| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2019/0316/И |
| Дугаар | 448 |
| Огноо | 2019-07-05 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 448
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 5 дугаар оршин суух, Е-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт байрлах, Б аймгийн М.Хурманханы Т /дарга А/-т холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Е, хариуцагч Б аймгийн Т-гийн дарга А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Т-гийн ерөнхий найруулагчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.
Нэхэмжлэгч Е шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие урлагийн мэргэжлийн гэр бүлд төрж, театрын хөшигний ард өсөн бойжиж, урлагийн мэргэжил эзэмшин 23 жил тус байгууллагад ажиллаж байна. Аав найруулагч МУАЖ, ээж оёдолчин, 2 ах минь хөгжимчин, бүжигчнээр ажилласан юм. 1989 онд УБДС-ийн /хуучин нэрээр/ кино драмын ангийг жүжигчин найруулагч мэргэжлээр төгсөж, тус оноос жүжигчнээр, тус оноос жүжигчнээр,1995 оноос найруулагчаар, 2013 оноос театрын даргын үүрэгт ажлыг нэр төртэйгөөр хашиж ирлээ. Ажиллаж байх хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаж, сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. 2016 онд төр засаг солигдож, намын харьяалал нэрийдлээр даргын үүрэгт ажлаа аргагүйн эрхэнд хүлээлгэн өгч, театрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар мэргэжлээрээ ерөнхий найруулагчаар ажиллаж эхэлсэн. Т-гийн даргын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/31 дугаартай тушаалаар театрын ерөнхий найруулагчийн ажлаас чөлөөлж, туслах найруулагчаар ажиллуулах тушаал гаргасныг хууль бус гэж үзээд 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, уг анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 560 дугаар шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 212\МА2017\00138 Магадлал, Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 001\ХТ2018\00433 тогтоолоор ерөнхий найруулагчийн ажилд эгүүлэн томилох шийдвэр гарч, театрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б\20 тушаалаар ерөнхий найруулагчийн ажилд томилогдон ажиллаж байсан билээ. Гэтэл 2019 он гарсаар хамт олны өмнө удаа дараа нэр хүндэд минь халдаж, миний ажлыг зориудаар үгүйсгэж, хэсэг бүлэг хүний ятгалгаар сэтгэл санааны хямралд оруулж, ажлын байрны дарамт үзүүлсээр 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өрөөндөө дуудаж таныг ерөнхий найруулагчийн ажлаас чөлөөлнө гэж хэлснээр миний бие муудан даралт ихсэж эмнэлэгт хэвтсэн. 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б\06 дугаар тушаалаар ерөнхий найруулагчийн ажлаас чөлөөлж, уг өдрөөс жүжигчнээр ажиллуулахаар болсныг мэдэгдэж тушаал өгсөн. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэл нь улс төржсөн, хувийн өш хонзон санасан, хуулийн дагуу шийдвэр гаргаагүй гэж үзэж байна. Иймд намайг үндэслэлгүй албан тушаалаас бууруулсан гэж үзэж байгаа тул тус Хөгжимт драмын театрын ерөнхий найруулагчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б аймгийн Т-гийн дарга А шүүхэд гаргасан тайлбартаа: Тус театрын ерөнхий найруулагчаар Е нь тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан чухал шаардлага болох драмын найруулагчийн мэргэжилтэй байх ажлын байрны шаардлагыг хангаагүй байгаа нөхцөл байдлыг харгалзан тус аймгийн Хөгжимт драмын театрын ерөнхий найруулагчийн үүрэгт ажлаас 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс чөлөөлж, мэргэжлийн дагуу мөн өдрөөс жүжигчнээр шилжүүлэн томилсон юм. Ер нь манай байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ажлын байранд тавих шаардлагыг хангасан иргэн ажиллах ёстой гэж үзэж байна. Манай 2018 оны сүүлчээр байгууллагын хэмжээнд ажиллаж байгаа ажилтан нарын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталсан юм. Энэ талаар дээд газраас ч чиглэл зөвлөмж ирсэн юм. Манайх мэргэжлийн байгууллага тул нарийн мэргэшсэн урлагийн хүн ажиллах ёстой гэж үзэж байна. Иймд ажлын байранд заасан шаардлагыг хангаагүй ажилтан манай байгууллагад ажиллах эрхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Е-гийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ
Нэхэмжлэгч Е шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Миний бие 23 жил урлагийн тайзан дээр үйл ажиллагаа явуулж, амьдарлаа залгуулж яваа уран бүтээлч хүн. Би найруулагч, жүжигчин мэргэжилтэй. Би 1989 онд Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөн. Тухайн үед нэг ангиас 2 оюутан найруулагч мэргэжлийг эзэмшиж төгссөн. 1989 оноос өдийг хүртэл Б аймгийн Т-гийн жүжигчин, найруулагч, дарга ажлыг хийж ирсэн. 2016 онд сонгуулийн үйл ажиллагаанаас болж, мөн улс төрийн шалтгаанаар би даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж ерөнхий найруулагчаар томилогдсон. Шинэ дарга томилогдсоноос хойш улс төржиж, хувийн өш хонзон санаж, хэсэг үл бүтэх хүмүүсийн үгээр театрын үйл ажиллагааг удирдаж, нэг бус удаа намайг сэтгэл санааны дарамтад оруулж, ажил болон цаашид хамтран ажиллах үйл ажиллагаанд саад хийсэн тул би 2 дахь удаагаа анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаадаа харамсаж байна. Учир нь, уран бүтээлч хүмүүс нэг нэгнээ ойлгож, казахын үндэсний соёлыг түмэнд түгээх ажилд хамтран ажиллах ёстой байсан ч нэг нэгнээ ойлгоогүй шалтгаанаар шүүхэд хандсан. Миний хийж байгаа ажлыг удаа дараа зориуд үгүйсгэж, хамтран ажиллахын оронд миний ажлыг л муу, үр дүнгүй байна гэдэг. Т-гийн урлаг хамт олны хөдөлмөрөөр үйл ажиллагаа явуулдаг тул дарга, зураач, уран сайхны найруулагч, ерөнхий найруулагч, бүжигчид, жүжигчид бүгд хамтарч зангидсан нударга шиг үйл ажиллагаа явуулах ёстой. Саяхан Завханд тоглогдсон “Хэзээ ч мартахгүй” жүжигт Т-гийн дарга А тоглосон. Уг жүжиг монгол хэлээр тоглогдсон ба 15 хоногийн дотор найруулан тавьсан. Уг жүжиг “шүүгчдийн нэрэмжит”, эмэгтэй гол дүр “шилдэг жүжигчин”, туслах эрэгтэй дүр “шилдгийн шилдэг” шагналуудыг тус тус хүртсэн. 2018 оны сүүлээр 2019 онд хийх ажлын төлөвлөгөөнд “хэзээ ч мартахгүй” жүжгийг аймагт 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр тоглохоор тусгасан байсан. А аймагт ирсний дараа “Хэзээ ч мартахгүй” жүжгийн гол дүрд тоглохгүй талаар хэлсэн. “хэзээ ч мартахгүй” жүжгийг тавихад театрын зүгээс ямар ч мөнгө төгрөг гаргаагүй. Би Завхан аймагт тоглогдсон “Хэзээ ч мартахгүй” жүжгийг тавихад аймгийн хилийн цэргийн 0165 дугаар ангиас цэргийн хувцаснууд авч, Улаанбаатар хотын кино үйлдвэрээс хувцас, Монголын суут гэх Нацагдоржийн жүжгийн тайзыг авч ашигласан. Би дарга А “хэзээ ч мартахгүй” жүжгийн гол дүрд тоглохгүй гэсэн тул Б аймгийн хилийн цэргийн 0165 дугаар ангийн хөгжмийн удирдаач, ахмад цолтой Б монгол хэл мэддэггүй байсан тул түүнийг уг жүжгийн гол дүрд тоглуулахын тулд 1 сар бэлтгэсэн. Мэргэжлийн хүн жүжгийн гол дүрд тоглох нь ямар уу, мэргэжлийн бус хүн тоглох нь ямар уу, ялгаатай ба жүжгийн чанар чансаа муудах нь үнэн. Тийм учир 03 дугаар сарын 16-ны өдөр жүжиг тоглогдоход чанар муутай болсон. Дээрх жүжгийг чанаргүй тавигдахад дарга А-д нөлөөлсөн. Б.Асалбек ажил хөөцөлдөөд аймагт байхгүй байх гэж бодож жүжгийн гол дүрд тоглохгүй гэж бодсон байх. Гэхдээ аймагт “Хэзээ ч мартахгүй” жүжиг тоглогдоход дарга Б.Асалбек байсан. А нь миний үйл ажиллагаанд саад хийх зорилгоор дээрх үйлдлийг гаргасан гэж бодож байна. Би аймагт сүүлийн 10 гаруй жил тоглогдож байгаагүй Наурызын баярын тоглолтыг тавьсан. 03 дугаар сарын 19-ны өдөр хяналтын тоглолт хийхэд Б аймгийн Засаг даргын тамгын газрын соёл хариуцсан мэргэжилтэн, Б аймгийн Боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтэн, соёл хариуцсан хүн оролцоход микрофон ажиллахгүй байсан. Тэр үед А дарга байсан. Микрофон ажиллаагүй нь найруулагчийн буруу биш. Тухайн үед тон мистер, микрофонуудыг ажиллуулах дууны ерөнхий найруулагч ажилладаг ба тэдний буруутай ажиллагааны улмаас микрофон ажиллаагүй. Наурызын баярын тоглолт 03 дугаар сарын 22-ны өдөр 12 цагаас тоглосон. Наурызын баяраар шагнал, одон медаль авах хүмүүс концертод ирэхэд заал шуугиантай байсан. Учир нь, хурлын өмнө тоглолт болсон. Тоглолтыг чанартай явуулахын тулд зөвхөн уран бүтээлчид биш аж ахуйн анги, заалны зохион байгуулагч ажиллах ёстой. Үзэгчид орж гарах 4 хаалганд 4 үйлчлэгч ажиллах ёстой байсан. Хэрэв тухайн үед дээрх ажилчид байсан бол “энд тоглолт явагдаж байна, бусдад саад хийж болохгүй” гэдгийг хэлэх ёстой байсан ч ажлаа хийгээгүй тул тус тоглолт дуу чимээ ихтэй, микрофон ажиллаагүй асуудалд зөвхөн ерөнхий найруулагчийг буруутгаж байгаа нь харамсалтай. 04 дүгээр сарын 01-ний өдөр инээдмийн баярын тоглолт болох ёстой. Хамт олон болон аймгийн хэмжээнд хошиг шогийн зохиол бичдэг, ер нь жүжгийн зохиол бичдэг зохиолч байдаггүй. Найруулагч хүн уран бүтээлийн хайгуул хийж, Монголын болон гадаадын орны зохиолчдын зохиолыг казах хэлээр орчуулсан инээдмийн программыг зохиолчдоос олж авах ёстой. Одоо ерөнхий найруулагч хийж байгаа М гэх зохиол бичдэг байсан. М-ийн зохиолыг хүүхдүүдэд тоглох боломжгүй. Учир нь, хүүхдүүдэд хэлж болохгүй үгнүүдийг зохиолдоо тусгадаг. Иймд хамт олны М-ийн зохиол биш өөр зохиол тогломоор байна гэх шийдвэрийг үндэслээд би Б аймгийн уугуул, хошин зохиолч Б-тэй гэх хүнтэй холбоо барьж, зохиол авч ашигласан. Б зохиолч одоо Казахстан улс руу нүүсэн ба хошин шогийн зохиолыг сайн бичдэг. Би Батайгийн зохиолыг уран сайхны удирдагч Ө-д албан ёсоор танилцуулсан, зөвлөгөө авсны үндсэн дээр тоглогдсон. Ерөнхий найруулагч аливаа уран бүтээлийг тайз дээр тоглохын өмнө уран сайхны удирдагч хүнтэй зөвшилцөж, зөвлөгөө авсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулах ёстой. Аливаа уран бүтээлийг цаг тухайнд нь жилийн эхэн баталсан уран бүтээлийн төлөвлөгөөний дагуу явуулах ёстой ба үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Одоо 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ерөнхий найруулагчийн ажлыг М хийж байгаа. 06 дугаар сарын 01-ний өдөр хүүхдийн жүжиг найруулж тавих ёстой. 2 сарын дотор тэр жүжиг тавигдсан эсэхийг А-гаас асуумаар байна. Би ажилдаа амжилт гаргаж байгаа. би энэ талаар ямар амжилт гаргасан талаар тайлбартаа бичсэн. Уран бүтээлч хүн чөлөөтэй байж, чөлөөтэй сэтгэж, өөрийн гэсэн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй ба уг эрхийг энэ хүмүүс надад эдлүүлэхгүй байна. Энэ хүмүүс өөрийнхөөрөө зүтгэдэг. Би хувьсгалын эсэргүү хүн биш, би уран бүтээлч хүн. Би үзэгчдэд уран бүтээлийг хэрхэн хүргэвэл хүлээн авах бэ гэдгийг мэддэг уран бүтээлч хүн тул хариуцагч өөрсдийнхөө үзэл бодлыг тулгаж, өөрсдийнхөө бодсон зүйлийг хийлгэх гэж миний эрхэд халдаж байна. Би эрүүл мэндээрээ хохирч байна. Урьд нь миний цусны даралт 120/80 байдаг байсан. 