Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2022/00028

 

2022           01            06                                          001/ХТ2022/00028

 

 

Г.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 132/ШШ2019/00556 дугаар шийдвэр,

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 8 дугаар магадлалтай,

 

Г.Бын нэхэмжлэлтэй

Б.Д, М.У нарт холбогдох

 

М.Уээс 11 тооны, Б.Доос 4 тооны үхэр гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Б.Д, М.У нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, хариуцагч М.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

1. Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 132/ШШ2019/00556 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч М.Уээс хар халзан үнээ, хар халзан тугалтай, нүдэн улаан үнээ, улаан халзан тугал, хүрэн үнээ, улаан халзан тугал, улаан халзан үнээ, улаан халзан тугал, хүрэн зүсмийн эр шүдлэн, улаан хүрэн зүсмийн охин шүдлэн, улаан эрээн эм шүдлэн нийт 3600000 төгрөгөөр үнэлэгдэх 11 тооны үхэр, Б.Доос 1 үнээ, 3 тооны шүдлэн, нийт 1800000 төгрөгөөр үнэлэгдэх 4 тооны үхрийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Бд буцаан олгож шийдвэрлэжээ.

 

2. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 8 дугаар магадлалаар хариуцагч Б.Дийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 556 дугаар шийдвэрийг хэвээр нь үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Хариуцагч Б.Д, М.У нар хяналтын гомдолдоо: Магадлал, шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргах нь: Хариуцагч Б.Д, М.У бид тус аймаг дахь анхан шатны шүүхийн № 556 шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ба тус шүүх миний гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ хууль болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн тул дараах үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Үүнд: 1. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн гаргасан Хууль хэрэглээний болон хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн алдааг илрүүлж зөвтгөж чадаагүй, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй талаар: Нэхэмжлэгч Г.Б нь манай нөхөр Б.Дид 5 үхэр, хариуцагч М.У надад 6 үхэр үлдээсэн тул шүүхээр гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэл гаргасан ба анхан шатны шүүх хариуцагч нар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн дүгнэлт хийж хариуцагч М.Уээс 3,600,000 төгрөгөөр үнэлэгдэх 11 үхэр гаргуулж шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй зэрэг алдааг давж заалдах шатны шүүх илрүүлж чадаагүй болно. а/.анхан шатны шүүх “...нэхэмжлэгч нас барах хүртлээ харж хандуулахаар 8 тооны үхэр өгч маллуулах, сар бүр 100,000 төгрөгийн цалин хөлс өгч байхаар тохиролцсон үйл баримт тогтоогдсон, асран тэтгэх гэрээний агуулгыг илэрхийлэх боловч хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн хирнээ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэсэн 2 өөр дүгнэлт хийснийг хуульд нийцсэн талаар давж заалдах шатны шүүх огт дүгнээгүй, анхан шатны шүүхийн дүгнэлт ямар нотлох баримтын үндсэн дээр хуульд нийцсэн талаар дүгнэж чадаагүй, шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар үндэслэлтэй болсон талаар магадлалдаа тодорхой заагаагүй өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хэргийг шийдвэрлэж чадаагүйгээс магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцээгүй гэж үзэхээр байна. б/. Нэхэмжлэгч Г.Бын гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас харахад надаас 6 тооны үхэр Б.Доос 5 тооны үхэр нэхэж байгаа юм шиг харагдаж байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр Дээд шүүхийн № 534 дүгээр тогтоолоор надад олгож шийдвэрлэсэн 11 тооны үхрийг надаас гаргуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байсан, гэтэл энэ талаар давж заалдах шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй шүүх үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцсэн байна гэж үзсэн. Уг нь дээрх хуулийн заалтанд яагаад нийцсэн, ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа талаар маш тодорхой бичих ёстой гэж бодож байна. Үүнээс харахад давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн мэргэжлийн чадвар дутагдалтай байгааг Дээд шатны шүүх анхаарч үзэхийг хүсч байна. 2.Шүүх хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрх ашгийг ноцтой зөрчсөн, хэтэрхий нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн талаар: Нэхэмжлэгч Г.Бын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг анхнаасаа хариуцагч нар зөвшөөрөөгүй талаар тайлбар өгсөн. нэхэмжлэгч хариуцагч нар хуульд заасан тэгш эрх, үүрэгтэйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ёстой. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй яагаад биднээс олон тооны үхэр нэхээд байгаа нь ямар ч баримт байхгүй байсан тул бид ямар баримт гаргаж маргахаа мэдэхгүй байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагч нар давж заалдсан гомдлоо нотлох баримтаар нотлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасан үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэлт хийсэн байна. Үүнээс үзэхэд давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тодорхой байгаа эсэх, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн эсэх, талуудын хооронд ямар харилцаа үүссэн, нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа ямар баримтаар нотолж байгаа талаар огт дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хэтэрхий нэг талыг барьсан, хариуцагчид бидэнд нотлох чиг үүргийг хүлээлгэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

4. Хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэв.

 

5. Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч М.Уээс 11 тооны үхэр буюу үхрийн үнэ 3,600,000 төгрөг, хариуцагч Б.Доос 4 тооны үхэр буюу үнэ 1,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хоёр шатны шүүх хангаж шийдвэрлэжээ. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан, зохигч мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн байна.

 

6. Нэхэмжлэгч Г.Б нь Б.Д, М.У нарыг гэр бүлийн хамтын амьдралтай байхад нь 2012 онд 8 үхэр, 2013 онд 13 тооны үхэр маллуулахаар өгч, сар бүр 100,000 төгрөгийн хөлс өгөхөөр тохирсон, мал өссөн боловч 2017 онд хариуцагч нар гэрлэлтээ цуцлуулахдаа малыг нь хуваан авсан тул өөрийн малыг гаргуулах нэхэмжлэлийг гаргахдаа үнээг 600,000 төгрөг, шүдлэнг 400,000 төгрөгөөр үнэлжээ.

7. Хариуцагч нар дээрх тооны үхрийг авснаа маргаагүй боловч гэрлэлт цуцлах үед мал байгаагүй, байхгүй болсон, уг мал нь нэхэмжлэгчийнх бус Б.Дийн дүү Д.Содбилэгийнх байсан гэж маргажээ.

 

8. Талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан боловч гэрээ дуусгавар болсон тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтыг нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл гэж үзсэн шүүхийн хууль хэрэглээг буруутгах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд үүссэн үүрэг дуусгавар болсон, нэхэмжлэгч нь хариуцагч нарт шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрх үүсчээ. Хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэхийн тулд нэхэмжлэгч нь хөрөнгө шилжүүлсэн байх, хөрөнгөө буцаан шаардах үндэслэл үүссэн, урьдчилсан нөхцөл тогтоогдсон байх учиртай тул талуудын хооронд үүрэг дуусгавар болсон эрх зүйн асуудлаас гадна шилжүүлсэн хөрөнгийн тоо, хэмжээний талаар шүүх зайлшгүй дүгнэлт хийх ёстой байна.

 

9. Б.Д, М.У нар гэрлэлтээ цуцлуулах үед 10 толгой үхрийг гэр бүлийн дундын эд хөрөнгөд хамаарахгүй, бусдын буюу Г.Бын хөрөнгө гэж, харин  өөрсдийн 3 үхрийг хуваахаар тайлбар гаргаж байсан нь Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.08-ны өдрийн 586 дугаар шийдвэр, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.12.05-ны өдрийн 23 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны  2019.04.16-ны өдрийн 001/ХТ2019/00534 дүгээр тогтоолоор тогтоогдсон, нэхэмжлэлийн үндэслэл энэ хэмжээнд нотлогдсон болохыг шүүх анхаараагүй байна. Хяналтын шатны шүүх магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулахдаа 2017 оны жилийн эцсийн малын тооллогын баримтыг үндэслэж 15 толгой үхрийг М.Ут, 5 толгой үхрийг Б.Дид тус тус хуваарилсан нь уг тооллогод хамрагдсан бусдын хөрөнгийн эрхийг хөндөөгүй юм. Уг шийдвэрийг биелүүлж, Б.Д нь М.Ут хар халзан үнээ, улаан халзан тугалын хамт, нүдэн улаан үнээ, улаан халзан хүрэн үнээ, улаан халзан тугал, улаан халзан үнээ, тугалтай нь, хүрэн зүсмийн эр шүдлэн, улаан хүрэн зүсмийн охин шүдлэн, улаан эрээн охин шүдлэн нийт 11 толгой малыг хүлээлгэн өгч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох хүсэлтийг 2019.08.19-ний өдөр гаргаж байсан баримт хэрэгт авагдсан /хх-12/, уг баримтыг хариуцагч М.У үгүйсгээгүй байна.

 

10. Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлах үед М.Ут 6 үхэр, Б.Дид 5 үхэр нийт 11 тооны үхэр үлдээсэн гэсэн тайлбар гаргасан боловч 10 тооны үхэр байсан нь дээрх шүүхийн шийдвэрт тусгагдсан хариуцагч нарын тайлбарын хэмжээнд нотлогджээ. Шүүхийн шийдвэрийн дагуу М.У 11 үхрийг авсан байх тул М.Уээс нэхэмжлэгчийн 9 тооны үхрийг буюу үнийг, Б.Доос 1 үхрийг буюу үнийг гаргуулахаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв. Хариуцагч нар нэхэмжлэгчээс авсан үхрийг буцаан өгөх, боломжгүй бол үнийг нь төлөх үүрэгтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 8 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 132/ШШ2019/00556 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч М.Уээс 9 тооны үхэр буюу 2,900,000 төгрөгийг, хариуцагч Б.Доос 1 үхэр буюу 600,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Бд олгож, нэхэмжлэлээс 8 үхэр буюу 1,900,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн 2 дах заалтад “...101,350...” гэснийг “...70,950...” гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                         ШҮҮГЧИД                                                  П.ЗОЛЗАЯА

                                                                                            Б.МӨНХТУЯА

                                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                            Х.ЭРДЭНЭСУВД