэн гэсэн тодорхойлолт өгч байсан. Тухайн үед өөрсдөд нь анхааруулж хэлээд хүний амьдрал юм даа гээд шүүх цагдаагаар яваагүй. Манай байгууллага дотооддоо албаны шалгалт хийдэг Дотоод хяналтын албатай. Аливаа аваар ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор дотоод хяналт шалгалт хийдэг. Албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөнөөр бусад хүмүүс болон ангид гарах үр  дагавар  нь маш хэцүү. Тухайн үед эдгээр хүмүүс ажлын байранд зодолдоод  хэн нэг нь гэмтээд, амь насаа алдсан бол ямар байх байсан бэ гэдгийг бодох хэрэгтэй. Дээрээс нь бид нар бүгд байлдааны зэвсэг эзэмшдэг. Хэрвээ тухайн үед асуудал даамжирсан бол ноцтой үр дагаварт хүрэх байсан. Хөдөлмөрийн тухай хуульд сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан бол ажлаас чөлөөлнө гэж заасан. Хөдөлмөрийн гэрээнд сахилгын ноцтой зөрчил гэдэгт харьцааны зөрчил гаргасан, хүнтэй зодолдсон бол ноцтой зөрчилд тооцно гэж заасан. А ангийн захирагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээнд ийм ийм зөрчлийг сахилгын ноцтой зөрчилд тооцно гэж заасныг хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Энэ үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэгч А гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч А анх Хилийн 00 дугаар ангийн захирагчийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн б/129 дугаар “Түр ажилд томилох тухай” тушаалаар  тус ангийн барилга орон сууцны албаны галчийн албан тушаалд түр томилогдсоноос хойших хугацаанд идэвхсанаачилгатай хийж сайн ажиллаж 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Хилийн төлөө”, мөн2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр “Баян-Өлгий аймгийн тэргүүний ажилтан” тэмдгээр тус тус  шагнагдаж, арьс элдэх машин зохион бүтээж энэ талаар “Эх орны манаа” сонинд нийтлэгдэж байсан байна.

Улмаар 2019 оны 01 дүгээр  сарын 11-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээг” нэг талаас Хилийн 0165 дугаар ангийн төлөөлж, захиргаа, хүний нөөцийн тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч ахлах, ахлах дэслэгч Э нөгөө талаас А нар байгуулсныг  Хилийн 00 дугаар ангийн захирагч хурандаа Г баталсан байна.  байна. Энэхүү хөдөлмөрийн гэрээний 1.1-д эрхлэх ажил албан тушаал гэдэгт гагнуурчин; 1.5-д сарын үндсэн хөлсний хэмжээ гэдэгт сарын үндсэн хөлсний хэмжээ -ТҮ-2-1-/419382 төгрөг/; 1.6-д...нэмэгдэл хөлсний хэмжээ гэдэгт хилийн нэмэгдэл 15%; 1.9-д хөдөлмөрийн гэрээний хугацаа 2019.01.11-2019.12.31 өдөр хүртэл гэж хоёр тал харилцан тохиролцсон байна.

Ийнхүү хөдөлмөрийн гэрээгээр нэхэмжлэгчийн эрхлэх албан тушаалд гагнуурчин гэж заасан боловч нэхэмжлэгч А шаардлагатай тохиолдолд машин жолоодож жолооч хийдэг байсан гэсэн ба энэ талаар талууд маргаагүй болно.

Хариуцагч Хилийн 0165 дугаар ангийн захирагчийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн б/83 дугаартай “А-г ажлаас халах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хил хамгаалах байгууллагын “Хүний нөөцийн дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.10.3 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 2.3 дахь заалт, ангийн захирагчийн зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд төрийн албан хаагчийн ёс зүйг удаа дараа зөрчиж, сахилгын ноцтой зөрчил гаргасан Автотехникийн албаны гагнуурчин, жолооч А-г 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаас халсан нь доорх байдлаар хууль зөрчөөгүй байна. Үүнд:

-Нэхэмжлэгч А, хариуцагч Хилийн 00 дугаар ангийн хооронд байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”[1]-ний 2.3-д ”сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах тохиолдол”-ыг нэрлэн заасан ба 2.3.2-д “Ангийн хөдөлмөрийн дотоод журмын 6.9-6.12 зүйлийг зөрсөн бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцална гэснийг талууд хүлээн зөвшөөрч тухайн үед Хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан байна.

“Ангийн Хөдөлмөрийн дотоод журам”-ын 6.10-д“ажилтан, албан хаагч хоорондоо дүрмийн бус харьцаж, эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан...бол ажлаас халах үндэслэл болно”[2]гэсэн байна.

