Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 25

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүгч Ц.Алтангадас, шүүгч Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй

Улсын яллагч Б.Бүжинлхам

Иргэдийн төлөөлөгч Ш.Цэрэнжамц

Шүүгдэгч Х.Жамбалсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Жамбалсүрэнд холбогдох 201614000480 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, ах дүү нарын хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо 109 дүгээр байрны 89 тоотод оршин суух, урьд Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 05 сарын 01-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 949 дугаартай шийтгэх тогтоолооор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д тус тус зааснаар 6 жилийн хорих ялар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн  16 дугаар шүүгчийн захирамжаар 1 жил 1 сар 11 хоногийн хорих ялыг тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай гэх Мээрэн овогт Хас-Очирын Жамбалсүрэн /ИМ96010611/

            Шүүгдэгч Х.Жамбалсүрэн нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжаар 1 жил 1 сар 11 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө  тэнсэн суллагдсан ялтай байх хугацаандаа буюу давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-11 дүгээр байрны орцонд 14 настай О.Ононгийн 250.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг галакси нөте-2 маркийн гар утсыг, 14 настай У.Тамирын 535.000 төгрөгийн үнэ бүхий самсунг галакси жи-7 маркийн гар утсыг дээрэмдэж 785.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: 

-Шүүгдэгч Х.Жамбалсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 3-11-р байрны гадаа сууж байхад 3 хүүхэд ирсэн. Би тэр гуравыг тоосго өргөөд өгөөч гээд орцонд оруулаад та нарт гар утас байна уу гэж асуугаад утсыг нь авсан. Манай ээжийн бие муу надад хувцас, идэж уух юмны мөнгөгүй байсан болохоор ийм хэрэг үйлдсэн. Миний буруу. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Хорихоос гарч ирээд сайхан амьдарья гэж бодож байсан боловч мөнгө төгрөггүйгээс ийм юм болсон.  Хаалттай газар байхдаа их юм боддог. Харин гарч ирээд нэг мэдэхэд ийм хэрэгт холбогдчихдог.  Буруу зүйл хийсэндээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг,

-Насанд хүрээгүй хохирогч О.Ононгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 14 цаг өнгөрч байхад эгч Одонтунгалаг Сонорхайрхан худалдааны төвөөс надад шинэ Галакси нөте-2 маркийн гар утас худалдаж авч өгсөн.  Энэ үед би найз Өнөболдтой хамт явж байсан. Тэгээд надад Мобикомоос шинэ дугаар авч өгөөд манай найз Тамир бид нар дээр ирсэн.  Тамир, Өнөболд бид 3 манай  эгчээс салаад Уурхайчин багийн 3-12 дугаар байрны хажуугаар явж байхад төмөр хашлага дээр нэг ах сууж байгаад бид гурвыг дуудсан.  Тэр ах тоосго зөөгөөд өг 10.000 төгрөг өгье гэсэн. Тэр ах бид гурвыг дагуулж 3-11-р байрны хамгийн захын орцны дээд давхарт гараад утаснуудаа гаргаад ир гэж ширүүн хэлсэн. Бид гурав утсаа гаргаж үзүүлтэл  утаснуудыг маань аваад Өнөболдын утсыг буцааж өгсөн. Тамир бид хоёрын утсыг аваад симээ ав гэсэн. Би утсаа өгөхгүй гэхэд тэр ах чи юу яриад байгаа юм бэ  үхэхийг хүсээ юу, ална шүү гэж сүрдүүлсэн гэсэн мэдүүлэг /хх 38-40 ху/,

-Насанд хүрээгүй хохирогч У.Тамирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр манай найз Онон шинэ утас авсан гээд Өнөболд тэр хоёр хамт явж байсан.  Тэгээд 15 цагийн үед тэр хоёртой уулзаад 3-12 дугаар байрны хажуугаар явж байтал төмөр хашлага дээр сууж байсан ах тоосго зөөж тус болооч 10.000 төгрөг өгье гэхээр нь 3-11-р байрны орц руу орсон. Тэгээд орцонд би урьд шөнө хэдэн хүүхдүүдэд зодуулсан та нар байж магадгүй утаснуудыг чинь үзье гэсэн. Бид гурав утсаа үзүүлэхэд Өнөболдын дэлгэц нь хагарсан утсыг буцааж өгсөн.  Онон та гар утсыг минь яах гээд байгаа юм бэ гэхэд Ононгийн нүүр лүү цохисон.  Миний утас 2016 оны 08 сард 535.000 төгрөг худалдаж авсан Самсунг жи-7 маркийн гар утас байсан гэсэн мэдүүлэг /хх 41-42 ху/,

-Насанд хүрээгүй гэрч Н.Өнөболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Орцонд ороод тэр ах  өчигдөр намайг хэдэн хүмүүс зодсон утсан дээрээ зураг авсан, та нар байж магадгүй утсаа гаргаад ир ална шүү гээд байсан. Бид гурав утсаа гаргаж үзүүлтэл зураг үзэж байгаад миний утсыг эргүүлж өгөөд Онон, Тамир хоёрын гар утсыг авсан.  Онон та миний утсаар яах гээд байгаа юм бэ гэхэд Ононгийн нүүр лүү цохиод ална шүү гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 44-45 ху/,

