Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 467

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 08 өдөр                                          Дугаар 139/ШШ2019/00458                                                 Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б би Ц.Бийн нэхэмжлэлтэй Ду аймгийн С сумын   холбогдох нөхөн төлбөр 3440108  төгрөг гаргуулах тухай  139/2019/00411/И индекстэй  иргэний хэргийг хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б, хариуцагчийн төлөөлөгч С.Б, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам,   нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.Б тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: миний бие нь Дундговь аймгийн Сайхан-Овоо  сумын Мал эмнэлэгт 2016 онд мал зүйч мэргэжлээр ажиллаж байхдаа  ... 2016 оны жилийн эцсийн мал тооллогыг 1 дугээр багийн нутагт дэвсгэрт зохион байгуулах ажилд томилогдож явсан бөгөөд комиссын бүрэлдэхүүний жолооч М.Эрхэмбаатар нь авто машин жолоодож байх үедээ авто осол гаргаж Ц.Б миний биед хүнд гэмтэл  учруулсан. ...Дундговь аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын Улсын байцаагчийн 2018 оны 1 сарын 17-ны өдрийн 13-06-011/01 тоот актаар  ... 3,440,108 төгрөгийг  мал зүйч Ц.Бийн эзэмшиж байгаа дансанд 2018 оны 07 дугаар сарын 25 ны дотор оруулахыг нягтлан бодогч 3 Цэдэнруламд үүрэг болгож шийдвэрлэсэн боловч одоо болтол Б миний нөхөн төлбөрийг ... өгехгүй хохироож байгаа тул тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Дундговь аймгийн Сайхан овоо сумын Засаг даргын тамгын газраас нөхөн төлбөр болох 3,440,108 төгрөгийг гаргуулж өгнө үү   гэжээ.

Хариуцагч Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Засаг даргын тамгын газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Ц.Бийг хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан гэх эрх бүхий байгууллагын дүгнэлт байхгүй, ...тухайн үед автомашиныг жолоодож явсан гэм буруутай этгээдээс нөхөн төлбөр авч хохирлоо барагдуулсан ...аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс болон ажил олгогчийн зүгээс 2017 оны 01-05 дугаар сарын хооронд 7 удаагийн лист болох 1653920 төгрөгийг олгосон. Ц.Б нь өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргасан тул ... үүрэгт ажлаас нь  чөлөөлж 5976900 төгрөгийн тэтгэмж олгосон болно гэжээ.

 

  ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.Б нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан нөхөн төлбөр 3440108  төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.  

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Нэхэмжлэгч Ц.Б нь 2016 оны 12 сарын 08 өдөр  үйлдвэрлэлийн осолд өртсөн болох нь  талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.  /хх-ийн 5-6/

Нэхэмжлэгч тал аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын Улсын байцаагчийн 2018 оны 1 сарын 17-ны өдрийн 13-06-011/01 тоот актаар цалингийн дундаж хэмжээ болох 491444 төгрөгийг 7 сараар тооцож 3440108 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байх боловч дээр дурдсан актыг хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй,  цалингийн дундаж хэмжээг тооцох  нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д “үйлдвэрлэлийн осол....улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн төлбөрийг.... нэг ба түүнээс дээш удаа олгох”-оор заасан байна. Монгол улсын Засгийн газрын 2015 оны 01 сарын 12 өдрийн 11 дугаар тогтоолоор батлагдсан “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийн 6-р зүйлийн 6.1.1-д “иргэний хөдөлмөрийн чадвараа алдсан шалтгаан, түүний хувь хэмжээг тогтоох...”  гэж комиссын чиг үүргийг заасан байх бөгөөд нэхэмжлэгч тал хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан болохоо эрх бүхий байгууллага /эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс/-аар тогтоолгоогүй /комиссын дүгнэлт огт гараагүй/ болох нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад талуудын гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Хэргийн 4, 24-44, 51 хуудсуудад авагдсан баримтууд нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, 7-11, 52-56 хуудсуудад авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хариуцагч Ду  аймгийн С сумын Засаг даргын тамгын газарт холбогдох нөхөн төлбөр 3440108 /гурван сая дөрвөн зуун дөчин мянга нэг зуун найман төгрөг/ гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Б /РД:ЗЮ /-ийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 , 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.Б