Нэхэмжлэгч А нь 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөртус ангийн Автотехникийн албаны засварын инженер, тавиулангийн дарга, тухайн өдрийн ангийн жижүүр дэслэгч Б-гийн тавьсан хууль ёсны шаардлагыг (хөрөө рамыг холдуулах, гражын түлхүүрийг өгөх гэсэн) эсэргүүцэждэслэгч Б-г барьж аваад хоолойг боосон;

мөн энэ үед хажууд нь байсан ахлах дэслэгч Э, ахлах ахлагч Г нар иржсалгасны дараа дахин маргалдаан А нь уурлан гартаа барьж байсан цахилгаан хөрөөг Б руу шийдэх үед Б-гийн баруун шанаа тус газар онож хэсэг газар зүсэн цус гарсан буюу биед ньгэмтэл учруулсан зэрэг нь “Ангийн Хөдөлмөрийн дотоод журам”-ын 6.10-д заасан зөрчил мөн байна.

Нэхэмжлэгч А-гийн эдгээр зөрчлийг гаргасан нь түүний хүлээн мэдүүлсэн тайлбар, мөн хавтаст хэрэгт авагдсан 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 16 дугаартай “Хилийн 00 дугаар ангийн захирагчийн зөвлөлийн хурал”-ын тэмдэглэл[3], мөн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн №04 дугаартай “Хилийн 00 дугаар ангийн ёс зүйн салбар зөвлөлийн хурал”-ын тэмдэглэл[4],  мөн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Б, Г нарын мэдүүлэг, 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Хилийн 00 дугаар ангийн “Төлөвлөгөөт бус шалгалт хийсэн тухай” итгэх хуудас[5], Г биед учирсан гэмтлийн талаарх шалгалтын комиссын бэхжүүлэн авсан гэх гэрэл зургууд[6], А-гийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гараар бичсэн “Тодорхойлолт”[7], гэрч Б-гийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр бичсэн “Тодорхойлолт”[8] зэрэг нотлох баримтаар бүрэн нотлогдож байна.

Харин 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 04 дугаартай Хилийн 00 дугаар ангийн ёс зүйн салбар хорооны хурлын тэмдэглэлээр[9] нэхэмжлэгч А-г Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх заалтыг үндэслэн сануулж шийтгэх саналыг ангийн захирагчид танилцуулахаар шийдвэрлэсэн байхад ангийн захирагчаас хэрхэн шийдвэрлэсэн талаар эрхийн акт гараагүй байна. Мөн энэхүү хурлын тэмдэглэлийн хажуу талд ангийн захирагчийн бичсэн гэх тэмдэглэлд “Энэ удаад өөрт нь сануулах шийтгэл өгч байгаа талаар өөрт нь хэлж, дахин ийм зөрчил гаргахгүй байх талаар зөвлөгөө өг гэсэн” байхад нэхэмжлэгч А-д хэзээ, хэрхэн мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй, сануулах арга хэмжээ авсныг мэдэгдсэн тухай нотлох баримт байхгүй байна. Нийт бие бүрэлдэхүүнд танилцуулсан гэх боловч шүүх хуралдаанд оролцсон гэрч Б, Г нар нь нэхэмжлэгч А-д сануулах шийтгэл авсан тухай сонсоогүй, мэдэхгүй гэсэн  нь нэхэмжлэгч А-д урьд сахилгын шийтгэл хүлээлгэж байсан гэснийг үгүйсгэж байгаа болно.

Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Хилийн 00 дугаар ангийн хашаан дотор ажлын цагаар хамт олны өмнө дэслэгч Б-г зодож, биед нь гэмтэл учруулсан нь“Ангийн Хөдөлмөрийн дотоод журам”-ын 6.10-д заасан зөрчил мөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэж үзээд ажил олгогчоос нэхэмжлэгч А-г ажлаас халсан нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгч А-г ажлаас буруу халсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогоогүй тул нэхэмжлэгч А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаарзүйлийн 128.1.2-ийг баримтлан Хилийн 00 дугаар ангийн захирагчийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн б/83 дугаартай “А-г ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгож, тус ангийн автотехникийн албаны гагнуурчин, жолоочоор эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.МАНГИЛИК

 


[1]Хавтаст хэргийн4-6; 57-59 дугаар талд

[2]Хавтаст хэргийн 69 дугаар талдд

[3]Хавтаст хэргийн 26-30 дугаар талд

[4]Хавтаст хэргийн 62-65 дугаар талд

[5]Хавтас хэргийн 74-76 дугаар тал

[6]Хавтаст хэргийн 79-81 дугаар тал

[7]Хавтаст хэргийн 77 дугаар талд

[8]Хавтаст хэргийн 78 дугаар талд

[9]Хавтаст хэргийн 60-61дүгээр талд