-Иргэний нэхэмжлэгч А.Одонтунгалагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн үед би өөрийн дүү Ононд Самсунг нөте-2 маркийн гар утас Сонорхайрхан худалдааны төвөөс авч, шинэ дугаар мөн авч өгөөд салсан.  Онон надаас салах үед Тамир, Өнөболд гээд хоёр найз нь ирчихсэн байсан. Тэгтэл 15 цагийн үед  Онон танихгүй дугаараас залгаад гар утсаа дээрэмдүүлчихлээ гэж хэлсэн. Би тэр утсыг 250.000 төгрөгөөр худалдан авсан гэсэн мэдүүлэг /хх 39 ху/,

-Иргэний нэхэмжлэгч  Г.Ууганзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Мобикомын салбараас 535.000 төгрөгөөр Самсунг галакси жи-7 маркийн гар утас худалдан авч хүү Тамиртаа өгсөн. Гэтэл хүү маань 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр утсаа дээрэмдүүлсэн байсан гэсэн мэдүүлэг /хх 42 ху/,

-Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх 33, 35 ху/

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 34, 36 ху/

-Эд зүйлийн үнэлгээ /хх 51 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 76 ху/

-Х.Жамбалсүрэнг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, ял өөрчилж сонсгон яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 68-74 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

            Шүүгдэгч Х.Жамбалсүрэн нь урьд нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 07 сарын 31-ний өдрийн 949 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялаас заримыг буюу 6 сарын хорих ялыг нэмж биечлэн эдлэх ялыг 6 жилээр тогтоож шийдвэрлэсэн байх бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 16 тоот шүүгчийн захирамжаар 1 жил 1 сар 11 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө  тэнсэн суллагдсан байна.

Шүүгдэгч Х.Жамбалсүрэн нь дээрхи тэнсэн суллагдсан байх хугацаандаа буюу давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-11 дүгээр байрны орцонд 14 настай О.Ононгийн 250.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг галакси нөте-2 маркийн гар утсыг, 14 настай У.Тамирын 535.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг галакси жи-7 маркийн гар утсыг дээрэмдэж 785.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн насанд хүрээгүй хохирогч О.Ононгийн “...Тэр ах бид гурвыг дагуулж 3-11-р байрны хамгийн захын орцны дээд давхарт гараад утаснуудаа гаргаад ир гэж ширүүн хэлсэн. Бид гурав утсаа гаргаж үзүүлтэл  утаснуудыг маань аваад Өнөболдын утсыг буцааж өгсөн. Би утсаа өгөхгүй гэхэд тэр ах чи юу яриад байгаа юм бэ  үхэхийг хүсээ юу, ална шүү гэж сүрдүүлсэн” /хх 38-40 ху/, насанд хүрээгүй хохирогч У.Тамирын “...Бид гурав утсаа үзүүлэхэд Өнөболдын дэлгэц нь хагарсан утсыг буцааж өгсөн.  Онон та гар утсыг минь яах гээд байгаа юм бэ гэхэд Ононгийн нүүр лүү цохисон” /хх 41-42 ху/, насанд хүрээгүй гэрч Н.Өнөболдын “...Орцонд ороод тэр ах  өчигдөр намайг хэдэн хүмүүс зодсон утсан дээрээ зураг авсан та нар байж магадгүй утсаа гаргаад ир ална шүү гээд байсан. Бид гурав утсаа гаргаж үзүүлтэл зураг үзэж байгаад миний утсыг эргүүлж өгөөд  Онон, Тамир хоёрын гар утсыг авсан.  Онон та миний утсаар яах гээд байгаа юм бэ гэхэд Ононгийн нүүр лүү цохиод ална шүү гэж хэлсэн” /хх 44-45 ху/ гэсэн мэдүүлгүүд, иргэний нэхэмжлэгч А.Одонтунгалаг /хх 39 ху/, Г.Ууганзаяа /хх 42 ху/ нарын мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /хх 51 ху/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Х.Жамбалсүрэнгийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг энэ гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,  хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийг баримтлан Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 949 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн  1 жил 1 сар 11 хоногийн хорих ялаас заримыг нэмж нэгтгэх нь зүйтэй.

 Шүүгдэгч Х.Жамбалсүрэн нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохиролоо сайн дураараа төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг дахин үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний хувийн байдлыг харгалзан ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэв.

Хохирогч нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

Шүүгдэгчийн цагдан хоригдсон 70 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдсан сиди-1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Мээрэн овогт Хас-Очирын Жамбалсүрэнг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шүүгдэгч Х.Жамбалсүрэнг эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 1 хоногийн хорих ял дээр  Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 949 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн  1 жил 1 сар 11 хоногийн хорих ялын заримыг буюу 5 /тав/ сарын хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жил 5 /тав/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52.5-д зааснаар шүүгдэгч Х.Жамбалсүрэнд оногдуулсан 5 жил 5 сар 1 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Х.Жамбалсүрэнгийн цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди-1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь  бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Жамбалсүрэнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ

                       ШҮҮГЧИД                                                   Ц.АЛТАНГАДАС

                                                                                         Ж.БАЙГАЛМАА