03 дугаар сарын 26-ны өдөр Захиргааны зөвлөлийн хуралд орсноос хойш би сэтгэл санаагаар хямарч 03 дугаар сарын 27-ний өдөр эмнэлэгт хэвтсэн. Одоо миний цусны даралт 170/120 болж, би эмчийн хяналтад байдаг болсон. Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч Б аймгийн Т-гийн дарга А шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Би 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус театрын даргын ажлыг хүлээн авсан ба Е-гийн хүсэлтийн дагуу ерөнхий найруулагчаар томилсон. Надад хувийн өш хонзонгийн асуудал байхгүй. Надад нам хамаа байхгүй, би үүнийг ч үйлдлээрээ нотолж байгаа. Би Е-г ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй, мөн хамт олон захиргааны зөвлөлөөс, яам, тамгын газар, төр захиргааны байгууллагын тодорхой мэргэжлийн хүмүүсийн Е-гийн ажил байдалд өгсөн үнэлэлтийг үндэслээд захиргааны зөвлөлийн хуралд оруулсан. Захиргааны зөвлөлийн хурал гэдэг нь яамнаас баталсан байгууллагын үлгэрчилсэн дүрэмд тусгагдсан зөвлөл байдаг. Байгууллагын дотоод журмаар захиргааны зөвлөлийн хурлын үйл ажиллагааг зохицуулдаг. Е өөрөө ч гэсэн ярьж байна. Е ажил төрлөө муу хийсэн тул түүнийг ажлаас нь сольсон болохоос биш найруулагчийг солино гэдэг нь ажил олгогчийн хувьд хэцүү асуудал. Надад хэн нэгнийг сольж, оронд нь өөр хүн тавих сонирхол байхгүй. Аргагүй нөхцөл байдалд ордог. Сүүлийн 10 жилд болоогүй наурыз боллоо гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. Тэр тайз декрацаар гарсан шүү дээ. Найруулагчийн шийдэл алдсан. Аркестрийг буруу суулгасан. Аркестрийг 2 тийш салгаж, бүх хөгжимчдийг салгаад суулгасан байсан. Б аймгийн боловсрол соёл урлагийн газрын соёлын мэргэжилтэн, аймгийн Засаг даргын Тамгын газрын соёл хариуцсан мэргэжилтэн Е, С гэх 2 мэргэжлийн хүн хамт олны хурал дээр “найруулагчийн том том алдаанууд байна, засаарай” гэж хэлсэн. Яамны жүжиг Б аймагт тоглогдохтой холбоотой би асуудал яриагүй ба би тоглоогүй. Наурызын баярын аймгийн найруулга дээр ажиллаж чадахгүй, би өөрөө найруулга дээр нь ажилладаг. Би 3 жил 1000 домбар, 99 харажоргачин, төрийн далбаатай найруулга зэргийг би бүгдийг нь аймгийн удирдлагуудтай нийлж хийсэн. Тэр үед нөгөө Ерөнхий найруулагч хаана байсан юм бэ. Е ажлынхаа араас гарч чадахгүй, асуудлыг булзааруулдаг. Шийдэл ярьж чадахгүй, хийж чадахгүй байж шийдэл ярина. Шинэ тавилтаар үзэгчдийн анхаарал татаж чадаагүй. Е“үзэгчид шуугьсан” гэж ярьж байна. Үзэгчдийг чимээгүй байлгана гэдэг нь театрын найруулагчийн ажил. Найруулагч хүн үзэгчийн анхаарлыг татах, чимээгүй байлгах чадвартай байх ёстой. Микрофонгүй байсан ч үзэгчийн анхаарлыг татаж жүжигчдийн анхаарлыг төвлөрүүлэх чадвартай байх ёстой. Е “би найруулагч, жүжигчин мэргэжилтэй, тухайн үед нэг ангиас 2 хүүхэд хос мэргэжилтэй төгссөн, би аавтайгаа хамт хөшигний ард өссөн” гэж яриад байна. Дипломыг харгалзан үзэхийн хүсэж байна. Найруулагчийн ур чадварын хичээл орж байгаагүй, драмын жүжигчин мэргэжлийн диплом байгаа. Бид ноднин ажлын байрны тодорхойлолтод бакалавр зэрэгтэй байна гэж тусгаж өгсөн. Е нь тухайн ажлын байранд тавигдах ерөнхий шаардлагыг хангахгүй байгаа, ажлын дутагдал гаргасан тул би шийдвэрээ гаргасан. Би гаргасан шийдвэрээ үндэслэлтэй, хууль ёсны гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Е Б аймгийн Т-гийн ерөнхий найруулагчаар эгүүлэн тогтоосон Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 560 дугаар Шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.1-т заасны дагуу хариуцагч Хөгжимт драмын театрын дарга А нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар Е-г 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тус театрын ерөнхий найруулагчаар томилон, талууд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Хөдөлмөрийн гэрээ”-г хугацаагүй байгуулсан байна.
Улмаар хариуцагч Хөгжимт драмын театрын дарга А нь 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/06 дугаартай “Е-г ерөнхий найруулагчийн үүрэгт ажлаас чөлөөлж, жүжигчний ажилд шилжүүлэн томилох тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1.1, 21.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.4, 37.1.8 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 48 дугаар зүйлийн 48.3.2, 48.3.4, 130 дугаар зүйлийн 130.1, 130.2 дах хэсэг, Засгийн газрын 2019 оны 23-р тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоол, тус театрын даргын 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн А/03 тоот тушаалаар баталсан тухайн ажлын байрны жишиг тодорхойлолт, Хөдөлмөрийн дотоод журмын хоёрдугаар зүйлийн 2.1.2, 2.2.1, 2.2.8, гуравдугаар зүйлийн 3.4, долоодугаар зүйлийн 7.1.9, аравдугаар зүйлийн 10.2, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний нэгдүгээр зүйлийн 1.3, зургаадугаар зүйлийн 6.2, 6.4.10 дах хэсэг, тус театрын Захиргааны зөвлөлийн хурлын 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн Е-г тус театрын ерөнхий найруулагчийн үүрэгт ажлаас 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс чөлөөлж, мэргэжлийн дагуу мөн өдрөөс жүжигчнээр шилжүүлсэн томилоход дараах байдлаар хууль зөрчсөн байна. Үүнд:
1) Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг хариуцагч тушаалдаа үндэслэл болгосон боловч чухам аль үндэслэлээр нэхэмжлэгч Е-г ажлаас чөлөөлсөн нь тодорхой бус байна.
а) Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан “ажлын байрны буюу албан тушаалтны нэр”, 21.1.2-д заасан “ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг” гэсэн заалтууд нь хөдөлмөрийн гэрээнд тохирох гол нөхцөлүүд болох ба талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний гол нөхцөлөөр талууд маргаагүй болно.
б) Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлүүд тогтоогдоогүй байхад хариуцагч дээрх тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-д заасан ”хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллагын шаардлага”,37.1.8-д заасан “хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан” гэсэн заалтуудыг тус тус үндэслэл болгосон нь учир дутагдалтай байна.
б) Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг хариуцагч (ажил олгогч)-ийн санаачилгаар цуцлах эрхтэй боловч мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар нэхэмжлэгч Е хэзээ ямар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэснийг хариуцагч (ажил олгогч) нотолж чадаагүй буюу нэхэмжлэгч Е ажилдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргасан гэсэн нь хавтаст хэрэгт авагдсаннотлох баримтаар нотлогдоогүй байхад хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийнсанаачилгаар цуцалсан нь хууль зөрчсөн байна.
в) Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд цалин хөлсний зохицуулалтын талаар маргаан байхгүй байхад Е-г ажлаас чөлөөлөх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.2-д заасан “ажлын байрны тодорхойлолт болон албан тушаалын лавлах”, 48.3.4-д заасан”үнсэн цалингийн сүлжээ, жишиг болон нэмэгдэл хөлс, нэмэгдлийн хэмжээ, шагнал урамшуулал, түүнийг олгох нөхцөл журам” гэсэн заалтуудыг тус тус үндэслэл болгосон нь бодит байдалтай нийцээгүй байна.
г) Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д заасан “ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлнэ”, 130.2-д заасан “Хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөр зохион байгуулалт, ажил олгогч болон ажилтны эрх үүрэг, хариуцлагыг тусгана” гэсэн заалтууд нь нэхэмжлэгч Е-г ажлаас чөлөөлсөн үндэслэлтэй ямар шалтгаант холбоотой болохыг хариуцагч нотолж чадаагүй.
Нэхэмжлэгч Е нь 1989 онд Улсын Багшийн Дээд Сургуулийг “Драм, киноны жүжигчин” мэргэжлээр төгссөн болох нь №120936 Дипломоор,Дармын жүжигчин мэргэжлийн дугуйлан (секц) удирдах эрхтэй болох нь 1989 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Улсын Багшийн Дээд Сургуулиас олгосон №05 дугаартай Үнэмлэхээр, 1996 оны 01 дүгээр сарын 10-наас найруулагч нарын мэргэжил дээшлүүлэх 1 сарын курс төгссөн болох нь Монгол Улсын Соёлын яамны мэргэжлийн зөвлөлөөс олгосон №02 Үнэмлэхээр тус тус нотлогдож байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Е нь найруулагч мэргэжил эзэмшээгүй, мэргэжлийн бус гэх боловч нэхэмжлэгч Е тус театрын ерөнхий найруулагчаар ажиллах хугацаанд мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцээгүй талаарх эрх бүхий байгууллагаас дүгнэлтгараагүй буюу үүрэгт ажилдаа тэнцээгүй гэдгийг хариуцагч шүүхэд нотолж чадаагүй болно.
2) Мөн хариуцагчийн нэхэмжлэгч Е-г ажлаас чөлөөлсөн тушаалд үндэслэл болгосон Хөдөлмөрийн дотоод журмын Хоёрдугаар зүйлийн 2.1.2-д заасан “Театрын дарга нь Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар тушаал гаргана”, 2.2.1-д заасан “тушаалын хэрэгжилтэд дарга, бичиг хэргийн ажилтан картаар хяналт тавьж шаардлагатай тушаалуудын хэрэгжилтийг ангийн бүрэлдэхүүн, ажилтнуудадтанилцуулж байна”, 2.2.8-д заасан “хурал зөвлөгөөнөөр хийж гүйцэтгэсэн ажил удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, явцын талаар холбогдох мэргэжилтнүүдийн мэдээллийг сонсож цаашид хийж гүйцэтгэх ажил үйлчилгээ, арга хэмжээний талаар хэлэлцэн шийдвэр гаргана” гэсэн заалтууд нь хариуцагч (ажил олгогч-)ийн эрх хэмжээ, хийж гүйцэтгэх ажиллагаатай хамааралтай болохоос нэхэмжлэгч Е-г ажлаас чөлөөлсөн үндэслэлд хамааралгүй байна.
3) Хөдөлмөрийн гэрээний нэгдүгээр зүйлийн 1.3-д заасан “Гүйцэтгэх үндсэн үүрэг. Энэхүү гэрээний 1.1-д дурдсан албан тушаалын тодорхойлолтод заагдсан ажил үүргийг гүйцэтгэнэ. (Ажлын байрны тодорхойлолтыг хавсаргасан бөгөөд энэхүү гэрээний салшгүй хэсэг болно), зургаадугаар зүйлийн 6.2-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлан” гэсэн заалтууд нь талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-нд тусгагдсан боловч эдгээр зүйл заалтуудын талаар талуудын хооронд маргаагүй тухайн үед энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон байна.
