Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00150

 

 

“Б П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2020/00883 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1077 дугаар магадлалтай,

 

“Б П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Д.Оад холбогдох

 

4,440,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэдэнпунцагын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Батмягмар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэдэнпунцаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2020/00883 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг баримтлан Доржсүрэнгийн Д.Оаас 3 193 500 /гурван сая нэг зуун ерэн гурван мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан Б П ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1 246 500/ нэг сая хоёр зуун дөчин зургаан мянга таван зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85 990 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Д.Оаас 66 046 /жаран зургаан мянга дөчин зургаан/ төгрөгийг гаргуулан Б П ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1077 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2020/00883 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэдэнпунцаг хяналтын гомдолдоо: магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. ...Магадлал нь МУ-ын ИХШХШТХуулийн 116-р зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлээгүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.2.1 /шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн/-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх үндэслэх нь хэсэгтээ: “гэрээний 6-д хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар бодож алданги тооцно” гэж заасан байх тул анхан шатны шүүх алдангийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6-д нийцсэн байна” гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан 2018.11.14-ний өдрийн Зээлийн гэрээний 6-д заасны дагуу давж заалдах шатны шүүхээс алдангийг тооцож хариуцагч талаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тус гэрээний 1-т зээлийн хэмжээ болон зээл олгох өдрийг тодорхой тусгасан хэдий ч зээл эргэн төлөх хугацааг бөглөөгүй, үүрэг гүйцэтгэх хугацаа байхгүй байгааг шүүх анхаарч үзээгүй. Иргэний хуулийн 232-р зүйлийг хэрэглэх урьдач нөхцөл нь 1-т гэрээнд заасан үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн байх, 2-т гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алдангийг тооцох зохицуулалттай. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүх нь гэрээнд үүрэг гүйцэтгэх хугацааг заагаагүй байхад хугацаа хэтрүүлсэн гэж үзэж алданги тооцсон. Өөрөөр хэлбэл хуульд заасан урьдач нөхцөл бүрдээгүй гэрээнд үүрэг гүйцэтгэх хугацааг заагаагүй байхад хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. Гэрээнд заасан алдангийг гэрээний нийт үнийн дүнгээс тосцож тус үнийн 50 хувиар тогтоож нийт гүйцэтгэх үүргийн хэмжээг гаргасан нь хуульд заасны дагуу алданги тооцсон гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч талын гүйцэтгээгүй үүргийн хэмжээг тодорхойлоогүй тодорхой хэмжээний төлөлтүүд хийж байсанд дүгнэлт хийгээгүй. Мөн гэрээнд заасан алдангийн заалт нь Иргэний хуульд нийцээгүй байгааг давж заалдах шатны шүүх анхаар ч үзээгүй. 2018.11.14-ний өдрийн Зээлийн гэрээний 6-т зээлдэгч тал нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн зээл, хүү төлбөрийн нийт үнийн дүнгээс хоногийн 0.5 хувийн алданги төлөх үүрэгтэй гэж заасан нь Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6-д заасан гүйцэтгээгүй үүргээс алдангийг тооцох зохицуулалтад нийцээгүй байна. Тиймээс нэхэмжлэгч Б П ХХК нь 2018.11.14-ний өдрийн зээлийн гэрээгээр алданги тооцож шаардах эрхгүй. Давж заалдах шатны шүүх үндэслэх нь хэсэгтээ: “...”Б П” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан, уг компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Д.Ббайх бөгөөд тэрээр компанийн нэрийн өмнөөс гэрээ хэлцэл хийж, хариуцлага хүлээх эрх бүхий этгээд байна. 2018.11.14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээнд “Б П” ХХК-ийг төлөөлж захирал Д.Бөөрийн данснаас мөнгө шилжүүлснийг иргэд хооронд байгуулсан зээлийн гэрээ гэж үзэхгүй...” гэжээ. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаан бүхий харилцааг зөв тогтоогоогүй гэж үзэж байна. Талууд 2018.11.14-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан бөгөөд тус зээлийн гэрээний 9-т заасны дагуу зээлдүүлэгч Б П ХХК нь гэрээнд заасан хэмжээний мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр энэхүү гэрээ байгуулсанд тооцно гэж гэрээ хүчин төгөлдөр болох хэлбэрийг гэрээнд тодорхой заасан. Зээлдүүлэгч нь гэрээний 9-т заасан үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл Б П ХХК-ийн данс болон кассын зарлагын ордер зэрэг санхүүгийн анхан шатны баримтаар мөнгө шилжүүлсэн зүйл байхгүй, энэ талаар нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн байдаг шүүх хуралдааны тэмдэглэлийн 4-р нүүрт. Хэргийн үйл баримт, хавтаст хэрэгт авагдсан баримтаар “Б П” ХХК болон иргэн Д.О нарын хооронд дээрх зээлийн гэрээ байгуулагдсан, эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзэж байна. Гагцхүү иргэн    Д.Б  ын данснаас Д.Оын өмнөөс зээл хаасан хх30, 33 хуудас авагдсан баримт, мөн Д.О нь Д.Батмягмараас авсан мөнгийг түүний хувийнх нь дансруу шилжүүлсэн үйл баримт хх 38-48-р хуудаст авагдсан баримтаар нотлогдож байгаа. МУ-ын Иргэний хуулийн 281-р зүйлд заасан зээлийн гэрээ нь Бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэгт хамаарах бөгөөд гол зохицуулалт нь Зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болдоггүй зээлдэгч, зээлдүүлэгчийн хооронд мөнгө болон төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө тэдгээрийн өмчлөлд шилжигдсэн байхыг шаарддаг тул “Б П” ХХК-ийн өмчлөлөөс 4,440,000 төгрөг гарсан баримт хавтаст хэрэгт авагдаагүй байгааг анхаар ч үзнэ үү. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176-р зүйлийн 176.2.2-т зааснаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж алданги 2,264,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. Хяналтын гомдолд дурдсан “...гэрээнд үүрэг гүйцэтгэх хугацаа заагаагүй тул алдангийг тооцох боломжгүй, ...алдангийн заалт хуульд нийцээгүй, нэхэмжлэгч гэрээний дагуу мөнгө шилжүүлээгүй, харин иргэн Д.Батмягмартай гэрээний харилцаа үүссэн...” байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, алдангийг хэрэгсэхгүй болгож, шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэх гомдол дараах үндэслэлээр үгүйсгэгдсэн байна.

