Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 693

 

 

Ч.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/00208 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.С-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х с у х, а т а, ү з з-д холбогдох

 

Зөвлөлийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/29 тоот сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмөнх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.С- нь Х с у х, а т а, ү з з-д нягтлан бодогч албан тушаалд 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргалгүй ажиллаж байсан. Ч.С- нь ажиллаж байх хугацаандаа байгууллагын тайланг цаг хугацаанд нь гарган ажиллаж байгаа бөгөөд тус зөвлөлийн даргын сахилгын шийтгэл ногдуулсан тухай 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/29 тоот тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Х с у х, а т а, ү з з-ийн даргын сахилгын шийтгэл ногдуулсан тухай 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/29 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барилга, хот байгуулалтын яамны 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 03 тоот Зохицуулах зөвлөлийн 2017 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан тэнцлийг ирүүлэхийг шаардсан албан бичгийг 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн бүртгэлийн дугаараар картлагдаж, Зохицуулах зөвлөлийн даргад танилцагдаж холбогдох албан тушаалтанд цохогдсон. Тус Зохицуулах зөвлөлийн нягтлан Ч.С- нь ээлжийн амралт биеэр эдлэх тооцооны хуудсын дагуу 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд ээлжийн амралтаа эдлэх байсантай холбогдуулан, мөн Улсын их баяр наадам олон хоног үргэлжлхийг тооцож дээрх бичгийн хяналтын картын удирдлагын заалт хэсэгт уг асуудлыг хариуцсан нэгж болох эрх зүй, мэдээлэл, захиргааны албаны дарга Е.Доржбат болон нягтлан бодогч Ч.С- нарт 2017 оны 7 дугаар сарын 10-ны дотор хариу хүргүүлэхийг үүрэг болгосон. Зохицуулах зөвлөлийн дарга нь Хөдөлмөрийн дотоод журмын 14.1, 14.2-т заасны дагуу нягтлан бодогч Ч.С-гийн ээлжийн амралт эдлэх хугацаа болон Улсын их баяр наадам болох хугацааг тооцон үзэж түүнд хугацаатай үүрэг, даалгавар өгөх эрхтэй. Нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтын 1.9-д заасны дагуу өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх үүрэгтэй. Гэтэл уг асуудлыг гүйцэтгэх чиг үүрэгтэй нягтлан бодогч Ч.С- нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй тул Зохицуулах зөвлөлийн дарга бүрэн эрхийнхээ хүрээнд 2017 оны Б/29 тоот тушаалаар Ч.С-д сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, тус Зохицуулах зөвлөлийн дүрмийн 2.1.4, 2.1.9, Хөдөлмөрийн дотоод журмын 5.5, 16.3-т заасныг болон Даргын зөвлөлийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн Зохицуулах зөвлөлийн даргын 2117 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/17 тоот тушаалаар Эрх зүй, мэдээлэл, захиргааны албанд нягтлан бодогч ажилтай Ч.С-д сануулах сахилгын шийтгэлийг ногдуулсан. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг судлан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар Х с у х, а т а, ү з з-ийн даргын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/29 дугаар “Нягтлан бодогч Ч.С-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн Ч.С-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.С- улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-д зааснаар Ч.С-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас буцаан гаргуулж, Ч.С-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/00208 тоот шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлээгүй

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлээгүй. Х с у х, а т а, ү з з-ийн дарга Э.Пүрэвжавын үүрэг даалгаврыг Эрх зүй, мэдээлэл, захиргааны албаны дарга н.Доржбат гардан авсан бөгөөд н.Доржбат нь нягтлан бодогч Ч.С-д үүрэг даалгавар өгөөгүй, энэ талаар хэрэгт нотлох баримт байхгүй атал шүүхээс н.Доржбат нь Ч.С-д үүрэг даалгавар өгсөн мэтээр дүгнэсэн нь нотлох баримтыг тал бүрээс бодитой үнэлээгүй гэж үзэж байна. Ч.С-д н.Доржбатын зүгээс үүрэг даалгавар өгөгдөөгүй, Зохицуулах зөвлөлийн дарга Э.Пүрэвжавын үүрэг даалгавартай танилцуулаагүй байтал Ч.С-д үүрэг даалгавар биелүүлээгүй гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд заасан зөрчлийг шалгасан талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг ажил олгогч гаргаж өгөөгүй тохиолдолд тушаалын үндэслэлийг хариуцагчийн тайлбар бүрэн нотлохгүй гэж үзэх бөгөөд иймд сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Х с у х, а т а, ү з з-ийн даргын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/29 дугаар нягтлан бодогч Ч.С-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчснөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.С- нь хариуцагч Х с у х, а т а, ү з з-д холбогдуулан Зөвлөлийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/29 тоот сануулах сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч, үүргийг хугацаанд нь биелүүлээгүй гэж маргажээ.

 

Хариуцагч Х с у х, а т а, ү з з-ийн даргын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/29 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, тус Зохицуулах зөвлөлийн дүрмийн 2.1.4, 2.1.9, дотоод журмын 5.5, 16.3 дахь заалт, зөвлөлийн хурлын 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрийг үндэслэн нягтлан бодогч Ч.С-д сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. /хэргийн 8 дугаар тал хуудас/

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “нэхэмжлэгч нь тус зохицуулах зөвлөлийн 2017 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан тэнцлийг ирүүлэхийг шаардсан Барилга, хот байгуулалтын яамны 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн албан бичгийн хариуг буюу санхүүгийн тайланг хугацаанд нь гаргаж өгөөгүй” гэж тайлбарлажээ. Нэхэмжлэгч байгууллагын санхүүгийн тайланг гаргаж өгөх үүрэгтэй этгээд болохыг үгүйсгэж маргаагүй байх бөгөөд харин хуулийн хугацаанд гаргаж өгсөн санхүүгийн тайланг хугацаа хэтрүүлж явуулсанд буруугүй гэж маргаж байна.

 

Гэтэл шүүх нэхэмжлэгчийг тус зөвлөлийн 2017 оны хагас жилийн санхүүгийн тайланг хугацаа хэтрүүлж хүргүүлсэн нь Бүртгэл хяналтын карт болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь шийдвэрийн үндэслэл болгосон хариуцагч байгууллагаас дээрх албан бичгийн хариу болох 2017 оны санхүүгийн тайланг 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүргүүлсэн тухай тэмдэглэсэн Бүртгэл хяналтын картын хуулбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын хуулбарыг наториатаар гэрчлүүлсэн байх шаардлагыг хангаагүй буюу хариуцагч талын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарагдсан байна. /хэргийн 42 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээдээс бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулах зохицуулалт нь мэтгэлцээнд оролцож буй хэргийн оролцогч талуудад хамаарахгүй, харин шүүхийн журмаар бүрдүүлэх нотлох баримтад хамаарах ойлголт юм.

 

Талуудаас хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтын хуулбарыг гарган өгсөн үед шүүх шаардлагатай гэж үзвэл эх хувийг шаардан авах эрхтэй талаар мөн хуулийн заалтаар зохицуулсан байгааг шүүх анхааралгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх арилгаж, талуудын хоорондох маргааны үйл баримтад дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/00208 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                      ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                             С.ЭНХТӨР