Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн тогтоол

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 118/ШШ2021/0042

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Тунгалаг даргалж, ерөнхий шүүгч Н.Амарзаяа, шүүгч Ч.Ц*******-Очир нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Г.*******, нарийн бичгийн даргаар Ч.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу Завхан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2019 оны 54 дүгээр тогтоолоор тогтоосон усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн ашигт малтмалын MV-021363, XV-014806 тоот тусгай зөвшөөрлүүдийн талбайтай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, Н.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, иргэдийн төлөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ******* ******* ХХК нь Завхан аймгийн Отгон сумын нутаг дэвсгэрт хайгуулын XV-014806 тоот, ашиглалтын MV-0-21363 тоот тусгай зөвшөөрлүүдийг 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд эзэмшиж байсан. Манай компанийн эдгээр тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтыг үндэслэсэн цуцалсан. Бид энэхүү шийдвэрийг хууль бус гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан ба уг захиргааны хэргийг шүүх хянан шийдвэрлэх явцад Завхан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 54 дүгээр хуралдааны тогтоол (цаашид маргаан бүхий акт" гэх)-оор манай компанийн тухайн үед хүчин төгөлдөр байсан ашигт малтмалын MV-021363, XV-014806 тоот тусгай зөвшөөрлүүдийн талбайтай давхцуулан усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг тогтоосон байна. Хариуцагч нь маргааны бүхий актыг гаргахдаа ******* улсын дараах хуулиудыг зөрчсөн гэж нэхэмжлэгч үзэж байгаа тул уг актын зарим хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Үүнд: 1. Хариуцагч маргаан бүхий актыг Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалтыг үндэслэж гаргасан байх боловч хуулийн уг заалтаар тавигдсан шаардлага болох Барилга, хот байгуулалтын яамны дүгнэлтийг гаргуулаагүй, хуулиар тодорхойлсон дүгнэлтэд үндэслэлгүй маргааны бүхий актыг гаргасан байна. 2. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-т заасны дагуу онцгой хамгаалалтын бүсэд ашигт малтмал хайх, олборлохыг хориглодог тул нэхэмжлэгч ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайн зарим хэсэгт ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулах боломжгүй болж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна. Гэтэл хариуцагч нь маргааны бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 27 дугаар зүйлүүдийг зөрчиж сонсох ажиллагааг огт хийгээгүй, нэхэмжлэгчид мэдэгдээгүй, бид******* санал, тайлбар гаргах боломжийг олгоогүй. 3. Хариуцагч маргааны бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоосон эсэх нь эргэлзээтэй байна. Нэхэмжлэгч нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн ашигт малтмалын XV-014806, XV-021364, MV-0-21363 тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 2020/01 дүгээр дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 39 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулж, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан боловч анхан шатны шүүхээс уг хэргийг шийдвэрлэсэн 2020 оны 128/ШШ2020/0691 дүгээр шийдвэртээ ...Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор тогтоосон Усны сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүстэй ******* ******* ******* эксплорейшн ХХК-ийн эзэмшдэг XV-014806 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл, MV-021363 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь давхацсан болох нь тогтоогдож байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас уг хоёр тусгай зөвшөөрөлд хамаарах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн гомдлыг хянаад хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн бол Улсын дээд шүүх нэхэмжлэгчийн гомдлыг хэлэлцэхээс татгалзах тухай тогтоол гаргасан. Маргаан бүхий акт болох Завхан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2019 оны 54 дүгээр тогтоолоор тогтоосон усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн ашигт малтмалын MV-021363, XV- 014806 тоот тусгай зөвшөөрлүүдийн талбайтай давхцалтай хэсгийг шүүхээс хүчингүй болгосон тохиолдолд ЗХШХШТХуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 128/ШШ2020/0691 дүгээр шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлаар хянуулахаар хүсэлт гаргах боломж нэхэмжлэгчид үүсэх юм гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэдийн Хурлын маргаан бүхий тогтоолыг бид******* мэдэгдээгүй, шүүх хуралдааны явцад олж мэдээд, шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа ******* улсын дараах хуулиудыг зөрчсөн гэж нэхэмжлэгч талаас үзэж байгаа тул тусгай зөвшөөрлийн талбайтай хамаарах хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хууль зүйн үндэслэлээ тайлбарлая. Нэгдүгээрт, Хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалтыг үндэслэж гаргасан байх боловч хуулийн уг заалтыг зөрчсөн байна гэж үзэж байгаа. Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т Энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-22.4-т заасны дагуу  усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох-оор хуульчилсан. Ингээд шалгаад үзэхэд 2 яамны дүгнэлтийг зохих ёсоор авалгүйгээр, энэ дүгнэлтэд үндэслэлгүйгээр маргаан бүхий актыг гаргасан байна гэж нэхэмжлэгч талаас үзсэн. Хэдийгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 09/5719 дугаартай албан бичгийг хариуцагч авсан боловч энэ албан бичгийг дүгнэлт гэж үзэхэд учир дутагдалтай. Дүгнэлт гэхээсээ илүү саналын шинжтэй албан бичиг байна гэж үзэж байгаа. Мөн энэхүү албан бичигт иргэдийн Хурлын тогтоолоор авах гэж байгаа талбай нь давхцалтай зөрчилтэй байна гэж бичсэн байгаа. Гэтэл энэ зөрчлийг арилгахгүйгээр иргэдийн Хурал нь тогтоолоо гаргаад энгийн болон онцгой хамгаалалтын бүсийг тогтоосон байдаг. Энэ нь иргэдийн Хурлын тогтоолын хоёр дахь заалтаас харагдана. Тэгэхээр зөрчилтэй хэвээр нь иргэдийн Хурлын тогтоолоо баталсан байна гэж үзэж байна. Хоёрдугаарт, маргаан бүхий актыг гаргахдаа хариуцагч нь Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь заалтыг үндэслээд гаргасан байдаг. Уг зүйлийн 11.1.3-т Засаг даргын саналыг үндэслэн усны эх үүсвэрийг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэр гаргах, хамгаалалтын бүсийн заагийг тогтоох, хамгаалах гэсэн зохицуулалттай. Гэтэл маргаан бүхий актыг харахад усны эх үүсвэрийг орон нутгийн хамгаалалтад авах талаар огт шийдвэр байхгүй. Тэгсэн мөртлөө хууль зүйн үндэслэлээ хамгаалалтад авна гэж оруулсан. Мөн маргаан бүхий актад Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайд болон Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А230/127 дугаартай хамтарсан тушаалаар баталсан журмыг хууль зүйн үндэслэлээ болгосон. Тэгэхээр энэ журмаар Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т заасан усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд мөрдөх дэглэмийг тогтоож байгаа журам байгаа. Түүнээс хилийн бүс тогтоохтой холбоотой харилцааг энэ журмаар зохицуулаагүй. Ингээд Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, энэ хамтарсан журмыг үндэслэж иргэдийн Хурлын тогтоол гаргаад байгаа нь өөрөө хууль бус гэж үзэж байгаа. Хууль бус гэж үзсэн үндэслэл нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт орж Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтыг хүчингүй болгосон. Энэ заалт нь захиргааны байгууллагын үйл ажиллагааг тусгайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна гэсэн заалт байсан. Тэгэхээр энэ заалт хүчингүй болсноос хойш үүссэн үр дагавар нь захиргааны байгууллага захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийг баримтлах болж байгаа юм. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчмыг зохицуулдаг. Энэ зүйлийн 4.2.5, 4.2.8-д захиргааны үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, хууль ёсны итгэлийг хамгаалах гэсэн зарчмуудыг тодорхойлсон. Тэгэхээр иргэдийн Хурлын тогтоол хуульд үндэслэж гарахдаа үндэслэл бүхий хуулийн заалтыг үндэслэж гарах ёстой. Гэтэл маргаан бүхий тогтоол нь огт хамааралгүй хуулийн заалт буюу Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-г үндэслэж гарсан. Мөн 2 сайдын хамтарсан тушаалаар баталсан журмыг үндэслэсэн. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны шийдвэр үндэслэл бүхий байх гэсэн зарчмыг зөрчиж байна гэж үзэж байгаа. Гуравдугаарт, Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчид энэ захиргааны актын талаар огт мэдэгдээгүй. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэж оролцоог нь хангах үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгчид огт мэдэгдээгүй, танилцуулаагүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна гэж байгаа. Энэ заалтыг мөн хариуцагч зөрчөөд шийдвэр гаргах ажиллагаа явагдаж байгаа талаар нэхэмжлэгчид огт мэдэгдээгүй учраас Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлээс 21 дүгээр зүйлд заасан захиргааны үйл ажиллагаанд оролцогчийг эрхээ эдлэх боломжоор хангахгүй болчхож байгаа юм. Дөрөвдүгээрт, Хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг огт хийгээгүй байна. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлаагүй, оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг огт тогтоогоогүй, шаардлагатай нотлох баримтуудыг огт цуглуулаагүй байгаагаараа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-24.4 дэх заалтуудыг бас зөрчсөн байна. Тавдугаарт, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг огт хийгээгүй. Сонсох ажиллагаа хийх үүрэгтэй боловч хийгээгүй. Энэ талаар хариу тайлбартаа тайлбарлахдаа ...Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол сонсох ажиллагаа хийхгүй байж болно гэсэн заалтыг үндэслээд сонсох ажиллагаа хийгээгүй, Бадрал багийн нутагт 100 орчим өрхийн 200 орчим иргэний ундны усны асуудал байдаг, энэ хүмүүст сөргөөр нөлөөлнө, ийм учраас нийтийн эрх ашиг гэж үзээд сонсох ажиллагаа хийгээгүй гэж тайлбарласан байдаг. Энэ тайлбар үндэслэлгүй. Нийт гэдэг үгийн агуулга нь нийт ард түмний ашиг сонирхлыг ойлгоно. Мөн Захиргааны ерөнхий хуулийн академик тайлбар дээр нийтийн гэдэг агуулга нь нийт олон түмний эрх ашиг сонирхол яригдаж байгаа тохиолдлыг ойлгохоос 100 орчим өрхийн 200 орчим иргэний ашиг сонирхол зөрчигдөж байгаа бол сонсох ажиллагаа хийхгүй гэж ойлгохгүй гэж тайлбарласан байгаа. Дээрээс нь энэ багийн нутаг дэвсгэр дээр эдгээр иргэдийн ашиг сонирхол зөрчигдөж байгаа гэж үзэж байгаа бол энэ талаарх баримтыг хариуцагч өөрөө цуглуулах ёстой. Тусгай зөвшөөрлийн талбай давхцаж байгаа онцгой хамгаалалтын бүсэд байгаа 120 айл, 240 иргэн байна гэдэг нотлох баримтыг өөрөө бүрдүүлэх ёстой. Гэтэл ийм нотлох баримтыг огт бүрдүүлээгүй. Т******* нь айл байдаг ч юм уу, байдаггүй ч юм уу мэдэхгүй. Ямар ч баримтгүйгээр ******* 120 айл байдаг гэсэн тайлбарыг хэлээд байж байгаа. Тэгэхээр тухайн маргаан бүхий акт нь ******* Улсын маш олон хуулиудын зүйл заалтуудыг зөрчөөд гарсан байна.

Нутгийн иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан мөртлөө нэхэмжлэгчийг оролцуулж сонсох ажиллагаа явуулаагүй байна. Ялгаварласан байдлаар хандсан байна. ******* Улсын Үндсэн хуульд заасны дагуу ******* Улсын иргэн, аж ахуйн нэгж тэгш эрхтэй байх ёстой. Эдгээр үндэслэлийн дагуу маргаан бүхий тогтоол хүчингүй болох хууль зүйн үндэслэлтэй байна. Нэмж хэлэхэд энэ тусгай зөвшөөрлийг сэргээсэн ч бид энэ талбайд ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах сонирхол байхгүй. Гаргасан зардлаа л олж авахыг хүсч байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар цуцалчихаар бид нөхөх олговор авах ямар ч боломжгүй болчхож байгаа юм. Тийм учраас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар цуцалсан эрх бүхий байгууллагын шийдвэрийг хүчингүй болгочих юм бол бид Засгийн газар, Улсын Их Хуралд хандаад тусгай хамгаалалтад авхуулчихвал нөхөх олговор авах эрх нээгдэнэ. Эдгээр хууль зүйн үндэслэлүүдийг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шаардлагатай гэвэл нэхэмжлэгч компанийн зүгээс шүүхийн хэргийн материалд Завхан аймгийн иргэдийн Хурлын 2019 оны 54 дүгээр тогтоолын ******* ******* ******* ******* ХХК-д холбогдох хэсэг нь хүчингүй болсон тохиолдолд Отгон сумын нутаг дахь тус компанийн тусгай зөвшөөрөлтэй газарт уул уурхайн олборлолт явуулахгүй гэдэг талаарх баталгааг албан бичгээр гаргаж өгч болно. Хамгийн гол нь *******д албан ёсоор үйл ажиллагаа явуулаад, хуулийн дагуу татвараа төлөөд явж байгаа аж ахуйн нэгж эдийн засгийн хямралтай, цар тахлын үед 2,5 тэрбум төгрөгөөр хохироод байгаа нь үнэхээр хүнд хэцүү байна. Тийм учраас маргаан бүхий тогтоолын холбогдох хэсэг хүчингүй болоод манай зөвшөөрөл сэргэсэн тохиолдолд бид холбогдох газраас олговроо гаргуулах хүсэлтэй байгаа. Түүнээс ******* хүний хувьд нийт *******чуудын шүтэж тахидаг газар уул уурхай явуулах сонирхолгүй байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2019 оны 54 дүгээр тогтоолоор баталсан хамгаалалтын бүсэд ******* ******* ******* ******* ХХК- ийн эзэмшиж байсан MV-021363, XV-014806 тоот тусгай зөвшөөрлүүдийн талбай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. 1.Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-д усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох гэж заасны дагуу Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл- ийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02/1045 тоот албан бичгийг авсан. 2.Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтоохоор заасан байдаг. Иймд хуульд заасны дагуу хамгаалалтын бүс тогтооход ******* ******* ******* ******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайд усны эх үүсвэр болох булгууд түүний татам, онцгой хамгаалалтын бүс, энгийн хамгаалалтын бүс гэсэн бүх хамгаалалтын бүсүүд багтсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй байна. Учир нь тусгай зөвшөөрлийн талбайг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2019 оны 54 дүгээр тогтоолоор баталсан талбайтай давхцалтай гэж үзэн хүчингүй болговол малчид болон малын усан хангамжийн найдвартай эх үүсвэр болох булаг шанд ширгэж, усны нөөц хомсдож, бохирдон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3.2.6-д заасны дагуу байгаль орчинд хортой нөлөөлөх нөхцөл байдал үүснэ. Мөн ******* ******* ******* ******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбай Отгон сумын Бадрал багийн нутаг дэвсгэрт оршдог. Уг багт 120 орчим өрхийн 240 гаруй иргэд 50 гаруй мянган малаа маллаж, тусгай зөвшөөрлийн талбайд байгаа булгуудыг унд ахуйн болон бэлчээрийн усан хангамжийн зориулалтаар ашигладаг тул Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1/ нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол/-д заасны дагуу сонсох ажиллагааг явуулаагүй болно.

3. Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-д Засаг даргын саналыг үндэслэн усны эх үүсвэрийг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэр гаргах, хамгаалалтын бүсийн заагийг тогтоох, хамгаалах гэж заасан байдаг тул аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн А/107 тоот захирамжаар хамгаалалтын бүс тогтоох санал боловсруулах ажлын хэсгийг байгуулан санал боловсруулж, аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж батлуулсан нь маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоосон эсэх нь эргэлзээтэй гэснийг эс зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манай аймгийн иргэдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 54 дүгээр тогтоол зохих хэлэлцүүлэг, захиргааны хэм хэмжээний актыг гаргах үе шат процессын хүрэ******* Завхан аймгийн 24 сумыг хамарсан хэлэлцүүлэг хийж зохих ард иргэдийн санал бодлыг тусгаж хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн байгаа. Нэхэмжлэгч талаас олон хууль зөрчсөн гэж байна. Гэхдээ Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, 11.1.4-г үндэслэж байгаа нь манай хурлын бүрэн эрхийн хэмжэ******* энэ шийдвэрийг гаргасан байгаа. Энэ шийдвэрийг гаргахдаа тухайн компанийн эрх ашгийг хөндсөн байна гэж нэхэмжлэгч компани нэхэмжлэл гаргасан байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д нийтийн эрх ашгийг хөндөж байгаа тохиолдолд сонсох ажиллагаа явуулахгүй байж болохоор заасан. Нэхэмжлэгч компани нэхэмжлэл гаргахаас өмнө үйл ажиллагаа явуулж байхдаа Отгон сумын Засаг дарга, холбогдох байгууллагуудтай төлөвлөгөө батлуулах зэрэг хууль дүрмийн дагуу явагдах процессууд нь явагдаж чадаагүй байдаг. Нөгөө талаар ******* даяар шахуу мэдэгдэж байсан асуудал. *******чууд болон Азийн ард түмний шүтдэг Отгонтэнгэр хайрханы тусгай хамгаалалттай газрын аялал жуулчлалын гол газар оршиж байгаа ганц сумд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг анх 2009 онд авсан байдаг. Тухайн үед хууль журам шинэчлэгдээгүй байсан асуудал байдаг байх. Гэхдээ одоогийн хууль журмаар энэ асуудал нь голын ай сав газар ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл олгож болохгүй гэсэн хуулийн заалтууд байгаа. Үүний хүрэ******* Отгон сумын Бадрал багийн нутаг дэвсгэрт байгаа үндс*******ээ 6 булгийн 4 нь энэ компанийн эзэмшиж байгаа талбайд орсон. Тэгэхээр усны хомсдолыг бий болгох, бохирдуулах байгаль орчныг бохирдуулах талаасаа сөрөг үйл ажиллагаа юм. Энэ утгаараа Отгон сумын Бадрал багийн 240 гаруй хүмүүсийг эрх ашиг төдийгүй, *******ын ард түмэн, монголчуудын шүтдэг төрийн тахилгат хайрханы орчны ашиглалтын асуудал яригдаж байна. Үүнтэй холбоотойгоор сонсох ажиллагаа явагдаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-р боломжтой гэж үзэж байгаа. Ер нь 24 сумыг хамарсан танай компани шиг олон аж ахуйн нэгж байгууллагын төдийгүй ойр орчмын айл өрхүүдийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Үүн дээр хэлэлцүүлгүүдийг манай байгаль орчны газар, аймгийн Засаг дарга ажлын хэсэг томилж, ажиллуулж бусад процессуудыг явуулсан. Тэгэхээр хууль зөрчсөн ноцтой зүйл байхгүй гэв.

Иргэдийн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч компани тусгай хамгаалалттай Отгонтэнгэр хайрханы ойролцоо ай сав газарт ашигт малтмалын лиценз эзэмшиж байгаа юм байна. Гэтэл эрхийг нь цуцалсан байна. Нэхэмжлэгч талаас хайгуулын ажлын явцад гаргасан нөхөн төлбөрөө зарлагаа гаргаж авах гээд байгаа юм байна. Иргэдийн төлөөллөөр сууж байгаа хүний хувьд аймгийн Хурлын хуралдаанаас гарсан шийдвэрийг ерөнхийд нь зөв гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ******* ******* ******* ХХК нь Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор тогтоосон усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн ашигт малтмалын MV-021363, хайгуулын XV-014806 тоот тусгай зөвшөөрлүүдийн талбайтай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн, талуудын тайлбарт тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

1. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгох-оор, түүнчлэн захиргааны хэм хэмжээний акт нь улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл-д нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болохоор байна.

2. Завхан аймгийн Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалт, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн талбайг Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор[1] тогтоож, уг 54 дүгээр тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 37 дугаар эмхтэлд нийтэлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 4575 дугаарт бүртгэсэн байх тул дээрх 54 дүгээр тогтоолоор тогтоосон усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайг тогтоосон шийдвэр нь захиргааны хэм хэмжээний акт бөгөөд хүчин төгөлдөр байна.

3. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг тодорхойлсон ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох-оор заасан байна.

4. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь Завхан аймгийн Отгон сумын нутагт Цахир нэртэй газар ашигт малтмалын хайгуулын 14806Х тоот[2], XV-021364 тоот[3], ашиглалтын MV-021363 тоот[4] тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж байсан байх бөгөөд Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор Отгон сум дахь усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг тогтоосноор нэхэмжлэгч компанийн хайгуулын XV-014806 тоот болон ашиглалтын MV-021363 тоот тусгай зөвшөөрлүүдийн талбай усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй давхацсан болох нь Байгаль орчин аялал жуулчлалын Яамны 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 06б/6260 дугаартай албан бичиг[5] болон холбогдох зургуудаар[6] тогтоогдож байна.

5. Ашигт малтмал, газрын тосны газар, кадастрын хэлтсийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр шийдвэрээр[7] нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн дээрх 14806Х, XV-021364, MV-021363 тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0691 дугаартай шийдвэр[8], Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 74 дүгээр магадлалаар[9] ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр шийдвэрийн ашигт малтмалын хайгуулын XV-014806, ашиглалтын MV-021363 тоот тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, харин хайгуулын XV-021364 тоот тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

6. Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 54 дүгээр тогтоолыг гаргах үед нэхэмжлэгч компанийн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүд хүчин төгөлдөр байсан тул ******* ******* ХХК нь дээрх 54 дүгээр тогтоолын талаар маргах эрхтэй байна гэж үзлээ. Учир нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д ******* Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч компанийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцуулж усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоосноор тухайн компанийн ашигт малтмал хайх, ашиглах эрх нь зөрчигдсөн байх тул нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

7. Маргаан бүхий дээрх 54 дүгээр тогтоолд Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, 11.1.4 дэх заалтуудыг баримталсан байх боловч хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар болон уг тогтоолын агуулга, хавсралтаас харахад Завхан аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалт, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн талбайн хэмжээ, хилийн цэсийг тус тус тогтоон баталжээ. Харин Усны тухай хуулийн 11.1.3-д заасан аймгийн Засаг даргын саналыг үндэслэж усны эх үүсвэрийг орон нутгийн хамгаалалтад авах , хамгаалалтын бүсийн заагийг тогтоох асуудлыг шийдвэрлээгүй байна.

8. Иймд хариуцагчаас 54 дүгээр тогтоолыг гаргахдаа Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-д зааснаар хот суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Байгаль орчин аялал жуулчлалын яамны дүгнэлтийг үндэслэхээр байжээ.

Өөрөөр хэлбэл Усны тухай хуулийн 11.1.3, 11.1.4 дэх заалтууд нь тус тусдаа өөр асуудлыг зохицуулсан, усны эх үүсвэрийг орон нутгийн хамгаалалтад авч буй тохиолдолд аймгийн Засаг даргын саналыг үндэслэх, онцгой болон энгийн хамгаалалт тогтоох бол төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэж шийдвэрлэхээр байна. Гэтэл хариуцагч 54 дүгээр тогтоолыг гаргахдаа Усны тухай хуулийн дээрх хоёр заалтыг үндэслэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-д заасан шийдвэрийн заалт хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх гэснийг зөрчжээ.

9. Хэрэгт авагдсан Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 09/5719 дугаар албан бичгээс[10] харахад усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс тогтоосон болон хамгаалалтын бүсүүд хоорондоо хэсэгчлэн давхцалтай, зураглалын алдаатай байгаа талаар дурджээ.

Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 54 дүгээр тогтоолын 2 дугаар заалтад Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын ... бүс тогтоосонтой холбогдуулан давхцалын зөрчлийг арилгах төлөвлөгөө боловсруулж, үе шаттай хэрэгжүүлэх, хамгаалалтын бүсийн дэглэмийг сумдад мөрдүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга, сумдын Засаг дарга нарт даалгах-аар шийдвэрлэснээс үзэхэд дүгнэлтээр тогтоосон зөрчилтэй хэсгийг засаж залруулалгүйгээр дээрх 54 дүгээр тогтоолыг гаргасан байна гэж үзэхээр байна.

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг огт хийгээгүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлаагүй, шаардлагатай нотлох баримтуудыг огт цуглуулаагүй гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж Завхан аймгийн 24 сумыг хамарсан хэлэлцүүлэг хийж зохих ард иргэдийн санал бодлыг тусгаж баталсан гэж тус тус маргасан байна.

Захиргааны хэм хэмжээний акт батлан гаргах ажиллагаа нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нэг төрөл бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 25 дугаар зүйлийн 25.1-д заасан Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна гэсэн нийтлэг зохицуулалт хэрэгжихээр байна. Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/107 дугаартай захирамжаар[11] усны сан бүхий газар, ус хангамжийн эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн хориглолт ба хязгаарлалтын бүсийг тогтоох санал боловсруулах ерөнхий болон дэд ажлын хэсгийг байгуулсан байна. Тус ажлын хэсгийн тайлангаас[12] харахад эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийн хүрэ******* хэлэлцүүлэг хийж, санал бодлыг нь тусгах, өргөдөл, хүсэлт, тайлбар авах, ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах, нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг явуулсан нь тогтоогдохгүй байна. Энэ нь тухайн дэглэм тогтоосон маргаан бүхий усны сан бүхий газарт хамаарах талбайд урьд нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр олгогдсон хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн дагуу ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байсан нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах журамд нийцээгүй байна.

11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 54 дүгээр тогтоолыг гаргахдаа сонсох ажиллагааг огт хийгээгүй гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр байсан тул сонсох ажиллагаа хийх шаардлагагүй байсан гэж маргажээ. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдээс тайлбар, санал авахаар байна. Харин Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд захиргааны хэм хэмжээний актын төсөлд санал авах, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрэ******* хэлэлцүүлэг заавал хийх талаар нарийвчлан зохицуулсан байх ба нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, тус шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 118/АБ2021/0209 дугаартай албан бичгээр[13] аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дээрх ажиллагааг хийсэн талаарх баримтыг шаардахад ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй зэргээс дүгнэхэд хариуцагч маргаан бүхий тогтоолыг гаргахдаа энэхүү санал авах, хэлэлцүүлэг хийх ажиллагааг хийгээгүй болох нь тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сонсох ажиллагаа хийгээгүй, хэлэлцүүлэг хийгээгүй гэх тайлбар үндэслэлтэй байна гэж үзлээ. Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д Захиргааны хэм хэмжээний актыг нэн даруй батлах шаардлагатай хойшлуулшгүй тохиолдолд энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан санал авах ажиллагааг хийхийг шаардахгүй гэж заасан ба хариуцагчаас маргаан бүхий 54 дүгээр тогтоолыг батлан гаргахад нэн даруй батлах шаардлагатай байсан эсэх, хойшлуулшгүй тохиолдол байсан эсэх талаар хангалттай тайлбарлаж, нотолж чадахгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нийтийн ашиг сонирхлыг зөрчихөөр байсан тул сонсох ажиллагаа хийх шаардлагагүй байсан гэж маргаж байх боловч нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд заавал хэлэлцүүлэг хийхийг Захиргааны ерөнхий хуулийн 62.2 дахь хэсэгт заасан байна.

12. Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс[14] харахад онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг тогтоох талаар нарийвчлан, нэг бүрчлэн хэлэлцээгүй, зөрчилтэй хэсгүүдийг хэрхэн дүгнэж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

13. Мөн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02/1045 дугаар албан бичиг[15] нь маргаан бүхий захиргааны акт болох 54 дүгээр тогтоолыг гарснаас хойш гарсан албан бичиг байх тул шүүх энэ баримтыг үнэлж, дүгнэх шаардлагагүй байна.

Ийнхүү Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор баталсан Завхан аймгийн Отгон сумын усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, эргэлтийн цэгийн солбицолын ******* ******* ******* ******* ХХК-ийн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хамаарах хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн нийтлэг шаардлагыг зөрчсөн, шийдвэрийн заалт хоорондоо зөрчилтэй, холбогдох байгууллагын дүгнэлтийг үндэслээгүй байх тул холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

14. Иргэдийн төлөөлөгч Г.******* нь нэхэмжлэгч компанийг тусгай хамгаалалттай Отгонтэнгэр хайрханы ойролцоо ай сав газарт ашигт малтмалын лиценз эзэмшиж байх тул аймгийн Хурлын хуралдаанаас гарсан шийдвэрийг зөв гэсэн дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан бөгөөд тухайн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын талбай байрших газар нь Отгонтэнгэрийн тусгай хамгаалалтын газраас 100 гаруй км-т байгаа талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан, хариуцагчаас Отгонтэнгэр хайрхан болон түүний тусгай хамгаалалтын газрыг хамгаалах зорилгоор тус тогтоолыг гаргаагүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, усны сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүсийг тогтоох зорилгоор гаргасан байх тул иргэдийн төлөөлөгчийн

гаргасан дүгнэлтээр маргаан бүхий тогтоолыг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.8, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 60 дугаар зүйлийн 60.1.4, 62 дугаар зүйлийн 62.2, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, 11.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 54 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаас нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн 14806Х тоот хайгуулын, MV-021363 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцалтай хэсэг болох энгийн хамгаалалтын бүсийн талбай дахь 5651-5667 дугаарт бүртгэгдсэн Цахир, 5637-5650 дугаарт бүртгэгдсэн Сонжийн булаг, 5668-5687 дугаарт бүртгэгдсэн Баян-Улааны өврийн булаг, 3623-3659 дугаарт бүртгэгдсэн Хуудсан булаг, 5688-5708 дугаарт бүртгэгдсэн Шарилын амны булаг, онцгой хамгаалалтын бүсийн талбай дахь 8223-8249 дугаарт бүртгэгдсэн Хуудсан булаг, 9365-9382 дугаарт бүртгэгдсэн Баян-Улааны өврийн булагт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Н.АМАРЗАЯА

Ч.ЦЭНД-ОЧИР

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 133-р хуудас

[2] Хавтаст хэргийн 5-р хуудас

[3] Хавтаст хэргийн 13-р хуудас

[4] Хавтаст хэргийн 16-р хуудас

[5] Хавтаст хэргийн115-р хуудас

[6] Хавтаст хэргийн 116-120-р хуудас

[7] Хавтаст хэргийн 47-р хуудас

[8] Хавтаст хэргийн 25-р хуудас

[9] Хавтаст хэргийн 35-р хуудас

[10] Хавтаст хэргийн 130-р хуудас

[11] Хавтаст хэргийн 72-р хуудас

[12] Хавтаст хэргийн 75-р хуудас

[13] Хавтаст хэргийн 70-р хуудас

[14] Хавтаст хэргийн 143-р хуудас

[15] Хавтаст хэргийн 132-р хуудас