Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 07

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх,

улсын яллагч Э.Нямбилэгт,

шүүгдэгч Ц.Батболд, Б.Төрмөнх, тэдний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Улаан ламынхан овгийн Цэцгээгийн Батболд, Боржигон овгийн Батболдын Төрмөнх нарт холбогдох эрүүгийн 201624000924 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 1992 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ковшийн операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 1 дүгээр баг, Сансарын 1-110 тоотод оршин суух албан ёсны хаягтай, одоо Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, “Сүмбэр Буянт” ХХК-ийн хажуу талын 3 давхар байрны хашаанд түр оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ЕЙ92081612 дугаарын регистртэй, Улаан ламынхан овгийн Цэцгээгийн Батболд,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Алтай суманд 1994 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ковшийн операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, 2 дүү, эхнэр, 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Цагаан-Усны 3-12 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ДЮ94051034 дугаарын регистртэй, Боржигон овгийн Батболдын Төрмөнх,

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Яллагдагч Ц.Батболд нь яллагдагч Б.Төрмөнхтэй бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэр, Чойр өртөөний хүлээлгийн танхимд сандал дээр унтаж байсан иргэн Б.Баасансугирыг алгадаж сэрээн нүүрэн тус газар нь гараараа цохих болон хөлөөрөө өшиглөж бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан,

 

Яллагдагч Б.Төрмөнх нь яллагдагч Ц.Батболдтой бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэр, Чойр өртөөний хүлээлгийн танхимд сандал дээр унтаж байсан иргэн Б.Баасансугирыг нүүрэн тус газар нь гараараа цохих болон хөлөөрөө өшиглөж бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Ц.Батболдын:

2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Б.Төрмөнх бид 2 пиво ууж байгаад вокзал руу хүнтэй уулзах гээд явсан. Вокзал дотор сандал дээр нэг хүн унтаж байсан. Би очоод олон нийтийн газар байна хөлөө холдуулчих гэж хэлсэн. Тэгтэл чамд ямар хамаатай юм гэсэн. Тэгэхээр нь цохитол босож ирээд намайг бас цохисон. Тэгээд Б.Төрмөнх хажуунаас нь яаж байнаа чи гээд цохисон. Би алгадаж сэрээсэн намайг зөрүүлээд цохисон би бас нүүр лүү нь дахин цохисон. Б.Төрмөнх хажуунаас нь өшиглөсөн. Тэгээд гадагшаа гартал Б.Төрмөнхийн куртикийг урсан бид 2 эргэж орж ирээд Б.Төрмөнх дахин өшиглөсөн гэв.

 

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Б.Төрмөнхийн:

2016 оны 10 дугаар сарын 04-ний шөнө 2 цагийн орчим Б.Батболд бид 2 вокзал орсон. Би эхэлж ороол толинд харчихаад эргээд хартал Б.Батболд сандал дээр хэвтэж байсан хүнтэй муудалцаад барилцаад босоод ирсэн. Би очиж салгаад хохирогчийг суухад нь өшиглөсөн. Тэгээд би гартал миний куртикыг урчихсан байсан. Эргэж ороод Б.Батболд муудалцаад сандал дээр сууж байхад нь нүүр лүү нь дахин өшиглөсөн. Тэгтэл вокзалын жижүүр гарч ирээд хашгирахаар нь бид 2 зугтаасан гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн талаар шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

2.1. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Б.Баасансугирын:

            “...Би 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр орчим шиг санаж байна яг хэдний өдөр гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Жавхлан ахын гэрийн дотор засал, чимэглэлийг хийж өгөхөөр Жавхлан ахтай хамт машинаар нь Чойрт байдаг гэрт нь очсон юм. Чойрт очоод гэрийнх нь дотор заслыг хийж дуусаад байрны найр нь 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр болж би тэнд айраг ууж байгаад орой 19 цагийн орчим Улаанбаатар явлаа гэж хэлээд гэрээс нь гарсан. Тэндээс гарч нутгийн ах Чинзоригтой уулзахаар Чойрын төвд байрлах Халуун тогоо гэдэг пабад уулзаж ойрын сонин сайхан зүйлсийг ярьж, би Сэнгүр гэдэг нэртэй 0,5 литрийн шилтэй пиво 16 ширхэг, Чинзориг ах Сэнгүр нэртэй 0,5 литрийн 16 ширхэгийг уучихаад паб хаахад буюу 00 цаг гэж пабаас гараад Улаанбаатар явах вагонд суух гээд вокзал руу алхаж яваад вокзалын дэргэд очиход Чинзориг ахын таньдаг 3 залуу зогсож байсан. Тэгээд Чинзориг ах бид хоёр тэд нар дээр очоод юм ярьж байхад Улаанбаатар явах галт тэрэг ирчихсэн. Тэгээд Чинзориг ах бид хоёр яарч очоод билетээ кассан дээр бичүүлчихээд Чинзориг ах вагондоо суучихсан. Би нөгөө залуучуудтай юм ярьж зогсож байгаад сууж амжаагүй вагон хөдлөөд явчихсан юм. Ингээд авсан билетээ 04 цагт явах вагоны билет болгож солиулчихаад вокзал дотор байрлах хүлээлгийн сандал дээр хэвтэж байгаад унтчихсан байсан. Гэтэл гэнэт нүүрэн дээр тас хийтэл алгадаад авсан. Юу вэ? хэн бэ? гээд сэрэхэд зүүн гар талд буюу миний толгой талд бараан куртиктэй суучихсан, улаан куртиктэй залуу нь миний баруун нүдрүү өшиглөсөн. Толгой манараад толгойгоо хоёр гараараа дараад хэвтэхэд элэг, нуруу руу тэр хоёр цохиж байгаад гараад явчихсан. Гарч явсных нь дараа цагдаа руу залгах гээд тонгойгоод сууж байхад нөгөө хоёр залуу дахиж орж ирээд улаан куртиктэй залуу баруун талын нүдрүү яг өмнө өшиглөсөн дээрээ нэмээд 1 удаа өшиглөөд дээрээс давтаад зодож байхад вокзал дотор байсан касчин, төмөр замын нэг ажилтан та нар хүн аллаа шүү дээ гээд салгахаар нь би одоо цагдаа ирнэ гэж бодоод улаан куртиктэй залуугийн куртикнээс зуурахад куртикээ уруулаад зугтаад явчихсан. Удалгүй цагдаа нар вокзал дотор орж ирсэн. Би тэр хоёр залууг огт танихгүй. Тэр хоёр ямар ч учир шалтгаангүй унтаж байсан намайг алгадаж сэрээгээд, шалтгаангүй зодсон. Эхэлж зодчихоод гарч яваад буцаж орж ирээд нэмж зодож байгаа нь их сонин танхай залуучууд шиг санагдсан. Миний баруун нүд нуухтдаг, нулмис гоождог болсон, баруун нүднээс арагш хатгаж өвдөнө, хараа муудсан. Бас нүдний гадна арьсанд сорви тогтсон. Би нүдний эмчилгээндээ 2000000 /хоёр сая/ төгрөг нэхэмжилж байгаа юм. Уг мөнгийг гаргаж өгвөл санал, гомдолгүй ээ. Адилхан хүмүүс байж хүний мууг үзэх гээд байгаа юм биш. Энэ асуудлаас болж хамаг л цаг, заваа гарзадлаа...” /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

            2.2. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч М.Эрдэнэбилэгийн:

            “...Би 2016 оны 10 дугаар сарын 05-ны шөнө 02 цагийн суудлын 185 дугаар галт тэргийг хөдөлгөчихөөд жижүүрийн өрөөнд сууж байхад өртөөний заалан дотор нэг согтуу залуу суудлаасаа хоцорчихсон гээд сандал дээр хэвтээд байсан. Зааланд өөр хүн байгаагүй, ганцхан тэр залуу л унтаж байсан. Тэгээд нэг их удалгүй суудал явсны дараахан гаднаас улаан куртиктэй, хар куртиктэй хоёр залуу орж ирээд хар куртиктэй залуу нь унтаж байсан залуугийн хөлд нь очиж суугаад улаан куртиктэй залуу нь унтаж байсан залуугийн өөдөөс сандал татаж суугаад нэг юм хэлээд босооч гээд алгадсан. Тэгтэл унтаж байсан залуу босохдоо хар хувцастай залууг гараараа цохичих шиг болсон. Тэгтэл улаан куртиктэй залуу “чи манай ахыг цохичихлоо” гээд нөгөө залууг гараараа цохиод хоёулаа нийлээд зодоод байх шиг байхаар нь би гүйж очоод хөөе та нар болиоч гээд салгаад гаргаад явуулсан. Намайг бас цохиод авах юм болов уу гээд эвтэйхэн салгахыг бодоход тэр хоёр залуу эсэргүүцэл үзүүлэлгүй салчихсан шүү. Тэгээд гарч харахад нөгөө хоёр залуу харагдахгүй явчихсан байхаар нь буцаж орж ирээд нөгөө залуу дээр очиход гайгүй шиг байхаар нь жижүүрийн өрөөнд ороход гаднаас нөгөө хоёр залуу дахин орж ирээд улаан куртиктэй залуу нь чи муу миний ахыг яаж байнаа гээд нүүр рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь жижүүр Одонцэцэг эгч бид хоёр салгасан. Ингээд тэр хоёр залуу гарч яваад буцаж орж ирээгүй. Гаднаас орж ирсэн залуучуудаас архи үнэртэж байсан. Согтуу байсан. Хар куртиктэй залуу нь Ц.Батболд байна. Харин нөгөө залуугийн царайг нь санахгүй байна...” /хх-ийн 17 дугаар хуудас/,

 

            2.3. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Д.Одонцэцэгийн:

            “...Би 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Чойр өртөөний буудлын жижүүрээр ажиллаж байсан юм. Шөнө 02 цагт Сайншандаас Улаанбаатар чиглэлийн 185 дугаар галт тэрэг манай өртөөн дээр зогсоход 3 залуу манайхаас суусан юм. Тэгтэл нэг залуу нь согтуу байна гээд галт тэргэнд суулгалгүй үлдээчихсэн. Бид нар станцаар энэ залууг аваад явчихаж болохгүй юм уу гээд байхад галт тэрэгний цагдаа нар согтуу хүн суулгахгүй гээд авч яваагүй. Тэр залуу тэгээд шөнийн 04 цагийн суудал буюу Замын-Үүд Улаанбаатар чиглэлийн 175 дугаар галт тэргэнд сууя гэхээр нь чи өртөөний зааланд сууж бай гэж хэлээд цаад талын заалаа цэвэрлэчихээд ариун цэврийн өрөөг цэвэрлэж байхад зааланд хөөе болиоч та хоёр гээд тээшний пүүлэгч Эрдэнэбилэг дугарахаар нь юу болсон юм бол гээд очоод Эрдэнэбилэгээс яаваа гээд асуухад энд унтаж байсан залууг энэ хоёр залуу харин зодчихлоо гээд байж байсан. Тэр зодуулсан залуу нь нөгөө галт тэргэнд сууж чадаагүй залуу байсан. Тэгээд нөгөө зодсон хоёр залуу юу ч хэлэлгүй гараад явчихсан. Нөгөө залуугийн хамарнаас нь цус гарчихсан шалан дээр цус болчихсон байхаар нь ам хамраа угаа даа гээд байж байхад нөгөө хоёр залуу эргэж орж ирээд зодуулсан залууг нүүрээ дараад тонгойгоод байж байхад нь бакалтай залуу нь чи муу куртик урчихлаа муу пиздаа чинь гэж хэлээд шууд нүүр рүү нь нэг өшиглөхөөр нь чи яаж байгаа юм бэ? куртик урсны төлөө ингэж улаан нүүр рүү нь өшиглөөд байхдаа яадаг юм. Цагдаа дуудаарай гэж Эрдэнэбилэгт хэлэхэд тэр цагдаагаа дуудахгүй юу гэж хэлчихээд гараад явчихсан. Зааланд пүүлэгч Эрдэнэбилэг, нөгөө галт тэргэнд сууж чадаагүй залуу бид 3 л байсан...” /хх-ийн 18 дугаар хуудас/,

 

2.4. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч Э.Оюунтөгсийн:

“...Би өөрийн ах Б.Төрмөнхийн талаар мэдүүлэг өгнө. Дээр дурьдсан эрхийг ойлгосон. Би одоо Сүмбэр сумын 1 дүгээр 10 жилийн сургуульд сурдаг. Намайг сургууль дээр болон гадуур явж байхад Төрмөнхийн дүү явж байна гээд ам сайтай байдаг. Яагаад гэхээр манай ах Төрмөнх спорт, урлагийн бүх арга хэмжээнд идэвхитэй оролцдог. Ангийхаа тэргүүний сурагч байсан юм. Төгсөхдөө тэргүүний сурагч медаль авч байсан. Манай ах хүнд их тусархаг, эелдэг, юм юманд цовхчоод байдаггүй хүлээцтэй, цайлган хүн байгаа юм. Ахын минь нэг том чанар нь өөрөө яах нь хамаагүй, хүний төлөө гэсэн сэтгэлтэй, тэр минь л болж байвал би яахав гэсэн сэтгэлтэй хүн...” /хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

2.5. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Г.Эрдэнэтуулын:

“...Б.Төрмөнх миний төрсөн хүү минь байгаа юм. Нэг эгч хоёр охин дүүтэй. Айлын ганц хүү байгаа юм. Бага насаа Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Баясал нэртэй цэцэрлэгт 6 нас хүртлээ явж байгаад, 2001 онд 7 настайдаа Сүмбэр сумын 1 дүгээр 10 жилийн сургуульд орж суралцаад төгсөх 11 дүгээр ангиа 2 дугаар сургуульд орж төгссөн. Сургуулиа төгсөөд Батлан хамгаалахын их сургуульд ахлагчийн курст 2 сар гаран яваад гарчихсан юм. Яагаад гарсан бэ? гэхээр анх орохдоо спортод сайн хүү байна гээд авсан, гэтэл сураад эхэлсэн чинь зүгээр 6 сарын курс болж таараад төгсөөд ажлын байр байхгүй гэхээр нь гарчихсан юм байна лээ. Уг нь 10 жилээ төгсөхөд нь Биеийн тамирын дээд сургуулиас шууд авъя гэсэн боловч Төрмөнх өөрөө цэргийн хүн болно гээд Батлан хамгаалахын сургуульд орчихсон юм. Ингээд Сүмбэр сумандаа манай төрсөн дүүгийн том машин, ковш дээр нь ажиллаж байгаад 2014 оны 03 дугаар сарын 01-ээс 04 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Улаанбаатар хотод хүнд машин механизмын мэргэжил эзэмшээд “ЭСТО” ХХК-д ажилд ороод 2016 оны 08 дугаар сар хүртэл ажилласан. Энэ ажил нь улирлын чанартай зунаас намар хүртэл ажилладаг ажил. Тэнд ажиллах хугацаандаа нэг охинтой үерхээд 2014 онд 2 ихэр охинтой болсон. Эхнэрийг нь Эрдэнэтуяа гэдэг. Миний хүү Төрмөнх чинь их цайлган, тусархуу, ажилсаг сайн хүү байгаа юм. Айлын ганц хүү юм болохоор би амиа тавьж байж санаа зовдог байсан. Манай 3 том хүүхдийн эцэг нь надаас салаад явчихсан юм. Одоо байгаа бага охин маань сүүлд суусан нөхрийн маань хүүхэд байгаа юм. Том охин маань оюутан болчихоод охины сургуулийг нь төгсгөх гээд ганцаараа ажил хийгээд болохгүй миний хүү Төрмөнх 10 жилд байхын л надад тусалж, жижиг сажиг ажил хийж мөнгө олж өгдөг байсан. Нэг удаа Төрөө бид хоёр 10 гахай авч тэжээгээд хүртэл охиныхоо төлбөрийг залгуулж байлаа. Төрөө 10 жилд байхын спортын бүхий л тэмцээнийг авч явдаг анги, сургуульдаа нэр хүндтэй сайн сурагч байсан. Би өөрөө Төрөөг хөтөлж яваад дасгалжуулагч багштай болгож бөх барилдуулж сургаж байсан. Энэ сумынхан бол миний хүүг муу хэлэхгүй ээ. Сумын наадмын бөх болоход оролцоно. Спортод, урлагт идэвхитэй байдаг болохоор сайн сайхнаар л ярьдаг. Хоёр ихэр охинтой болчихсон байдаг. Амьдрал нь дөнгөж эхэлж байгаа дээрээ ийм зүйл болчихдог хэцүү юмаа...” /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 

