Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 1258

 

Б.Б, С.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Сайнбаяр,

шүүгдэгч Б.Б, С.Б, тэдгээрийн өмгөөлөгч Н.Намжилцогт,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,                             

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1598 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Намжилцогт, шүүгдэгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Б, С.Б нарт холбогдох эрүүгийн 1906 00999 0660 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Б-н Б, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .............. аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Зам ангийн компанид туслах ажилтай, ам бүл 2, эхийн хамт .............тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .........../;

2. О овгийн С-н Б, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ........ аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт .................................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .........../;

 Б.Б, С.Б нар нь бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 27-ны шөнийн 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн 6 дугаар гудамжинд иргэн Д.Т-г зодож, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, улмаар түүний 2 ширхэг гар утас, бэлэн 100.000 төгрөгийг хүч хэрэглэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Б, С.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Б, С.Б нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б, С.Б нарыг тус бүр 450.000 төгрөгөөр торгох ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б, С.Б нарыг тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Б.Б, С.Б нарт оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Б, С.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Б.Б, С.Б нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Б.Б, С.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Б, С.Б нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би уг хэргийг үйлдээгүй, гэм буруутайгаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шүүх хуралдаан дээр болсон үйл явдлаас харахад гэрч Д.А-н мэдүүлэг, хэрэг гарсан цаг хугацаа зөрүүтэй байгаа. Мөн хохирогч Д.Т-г анхны шүүх хурал дээр өгсөн мэдүүлэг дараагийн шүүх хурал дээр өөрчлөгдсөн байдаг. Мөн байцаагч ахмад Эрдэнэдалай нь бид хоёрыг хэрэг хийгээгүй атал хохирогчийн хохирлыг төлүүлж, хэрэг хүлээлгэсэн. Мөн эхний шүүх хурал дээр нотлох баримт хангалтгүй учраас буцаасан. Улмаар 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр болсон шүүх хуралдаан дээр гэрч, хохирогч нарын мэдүүлэг өмнөх шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлгээс өөрчлөгдсөн. Мөн хийгээгүй хэргийн төлөө гүтгэж, ял тулгасан. Өмгөөлөгч Ганбат нь найз С.Б бид хоёрын өмгөөлөгчөөр хэргийг өмгөөлөх явцад байцаагч, ахмад Эрдэнэдалайд ажлаа хүлээлгэн өгсөн хүн байсан. Өмгөөлөгч Ганбат нь бид хоёрын хэргийг хангалттай өмгөөлөөгүй, цагдан хоригдож байх хугацаанд ар гэрийнхэнд мэдэгдээгүй, хийгээгүй хэрэг байтал хийсэн мэт хүлээн авч, “давж заалдах гомдолтой байна” гэхэд давж заалдах гомдол гаргаагүй, хэргийг хаясан болно. Дээрх учир шалтгаан болон тухайн хэргийг үйлдээгүй учраас давж заалдах гомдол гаргаж байна.

Иймд өмнөх шүүх хуралдаанд болсон процесс, удаа дараа өөрчлөгдсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, өмгөөлөгчийн үүргээ биелүүлж чадаагүй, өмгөөлөгч хийгээгүй хэргийг хийсэн мэт болгосон, байцаагч гэх мэт хүчин зүйлүүдийг үндэслэн гэм буруутай хүнийг үнэн зөвөөр тогтоон, хуулийн хариуцлага хүлээлгэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б, С.Б нарын өмгөөлөгч Н.Намжилцогт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй байхад анхан шатны шүүх эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэж шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулсан. Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр эрүүгийн хэргийг буцаасан 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1507 дугаартай шүүгчийн захирамжид дурдагдсан зайлшгүй шалгаж тогтоох ажиллагаануудыг мөрдөн байцаалтын шатанд хийлгүйгээр хэргийн материалыг буцааж шүүхэд ирүүлсэн байдалд шүүх дүгнэлт өгөөгүй. Гэрч Д.А-н симээ хийж ярьсан утас нь Б.Б, С.Б нарын авчирсан утас уу, эсвэл Хонгорзулын орхиж явсан утас уу гэдгийг эцэслэн тогтоож чадаагүй тохиолдолд хэн нэгнийг гэм буруутайд тооцож ял оногдуулах боломжгүй.

Бодит байдлыг тогтоох, хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой

а/ Хонгорзулыг байцааж, гар утсыг хэнээс авсан болохыг тогтоох,

б/ С.Б-н аав, ээж нарыг гэрчээр байцааж ямар учраас мөрдөгч, хохирогч нартай уулзсан, хохирлын мөнгийг өгөх болсон шалтгаан, бусад яригдсан байдлыг тодруулах,

в/ Д.А-н гэрт 2019 оны 1 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө хоносон хүмүүсийг гэрчээр байцааж, Б.Б, С.Б нар хэдэн цагт ирсэн, юу гэж ярьж байсан, шөнө гарч явсан эсэхийг зайлшгүй асууж тогтоох шаардлагатай байсан.

Мөн Б.Б, С.Б нарын “өндөр биетэй, шар нэхий дээл өмссөн залуугийн хаяад явсан утсыг олсон” гэх хэргийн газрын үзлэгийг хийгээгүй. Уг хэргийн газрыг хохирогч Д.Т-н эд зүйлээ дээрэмдүүлсэн газрын байршилтай харьцуулж үнэлэлт өгөөгүй. Б.Б, С.Б нар нь Шар хадны эцэс, 16 дугаар хорооллын автобусны буудал, Чулуун овоо гэсэн маршрутаар явсан байдаг. Гэтэл хохирогч Д.Т-н эд зүйлээ дээрэмдүүлсэн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн 6 дугаар гудамж гэх газар нь энэ маршрутаас тэс өөр газар байрлаж байгаад шүүх үнэлэлт дүгнэлт хийгээгүй.

Б.Б, С.Б нар 2019 оны 1 дүгээр сарын 27-ны шөнийн 01 цагаас 02 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн 6 дугаар гудамж хавьд очсоныг нотолсон баримт хавтаст хэрэгт байхгүй.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын эрхийг ноцтой зөрчиж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч болон Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгч нар нь Б.Б, С.Б нарыг цахилгаан бороохойгоор цохиулж, зодож, дарамталж, “хэргээ хурдан хүлээ” хэмээн хүчээр мэдүүлэг авсан байна. Мөрдөгч, ахмад Эрдэнэдалай нь яллагдагч нарын эсрэг мэдүүлэг авахдаа өмгөөлөгч авах боломжоор хангаагүй, өмгөөлөгчгүй байцаалт авсан, яллагдагч нарт “хохирогч Д.Т-н хохирлын мөнгийг нь өгчих, та нар буруугүй бол шүүхээс буцаагаад авчихаж болно” гэж сэнхрүүлэн, хохирлын мөнгийг өгүүлэх ажиллагааг зохион байгуулсан, “хэргийг чинь аятайхан шийднэ, та нарын хохирогч бол Д.Т” гэж итгүүлэн, хууран мэхэлж, хөтөлж байцаалт авсан нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр нотлогдож байхад шүүх энэ байдлыг хайхарч үзээгүй.

Хохирогч Д.Т-г бүлэглэн зодож, хөнгөн гэмтэл учруулсан гэж шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлалгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж хуулийг буруу хэрэглэсэн. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хууль бусаар авсан үйлдлийн улмаас бусдын биед гэмтэл учирсан тохиолдолд давхар зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Б.Б, С.Б нараас мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн “худал мэдүүлэг өгч байгаа Д.А болон түүний найз Хонгорзул нарыг шалгаж өгнө үү” гэсэн санал хүсэлтэд албан ёсны хариу өгөөгүй бөгөөд энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Мөн Б.Б, С.Б нар нь мөрдөгч болон гэр бүлийнхэндээ “Бид хоёртой муудалцаад утсаа хаяад явсан хүн бол энэ хохирогч Д.Т биш байна” гэж удаа дараа хэлж байсан, хохирогч Д.Т нь мөрдөн байцаалтад “намайг дээрэмдсэн хүмүүс бол өндөр, нам 2 залуу байсан” гэж, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө “шүүгдэгч энэ 2 залууг намайг зодсон хүмүүс мөн гэж би хэлж чадахгүй" гэж хэлсэн зэрэг олон нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийгээгүй, нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаагүйд гомдолтой байна. ...”  гэв.

Шүүгдэгч С.Б “тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй” гэв.  

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Давж заалдах гомдлуудтай танилцахад хэрэг гарсан цаг хугацааг тогтоогоогүй гэсэн байна. Хэргийн нөхцөл байдал нь бусад үйл баримтаар тогтоогдоогүй, зөвхөн шүүгдэгч нарын ярьсан цагаар явж байгаа. Хохирогчтой маргалдсан цаг хугацаа, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь тохирч байгаа. Дээрэмдэх гэмт хэрэг үйлдэгдсэний маргааш нь А гэдэг хүний дугаараас Д.Т-н IMEI кодтой утсаар залгасан. Үүнээс улбаалж хэрхэн ямар замаар хохирогчийн IMEI кодтой гар утсаар А залгасныг тогтоох ажиллагаа явуулж, уг гэмт хэргийг илрүүлсэн. Хонгорзул гэдэг хүний талаар яриад байдаг. Гэтэл энэ хүнийг хаана байдгийг зааж өгдөггүй. Шүүгдэгч Б.Б, С.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, анхан шатны шүүх хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.  

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Б.Б, С.Б, нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Б.Б, С.Б нар нь бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 27-ны шөнийн 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн 6 дугаар гудамжинд иргэн Д.Т-г зодож, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, улмаар түүний 2 ширхэг гар утас, бэлэн 100.000 төгрөгийг хүч хэрэглэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Т-н “... Би Н-нхээс гараад Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн 6 дугаар гудамжны баруун буланд явж байтал 170 см орчим өндөртэй, туранхай 2 залуу намайг хавирч унагаагаад цээж рүү өшиглөхөөр нь би “яах гээд байна” гээд босож ирсэн. Тухайн үед харанхуй байсан учир би царай төрх, содон шинж тэмдэг, өмсөж явсан хувцасыг нь харж амжаагүй. Тэгээд хойшоо ухартал тэр хоёр надаас гал асуусан. Тэгэхээр нь би халаасанд байсан шүдэнзээ өгсөн. Нэг залуу нь шүдэнзийг маань авахдаа хавирч унагаасан ба цаад талд нь байсан залуу “наад чинь ямар овоо пизда вэ” гээд намайг хоёулаа нийлж унагааж байгаад нүүр, нүдгүй зодохоор нь би “наад халаасанд байгаа бүх юмаа ав” гэж хэлсэн. Тэгтэл миний халаасанд байсан хар өнгийн “Самсунг эс-3” гар утас, бэлэн 100.000 төгрөгийг дээрэмдсэн. ...” /хх 19/,

“... Тэгээд би урдаас нь ноцолдоход хоёулаа нийлээд намайг нүүр нүдгүй өшиглөж цохисон. Ингээд би “болъё больё, халаасанд байгаа бүх юмыг ав” гэж хэлэхэд дээрээс нүдэж байгаад халаас ухаад халаасанд байсанд хар өнгийн “Самсунг эс-3” гар утас, ягаан өнгийн гэртэй, цагаан өнгийн “Самсунг эс-2” загварын гар утас, 100.000 төгрөгийг аваад шууд гүйсэн. ...” /хх 20-21/,  

 гэрч Д.А-н “... Би Б.Б-г 2018 оноос эхлэн таньдаг болсон. ... Сар өдрийг нь санахгүй байна. Б.Б над руу нилээд орой яриад “хоёр найз нь танайд очиж хонож болох уу” гэхээр нь “тэг тэг” гэсэн. ... Ингээд хоёр Б нилээд орой намайг орондоо орчихсон зурагт үзээд байж байтал гаднаас орж ирсэн. Орж ирээд нэг их юм яриагүй унтаж амарсан. Тэгээд өглөө нь нилээд эрт явлаа гээд гарч явсан. ...” /хх 28-29/,

“... Би Б.Б, С.Б, нарын үлдээсэн “Самсунг эс-3” загварын гар утсыг ашигласан. Уг гар утсанд өөрийн 99713405 дугаарын сим картаа хийж ашиглаж байгаад тухайн гар утсыг алга болгосон. ...” /хх 169-170/,

гэрч П.Н-н “... Бид нар гэртээ унтаж байтал манай хүү Т шөнө 02 цагийн үед нүүр ам нь цус болоод, хувцас нь шороо болчихсон “би гудамжны үзүүрт хоёр хүнд зодуулж, дээрэмдүүлчихлээ” гээд орж ирсэн. Тэгээд шууд миний утсаар цагдаад дуудлага өгсөн. ...” /хх 31/ гэх мэдүүлгүүд, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Д.Т-н биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, баруун чихний ар хэсэг, баруун сарвуунд зулгаралт, дагзны хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 1791 дугаартай дүгнэлт /хх 37/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-10/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 40/, “Мобиком корпораци” ХХК-ийн “357980048464129 IMEI кодтой утсанд 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 1-ний хооронд ... 99713405 дугаартай Д овогтой А ... ашиглаж байсан” гэх албан бичиг /хх 164-165/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б, С.Б, нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Б, С.Б, нарын бүлэглэн, хохирогч Д.Т-г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн хохирогчийн 2 ширхэг гар утас, бэлэн 100.000 төгрөгийг хүч хэрэглэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б, С.Б, нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Гэвч анхан шатны шүүх Б.Б, С.Б, нарын үйлдсэн гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж, ялуудыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг буруу сонгож хэрэглэсэн, мөн торгох ялыг хорих ялд нэмж нэгтгэхдээ хуульд заасан журмын тайлбарлан дүгнээгүй нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл, шүүхээс Б.Б, С.Б, нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногт тооцож /450.000=15.000 нэгж * 30 хоног/, нийт 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэх бөгөөд давж заалдах шатны шүүхээс энэ талаарх зохих өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулав. 

 Шүүгдэгч Б.Б-с “... намайг хийгээгүй хэргийн төлөө гүтгэж, ял тулгасан, гэм буруутай хүнийг олж тогтоож өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Намжилцогтоос “... Гэмт хэрэг гарсан газар, цаг хугацааг тогтоогоогүй, Хонгорзулыг байцааж, гар утсыг хэнээс авсныг тогтоох, С.Б-н эцэг, эхийг байцааж хохирлын мөнгийг өгөх болсон шалтгааныг тодруулах, гэрч Д.А-н гэрт хоносон хүмүүсийг байцааж, шүүгдэгч нар хэзээ ирсэн, шөнө гарч явсан эсэхийг тогтоох шаардлагатай. Мөрдөгч нь шүүгдэгч нараас байцаалт авахдаа өмгөөлөгч авах боломжоор хангаагүй, хохирлын мөнгийг төлүүлэх ажиллагааг зохион байгуулсан зэргийг анхаарч үзээгүй. Хохирогч Д.Т нь дээрэмдүүлсэн хүмүүсээ зааж өгч чадаагүй. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Хэдийгээр хохирогч Д.Т нь хэрэг учрал болох үед тодорхой хэмжээний согууруулах ундаа хэрэглэсэн, харанхуй шөнө шүүгдэгч нарын царай төрхийг харж амжаагүй учир тэднийг шууд зааж чадахгүй байгаа ч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт тэрээр “... 01-02 цагийн орчим, Да хүрээ захын хажууд 26 дугаар хороо, 4 дүгээр гудамжинд уг асуудал болсон. ... би урдаас нь ноцолдоход хоёулаа нийлээд намайг нүүр нүдгүй өшиглөж цохисон. Ингээд би “болъё больё, халаасанд байгаа бүх юмыг ав” гэж хэлэхэд дээрээс нүдэж байгаад халаас ухаад халаасанд байсанд хар өнгийн “Самсунг эс-3” гар утас, ягаан өнгийн гэртэй, цагаан өнгийн “Самсунг эс-2” загварын гар утас, 100.000 төгрөгийг аваад гүйсэн. ...” гэж хэргийн талаар болон гэмт хэрэг гарсан газар, цаг хугацааг тогтвортойгоор мэдүүлжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэний дараа Д.А-н гэрт очиж хоносон, маргааш нь явахдаа хохирогчоос авсан гар утсаа орхисон байсныг гэрч Д.А өөрийн сим картаа уг гар утсанд хийж ашиглаж байсан үйл баримт нь “Мобиком корпораци” ХХК-ийн “357980048464129 IMEI кодтой утсанд 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 1-ний хооронд ... 99713405 дугаартай Д овогтой А ... ашиглаж байсан” гэснээр /хх 164-165/ хөдөлбөргүй тогтоогдсон ба уг нотлох баримтаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг нотолсон гэж үзэв.

Мөн гэрч П.Н-н “... Бид нар гэртээ унтаж байтал манай хүү Т шөнө 02 цагийн үед нүүр ам нь цус болоод, хувцас нь шороо болчихсон “би гудамжны үзүүрт хоёр хүнд зодуулж, дээрэмдүүлчихлээ” гээд орж ирсэн. ...” /хх 31/, гэрч Б.Н-н “... орой 22-23 цагийн үед санагдаж байна. Т утасдаад танайд очлоо гэсэн. ... Тухайн үед найз Чойсүрэн бид хоёр нэг шил архи хувааж ууж байсан. Т-г ирэхэд архи тал дундаа орсон байсан ба бид гурав хувааж уучихаад Т “гэртээ харьлаа” гээд гарсан. ...” /хх 91/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл “2019 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 04 цаг 10 минутад эхлүүлж, ... ” /хх 7/ зэрэг баримтуудаас үзэхэд гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2019 оны 1 дүгээр сарын 27-ны шөнийн 02 цагийн орчим гэж тогтоосон прокурорын яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасан “... хөтөлж, эсхүл тулгаж асуулт тавихыг хориглоно.” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж заажээ.

Гэрч Д.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Хонгорзул гэгчийн талаар тодорхой мэдээлэлгүй, түүнийг хэн байсан, хаана амьдардаг талаар мэдүүлдэггүй, өөрөөр хэлбэл мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, түүний мэдүүлгийн энэ хэсэг нь эргэлзээ бүхий байх тул энэ талаар мөрдөн шалгах ажиллагааг хийх үндэслэлгүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь өмгөөлөгчөө өөрөө сонгох эрхтэй бөгөөд шүүгдэгч Б.Б, С.Б нар нь хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгчөөр Н.Ганбатыг сонгож, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулжээ. /хх 118-119/,

Мөрдөгч нь Б.Б, С.Б, нараас яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан өмгөөлөгч авах эрхийг тайлбарлан өгч, гарын үсэг зуруулсан байна.

 Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд мөрдөгч нь шүүгдэгч нараас байцаалт авахдаа өмгөөлөгч авах боломжоор хангаагүй, хохирол төлүүлэх ажиллагааг зохион байгуулсан болон хувийн сонирхлоор хандсан байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдохгүй байхаас гадна шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Намжилцогтын давж заалдах гомдолд дурдсан “... С.Б-н эцэг, эхийг байцааж хохирол төлөх болсон шалтгаан, гэрч Д.А-н гэрт хоносон хүмүүсийг байцаах, шүүгдэгч нар хэзээ ирсэн, шөнө гарч явсан эсэхийг тогтоох” зэрэг мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийх шаардлагагүй.

Иймд шүүгдэгч Б.Б, шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Намжилцогт нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин анхан шатны шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамждаа шүүгдэгч Б.Б, С.Б, нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлөхгүй боловч цаашид хайнга, хариуцлагагүй байдлаар алдаа, зөрчил гаргахгүй байхад анхаарвал зохино.