 

5. Нэхэмжлэгч “Б П” ХХК нь хариуцагч Д.Оад холбогдуулан зээлийн үүрэгт 4,440,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч маргаж, “...бичгээр байгуулсан гэрээний дагуу “Б П” ХХК-аас мөнгө аваагүй, ...харин иргэн Д.Батмягмараас авсан, иргэд хооронд гэрээг амаар байгуулсан тул хүү, алданги төлөхгүй, ...3,600,000 төгрөгийг буцааж төлсөн...” гэж мэтгэлцжээ.

 

6. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ зохигчийн хооронд үүссэн маргааны талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлжээ.

 

7. Нэхэмжлэлийн үндэслэл болж буй 4,440,000 төгрөгийг нэг хоногийн хугацаатай, хоногийн 2 хувийн хүүтэй зээлэх, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон 2018.11.14-ний өдрийн “Б П” ХХК-ийг төлөөлж захирал Д.Батмягмар, зээлдэгч талаас Д.О нарын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр, шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Харин талуудын байгуулсан 2019.09.28-ны өдрийн зээлийн гэрээ нь бие даасан гэрээ бус өмнөх 2018.11.14-ний өдрийн гэрээг дүгнэсэн агуулгатай, 4,440,000 төгрөгийг, 89,000 төгрөгийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлсэн болохыг илэрхийлсэн баримт болохыг шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

 

8. 2018.11.14-ний өдөр Д.Батмягмарын 5890906909 тоот данснаас 5749125570 тоот дансанд 2 удаагийн гүйлгээ хийгдэж, нийт 4,440,000 төгрөгийг “Вишнфанд” ХХК-ийн данс руу шилжүүлсэн, ингэснээр Д.Оын төлбөр төлөгдсөн үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчийн заасан этгээдийн дансанд зээлийг шилжүүлсэн /хх30, 33/, мөнгө шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн байна. Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заасан зохицуулалтыг шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн, “Б П” ХХК-ийн үүргийг Д.Ббиелүүлсэн, энэ нь үүргийн шинж чанарт нөлөөлөөгүй юм.

 

9. Хариуцагч Д.О нь “Б П” ХХК-ийн захирал Д.Батмягмарын 5890906909 тоот дансанд нийт 3,600,000 төгрөгийг шилжүүлсэн /хх.38-48, 33/, талууд 2019.09.28-ны өдөр тооцоо нийлж хариуцагч нь үндсэн зээлээ төлөөгүй болохыг баталгаажуулсан байна./хх-32/

Хариуцагч нь 2018.11.14-ний өдрийн гэрээнд заасан 1 хоногийн хугацаанд зээлээ буцааж төлөөгүй, 2019.09.28-ны өдрийн тохиролцооны дагуу 2 сарын дотор зээлийг буцааж төлөх үүргээ биелүүлээгүй тул 2018.11.14-ний өдрийн гэрээний 6-д “хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувиар бодож алданги тооцно” гэж зааснаар гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл 4,440,000 төгрөг, зээлийн хүү 89,000 төгрөгөөс алданги тооцож 2,264,500 төгрөг нийт 6,793,500 төгрөгөөс хариуцагчийн буцааж төлсөн 3,600,000 төгрөгийг хасч 3,193,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.

 

Дээрх хуулийн үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2020/00883 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1077 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 66,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ

                               ШҮҮГЧИД                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                          Д.ЦОЛМОН  

                                                                                                          Х.ЭРДЭНЭСУВД