Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 424

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн С сумын 3 дугаар багт оршин суух, утас:94954994, РД:БД88120607 К-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн С сумын Хүүхдийн цэцэрлэг /эрхлэгч Г, утас 99419902/-д холбогдох хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч К, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С, хариуцагч С сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн С сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 4 дүгээр  сарын 22-ны өдрийн Б\17 дугаартай “К-гийн сарын цалинг 20%-иар бууруулсан сахилгын шийтгэл ногдуулсан тухай” тушаалыг, мөн тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б\10 дугаартай “К-д сануулах  сахилгын шийтгэл ноогдуулсан тухай” тушаалыг тус тус хүчингүй болгуулах тухай.

Нэхэмжлэгч К шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баян-Өлгий аймгийн С сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б\05 дугаар тушаалаар тус цэцэрлэгийн үйлчлэгчийн ажилд орж 2 дахь жилдээ тогтвор суурьшилтай ажиллаж байна. Гэтэл ажил олгогч 2019 оны 4 дүгээр  сарын 22-ны өдрийн Б\17 дугаар тушаал гаргаж сахилгын шийтгэл оногдуулсан байна. Би уг тушаалын үндэслэлийг ажил олгогчоос асуухад “чи миний ажлыг авахаар санаархсан, миний өгсөн үүрэг даалгавар буюу хувиасаа 5 аяга 5 халбага авчир гэсэн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, шалтгаангүйгээр 1 өдрийн ажил тасалсан” гэж хэлсэн ба өөр олигтой тайлбар хэлээгүй. Миний бие дээрх зөрчлийн аль алиныг гаргаагүй. Тодруулбал, би мөнгөгүй учир шалтгаанаасаа болж хувиасаа 5 аяга 5 халбагыг цэцэрлэгт өгч чадаагүй. Ингэлээ гээд ажил олгогч сахилгын шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй. Би даргын ажлыг авна гэж санаархаагүй, Энэ асуудлыг сөхөж яривал аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Боловсролын газраас 2019 оны 4 дүгээр сард тус цэцэрлэгт төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн ба би шалгахаар ирсэн хүмүүст хандаж “бие засах өрөөний бохир цооног хөлдсөн тухай, крантнаас шар ус гоожиж байгааг хүүхдүүд ариун цэврийн өрөөг ашиглахад бэрхшээлтэй байгааг хэлсэн байсан. Мөн цэцэрлэгийн шал ховхорсон тухайг хэлсэн байсан”. Уг асуудлыг ажил олгогч буруугаар ойлгож буюу эрхлэгчийн ажлыг авахаар санаархсан гэж ойлгосон бололтой. Угтаа надад тийм санаа зорилго байхгүй. Зөвхөн хүүхдийн эрх ашгийн төлөө ийм саналаа хэлсэн. Ажил тасалсан гэсэн асуудлын хувьд миний бие 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ажил олгогч Г-д хандаж миний цалингийн урамшуулал дутуу бодогдсоныг хэлтэл эрхлэгч надад “чиний тэгж хэлдэг хэн юм” гэж хэлээд миний толгой хэсэгт цохиж зодсон. Би уг асуудлыг хэсгийн төлөөлөгчид хэлэхэд намайг аймгийн төв орж 2 дугаар шатлалын эмнэлэгт үзүүлэх шаардлагатай, тийшээ яв гэж хэлснээр миний бие аймгийн Нэгдсэн эмнэлэгт биеэ үзүүлсэн байсан. Улмаар энэ асуудал шалгагдаж ажил олгогчийн гэм буруу тогтоогдож эрх бүхий албан тушаалтан түүнд шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл миний бие шалтгаангүй ажил таслаагүй. Иймд Б аймгийн С сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б\17 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч К нэхэмжлэлийн шаардлага ихэсгэсэн нэхэмжлэлдээ: Хэргийн материалтай танилцаж үзэхэд хариуцагчаас 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Б\10 дугаар шийдвэрээр надад сахилгын сануулах шийтгэл оногдуулсан мэтээр баримт гаргаж өгсөн байна. Бодит байдал дээр тийм зүйл болоогүй, тийм зөрчил гаргаж байгаагүй, энэхүү сахилгын шийтгэл хүлээж байсан, ер нь байн байна зөрчил гаргадаг хүн болгож харуулахыг хичээж байгаа явдалд харамсаж байна. Иймд гомдол \нэхэмжлэл\-ын шаардлагаа “Б аймгийн С сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “К-д сахилгын шийтгэл ноогдуулсан тухай” Б\10 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар ихэсгэж байна гэжээ 