2.6. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Я.Цэцгээгийн:

“...Би төрсөн хүү Ц.Батболдын талаар мэдүүлэг өгнө. Миний хүү Ц.Батболд нь айлын том хүү байгаа юм. Бага насаа Сүмбэр сумын төмөр замын цэцэрлэгт хүмүүжээд 1 дүгээр арван жилийн сургуульд сурч 8 дугаар анги төгсөөд Улаанбаатар хотод Монгол-Солонгосын коллежид нэхмэлийн мэргэжлээр суралцаж байгаад төгсөхгүй Сүмбэр сумандаа ирж засварчин мэргэжлээр суралцаж төгсөөд одоо том машин механизм, ковшинй жолоочоор ажиллаж байна. 4 дүгээр ангиасаа математикийн сургалттай ангид орж сурсан. Математикийн хичээлдээ сайн хүүхэд байсан. Өөр урлаг, спортын ямар нэг авьяастайг нь мэдэхгүй байна. Хүү маань 2015 онд Сувдаа гэдэг эмэгтэйтэй нэг гэрт орж охинтой болсон. Гэхдээ урьд нь нэг охинтой сууж байсан. Түүнээсээ салчихсан юм. Уг нь ийм тийм муу ааш зан байдаггүй. Жоохон эрх, гэхдээ муу талаараа биш. Яагаад ийм асуудалд орсныг нь мэдэхгүй байна...” /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

2.7. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Г.Эрдэнэсувдын:

“...Би нөхөр Ц.Батболдтой 2014 онд танилцаж, 2015 онд нэг гэрт ороод 2015 оны 11 дүгээр сард охинтой болсон. Танилцсанаасаа хойш Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумандаа амьдарч байгаа. Батболд маань цагаахан цайлган сэтгэлтэй, ийм, тийм гэх муухай зан араншингүй. Надад болон найз нөхөддөө муухай зан гаргаж байхыг нь мэдэхгүй. Ер нь бол ковшийн жолооч гэсэн ажлыг л хийж байгаа. Өөр ажил төрөл хийж байгаагүй. Амьдралаа авч явах гээд л зүтгэж яваа хүн байгаа юм...” /хх-ийн 24 дүгээр хуудас/,

 

2.8. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн сэжигтэн Ц.Батболдын:

“...Би Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Баянтал 1 баг сансар гудамж 110 тоотод эхнэр Эрдэнэсувд болон охин Шинэжаргал, Хүслэн нарын хамт амьдардаг юм. Би Сүмбэр суманд байдаг Эм Жи Би нэртэй жоншны компанид ковшийн операторч ажил хийдэг. 2016 оны 10 дугаар сарын 04-ний өглөө 07 цагийн орчим манай эхнэр Эрдэнэсувд охин Шинэжаргалын хамт өөрийнхөө дүү нартай хамт Сэлэнгэ аймгийн Хөтөл суманд байдаг Уянгаагийнх руу хүүхдийн үсний найранд оролцохоор явсан. Би өглөө 08 цагаас ажилдаа явахаасаа өмнө охин Хүслэнг цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд ажил дээр очиж жонш зөөдөг ажлаа хийж байгаад орой 17 цаг 30 минутын орчим ажлаа тараад гэртээ очиход манай охин Хүслэнг ах Давааням цэцэрлэгээс нь аваад өөрийнхөө ажил дээр байлгаж байсан. Давааням ахын ажил манай гэртэй их ойрхон болохоор хүүхдээ авчихаад гэртээ ороод гэр орноо цэвэрлээд ойр зуур гэрийн ажил хийж байхад Давааням ах манайд орж ирсэн юм. Бид хоёр юм ярьж байгаад хоол унд хийж идчихээд 21 цаг өнгөрөөгөөд манайхаас гараад явсан. Ингээд би охин Хүслэнтэйгээ хамт унтах гээд зурагт үзээд хэвтэж байхад буюу 2016 оны 10 дугаар сарын 04-өөс 10 сарын 05-нд шилжих шөнө буюу 00 цаг өнгөрөөгөөд миний гар утас руу Төрмөнх залгаад ажил хэргийн талаар ярих юм байна. Эко хотхонд байдаг Буянбатын /Бука/ гэрт хүрээд ир гэж хэлэхээр нь заза би яваад очъё гэж хэлээд хар өнгийн хавар намрын куртик, саарал биеийн тамирын өмд, улаан өнгөтэй Найкийн эмблэмтэй пүүз өмсөөд, охиноо гэртээ үлдээчихээд гэрийн ойролцоо байдаг таксины зогсоол дээрээс такси авч Эко хотхоны гадаа очиж зогсоод Буянбатын гэрт ороход Төрмөнх, Буянбат хоёр байж байсан. Намайг ороход Буянбат, Төрмөнх хоёр 2,5 литрийн Сэнгүр нэртэй пиво 1 ширхэгийг задалчихсан хүзүүнээсээ жаахан л доошилсон байсан. Тэгээд тэр пивоо гурвуулаа тэнцүүхэн хувааж уугаад дуусгачихаад байж байхад би нэг пиво захичихсан байгаа одоо ирнэ гэж Төрмөнх хэлсэн. Удалгүй пиво ирчихсэн байна гаръя гээд Төрмөнх бид хоёр гарахад таксины жолооч эмэгтэй 1 ширхэг 2,5 литрийн Сэнгүр нэртэй пиво авчирсан байсан. Би пивоны мөнгийг төлөхөөр гэрээс очиж мөнгө авах гээд тэр таксиг цааш нь гэр хүртэл унаж явахаар болоод Төрмөнх пивоо аваад Буянбатын гэр рүү орсон. Би гэрт очиж 20,000 төгрөг аваад буцаад Эко хотхоны гадаа хүргүүлж таксины явалтын мөнгө болон пивоны үнэ гээд 10,000 төгрөгийг таксины жолооч эмэгтэйд өгчихөөд Буянбатын гэрт ороход Төрмөнх, Буянбат хоёр байж байсан. Бид гурав авсан пивоноос тэнцүү хувааж ууж дуусчихаад Төрмөнх одоо гарч нэг хүнээс очиж 1 шил архи авъя гээд гарснаа архи байхгүй гэнээ гэсэн. Тэгэхээр нь вокзалын ойр орчмоор юм зардаг хүмүүс байдаг. Вокзалын тийшээ явъя гэж гурвуулаа ярьж хэлэлцээд Буянбатын байрны гаднаас Төрмөнхийн ахынх нь 25-57 УБҮ улсын дугаартай улаан өнгийн приус 11 маркийн автомашиныг Буянбат жолоодож яваад вокзалын зүүн талын автомашин зогсоол дээр очиж машинаа зогсоож тавьчихаад Төрмөнх бид хоёр архи аваад ирье гэж хэлээд гарахад Буянбат жолооныхоо ард үлдэхэд ойролцоогоор 02 цаг болж байсан байх. Яг хэд болж байсныг санахгүй байна. Төрмөнх бид хоёр машинаас буугаад шууд вокзал руу ороход үүдний буюу наад талын хүлээлгийн танхимын захад нь нэг залуу сандал дээр хөлөө гаргачихсан хэвтэж байхаар нь би хөөш чи хөлөө татаач наана чинь хүн суудаг юм гээд 1 удаа хацар руу нь алгадахад босч ирээд баруун гараараа миний зүүн талын шанаа руу цохихоор нь би зөрүүлээд шанаа руу нь 1 удаа цохиход хажуунаас нэг эмэгтэй хүн болиоч та нар зүгээр унтаж байгаа хүнийг гэхээр нь тавиад тэр эмэгтэй хүн рүү хандаж энэ сандал чинь хүн суудаг биз дээ гэж хэлэх хооронд Төрмөнх нөгөө залууг өшиглөж байсан. Гэхдээ хаана нь өшиглөснийг санахгүй байна 1 удаа өшиглөхөд нь явъя гэж хэлээд Төрмөнхтэй цуг вокзалаас гарч явснаа би хаалганы дэргэдээс буцаад нөгөө болиоч гэж хэлж байсан эгч рүү очиж архи байгаа эсэхийг асуухаар очихдоо нөгөө залуу дээр очиход тонгойгоод сууж байхаар нь чи муу зүгээр хөл гараа татаач гэж хэлсний төлөө сүртэй юм гэж хэлээд зүүн талынх нь мөр орчимд нь 1 удаа өшиглөхөд та нарыг цагдаад хэлнэ гээд нөгөө эгч орилсон тэгэхээр үүдний хаалганы дэргэд зогсож байсан Төрмөнхийг гаръя гээд буцаад вокзалаас гараад машиндаа очиж суугаад Буянбат жолоодоод засмал замаар явж байхад замын цагдаа дохиураараа дохиход нь Буянбат зогсолгүйгээр чигээрээ явчихсан ингээд цаашаа явж байхад араас цагдаагийн машин ирээд бид нарыг Хонхорын замд зогсоож барьж авсан. Улаан өнгийн куртик эсвэл цамцтай л явж байсан шиг санаж байна. Хар хөх өнгийн нийлэг материалтай биеийн тамирын өмдтэй, хар өнгийн бакал өмссөн явж байсан...” /хх-ийн 38-39 дүгээр хуудас/

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн яллагдагч Ц.Батболдын:

“...Б.Төрмөнх бол миний эхнэр Эрдэнэсувдын эгчийнх нь хүүхэд байгаа юм. Ерөнхийдөө хамт нийлдэг болоод 8 орчим жил болж байгаа юм. 2016 оны 10 дугаар сарын 04-ний өглөө 07 цагийн орчим манай эхнэр Эрдэнэсувд охин Шинэжаргалын хамт өөрийнхөө эгч, дүү нартай хамт Сэлэнгэ аймгийн Хөтөл суманд байдаг Төрмөнхийн том эгч Уянгаагийнх руу хүүхдийн үсний найранд оролцохоор явсан. Би өглөө 08 цагаас ажилдаа явахаасаа өмнө охин Хүслэнг цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд ажил дээр очиж жонш зөөдөг ажлаа хийж байгаад орой 17 цаг 30 минутын орчим ажлаа тараад гэртээ очиход манай охин Хүслэнг ах Давааням цэцэрлэгээс нь аваад өөрийнхөө ажил дээр байлгаж байсан юм. Тэгээд Давааням ахын ажил руу орж охиноо авчихаад гэртээ ороод гэр орноо цэвэрлээд ойр зуур гэрийн ажил хийж байхад Давааням ах манайд орж ирээд юм ярьж байгаад хоол унд хийж идчихээд 21 цаг өнгөрөөгөөд манайхаас гараад явсан. Ингээд би охин Хүслэнтэйгээ хамт унтах гээд зурагт үзээд хэвтэж байхад буюу 2016 оны 10 дугаар сарын 04-өөс 10 дугаар сарын 05-нд шилжих шөнө буюу 00 цаг өнгөрөөгөөд миний гар утас руу Төрмөнх залгаад ажил хэргийн талаар ойр зуурын ярих юм байна Эко-сүмбэр хотхонд байдаг Буянбатын /Бука/ гэрт хүрээд ир гэж хэлэхээр нь заза би яваад очъё гэж хэлээд хар өнгийн хавар намрын куртик, саарал биеийн тамирын өмд, улаан өнгөтэй Найкийн эмблэмтэй пүүз өмсөөд, охиноо гэртээ үлдээчихээд гэрийн ойролцоо байдаг таксины зогсоол дээрээс такси бариад Эко-сүмбэр хотхоны гадаа очиж зогсоод Буянбатын гэрт ороход Төрмөнх, Буянбат хоёр байж байсан. Намайг ороход Буянбат, Төрмөнх хоёр 2,5 литрийн Сэнгүр нэртэй пиво 1 ширхэгийг задалчихсан ууж байсан. Тэр пиво нь хүзүүнээсээ жаахан л доошилсон байсан. Тэгээд тэр пивоо гурвуулаа тэнцүүхэн хувааж уугаад дуусгачихаад байж байхад би нэг пиво захичихсан байгаа одоо ирнэ гэж Төрмөнх хэлсэн. Удалгүй пиво ирчихсэн байна гаръя гээд Төрмөнх бид хоёр гарахад таксины жолооч эмэгтэй 1 ширхэг 2,5 литрийн Сэнгүр нэртэй пиво авчирсан байсан. Би пивоны мөнгийг төлөхөөр гэрээс очиж мөнгө авах гээд тэр таксиг цааш нь гэр хүртэл унаж явахаар болоод Төрмөнх пивоо аваад буцаад Буянбатын гэр рүү орсон. Би гэрт очиж 20,000 төгрөг аваад буцаад Эко-сүмбэр хотхоны гадаа хүргүүлж таксины мөнгө болон пивоны үнэ гээд 10,000 төгрөгийг таксины жолооч эмэгтэйд өгчихөөд Буянбатын гэрт ороход Төрмөнх. Буянбат хоёр байж байсан. Бид гурав авсан пивоо тэнцүү хувааж ууж дуусчихаад Төрмөнх одоо гарч нэг хүнээс очиж 1 шил архи авъя гээд гарснаа утсаар яриад архи байхгүй гэнээ гэсэн. Тэгэхээр нь вокзалын ойр орчмоор юм зардаг хүмүүс байдаг. Тийшээ явъя гэж гурвуулаа ярьж хэлэлцээд Буянбатын байрны гаднаас Төрмөнхийн ахынх нь 25-57 УБҮ улсын дугаартай улаан өнгийн приус 11 маркийн автомашиныг Буянбат жолоодож яваад вокзалын зүүн талын автомашин зогсоол дээр очиж машинаа зогсоож тавьчихаад Төрмөнх бид хоёр архи аваад ирье гэж хэлээд гарахад Буянбат жолооныхоо ард үлдсэн. Тэр үед ойролцоогоор 02 цаг болж байсан байх яг хэд болж байсныг санахгүй байна. Төрмөнх бид хоёр машинаас буугаад шууд вокзал руу ороход үүдний буюу наад талын хүлээлгийн танхимын захад нь нэг залуу сандал дээр хөлөө гаргачихсан хэвтэж байхаар нь би хөөш чи хөлөө татаач наана чинь хүн суудаг юм гээд 1 удаа шанаа руу нь гараа зангидаад цохиход босч ирээд баруун гараараа миний зүүн талын шанаа руу цохихоор нь би зөрүүлээд шанаа руу нь 1 удаа цохиход дундуур Төрмөнх орж ирээд айлгах гээд сандал руу хавсраад өшиглөсөн. Тэгэхэд хажуунаас нэг эмэгтэй хүн болиоч та нар зүгээр унтаж байгаа хүнийг гэхээр нь тавиад тэр эмэгтэй хүн рүү хандаж энэ сандал чинь хүн суудаг биз дээ гэж хэлэх хооронд Төрмөнх нөгөө залууг өшиглөж байсан. Гэхдээ хаана нь өшиглөснийг санахгүй байна. 1 удаа өшиглөсөн. Тэгээд явъя гэж хэлээд Төрмөнхтэй цуг вокзалаас гарч явснаа би хаалганы дэргэдээс буцаад нөгөө болиоч гэж хэлж байсан эгч рүү очиж архи байгаа эсэхийг асуухаар очихдоо нөгөө залуу дээр очиход тонгойгоод сууж байхаар нь чи муу зүгээр хөл гараа татаач гэж хэлсний төлөө сүртэй юм гэж хэлээд зүүн талынх нь мөр орчимд нь 1 удаа өшиглөхөд та нарыг цагдаад хэлнэ гээд нөгөө эгч орилсон. Тэгэхээр нь үүдний хаалганы дэргэд зогсож байсан Төрмөнхийг гаръя гээд буцаад вокзалаас гараад машиндаа очиж суугаад Буянбат жолоодоод засмал замаар явж байхад замын цагдаа дохиураараа дохиход нь Буянбат зогсолгүйгээр чигээрээ явчихсан ингээд цаашаа явж байхад араас цагдаагийн машин ирээд бид нарыг Хонхорын замд зогсоож барьж авсан. Төрмөнх тэр залууг нүүр орчимд нь 1 удаа өшиглөсөн. Яг юу гэж хэлээд өшиглөснийг санахгүй байна. Улаан өнгийн куртик эсвэл цамцтай л явж байсан шиг санаж байна. Хар хөх өнгийн нийлэг материалтай биеийн тамирын өмдтэй, хар өнгийн бакал өмссөн явж байсан. Би 1992 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд айлын том хүүхэд болж төрсөн. Намайг төрөхийн өмнө манай аав нас барчихсан юм. Тэгээд би ээжээрээ овоглож явдаг. Бага насандаа Сүмбэр сумынхаа цэцэрлэгээр хүмүүжиж, Сүмбэр сумын 1 дүгээр арван жилийн сургуульд сурч байгаад, 8 дугаар ангиасаа Улаанбаатар хотод Монгол Солонгосын коллежид очиж суралцаж нэхмэлчин мэргэжлээр төгсөж ирээд Говьсүмбэр аймагт автын засварчин мэргэжлээр төгсөөд дараа нь ковшийн операторч мэргэжлээр суралцаад төгссөн. Дараа нь Баянтал сумын Хүдэрийн баяжуулах үйлдвэрт ковшийн операторч, Архангай аймагт хар зам дээр ковшийн операторч, Дорноговь аймгийн Хатанбулаг суманд шонгийн булалтанд ковшийн операторч, хамгийн сүүлд Сүмбэр суманд “ЭМ ЖИ БИ” ХХК-д операторч хийж байна. Одоо Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, сансар гудамжны 110 тоотод эхнэр Эрдэнэсувд болон охин Шинэжаргал, Хүслэн нарын хамт амьдардаг юм. Би үйлдсэн хэрэгтээ үнэхээр их харамсаж байна. Би эхнэр хоёр жоохон хүүхэдтэй. Болчимгүй зангаасаа болж ийм хэрэгт холбогдчихлоо. Ийм хэрэгт дахин холбогдохгүй гэдгээ амлаж байна. Дахин ийм болчимгүй үйлдэл хийхгүй...” /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

 

2.9. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн сэжигтэн Б.Төрмөнхийн:

“...Би Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Цагаан усны 3-12 тоотод ээж, ах, дүү нарын хамт амьдардаг. Манай эхнэр хүүхэд хоёр Зүүнхараад хадмынд байдаг юм тусдаа гарч чадаагүй болохоор түр хугацаанд хоёр өөр газар амьдарч байгаа юм. Зуны улиралд Өмнөговь аймагт баригдаж байгаа төмөр зам дээр ажиллаж байгаад хүйтрээд ирэхээр ажилгүй болчихдог юм. Саяхан хөшигтийн хөндийд эксковатор барьж байгаад ажлаасаа гарсан. 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр манай гэрийнхэн бүгд Сэлэнгэ аймгийн Хөтөл сум руу хүүхдийн үсний найранд оролцохоор өглөө эрт явцгаасан. Цэцгээгийн Батболд нь манай хүргэн ах л даа. Эхнэр нь болох Эрдэнэсувд манай ээжийн хамгийн бага дүү нь байгаа юм. Намайг миний танидаг ах болох Түвшин ковш бариад өгөөч гэж гуйсан болохоор би 10 дугаар сарын 04-ний өглөө 09 цагийн орчим гэрээсээ гарч Эко хотхон дээр очиж ковш барьж хайрга ачих ажил хийж байгаад 16 цагийн үед дуусаад гэртээ харьж гэрийн хойд талын хашаа нураад уначихсан байсан тэрнийгээ засаад, бас ойр зуурын ажил төрөл амжуулаад орой гэртээ байж байхад 21 цагийн орчим Буянбат манайд хүрээд ирсэн. Буянбат өдөр над руу залгаад манайд ирж хоол иднэ гэж ярьж байсан болохоор шууд манайд хүрээд ирсэн. Ингээд би гэртээ мах чанаад, чанасан махаа бид хоёр хувааж идчихээд 23 цаг өнгөрөөгөөд би Буянбатад хоёулаа ганц пиво ууя гэж хэлээд пиво авахаар улаан өнгийн сөдөн куртик, хар жийнсэн өмд, хар бакал өмсөөд гарсан. Буянбат манайд ирэхдээ Амарболд ахын машин болох 25-57 УБҮ улсын дугаартай приус 11 маркийн автомашиныг жолоодож ирсэн байсан болохоор тэр машиныг Буянбат жолоодоод Андууд нэртэй супермаркет орж Сэнгүр нэртэй 2,5 литрийн пиво 1 ширхэгийг аваад тэндээсээ шууд Буянбатын гэрт нь очиход 00 цаг руу нилээд дөхсөн байсан байх. Гэрт нь ороод пивоо задлаад бараг уугаагүй байж байхдаа би Батболд руу залгаад Буянбатынд хүрээд ир, ганц нэг пиво ууя гэхэд заза яваад очъё гэсэн. Ингээд удалгүй Батболд хүрч ирээд бид гурав 1 пивоо хувааж уучихаад дахиад пиво ууя гээд би нэг таньдаг ахруугаа залгаад пиво аваад ирээч гэж ярихад 5 минутын дараа байрны гадаа ирчихсэн байна гэхээр нь Батболд бид хоёр гарч би авчирсан пивог нь аваад буцаж орсон. Харин Батболд пивоны мөнгийг төлнө гэр рүүгээ очиж бас мөнгө авчирна гээд пиво авчирсан таксиг аваад гэр рүүгээ явсан. Намайг Буянбатынд ороод байж байхад 20 орчим минутын дараа Батболд пивоны мөнгийг төлчихлөө гээд орж ирсэн. Ингээд бид гурав авсан Сэнгүр нэртэй пивоо уучихаад гарч дахин нэмж нэг юм авъя гээд Буянбатын гэрээс гарч Буянбат приус 11 маркийн автомашин унаад шууд вокзал дээр очоод Батболд бид хоёр нэг том пиво аваад ирье гээд машинаас буугаад вокзал руу орсон. Харин Буянбат машин дотроо бид хоёрыг хүлээгээд үлдсэн. Вокзалын хаалгаар ороход нэг том толь байдаг юм. Намайг тэр толинд харах гээд очиход Батболд сандал дээр хэвтэж байсан залууг хөөе чи хөлөө буулгаач гээд гараараа цохих шиг болсон тэгтэл тэр залуу босч ирээд Батболдыг цохиход Батболд зөрүүлээд цохиж байсан. Яг хаана нь цохиж байгааг нь бол хараагүй муудалцаад эхлэнгүүт нь би очоод тэр хоёрыг салгах гээд тэр танихгүй залуугийн толгойг нь гараараа тулаад сууж байсан сандлыг нь өшиглөөд тэр хоёрыг салгаж Батболдыг аваад гарахад нөгөө залуу тонгойж суугаад үлдсэн. Тэр залуу бас согтуу байсан. Тэгээд яг гарах гээд вокзалын хаалганы дэргэд очиход араас муу Чойрын бацаанууд яаж байнаа гээд орилоод байсан. Тэгтэл Батболд эргэж тэр залуу дээр очоод зууралдаад 1 удаа нүүрэнд нь, 1 удаа хүзүү орчим нь гараараа цохьсон. Би Батболдын араас очиж салгаад нөгөө залууг гараараа түлхэж сандал дээр нь суулгачихаад шууд гараад машиндаа суугаад хөдөлсөн. Хөдлөөд хотоос орж ирдэг Хонхор явдаг замд цагдаа дохиж зогсоогоод цагдаагийн газар руу авч явсан. Би толины өмнө зогсож байсан. Батболд надаас 4 орчим метрийн зайтай нэг залуутай муудалцаж байсан юм. Батболд яг хаана нь цохиж байсныг мэдэхгүй байна. Би хараагүй. Муудалцахаар нь л очсон. Манай Чойрынх гэдгийг нь мэдэж байна надаас дээш 5 үе дээшээ шиг санаж байна. Өмнө нь харж байсан. Гэхдээ сайн мэдэхгүй. Хар куртиктэй л явж байсан бусад хувцсыг нь санахгүй байна...” /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн яллагдагч Б.Төрмөнхийн:

“...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр манай гэрийнхэн бүгд Сэлэнгэ аймгийн хөтөл сумруу манай төрсөн эгч Уянгаагийн хүүхдийн үсний найранд оролцохоор өглөө эрт 08 цагийн үед явцгаасан. Манай танидаг ах Түвшин намайг ковш бариад өгөөч гэж гуйсан болохоор би 10 дугаар сарын 04-ний өглөө 09 цагийн орчим гэрээсээ гарч Эко сүмбэр хотхон дээр очиж ковш барьж хайрга ачих ажил хийж байгаад 16 цагийн үед дуусаад гэртээ харьсан. Гэртээ харихад гэрийн хойд талын хашаа нураад уначихсан байхаар нь тэр хашааг засаад бас ойр зуурын ажил төрөл амжуулаад орой гэртээ байж байхад 21 цагийн орчим Буянбат манайд хүрээд ирсэн. Буянбат өдөр над руу залгаад манайд ирж хоол иднэ гэж ярьж байсан болохоор шууд манайд хүрээд ирсэн юм. Ингээд гэртээ мах чанаж болгоод махаа бид хоёр хувааж идчихээд 23 цаг өнгөрөөгөөд Буянбатад хоёулаа ганц, хоёр пиво ууя гэж хэлээд пиво авахаар гэрээс улаан өнгийн сөдөн куртик, хар жийнсэн өмд, хар бакал өмсөөд гарсан. Буянбат манайд ирэхдээ Амарболд ахын машин болох 25-57 УБҮ улсын дугаартай приус 11 маркийн автомашиныг жолоодож ирсэн байсан болохоор тэр машиныг Буянбат жолоодоод Андууд нэртэй супер маркет орж Сэнгүр нэртэй 2,5 литрийн пиво 1 ширхэгийг аваад тэндээсээ шууд Буянбатын гэрт нь очсон. Буянбатынд очиход 00 цаг өнгөрч байсан байх яг хэд болж байсныг хэлж мэдэхгүй байна. Гэрт нь ороод пивоо задлаад бараг уугаагүй байж байхдаа би Батболд руу залгаад Буянбатынд хүрээд ир, ганц нэг пиво ууя гэхэд заза яваад очъё гэсэн. Ингээд удалгүй Батболд хүрч ирээд бид гурав 1 пивоо хувааж уучихаад дахиад пиво ууя гээд би нэг танидаг ах руугаа залгаад пиво аваад ирээч гэж ярихад 5 минутын дараа байрны гадаа ирчихсэн байна гэхээр нь Батболд бид хоёр гарч би авчирсан пивог нь аваад буцаж орсон. Харин Батболд пивоны мөнгийг төлөх мөнгө аваад ирье гээд гэр рүүгээ такси бариад явсан. Намайг Буянбатынд ороод байж байхад 30 орчим минутын дараа буцаад ирсэн. Ингээд бид гурав авсан Сэнгүр нэртэй пивоо уучихаад гарч дахин нэмж нэг юм авъя гээд Буянбатын гэрээс гарч Буянбат приус 11 маркийн автомашин унаад шууд вокзал дээр очоод Батболд бид хоёр нэг том пиво аваад ирье гээд машинаас буугаад вокзал руу орсон. Харин Буянбат машин дотроо бид хоёрыг хүлээгээд үлдсэн. Вокзалын хаалгаар ороход нэг толь байдаг юм. Намайг тэр толинд харах гээд очиход Батболд сандал дээр хэвтэж байсан залууг хөөе чи хөлөө буулгаач гээд гараараа нүүр рүү нь цохих шиг болсон тэгтэл тэр залуу босч ирээд Батболдыг цохиход Батболд зөрүүлээд цохиж байсан. Яг хаана нь цохиж байгааг нь бол хараагүй. Муудалцаад эхлэнгүүт нь би очоод тэр залууг нь сандал дээр суулгаад цээж орчим нь 1 удаа өшиглөж салгаад сандал руу түлхээд суулгасан. Тэгэхэд Батболд дахиад ирээд барьцалдаад авахаар нь би айлгах гээд сандал руу нь хөлөөрөө өшиглөсөн. Ингээд Батболдыг аваад гарахад нөгөө залуу тонгойж суугаад үлдсэн. Тэгээд яг гарах гээд вокзалын хаалганы дэргэд очиход араас муу Чойрын бацаанууд яаж байнаа гээд орилоод байсан тэгтэл Батболд эргэж ороод тэр залуу дээр очоод нүүрэнд нь цохиход тонгойчихсон тэгэхээр нь гараа цохьчихсон билүү өшиглөсөн билүү яг яасныг нь санахгүй байна. Батболдын араас очиж салгаад нөгөө залууг гараараа түлхэж сандал дээр нь суулгачихаад шууд гараад машиндаа суугаад хөдөлсөн. Хөдлөөд хотоос орж ирдэг Хонхор явдаг замд явж байхад цагдаа дохиж зогсоогоод цагдаагийн газар руу авч явсан. Би тэр залууг түлхэж суулгасан бас айлгах гэж сандал руу өшиглөсөн. Манай Чойрынх гэдгийг нь мэдэж байна надаас дээш 5 үе дээшээ шиг санаж байна. Өмнө нь харж байсан гэхдээ сайн мэдэхгүй. Хар куртиктэй л явж байсан. Бусад хувцсыг нь санахгүй байна. Би 1994 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд айлын дундах хүү болж төрсөн. Манай эцэг эх хоёр салаад 6 жил гаран болж байна. Би одоо Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Цагаан усны 3-12 тоотод ээж, ах, дүү нарын хамт амьдардаг. Манай эхнэр, хүүхдүүд Зүүнхараад хадмынд байдаг юм тусдаа гарч чадаагүй болохоор түр хугацаанд хоёр өөр газар амьдарч байгаа юм. Би Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 02 дугаар 10 жилийг төгссөн. Сурагч байхдаа ангийнхаа урлаг спортын бүх л арга хэмжээнд идэвхтэй оролцож ангиа авч явдаг байсан гэж хэлж болноо. Төгсөх жилдээ сургуулийнхаа тэргүүний сурагч алтан медаль авч байсан. Ингээд 10 жилээ төгсөөд Батлан хамгаалахын их сургуульд орсон юм гэхдээ орохдоо учрыг нь ололгүй ахлагчийн курст орчихсон байсан. Суралцах явцдаа төгсөөд ахлагч болно гэдгээ мэдээд сургуулиасаа гарчихсан. Уг нь Офицер болгодог ангид нь орчихлоо гэж анх бодож байсан юм л даа. Батлан хамгаалахын сургуулиас гараад хувь хүний шаланз барьдаг болсон. Ингэж байж байгаад 2013 оноос ЭСТО ХХК-д ачигч операторчийн ажилд орсон юм. Зуны улиралд Өмнөговь аймагт баригдаж байгаа төмөр зам дээр ажиллаж байгаад хүйтрээд ирэхээр ажилгүй болчихдог юм. Саяхан хөшигтийн хөндийд эксковатор барьж байгаад ажлаасаа гарсан. Одоо Шивээ-Овоод ачигч операторчоор дадлагын 1 сарын хугацаандаа ажиллаж байна. Би Батболдыг багаас нь мэднэ л дээ. Манай ахын компанид ажилладаг байж байгаад манай хүргэн болсон доо. Цэцгээгийн Батболдийн эхнэр Эрдэнэсувд нь манай ээжийн хамгийн бага дүү нь байгаа юм. Би энэ хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байгаа. Дахин ийм үйлдэл хийхгүй гэдгээ амлаж байна...” /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

 

2.10. Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 336 дугаар дүгнэлтэнд:

“...Б.Батболдын биед гэмтэл тогтоогдсонгүй...” /хх-ийн 26 дугаар хуудас/

 

2.11. Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 338 дугаар дүгнэлтэнд:

            “...Б.Баасансугирын биед баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 29 дүгээр хуудас/,

 

            Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд: Үүнд:

3.1. Гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаахи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, Цагдаагийн д/а М.Ням-Очир, д/а Мөнх-Од, а/а А.Эрдэнэхүү нарын илтгэх хуудас, Б.Төрмөнхийн согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, Б.Баасансугирын согтолтын зэргийг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 4-9 дүгээр хуудас/,

3.2. Б.Төрмөнхийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугааа газрын тодорхойлолт, Говьсүмбэр аймгийн прокурорын газрын 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 5/18, 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 5/55 дугаартай тогтоолуудын хуулбар, Б.Төрмөнхий Эрүүгийн хэрэг, захиргааны зөрчилд холбогдсон тухай Цагдаагийн нэгдсэн системд бүртгэгдсэн бүртгэл, Б.Төрмөнхийн “Шилдэг сурагч”-ийн 11/343 дугаартай үнэмлэх, өргөмжлөл, сертификат, дугуйт ачигчийн үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, сурагчийн хувийн хэргийн хуулбарууд /хх-ийн 51-96 дугаар хуудас/,

3.3. Ц.Батболдын иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа газрын тодорхойлолт, Ц.Батболдын Эрүүгийн хэрэг, захиргааны зөрчилд холбогдсон тухай Цагдаагийн нэгдсэн системд бүртгэгдсэн бүртгэл, Говьсүмбэр аймгийн прокурорын газрын 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 5/114 дугаартай тогтоолын хуулбар, сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 97-110 дугаар хуудас/,

3.4. Хохирогч Б.Баасансугирын иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, захиргааны зөрчилд холбогдсон тухай Цагдаагийн нэгдсэн системд бүртгэгдсэн бүртгэл, Б.Баасансугирын Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт оношлуулсан болон төлбөрийн баримт, гэрэл зургийн үзүүлэлт, баклаврын дипломын хуулбар /хх-ийн 112-115, 117-123 дугаар хуудас/,

3.5. Хохирол төлбөр төлсөн тухай баримтууд /хх-ийн 116, 127-128/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ц.Батболд, Б.Төрмөнх нар нь согтуугаар, бүлэглэж, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэр, Чойр өртөөний хүлээлгийн танхимд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин сандал дээр унтаж байсан иргэн Б.Баасансугирыг алгадаж сэрээн нүүрэн тус газар нь гараараа цохих болон хөлөөрөө өшиглөж, түүний бие махбодид нь баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлаж, танхайрсан болох нь

хохирогч Б.Баасансугирын ...вокзал дотор байрлах хүлээлгийн сандал дээр хэвтэж байгаад унтчихсан..., ...гэнэт нүүрэн дээр тас хийтэл алгадаад авсан. Юу вэ? хэн бэ? гээд сэрэхэд зүүн гар талд буюу миний толгой талд бараан куртиктэй залуу суучихсан, улаан куртиктэй залуу нь миний баруун нүд рүү өшиглөсөн. Толгой манараад толгойгоо хоёр гараараа дараад хэвтэхэд элэг, нуруу руу тэр хоёр цохиж байгаад гараад явчихсан. Гарч явсных нь дараа цагдаа руу залгах гээд тонгойгоод сууж байхад нөгөө хоёр залуу дахиж орж ирээд улаан куртиктэй залуу баруун талын нүд рүү яг өмнө өшиглөсөн дээрээ нэмээд 1 удаа өшиглөөд дээрээс давтаад зодож байхад вокзал дотор байсан кассчин, төмөр замын нэг ажилтан та нар хүн аллаа шүү дээ гээд салгахаар нь би одоо цагдаа ирнэ гэж бодоод улаан куртиктэй залуугийн куртикнээс зуурахад куртикээ уруулаад зугтаад явчихсан...,

            гэрч М.Эрдэнэбилэгийн ...Би 2016 оны 10 дугаар сарын 05-ны шөнө 02 цагийн суудлын 185 дугаар галт тэргийг хөдөлгөчихөөд жижүүрийн өрөөнд сууж байхад..., ...нэг согтуу залуу суудлаасаа хоцорчихсон гээд сандал дээр хэвтээд байсан..., ...гаднаас улаан куртиктэй, хар куртиктэй хоёр залуу орж ирээд хар куртиктэй залуу нь унтаж байсан залуугийн хөлд нь очиж суугаад улаан куртиктэй залуу нь унтаж байсан залуугийн өөдөөс сандал татаж суугаад нэг юм хэлээд босооч гээд алгадсан. Тэгтэл унтаж байсан залуу босохдоо хар хувцастай залууг гараараа цохичих шиг болсон. Тэгтэл улаан куртиктэй залуу “чи манай ахыг цохичихлоо” гээд нөгөө залууг гараараа цохиод хоёулаа нийлээд зодоод байх шиг байхаар нь би гүйж очоод хөөе та нар болиоч гээд салгаад гаргаад явуулсан..., ...намайг жижүүрийн өрөөнд ороход гаднаас нөгөө хоёр залуу дахин орж ирээд улаан куртиктэй залуу нь чи муу миний ахыг яаж байнаа гээд нүүр рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь жижүүр Одонцэцэг эгч бид хоёр салгасан..., ...Гаднаас орж ирсэн залуучуудаас архи үнэртэж байсан. Согтуу байсан. Хар куртиктэй залуу нь Ц.Батболд байна...,

            гэрч Д.Одонцэцэгийн ...Би 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Чойр өртөөний буудлын жижүүрээр ажиллаж байсан юм..., ...зааланд хөөе болиоч та хоёр гээд тээшний пүүлэгч Эрдэнэбилэг дугарахаар нь..., ...Эрдэнэбилэгээс яаваа гээд асуухад энд унтаж байсан залууг энэ хоёр залуу харин зодчихлоо гээд байж байсан..., ...нөгөө хоёр залуу эргэж орж ирээд зодуулсан залууг нүүрээ дараад тонгойгоод байж байхад нь бакалтай залуу нь чи муу куртик урчихлаа муу пиздаа чинь гэж хэлээд шууд нүүр рүү нь нэг өшиглөхөөр нь чи яаж байгаа юм бэ? куртик урсны төлөө ингэж улаан нүүр рүү нь өшиглөөд байхдаа яадаг юм. Цагдаа дуудаарай гэж Эрдэнэбилэгт хэлэхэд тэр цагдаагаа дуудахгүй юу гэж хэлчихээд гараад явчихсан...,

сэжигтэн, яллагдагч Ц.Батболдын ...ойролцоогоор 02 цаг болж байсан байх..., ...Төрмөнх бид хоёр машинаас буугаад шууд вокзал руу ороход үүдний буюу наад талын хүлээлгийн танхимын захад нь нэг залуу сандал дээр хөлөө гаргачихсан хэвтэж байхаар нь би хөөш чи хөлөө татаач наана чинь хүн суудаг юм гээд 1 удаа хацар руу нь алгадахад босч ирээд баруун гараараа миний зүүн талын шанаа руу цохихоор нь би зөрүүлээд шанаа руу нь 1 удаа цохиход..., тэр хооронд Төрмөнх нөгөө залууг өшиглөж байсан..., ...1 удаа өшиглөхөд нь явъя гэж хэлээд Төрмөнхтэй цуг вокзалаас гарч явснаа..., ...эргэж нөгөө залуу дээр очиход..., ...чи муу зүгээр хөл гараа татаач гэж хэлсний төлөө сүртэй юм гэж хэлээд зүүн талынх нь мөр орчимд нь 1 удаа өшиглөхөд...,

сэжигтэн, яллагдагч Б.Төрмөнхийн ...Батболд сандал дээр хэвтэж байсан залууг хөөе чи хөлөө буулгаач гээд гараараа цохих шиг болсон тэгтэл тэр залуу босч ирээд Батболдыг цохиход Батболд зөрүүлээд цохиж байсан..., ...би очоод тэр залууг нь сандал дээр суулгаад цээж орчим нь 1 удаа өшиглөж... гэсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Баасансугирын биед хөнгөн гэмтэл учирсан талаарх шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 338 дугаар дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Батболд, Б.Төрмөнх нарын өмгөөлөгч Б.Батчимэг нь ...хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргах зүйлгүй... гэсэн тайлбарыг гаргадаг ба хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд эх сурвалжаа шууд заасан, дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлгийг шүүгдэгч нарын мэдүүлэг болон шинжээчийн 338 дугаартай дүгнэлт зэрэг давхар нотлодог тул эдгээр нотлох баримтуудыг үнэлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Ц.Батболд, Б.Төрмөнх нарыг согтуугаар, бүлэглэж, бусдын илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, танхайрах явцдаа хохирогч Б.Баасансугирын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулж, догшин авирласан гэж үзэхээр байна.

 

Дүгнэвэл: Шүүх шүүгдэгч Ц.Батболд, Б.Төрмөнх нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байна гэж дүгнэн, тэднийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дүгнэхэд иргэн Д.Одончимэг гэдэг хүн 2016 оны 10 дугаар сарын 05-ны шөнө 02 цаг 53 минутын орчимд Б.Баасансугир гэгч нь бусдад зодуулсан талаар гомдол, мэдээллийг утсаар гаргасан байдаг бөгөөд уг гомдол, мэдээллийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд М.Эрдэнэбилэг, Б.Баасансугир, Б.Батболд, Б.Төрмөнх нараас тайлбар авах, мөн Б.Батболд, Б.Баасансугир нарт шинжээч томилуулж, шинжээчийн дүгнэлт гаргуулах, шинжээчийн дүгнэлтийг оролцогч нарт танилцуулах зэрэг ажиллагаануудыг хийсэн байдаг. Үүнд

а/. Баатар овогтой Батболд гэх хүнд гэмтлийн зэрэг тогтоолгох зорилгоор шинжээч томилуулж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан, уг Баатар овогтой Батболд гэгч нь тухайн хэргийн оролцогч мөн эсэх нь тодорхойгүй,

б/. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 5 хоногт багтаан хянаж үүсгэх эсэхийг шийдвэрлэдэг бөгөөд иргэн Д.Одончимэгийн утсаар гаргасан гомдол, мэдээллийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд шалгаж, зохих ажиллагаануудыг хийсэн бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус гомдол, мэдээллийг харьяалалын дагуу шилжүүлэх тогтоол үйлдээд 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 34/1335 дугаар албан бичгээр Төмөр замын цагдаагийн хэлтэс рүү шилжүүлсэн байдаг. Төмөр замын цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч Ж.Гэрэлт-Од 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр Ц.Батболд, Б.Төрмөнх нарт эрүүгийн хэрэг үүсгэж, Тээврийн прокурорын хяналтын прокурор Д.Мөнхсайханд танилцуулж 201624000924 дугаар авсан ба 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хооронд гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг сунгасан эсэх нь тодорхойгүй, хэн сунгах ёстой, ер нь сунгах ёстой юм уу, үгүй юм уу гэдэг нь тодорхойгүй атлаа 14 хоногийн дараа буюу 14 хоногийн хугацаагаар сунгаж Эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

в/. Мөн гомдол, мэдээллийг гаргасан Д.Одонцэцэг, гэрч Д.Одонцэцэг хоёр нэг хүн атал хэрэгт авагдсан Гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэлд Д.Одончимэг гэж нэрийг нь буруу зөрүү бичсэн

г/. Шинжээчийн дүгнэлтийг оролцогч нарт танилцуулсан баримт нь нэгэн зэрэг олон хүнд танилцуулж, нэг хуудсанд багтаасан,

мөн Ц.Батболдыг сэжигтнээр болон яллагдагчаар байцаасан тэмдэглэл нь хуулбарласан зэрэг олон алдаа зөрчлүүд байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Батболд, Б.Төрмөнх нар нь урьд нь тус бүр эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт шалгагдаж прокурорын шатнаас хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр прокурор эрх хэмжээнийхээ хүрээнд тэдэнд холбогдох үйлдэл холбогдлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар тус тус хэрэгсэхгүй болгосон байна.

 

Иймд шүүгдэгч нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан, тэдний хувийн байдал зэргийг харгалзан үзэж хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүхээс оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Батболд, Б.Төрмөнх нар цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283., 284., 286., 290 дүгээр зүйлийн

290.3., 295-297., 298., 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Улаан ламынхан овгийн Цэцгээгийн Батболд, Боржигон овгийн Батболдын Төрмөнх нарыг бүлэглэж, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Улаан ламынхан овгийн Цэцгээгийн Батболд, Боржигон овгийн Батболдын Төрмөнх нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Улаан ламынхан овгийн Цэцгээгийн Батболд, Боржигон овгийн Батболдын Төрмөнх нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

            4. Шүүгдэгч Улаан ламынхан овгийн Цэцгээгийн Батболд, Боржигон овгийн Батболдын Төрмөнх нар цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай. 

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Улаан ламынхан овгийн Цэцгээгийн Батболд, Боржигон овгийн Батболдын Төрмөнх нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг тэнсэж, тус бүрийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж, тэдний засрал хүмүүжилд хяналт тавихыг Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

                   6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

            8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Улаан ламынхан овгийн Цэцгээгийн Батболд, Боржигон овгийн Батболдын Төрмөнх нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ГАНДАНСҮРЭН