Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/407

 

 

 

 

 

 

 

 

 

2023          04          14                                  2023/ШЦТ/407

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч С.Оюунчимэг, шүүгч А.Мөнхсайхан нарын бүрэлдэхүүнтэй,

                             

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуул,

Иргэдийн төлөөлөгч С.Доржханд,

Улсын яллагч Э.Булганчимэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн,

Шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч О.Баяраа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мд холбогдох эрүүгийн 0 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сийлбэрчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эцэг, эхийн хамт урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.М нь согтуугаар 2022 оны 10 дугаар сарын 06-ны шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 427 дугаар байрны 16 дугаар давхрын 4 тоотод хохирогч Д.Оийг архи согтуурах ундааны зүйл хэрэглэсэн буюу биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, олон тооны шарх, гэмтэл үүсгэж шаналган, тарчилган зовоож онц харгис хэрцгийгээр зодож, улмаар хавсарсан гэмтэл учруулж амь насыг хохироосон буюу хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.                       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А “...Би 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ТВ5 телевиз дээр 22 цагт шууд нэвтрүүлэгтэй байсан бөгөөд уг ажил руугаа явж байхад манай талийгаач ээжийн эгчийнх нь хүүгийн эхнэр нь болох Даваасүрэн над руу залгаж “ээжийн чинь бие муу байна, гэнэт зүрх нь зогсоод байна гэж байна, ГССҮТ-д байна, Г ах руу залга” гэж хэлсэн. Би Г ахтай холбогдоод ГССҮТ-д явж очсон бөгөөд очих үед ээж минь өөд болсон байсан. ГССҮТ дээр очиж талийгаачийг харахад нүүр нь хөхөрч хавдчихсан, хүнд маш их зодуулсан байдалтай байсан... хохирол төлбөрт оршуулгын зардалд 16.656.000 төгрөгийн хохирол, төлбөр нэхэмжилж байна. Холбогдох баримтуудыг хэрэгт хавсаргасан. Мөн сэтгэл санааны хохиролд 82.500.000 /хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлснээр/ 7.000.000 төгрөгийг баримтаар нэхэмжлээгүй зүйлд 82.500.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

 

Эрүүгийн 2209000001835 дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 1 дүгээр хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 2-3, 13-14 дүгээр хуудас/,

 

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 4-12 дугаар хуудас/,

 

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 17-19 дүгээр хуудас/,

 

Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн өвчний түүх, компьютер томографын шинжилгээ, яаралтай тусламжийн хуудас /1 хх-ийн 25-28 дугаар хуудас/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 33-38, 39-43 дугаар хуудас/,

 

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 44-47 дугаар хуудас/,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 51-52 дугаар хуудас/,

 

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 56 дугаар хуудас/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 57-58 дугаар хуудас/,

 

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 427 дугаар байранд үйл ажиллагаа явуулах Супермаркет дэлгүүрээс хуулбарлан авсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 63-66 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд /1-р хх-ийн 68 дугаар хуудас/,

 

Бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 71-73 дугаар хуудас/,

 

Хохирогч Э.Аын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 78-82 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 90-91 дүгээр хуудас/,

 

Гэрч Д.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 93-95, 97 дугаар хуудас/,

 

Гэрч Х.Хн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 99-103 дугаар хуудас/,

 

Гэрч Я.Оын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 105 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний  хүрээлэнгийн шинжээчийн  2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №4982 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 110-111 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №5204 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 158-160 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №2628 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 164-170 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №4969 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 181-184 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №4980 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 35-37 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №4981 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 42-43 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №5045 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 47-48 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 54 дүгээр хуудас/,

 

Шинжээч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 57-58 дугаар хуудас/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №1035 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 190 дүгээр хуудас/,  

 

Шүүгдэгч Н.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 206-209 дүгээр хуудас/,

 

Хохирлын баримтууд /1-р хх-ийн 249-250, 2-р хх-ийн 1-27 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Н.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 234 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 239 дүгээр хуудас/, гэрч Д.Оын мэдүүлэг /1-р хх-ийн 83-85 дугаар хуудас/, гэрч Э.Цний мэдүүлэг /хх-ийн 87-88 дугаар хуудас/, гэрч Б.Жийн мэдүүлэг /1-р хх-ийн 107 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.М нь согтуурсан үедээ 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн орой Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 427 дугаар байрны 16 дугаар давхрын 4 тоотод амь хохирогч Д.Оийг архи согтуурах ундааны зүйл хэрэглэсэн буюу биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, түүнд хүч хэрэглэн биеийн олон хэсэг газарт олон тооны шарх, гэмтэл үүсгэж шаналган, тарчилган зовоож онц харгис хэрцгийгээр зодож, улмаар хавсарсан гэмтлийн улмаас уушги гялтангийн шокод оруулж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 427 дугаар байрны 16 давхарт ертөнцийн зүгээр зүүн тийш харсан хар саарал өнгийн төмөр хаалга байх ба уг хаалганы хойд дээд буланд 16-4 гэсэн дугаартай байх...цагаан өнгийн хаалгатай жижиг өрөөнд ороход баруун хананаас 23см зайд шалан дээр улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон... уг өрөөний доод хананы гранизнаас 37 см, урд хананаас 150 см зайд улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон... гал тогооны хэсэгт шүүгээн дээр угаалтуурын хажууд цагаан өнгийн хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Урд хана дагуу шалан дээр цагаан өнгийн эсгий гудас байх ба хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсныг шинжилгээнд зориулж хайчаар хэсэгчилэн авав... баруун хананы доод шалан дээр саарал өнгийн хөнжил байх ба улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг биологийн шинжилгээнд зориулж хайчаар хэсэгчлэн авав... ертөнцийн зүгээр баруун урд талын дэрэн дээр улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг шинжилгээнд зориулан хайчаар хэсэгчлэн авав... уг матрасны зүүн гар талын доод буланд улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байх ба харалдаа доор шалан дээр улаан хүрэн өнгийн өнгөөр бохирлогдсон байв…” гэсэн баримт,