Хариуцагч Б аймгийн С сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Г анх шүүхэд бичгээр гаргасан тайлбарт: Миний бие анх 2016 оны 12 дугаар сард тус цэцэрлэгт К-г бичээчээр авч ажиллуулсан. Тэр үеэс хойш хоёулаа нэг конторт 2 жил хамт ажиллаж К-д бичиг хэрэг хариуцуулж байсан бөгөөд бид хоёрын хооронд ямар нэгэн маргаан гарч байгаагүй. 2017 оны 11 дүгээр сард Б аймаг дах Төрийн Аудитын газраас хийсэн хяналт шалгалтаар цэцэрлэгийн бичиг хэргийн орон тоог илүү тул уг орон тоог хасах тухай албан шаардлага ирүүлэн биелэлтийг хүргүүлэх үүрэг даалгавар өгсөн билээ. Миний бие К-гийн ар гэрийн байдал, амьдралыг ойлгож өрөвдөж тэр үед жирэмсний амралттай байсан цагаан хэрэглэл угаагчийн орон тоонд авч ажиллууллаа. Улмаар 2018 оны 01 дүгээр сараас эхлэн үйлчлэгчээр авч ажиллуулж байсан. К нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн С сумын мал эмнэлэг Үржлийн тасагт шинээр нэмэгдэж буй Малын эмчийн орон тоонд ажиллах хүсэлттэй байгаагаа илэрхийлэн аймагт материал өгөхөөр надаас 3 хоногийн чөлөө авсан. Гэтэл аймгийн Хүнс, хөдөө, аж ахуйн  газрын дарга уг орон тоонд мэргэжлийн дагуу 4-р багийн малын эмчээр 20 жил ажилласан, ажлын туршлагатай эмч Н-г томилжээ. Надаас аймгаас залгаад К нь ямар албан тушаалд хэд дэх жилдээ ажиллаж байгаа талаар лавлахаар нь би К нь тус цэцэрлэгт үйлчлэгчээр 2 дахь жилдээ ажиллаж байгааг хэлсэн. Гэтэл К нь уг асуудлыг буруугаар хүлээн авч “чи намайг яагаад ажилтай гэж хэлсэн вэ?, чамаас болж би малын эмчийн орон тоонд орж чадаагүй. Уг асуудлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд С будилаантуулж Н томилсон гэж тухайн үедээ хэл ам гарган над руу дайрч дэд сайд С фейсбүүкт бичиж байсан. Мөн маргааш нь буюу 01 дүгээр сарын 8-ны өдрийн үдээс хойш ажилдаа ирэлгүй зөвшөөрөлгүй ажил тасалж, сумын Засаг даргын өрөөнд очиж та нар орон нутгаас намайг дэмжээгүй, та аймгийн төлөөлөгч байж намайг уг албан тушаалд томилуулж өгөөгүй, би одоо чиний араас чинь орох болно” гэж олны дунд албан конторт зүй бус харьцаж элдэв янзын хэл ам гаргаж хууль бус шаардлага тавьж дайралт хийсэн тул сумын Засаг дарга Х-ээс уг албан тушаалтанд хууль зүйн мэдлэгийг дээшлүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн талаар ойлголт өгч хариу ирүүлэх талаар албан тоот ирүүлсэн. Түүнчлэн ХХААХҮ-ийн дэд сайд С буруутган фейсбүүкээр элдэв янзын зүйл ичсэн тул С сайдын хамаатан болох А уг асуудлаар цагдаад хандахаа хэлсэн. Үүний дагуу би К-д хууль зүйн зөвлөгөө өгч ойлгуулах гэсэн боловч над руу дайрч хүлээж аваагүй ба “арга зүйч А нь жирэмсний амралт авах үедээ би арга зүйч хийнэ, та нар намайг тушаал дэвшүүлээгүй би үйлчлэгч хийгүй” хэмээн босож ирнэ ширээ цохиж намайг хэл амаар доромжлон дайрч хэрүүл маргаан үүсгэсэн. Үйлчлэгч К-гийн дээрх үйлдэл нь Хөдөлмөрийн дотоод журмын 15.1.2-ын а, б, в, з заалтууд болон Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зөрчсөн тул 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Цэцэрлэгийн хамт олны хурал хийж, хамт олны саналаар К-д цалингийн арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн боловч К нь өөрөө буруугаа хүлээн зөвшөөрч маргааш нь уучлалт гуйж ирэхээр нь миний бие сануулах арга хэмжээ авч өөрт нь цаашид ийм асуудал гаргахгүй анхааруулсан байсан. Гэтэл 2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Цэцэрлэгийн дотоод хяналт шалгалт хариуцсан багш Ц нь үйлчлэгч К-д хариуцсан талбайн ариун цэврийг сайжруулах талаар ажлын шаардлагыг тавихад К нь Ц багшийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхийн оронд түүний урьдаас эсрэг тайлбар хэлж, хэл амаар доромжилсон тул Ц багш цагдаад хандсан байсан. Сумын цагдаагийн төлөөлөгч, цагдаагийн д/ч Д тэр үед намайг дуудан ажилтнуудад хуулийн ойлголт өгөх, гомдлын талаар дотооддоо хэлэлцүүлэн шийдвэрлэх, эс тэгвэл Зөрчлийн тухай хуулийн дагуу К-д торгууль оногдуулахыг мэдэгдсэн. Би уг асуудлаар Ц, К хоёрыг дуудан хуулийг тайлбарлан өгч хоёулангийг эвлэрүүлсэн. Маргааш нь буюу 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өглөө К нь ажилдаа цагтаа ирээгүй ба 10:20 минутад цэцэрлэгийн эрхлэгчийн конторт орж ирээд “Чи М яагаад декретийн орон тоонд ажилд авсан вэ, миний урамшуулал яагаад дутуу бодогдсон вэ, чи намайг албан тушаал ахиулаагүй, арга зүйчийн орон тоонд хүн авч ажиллуулаагүй байж угаагчийн түр орон тоонд яагаад хүн томилоод байгаа вэ гэж цэцэрлэгийн эрхлэгчийн СӨБ-ын тухай хууль, Төсвийн тухай хуульд заасан бүрэн эрхэд булаалцалдан өөрт холбогдолгүй асуудлаар дайралт хийж, танхайрсан. Би К-ийн хашхирч дайрсан үйлдлээс болж ухаан алдаад эмнэлэгт хүргэгдсэн байхад К нь айсандаа цэцэрлэгийн эрхлэгч намайг зодсон гэж худлаа өргөдөл гаргаад цагдаад хандсан байна. Маргааш нь би цагдаад эсрэг өргөдөл гаргасан. Гэтэл цагдаагийн төлөөлөгч д/ч Д бид хоёрын хоёуланд Зөрчлийн тухай хуулиар торгууль оногдуулсан. К-ийн өргөдөлд дурдсан шиг би түүнийг зодсон гэх асуудал огт байхгүй ба үүнийг бидний хажууд байсан дээрх 2 хүн гэрчилнэ. Би хэсгийн төлөөлөгчийн тавьсан торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандах гэсэн боловч төрийн албан хаагчийн ёс зүйг сахиж, төрийн төлөөлөгчийн шийдвэрийг хүндэтгэсэн байсан. Тухайн үед К нь намайг зодсон гэж мушгих санаатай аймгийн шүүх эмнэлэгт очиж акт тогтоолгохоор очсон боловч Шүүх эмнэлэг ямар нэгэн гадны нөлөөгүй, гэмтэлгүй гэж акт өгөөгүй тул 3 хоног ажил тасалсан. Цагийн бүртгэл дээр тэмдэглээстэй байгаа юм. 04 дүгээр сарын 18-ны өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт шалгалт ирэхэд К нь багш нарыг ажил хийлгэхгүй, цэцэрлэгийн бохир усны цооног, гүнийг худаг ажилддаггүй гэж худлаа мэдээлэл өгч, цэцэрлэгийн ажлыг албаар муугаар харуулахыг завдаж, Мэргэжлийн хяналтын газрын байцаагч тус бүрд очиж муулсан. Гэвч байцаагчид бүх юм сайн ажиллаж байгааг харж бидний ажлыг маш сайн хэмээн дүгнэж бага эрсдэлтэйгээр үнэлсэн. Энэ талаар цэцэрлэгийн хамт олон К гомдож хэлэхэд өөрийнх нь зөв, бусад хүмүүсийн бүгдийнх нь буруу мэт авирласан. Иймд би 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хамт олны хурал хийж  удаа дараа Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам, Төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн тул К сахилгын шийтгэл ноогдуулах талаар Захиргааны ерөнхий хуулийн дагуу мэдэгдэх хуудас өгч хамт олны өмнө авахаас татгалзсан тул К тэр даруй цахимаар мэдэгдсэн. Тайлбараа 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 15:00 цаг хүртэл бичгээр ирүүлэхийг хэлсэн ч ирүүлээгүй. Тэрээр хамт олны шийдвэрийн дагуу хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ удаа дараа зөрчсөн тул Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дугаар зүйлийн 131.2-д заасны дагуу цалинг 1 сараар 20%-иар бууруулан сахилгын арга хэмжээ авсан. К-ийн гаргасан зөрчил дутагдлын талаар хамт олны хурлын тэмдэглэл дэх өөрийн болон ажилчин албан хаагчдын хэлсэн үг, цагийн бүртгэл, фейсбүүкт тавьсан өөрийн нийтлэлүүд, ирсэн явуулсан бичиг, тушаал шийдвэрийн бүртгэл зэрэг нь нотолно. К нь Цэцэрлэгийн эрхлэгч миний ажлыг авахаар санаархсан, хувиасаа 5 аяга, 5 халбага авчир гэсэн үүргээ биелүүлээгүй гэж арга хэмжээ авсан, урамшууллын мөнгийг дутуу бодсон гэдэг нь огт үндэслэлгүй ба би энэ талаар К-д хариуцлага тооцож байгаагүй. К-ийн урамшууллыг хийсэн ажлын үр дүнгээр тооцож 1,2,3 дугаар сард 32%-ийн урамшуулал тооцож олгосон. Иймд К цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б аймгийн С сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Г нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад бичгээр гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч К нь Цэцэрлэгийн эрхлэгч надад 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/10 дугаар тушаал гаргаж сахилгын сануулах шийтгэл оногдуулсныг би мэдээгүй, энэхүү тушаалыг хавтаст хэргийн материал дотроос харж байна” гэжээ. Уг нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх гомдлыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. 1.Цэцэрлэгийн эрхлэгч миний бие К анх 2016 оны 12 дугаар сард тус цэцэрлэгт бичээчээр авч ажиллуулсан. Тэр үеэс хойш хоёулаа нэг конторт 2 жил хамт ажиллаж К-д бичиг хэрэг хариуцаж байсан бөгөөд бид хоёрын хооронд ямар нэгэн маргаан гарч байгаагүй. 2017 оны 11 дүгээр сард Баян-Өлгий аймаг дахь Төрийн Аудитын газраас хийсэн хяналт шалгалтаар цэцэрлэгийн бичиг хэргийн орон тоог илүү тул орон тоо хасах тухай албан шаардлага ирүүлэн биелэлтийг хүргүүлэх үүрэг даалгавар өгсөн билээ. Миний бие К-гийн ар гэрийн байдал, амьдралыг ойлгож, өрөвдөж тэр үед жирэмсний амралттай байсан цагаан хэрэглэл угаагчийн орон тоонд авч ажиллуулсан. Улмаар 2018 оны 01 сараас эхлэн үйлчлэгчээр авч ажиллуулж байна. К нь 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс С сумын Мал эмнэлэгт Үржлийн Тасагт шинээр нэмэгдэж буй Малын эмчийн орон тоонд ажиллах хүсэлттэй байгаагаа илэрхийлэн аймагт материал өгөхөөр надаас 3 хоногийн чөлөө авсан. Гэтэл аймгийн Хүнс, хөдөө, аж ахуйн  газрын дарга А уг орон тоонд мэргэжлийн дагуу 4 дүгээр багийн малын эмчээр 20 жил ажилласан ажлын туршлагатай эмч Н-ийг томилжээ. Надаас аймгаас залгаад К ямар албан тушаалд хэд дэх жилдээ ажиллаж байгаа талаар лавлахад миний бие К тус цэцэрлэгт үйлчлэгчээр 2 дахь жилдээ ажиллаж байгааг хэлсэн. К уг асуудлыг буруугаар хүлээн авч “чи намайг яагаад ажилтай гэж хэлсэн вэ? Чамаас болж би малын эмчийн орон тоонд орж чадсангүй. Уг асуудлыг ХХААХҮ-ийн дэд сайд С будилаантуулж Н-г томилсон гэж тухайн үедээ хэл ам гарган над руу дайрч дэд сайд С фейсбүүкт бичиж байсан. Мөн маргааш нь буюу 01 дүгээр сарын 08-ны өдрийн үдээс хойш ажилдаа ирэлгүй зөвшөөрөлгүй ажил тасалж, сумын Засаг даргын өрөөнд очиж та нар орон нутгаас намайг дэмжсэнгүй, би одоо чиний араас чинь орох болно гэж олны дунд албан конторт зүй бус харьцаж, элдэв янзын хэл ам гаргаж хууль бусаар шаардлага тавьж дайралт хийсэн тул сумын Засаг дарга Х-ээс албан тушаалтны хууль зүйн мэдлэгийг дээшлүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн талаар ойлголт өгч хариу ирүүлэх тухай албан тоот ирүүлсэн. Түүнчлэн ХХААХҮ-ийн дэд сайд С буруутган фейсбүүкээр элдэв янзын зүйл бичсэн тул С сайдын хамаатан болох М уг асуудлаар цагдаад хандахаа хэлсэн. Үүнийг дагуу би К хууль зүйн зөвлөгөө өгч, ойлгуулах гэсэн боловч над руу дайрч хүлээж аваагүй ба “арга зүйч А нь жирэмсний амралт авах үедээ би арга зүйч хийнэ, та нар намайг тушаал дэвшүүлээгүй би үйлчлэгч хийхгүй” хэмээн босож ирнэ ширээ цохиж намайг хэл амаар доромжлон дайрч хэрүүл маргаан үүсгэсэн. Үйлчлэгч К дээрх үйлдэл нь Хөдөлмөрийн дотоод журмын 15.1.2-ын “а”, “б”, “в”, “з” заалтуудад болон Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зөрчсөн тул 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Цэцэрлэгийн хамт олны хурал хийж, хамт олны саналаар К цалингийн арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн. Гэтэл К нь өрөө буруугаа хүлээн зөвшөөрч маргааш нь уучлалт гуйж ирэхээр нь би “сануулах арга хэмжээ” авч өөрт нь цаашид ийм асуудал гаргахгүй байхыг анхааруулан, сануулах арга хэмжээ авсан тушаалыг гардуулан өгсөн боловч К нь тушаалаа гарын үсэг зурж авахаас татгалзсан тул би өөрт нь уншиж өгөөд бүртгэлийн журналд тэмдэглэсэн юм. К би энэ асуудлыг огт мэдсэнгүй гэдэг нь огт үндэслэлгүй ба энэ нь хамт олны хурлын тэмдэглэлээр нотлогдоно гэжээ.  

Нэхэмжлэгч К шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар гаргасан мэдүүлэгтээ: Баян-Өлгий аймгийн С сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна. 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өглөө эрхлэгч Г миний урамшуулал яагаад бага орсон бэ гэж асуухад чи одоо боллоо шүү дээ, миний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, өөрийн зүгээс 5 аяга, 5 халбага авчирч өгөөгүй гээд миний толгойн хэсэг рүү цохисон. Тухайн үед манай цэцэрлэгийн эмч болон нэг үйлчлэгч сууж байсан. Тэдгээр хүмүүс сууж байхад намайг зодсон. Тэгээд би  та надад гар хүргэх эрхгүй байсан гээд сумын хэсгийн төлөөлөгч рүү очсон боловч хэсгийн төлөөлөгч байгаагүй. Тэгээд хэсгийн төлөөлөгчийн дугаарыг аваад залгахад аймгийн төвд байна, та хүрээд ир гэж хэлсэн. Дараа нь эмчид очоод үзүүлэхээр очиход бас л аймагт явсан байсан. Тэгээд нөхөр лүүгээ залгаад аймаг ирээд хэсгийн төлөөлөгчид үзүүлэхэд чи эмнэлэгт үзүүлээд акт аваад Шүүхийн шинжилгээний албанд очоорой гэж хэлсэн. Аймгийн Н эмнэлэгт очсон боловч үдийн цайнд гарсан байсан. Тэгээд хүлээж байгаад 13 цагийн үед гэмтлийн эмчид үзүүлсэн. Тэгэхэд надад томографт үзүүл, рентген зураг авхуул гэж хэлсэн. Би тэр дагуу рентген зураг авхуулах гэхэд өглөө эрт авдаг, үдээс хойш авахгүй гэж хэлсэн. Дараа нь томографт үзүүлэх гэхэд 950000 төгрөг төлөх юм байна. Мөнгөгүй байсан учир үзүүлж чадаагүй. Нүдний эмчид үзүүл, нүд чинь улайсан байна гэж хэлсэн. Тэгээд очиход өнөөдөр оочир дууссан, маргааш ир гэж хэлсэн. Гэтэл зүрх маань дэлсээд толгой өвдөж байсан учир “Н” эмнэлэгт хэвтэж 3 хоног эмчилгээ хийлгүүлсэн. Мөнгөгүй байсан учир найз нөхдөөсөө мөнгө зээлж аваад эмнэлгийн мөнгө төлсөн. Дараа нь эмнэлгийн магадалгааг Шүүхийн шинжилгээний албанд өгсөн. Тэр хүмүүс дүгнэлт чинь хэдэн хоногийн дараа гарна, ингэхдээ хэсгийн төлөөлөгчид өгнө гэж хэлсэн. Би 3 хоног эмнэлэгт хэвтсэн бичгээ эрхлэгчид өгсөн. 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хэсгийн төлөөлөгч Д над руу залгаад аймгийн Цагдаагийн газарт 13 цагийн үед бэлэн бай, Шүүхийн шинжилгээний албаны дүгнэлт гарсан гэж хэлсэн. Тухайн үед цаг 11 цаг болж байсан бөгөөд эрхлэгчид хэлэхээр очиход өрөөндөө байхгүй байсан. Эрхлэгч байхгүй байсан учир цагийн бүртгэгчид цагдаа дуудсан, аймагт очно гэж хэлсэн. Тэгээд аймагт очиж хэсгийн төлөөлөгч Д залгахад сургалттай байна хүлээж байгаарай гэж хэлсэн. Хэсгийн төлөөлөгч надад залгахдаа Г-д бас хэлсэн ирэх байх гэсэн боловч ирээгүй. Гэтэл намайг тэр өдөр шалтгаангүй ажил тасалсан гэсэн байна. Хуулийн байгууллага дуудсан учраас очсон байсан. Тийм учраас ажил олгогчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна. Мөн эрхлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Б/10 дугаар тушаалаар сануулах арга хэмжээ авсан байна. Би тэр талаар мэдээгүй. Хуурамч баримт бүрдүүлсэн байна гэж үзэж байна. Би энэ тушаалын талаар мэдэхгүй. Би удаа дараа зөрчил гаргаагүй. Энэ тушаалыг би хавтаст хэргээс харж танилцсан. Хэрвээ үнэхээр тийм тушаал гарсан бол ажил олгогч надад гардуулж өгөх ёстой байсан. Тухайн үед гардуулж өгсөн бол шүүхэд хандах ёстой байсан. 2019 оны 01 дүгээр сарын 10-ны үед манай суманд мал эмнэлгийн орон тоо нэмэгдсэн. Ингэхэд би өөрийн мэргэжлийн дагуу ажилд оръё гээд хөөцөлдөхөд Мал эмнэлгийн газрын дарга А надад чамайг авч болно, боломжтой юм байна гэж явж байхад С сайд өөр хүнийг авсан байна. Тэгээд би Фейсбүүк хаягт болсон явдлыг бичиж өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн.  С сумын Засаг дарга Х-тэй бас хэрүүл маргаан гаргасан гэсэн байна. Би Засаг даргад очоод та намайг дэмжинэ гэсэн чинь яасан бэ гэж л хэлж байсан. Гэтэл эрхлэгч надад чи Засаг даргатай хэрүүл маргаан хийсэн байна гээд хэлсэн. Иймд эдгээр надад үндэслэлгүйгээр сахилгын арга хэмжээ авсан тушаалуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв. 

Хариуцагч Баян-Өлгий аймгийн С сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Г шүүх хуралдаанд өгсөн тайлбарт: Нэхэмжлэгч К 2016 онд анх цэцэрлэгийн бичээчээр ажилд орж байсан. Тэр үед би өөрөө тушаал гаргаад бичээчээр ажиллуулж байсан. Улмаар бид хоёр нэг өрөөнд хамт суугаад К миний бичиг хэргийн асуудлыг хариуцаж ажиллаж байсан. К хувьд малын эмч мэргэжилтэй, мөн цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй. Бид хоёр нэг өрөөнд 2 жил хамт суугаад ажилласан. Надад К-тэй ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. Аудитын газраас К гэдэг хүнийг бичээчээр авч ажиллуулахаа боль, байхгүй орон тоог бий болгосон байна гээд дүгнэлт ирүүлсэн. Тэгээд би К-г үйлчлэгчээр авч ажиллуулсан. 2019 оны 01 дүгээр сард К малын эмч мэргэжлээрээ ажилд орно, ажил хөөцөлдөнө гээд надаас 3 хоногийн чөлөө авсан. Би түүнд чиний мэргэжил юм чинь орчих байх гээд хувиасаа дэмжээд чөлөө өгөөд явуулсан. Сумаас 2 хүний нэрийг явуулсан байсан. Нэг нь малын эмчээр 25 жил ажилласан Н гэдэг хүн байсан бөгөөд нэг нь К байсан. Энэ томилгоог А дарга, аймгийн Засаг дарга нар шийдвэрлэх асуудал байсан. Тэгээд 3 хоногийн дараа К намайг томилсонгүй гээд ирсэн. Би К-д нүд чинь улайсан байна, яасан бэ гэхэд чамд хамаагүй гээд хашхираад яваад өгсөн. Тэгээд цагийн дараа сумын Засаг дарга надад залгаад танай К гэдэг ажилчин ямар учиртай юм бэ, миний өрөөнд ирээд намайг ажилд авсангүй гээд агсам тавиад байна, ажилтантайгаа хэл амаа ололц гээд дуудсан. Тэгээд К-г дуудаад Засаг даргын хэлснийг, мөн чи ингэж болохгүй шүү дээ, малын эмчээр ороогүй ч гэсэн үйлчлэгч ажилтай шүү дээ, дараа нь бас боломж байгаа шүү дээ гэж хэлсэн. К нь С сайд руу баахан зүйл бичсэн байна. Тэгээд С сайдын дүү нь над руу залгаад  танай К гэдэг ажилтан чинь төрийн албан хаагчийн ёс зүйгээ мэддэггүй юм уу, та нар арга хэмжээ авдаггүй юм уу гэж залгасан. Энэ асуудал үүсэх хүртэл К бид хоёрын хооронд ямар нэгэн өс хонзонгийн асуудал байгаагүй, хэрүүл маргаан гараагүй байсан. Гэтэл К буруугаар бодож намайг хуурсан, будилаантуулсан гэж над руу дайрсан. Намайг түр тушаалтай байхад бүр тушаалтай гэж хэлсэн байна гээд надад дайрсан. С сайдын дүү болох А өөрөө залгаад сайд руу дайраад байна, цагдаа руу хандана гэж залгасан. Тэгэхэд би ажилтантайгаа ярилцъя гээд дуудаад ярилцах гэсэн боловч миний хэлснийг сонсохгүй над руу дайрсан. Тухайн үед хэдэн багш нар орж ирээд та нар боль гээд салгаж авсан. К надад арга зүйч жирэмсний амралтад явах юм байна, тэр орон тоонд би ажиллана гэж ширээ цохиж дайрсан. Тэгэхэд чиний мэргэжил таарахгүй, энэ бол удирдах албан тушаалтан, чамайг энэ оронд томиллоо гэж бодоход багш нар дургүй байна шүү дээ гэж хэлсэн. Цэцэрлэгийн хамт олны хурлаар К яагаад ингэж байгаа юм бэ гээд авч хэлэлцсэн. Тухайн үед би 3 хоногийн чөлөө өгөөд явуулсан нь миний буруу болсон байна. Хэрвээ чөлөө өгч чадахгүй гэсэн бол асуудал өөр байсан. Сумын Засаг даргаас танай ажилтан К төрийн албан хаагчийн ёс зүй гэж мэддэггүй юм байна, албаны өрөөнд ирж хэл амаар доромжилж, фейсбүүкт юм бичдэг гэж арга хэмжээ ав гээд албан тоот явуулсан. Тэгээд хамт олны хурлаар 20 хувийн цалин хасах сахилгын арга авахаар 100 хувийн саналаар дэмжсэн. Тэгээд маргааш өглөө ирээд уучлалт гуйхаар нь хоёулаа найз байлаа, чиний хүүхдүүдийн талханд булаалцалдаад яах юм бэ, эхний удаа сануулах арга хэмжээ авч байгаа шүү гэхэд баярлалаа гээд гараад явсан. 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 10:20 цаг болж байхад К ажилдаа ирж байсан. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт шалгалт ирэх гэж байгаа юм байна, шалгалтад бэлдье гээд хүмүүсээ явуулсан. Гэтэл К орж ирээд сууж байсан. Гэнэт над руу чи яахлаараа М гэдэг хүнийг ажид авдаг юм бэ, чи яахлаараа миний урамшууллыг хасдаг юм бэ гээд дайрч эхэлсэн. Тэгээд би түүнд “чи юу ярих гээд байна гэхэд чи хүн ажилд авах эрхгүй гээд миний эрх мэдэлд булаацалдсан, сахилгын шийтгэлтэй хүнд урамшуулал өгөх ёсгүй гэдгийг мэддэггүй юм уу, чамд бусад үйлчлэгчийн адил 13 хувийн урамшуулал өгсөн, харин 01 дүгээр сард 8 хувийн урамшуулал өгсөн, яагаад гэвэл чи 01 дүгээр сард 10 хоног ажилдаа байгаагүй, зөрчил гаргасан гэдгийг харгалзсан. 2019 оны 01 дүгээр сард манай цэцэрлэгт 2-3 бүлэг нэмэгдсэн. Тэгээд би ажилчдад бүтээлч ажил болгож боломжтой бол 5 аяга 5 халбага авчирч өгвөл урамшуулалд чинь тооцож олгоё гэхэд авчраагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй” гэсэн. Гэтэл К намайг түлхэх гэж дайрсан, миний бие ухаан алдсан. Гэтэл К нь намайг зодсон гэж цагдаад хадсан, би гар хүрээгүй гэдгээ хэлсэн. Шинжээчийн дүгнэлтээр намайг гар хүрээгүй гэдэг нь тогтоогдсон. Гэхдээ та хоёр албаны өрөөнд та хоёр хоёулаа маргаан үүсгэсэн тул Зөрчлийн тухай хуулиар торгуулна гэж хэлсэн. Тэрнээс хоёр хоногийн өмнө ахлах бүлгийн Ц багштай гудамжинд явж байсан архичин биз дээ гээд хэрэлдэж, улмаар Ц багш К-г цагдаад өргөдөл гаргасан байхад би дотроо зохицуулаад болиулсан байсан. Гэтэл хоёр хоногийн дараа надтай хэрэлдэнэ гэж бодоогүй. 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 10 хүний бүрэлдэхүүнтэй шалгалт ирэхэд К-тэй тэр хүмүүст гал тогооны угаалтуур ажиллахгүй, угаасаа ийм, угаасаа тийм, багш нар нь ийм, багш нар нь тийм гээд хов жив ярьсан. Үүнд манай байгууллагын хамт олон дургүйцээд К ямар давуу эрхтэй юм бэ, шалгалт ирэхэд бид нарыг яагаад матдаг юм бэ гээд уурлаад санал хүсэлт оруулж ирээд К-гийн асуудлыг зохицуул гэж санал, хүсэлт гаргасан. Тэгээд би К-д чи энэ асуудлаа болихгүй юм бол сахилгын арга хэмжээ авна гээд хамт олны хурал зохион байгуулсан. Түүнд Захиргааны ерөнхий хуулиар тайлбараа гаргачих, ажлаа хийх дургүй бол чамайг заавал илүү орон тоонд ажиллуулах шаардлага байхгүй, байнга ажил тасалдаг, тасалсан талаар тайлбар хэлдэггүй гэдгийг хэлсэн. Жишээ болгож 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр цагдаа дуудахад явсан гэж хэлж байна. Тэр өдөр намайг бас цагдаа дуудсан. Цагдаа дуудахаас нэг хоногийн өмнө аймгийн Мэргэжлийн хяналтын газраас албан даалгавар өгөөд бохирын цооногоо янзлаад хариу явуул гэсэн албан тоот ирүүлсэн. К цагдаа дуудаад явж байгаа талаар надад хэлээгүй. Тухайн өдөр байгаагүй. Би хамт олны хурал хийсэн. Хамт олны хурлаар бүгдээрээ К-д гомдсон. Зөрчил гаргахаа болихгүй бол сахилгын арга хэмжээ авна гэж хэлсэн. Захиргааны ерөнхий хуулиар маргааш 16 цаг хүртэл тайлбараа бичээд ир гэсэн боловч ирээгүй. Хэрвээ тухайн үед хамт олноосоо уучлаарай гээд уучлалт гуйгаад буруугаа ойлгосон бол би сахилгын арга хэмжээ авахгүй байсан. Уучлалт гуйх байтугай бүр тоож хэлэлцээгүй. Хурал дээр та намайг зодсон, намайг байнга гадуурхдаг гээд дайрсан. Тэгэхэд би миний буруу байгаа бол уучлаарай, ёс зүйгээ сахиад ажиллаж байвал хүн болгонтой муудалцахгүй гэдгийг хэлсэн. Тухайн үед хуралд суусан ажилчид бүгдээрээ нэг нэгнээсээ уучлалт гуйчих, эвлэрчих гэж хэлсэн. Тэгээд би за яах вэ надаас уучлалт гуйхаа больчих, харин хамт олноосоо уучлалт гуйчих гэж хэлсэн боловч хэрэлдсэн. Тэгээд би 1 сар 20 хувийн цалин хасах арга хэмжээ авч байна гэдгийг хэлсэн. К хүлээн зөвшөөрөөгүй гээд гарын үсэг зураагүй. К-д дахин дахин сануулж байсан боловч болихгүй байсан учраас сахилгын арга хэмжээ авсан. Иймд К-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгч К-гийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь,

            1) Хавтаст хэрэгт авагдсан Б аймгийн С сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 01 дүгээр  сарын 26-ны өдрийн Б\05 дугаартай “К-г үйлчлэгчээр томилох тухай” тушаалаар нэхэмжлэгч К нь тус цэцэрлэгт үйлчлэгчээр ажилладаг болох нь нотлогдож байна.

Хариуцагч Б аймгийн С сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Г 2019 оны 4 дүгээр  сарын 22-ны өдрийн Б\17 дугаартай “К-д сарын цалинг 20%-иар бууруулсан сахилгын шийтгэл ногдуулсан тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дах заалыг үндэслэн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 15.1.1 “б”, 15.1.2 “а”, “б”, “в”, “з”, “и”, “й”, “к” заалтуудыг болон цэцэрлэгийн хамт олны сонсох ажиллагаа явуулсан тухай 04 дүгээр сарын 19-ний өдрийн шийдвэрийг үндэслэн үйлчлэгч (нэхэмжлэгч) К-д өөрт нь холбогдолгүй асуудлаар цэцэрлэгийн эрхлэгчийн хуулиар олгогдсон  бүрэн эрхэд булаацалдсан, шалтгаангүй ажил тасалсан, удирдлагаас хуулийн хүрээнд өгсөн үүрэг даалгаврыг эсэргүүцдэг тул сарын цалинг 1 сараар 20%-иар бууруулсан сахилгын шийтгэл ноогдуулсан байна. 

            Хариуцагч Б аймгийн С сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Г-гийн энэхүү тушаалд үндэслэл болгосон тус цэцэрлэгийн үйлчлэгч (нэхэмжлэгч) К “Хөдөлмөрийн дотоод журмын 15.1.1 “б”, 15.1.2 “а”, “б”, “в”, “з”, “и”, “й”, “к”-ийг тус тус зөрчсөн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан хөндлөнгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна. Үүнд:

            С сумын Хүүхдийн цэцэрлэгийн нийт багш, ажилчдын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хамт олны хурлаас баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын

15.1.2 “а”-д хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн /ажлын цагаар зөвшөөрөлгүй цагаар болон өдрөөр ажил тасалсан, ажлын байранд байсан мөртлөө хариуцсан ажлаа хийгээгүй, ажил цалгардуулсан, үүргээ биелүүлээгүй г.м/ гэсэн боловч нэхэмжлэгч К хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ямар үүргээ хэзээ хэрхэн зөрчсөн талаар хариуцагч тушаалдаа тодорхой тусгаагүй байна. (Талууд “Хөдөлмөрийн гэрээ”-г шүүхэд гаргаж өгөөгүй болно)

“б”-д цэцэрлэгийн дотоодод мөрдөж буй дүрэм, журам, аюулгүй ажиллагааны дүрэм, заавар, цэцэрлэгийн багш, ажилтны ёс зүйг зөрчсөн /өөрт холбогдолгүй асуудлаар бусдын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох бусадтай зүй бусаар харьцах, нэр хүндэд халдах, худал мэдээлэл тараах г.м/ гэсэн үндэслэлийн аль алиныг нэхэмжлэгч К зөрчсөн гэдгийг хариуцагч тушаалд тодорхой заагаагүй ба аль үндэслэлийг зөрсөн талаарх нотлох баримтаа хариуцагч шүүхэд нотолж чадаагүй болно.

Мөн нэхэмжлэгч К урьд нь багш Ц маргаан үүсгэж зүй бусаар харьцаж байсан асуудлыг тухайн үед сумын хэсгийн төлөөлөгчтэй хамтран хоорондоо эвийн журмаар шийдэж байсан гэдгийг хариуцагч өөрөө хүлээн мэдүүлсэн. Мөн нэхэмжлэгч К нь С сумын Засаг даргатай зүй бусаар харьцсан асуудлаар сахилгын арга хэмжээ авч байсан нь хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн С сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б\10 дугаартай “К-д сануулах  сахилгын шийтгэл ноогдуулсан тухай” тушаалаар нотлогдож байна.

 “в”-д өөрийн албан үүрэгтэй холбоогүй асуудлаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл бусад сонирхогч этгээдэд цэцэрлэгийн удирдлагын зөвшөөрөлгүй мэдээлэл, ярилцлага өгсөн гэсэн үндэслэлийг хариуцагч нэхэмжлэгч К-н 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр фейсбүүк хуудсанд бичсэн нийтлэлийг хавсаргасан ирүүлсэн боловч энэхүү нийтлэл нь тухайн цэцэрлэгийн үйл ажиллагаатай ямар нэгэн байдлаар холбогдолгүй тул нэхэмжлэгч К өөрийн өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж өөрийн фейсбүүк хуудсанд бичсэн нийтлэлийг хариуцагч буюу цэцэрлэгийн удирдлагаас зөвшөөрөлгүй мэдээлэл, ярилцлага өгсөн гэж үзэх боломжгүй болно.

з”-д зааснаар нэхэмжлэгч К хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалсан /зөвшөөрөлгүй 1 цагаас дээш хугацаагаар ажил тасалж ажлын байраа эзэнгүйдүүлсэн зэрэг цагаар, хоногоор ажил тасалсныг ойлгоно/ гэсэн үндэслэлээ хариуцагч нотолж чадаагүй.

Хавтаст хэрэгт авагдсан С сумын Хүүхдийн цэцэрлэгийн цагийн бүртгэлд 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр үдээс хойш “т” буюу ажил тасалсан, 4 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд “т” буюу ажил тасалсан гэж тэмдэглэн нэхэмжлэгч К шалтгаангүйгээр ажил тасалсан гэх боловч  2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл өвчний учир ажлаас чөлөөлсөн болох нь “Н” эмнэлгийн ерөнхий эмч Е-гийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн “Эмнэлгийн магадалгаа”-аар нотлогдож байна.

Мөн тус цэцэрлэгийн цагийн бүртгэлд 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр үдээс хойш “т” буюу ажил тасалсан гэх боловч тухай өдөр нэхэмжлэгч К нь ...гомдол мэдээллийн дагуу шалгагдаж байсан асуудлаар Б аймгийн Цагдаагийн газарт ирж шинжээчийн дүгнэлттэй танилцсан болох нь С сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д-гийн 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн “Тодорхойлолт”-оор нотлогдож байна.

Иймд эдгээр нотлох баримтуудаар нэхэмжлэгч К нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэдэг нь үгүйсгэгдэж байна.

Хавтаст хэрэгт авагдсан С сумын Хүүхдийн цэцэрлэгийн цагийн бүртгэлд К 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр үдээс хойш “ч”, мөн 2019 оны 01 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд “ч”, мөн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр үдээс  хойш “ч” буюу ажлаас чөлөө олгосон гэж тус тус тэмдэглэснийг хариуцагч өөрөө чөлөө олгож байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ба талууд үүнд маргаагүй болно.

Мөн С сумын Хүүхдийн цэцэрлэгийн цагийн бүртгэлд 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр үдээс хойш “ирээгүй”, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр үдээс хойш “ч”, 2019 оны 01 дүгээр сарын 29-30 өдрүүдэд “ч”, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр үдээс хойш “ч” буюу чөлөө гэж тус тус тэмдэглэсэн ба энэхүү ажилд ирээгүй тухай асуудал нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б\10 дугаартай “К-д сануулах сахилгын шийтгэл ноогдуулсан тухай” тушаалаар эцэслэн шийдэгдсэн байна.

“и”-д заасны дагуу  нэхэмжлэгч К-ийн буруутай үйлдэл, эс үйлдлийн улмаас тус цэцэрлэгт үлэмж хэмжээний болон их хэмжээний эд хөрөнгийн хохирол учирсан гэснийг нотлох баримт байхгүй ба хариуцагч нотолж чадаагүй болно.

“й”-д заасны дагуу нэхэмжлэгч К тус цэцэрлэгийн нэр төрд харш үйлдэл, эс үйлдэл хийсэн болохыг тогтоосон ямар нэгэнт нотлох баримт байхгүй байна.

“к”-д заасны дагуу нэхэмжлэгч К удирдлагаас өгсөн ямар үүрэг даалгаврыг биелүүлээгүйн улмаас цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагаанд бодит хохирол учруулсан гэсэн нь тогтоогдохгүй байна.

Хариуцагч тухайн цэцэрлэгийн төлөвлөгөөнд тусгасан ёсоор “Бүтээлч ажил”-аар багш, ажилчдын зүгээс 5 аяга, 5 халбага авчрах ёстой байтал К авчраагүй гэх боловч энэхүү төлөвлөгөөг хэзээ хэн хэрхэн баталсан эсэх, үүрэг даалгаврыг хэн хэзээ хэнд өгсөн, хэн хэзээ үүрэг даалгаврын биелэлтийг шалгасан эсэх, тухайн аяга халбага авчраагүйгээс тухайн цэцэрлэгт ямар бодит хохирол учирсан эсэх нь тус тус тодорхойгүй, хөдлөнгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Мөн хариуцагчийн 2019 оны 4 дүгээр  сарын 22-ны өдрийн Б\17 дугаартай “К-д сарын цалинг 20%-иар бууруулсан сахилгын шийтгэл ногдуулсан тухай” тушаалд дурдсан  К-д өөрт нь холбогдолгүй асуудлаар цэцэрлэгийн эрхлэгчийн хуулиар олгогдсон бүрэн эрхэд булаацалдсан болон удирдлагаас хуулийн хүрээнд өгсөн үүрэг даалгаврыг эсэргүүцсэн гэдгийг хариуцагч нотлох баримтаар нотолж чадаагүй болно.

Харин нэхэмжлэгч К болон хариуцагч Сагсай сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Г нар бие биеэ зодсон түлхсэн гэх асуудал нь шүүхийн харьяаллын асуудал биш цагдаагийн байгууллагаар шалгуулсан нь талуудын тайлбараар нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгч К-гийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр эрхлэгчийн албан өрөөнд гаргасан ёс зүйн асуудлын талаар хэлэлцсэн болох нь  Сагсай сумын Хүүхдийн цэцэрлэгийн хамт олны 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн №02 дугаартай “Хурлын протокол”-оор, мөн нэхэмжлэгч К-д сарын цалинг 20 хувиар бууруулсан сахилгын арга хэмжээ авах тухай хэлэлцсэн нь Сагсай сумын Хүүхдийн цэцэрлэгийн хамт олны 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн №03 дугаартай “Хурлын протокол”-оор тус тус нотлогдож байна.

Эдгээр нотлох баримтаар хариуцагч Б аймгийн С сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 4 дүгээр  сарын 22-ны өдрийн Б\17 дугаартай “К-д сарын цалинг 20%-иар бууруулсан сахилгын шийтгэл ногдуулсан тухай” тушаал нь үндэслэлгүй гарсан болох нь нотлогдож байна.

2) Хариуцагч Б аймгийн С сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б\10 дугаартай “К-д сануулах  сахилгын шийтгэл ноогдуулсан тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх заалыг үндэслэн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 15.1.1 “б”, 15.1.2 “а”, “б”, “в”, “з” заалтуудыг болон цэцэрлэгийн хамт олны сонсох ажиллагаа явуулсан тухай 01 дүгээр сарын 16-ны өдрийн шийдвэрийг үндэслэн  (нэхэмжлэгч) К нь хуулийн мэдлэг дутмаг, захиран захирагдах ёсыг ойлгодоггүй байдлаас болж Засаг даргын болон эрхлэгчийн өрөөнд зүй бусаар харьцах, хэл амаар гүтгэж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн мөн ажлын цагаар ажлын байранд байгаагүй зэрэг зөрчил гаргасан тул сануулах арга хэмжээ авсан байна.

Энэхүү тушаалыг нэхэмжлэгч К нь гардаж аваагүй, энэ тушаалд дурсан асуудлын талаар  мэдэхгүй гэх боловч  нэхэмжлэгч К нь тухай тушаалыг гардаж авсан гэх нотлох баримт байхгүй ч гэсэн өөрт нь “сануулах арга хэмжээ авсан “гэдгийг мэдсэн болох нь доорх нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

Хавтаст хэрэгт авагдсан С сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Г-д гэсэн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/12 дугаартай “Ажлын чиглэл өгөх тухай” Б аймгийн С сумын Засаг даргын албан бичигт:...К нь хуулийн мэдлэг дутмаг, Төрийн албаны тухай хуульд дахь захирах, захирагдах ёсыг ойлгодоггүй байдлаас болж ХХААХСайд, сумын Засаг дарга, аймгийн Засаг дар нарыг буруутган утсаар элдэв янзын зүйл, мессеж бичих, албан конторт ирж зүй бусаар харьцах зэрэг зохимжгүй үйлдэл гаргаж байгаа тул байгууллагын ажилчин, албан хаагчдад Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, бусад холбогдох хууль тогтоомжоор сургалт зохион байгуулан хууль зүйн мэдлэгийг дээшлүүлэх Төрийн албан хаагчийн ёс зүйн талаар ойлголт өгч, хариу ирүүлэхийг мэдэгдье” гэж дурдсан байна.

Энэхүү албан бичгийг  хариуцагч С сумын Хүүхдийн цэцэрлэгийн хамт олны хурлаар нэхэмжлэгч К-г оролцуулан хэлэлцүүлсэн ба К-д цалинг 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №01 дугаартай “Хурлын протокол”-оор нотлогдож байна.

Улмаар К уучлалт гуйснаар хариуцагч түүний цалинг 20 хувиар бууруулах арга хэмжээ авахаар хамт олны хурлаар шийдвэрлэснийг өөрчлөн “сануулах арга хэмжээ” авсан гэдэг нь хариуцагчийн тайлбар болон  С сумын Хүүхдийн цэцэрлэгийн хамт олны 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №03 дугаартай “Хурлын протокол”-оор нотлогдож байгаа. Энэхүү хурлын протоколд “...Чамаас 1-р сард цалингийн арга хэмжээ авахаар шийдвэрлэхэд эрхлэгч сануулах өгөөд явуулсан ...“ тухай бичигдсэн ба хуралд К өөрөө оролцсон байна.

Эдгээр нотлох баримтуудаар нэхэмжлэгч К нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр сануулах  сахилгын шийтгэл ноогдуулсан гэдгээ мэдсэн мөртлөө Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасны дагуу эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор гомдлоо шүүхэд гаргаагүй буюу гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тул нэхэмжлэгчийн тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б\10 дугаартай “К-д сануулах  сахилгын шийтгэл ноогдуулсан тухай” тушаалыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд хариуцагч Б аймгийн С сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 4 дүгээр  сарын 22-ны өдрийн Б\17 дугаартай “К-д сарын цалинг 20%-иар бууруулсан сахилгын шийтгэл ногдуулсан тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож, энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг хариуцагч Б аймгийн С сумын Хүүхдийн цэцэрлэгээс гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-г баримтлан нэхэмжлэгч К-гийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж хариуцагч Б аймгийн С сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 4 дүгээр  сарын 22-ны өдрийн Б\17 дугаартай “К-д сарын цалинг 20%-иар бууруулсан сахилгын шийтгэл ногдуулсан тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б аймгийн С сумын Хүүхдийн цэцэрлэгээс 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Б.МАНГИЛИК