Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/387

 

 

 

 

  

 

 

 

 

   2023         04         10                                    2023/ШЦТ/387

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Оюунбат,

Улсын яллагч: Н.Уранбайгаль,

Хохирогч: Б.Т,

Иргэний нэхэмжлэгч А.Л,

Иргэний нэхэмжлэгч Л.Ц,  

Шүүгдэгч: Ж.М, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нар оролцсон эрүүгийн 0 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

1998 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ж.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 05 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Шарга морьт” зуслангийн замд 0 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, /жолоодлого хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 13.1 гүйцэж түрүүлэх ба гүйцэх, 13.1 Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино, 13.4 Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ уулзвар болон гарц дээр гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Б.Тгийн жолоодон явсан 0 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Б.Тгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ж.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

 

Хохирогч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн өдөр Шарга морьт зуслангийн замаар охиноо шатрын дугуйланд хүргэж өгчихөөд явж байсан. Эсрэг урсгалтай энгийн зам байсан. Тэгээд уруудаад туслах замаар салаад гэр лүүгээ орох гээд зүүн талын толиндоо харахад ард хоёр машин явж байсан. Нэг хар машин, шүүгдэгчийн машин байсан. Тэгээд дохиогоо өгөөд дөнгөж эргэтэл хар эрчээрээ дараад ороод ирсэн. Ертөнцийн зүгээр урагшаа явж байсан. Жолооч талаас маш хүчтэй орж ирсэн. Тухайн үед би өөрөө бууж чадахгүй манараад байсан. Машинаас өвчин намдаагч хий гарсан. Тэгээд манай хөршүүд ирээд намайг машинаас гаргасан. Тэгсэн М шал согтуу байсан. Би гайгүй юу? гээд биеийн байдлыг нь асуусан чинь М намайг элдвээр хараагаад байсан. Тэрэнд бол гомдолтой байгаа. Өөрөө ойлгох байх. Цагаан сарын үеэр нурууны гэмтэл сэдэрсэн. Тэгээд эмчилгээ хийлгэсэн. Насан туршдаа дэглэмтэй байна гэсэн. Шинжилгээ хийлгэсэн талаарх 200.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Л.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Манай албан журмын даатгагчдын холбоо нь жолоочийн даатгалын хуульд заасны дагуу даатгалгүй, эсхүл даатгалын гэрээний хугацаа дууссан этгээд даатгалын тохиолдол гаргавал хохирогчийн үүрэг дээр үндэслээд жолоочийн даатгалын сангаас нөхөн төлбөр олгодог. Олгосон нөхөн төлбөрөө буруутай этгээдээс нэхэмжилдэг байгууллага. Хохирогч Б.Т албан журмаар манай байгууллагад хүсэлт гаргасны үндэс дээр манай гүйцэтгэх захирал 2022 оны 11 дугаар сарын 22-ны өдөр 54 дугаартай тушаалаар жолоочийн даатгалын тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,000,000 төгрөгийн нөхөн төлбөрийг олгохоор шийдвэрлэж. Тус мөнгийг хохирогч Б.Т руу шилжүүлсэн. Б.Тгийн жолоодож явсан 6204 УБУ дугаартай тээврийн хэрэгслийг 2022 оны 03 дугаар сард албан журмын даатгалд даатгуулсан. Мэдээллийн санд бүртгэгдэн гарч ирсэн. Шүүгдэгч М жолоодож явсан тээврийн хэрэгсэл А албан журмын даатгалд даатгуулсан боловч нэр нь байхгүй. Даатгалд 1-3 хүн даатгуулж болдог. Гэтэл шүүгдэгч М нэр дурдагдаагүй учир даатгалгүй этгээд гэж үзсэн. Иймд манай байгууллагаас иргэний нэхэмжлэгч А.Лд 5.000.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байна. Жолоочийн даатгалын тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар даатгалтай тээврийн хэрэгсэлд 5.000.000 хүртэлх нөхөн төлбөр олгох талаар заасан. Энэ хугацаанд М манай байгууллагад 3.500.000 төгрөгийг төлсөн. Одоо 1.500.000 төгрөг дутуу. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд зааснаар манай байгууллагаас нэхэмжилж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлүүлэхдээ иргэний нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч /иргэний хариуцагч/ А.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн Jexus RX автомашины эзэмшигч нь би байсан. Миний нэр дээр байсан эд хөрөнгө. Тухайн үед “Дамно” ХХК болон бусад үнэлгээний газраар үнэлүүлэхэд 10.720.000 төгрөгөөр автомашины эвдрэл гэмтлийг үнэлсэн. Даатгалаас 5.000.000 төгрөг, шүүгдэгч Ж.Мэс 4.000.000 төгрөг нийт 9.000.000 төгрөг хүлээж авсан. Үлдэгдэл 1.720.000 төгрөг, шинээр автомашины 480.000 төгрөгийг нийт 2.200.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Мэс нэхэмжилж байна...” гэв.

 

Эрүүгийн 0 дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

 

ТЦА, ТЦА, Мөрдөн шалгах газар, ТЦА, МШГ, Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4 дүгээр хуудас/,

 

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 7 дугаар хуудас/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6, 9-11 дүгээр хуудас/,

 

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 8 дугаар хуудас/,

 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 12-15 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Ч.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч /иргэний хариуцагч/ А.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 34-37 дугаар хуудас/,

 

Иргэний хариуцагч /иргэний нэхэмжлэгч/ Д.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 41-45 дугаар хуудас/,

 

Гэрч М.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн №10400 дугаартай дүгнэлт /хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

 

            “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 88-92 дугаар хуудас/,

 

            “Бэст эстимэйт” ХХК хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 97-100 дугаар хуудас/,

 

            2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн №923 дугаартай мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 113-114  дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгч М мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 126 дугаар хуудас/, 

 

Шүүгдэгч М иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 67, 160 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 127 дугаар хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр хуудас/, гэрч Т.Мийн мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/, гэрч О.Бийн мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 130-140 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой 2 хуудас баримт зэргийг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ж.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 05 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Шарга морьт” зуслангийн замд 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, /жолоодлого хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 13.1 гүйцэж түрүүлэх ба гүйцэх, 13.1 Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино, 13.4 Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ уулзвар болон гарц дээр гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Б.Тгийн жолоодон явсан 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж Б.Тгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, 0000 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 10.720.000 төгрөгийн, 0000 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 4.206.600 төгрөгийн гэмтэл, хохирол тус тус учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

 

ТЦА, ТЦА, Мөрдөн шалгах газар, ТЦА, МШГ, Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс, дуудлагын лавлагааны хуудас,

 

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

 

            Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч,

 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд “...Aqua маркийн 62-04 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Ж.Мийг драйгер багаж ашиглан шалгахад 1.50% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэсэн баримт,

 

Хохирогч Б.Тгийн “...2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр RX-350 маркийн 07-00 УБГ улсын дугаартай машинаа би өөрөө жолоодоод хойшоо лагер руу охинтойгоо хоёулаа хамт явсан. Шарга морьтын эцэст Эрдэм гээд найзынхаа гэрт оччихоод тэндээ охиноо үлдээгээд буцаад ганцаараа хот руу зуслангийн замаар Гурван шарга гэдэг газрын харалдаа зүүн гар тийшээ дохиогоо өгөөд толиндоо хараад дөнгөж эргэтэл жолоочийн талаас машин ирээд мөргөөд миний машины хаалган талын аюулгүйн дэр дэлгэгдээд машин надад үзэгдэх орчин байхгүй болоод машин замаас гараад зогссон. Би шоконд орсон байсан. Нэг хэсэг суугаад орчноо нэлээн харж байгаад тэр хавьд байсан хүнээс над дээр ирээд намайг тайвшруулсан... Нурууны 2 ясны хугаралтай. Машины зүүн урд дугуй салж унасан, зүүн урд хаалга тэр чигээрээ урагдсан урд хэсэг нь эвдэрсэн. Хохирлоо гаргуулан авах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг,

 

Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас,

 

Иргэний нэхэмжлэгч Ч.Эгийн “...Дээрх гэмтлийн улмаас хохирогч Б.Т нь 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын сангаас 262.000 төгрөг гарсныг Ж.Мэс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч /иргэний хариуцагч/ А.Лгийн “...2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг өнгөрөөгөөд манай ээж над руу 99990283 дугаарын утсаар залгаад “ээжийнх нь хажуу талаас согтуу нөхөр ирээд мөргөчихлөө түргэн дуудсан одоо түргэн нь ирж байна. Машин чиний нэр дуур байгаа учраас чам руу залгаж магадгүй, тэгэх юм бол миний хүү уулзаарай” гэж хэлсэн. Би гэрээс гараад 14 цагийн үед ослын газар нь очсон. Намайг ослын газар очиход ачигч машинаар ослын машинуудыг аваад явсан ослын газар юм үлдээгүй байсан... Хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг,

 

Иргэний хариуцагч /иргэний нэхэмжлэгч/ Д.А “...Би 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр лагер дээрээ байж байхад миний төрсөн дүү Д.А 85556262 дугаарын утсаар “Машинаа нэг залуу барьж явж байгаад машинтай мөргөлдүүлчихлээ одоо цагдаа нар ирж байна” гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч М.Нийн “...Шарга морьтын зуслан руу явж очтол М найз бид гурав модон дунд ороод пиво, виски уусан. Манай эхнэр залгаад би явахаар болтол Ж.М намайг хүргээд өгье гэтэл найз гэх эмэгтэй нь машин барьж болохгүй гэж хэлтэл М түлхүүрээ өгөлгүй машинаа хөдөлгөөд хот руу явах автобусны буудал руу явж байхдаа хар өнгийн Харриер машин явж байхад тэр машиныг гүйцэж түрүүлэх гэж байгаад хажуугаар нь зөрөхдөө машинтай мөргөлдсөн. Тэгээд түргэн цагдаа дуудсан. Ж.М урд талын машиныг дохиогоо өгөөгүй шахсан чи барьсан гээд хэлчхээч гэж байсан... цагдаа ирээд дараа нь түргэний машин ирээд нөгөө мөргөлдсөн машины жолооч эмэгтэй бид дөрвийг аваад явсан...” гэсэн мэдүүлэг,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн №10400 дугаартай “...1. Б.Т-н биед сээрний 1, 2-р нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт,

 

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...Үнэлгээгээр тогтоогдсон дүн 0000 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нийт 4.206.600  4.206.600 төгрөг...” гэсэн баримт,

 

            “Бэст эстимэйт” ХХК хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...Үнэлгээгээр тогтоогдсон дүн 0000 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нийт 10.720.000 төгрөг...” гэсэн баримт,

 

            Цагдаагийн Ерөнхий Газрын жолоодох эрхийн лавлагаа: “...Боржгон овогт Жадамбаагийн М: жолооны үнэмлэхний төлөв-эрх хасагдсан, үнэмлэх олгосон огноо 2016/10/20, үнэмлэх хүчинтэй огноо 2030/11/03, зөрчлийн оноо 6, ангилал B, C, CE, D ...эрх хасах зөрчлийн тухай хууль 14.7-3.1, 2021/10/12, 2022/10/12, 1 жил...” гэсэн баримт,

 

            Цагдаагийн Ерөнхий Газрын Бүртгэл Хяналтын төвийн албан бичигт “...Ж.М нь Нийслэлийн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 14.7.3.1 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байна...” гэсэн баримт,

  

            2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн №923 дугаартай мөрдөгчийн магадалгаа “...1. 0 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах, эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 13.1 Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 13.4 Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ уулзвар болон гарц дээр,

            2. 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

            3. Зам тээврийн осол нь замын байгууламж замын тэмдэг, тэмдэглэгээ техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна....” гэсэн баримт,  

 

            Шүүгдэгч М яллагдагчаар өгсөн “...2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Шарга морьтын эцсээс 11 цагийн үед Ариунтуяа эгчийн 0 улсын дугаартай автомашиныг жолоодоод уруудаад явж байгаад урдаас машин байхгүй болохоор нь урдаа явсан 2 машиныг гүйцэж түрүүлсэн. Эхний машиныг гүйцэж түрүүлээд 2 дахь машиныг гүйцэж түрүүлж байх үед урдуур дараад мөргөлдөөд 2 тийшээ салсан. Цагдаа ирж хэмжилт хийгээд түргэн ирүүд миний явсан болон нөгөө мөргөлдсөн машины жолооч эгч бид 4-ийг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан...” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Зам тээврийн осол гарсан болон хэргийн нөхцөл байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн тэмдэглэлд тусгагдаж, Ж.М жолоодон явсан “0 улсын дугаартай тээврийн хэрэгслээр Б.Тгийн жолоодон явсан 0 улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн болохыг хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарын мэдүүлгээр, хохирогч Б.Тгийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр, шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн болохыг мөрдөгчийн магадлагаа, бусад баримтуудаар тус тус тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

                                

Шүүгдэгч Ж.М нь тээврийн хэрэгслээ жолоодохдоо зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний уг үйлдлийн улмаас хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсаар байтал Б.Тгийн жолоодон явсан тээврийн хэрэгслийг мөргөж түүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулан зам тээврийн осол гаргасан болох нь нотлогджээ.

 

Түүнчлэн шүүгдэгчээс зам тээврийн осол гаргахдаа иргэний нэхэмжлэгч А.Лгийн эзэмшлийн “000 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 10.720.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч /иргэний хариуцагч/ Д.А 0000 улсын дугаартай автомашинд 4.206.600 төгрөгийн хохирол тус тус учруулсан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

 

“Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэдэгт Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхитэй үйлдэл хийж, энэ үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тохиолдолд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулдаг.

 

“Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” гэдэгт Монгол Улсын хууль /Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль/ түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт /Замын хөдөлгөөний дүрэм/-ыг зөрчиж автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журамд халдсан аливаа үйлдлийг ойлгоно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1-д “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ.” гэж заасан.

 

Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн холимог хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүх шүүгдэгч Ж.М-г автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тус тус гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс  хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Хохирол, төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар хохирогч Б.Тд  240.000 төгрөгийн гэм хорын хохирол, иргэний нэхэмжлэгч А.Лгийн “Toyota Lexus RX-450” автомашинд 10.720.000 төгрөгийн, бусад төлбөрт 770.000 төгрөгийн нийт 11.490.000 төгрөгийн төлбөр, иргэний нэхэмжлэгч /иргэний хариуцагч/ Д.А “Toyota Aqua” автомашинд 4.206.600 төгрөгийн, бусад төлбөрт 225.300 төгрөгийн нийт 4.431.900 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Д.Ц /Албан журмын даатгуулагчдын холбоо/-нд 5.000.000 төгрөгийн төлбөр, иргэний нэхэмжлэгч Ч.Э /Эрүүл мэндийн даатгалын сан/-д 262.000 төгрөгийн хохирол, төлбөр тус тус учирсан байх ба шүүгдэгч Ж.М иргэний нэхэмжлэгч Д.Ц /Албан журмын даатгуулагчдын холбоо/-нд 3.500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч /иргэний хариуцагч/ А.Лд 4.000.000 төгрөгийн төлбөрийг тус тус төлжээ.

 

Хохирогч Б.Тгаас Албан журмын даатгуулагчдын холбоонд “Тоёота лексус RX-450” автомашинд учирсан хохирлоо гаргуулахаар хүсэлт гаргасны дагуу тус газраас 5.000.000 төгрөгийг хохиролд төлсөн байна.

 

Түүнчлэн хохирогч Б.Т нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 262.000 төгрөгийн эмнэлгийн үйлчилгээ авсан болох нь тогтоогдсон байна.  

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1-1-т “...гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ...” гэж заасны дагуу шүүгдэгчээс 262.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй.

 

Мөн Жолоочийн даатгалын сангийн тухай хуулийн 20.2 дугаар зүйл “Жолоочийн даатгалын сан нь дараах тохиолдолд хохирогчид олгосон нөхөн төлбөрийг буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх эрхтэй:” гэж, мөн хуулийн 20.2.2-д “даатгалгүй жолоочийн гэм буруугаас шалтгаалан хохирогчид хохирол учирсан гэдэг нь хуульд заасан эрх бүхий этгээдийн дүгнэлт, шийдвэрээр тогтоогдвол тухайн жолоочоос;” гэж тус тус заасныг баримтлан иргэний нэхэмжлэгч Д.Ц /Албан журмын даатгуулагчдын холбоо/-оос иргэний нэхэмжлэгч А.Лд гаргасан  5.000.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Мэс гаргуулах үндэслэлтэй байх ба шүүгдэгчээс иргэний нэхэмжлэгч Д.Ц /Албан журмын даатгуулагчдын холбоо/ 3.500.000 төгрөгийг төлсөн байх тул үлдэгдэл 1.500.000 төгрөгийг түүнээс гаргуулж Албан журмын даатгуулагчдын холбоонд олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний нэхэмжлэгч /иргэний хариуцагч/ Д.А “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлтээ /хх-ийн 250/ илэрхийлсэн тул түүний 0000 улсын дугаартай автомашинд учирсан 4.206.600 төгрөгийн хохирлыг төлөгдсөн гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт “..Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй....” гэж заасан ба иргэний хариуцагч Д.А нь өөрийн эзэмшлийн 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн төрсөн дүү Д.Ад хариуцуулж өгсөн ба харин түүний хүсэл зорилгоос үл хамаарах нөхцөл шалтгааны улмаас Ж.М тухайн тээврийн хэрэгслийг ашигласан үйлдлийн өмнөөс түүний бусдад учруулсан гэм хорын хохирлыг хариуцах үндэслэлгүй гэж үзсэн тул иргэний хариуцагч Д.Ааас бусдад учирсан гэм хорын хохирлыг гаргуулаагүй болохыг дурьдлаа.

 

Иймд шүүх шүүгдэгч Ж.Мэс нийт 4.717.300 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Тд 240.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Л.Ц /Албан журмын даатгуулагчдын холбоо/-д 1.500.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч А.Лд 2.490.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Ад 225.300 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ч.Э /Эрүүл мэндийн даатгалын сан/-д 262.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгчөөс хохирол төлбөр төлөхтэй холбоотойгоор санал гаргасныг шүүх хүлээн авч эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Ж.М 4.717.300 төгрөгийн хохирлыг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлсөн байх тул түүнийг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт нэхэмжилсэн баримтаар төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.М нь Төрийн сангийн 100900005406 дансанд иргэний нэхэмжлэгч Д.А, Ч.Э /Эрүүл мэндийн даатгалын сан/ нарын хохирлын мөнгийг шилжүүлсэн байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус данснаас 487.300 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Ад 225.300 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ч.Э /Эрүүл мэндийн даатгалын сан/-д  262.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй.

 

Түүнчлэн шүүх хохирогч Б.Тгаас цаашид гарах гэм хорын хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй болохыг дурдлаа.

 

Харин шүүх иргэний нэхэмжлэгч /иргэний хариуцагч/ А.Лгийн нэхэмжлэлээс 595.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хэлэлцэхгүй орхисонтой холбогдуулан түүнээс нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Ж.Мэс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв. 

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Ж.Мийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгч Ж.Мд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгчээс хохирогч, иргэний нэхэмжлэгч нар шүүхээс тогтоосон баримтын хэмжээнд гэм хорын хохирол, хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авч, хохирогчоос цаашид гарах төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Ж.М нь бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгэгдэж байсан зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Улсын яллагчаас “шүүгдэгч Ж.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Баянгол, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газарт зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч Ж.М нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Иймд 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүний цагдан хоригдсон хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж өгнө үү...” гэсэн санал тус тус гаргасан байна.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Ж.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.М нь өөрийн оршин суух Улаанбаатар хот, 0 тоотод оршин суух байнгын хаягтай болох нь тогтоогдсон байна.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газарт зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.М нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 39 хоног цагдан хоригдсон ба цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй болохыг тус тус дурдлаа.

 

Дээрх гэмт хэрэг гарахад жолооч Ж.Мэс замын хөдөлгөөнд хэт хайхрамжгүй оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар ёс суртахууны зөв дадал хэвшээгүй байдал зэрэг нь нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон      

      ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч М-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

            2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар Ж.Мд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ж.Мийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газарт явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М цагдан хоригдсон 39 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасч нийт 10 сар 22 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биечлэн эдлэх хэмжээг тогтоосугай.

            5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.М нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч Б.Т цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч /иргэний хариуцагч/ А.Лгийн 595.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас зайлсхийсэн, биелүүлээгүй тохиолдолд ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

            10. Төрийн сангийн 100900005406 дансанд иргэний нэхэмжлэгч нарын хохирлын мөнгийг шилжүүлсэн байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус данснаас 487.300 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Ад 225.300 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ч.Эд /Эрүүл мэндийн даатгалын сан/ 262.000 төгрөгийг тус тус олгосугай.

11. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

13. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.ДУЛАМСҮРЭН