Харин Хөдөлмөрийн гэрээний6.4.10-д“Тухайн ажлын байранд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй байгаа буюу ажилд орсон диплом гэрчилгээ, үнэмлэх зэрэг бичиг баримтууд нь хуурамч болохыг эрх бүхий байгууллага тогтоосон бол хөдөлмөрийн гэрээг цуцлах” гэж заасан үндэслэлүүдийн алийг нь үндэслэж нэхэмжлэгч М.Ертай нь хөдөлмөрийн гэрээг хариуцагч цуцалсныг тушаалд тодорхой тусгаагүй байна.
Шүүх хуралдаанд хариуцагч Е нь тухайн ажлын байранд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй буюу бакалавр зэрэгтэй биш байна гэсэн боловч Т-гийн даргын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Н/03 тоот тушаалын хавсралт “Т-гийн ерөнхий найруулагчийн Ажлын байр (албан тушаал)-ын тодорхойлолт”-ын “В” тавигдах шаардлага: 1.2-т тусгай шаардлага: ТАХ-н ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах, илүү цагаа ажиллах гэж тусгасан болохоос тусгай шаардлагад “Бакалавр” зэрэгтэй гэж тусгаагүй болох нь нотлогдож байна.
Харин “Т-гийн Ерөнхий найруулагчийн ажлын байрны тодорхойлолтын “В” тавигдах шаардлага: 1.1-д “ерөнхий шаардлага” гэдэгт “мэргэжлийн сургууль төгссөн бакалавр зэрэгтэй байна” гэж тусгасныг хөдөлмөрийн гэрээний 6.4.10-д заасан тусгай шаардлага гэж дүгнэх боломжгүй болно.
4) Мөн Б аймгийн Т-гийн даргын 2011 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/03 тушаалаар баталсан “Б аймгийн Т-гийн дотоод журам”-ын 2.1.2-т “байгууллагын дарга нь дэргэдээ байгууллагын үйл ажиллагааны дүрмийн дагуу байгуулагдсан төлөвлөгөөний биелэлт, ажлын гүйцэтгэл, шинэ уран бүтээл сонгох, сэргээн бүтээх, уран сайхны бодлого явуулах, уран бүтээлчид мэргэжлийн үнэлгээ өгөх, дүн шинжилгээ хийх, шагналд тодорхойлох, өмч хөрөнгийн зарцуулалт, хөдөлмөрийн сахилга бат, дэг журам, тулгамдсан асуудал, тэдгээртэй холбоотой үйл ажиллагааны талаар зөвлөх эрх бүхий Захиргааны олон Уран сайхны зөвлөлтэй байна. Захиргааны зөвлөл нь ажиллах журамтай байна. Захиргааны зөвлөл 5 гишүүтэй байна” гэж заасан боловч хариуцагч энэхүү Захиргааны зөвлөлийн ажиллах журмыг шүүхэд гаргаж өгөөгүй, мөн Захиргааны зөвлөлийн 5 гишүүн нь хэн хэн болох, хэн хэзээ томилсон эсэх нь тодорхойгүй байна.
Иймд хавтаст хэрэгт авагдсан 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн №03 дугаартай Т-гийн Захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэлд:...нэхэмжлэгч Е гүйцэтгэж буй ажилтай холбогдолтой алдаа дутагдлын талаар санал шүүмжлэлийг бичиж тэмдэглэсэн болохоос тухайн алдаа дутагдал бүрийг илрүүлэн тогтоосон нотлох баримт байхгүй байна.
5) Хариуцагчийн үндэслэл болгосон Засгийн газрын 2019 оны 23-р тогтоолын хавсралт “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, мөн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам” нь тухайн тодорхой харилцааг зохицуулах зорилготой болохоос нэхэмжлэгч Е-г үүрэг ажлаас чөлөөлөх эрх бүхий байгууллагын шаардлага гэж хариуцагчийн тодорхойлсон нь буруу байна.
Иймд дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч Е-г ерөнхий найруулагчийн үүрэгт ажлаас хууль зүйн үндэслэлгүй чөлөөлсөн болох нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Е-г Б т-гийн ерөнхий найруулагчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.
Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх маргаан тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Б аймгийн Т-гийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Е-г Б Т-гийн ерөнхий найруулагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б аймгийн Т-гийн санхүүгээс 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК