| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2023/0192/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/453 |
| Огноо | 2023-04-28 |
| Зүйл хэсэг | 12.6.2., |
| Улсын яллагч | Ц.Буянхишиг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/453
2023 04 28 2023/ШЦТ/453
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Оюунбат,
Улсын яллагч: Ц.Буянхишиг,
Шүүгдэгч: Л.Б, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг нар оролцсон эрүүгийн 0 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хооронд 0 тоотод бусдыг биеэ үнэлэхийг зохион байгуулж, орон байраар хангасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”гэв.
Эрүүгийн 0 дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 5 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 6-12 дугаар хуудас/,
Л.Бгийн Төрийн банкны 0 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Л.Бгийн Төрийн банкны 0 дугаартай харилцах дансны харилцагчийн хуулга /1 хх-ийн 15-83 дугаар хуудас/,
Б.Зын Хаан банкны 0 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 84-107 дугаар хуудас/,
Б.Зын Хаан банкны 0 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх-ийн 108-136 дугаар хуудас/,
О.Дий Хаан банкны 0 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 137-140 дүгээр хуудас/,
О.Дий Хаан банкны 0 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх-ийн 141-149 дүгээр хуудас/,
Гэрч Б.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1 хх-ийн 151-152, 154-155 дугаар хуудас/,
Гэрч Б.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1 хх-ийн 165, 167 дугаар хуудас/,
Гэрч Ш.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1 хх-ийн 170-173 дугаар хуудас/,
Гэрч А.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1 хх-ийн 176-180 дугаар хуудас/,
Гэрч Г.Лийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1 хх-ийн 183-184 дүгээр хуудас/,
Гэрч С.Бын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1 хх-ийн 192-194 дүгээр хуудас/,
Гэрч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1 хх-ийн 197-199 дүгээр хуудас/,
Гэрч Б.Лийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1 хх-ийн 202-203 дугаар хуудас/,
Гэрч Т.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 209 дүгээр хуудас/,
Гэрч Ж.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1 хх-ийн 207, 211 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2 хх-ийн 4 дүгээр хуудас/,
Орон сууц хөлслөх гэрээ /2 хх-ийн 5-9 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Л.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 221-222 дугаар хуудас/,
Шүүгдэгч Л.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хх-ийн 2 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 1 дүгээр хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 246 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1 хх-ийн 247 дугаар хуудас/ гэрч Б.Гны мэдүүлэг /хх-ийн 207 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хооронд 0 тоотод бусдыг биеэ үнэлэхийг зохион байгуулж, орон байраар хангасан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...хаалгыг нээж ороход дундаа хаалт үүсгэж өрөөг тусгаарласан том өрөө харагдаж байлаа. Уг өрөөний хаалтны цаад тал руу ороход урд талдаа цонхтой байх бөгөөд цонхыг шар өнгийн даавуугаар битүүлсэн байдалтай байв... уг өрөөгөөр дамжин зүүн урд талын жижиг өрөөнд ороход уг хана дагуулан газарт шалан дээр гудас байрлуулсан байх бөгөөд уг гудсан дээр 10.000 төгрөгийн 15 ширхэг дэвсгэрт, 20.000 төгрөгийн 20 ширхэг дэвсгэрт байх ба тэмдэглэлд тусган хураан авав.... уг өрөөний зүүн талын хананд наан байрлуулсан хүрэн өнгийн шкаф байх бөгөөд тавиур дээр нь сальфетка 2 ширхэг байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав... баруун хойд талын өрөөнд ороход цонхыг мөн даавуугаар халхалж харанхуй орчин бүрдүүлсэн байгааг тэмдэглэлд тусгав. Уг өрөөний голд 20 орчим см зузаантай гудас байрлуулсан байх ба баруун хойд буланд нь задалсан сальфетка 1 ширхэг, зүүн хойд булан цагаан өнгийн ширхэг сальфетканд ороосон хэрэглэсэн бэлгэвч 1 ширхэг байсныг.... үүдний өрөөний голд Trust гэсэн бичиглэл бүхий дөрвөлжин бэлгэвчүүд байсныг хураан авав...” гэсэн тэмдэглэл,
Л.Бгийн Төрийн банкны 0 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлд “...0 дугаартай дансны хуулга нь 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр эхэлж 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дуусах огноотой байх ба нийт 69 хуудас бүхий 3 сарын байдлаар 95.653.044 төгрөгийн орлого орж 95.692.690 төгрөгийн зарлагатай эцсийн үлдэгдэл 77.558,29 төгрөг байлаа...” гэсэн тэмдэглэл,
Л.Бгийн Төрийн банкны 0 дугаартай харилцах дансны харилцагчийн хуулга,
Б.Зын Хаан банкны 0 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
О.Дий Хаан банкны 0 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
Гэрч Б.Зын “...2022 оны 10 дугаар сарын эхээр Бгийн массажны газарт ажиллахаар болж өдрийн 60.000, 100.000 төгрөгийн цалинтайгаар тохиролцож ажилд орсон. Би Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 9 дүгээр байрны 47 тоотод Бгийн массажны газарт ресепшн хийж орлого хурааж авдаг байсан. Би олсон орлогоо тэнд ажиллаж байсан охидууд болон Бгийн данс руу шилжүүлдэг байсан. Ажилладаг охидуудад оноосон нэр байхгүй бөгөөд 22-37 насны 4-5 охин ажилладаг. Үнийн дүнгийн хувьд 40 минут 100.000 төгрөг, 60 мин 120.000-150.000 төгрөгийн хооронд байдаг бөгөөд дуудлагаар очиж массаж хийдэггүй. Охид олсон мөнгөний 70-80 хувийг өөрөө авдаг. Би охидын олсон орлогоос мөнгөн төлбөр авдаггүй. Бгээс цалин авдаг...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Хийн “...би өнөөдөр орой 20 цагийн орчим тус хаяг тоотод ирсэн. Уг тоотод ирсэн зорилго нь мөнгө олох шаардлагатай байсан. Эмчилгээний 300.000 төгрөг олох шаардлагатай байсан учраас миний таньдаг эгч болох Гэрлээгээс “мөнгө олох ажил байна уу” гэж асуухад “нэг массаж хийдэг газар байгаа” гэж хэлээд надад 0 утасны дугаар өгсөн. Тэр дугаар руу яриад Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны гадна ирээд 46 тоотод орсон. Би уг тоотод ирээд хэн нэгэнд ямар нэгэн үйлчилгээ үзүүлээгүй...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ш.Дийн “...2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 22 цаг өнгөрч байхад ажлаасаа тараад ээжийн бие муу байсан учир найз Золоогоос 100.000 төгрөг асуутал Сүхбаатар дүүрэг 3-р хороо Хүүхдийн 100д ирээд мөнгө авчих гэж хэлсэн. Тэгээд хаягаар нь яваад очтол 2 үг солихын завдалгүй гаднаас хоёр эрэгтэй хүн орж ирээд цаад талын өрөөнд орсон. Миний танихгүй 5 охин болон гаднаас орж ирсэн 2 залуу манай найз Золоотой нийлээд 8 хүн байсан. Би өмнө нь огт очиж үзээгүй. Анх удаа Золоог дуудсан болохоор очсон....” гэсэн мэдүүлэг,
Гэрч А.Нийн “...би уг тоот байранд 2022 оны 9 дүгээр сараас эхлэн Хоролсүрэн, Тунгалаг, Амартүвшин зэрэг 6 эмэгтэйн хамт цахим сүлжээнд зар байршуулж дуудлагаар ирсэн эрэгтэй хүмүүстэй бэлгийн харилцаанд орж 100.000-200.000 төгрөгийн төлбөр авдаг. Би 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 21 цаг өнгөрч ирээд дуудлагаар ирсэн нэг эрэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд орох гээд 200.000 төгрөг авсан. Надтай хамт байгаа эмэгтэйчүүд бүгд биеэ үнэлдэг...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Г.Лийн “...миний бие 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 9 дүгээр байрны 46 тоотод ирсэн. Оройноос хойш уг газарт нэг хүнтэй бэлгийн харилцаанд орсон. 100.000 төгрөгөөр нэг удаа бэлгийн харилцаанд орж түүний 60 хувийг нь өөртөө авч үлдсэн 40 хувийг нь ажиллуулж байгаа газартаа өгөхөөр тохиролцсон. Бааска гэдэг эмэгтэй ажиллуулдаг гэж сонссон. Би уг газарт өөрийн найзаар дамжуулан ирж ажилласан. Өчигдөр ирж тухайн газрыг харчхаад өнөөдөр ганц өдөр ажиллаж байна...” гэсэн мэдүүлэг,
Гэрч С.Бын “...Фэйсбүүкт байршуулсан саун массаж гэсэн зарын дагуу 0 дугаарын утас руу холбогдож хаягийн дагуу ирсэн. Намайг орж ирэхэд нэг эмэгтэй угтаж аваад үйлчилгээгээ танилцуулаад усанд ор гэсэн. Үүний дагуу усанд ороод хүлээлгийн өрөөнд сууж байсан. Намайг сууж байхад 2 залуу байж байсан. Би өөрийн сонгож авсан эмэгтэйтэй нэг өрөөнд орж бэлгийн ажил хийсэн. Би тэр эмэгтэйтэй бэлгийн ажил хийж дуусгаад хувцсаа өмсөх гэтэл гаднаас цагдаа нар орж ирсэн..” гэсэн мэдүүлэг,
Гэрч Н.Бийн “...Би Фэйсбүүкийн “санхүү авна” гэх группээс “угаалга массаж ажиллаж байна” гэх зарын дагуу 0 дугаарын утсаар холбогдоход 100-200 мянган төгрөгийн хооронд угаалга, гулгаа массаж, тусгай үйлчилгээ буюу секс үйлчилгээ үзүүлнэ гэж ярьсан. Намайг орж ирэхэд саарал малгайтай цамц өмдтэй 35-40 орчим насны тайрмал үстэй эмэгтэй ямар үйлчилгээ авах талаар асууж 5 эмэгтэй гаргаж ирж би нэгийг нь сонгоод угаалга, тусгай үйлчилгээ буюу /секс үйлчилгээ/ авахаар тохиролцож уг үйлчилгээг авсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Лийн “...Би 2022 оны 10 дугаар сарын 06-ны өглөө Улаанбаатар хотод ирсэн. 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 23 цаг 50 минутын үед 0 дугаарын утас руу залгаж саун массажны газарт ирсэн. Би Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 9 дүгээр байрны гадна ирэхэд саарал хувцастай эмэгтэй намайг авч 46 тоотод оруулсан. Золжаргал гэх нэртэй данс руу 150.000 төгрөг шилжүүлж нэг өрөөнд ороход цагаан халад өмссөн эмэгтэй орж ирээд бүх хувцсаа тайлаад бид хоёр хэвтсэн. Тэр үед цагдаа нар орж ирсэн...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Т.Аийн “...миний хувьд 2022 оны 8 дугаар сарын дундуур яг он сар өдрийг нь сайн санахгүй байна. Б эгчтэй яриад мөнгө хэрэгтэй байна гэсэн чинь “3 дугаар сургуульд нэг газар байгаа” очоод үз гэсний дагуу очоод үзэхэд 3 өрөө байр байсан бөгөөд тухайн үед тэндээ нь 5-6 удаа очиж биеэ үнэлж байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ж.Нийн “...миний хувьд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 5 дугаар хороолол 9 дүгээр байрны 47 тоот Ү-2203003718 дугаартай байрыг 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн Ньюлиберти бридж зуучлалын компаниар дамжуулан уг байрыг Бтэй гэрээ байгуулж байсан. Би яг ямар хүмүүст түрээсэлсэн талаар мэдэхгүй байна. Зуучлалын компанитай холбоотой асуудал байсан учраас тухайн компани нь надаар ирж гарын үсэг зуруулаад тэгээд түрээсэлж байсан. Би Б гэх эмэгтэйтэй уулзаж байгаагүй. Харж ч байгаагүй...” гэсэн мэдүүлэг,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолд “...Trust гэх цэнхэр өнгийн бичиглэлтэй мөнгөлөг 150 ширхэг бэлгэвч, 20 ширхэг хорин мянгатын дэвсгэрт 15 ширхэг арван мянгатын дэвсгэрт бүхий 550.000 төгрөгийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн тэмдэглэл,
Орон сууц хөлслөх гэрээнд “...Хөлслүүлэгч Ж.Нарангэрэл нь хөлслөгч Л.Бд Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо 5 хороолол 9-р байр 47 тоот орон сууцыг 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл нийт 12 сарын хугацаагаар хөлслүүлнэ...” гэсэн баримт,
Шүүгдэгч Л.Бгийн яллагдагчаар өгсөн “..2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр зуучлалын компаниар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 9-4-47 тоот байрыг түрээсэлсэн. Тухайн байрыг анх түрээслэхдээ массажны газар ажиллуулах зорилгоор түрээсэлж байсан. Тухайн байранд массаж хийх нэрийдлээр 5-6 охин ажиллуулдаг байсан. Нэг утасны дугаар байршуулдаг байсан бөгөөд тухай өдөр ажиллуулж байгаа ямар ч охин нь тухайн дуудлагыг хүлээн авах боломжтой. Зарим тохиолдолд охидууд фэйсбүүк сошиал орчинд өөрсдөө тухайн дугаарыг байршуулж үйлчлүүлэгчээ олдог байсан. Яг тогтсон хүн байхгүй бөгөөд ажиллаж байгаа охидуудын хувьд бүгд хуурамч нэртэй байдаг учраас өөр өөрсдийн дансанд мөнгө шилжүүлж авдаггүй байсан. Золжаргалын хувьд дансаа ашиглуулдаг байсан бөгөөд тухайн охидуудаар үйлчлүүлж байгаа хүмүүс данс руу нь мөнгө хийнэ. Харин Золоо тухайн мөнгийг над руу буюу миний төрийн болон хүү Дий Хаан банкны данс руу шилжүүлнэ. Мөн охидуудын данс руу бас мөнгө шилжүүлдэг байсан. Золжаргалд цалин мөнгө гэж яг тогтсон зүйл байхгүй бөгөөд надаас өдрийн 60.000-100.000 төгрөгийг боломжоор найздаа өгдөг байсан. Золжаргалын дансанд мөнгө төвлөрүүлдэг байсан болохоос биш яг зуучлах асуудлыг тэнд ажиллаж байсан хүүхнүүд бүгд хийдэг байсан. Тухайн байршуулсан байсан утасны дугаар руу хэн нэгэн залгах юм бол тэр дугаар руу нь тухайн үедээ ажилтай таарч байгаа охидууд бүгд утас авч тухайн байрны хаягаа зааж өгдөг байсан...” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Б нь бусдыг биеэ үнэлэхийг зохион байгуулсан, орон байраар хангасан болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Л.Б нь дээрх байдлаар бусдыг биеэ үнэлэхийг зохион байгуулсан, орон байраар хангасан болох нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
“Биеэ үнэлэх” гэдэг нь сэтгэл болон дур хүсэл, сонирхолд үндэслэгдээгүй, бусадтай хариу төлбөр авахаар тохиролцож өөр өөр хүнтэй бэлгийн харьцаанд удаа дарааллан орохыг ойлгоно.
Эрүүгийн хуульд заасан “Биеэ үнэлэхийг зохион байгуулах” гэмт хэргийг тодорхойлохдоо бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан байдлыг илэрхийлдэг ба “биеэ үнэлэхэд зуучилсан” гэдэгт биеэ үнэлэгчийг бусдад олж өгч хооронд нь холбоо тогтоох боломж нөхцлийг бүрдүүлэхийг илэрхийлнэ.
Шүүгдэгч Л.Бгийн үйлдэл нь бусдыг биеэ үнэлэхийг зохион байгуулсан, орон байраар хангасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Л.Баасансүрэг бусдыг биеэ үнэлэхийг зохион байгуулсан, орон байраар хангасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...шүүгдэгч Л.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэсэн санал гаргаж, шүүгдэгч Л.Б болон түүний өмгөөлөгчөөс “...шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй...” болохыг тэмдэглэв.
Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч Л.Бгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учирсан байдал тогтоогдоогүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь “....шүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэж, шүүгдэгч Л.Бгийн өмгөөлөгчөөс “...Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан шүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү...” гэсэн санал тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Л.Бг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүгдэгч Л.Бт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Л.Б нь дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй зэрэг хувийн байдлыг тогтоов.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт “...нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүх шүүгдэгч Л.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол, төлбөргүй байдал болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан журмыг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Тодруулбал шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал шүүгдэгчийн гэмт үйлдэл болон учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Л.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авахаар шийдвэрлэв.
Ийнхүү шүүхээс шүүгдэгч Л.Бд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх зэрэг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Бд тодорхой ажил, үүрэг гүйцэтгэхтэй холбоотойгоор түүнийг Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн хүрээнд зохих ажил хийх нь зүйтэй болохыг дурдлаа.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Л.Бг зайлшгүй нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжтой гэж үзлээ.
Бусад асуудлын талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад “хэргийн газар үзлэг хийсэн” тэмдэглэлээр Л.Бгээс 550.000 төгрөгийг хураан авсан байх ба тухайн мөнгө нь шүүгдэгч Л.Бгээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, бусад баримтуудаар тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулна” гэж, мөн хууль зүйлийн 2-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ....” гэж заасны дагуу Л.Бгээс хураан авсан гэмт хэрэг үйлдэж олсон 550.000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Trust гэх цэнхэр өнгийн битүүмжлэлтэй мөнгөлөг 150 ширхэг бэлгэвчийг устгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Бг бусдыг биеэ үнэлэхийг зохион байгуулсан, орон байраар хангасан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Л.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх, 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авч биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн Trust гэх цэнхэр өнгийн битүүмжлэлтэй мөнгөлөг 150 ширхэг бэлгэвчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай .
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 20 ширхэг хорин мянгатын дэвсгэрт, 15 ширхэг арван мянгатын дэвсгэрт нийт 550.000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлсүгэй.
7. Шүүх шүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний хүрээнд түүнийг Садар самуунтай тэмцэх тухай хууль, бусад хуульд зааснаар бусдыг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохих ажил хийхийг даалгасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН