| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0566/З |
| Дугаар | 221/МА2025/0450 |
| Огноо | 2025-06-27 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2025/0450
Э******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Н.Хонинхүү
Илтгэгч: шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О*******, гуравдагч этгээд Т.Н*******, түүний өмгөөлөгч Ж.Т*******
Нэхэмжлэгч: Э******* ХХК
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Гуравдагч этгээд: Т.Н*******
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/26 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай А/649 дүгээр тушаалаар хэсэгчлэн цуцлагдсан газрын газар эзэмших эрхийг нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу олгохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож уг 1.4 га газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлсэн шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2025/0179 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галцэцэг
Хэргийн индекс: 128/2024/0566/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э******* ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/26 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай А/649 дүгээр тушаалаар хэсэгчлэн цуцлагдсан газрын газар эзэмших эрхийг нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу олгохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож уг 1.4 га газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлсэн шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах-аар маргасан.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2025/0179 дүгээр шийдвэрээр:
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/26 дугаар захирамжийг хүчингүй болгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай А/649 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн хэсэгчлэн цуцлагдсан газрын газар эзэмших эрхийг нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу олгохгүй байгаа нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг 1.4 га газрыг Э******* ХХК-д эзэмшүүлсэн шийдвэр гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1....Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлдээ Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг зөрчиж гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхдээ нэхэмжлэгч Э******* ХХК-ийн ашиглаж буй газартай давхардуулан олгосон нь хууль бус гэж дүнгэсэн нь шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэхээр байна.
Төрийн өмчийн газрыг бусад этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах талаарх эрх мэдэл-ийг захиргааны аль байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх асуудал нь хуулиар тусгайлан зохицуулагдсан бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргах"-аар заасан байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар захирамж гарган нэхэмжлэгч Э******* ХХК-д газар ашиглуулах эрх олгосон нь илт хууль бус, бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, мөн зүйлийн 47.2 дахь хэсэгт Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж хуульчилсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн газар ашиглах эрх 2023 оныг хүртэл хууль ёсны байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
3.2.Мөн анхан шатны шүүх 2022 онд маргаан бүхий газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх хэмжээ нутаг дэвсгэрийн харьяаллын хувьд Нийслэлийн Засаг даргад хамааралгүй байсан буюу өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсийг Монгол Улсын Их Хурлын 1995 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар тогтоосон, уг тогтоол хүчин төгөлдөр бөгөөд маргаан бүхий байршилд хилийн цэс одоог хүртэл өөрчлөгдөөгүй байхад хилийн цэс өөрчлөгдсөн гэж маргааны үйл баримтыг буруу ойлгож, буруу дүгнэлт хийсэн. Улмаар Нийслэлийн Засаr дарга нь гуравдагч этгээд Т.Н*******ад газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь нутаг дэвсгэрийн харъяалал зөрчсөн гэж маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/26 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
3.3.Захиргааны ерөнхий хуульд заасан Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэдгийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Захиргааны ерөнхий хуульд зааснаар хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим нь энэ хуулийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй. Иргэн, хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан ч уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй гэж хуульчилсан.
Өөрөөр хэлбэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2023 оны А/649 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Э******* ХХК-ийн газар ашиглах эрхийг маргаан бүхий хэсгээр цуцалж шийдвэрлэсэн буюу Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-т эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан байхад нэхэмжлэгч нь тухайн газар дээр хөрөнгө оруулалт хийж, газрын төлбөр төлсөн тул хууль ёсны итгэл хамгаалагдана гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6-д "Энэ хуулийн 49.3.3, 49.3.4, 49.3.5-д заасан үндэслэлээр захиргааны актыг цуцалсан тохиолдолд учирсан эд хөрөнгийн хохирлыг тухайн этгээдийн шаардсанаар нөхөн төлнө", мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй гэж тус тус хуульчилсан буюу нэхэмжлэгч өөрт учирсан эд хөрөнгийн хохирлыг илт хууль бус шийдвэр гаргасан захиргааны байгууллагаас шаардах эрх хуулиар нээлттэй байхад анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна.
3.4.Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгчид газар эзэмшүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь тус зүйлд захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус тохиолдолд даалгах шийдвэр үндэслэлтэй байх ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан байршилд нийслэлийн Засаг даргын 2022 оны А/26 дугаар захирамжаар иргэн Т.Н*******ад газар эзэмшүүлж шийдвэрлэсэн ба Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэдэгт нийцэхгүй байх тул татгалзаж шийдвэрлэснийг хууль бус эс үйлдэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд Т.Н*******, өмгөөлөгч Ж.Т******* нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
4.1....Дээрх шийдвэрт дурдсан нэхэмжлэлийн шаардлага нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/649 дугаартай тушаалаар хэсэгчлэн цуцалсан 14502,46 мкв буюу 1,4 га газрын эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий төрийн эрх барих дээд байгууллага болон бусад газар эзэмших эрх олгодог шат шатны байгууллагын шийдвэрт үндэслэсэн нэхэмжлэл байх бөгөөд иргэн Т.Н******* миний нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/26 дугаар захирамжаар эзэмшиж байгаа нэгж талбарын 1781117181 дугаартай 8047 мкв, 15 жилийн хугацаатай Э-2206013828 дугаарт бүртгэгдсэн иргэний газар эзэмших эрхийг олгосон, эрх бүхий төрийн байгууллагууд чиг үүрэг оролцооныхоо хүрээнд шийдвэрлэсэн байдлыг илтэд үгүйсгэсэн, хууль, эрх зүйн үндэслэлгүй шийдвэр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2025/0179 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
4.2.Иргэн Т.Н*******ад нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/26 дугаар захирамжаар эзэмшиж байгаа нэгж талбар 8047 мкв 0,8 га 15 жилийн хугацаатай Э-2206013828 дугаарт бүртгэгдсэн иргэний газар эзэмших эрх олгосон байдал, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/0755 дугаар Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр бүхий шийдвэртэй байхад ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/649 дугаартай тушаалаар 14502,46 мкв 1,4 га газрыг хэсэгчлэн цуцалсан талаар дурдаж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/649 дугаартай тушаалаар хэсэгчлэн цуцалсан 14502,46 мкв 1,4 га газрын эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү... гэх утгатай шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн боловч шийдвэр гаргахдаа газар эзэмшүүлэх шийдвэр гаргуулах талаар тодруулсан болгож байгаа нь анх маргаан үүсгэсэн шүүгчийн захирамжаас өөр шаардлага бүхий нэхэмжлэлийг хангасан хэлбэртэй буюу илтэд хууль зөрчсөн шийдвэр болсон бөгөөд нэхэмжлэлээс татгалзах үндэслэлийг огт авч үзээгүй болно, өөрөөр хэлвэл Т.Н*******ад газар эзэмшүүлсэн хүчин төгөлдөр захиргааны акт, шүүхийн шийдвэр байхад нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авсан нь хууль, эрх зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэж байна.
Иймд Э******* ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2025/0179 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээд талын давж заалдах гомдлыг хангасангүй.
1.Хариуцагч нийслэлийн Засаг даргаас 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 01/241 дүгээр албан бичгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөр анх томилсон Л.Оийн итгэмжлэлийг дуусгавар болгож, Н.Оийг томилсон, тэрбээр 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс ээлжийн амралтаа авсан гэх шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтдээ нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Ээлжийн амралт олгох тухай мөн өдрийн 73 дугаар мэдэгдлийг хавсаргасан, нэхэмжлэгч талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр, харин гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс байлцуулж хийх хүсэлтийг тус тус гаргасан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт Хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан тул ээлжийн амралттай байх-ыг хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж дүгнэн, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хүлээн авсангүй.
Учир нь хүндэтгэн үзэх шалтгааныг тодорхойлсон Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д ээлжийн амралтыг хамруулаагүй, мөн шүүх хуралдаан товлосон өдрөөс ээлжийн амралтаа эдэлж байгаа энэ тохиолдолд өөр төлөөлөгчийг томилуулах эсхүл шүүх хуралдаанд цахимаар оролцох боломжтой, түүнчлэн дээрх мэдэгдэлд дурдсанаар Н.О******* 7 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаагаар амрахаар байх тул түүний ээлжийн амралтыг дуустал шүүх хуралдааныг хойшлуулах хууль зүйн зохицуулалт байхгүй.
2.Богдхан Уулын дархан цаазат газрын хилийн заагт өөрчлөлт орсон эсэх, энэ талаарх холбогдох шийдвэр гарсан эсэхээс үл хамаарч цаг хугацааны хувьд нэхэмжлэгч Эл Си Ди Эл ХХК-д одоогийн маргаан бүхий газрын ашиглах эрх 2019 онд эхэлж үүссэн, өөрөөр хэлбэл сайдын мөн оны А/29 дүгээр захирамжаар 2.5 га газрыг ашиглуулах захирамж хүчинтэй байхад хариуцагч нийслэлийн Засаг даргын 2022 оны А/26 дугаар захирамжаар дээрх газрын 0.8 га-г иргэн Т.Н*******ад эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэнтэй нийцсэнгүй.
Хариуцагч нийслэлийн Засаг дарга Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал хуульд нийцсэн эсэхийг хянах эрх хэмжээгүй тул сайдын тушаал хүчинтэй байхад давхцуулж гуравдагч этгээдэд газар эзэмшүүлж байгааг хууль ёсны гэж үзэхгүй.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс газрын давхцалтай эсэх нь тодорхойгүй, энэ талаар шийдвэрт буруу дүгнэсэн гэх боловч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 2/309 дүгээр албан бичгээр ирүүлсэн нэхэмжлэгчийн болон гуравдагч этгээдийн эзэмших, ашиглах эрх бүхий газрын кадастрын зургийн солбилцлыг давхцуулсан зургаар 8047 мкв буюу бүхэлдээ давхцалтай болох нь тогтоогдсон, энэ талаар ч шийдвэрт тусгагдсан төдийгүй бодит байдалд нэхэмжлэгчийн барьж буй орон сууцны 1 блок бүрэн, 1 блок хэсэгчлэн гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газарт хамаарч байгаа талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс тайлбарласныг баримтаар үгүйсгээгүй болно.
Харин Богдхан уулын Жаргалантын болон Ташгайн амны хилийн цэс өөрчлөгдсөн гэх шалтгаанаар Сайдын 2023 оны А/649 дүгээр тушаалаар ашиглах эрх бүхий газрын 1.45 га-г хэсэгчлэн цуцалсантай маргаагүй нь нэхэмжлэгчээс уг газрыг үргэлжлүүлэн эзэмших хүсэлтийг хариуцагчид гаргаж шийдвэрлүүлэх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.
Тэр тусмаа нийслэлийн ерөнхий архитекторын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр баталсан Архитектур төлөвлөлтийн даалгаварт эзэмшил газрын 50%-иас дээшгүй талбайд барилгажуулахаар зөвшөөрсний дагуу 1.25 га-д орон сууцны барилга төлөвлөж, барилгын ажил хийгдэж байгаа болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон, газар ашиглах гурвалсан гэрээнд заасан газрын төлбөрийг бүрэн төлж, газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа энэ тохиолдолд хилийн цэст өөрчлөлт орсон нь нэхэмжлэгчийг буруутгах, цаашлаад батлагдсан зургийн дагуу төслөө хэрэгжүүлэх эрхийг хязгаарлах үр дагаварт хүргэхгүй, харин ч энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах хууль ёсны итгэлийг хамгаалах тусгай зарчим хэрэгжих учиртай.
Уг хуулийн энэхүү заалтын тайлбарт Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно гэж заасныг хариуцагчаас даалгах шаардлагын хүрээнд шийдвэр гаргахдаа харгалзан үзэх ёстой.
Шийдвэрт Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 3 дугаар тогтоолын 4-т гэрээ байгуулж, гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулах гэснийг хилийн цэсийн өөрчлөлтөөс хамаарч урьд нь эзэмшиж, ашиглаж байсан этгээдэд тухайн газрыг нь хуульд нийцүүлэн шийдвэрлэх агуулгаар чиглэл болгосон байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.
3.Харин гуравдагч этгээд Т.Н*******ын тухайд анх нийслэлийн Засаг даргын 2014 оны А/575 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 21 дүгээр сургуулийн хажууд амины орон сууцны зориулалтаар эзэмшиж байсан газар нь уг сургуулийн өргөтгөлийн барилга болон цахилгаан дамжуулах кабел шугамын трасст өртсөнтэй холбогдуулан газрын байршлыг өөрчилж, одоогийн маргаан бүхий захирамжаар 8047 мкв газрыг эзэмших эрх олгосон боловч нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийн эргэлтийн цэгийг газарт бэхэлж, тэмдэгжүүлэх ажил хийгдэж дуусаагүй хүлээгдэж байгаа, мөн тус маргаантай байршилд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал болон нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар иргэн, хуулийн этгээдэд давхцуулан олгосон газар эзэмших, ашиглах, өмчлөх шийдвэрийг цуцлах, байршил өөрчлөх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж газрын маргааны асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд Газрын кадастрын мэдээллийн системд өөрчлөлт хийгдэхгүй тул газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ авах хүсэлтийг эдгээр асуудлыг эцэслэн шийдвэрлэсний дараа шийдвэрлэх тухай мэдэгдлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 755 дугаар шийдвэрээр хууль бус болохыг тогтоож, Т.Н*******тай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгасан, улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 04-178/985 дугаар албан бичгээр шүүхийн энэхүү шийдвэрийг биелүүлэхийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд мэдэгдсэн байгаа ч, нэгэнт газар ашиглах эрх нэхэмжлэгчид түрүүлж үүссэн, хариуцагчаас маргаан бүхий захирамжийг гаргахдаа дээрх нөхцөл байдлыг бүрэн тодруулалгүйгээр нөхөн олговор байдлаар 8047 мкв газрыг гуравдагч этгээдэд олгохдоо ийнхүү нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, энэ талаар шийдвэрт хангалттай дүгнэсэн байх тул гуравдагч этгээд Т.Н*******ад шүүхийн хуулийн хүчин төгөлдөр дээрх шийдвэрийг биелүүлж, дахин эрхийн ямар нэгэн зөрчилгүй, маргаангүй газар эзэмшүүлэхэд, эсхүл хариуцагчаас энэ талаар шаардахад эдгээр шийдвэр, магадлал саад болохгүй болохыг тус тус тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2025/0179 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О*******, гуравдагч этгээд Т.Н*******, түүний өмгөөлөгч Ж.Т******* нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН