Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 1268

 

 

 

 

 

   2019            12            19                                         2019/ДШМ/1268                                                       

 

 Б.Х-т холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:          

            прокурор Г.Ганбагана,

            шүүгдэгч Б.Х-, түүний өмгөөлөгч П.Эрдэнэтуяа,

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 2019/ШЦТ/863 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Х-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 1909018540830 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г овгийн Б-ын Х, Төв аймагт 1986 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; эцэг, дүү нарын хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, Булгийн 00 дугаар гудамжны 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, Төв аймгийн Зуун мод сумын Энхтайваны 0000 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 0000000000000/

Б.Х- нь 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 10 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн гудамжны 21А тоот Б.Э-ы эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч “Samsung”  загварын зөөврийн компьютер, пальто зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 229,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Б.Х-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Х-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан мөн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Х- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... өмгөөлөгч П.Эрдэнэтуяа нь анхан шатны шүүх хуралдаанд хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцсон боловч шүүх хүлээж авсангүй. Иймд Б.Х- миний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1 удаагийн үйлдлээр бусдад ялимгүй хэмжээний хохирол учруулсан, хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг минь харгалзан өмгөөлөгчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан саналыг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шүүгдэгч Б.Х- нь эрхэлсэн тодорхой ажилгүй, эзэмшсэн мэргэжилгүй, мэдлэг боловсрол, өөрийгөө илэрхийлэх чадвар сул хэдий ч зан чанарын хувьд болсон явдлыг үнэн зөвөөр ярьж, асуудалд шударгаар ханддаг, төлөв даруу хүн юм. Миний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн санаа зорилго нь эргэлзээтэй гэж үзсэн. Учир нь шүүгдэгч эхэндээ ус уух зорилгоор онгорхой цонхоор нэвтрэн орсон байдаг. Зорилгоо хэрэгжүүлсний дараа гэнэт хулгай хийх сэдэл төрсөн талаар анхан шатны шүүх хуралдаан дээр яригдсан. Иймд шүүгдэгч Б.Х-ийн хандлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх төлбөргүй байдал, ганц удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайн гэмт хэргийн үндсэн шинж болох 300,000 төгрөгийн хэмжээнд хүрэхгүй хохирол бусдад учруулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна...” гэв.

            Прокурор Г.Ганбагана тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Б.Х- нь 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, хохирогчийн үнэ хүрэх бүхий л зүйлийг хулгайлан, зарж борлуулах зорилготойгоор авч явж байгаад баригдсан. Иймд шүүгдэгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Х-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч Б.Х- нь 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 10 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн гудамжны 21А тоотод байрлалтай Б.Э-ы байшингийн цонхоор нэвтэрч “Samsung”  загварын зөөврийн компьютер, пальто зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 229,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Эрдэн-Оюуны “... өглөө ажилдаа яваад орой 23 цагийн үед гэртээ иртэл цонх онгорхой байхаар нь гэрт ороход шургуулганд байсан “Samsung” зөөврийн компьютерийг авчихсан байсан ... цагдаад мэдэгдэх гэтэл утас болохгүй байсан учир маргааш өглөө нь ажилдаа явах замдаа цагдаад дуудлага өгсөн ... эмэгтэй хүний пальто, зөөврийн компьютер зэрэг эд зүйл алдагдсан ...” гэх мэдүүлэг /хх 22-23/,

гэрч О.Мөнх-Өлзийн “... Ногоон талбайн 5 дугаар гудамжны орчмоор эргүүлд явж байтал шар торонд зөөврийн компьютер, цагаан торонд хуучин хувцас хийгээд барьсан эмэгтэй явж байхаар нь “юу зарах гэж байгаа юм” гэж асуухад эмэгтэй “нөүтбүүк 50,000 төгрөгөөр зарна” гэхээр нь шалгаж үзье гээд өрөөнд дагуулж ирээд “Бэлх 113” чиглэлийн эргүүлийн алба хаагч нарыг дуудсан... “хэнийх юм” гэж асуухад “манай дүүгийнх” гэж хариулсан боловч дотор нь байгаа зургуудыг таньж чадахгүй байсан ...” гэх мэдүүлэг /хх 29/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-15/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 35-36/,

эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 16/ зэргээр нотлогдон, тогтоогдсон байна.  

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

Б.Х-ийн бусдын орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.  

Анхан шатны шүүхээс Б.Х-т оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “... Иргэний ... орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална.” гэж заасныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар баталгаажуулж хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн бол хүндрүүлэн үзэхээр хуульчилжээ. Өөрөөр хэлбэл хулгайлах гэмт хэргийг иргэний орон байрны халдашгүй байдалд халдаж үйлдсэн нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг ихэсгэж, хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэл болох учраас хууль тогтоогч хохирлын хэмжээ харгалзахгүй гэж үзсэн байна.

Иймд шүүгдэгч Б.Х-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол учруулаагүй гэж үзэх үндэслэлгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 2019/ШЦТ/863 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Х-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ         

ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН