Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямын Амарзаяа |
Хэргийн индекс | 118/2020/0013/З |
Дугаар | 118/ШШ2021/0041 |
Огноо | 2021-10-19 |
Маргааны төрөл | Газар, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн тогтоол
2021 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 118/ШШ2021/0041
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Э.Очирхуягийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргад холбогдох
Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр захирамжийн Д.Бямбажавт холбогдох хэсгийг болон уг захирамжийн дагуу Баян-Айраг багийн нутаг дахь Нурамтын өвөлжөөний газрыг эзэмшүүлэхээр Д.Бямбажавт олгосон 0123406 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг, 1999 оны 05 сарын 18-ны өдөр Г.Ганхуягт олгосон Т-09 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Очирхуяг, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа, хариуцагч Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Эрдэнэ, гуравдагч этгээд Г.Ганхуяг, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Г.Баттулга, И.Чимэдбадам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аав Базарсадын Эрдэнэдаваа 1996 онд Тэлмэн сумын Баян-Айраг багийн дээд Шумуултайн Нурамт гэдэг өтөг дээр өвөлжөө барьж эзэмшиж байгаад 1999 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Т-12 дугаартай газрын гэрчилгээг хуулийн дагуу авч жинхэнэ эзэмшигч болсон. Манайх тус өвөлжөөнд жил бүр өвөлжиж ирсэн. Аав минь 2007 онд өөд болж миний бие үргэлжлүүлэн малаа маллан Нурамтын өвөлжөөнд ганц гэрээрээ өвөлжиж, газрын төлбөрөө ч жил бүр тасралтгүй төлж эзэмшиж ирсэн. Зарим жилүүдэд мал тооллогын үеэр сумаас ирсэн холбогдох албан тушаалтан газрын төлбөрийг малчдаас бэлнээр хураан аваад баримт өгөөгүй тохиолдлууд байгаа учир зарим жилийн баримт байхгүй байна. 2016 онд өвөлжөөний газрын улсын тоо бүртгэл хийгдэх үед Нурамтын өвөлжөөний тоо бүртгэлийн хуудас, өвөлжөөний хил, заагийн цэг, кадастрын зураг эзэмшигч миний нэр дээр гарсан. Гэтэл Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн иргэн Гомбосүрэнгийн Ганхуяг нь өөрийн нэр дээр Т-09 дүгээр газар эзэмших гэрчилгээг 1999 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөр, ээж Даваасамбуу овогтой Бямбажавынхаа нэр дээр 0123406 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус тус хууль бус, хуурамчаар гаргуулж авсан байна. Эдгээр хуурамч бичиг баримтаа үндэслэн надаас өвөлжөөг чөлөөлүүлэх тухай өргөдлөө Тосонцэнгэл сум дахь шүүхэд 2020 оны 7-р сард өгснийг шүүх надад танилцуулснаар би энэ тухай мэдлээ. Г.Ганхуягийн өргөдөлтэй танилцаж мэдмэгц би Тэлмэн сумын Засаг даргад хандаж хууль бус гэрчилгээг хүчингүй болгуулахыг хүссэн боловч сумын Засаг дарга шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. ... Хуульд заасны дагуу аймгийн Засаг даргад 2020 оны 7-р сард гомдол гаргасан боловч хариу өгөөгүй. Г.Ганхуяг нь Тэлмэн суманд оршин суудаггүй, мал малладаггүй өөр сумын харьяат учир түүнд Нурамтын өвөлжөөг эзэмших гэрчилгээг олгох үндэсгүй...Т-09 дүгээр газар эзэмших гэрчилгээг бичсэн бичгийн хэлбэр өөр байгаа нь хууль бус хуурамч гэрчилгээ гэдгийг илэрхийлж байна. Мөн түүний ээж Д.Бямбажав нь сумын төв болон Эрдэнэт, Улаанбаатар хот зэрэг суурин газруудад хүүхдүүдтэйгээ байдаг, мал малладаггүй, Нурамтын өвөлжөөнд өвөлждөггүй тул 2009 онд өвөлжөөг эзэмших гэрчилгээг хууль бусаар бичиж олгосон байна. Иймд 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 тоот шийдвэрийн Д.Бямбажавт холбогдох хэсэг, Д.Бямбажавт олгосон 0123406 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулахыг хүсч байна. Харин Г.Ганхуягт олгосон 1999 оны Т-9 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Очирхуяг нь 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр Тэлмэн сумын Засаг даргын захирамжийн Д.Бямбажавт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Д.Бямбажав 2009 онд Тэлмэн сумд оршин суудаггүй, мал аж ахуй эрхэлдэггүй байсан. Мал аж ахуй эрхэлдэггүй, тухайн сум орон нутагт оршин суудаггүй хүнд өвөлжөөний зориулалтаар газрыг олгохдоо Нурамтын өвөлжөөний бууцны хэмжээгээр буюу 0.5 га газрыг шинээр олгосон нь миний эрхийг зөрчсөн гэж тайлбарладаг. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлд 0.07 га газрыг иргэдэд амьдрах зориулалтаар хувийн хэрэгцээнд олгож байгаа. Хэрвээ энэ хэмжээнээс илүү олгохоор бол Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмаар олгох ёстой. Гэтэл энэ журмыг зөрчиж Д.Бямбажавт 0.5 га газрыг шинээр эзэмшүүлсэн байдаг. Ингэж газар эзэмшүүлэх шийдвэр гаргаснаар Э.Очирхуяг нь өөрийн эцэг Б.Эрдэнэдаваагаас газрыг өвлөж авах эрх хязгаарлагдаж, эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон. Газар эзэмших эрхийг өвлүүлэх талаар Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-д заасан байдаг. Мөн 0.5 га газар дээр Д.Бямбажавт газар эзэмшүүлэх шийдвэр гаргаснаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцахгүй байна гэсэн заалтыг зөрчиж Газрын тухай хуульд заасан нэхэмжлэгчийн хэд хэдэн субьектив эрхийг зөрчсөн захирамж гарсан.
2009 оны 11 дүгээр захирамж нь Г.Ганхуяг, Д.Бямбажав нарт эерэг нөлөөлөл бүхий акт боловч нэхэмжлэгчийн субьектив эрхүүдэд шууд халдсан сөрөг нөлөөлөл бүхий акт гарсан. Иймд Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн 2009 оны 11 дүгээр захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Мөн тус акт нь формал болон материаллаг эрх зүйн шаардлагад нийцээгүй байна. Тухайлбал, шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн байна. Гуравдагч этгээдийн зүгээс Д.Бямбажавт газар эзэмших эрхийг шилжүүлэн олгосон гэж тайлбарладаг. Үүнийг эцэг Н.Гомбосүрэнгийн газар эзэмших эрхийг шилжүүлж авсан гэх боловч Н.Гомбосүрэн гэдэг хүнд хууль ёсоор газар эзэмших эрх байсан уу гэдэг талаар нотлогдон тогтоогдсон зүйл байдаггүй. Өнөөдөр шүүх хуралдааны явцад гуравдагч этгээд Г.Ганхуяг өөрийнхөө цэнхэр өнгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг харуулж байна. Хэрвээ энэ гэрчилгээ байгаа бол Гомбосүрэн гуайд олгосон гэрчилгээ бас байх ёстой. Гэтэл Н.Гомбосүрэн гуайд газар эзэмших эрх байсан талаар баримт хэрэгт байдаггүй. Иймд Н.Гомбосүрэнгийн эрхийг шилжүүлсэн гэх байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тогтоогдоогүй. Харин маргаан бүхий захирамжийн агуулгаас харахад Д.Бямбажавт шинээр газар эзэмшүүлсэн. Ингэхдээ 0.5 га газрыг эзэмшүүлсэн байна гэж дүгнэхээр байна. Энэ талаар хариуцагч тайлбартаа 2009 оны 11 дүгээр захирамж нь Д.Бямбажавт газар шинээр эзэмшүүлсэн захирамж байсан гэж тайлбарласан.
Материаллаг эрх зүйн шаардлагад нийцээгүй талаар, Засаг даргын шийдвэр бол төрийн үйл ажиллагааны нэг хэлбэр, төрийн үйл ажиллагаа нь хуульд захирагдах, хууль дээдлэх зарчимд үндэслэх ёстой. Гэтэл Засаг даргын шийдвэр хууль дээдлэх, хуульд үндэслэх зарчимд нийцээгүй, Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан хязгаарыг хэтрүүлж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 32, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.3-т заасан заалт, нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж гарсан, үйлдэгдсэн акт байна гэж үзэж байна. Дээрх үндэслэлээр маргаан бүхий 2009 оны 11 дүгээр захирамж нь эрх зүйн алдаатай, хуульд нийцээгүй акт гарсан байна гэж дүгнэж байна. Материаллаг эрх зүйн шаардлагад нийцээгүй учраас нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар актын холбогдох хэсгийг түүнийг үндэслэн олгосон гэрчилгээг хүчингүй болгох замаар зөрчигдсөн эрхийг сэргээж захирамжийн холбогдох хэсгийг залруулснаар маргагч талуудын хэн алины эрх ашиг сонирхол эн тэнцүү сэргэнэ гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч нь тухайн өвөлжөөг ганцаараа эзэмшинэ гэсэн асуудал яриагүй, гол нь 2007 оны 09 сард аав нас барснаас хойш мэдээгүй явж байгаад, 2020 онд Г.Ганхуяг, Д.Бямбажав нарыг шүүхэд нэхэмжлэл гаргахад Нурамтын өвөлжөөний газрын бууцны хэмжээгээр 0.5 га газрыг Д.Бямбажав эгчид олгосныг мэдсэн гэж тайлбарладаг. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийг хамтран эзэмших хүсэлтээ гаргаж явах ёстой байсан гэж байна. Хамтран эзэмших хүсэлт гэдэг нь тухайн нэгж талбар дээр хэд хэдэн этгээд хүсэлтээ гаргаад хамтарч эзэмшихийг хэлээд байгаа. Хэрвээ хүсэхгүй бол үүнийг заавал хамтран эзэмшүүлэх шаардлага байхгүй. Ингэхдээ кадастрын хуульд зааснаар иргэн бүрийн эзэмшиж байгаа газрыг тус тусад нь хил заагийг нь тодорхой болгож кадастр хийх ёстой. Ийм хуулийн ажиллагаануудыг хийхгүйгээр 0.5 га газрыг Д.Бямбажавт эзэмшүүлээд, ард нь Э.Очирхуягийг хамтран эзэмшигч байдлаар оруулж ирнэ гэдэг бол Газрын тухай хуульд заасан Э.Очирхуягийн эрхүүд зөрчигдөнө. Тэгэхээр газраа хамтран эзэмших ашиглах талаар хуульд заасан агуулгыг буруу тайлбарлаж хэрэглээд байна. Энэ үндэслэлээр газар эзэмших эрхгүй болчихлоо гэж үзэж байгаа. Мөн өв залгамжлах эрхийн гэрчилгээгээ авах гэж үзсэн боловч тухайн өвөлжөөний газрыг бүхэлд нь өөр иргэнд эзэмшүүлэх хүсэлт өгсөн учраас өвөлжөөний газраа өв залгамжлах эрхээ хэрэгжүүлэх эрх байхгүй юм байна, асууж сурагласан гэдгээ хэлсэн. Энэ нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа биш юм.
Хөөн хэлэлцэх хугацааны хувьд 2021 оны 07 дугаар сарын 17-нд Тэлмэн сумын Засаг даргаас Э.Очирхуягийн гомдлыг шийдвэрлэсэн хариу гарсан. Үүнийг 07 сарын 20-ны өдөр хүлээж аваад тус өдрөө аймгийн Засаг даргын Тамгын газарт өөрийн биеэр ирж гомдлоо гаргасан байдаг. Захиргааны ерөнхий хуульд зааснаар гомдлыг хүлээж авсан албан тушаалтан 30 хоногийн дотор буюу 08 сарын 20-ны дотор шийдвэрлэх ёстой. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т гомдлыг хянан шийдвэрлэх хугацаа 30 хоногийн хугацаа өнгөрсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй талаар заасан. Ингээд гомдол хянан шийдвэрлэх 8 сарын 20-ны өдрийн хугацаа өнгөрснөөс хойш 9 сарын 20-ны өдөр нэхэмжлэгч гомдол гаргах эрхтэй боловч аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2021 оны 09 сарын 10-ны өдөр иргэн Э.Очирхуягийн гомдлыг шийдвэрлээд Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн байдаг. Харин Засаг даргын Тамгын газраас тус хариуг Э.Очирхуягт хэрхэн яаж хүргүүлсэн талаар ямар нэг баримт байдаггүй. Э.Очирхуяг иргэн хүнийхээ хувьд аймгийн Засаг даргаас надад ямар нэгэн бичиг тоот ирээгүй гэж тайлбарлаад байгаа нь буруу биш юм. Иймд 10 сарын 09-ний өдөр гомдол гаргасан байдлыг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй байна гэж дүгнэж байна. Хуульчдын зүгээс дүгнэхдээ Газрын харилцаа барилга хот байгуулалтын албанаас хариу албан бичиг ирүүлсэн байна, үүнийг ирүүлснээс хойш гомдол гаргасан нь аймгийн Засаг дарга харьяа албан тушаалтнаар шийдвэрлүүлсэн учраас гомдол гаргах хугацаа хэтэрсэн байна гэж үзэх боломжгүй байна гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1999 онд сумын Засаг даргаар Далхжавын Эрдэнэбат, 2009 онд Жигэндий овогтой Ренчиндорж нар ажиллаж байсан ба Нурамтын өвөлжөөг Г.Ганхуягт 1999 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Т-09 дүгээр гэрчилгээгээр олгож эзэмшүүлсэн. Мөн оны 05 дугаар сарын 18-ны өдөрт Т-12 дугаартай гэрчилгээ авч Б.Эрдэнэдаваа эзэмшиж байсан байна. Г.Ганхуяг нь ээж Д.Бямбажавынхаа нэр дээр 2009 онд 123406 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээг давхар авчээ. Тухайн үед газрын даамлын ажлыг Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Гантөмөр давхар хариуцан ажиллаж байсан байна. ... Г.Ганхуяг, Э.Очирхуяг нарын маргаан явсаар хоёр ч шатны шүүхээр орсон байх. Ер нь Нурамтын өвөлжөөг Г.Ганхуяг, Э.Очирхуяг нар үе удам дамжиж хэрэглэж байсан эсэхийг би мэдэхгүй байна. 1980-аад оны үед Жаргалын зам нэгдэл гэж байхад бууцтай газар өвөлжөө бариад айл болгон өвөлжөөд явдаг байсан. Тэрнээс хойш хувьчлал явагдаад, нэгдэл тарсан. Гэхдээ энэ өвөлжөөн дээр н.Даваажанцан гуайн Шар гээд нэг нөхөр өвөлжиж байсан. Чухам гэрчилгээ авсан байсан уу, үгүй юу гэдгийг мэдэхгүй байна. Сүүлдээ Эрдэнэт хот руу шилжээд явсан байсан. Одоо маргаад байгаа Г.Ганхуяг бол Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн харьяат, Э.Очирхуяг нь сүүлийн хэдэн жил Нурамтын өвөлжөөг эзэмшиж, өвөлжиж байгаа. Г.Ганхуяг, Э.Очирхуяг хоёр хоорондоо зохицоод энэ өвөлжөөндөө өвөлжиж болдоггүй юм уу, хэрэв боломжгүй, шүүх шийдэж чадахгүй бол багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлбэл яадаг юм. Иймд Тэлмэн сумын Засаг даргын 2009 оны захирамжийг хүчин төгөлдөр гарсан хүчинтэй захирамж гэж үзэж байна... гэв.
Гуравдагч этгээд Д.Бямбажав, Г.Ганхуяг нараас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний аав Н.Гомбосүрэн ээж Д.Бямбажав нар нь Тэлмэн сумын Нуур багийн харьяат бөгөөд 1996 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Тэлмэн сумын захиргаа Нуур багийн иргэдийн Хуралд өргөдөл гаргаж Дээд шумуултайн Нурамтын өтөг гэх газар өвөлжөөний газар хүссэн өргөдлийн дагуу тус газарт газрын зөвшөөрөл олгосон баримтыг эх хувиар нь би хадгалж байгаа болно. Тухайн үед сумын Засаг дарга н.Гүндсамбуу, Нуур багийн Засаг дарга Ч.Чимэд-Ойдов нар ажиллаж байсан. Өвөлжөөний хашаа барихад хэрэглэх модны гоожин гэх мэт зүйлсийг бүрдүүлсний дараа хүн дутсаны улмаас Э.Очирхуягийн ах Ц.Мандалмааг гуйж туслуулан 1996 оны 5, 6 дугаар сард өвөлжөөг барьсан бөгөөд 1996-2001 он хүртэл би аавтайгаа өвөлжиж 2001 онд Тосонцэнгэлд нүүж ирсэн. Энэ хугацаанд 1998, 1999 онд Э.Очирхуягийн аав Б.Эрдэнэдавааг 2 удаа өвөлжүүлсэн. Тухайн үедээ Б.Эрдэнэдаваа гэдэг хүн нь Тэлмэн сумын харьяат байгаагүй. 2001 оноос 2004 он хүртэл аав, ээж хоёр минь өвөлжөө бууцандаа байсан, 2004 онд аав бурхан болоод түүнээс хойш манай ээж 2010 он хүртэл өвөлжөөндөө байсан. 2010 оны зун ээж маань Улаанбаатар хотод хагалгаанд орох болж би авч яваад ирэхэд Э.Очирхуяг нь тус өвөлжөөний хашааны талыг нь буулгаж аваад хажуу талд хашаа бариад ээжийг өвөлжих аргагүй болгосон байсан. Ийм учир хэдэн малаа өөрийн хамаатан н.Ганбаатар, н.Ариунжаргал нарт хуваан одоог хүртэл маллуулж байгаа Э.Очирхуяг нь 2000-2008 он хүртэл Улаанбаатар Заамар зэрэг газруудаар амьдарч байгаад ирсэн. Э.Очирхуягийн аав Б.Эрдэнэдаваа нь 2000-2007 онд Тосонцэнгэл сумд байгаад 2007 онд бурхан болсон. 1999 онд Дээд шумуултайн Сантын өвөрт хаваржиж байхад тухайн үеийн сумын Засаг даргын орлогч н.Цэвээнжав, ойн байцаагч н.Дариймаа, сумын цагдаа н.Гүрсэд, багийн хүний эмч н.Сувдаа ирээд аав Н.Гомбосүрэнд Т-08 манайд Т-09 дүгээр газар эзэмших гэрчилгээг олгосон тухайн үед газрын шинэ хууль хэрэгжиж эхэлж байсан юм шиг байгаа юм. 2009 онд газрын гэрчилгээ солигдоно гээд Т-08 гэх газрын гэрчилгээг 0123406 тоот гэрчилгээгээр солиулсан бөгөөд аав нас барсан учир гэр бүлийн хүн болох Д.Бямбажав нь нэр дээрээ шилжүүлсэн. 1996-2012 он хүртэл газрын татвараа төлж байсан, төлбөр төлж байсан баримтуудаа заримыг алга болгосон бөгөөд байгаа баримтууд баталгаажуулж хавсаргасан. 2011 оны татварыг газрын даамал Ж.Гантөмөрт ээж өөрийн биеэр өгсөн байдаг. 2013-2017 онд ээж өөрийн биеэр татвараа өгөхөөр удаа дараа очсон боловч Э.Очирхуягаас авсан, давхар авахгүй гээд буцаасан байсан. Ээж 2018 онд Эрдэнэт хотод Меданист эмнэлэгт ходоодны хагалгаанд ороод байнгын асаргаа шаардлагатай болсон учир 2019 онд Тэлмэн сумаас Тосонцэнгэл суманд шилжиж одоо ээж маань 86 настай энэ бүх хугацаанд газар эзэмших гэрчилгээ хуулийн дагуу эзэмшиж байгаа бөгөөд Э.Очирхуягийг газар эзэмших гэрчилгээгүйгээр газрын кадастрын зураг гаргуулсныг шалгуулмаар байна. ... Нэхэмжлэгчээс баг, сумын Засаг даргад хандаж гаргаж байсан өргөдлүүд нь хаана байдаг юм. Мэдэхгүй байна. Хуулиараа шийднэ биз дээ гэв.
Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Г.Баттулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдийн зүгээс 3 үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй байна гэж үзэж байна. Нэгдүгээрт, Э.Очирхуягийн тухайд дээрх нэхэмжлэлийг гаргах эрх байна уу гэдэг асуудал яригдана. Нэхэмжлэгч Э.Очирхуяг нь өөрийн аав Б.Эрдэнэдаваагаас газар эзэмших эрхийг шилжүүлж авсан гэж ярьдаг. Гэтэл Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэлүүдийг зааж өгсөн. Тухайлбал, 39 дүгээр зүйлийн 39.1.2-т газар эзэмшигч иргэн нас барсан гэдэг үндэслэл байгаа. Тэгэхээр Б.Эрдэнэдаваа гэдэг хүн 2007 онд нас барснаар газар эзэмших харилцаа нь тухайн үед дуусгавар болсон. Мөн нэхэмжлэгч Э.Очирхуягийн тухайд Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т зааснаар Б.Эрдэнэдаваагийн газар эзэмших эрхийг өв залгамжлалаар шилжүүлэн авах боломж байсан боловч эрх шилжүүлэн авах тухай хүсэлтээ огт гаргаж байгаагүй. Энэ эрхээ өөрөө хэрэгжүүлээгүй. Хэдийгээр Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан боловч Иргэний хуулийн 515 дугаар зүйлд зааснаар эрхээ өв залгамжлалаар шилжүүлж болдог. Ингэхдээ Иргэний хуулийн 531 дүгээр зүйлд заасны дагуу өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор өвлөх эрхийн гэрчилгээгээ авах ёстой байсан. Гэтэл ямар нэг байдлаар өвлөх эрхээ хэрэгжүүлээгүй байна. Б.Эрдэнэдаваа гэдэг хүний газар эзэмших эрхийн харилцаа 2007 онд дууссан. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулийн хүрээнд өөрийн мэдэлд байлгах ашиглахыг хэлж байгаа. Газар эзэмших эрхийн гэрчилгээ гэдэг нь энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллага газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг хэлнэ гэж байгаа. Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан. Тэгэхээр Э.Очирхуягийн тухайд өнөөдөр хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ байхгүй учраас Г.Ганхуяг, Д.Бямбажав нар нь эрхээ хамгаалуулахаар Тосонцэнгэл сумын шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан байна. Нэхэмжлэгч нь Д.Бямбажав гэдэг хүний газар эзэмших эрхийн гэрчилгээ хууль бус гэж маргадаг. Нэхэмжлэлдээ Ж.Ренчиндоржийн гарын үсгийг хуурамч байна гэж бичдэг. Гэтэл тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан Ж.Ренчиндорж нь мэдүүлэг өгөхдөө өөрийнх нь гарын үсэг мөн байна гэдэг. Д.Бямбажав гуайн тухайд Газрын тухай хуулийн 32, 33 дугаар зүйлд заасны дагуу Засаг даргын захирамжаар газар олгогдоод, гэрчилгээ гараад, түүний дагуу гэрээгээ байгуулж байсан байна.Үүн дээр нэхэмжлэгч талаас олгосон газрын хэмжээний талаар маргадаг. Үнэхээр хэмжээний асуудал байх юм бол уг захирамжийн алдааг зөвтгүүлээд даалгах бүрэн эрх шүүхэд байгаа. Зөвхөн энэ үндэслэлээр гэрчилгээг нь хүчингүй болгоно гэвэл учир дутагдалтай.
Хоёрдугаарт, газрын нэр буруу бичигдсэн гэж байна. Өмнөх шүүхийн шийдвэрт шүүгч ...хэдийгээр Баянтэгш гэж бичсэн боловч 2009 оны холбогдох бүртгэлээс харахад Д.Бямбажавт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож улсын бүртгэлд бүртгүүлсэн тухай тэмдэглэлд газрын байршлыг Баян-Айраг гэж бичсэн байна гэж тусгагдсан. Мөн тухайн үед газрын даамлын үүрэг гүйцэтгэж байсан Ж.Гантөмөр гэрч газрын нэр андуурагдан бичигдсэн байж болно гэж мэдүүлсэн. Нэхэмжлэгч талаас Д.Бямбажавыг мал малладаггүй, Тосонцэнгэл сумд оршин суудаг гэж байна. Гэтэл Д.Бямбажав гэдэг хүнийг хаана оршин сууж байсан талаар хаягийн лавлагаа авахад 2019 онд Тосонцэнгэл сум руу шилжээд, 2021 онд буцаад Тэлмэн сумдаа ирсэн байдаг. Мал бүхий иргэн байна гэдэг нь Завхан аймгийн Архивын тасгийн 2021 оны 04 сарын 01-ний өдрийн архивын баримтаар нотлогдож байгаа. Н.Гомбосүрэн гэдэг хүн 1996 онд хүсэлт өгөөд өвөлжөөн дээр хашаа саравч бариад явсан зүйл байгаа. Харин Б.Эрдэнэдаваа гэдэг хүний тухайд ийм зүйл байдаггүй. Тэгэхээр Э.Очирхуягийн тухайд газар эзэмших эрхийн гэрчилгээ огт байхгүй байж миний эрх зөрчигдөөд байна гэж маргаад байгаа нь үндэслэлгүй. Г.Ганхуягийн тухайд энэ талаар ... манайхан нэг нутгийн улсууд, ээжийн бие өвдөөд эмчилгээнд явахдаа түр байж бай гээд явсан. Гэтэл дараа нь Э.Очирхуяг энэ өвөлжөө минийх гээд Г.Ганхуяг, Д.Бямбажав нарын хашаа саравчийг буулгаад, өвөлжүүлэхгүй байсан учраас газраа чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан гэж тайлбарладаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тус өвөлжөөний газрыг Г.Ганхуяг, Д.Бямбажав, Э.Очирхуяг нар тус бүр 0.2 га-г эзэмших ёстой гэж тайлбарлаад байгааг би хуулийг буруу тайлбарлаад байна гэж үзэж байна. Энэ маргаан бол өвөлжөөний газрын маргаан. Тус тусдаа өвөлжөөний газрыг хуваагаад суух боломж байхгүй. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т ...Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхыг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно гэж заасан. Мөн бэлчээр ашиглалтын уламжлалыг хадгална гэж байгаа. Э.Очирхуягийн тухайд багийн иргэдийн нийтийн хуралдаа саналаа гаргаад асуудлаа шийдвэрлүүлээд явах боломжтой. Заавал гуравдагч этгээдийн гэрчилгээг хүчингүй болгуулаад байх шаардлага байхгүй. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд, бид хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэнэ. Нэхэмжлэгч үнэхээр 9 сарын сүүлээр албан бичгийн хариуг авсан гэж байгаа бол түүнийгээ нотлох ёстой. Энэ талаар баримтаа хэрэгт хавсаргах ёстой. Гэтэл нотолсон ямар ч баримт байхгүй. Харин 9 сарын 10-ны дотор гарсан байна. 10 сарын 13-ны өдөр шүүх нэхэмжлэлийг дардас дараад хүлээж авсан байна. Тэгэхээр нэхэмжлэл гаргах хугацааг 3 хоног хэтрүүлсэн асуудал яригдана. Хугацааг хэтрүүлсэн нь ямар шалтгаантай байсан талаар нотлох баримтуудаа ирүүлээгүй. Хамгийн гол нь нэхэмжлэл гаргахдаа Э.Очирхуяг нь энэ албан тоотыг зөвшөөрөхгүй байна гэж гаргаж байгаа. Гэтэл одоо гаргаж байгаа тайлбартаа Засаг дарга надад хариу өгөөгүй гэж тайлбарлаж байна. Тэгвэл Засаг дарга хариу өгөөгүй юм бол урьдчилан шийдвэрлэх ажиллагаа бүрэн хийгдээгүй байна гэж үзэх үү, Тийм учраас нэгдүгээрт, хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн байна. Хоёрдугаарт, Д.Бямбажав гэдэг хүн ямар нэг байдлаар хууль зөрчиж тухайн газрыг эзэмших эрхийг аваагүй байна.
Гуравдугаарт, нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй этгээд биш байна. Учир нь энэ газрыг өмчилсөн, эзэмшсэн талаар ямар нэг акт байхгүй байна. Б.Эрдэнэдаваа гэдэг хүний эрх 2007 онд дууссан байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Чимэдбадам: Давхцуулахгүйгээр дүгнэлтээ гаргая. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлээ тайлбарлахдаа гуравдагч этгээд нар нь мал малладаггүй, 0.2 га-г өгөх ёстой байтал 0.5 га-г өгсөн гэж тайлбарлаж байна. Гуравдагч этгээд нар нь үед дамжин мал маллаж ирсэн гэдэг нь өөрсдийнх нь тайлбар хэрэгт авагдсан архивын баримтаас харагдаж байна. Гуравдагч этгээд нарыг өвөлжөөндөө очиж өвөлжих гэхэд нэхэмжлэгч Э.Очирхуяг нь Г.Ганхуяг, Д.Бямбажав нарын хашаа, саравчийг буулгаж нураасан байсан гэдгийг нэхэмжлэгч өөрөө хэлсэн мөн Г.Ганхуягийн тайлбараар нотлогдож байна. Газрын хэмжээний тухайд өвөлжөөний газрын давхцалаас харвал бүгдэд нь 0.5 га газрыг олгосон байдал харагдаж байна. Нэхэмжлэгч талаас хэрвээ 0.07 га-гаас илүү байвал дуудлага худалдаагаар оруулна гэж байна. Гэтэл дуудлага худалдаагаар оруулах нь битгий хэл энэ газрыг яаж олгосон эсэх нь тодорхойгүй. Архив нь шатсан учраас материал байхгүй. Тийм учраас одоо байгаа нөхцөл байдалдаа үндэслэнэ. Мөн нэхэмжлэгчийн өвлөх эрхийг зөрчсөн гэж байна. Өвлөх эрх бол материалыг бүрдүүлээд, ядаж хугацаа нь дуусаагүй бол татгалзсан талаар нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөх ёстой. Гэтэл өвлөх эрхийн талаар ямар ч баримт хэрэгт байдаггүй. Мөн Э.Очирхуягт энэ газартай холбоотой маргаад байгаа ямар нэгэн баримт бичиг улсын бүртгэл байхгүй. Ганц байгаа баримт нь 2016 онд гаргасан кадастрын зураг байгаа. Энэ нь гэрчилгээ авсан гэж үзэх үндэслэл болохгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Иргэдийн Төлөөлөгч М.Галсайхан шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Монгол Улсын Газрын тухай хуулийн хэрэгжилт, газрын кадастрын ажил муу хийгдэж байсан. Төрийн захиргааны хариуцсан мэргэжилтний бүртгэлийн ажил муу үйлдэгдэж байснаас уг маргаан гарах үндэслэл болжээ гэж үзсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Очирхуяг нь Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр захирамжийн Д.Бямбажавт холбогдох хэсэг, Нурамтын өвөлжөөний газрыг Д.Бямбажавт эзэмшүүлэхээр олгосон 0123406 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 1999 оны 05 сарын 18-ны өдөр Г.Ганхуягт олгосон Т-09 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдааны явцад 1999 оны 05 сарын 18-ны өдөр Г.Ганхуягт олгосон Т-09 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.
Нэхэмжлэгч нь ...Нурамтын өвөлжөөг миний эцэг Б.Эрдэнэдаваа 1999 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Т-12 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшсэн, 2007 оноос би өнөөдрийг хүртэл жил бүр тасралтгүй эзэмшиж ашиглаж ирсэн ба гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон маргаан бүхий 11 дүгээр захирамж, газар эзэмших гэрчилгээ нь Нурамтын өвөлжөөний газрыг бодит байдалд эзэмшиж буй миний эрхийг зөрчсөн гэж, Хариуцагч ...2009 оны 11 дүгээр захирамжийн Д.Бямбажавт холбогдох хэсэг болон уг захирамжийн дагуу Нурамтын өвөлжөөний 0.5 га газрыг эзэмшүүлэхээр Д.Бямбажавт олгосон газар эзэмших эрхийн 0123406 дугаартай гэрчилгээ хууль зүйн үндэслэлтэй гэж тус тус маргаж байна.
Хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн, талуудын тайлбарт тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэг. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх тухайд: Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй байна. Гуравдагч этгээд Г.Ганхуяг нь нэхэмжлэгч Э.Очирхуягт холбогдуулан Нурамтын өвөлжөөний газрыг чөлөөлөх тухай нэхэмжлэлийг Тосонцэнгэл сум дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргаж, хариуцагчаар тодорхойлогдсон Э.Очирхуяг нь 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийг гардан авч Нурамтын өвөлжөөний газрыг эзэмшүүлэх тухай Тэлмэн сумын Засаг даргын 2009 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр захирамж, Д.Бямбажавт олгосон 0123406 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 1999 онд Г.Ганхуягт олгосон Т-09 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийн талаар мэдэж, энэ талаар Завхан аймгийн Засаг даргад 2020 оны 07 дугаар сард хандан гомдол гаргасан байх ба уг гомдлыг Засаг даргын Тамгын газраас Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт шилжүүлснээр тус газрын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 388 дугаар албан бичиг[1] нь Завхан аймгийн Засаг даргын Тамгын газарт гэж хаяглагдан хүргэгдсэн байна.
Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна. 43.2-т Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна гэжээ. Нэхэмжлэгч Э.Очирхуягт гомдлын хариуг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон Засаг даргын Тамгын газраас мэдэгдээгүй, хүргүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримт, гэрч Б.Сүглэгмаагийн мэдүүлгээр[2] тогтоогдож байх тул нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Хоёр. Нэхэмжлэгч Нурамтын өвөлжөөний газрыг эзэмших эрхийн талаар маргах эрхтэй эсэх тухайд: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч нараас нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж маргасан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэх зохицуулалтад маргаж буй захиргааны байгууллагын шийдвэртэй нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь огт хамааралгүй, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь аливаа байдлаар хөндөгдөхгүй, эсхүл хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал илт тогтоогдохгүй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол сэргэхээргүй тохиолдолд тухайн захиргааны байгууллагын шийдвэрийн талаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй гэж ойлгоно.
Нэхэмжлэгч нь гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн шийдвэр, газар эзэмших гэрчилгээтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй эсэх нь Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмшүүлэх шийдвэр, газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээ байхгүй гэх нөхцөлөөр хязгаарлагдахгүйгээр маргаан бүхий газрыг бодитоор хэн, хэрхэн эзэмшиж, ашиглаж байсан үйл баримтаар тодорхойлогдохоор байна. Нурамтын өвөлжөөг Э.Очирхуяг бодит байдалд эзэмшиж, тус өвөлжөө нь 0.5 га буюу 5000м2 хэмжээтэй болох нь талуудын тайлбар, Тэлмэн сумын газрын даамлын хэмжилтээр тодорхойлогдож байх ба уг өвөлжөөний газарт нэхэмжлэгчийн 4 ширхэг хашаа, саравч, пүнз, гуравдагч этгээдийн 3 ширхэг хашаа, саравч, пүнз байгаа нь үзлэгийн явцад[3] талуудын тайлбараар тогтоогдсон, хэргийн оролцогчид энэ талаар маргахгүй байна.
Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-д газар эзэмшигч нас барсан тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж болно гэжээ. Нэхэмжлэгчийн эцэг Б.Эрдэнэдаваа нь Нурамтын өвөлжөөний 0.2 га газрыг 1999 оны Т-12 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байсан ба түүний газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байгаа, мөн нэхэмжлэгч Э.Очирхуяг нь Нурамтын өвөлжөөний газрыг бодит байдалд эзэмшиж, ашиглаж байгаагийн хувьд өөрийн эцгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах эрхтэй, түүнчлэн маргаан бүхий захирамжийн улмаас түүний Нурамтын өвөлжөөний газар, түүний дээр байрлах хашаа, саравч, пүнз зэргийг бодит байдалд болон шилжүүлэн эзэмших, ашиглах эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байна. Иймд нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэх үндэслэлгүй байна.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс Э.Очирхуягийг Иргэний хуулийн 531 дүгээр зүйлд зааснаар өөрийн эцэг Б.Эрдэнэдавааг нас барснаас хойш 1 жилийн дотор өвлөх эрхийн гэрчилгээ аваагүй тул өвлөх эрхээ алдсан, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан газар эзэмшигч иргэн нас барсан, ... бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон үндэслэлээр Б.Эрдэнэдаваагийн газар эзэмших эрх дуусгавар болсон гэж маргаж байна. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлд өвлөх эрхийн гэрчилгээ олгох журмыг зохицуулсан ба 531.2-т Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно гэж заасан тул Э.Очирхуягийн өвлөх эрхийн гэрчилгээ авах эрх нь дуусгавар болоогүй ба Газрын тухай хуулийн 30.2-т зааснаар Нурамтын өвөлжөөний газрын 0.2 га газрыг өвлөх эрх нь нээлттэй байна.
Түүнчлэн Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д газар эзэмших эрх дуусгавар болох нөхцөлийг тодорхойлсон ба 39.1.2-т газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон бол газар эзэмших эрх дуусгавар болох-оор байх ба Э.Очирхуяг нь Б.Эрдэнэдаваагийн хууль ёсны өв залгамжлагч ба Тэлмэн сумын Баян-Айраг багт оршин суудаг болох нь улсын бүртгэлийн болон үндэсний архивын лавлагаагаар[4] тогтоогдсон, Б.Эрдэнэдаваагийн газар эзэмших эрх дуусгавар болоогүй түүний газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч нь Нурамтын өвөлжөөний газрын өөрийн эцгийн эзэмшил хэсгийг хууль ёсоор өвлөх эрхтэй, энэхүү эрх нь хуулиар нээлттэй байх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.
Гурав. Нурамтын өвөлжөөний 0.2 га газрыг Г.Ганхуягт олгосон 1999 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Т-09 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Э.Очирхуяг нь шүүх хуралдааны явцад Т-09 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт зааснаар дээрх шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн үлдэх шаардлагад хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй байна.
Дөрөв. Тэлмэн сумын Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр захирамжийн[5] Д.Бямбажавт холбогдох хэсэг болон Д.Бямбажавт олгосон 0123406 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Тэлмэн сумын Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр Газар эзэмшүүлэх тухай захирамжийн хавсралтын 5-д Д.Бямбажавт Нурамтын өвөлжөөний 0.5 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ба газрын байршлыг Баянтэгш гэж бичсэн байх боловч Д.Бямбажавт олгосон газар эзэмших гэрээ, улсын бүртгэлд бүртгэсэн тухай тэмдэглэлд[6] газрын байршлыг Баян-Айраг гэж бичсэн байна.
Уг захирамж нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан ... газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана гэх заалтыг үндэслэсэн ба Тэлмэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2/15 дугаар тогтоолоор батлагдсан 2009 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 18 өрхөд 90.000 м.кв хэмжээтэй өвөлжөө, хаваржааны доорх газрыг эзэмшүүлэхээр тусгасан боловч газрын байршил, нэр тодорхой заагдаагүй байна.
Маргаан бүхий Тэлмэн сумын Засаг даргын 2009 оны 11 дүгээр захирамжид холбогдох газар эзэмшигчийн хувийн хэрэг нь тус шүүхийн үзлэгийн[7] явцад Тэлмэн сумын архив болон газрын даамал, Завхан аймгийн Төрийн архивт хадгалагдаагүй байх ба маргаан бүхий 11 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсгийг үндэслэсэн байх тул гуравдагч этгээд Д.Бямбажавт Нурамтын өвөлжөөний 0.5 га газрыг шинээр эзэмшүүлж, хамтран эзэмшигчээр Г.Ганхуяг бүртгэгдсэн гэж үзэх үндэслэл болж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2009 оны 11 дүгээр захирамжийн холбогдох хэсгээр Д.Бямбажавт Нурамтын өвөлжөөний газрыг шинээр эзэмшүүлсэн гэж тайлбарлаж байх ба Нурамтын өвөлжөөний газрын хэмжээ одоогийн байдлаар 0.5 га хэмжээтэй[8], үүнтэй хэргийн оролцогч нар маргаагүй, Б.Эрдэнэдаваа, Г.Ганхуяг нарт Т-9, Т-12 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр олгогдсон газрын хэмжээ нийт 0.4 га ба эдгээр гэрчилгээ хүчингүй болоогүй байхад Д.Бямбажавт 0.5 га газар эзэмшүүлсэн нь бодит байдалд нийцэхгүй, зөрчилтэй байна.
Гуравдагч этгээд Д.Бямбажавт олгосон 0123406 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хамтран эзэмшигчийн бүртгэлд Г.Ганхуяг гэж тэмдэглэсэн боловч хэзээ ийнхүү тэмдэглэл хийгдсэн болон тэмдэглэж бүртгэхдээ нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт мэдэгдэж, санал хүсэлтийг нь авсан эсэх нь тодорхойгүй байна. Иймд 0.5 га газрыг Д.Бямбажав, Г.Ганхуяг нар хамтран эзэмших, эсхүл 0.25 га талбайн хэмжээгээр эзэмших эсэх нь эргэлзээтэй байна.
Тодруулбал нэхэмжлэгчийн бодит байдалд эзэмшиж буй Нурамтын өвөлжөөний газрыг гуравдагч этгээд Г.Ганхуягт 1999 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Т-09 дүгээр гэрчилгээгээр 0.2 га, нэхэмжлэгч Э.Очирхуягийн эцэг Б.Эрдэнэдаваад 1999 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Т-12 дугаар гэрчилгээгээр 0.2 га газрыг тус тус эзэмшүүлсэн ба эдгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр байхгүй талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байх тул дээрх гэрчилгээнүүдийг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Тэлмэн сумын Засаг дарга нь Нурамтын өвөлжөөний газрыг хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр эзэмшиж буй өөр бусад иргэн, түүний хууль ёсны өв залгамжлагч байгаа эсэх, уг өвөлжөө, түүний газрыг бодитоор хэн эзэмшиж, ашиглаж байгааг тогтоолгүйгээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэснийг зөрчиж шийдвэр гаргасан нь буруу байна. Энэ талаар 0.5 га газрыг Д.Бямбажавт давхардуулан олгосон гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гуравдагч этгээд Д.Бямбажавт 2009 оны 11 дүгээр захирамжаар Нурамтын өвөлжөөний 0.5 га газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан 0.07 га-аас илүүгүй байх гэсэн заалтыг зөрчсөн, гуравдагч этгээд Г.Ганхуягаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа ... Н.Гомбосүрэнгийн газар эзэмших эрхийг шилжүүлэн эхнэр Д.Бямбажавт 0.5 га газар эзэмшүүлсэн гэж тайлбарлаж байх ба Н.Гомбосүрэнд Нурамтын өвөлжөөний газрыг эзэмшүүлсэн талаар нотлох баримт байхгүй гэж маргаж байна.
Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д иргэнд... хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0.07 га-гаас илүүгүй байна Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т ...энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү ... газар эзэмшүүлэх асуудлыг ... дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж заасан ба энэхүү зориулалт, хэмжээнд өвөлжөөний газар хамаарахгүй, өвөлжөөний газрын хэмжээ нь тухайн өвөлжөөн дээр байгаа малын хашаа, саравч, пүнз, бууцны хэмжээгээр тодорхойлогдох тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.
Харин гуравдагч этгээдийн эцэг Н.Гомбосүрэн нь Нурамтын өвөлжөөний газрыг эзэмшиж байсан гэх үйл баримт тус шүүхээс хийсэн үзлэгийн[9] явцад тогтоогдоогүй ба ...Н.Гомбосүрэнгийн Нурамтын өвөлжөөний газар эзэмших эрхийг эхнэр Д.Бямбажавт шилжүүлэн эзэмшүүлсэн гэх гуравдагч этгээдийн тайлбар Нурамтын өвөлжөөний газар эзэмших эрхийг Д.Бямбажавт 2009 оны 11 дүгээр захирамжаар шинээр олгосон гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар үгүйсгэгдэж байна.
Иргэдийн төлөөлөгч М.Галсайхан шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Монгол Улсын Газрын тухай хуулийн хэрэгжилт, газрын кадастрын ажил муу хийгдэж байсан. Төрийн захиргааны хариуцсан мэргэжилтний бүртгэлийн ажил муу үйлдэгдэж байснаас уг маргаан гарах үндэслэл болжээ гэж үзсэн байна.
Иймд 1999 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Б.Эрдэнэдаваад олгосон Т-12 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль ёсоор өвлөх эрхтэй, Нурамтын өвөлжөөний газрыг бодит байдалд эзэмшиж, ашиглаж буй нэхэмжлэгч Э.Очирхуягийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн төдийгүй Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан журмыг зөрчсөн байх тул Тэлмэн сумын Засаг даргын 2009 оны 11 дүгээр захирамжийн Д.Бямбажавт холбогдох хэсэг, Д.Бямбажавт олгосон 0123406 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгох үндэслэлтэй байна.
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Очирхуяг нь Г.Ганхуягт олгосон 1999 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Т-09 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Очирхуяг нь Г.Ганхуягт олгосон 1999 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Т-09 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, мөн энэхүү шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтад хэргийн оролцогч нар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
3. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Очирхуягийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Тэлмэн сумын Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр захирамжийн Д.Бямбажавт холбогдох хэсэг, Д.Бямбажавт олгосон 0123406 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Очирхуягт олгосугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА
ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ
ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР