Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 694

 

 

А.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/00207 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Д а” Сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.А-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З,

Хариуцагчийн төлөөлөгч Д.Эа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 3 хоногийн туршилтын хугацаатай ажилд орсон. Анх ажилд орохдоо Д.Энхзаяатай гэрээ хийсэн. Би 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл ямар ч асуудалгүй ажиллаж ирсэн. Тэр үед Д.Энхзаяа өөрийн танил хүнийг ажилд авах гэж намайг халахыг хүссэн. Би ажлаа ямар ч асуудалгүй хийж ирсэн боловч туршилтын хугацаа гэдэг асуудал гаргаж ирж намайг ажлаас халсан. Нотлох баримтыг үндэслэлгүйгээр бүрдүүлсэн. Үндсэн ажилтан нь шагналт цалин авдаг. Би энэ цалинг авсан тул туршилтын хугацааны ажилтан биш. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байх тул менежерийн ажилд эгүүлэн тогтоож, 26 хоногийн цалинтай тэнцэх 532 064 төгрөгийн олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хурномж нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.А-тай 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1 сарын туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээнд 1 жил гэж бичсэн нь А.А-ын гараар бичигдсэн ньтогтоогдоно. 3 хоногийн туршилтын хугацаа гэдэг нь үндэслэлгүй. Айлууд А.А-ын талаар өөрсдөө гомдлоо гаргасан. Хамтран ажиллагсад А.А-ын талаар ямар байр суурьтай нь тэмдэглэлээс харагдана. Ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан А.А-ыг “Д а” СӨХ-ны менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан “Д а” СӨХ-оос ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 532 064 төгрөгийг гаргуулж А.А-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 22-ныг хүртэлх хугацааны А.А-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг урьд авч байсан цалингийн хэмжээнээс тооцож нөхөн төлж, дэвтэрг бичилт хийхийг “Д а” СӨХ-ны удирдлагад үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч А.А-ын гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч “Д а” СӨХ-оос 16 612 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/00207 дугаар шийдвэрийг зс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

1. Тушаалд бичигдсэн үгийн утгыг Хөдөлмөрийн тухай 231 дүгээр зүйлийн 231.1.1-т зааснаар ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно гэсэн заалтын мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага гэдэг үгийг оруулсан болно. Тушаалын хууль зүйн үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасныг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар ажлаас халсан ба хөдөлмөрийн гэрээний 1.10-т “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэсэн заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д “Хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно” гэсэн заалтыг тус тус баримтлан ажлаас халах тухай тушаалыг гаргасан. Мөн талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар бүлгийг баримтлан хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тус бүлэгт туршилтын хугацаатай гэрээ байгуулах талаар зохицуулалт орсон байх ба хөдөлмөрийн гэрээ, “Д а” СӨХ-ны нийт ажилчдын хурлын тэмдэглэл, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл зэргээр талууд туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэдэг нь нотлогдож байна.

2. Шүүхийн шийдвэр нь анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах учиртай гэж заасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасан заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр нотлох баримтаар өгсөн камерын бичлэгт А.А-аа 1 сарын хугацаатай туршилтын гэрээ хийсэн үү гэхэд тийм, Дуу хураагч дээр “Тэгвэл танайх анхнаасаа нэг сар гэж бичиж өгөхгүй яасан юм” гэж хэлж байгаа нь нотлох баримтаар нотлогдож байгаа. А.А- нь Хөдөлмөрийн гэрээнд 1 гэсэн тооны араас жил, 25% нэмэгдэл гэсэн үгний араас +шагналт 530,000 төгрөг гэж гараар бичсэн ба тухайн үед хамт ажиллаж байсан ажилтнууд харсан байдаг. Камерт бичигдсэн бичлэгийг шүүхэд өгч нотлох баримтаар шинжлэн судлуулсан боловч тус шүүхийн техникийн саатлаас болж нотлох баримтыг шинжлэн судалж чадаагүй. Шүүхэд өгөхөөс өмнө тус камерт бичигдсэн бичлэг нь өөр компьютерууд дээр дуу, дүрс, бичлэг нь хэвийн ажиллаж байсан. Иймд тухайн шүүхэд өгсөн камерын бичлэгтэй танилцана уу.

3. Хөдөлмөрийн гэрээнд 1 жил эсхүл 1 сар гэдгийг тодорхойлох нь хөдөлмөрийн маргааны гол агуулгыг тодорхойлж өгнө. Гэвч тухайн 1 жил эсхүл 1 сар гэдгийг тодорхойлоогүй нь шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзнэ гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг баримтлаагүй гэж үзэж байна.

4. 2018 оны 01 дүгээр сарын 22-ны шүүх хуралдааны тэмдэглэлд А.А- миний хийсэн гэрээ мөн гэж хэлсэн байдаг. Тус гэрээ 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хийгдсэн. Шүүгч хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийг тал бүрээс нь бодитой, нотлох баримтад тулгуурлаж шийдвэр гаргаагүй хэтэрхий нэг талыг баримталж шийдвэрлэсэн. Дээрх үндэслэлүүдээс үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, нотлох баримтыг үнэлээгүй гэж үзэж байна. Иймд тухайн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар эвлэрэн хэлэлцсэн тухайгаа бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан гэрээг шүүхэд гаргасныг давж заалдах шатны шүүхээс батлан шийдвэрлэх боломжтой байна.

 

Нэхэмжлэгч А.А- нь хариуцагч “Д а” Сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 2 000 000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр бэлнээр олгохоор тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/00207 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.А- нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж,  “Д а” Сууц өмчлөгчдийн холбоо нь А.А-д ажилгүй байсан хугацааны цалин хөлсний дундажтай тэнцэх олговорт 2 000 000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр төлөхөөр тус тус тохиролцож, зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Д а” Сууц өмчлөгчдийн холбооноос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Д а” Сууц өмчлөгчдийн холбоо шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                      ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                             С.ЭНХТӨР