 

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...уг цогцос цагаан эрээн дэвсгэр даавуунд ороосон байх ба 155 см урттай толгойдоо 35 см орчим уг хэсгээр буурал орсон шаргал өнгийн үстэй 56 настай гэх эмэгтэй хүний цогцос байна... нүүрний хэсэг болон зүүн чихний дэлбээ тармал хүрэн ягаан өнгийн цус хуралттай, орчмын зөөлөн эдүүд хавдаж овойсон, хоёр нүдний зовхи нээгдэхгүй, баруун хөмсөггүй гадна хэсэг болон нүдний доод зовхи зүүн хацрын төвгөрт хүрэн ягаан өнгийн зулгаралтуудтай, баруун мөр бугалга, тохой шуу, баруун зүүн шуу, сарвуу цээжний баруун зүүн хэсэг, хэвлий урд хэсэг, хоёр гуя шилбээр олон тооны хөхөлбөр ягаан болон хөхөлбөр хүрэн, хүрэн ягаан өнгийн шаргал туяа бүхий мөн хүрэн шаргал өнгийн цус хуралтуудтай.  Баруун гуя өвдөг зүүн шилбэнд хүрэн шаргал өнгийн зулгаралтуудтай хоёр сарвууны бүх хурууны хумс хугарсан баруун хурууны долоовор ядам зүүн эрхий болон дунд нурууны нугаснууд хумсны эдээс хөндийрч шархалсан...” гэсэн баримт,

 

Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн өвчний түүх, компьютер томографын шинжилгээ, яаралтай тусламжийн хуудас,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...Цамцны баруун мөрнөө доош 21 см зайд 4х3 см талбайд хүрэн улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдож хатсан байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авлаа. Үүнээс 14 см зайд 1х4 см талбайд хүрэн улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдож хатсан, уг хэсгээс доош 17 см зайд 4х1.5 см талбайд цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдож хатсан байсныг тус тус гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авлаа...” гэсэн баримт,  

 

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд “...Оролцогч Н.Мын биеийн бусад хэсэгт үзлэгийг хийхэд хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй бөгөөд үзлэгийн явцад Ай фоне маркийн гар утсаар кадр зураг авч дуу дүрсний бичлэг хийснийг тэмдэглэлд хавсаргахаар тогтов...” гэсэн баримт,

 

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэлд “...Цус мэт хүрэн улаан зүйлээр бохирлогдсон саарал өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, цагаан өнгийн майк 1 ширхэг, улбар шар өнгийн футволк 1 ширхэгийг Н.Маас хураан авч тэмдэглэл үйлдэв...” гэсэн баримт,  

 

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “...Сааран өнгийн биеийн тамирын өмд байх ба зүүн дээд ирмэгээс 1 см зайд 2х6 см талбайд цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон үүнээс доош 16 см зайд 7х1.5 см талбайд цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон үүнээс доош 31 см зайд буюу зүүн өвдөг дээр 10х3 см талбайд цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг тус тус гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авлаа. Өмдний арын хэсгийн баруун дээд ирмэгээс доош 40 см зайд 11х8 см талбайг хамарсан цус мэт зүйлээр бохирлогдсон байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авлаа...” гэсэн баримт,

 

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 427 дугаар байранд үйл ажиллагаа явуулах Супермаркет дэлгүүрээс хуулбарлан авсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...Бичлэгийг эхлүүлэхэд 22 минут 03 секундийн бичлэг хуулбарлагдсан байх бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн 14 цаг 50 минут 22 минутаас эхэлсэн бичлэг байна. Бичлэгт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 427 дугаар байрны ертөнцийн зүгээр зүүн гар тал руу харсан орцны хэсэг болон хүүхдийн тоглоомын талбай, авто машины зам, зогсоол хэсэг харагдаж байна... Бичлэгийн цагаар 03 минут 20 секундийн үед амь хохирогч Д.О /хар өнгийн малгайтай куртка, хар өнгийн өмд, хар өнгийн гуталтай, бор шаргал өнгийн үстэй, үсээ ар хэсэгтэй боосон/, түүний цаад талд Н.М /улаан өнгийн оруулгатай, хар өнгийн богино савхин куртка, түүний дотор талд хар өнгийн малгайтай цамц, саарал өнгийн боосон нь цэнхэр өнгийн тортой зүйл барьсан, торон дотор Fanta ундаа болон архи байгаа нь харагдаж байна. Уг хоёр хүн ертөнцийн зүгээр урд талаас хойд тал руу чиглэлтэй алхаад явж байх бөгөөд амь хохирогч Д.О нь бөхийсөн явдал муутай байх бөгөөд орц тал руугаа зүглээд байгаа шинжтэй үйлдэл гаргаж, Н.М нь амь хохирогчийн баруун гар талд баруун гараас нь хөтөлсөн байдалтай явах бөгөөд баруун татаад чирсэн байдалтай татаад байрны зүүн хойд талд байрлах хүүхдийн тоглоомын талбай хэсэг рүү яваад сандал дээр өөд өөдөөсөө харан сууж байна. Н.М хойноос урагш харсан, амь хохирогч Д.О нь урдаас хойш харсан байдалтай сууж байна. Камерын цагаар 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 14 цаг 53 минутыг зааж байна. Н.М нь 14 цаг 59 минутад Супермаркет руу ороод гарч ирээд амь хохирогчийн зүүн гар талд зэрэгцээд сууж байна. Үйл явдлыг харахад ямар нэгэн зүйл ууж байгаа харагдаж байгаа бөгөөд амь хохирогч Д.О нь үе үе доош тонгойж байгаа бөгөөд Н.М нуруу хэсгийг нь элж өгч байна. 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 15 цаг 11 минут 15 секундийн үед амь хохирогч Д.О болон Н.М нь суудлаасаа босоод Н.М нь баруун гараараа амь хохирогч Д.Оийн зүүн гар талаас хөтлөөд зүүн гартаа цэнхэр өнгийн тортой зүйл ээ бариад орц руу орж байна. Тоглоомын талбай дээр 18 минут орчим хамт суусан байна. 15 цаг 11 минут 28 секундэд орцны хаалгаар орж байна....” гэсэн баримт,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...цагаан өнгийн СД-г эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн баримт,  

 

Бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...Дэлгэц дээр 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 15 цаг 13 минут 52 секундийн хугацааг зааж байна. Бичлэгт орцны хаалгаар шаргал өнгийн үстэй, үсээ ар хэсэгтэй боосонд, хар өнгийн хувцастай, эмэгтэй нь амь хохирогч Д.О байна, түүний араас саарал өнгийн биеийн тамирын өмд өмссөн, цэнхэр өнгийн тортой зүйл зүүн гартаа барьсан, улаан өнгийн оруулгатай хар өнгийн богино хүрэм, түүний дотор талд шаргал өнгийн цамц өмссөн, үсээ ар хэсэгтэй боосон эрэгтэй байх бөгөөд Н.М байна. Түүний хойд талд үл таних эрэгтэй хүн явж байна, эдгээр хүмүүс нь Лифтний үүдний хэсэгт ирээд зогсох бөгөөд бичлэг дуусаж байна... Бичлэгийг тоглуулан үзэхэд өмнөх бичлэгт гарсан 3 хүн орж ирэх бөгөөд хүмүүсийн царай төрхийг нь томруулан тодруулан харж байна, мөн лифтний урд зогсож байгаа харагдаж байна. Амь хохирогч Д.О болон Н.М нарын араас орж ирсэн хар өнгийн хувцастай эрэгтэй, баруун талын лифтэнд ганцаараа суугаад явж байх бөгөөд Д.О, Н.М нар нь зүүн талын лифтний үүдэнд хүлээсэн чигээрээ зогсож байна...” гэсэн баримт,

 

Хохирогч Э.Аын “...би ээжтэй хамгийн сүүлд 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр, мессеж бичсэн бөгөөд бид хоёрын хооронд миний ажлын цалингийн талаар харилцан яриа болсон, өөр зүйл болоогүй.... Манай ээжийн дүү Д.Г ах миний мэдэхээр нэг барилгын компанид цахилгаанчинаар ажилладаг гэдгийг мэднэ. Талийгаач болон түүний дүү Д.Г нар 2021 оны ашиглалтад орсны дараагаар хоёулаа амьдарч байсан бөгөөд ойролцоогоор 2-3 сарын өмнөөс 2 оюутан түрээслэх болсон гэдгийг мэдсэн. Би Н.М гэх хүнийг огт таньж мэдэхгүй. Өмнө энэ хүнийг харж байгаагүй юм байна. Миний мэдэхээр талийгаач ээж минь эрэгтэй хүнтэй ойр дотын зүйл байгаа анзаарагдаагүй юм.... би өнөөдөр ГССҮТ дээр очиж талийгаачийг харахад нүүр нь хөхөрч хавдчихсан хүнд маш их зодуулсан байдалтай, жижиг биетэй туранхай хүнийг тэгж аймар зодсон байсанд гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Д.Гийн “...2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажлаа тараад гэртээ байсан бөгөөд том өрөөндөө зурагт үзээд байж байх үед манай эгч өрөөнөөсөө гэрч ирээд угаалгын өрөө рүү чиглээд том өрөөний урдуур явсан, тэр үед харахад бага зэргийн архи уусан шинжтэй харагдаж байсан. Тэрнээс бол бие, нүүр хэсэгт ямар ч гэмтэл, шарх учирсан байгаагүй, манай эгч өөрөө царай зүсэндээ их анхаардаг бөгөөд биедээ их цэвэрхэн зөв авч явдаг юм... төрсөн эгчийн хүүхэд Б.Ж орцны бичлэгийг хуулбарлан авах хэрэгтэй байна, хард дискэнд дээр хуулбарлан авна гээд тэгээд би болон Ж, манаач бид гурав байж байгаад хуулбарлан авах гэж байгаа Ж би буруу дээр нь дараад бичлэгийг устгачихлаа гэж хэлсэн. Өөр зүйл болоогүй.....” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Д.Эгийн “...Би Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 427 дугаар байрны 16/4 тоот буюу О гээд айлын хажуу өрөөнд ихэр Мөнхжин болон найз залуу Ханхай нарын хамт амьдардаг. 2022.10.06-ний 12 цаг 30 минутын орчим хичээлдээ явах гээд гарсан бөгөөд манай найз залуу Ханхай гэртээ унтаад үлдсэн харин манай ихэр өглөө 10 цагийн орчим хичээлдээ явчихсан байсан тэгээд би хичээлээ тараад 17 цаг 50 минутын орчим гэртээ орж ирсэн тэр үед манай найз залуу өрөөндөө утсаараа тоглоод байж байсан тэгээд хувцсаа солиод бие засах өрөө ороод хоол хийж идэх гээд коридор хэсэгт байдаг хөргөгчөөс мах авах гээд зогсож байтал хажуу талын байрны эзэн О эгчийн өрөөнөөс “гадаа хүн байна уу туслаарай” гээд дугарсан тэгэхээр нь би өрөөндөө ороод найз залуудаа хэлээд бид хоёр хамтдаа хажуу талын өрөөний гадаа очоод сонссон тэгтэл юм дугарахгүй байсан тэгээд би буруу сонссон юм бол уу гэж бодоод өрөөндөө ороод хаалгаа дутуу хаагаад сонссон тэгтэл дахиад “туслаарай” гээд дугарсан тэгэхээр нь бид хоёр хаалганы гадаа очсон чинь эрэгтэй хүн дугарах шиг болсон тэгээд би гайхаад хаалгыг нь тогшсон тэгтэл “ороо” гээд дугарсан тэгээд хаалгыг нээгээд харахад үл таних эрэгтэй хүн орон дээр нь буруу хараад суучихсан харин байрны эгч ард нь ямар ч хувцасгүй нүцгэн нүүр хэсэг нь хавдаад тэгшрээд улаан нялга болчихсон бие нь дийлэнх хэсгээрээ хөхөрсөн харагдаж байсан тэгтэл өрөөнд байсан ах бид хоёрыг “байж бай” гээд хэлсэн тэгэхээр нь бид хоёр хаалгыг нь хаагаад буцаж өрөөндөө ороод би өөрийн 88188682 дугаараас 2022.10.06-ний 18 цаг 06 минутад 102 дугаарын утсанд дуудлага өгсөн тэр үед манай найз залуу гараад “нөгөөг залууг нь бариад авъя” гээд байсан тэгэхээр нь би маргааш хөдөө ажилдаа явах гэж байгаа болохоор янз бүрийн хэрэгт холбогдоод дэмий гэж бодоод “цагдаа иртэл хараад байж байя” гэсэн. Тэгээд нөгөө хүн нь гараад зугтчихаж магадгүй гэж ярилцаад хувцсаа өмсөөд гадаа орцны үүдэнд зогсож байгаад цагдаа ирэхээр хамт оръё гэж бодоод үүдний хэсэгт гутлаа өмсөөд сууж байтал байрны эзэн эгчийн өрөөний хаалга нээгдээд үл таних эрэгтэй хүн гартаа юм барьчихсан ардаа нуугаад “нааш ир” гэж нэг удаа хэлчихээд толгойгоо хөдөлгөөд бид хоёрыг дуудаад байсан тэгээд бид хоёр айгаад шууд гараад хаалгаа гаднаас нь түгжээд байрнаас гараад үүд хэсэгт хараад зогсож байсан тэгээд дахиад цагдаа руу залгаад “яаралтай ирээрэй” гээд хэлсэн манай найз залуу бол “ороод хараад байж байя эгчийг алчихвал яахын гээд байсан би айгаад чамайг бас алчихвал яахын гадаа хараад зогсож байя цагдаа ирж байна” гэсэн гээд оруулаагүй хүлээж байтал хоёр цагдаа ирсэн тэгээд бид хоёр дагуулаад байр руу хамт орсон тэгээд гэрийнхээ хаалгыг нээсэн чинь гэрээс утаа үнэртээд эхэлсэн тэгээд цагдаа нар түрүүлээд орсон бид хоёр араас нь орсон тэгэхэд бие засах өрөөнд цус мэт зүйл болоод арчаад загалтсан байсан бөгөөд байрны эгчийн өрөөг зааж өгөөд хаалгыг нь нээлгэх үед хүн байхгүй юм шиг байсан тэгээд цаад талын том өрөө рүү хартал балкон дээр нь нөгөө ах тамхи татаад сууж байсан тэгэхээр нь цагдаа ахад зааж өгөөд бие бие засах өрөөнд эгчийг байгаа байх гэж бодоод нээгээд үзэхэд байгаагүй тэгтэл цагдаа ах нар нөгөө танихгүй ахыг гавлаад үүдний хэсэгт авч ирсэн тэгээд эгчийн өрөө рүү ороод юм яриад байсан тэгэхээр нь би өрөөндөө байгаан байна гэж бодоод харсан тэгтэл орныхоо наад талд нүцгэн хэвээрээ юм ярихгүй ухаан алдсан хэвтэж байсан тэгээд намайг “түргэн дууд” гээд би түргэн дуудаад ирж үзээд эгчийг аваад явсан харин цагдаа нар тухайн танихгүй ахыг аваад явсан....” гэсэн мэдүүлэг,  

 

Гэрч Х.Хгийн “...Би Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 427 дугаар байрны 16/4 тоот буюу О гээд айлын хажуу өрөөнд найз охин Э болон ихэр Мөнхжин нарын нь хамт амьдардаг бөгөөд би Өмнөговь аймагт уурхайд ажилладаг болохоор ирээд 10 хоног болоод ажилдаа явдаг байсан бөгөөд 2022.09.26-ний өдөр ажлаасаа ирээд хамт амьдарч байсан. Өнөөдөр буюу 2022.10.06-ны өдөр би гэрээсээ гараагүй бөгөөд 12 цагийн орчим манай найз охин Э хичээлдээ явна гээд би гаргаж өгөөд хаалгаа дотроосоо цоожлоод бие засчихаад өрөөндөө ороод унтсан тэгээд 1 цаг орчим болоод сэрсэн чинь хүмүүс ирсэн шинжтэй чанга дугаралдаад байсан тэгэхээр нь тоогоогүй өрөөндөө фейсбүүк ороод байж байсан тэгтэл 15 цагийн орчим маргалдсан шинжтэй байрны эгч эрэгтэй хүнтэй хэрэлдэх шиг болоод байсан тэгэхээр нь би найз охиндоо чатаар  болж байгаа асуудлын талаар хэлсэн тэгээд байж байтал 17 цагийн орчим манай найз охин ирээд би хаалга онгойлгож өгсөн тэгээд бид хоёр “хоолоо хийж идье” гээд найз охин гараад “хөргөгчөөс мах аваад ирье” гээд гарсан тэгснээ “хэн бэ” гээд дугарах шиг болсон тэгэхээр нь би гайхаад гараад харсан тэгтэл эгч “туслаарай” гээд дугарах шиг боллоо гэсэн тэгээд бид хоёр чагнаад үзэхэд дугаралдаад байсан тэгэхээр нь хаалгыг нь нээгээд харсан тэгтэл байрны эгчийг зодчихсон шинжтэй чармай нүцгэн хувцасгүй орны цаана зогсож байсан харин үл таних эрэгтэй хүн орон дээр сууж байсан тэгтэл эрэгтэй хүн нь “та хоёр цаанаа байж бай” гэсэн тэгэхээр нь бид хоёр гараад өрөөндөө ороод цагдаа дуудсан тэгээд бид хоёр гарья гээд гутлаа өмсөөд үүдний хэсэгт байж байтал байрны эгчийн өрөөний хаалга онгойгоод тухайн эрэгтэй гартаа юм барьсан ардаа нуусан шинжтэй гарч ирээд намайг “нааш ир” гээд дуудсан тэгээд бид хоёр шууд гараад дахиад цагдаа дуудаад “та хэдийг иртэл одоо ямар арга хэмжээ авах бэ” гээд асуусан тэгэхэд “гадаанаа байж бай” гэж хэлсэн. Тэгээд хүлээж байгаад цагдаа ирээд хамтдаа бид хэд орсон тэгтэл юм шатаж байгаа шинжтэй хиншүү үнэртээд утаа гарч байсан тэгээд ороод харахад тухайн эрэгтэй балкон дээр тамхи татаад сууж байсан харин байрны эгч өрөөндөө газар ухаан алдсан шинжтэй юм ярихгүй хэвтэж байсан тэгээд манай найз охин 103 дуудсан би цаашаа яваад хартал цахилгаан плитагаар 3 товчийг асаагаад юм түлсэн шинжтэй байсан тэгээд цагдаа нар тухайн эрэгтэйг гавлаад сандал дээр суулгаад эмнэлэг ирээд эгчийг аваад явсан энэ үед байрны эгчийн төрсөн дүү ирээд хамт эмнэлэг аваад явсан тэгээд гэртээ байж байтал цагдаагийн бүрэлдэхүүн ирээд үзлэг хийсэн тэгээд гал тогоо болон коридор хэсгээ цэвэрлэсэн....” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Я.Оын “...2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ойролцоогоор 15:00 цагийн орчимд намайг ажил дээрээ жижүүрийнхээ өрөөнд байхад манай байрны 16 давхарын 4 тоотод амьдардаг 50 орчим насны эмэгтэй архи уусан нэлээн согтсон гуйвсан байдалтай тортой хог барьцан гараад хогоо асгаад урагшаа чигтэй явж байгаа нь миний өрөөний цонхоор харагдаж байсан. Тэгээд 10 орчим минутын дараа тухайн эмэгтэй 40 орчим насны хар куртиктэй өндөр нуруутай бор царайтай үсээ ардаа боосон эрэгтэй хүн дагуулж ирээд байрны урд байх сандал дээр 5 орчим минут сууж байгаад дотогшоогоо хамт орсон. Эрэгтэй нь архи дарс уугаагүй эрүүл байх шиг харагдсан ба гартаа тортой юм бариад орж байсан....” гэсэн мэдүүлэг,

 

Шинжээч Б.Гийн “...Талийгаачид олон тооны гэмтэл буюу тархи, цээж, мөчдийн гэмтлүүд тогтоогдсон бөгөөд энэ олон тооны гэмтлийн улмаас гэмтлийн шоконд орж нас барсан байна. Хоёр уушгины бүрэн бус авчилт нь цээжний хэсэгт хүч үйлчлэх, цохилт, доргилтын улмаас үүсэх бөгөөд гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг, 

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар 24-ний өдрийн №2628 дугаартай дүгнэлтэд “...Дүгнэлт:

1. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр тархины дух дагзны дэлбэнгийн аалзан хальс доор цус харвалт, хоёр талын олон хавирганы хугарал, хоёр уушгины бүрэн бус авчилт, толгой, цээж, мөчдийн олон тооны цус хуралт /15-20%/, баруун ухархайн дотор хана, хамар ясны хугарал, баруун хөмсөг, хоёр зовхи, зүүн хацар баруун гуя, зүүн шилбэнд зулгаралт, баруун сарвууны эрхий долоовор, ядам зүүн эрхий дунд хурууны хумсан доорх цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хоёр талын олон хавирганы хугарал, хоёр уушгины бүрэн бус авчилт гэмтэл хүнд зэрэгт бусад гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна.

4. Шинжилгээгээр мөчдийн олон тооны цус хуралт, хумсан доорх цус хуралт тогтоогдлоо.

...7. Талийгаачийн цусанд 2,6 промилли, ходоодны шингэнд 3,1 промилли спиртийн зүйл илрэв. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Ходоодны шингэнд САЗ-н хүрээнд хорт бодис болон эмийн бодис, хүчил шүлт илрээгүй, талийгаач нас барахдаа хүнд зэргийн согтолттой байжээ.

8. ГССҮТ-ийн өвчний түүхэнд талийгаач нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны 21 цаг 35 минутад нас барсан гэжээ.

9. Шинжилгээгээр үхэлд нөлөөлөх өвчингүй байна. Талийгаач нь ДОХ, Тэмбүү, Заг хүйтэн, Трихомониазын халдваргүй, үтрээний арчдас наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй.

10. Талийгаач нь хавсарсан гэмтлийн улмаас уушги гялтангийн шокод орж нас баржээ.

11. ГССҮТ-д өвчтөний биеийн байдал маш хүнд, ухаангүй, даралт пульс тодорхойлогдохгүй ирж сэхээн амьдруулах лавшруулсан тусламжийг үзүүлсэн боловч үр дүнгүй нас баржээ... ” гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний  хүрээлэнгийн шинжээчийн  2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №4982 дугаартай дүгнэлт “...1. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ.

2. “Н.М 2022.10.07” гэж хаягласан шээснээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.

3. “Н.М 2022.10.07” гэж хаягласан шээсэнд 1,9 промилли спирт илэрсэн. Согтолтын зэргийг зөвхөн цусанд тогтоодог болно...” гэсэн баримт,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №5204 дугаартай дүгнэлт “...1. Ирүүлсэн цусны дээж нь спирт тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ.

2. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын шинжилгээ хийхэд цусны дээжний хэмжээ хүрэлцэхгүй тул боломжгүй байна.

3. “Мөнхбат” гэж хаягласан цусанд спирт илрээгүй.

4. Шээсэнд илэрсэн спиртийн агууламжаар согтолтын зэргийг тогтоодоггүй.  Зөвхөн цусанд илэрсэн үр дүнг үндэслэж согтолтын зэргийг тогтооно...” гэсэн баримт,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №4969 дугаартай дүгнэлтэд “...3. Хар өнгийн цамц дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо ИБ8073 дугаартай амь хохирогч Д.Оийн гэх хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно, Мөнхбат гэх хуруу шилтэй цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй...” гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №4980 дугаартай шинжээчийн дүгнэлт “...3. Шар өнгийн футволк цагаан өнгийн майк, саарал өнгийн бэлтгэлийн өмд дээр толбонд нэг эмэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц тогтоогдсон ба амь хохирогч Д.Оийн цусны ДНХ-ийн тогтоц тохирч байна, 2022 оны №4969 дугаартай дүгнэлтэд тусгагдсан Н.Мын цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй...” гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №4981 дугаартай дүгнэлт “...1. шинжилгээнд ирүүлсэн савхин куртик дээрх толбонд цус илэрсэн. Саарал өнгийн пүүзэн дээр цус илрээгүй. Үс, хумс, үрийн шингэн болон биологийн гаралтай өөр бусад толбо илрээгүй. 2. Савхин куртик дээрээс авсан толбонд илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй....” гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №5045 дугаартай дүгнэлт “...2. Цагаан өнгийн аяга, бор өнгийн даавууны хэсэг шоотой эрээн даавууны 2 хэсэг, хөвөн даавууны 3 хэсэг дээрх толбонд нэг эмэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц тогтоогдсон ба амь хохирогч Д.Оийн цусны ДНХ-ийн тогтоц тохирч байна...” гэсэн дүгнэлт,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолд “...цагаан өнгийн шаазан аяга 1 ширхэг, бор өнгийн даавууны хэсэг, шоотой эрээн даавууны 2 хэсэг, хөвөн даавууны 3 хэсэг, савхин куртик 1 ширхэг, цагаан өнгийн үдээстэй пүүзэн гутал 1 хос, шар өнгийн футволк цагаан өнгийн майк, саарал өнгийн бэлтгэлийн өмд зэрэг эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн баримт,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №1035 дугаартай шинжээчийн дүгнэлт “....1. Н.М нь хэрэг учрал болсон гэх 2022.10.06-ний өдөр болон өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Н.М тухай үед болж байгаа үйл явдлыг үнэн зөвөөр тусган ойлгох чадвартай байсан байна. Н.М нь хэрэг учрал болсны дараа сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болсон гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Н.М нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Н.М нь тухай болсон явдлыг үнэн зөвөөр тусган авч ойлгон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Н.М нь эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна.

5. Н.М нь хэрэг учрал болох үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь бодит явдлыг үнэн зөвөөр тусган авахад нөлөөлөл багатай болно...” гэсэн баримт, 

 

Шүүгдэгч Н.Мын яллагдагчаар өгсөн “...дэлгүүрийн үүдэнд нэг эмэгтэй байсан, явж чадахгүй гуйваад байсан. Тэгэхээр нь би “яаж байна эгчээ, та зүгээр үү” гэхэд надад хандан “эгчийгээ түшээд дэлгүүр рүү оруулаад өгчих, 7, 8 хоног уусан чинь явж чадахгүй унах гээд байна” гэж хэлсэн. Би эгчийг түшин дэлгүүр рүү орсон. Нөгөө эгч дэлгүүрээс шар өнгийн фанта ундаа 1 шил 0,75 литрийн хараа архи авсан. Тэгээд дэлгүүрээс гарсан бөгөөд эгчийг тавиад холдох гэхээр уначих гээд байсан учир дэлгүүрээс гарган өгөөд явах гэхэд надад тухайн эгч “манай гэр яг энэ ар талд байгаа намайг хүргээд өгөөч” гэж хэлсэн. Тэгээд байрных нь үүдэнд хүргэж өгсөн. Орцны үүдний хажуу талд байсан тоглоомын талбайн сандал дээр суугаад хий суусан. Тэгтэл эгч хий огиулаад байсан. Надад хандан дэлгүүр ороод нэг удаагийн аяга аваад өгөөч гэж хэлсэн. Би байрных нь дэлгүүр рүү орж 2 ширхэг нэг удаагийн аяга авсан. Аягыг нь өгсөн чинь наад архиа задлаад хийгээд өгөөч гээд гар нь чичрээд байсан. Архинаас аягалж өгсөн, намай өөртөө хий гэж хэлсэн. Тэгээд 2-3 хундага уусан бөгөөд хий огиулаад байсан. Би тухайн архинаас бас 2-3 хундага уусан... орцоор ороод цахилгаан шатаар 16 давхарт гарч 4 тоот хаалга руу орсон байх. Манайх энэ гээд хүрэн хаалга заагаад гэрт нь орсон... Тэгтэл нөгөө эгч архинаасаа хий гэж хэлээд архи хуваан уусан. Нөгөө эгч өөрийнхөө тухай яриад сууж байгаад нэлээн согтоод эхэлсэн... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хангалттай нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Хэрэгт цугларсан дээрх баримтуудаас үзвэл шүүгдэгч Н.М нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн орой Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амь хохирогч Д.Оийг согтуурсан биеэ хянах чадваргүй байхад түүнтэй танилцаж, улмаар 427 дугаар байрны гадна согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэж, тухайн байрын 16 дугаар давхрын 4 тоот амь хохирогчийн орон сууцанд орж мөн хоорондоо согтууруулах ундааны зүйл үргэлжлүүлэн хэрэглэж улмаар Д.Оийн биеийн толгой, нүүр, цээж, гар, хөл зэрэг олон хэсэгт газарт хүч хэрэглэн цохиж зодсоны улмаас түүний биед олон тооны гэмтэл буюу тархи, цээж, мөчдийн гэмтлүүдийг нэгэн зэрэг хавсруулан учруулсны улмаас гэмтлийн шокод оруулж хүний амь насыг хохироосон болох нь нотлогдсон байна.

 

Амь хохирогч Д.О нь хэрэг болсон цаг хугацаанд согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж хүнд согтосны улмаас өөрийгөө удирдан ухамсарлан жолоодох чадваргүй байсан болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт болох камерын бичлэг бусад баримтууд тогтоогдсон.

 

Ийнхүү шүүгдэгч нь амь хохирогчийг согтуурч өөрийгөө удирдан ухамсарлан жолоодох чадваргүй болохыг мэдсээр атлаа дахин согтуурах боломжийг гаргаад зогсохгүй, түүний оршин суудаг өрөөнд хүч хэрэглэн зодсоны улмаас биеийн гадна хэсэгт “....зулай, дагз, чамархай, дух зовхи, хацар, шанаа, эрүү нүүрний хэсгийг бүхэлд нь хамарч их хэмжээгээр овойж хавдсан, нүүрний тэгш хэм алдагдсан, 2 нүдний зовхины эргэн тойронд тод хар өнгийн, нүүрний бусад дух, хацар, шанаа, эрүү, баруун чихний хэсгээр тархмал хөхөлбөр хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Цээжний урд хэсгийн хамарсан 45х36см талбайд 8.9х8см-аас 2х1см хүртэл хэмжээтэй олон тооны хөхөлбөр хүрэн өнгийн, цээжний зүүн урд 8.5х8см хөхөлбөр хүрэн захаараа ногоон өнгийн, хоёр мөр, бугалга хамарсан 20х7см талбайд 7х6.8см-аас 1х1см хүртэл хэмжээтэй олон тооны, хэвлийн урд дээд хэсэгт 2.4х2см 4ш хөхөлбөр хүрэн ягаан өнгийн цус хуралтуудтай...хоёр сарвууны бүх хурууны хумс өндөгний төвшинд хугарсан, баруун сарвууны эрхий, долоовор хурууны хумсны будаг тал хэсэг хууларсан, баруун эрхий, долоовор, ядам, зүүн эрхий, дунд хурууны хумс хөндийрсөн, хумсан доор цус хурсан, өндөгний хэсэгт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдож хатсан...” гэх мэтчилэн биеийн бүхий л хэсгийг хамарсан хөхрөлт, цус хуралтыг үүсгэсэн ба биед нь “тархины дух дагзны дэлбэнгийн аалзан хальс доор цус харвалт, хоёр талын олон хавирганы хугарал, хоёр уушгины бүрэн бус авчилт, толгой, цээж, мөчдийн олон тооны цус хуралт /15-20%/, баруун ухархайн дотор хана, хамар ясны хугарал, баруун хөмсөг, хоёр зовхи, зүүн хацар баруун гуя, зүүн шилбэнд зулгаралт, баруун сарвууны эрхий долоовор, ядам зүүн эрхий дунд хурууны хумсан доорх цус хуралт” бүхий олон тооны гэмтлүүд учруулснаас гадна тархины гэмтэл, олон хавирганы хугарлаас уушгийг гэмтээж тэрхүү олон гэмтлийг учруулж Д,Оийг тарчилган зовоож, шаналал үүсгэж балмад аргаар амь насыг хохироосон үйлдэл нь харгис шинжийг агуулсан гэж үзэхээр байна.         

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

 

Хүнийг санаатай алах гэмт хэрэг гэж бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хүнийг алсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

“Онц харгис хэрцгийгээр” гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, өлсгөж цангаасан, осгоосон, шатаасан, хайрсан, түлсэн, хохирогчийг тарчилгах зорилгоор түүнд бусдаас тусламж үзүүлэхэд саад учруулсан, ойр дотны хүмүүсийн дэргэд алж, тэднийг шаналгасан, үйлдлээ зэрлэг балмад байдлаар үйлдсэн байхыг ойлгоно.

 

“Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэдэгт бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдийн үйлдлийн эсрэг өөрийгөө хамгаалах идэвхитэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгохыг хэлэх бөгөөд үүнд: бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүн, өндөр настан, хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй зэрэг хүн хамаарна.       

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 

Шүүгдэгч Н.М нь хохирогчийг хүчтэй согтуурч биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хохирогчийн биед хүч хэрэглэж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэнд, амь насанд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас хохирогч Д.Оийн биед олон тооны гэмтэл учруулж амь насыг нь хохироосон хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.

 

Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүх шүүгдэгч Н.Мыг хүнийг санаатай алсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хуралдаанд улсын яллагчаас “...шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах хуульзүйн үндэслэлтэй гэж үзсэн ба харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...миний үйлчлүүлэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн. Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан сэтгэл санааы хохирлыг нэхэмжлэх хуулийн хэрэгжилт  эхлээгүй. Энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгчийн зүгээс баримтаар учирсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн...” гэсэн санал гаргасан.

Иргэдийн төлөөлөгчөөс “...шүүгдэгч нь хүн алах гэмт хэрэгт буруутай гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт гаргасан болохыг дурьдах нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгчээс өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хохирол төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 501.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж тус тус заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А нь “...оршуулгын зардалд 16.656.000 төгрөгийн төлбөр, ажилгүй байсны 1.045.450 төгрөгийн, буяны 49 хоногийн ажилд 650.850 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Холбогдох баримтуудыг хэрэгт хавсаргасан. Мөн сэтгэл санааны хохиролд 82.500.000 /хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлснээр/ 82.500.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан оршуулгын зардалд 16.656.000, 49 хоногийг буяны ажлын зардалд 650.850 төгрөг нэхэмжилж гаргаж өгсөн баримтуудаас нийт 14.516.871 төгрөгийн нэхэмжлэлийн баримтуудыг /2 хх-ийн 1-4, 6-7, 11-27 дугаар хуудас/ хангаж, үлдсэн 2.789.979 төгрөгийн нэхэмжлэлийн баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй, он цагийн хувьд зөрүүтэй, хамааралгүй /2 хх-ийн 1-5, 8-9, 14, 19-20, 23 дугаар хуудас/ байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

Шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 7.000.000 төгрөг төлсөн болох нь оролцогчдийн мэдүүлэг, тайлбар, бусад баримтуудаар тогтоогдсон тул 14.516.871 төгрөгөөс уг мөнгөн дүнг хасч үлдэгдэл 7.516.871 төгрөгийн гэм хорын хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5.-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж заасан.

 

Шинэчилэн найруулсан Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40  дүгээр зүйлд Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг /Хүний амьд явах эрхийн эсрэг/ гэмт хэргийн улмаас амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах талаар хуульд зохицуулсан хэдий ч  Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульд зохицуулсан байна.

 

Тиймээс шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоохдоо Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь заалтад заасан “хохирогчид аль ашигтайгаар” тогтоох нөхцөл хангагдах боломжгүй гэж үзсэн тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ааас нэхэмжилсэн 82.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Н.Маас дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ааас цалин хөлстэй холбоотой 1.045.450 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “....шүүгдэгч Н.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-т зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх...”, шүүгдэгч Н.Мын өмгөөлөгчөөс “...Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Хөгшин настай эцэг, эхийн хамт амьдардаг тул түүний хувийн байдлыг харгалзан үзэж улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагыг багасгаж ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал тус тус гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-т зааснаар гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Н.М нь 38 настай, бүрэн бус дунд боловсролтой, сийлбэрчин, эрхэлсэн тодорхой ажилгүй, байнгын оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, зэрэг хувийн байдлуудыг тогтоов.

 

            Шүүх шүүгдэгч Н.Мын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д тус тус зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хүний амь нас хохирсон зэргийг  харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Бусад асуудал:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, цагаан өнгийн шаазан аяга 1 ширхэг, бор өнгийн даавууны хэсэг, шоотой эрээн даавууны 2 хэсэг, хөвөн даавууны 3 хэсэг, савхин куртик 1 ширхэг, цагаан өнгийн үдээстэй пүүзэн гутал 1 хос, шар өнгийн футволк цагаан өнгийн майк, саарал өнгийн бэлтгэлийн өмд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч Н.М нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл нийт 189 хоног цагдан хоригдсон ба цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй болохыг тус тус дурдлаа.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг ноцтой зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Мыг хүнийг санаатай алсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар шүүгдэгч Н.Мыг 16 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мын цагдан хоригдсон 189 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мад оногдуулсан 16 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, цагаан өнгийн шаазан аяга 1 ширхэг, бор өнгийн даавууны хэсэг, шоотой эрээн даавууны 2 хэсэг, хөвөн даавууны 3 хэсэг, савхин куртик 1 ширхэг, цагаан өнгийн үдээстэй пүүзэн гутал 1 хос, шар өнгийн футволк цагаан өнгийн майк, саарал өнгийн бэлтгэлийн өмд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Маас 7.516.871 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Аад олгосугай.

 

8. Шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Аын 82.500.000 төгрөгийн сэтгэл санааны хохиролтой холбоотой нэхэмжлэл, цалин хөлстэй холбоотой 1.045.450 төгрөгийн нэхэмжлэл зэргийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчид холбогдуулан дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Мад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

            11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН

                        ШҮҮГЧ                     С.ОЮУНЧИМЭГ

    ШҮҮГЧ                              А.МӨНХСАЙХАН