Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/423

 

 

 

 

 

 

 

 

 

   2023         04         18                                    2023/ШЦТ/423

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Энх-Амар,

Улсын яллагч: Д.Мөнхтогоо,

Шүүгдэгч: Д.С, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нар оролцсон эрүүгийн 0 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн 1988 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрүүл ахуйн байцаагч ажилтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.С нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” нэртэй хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж байсан Н.Бтай маргалдан улмаар хөлөн тус газарт хөлөөрөө өшиглөх саван болон савантай усаар нүүрэн газарт цохих зэргээр эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт баруун нүдний алим зовхины цус хуралт баруун гуяны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн өдөр урамшууллын стикерийн хугацаа дууссан байсан. Тэгээд компанитай нь ярьж өгье гэсэн ч харилцан бие биедээ хүрсэн. Миний бие хөхөрсөн ч би тухайн үедээ шүүх шинжилгээнд ороогүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Эрүүгийн 0 дугаартай хэргээс:

 

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтын тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

 

            Хохирогч Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 11-15 дугаар хуудас/, 

 

Хохирогч Н.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг нотолсон Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №16343 дугаартай дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

 

Д.Сээс гарган өгсөн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 7 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Д.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн  35-37 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Д.Сийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр хуудас/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 48 дугаар хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 45 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой 1 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.С нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” нэртэй хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж байсан хохирогч Н.Баас урамшууллын бараатай холбоотой санал, хүсэлтээ илэрхийлэхэд уурлан маргалдаж, зүй зохисгүй харилцсаны улмаас хохирогчийн хөлөн тус газарт хөлөөрөө өшиглөх эд зүйл болон савтай усаар нүүрэн газарт цохих зэргээр халдан зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт баруун нүдний алим зовхины цус хуралт баруун гуяны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

 

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтын тэмдэглэл,

 

Хохирогч Н.Бын “...Би 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 17 цагийн үед гэрийн ойролцоо 17-н автобусны буудал орчим байдаг А нэртэй хүнсний дэлгүүр рүү орсон. Гоймонгийн урамшууллын стикерээр гоймон солих гэж орсон. Тэгээд хоёр ширхэг гоймон авах гэсэн чинь худалдагч эмэгтэй нь сарын эцэс болоод тооллоготой байна. Маргааш авч гэхээр нь би “урьд нь бас хоёр удаа авах гээд өгөөгүй, яагаад ингэж байгаа юм бэ” гэсэн чинь маргааш ирээд ав гэхээр нь би маргааш авах завгүй гэсэн чинь худалдагч нь “чамд өгөхгүй, албатай ч биш” гээд гоймонгоо хурааж аваад маргалдсан... Тухайн эмэгтэй эхлээд тамхины хатуу цаасаар миний нүүр рүү нэг удаа цохисон. Миний баруун болон зүүн хөл рүү өшиглөсөн. Хатуу барааны саванг миний нүүр рүү шидсэн. Мөн 1 литрийн устай саваар нүд, нүдний ухархай хэсэг рүү цохисон. Энэ асуудлаас болж тархи хөдөлсөн учраас 4 удаа нийт 80.000 төгрөгөөр бариачид бариулсан. 7 хоног ажилдаа яваагүй ажлаа хийж чадаагүй, рентген зураг авхуул гэсэн боловч авхуулж чадаагүй байна. Би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Н.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг нотолсон Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №16343 дугаартай дүгнэлтэд “...1. Н.Бын биед тархи доргилт, баруун нүдний алим, дээд зовхины цус хуралт, зүүн шилбэний цус хуралт, баруун гуяны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт,

Д.Сээс гарган өгсөн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...бичлэгийг эхлүүлэхэд хүнсний дэлгүүрийн кассын хэсэгт хохирогч Н.Б, яллагдагч Д.С нар байгаа нь бичлэг дээр харагдаж байх бөгөөд хоорондоо юм ярьж байгаа мэт харагдаж байгаад Д.С лангуун дээрээс савтай гоймон авч лангууны доор авч тавьж байна. Хоорондоо юм ярьж байгаад Д.С лангуун дээрээс нарийн цагаан зүйлээр Н.Бын нүүр хэсэгт цохиход Н.Б лангуун дээрээс эд зүйл аваад Д.С рүү шидэж байна. Түүний дараа лангууны араас Д.С Н.Быг түлхэхэд урдаас нь харилцан түлхэж үүний дараа Д.С Н.Б нар харилцан нэгийгээ өшиглөж байх үед эрэгтэй хүн гарч ирээд салгаж байна...” гэсэн баримт,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол “...Д.Сээс бичлэг бүхий 1 ширхэг СД-г гарган өгснийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн баримт,

Шүүгдэгч Д.Сийн яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн ажиллуулдаг Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А нэртэй хүнсний дэлгүүрт байж байтал 18 цагийн үед гаднаас нэг эмэгтэй орж ирсэн.... намайг янз бүрийн хараалын үгээр доромжлоод 10 гаруй минут болсон.... би өөр хүнд үйлчлэх гээд түүнийг касснаас холд өөр хүнд үйлчилмээр байна гэхэд тэрээр кассан дээр байсан бараа авч цацаад намайг “гичий нохой” гээд доромжлоод байхаар нь би лангууны араас гарч ирээд түүний гараас нь бариад “гар” гэж түлхсэн. Тэр үед тэр эмэгтэй гараараа миний цээж хэсэгт нэг удаа цохисон. Би зөрүүлээд хөл рүү нь өшиглөсөн. Тэр эмэгтэй миний баруун хөл рүү өшиглөсөн. Тэгээд тэр эмэгтэй лангуунаас кимчитэй савтай гоймон аваад над руу шидсэн. Би жижиг савтай 300 гр-ийн бонакуа нэртэй ус аваад түүн рүү шидтэл нүүр хэсэгт нь цохигдсон...” гэсэн тэмдэглэл бүхий баримт зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.С нь Н.Бтай зүй зохисгүйгээр харьцаж маргалдан улмаар хөлөөрөө өшиглөх, эд зүйл болон савтай ус авч шидэх зэргээр түүний биед хүч хэрэглэн зодсон болохыг хохирогч, шүүгдэгч нараас тус тус тодорхой мэдүүлж, хэрэг болсон нөхцөл байдал нь камерын бичлэгт тусгагдсан, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хөнгөн гэмтэл учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 

Шүүгдэгч Д.С нь хохирогчийн биед хүч хэрэглэн цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас хохирогч Н.Бын биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.

 

 Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

Иймд шүүх шүүгдэгч Д.Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү..” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс “...шүүгдэгчийн гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар маргаан байхгүй. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн санал тус тус гаргасан болохыг тэмдэглэв.

 

Хохирол, төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Баас “...шүүх хуралдаанд оролцохгүй. Хохиролд 500.000 төгрөг авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гэм хорын хохиролд 500.000 төгрөг төлсөн талаар баримт гаргасан байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

            Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “....шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогчид 500.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан. Анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон зэрэгт нөхцөл байдлыг харгалзан түүний эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” саналтай талаар илэрхийлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Д.Сийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бүс үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Д.С нь ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, дээд боловсролтой, эрүүл ахуйн байцаагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, үл хөдлөх хөрөнгөтэй, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Д.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөөгүй тул өмгөөлөгчийн саналыг хүлээн аваагүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нар нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.10, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ст оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 500.000 төгрөгийн хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДУЛАМСҮРЭН