| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00478/И |
| Дугаар | 469 |
| Огноо | 2019-11-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 469
2019 оны 11 сарын 11 өдөр Дугаар 139/ШШ2019/00448 Дундговь аймаг
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Д аймгийн Са сумын 2-р баг, Тэвш гэх газар оршин суух, Т овогт Дсүрэнгийн Э /РД:ЗК /-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 139/2019/00478/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .. миний бие 1964 онд төрсөн. .. Улсад 20 гаруй жил ажилласан юм. Үүнээс 1980 оны 1 сараас 1985 оны 5 сар хүртэл, ... 1988 оны 6 сарын 11-ний өдрөөс 1992 оны 7 сарын 30-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчнаар малчнаар ажилласан. Хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч нөхөн бичилттэй байх тул 1980 оны 1 сарын 01 өдрөөс 1985 оны 5 сарын 30 хүртэл, 1988 оны 6 сарын 11-ний өдрөөс 1992 оны 7 сарын 31-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Мөн цэргийн алба хаасан лавлагааны овог зөрүүтэй байх тул 05/1746 дугаартай лавлагааны жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Э нь ажиллаж байсан байдлаа, архивын лавлагааны жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Д.Эд хамаарах 1980 оны 1 сарын 01 өдрөөс 1985 оны 5 сарын 30 хүртэл, 1988 оны 6 сарын 11-ний өдрөөс 1992 оны 7 сарын 31-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаарх баримт архивт хадгалагдаагүй байх тул нэхэмжлэлийг шүүхээр хянан үийдвэрлэх нь зүйтэй байна. /хэргийн 5-р хуудас/
Нэхэмжлэгч Д.Э нь 1980 оны 1 сарын 01 өдрөөс 1985 оны 5 сарын 30 хүртэл, 1988 оны 6 сарын 11-ний өдрөөс 1992 оны 7 сарын 31-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2019 оны 04 сарын 17 өдрийн 05/1746 дугаартай лавлагааны жинхэнэ эзэмшигч мөн болох нь :
-ЗК64091819 регистрийн дугаартай Т ургийн овогт Дсүрэнгийн Э гэх бүртгэл бүхий МУ-н иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 02 хуудас/
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 05 сарын 29-ний өдрийн 08/344 дугаартай “ Сайнцагаан сумын Мандах нэгдэл, Мандах ББХКомпани”-ийн талаарх тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/
-Д.Эд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлээс 1984 оны 8 сарын 15-ны өдөр олгосон, 1984-1990 онуудад хамаарах ажилласан хоног, авсан хөлсний бичилт бүхий; Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлээс 1993 оны 02 сарын 12-ны өдөр олгосон, 1991-1992 онуудад хамаарах ажилласан хоног, олгосон урьдчилгааны бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар /хэргийн 9-13 хуудас/
-Гэрч Д.Да-ны “ Д.Э нь бага ангиасаа сургуулиас гарч хойд аав Ням ээж Дсүрэн нартай мал маллаж байгаад нэгдэлд аав ээжийнхээ хамт туслах малчнаар 16 наснаасаа илгээлтээр гарч Сайнцагаан сумын Мандах нэгдлийн Наран бригадад мал маллаж байгаад цэрэгт явж байсан. Цэргээс халагдаж ирснээс хойш Мандах нэгдэл хувьчлал тарах хүртэл тасралтгүй бага мал маллаж байсан гэдгийг нь сайн мэднэ. Би Мандах нэгдлийн Наран бригадад тоо бүртгэгчээр ажиллаж Эы аав Нямынхаар орж гардаг байсан учраас сайн мэдэж байна. ... Э нь ээж Дсүрэнгээр овоглосон. Эыг зарим нь хойд аав Нямаар овоглож ярьдаг байсан. Дсүрэн, Ням нар нь одоо энх тунх амьдарч байгаа байх. ... Э нь 21 настай байхдаа цэрэгт явж байсан. Э 1985 оноос 1988 оны хооронд цэрэгт явсан байх ёстой. Ямар шалтгаантай сүүлд явсныг нь мэдэхгүй гэх мэдүүлэг /хэргийн 19-р хуудас/
-Гэрч П.Ма-ийн “ Дсүрэнгийн Э нь аав Ням ээж Дсүрэн нартай 16 наснаасаа илгээлтээр гарч Сайнцагаан сумын Мандах нэгдлийн Наран бригадад мал маллаж байгаад цэрэгт явж байсан санагдаж байна. Цэргээс халагдаж ирснээс хойш Мандах нэгдэл хувьчлал тарах хүртэл тасралтгүй бага мал маллаж байсан гэдгийг нь сайн мэднэ. Би Мандах нэгдлийн Наран бригадад насаараа малласан. Эы аав Нямынхтай айл саахалт байдаг байсан учраас мэдэж байна. ... Э ээж Дсүрэнгээр овоглосон. Эыг төрснөөс хойш Дсүрэнтэй Ням гэж хүн суусан. Тэгээд Эыг зарим нь хойд аав Нямаар овоглож ярьдаг байсан. Дсүрэн, Ням нар нь одоо энх тунх амьдарч байгаа байх. ...” гэх мэдүүлэг /хэргийн 24-р хуудас/
-Д.Ба-ийн “Д.Э нь бага байхаасаа ээжтэйгээ мал маллаж эхэлсэн. Аав Ням, ээж Дсүрэн нартай 16 наснаасаа илгээлтээр Сайнцагаан сумын Мандах нэгдлийн Наран бригадад төллөх мал маллаж байсан. Э нь сүүлд цэрэгт явж байсан. Цэргээс халагдаж ирснээс хойш Мандах нэгдэл хувьчлал тарах хүртэл тасралтгүй бага мал маллаж байсан гэдгийг нь сайн мэднэ. Би Мандах нэгдлийн Наран бригадад насаараа мал малласан. Эыхтай айл саахалт байдаг байсан учраас малчин байсан талаар нь мэдэж байна. ... Э ээж Дсүрэнтэй амьдардаг байсан. Манай сумын нэгдэлд тэмээ маллаж байсан Ням гэж хүнтэй амьдрах болсоноос манай нэгдлийн хүмүүс Нямаар овоглож ярьдаг байсан байх. Тэгээд Эыг зарим нь хойд аав Нямаар овоглож ярьдаг байсан. ...” гэх мэдүүлэг /хэргийн 26 –р хуудас/ зэргээр шууд байдлаар,
-П.М-д Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлээс 1981 оны 05 сарын 20 өдөр олгосон, 1981-1990 онуудад хамаарах ажилласан хоног, авсан хөлсний бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 20-22 хуудас/
-Д.Да-нд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлээс 1977 оны 4 сарын 05-ны өдөр олгосон 642051 дугаартай, 1977 оны 07 сарын 05-аас 1993 оны 11 сарын 30 хүртэл Сайнцагаан сумын Наран, Үйзэн бригадын тоо бүртгэгч, Далай бригадын түрээс хэсгийн зохион байгуулагчаар томилсон чөлөөлсөн тушаалын бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 23-р хуудас/ зэрэг баримтаар дам байдлаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 140400 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т овогт Дсүрэнгийн Э /ЗК /-г 1980 оны 1 сарын 01-ний өдрөөс 1985 оны 5 сарын 30-ны өдрийг хүртэл, 1988 оны 6 сарын 11-ний өдрөөс 1992 оны 7 сарын 31-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2019 оны 04 сарын 17 өдрийн 05/1746 дугаартай архивын лавлагааны жинхэнэ эзэмшигчээр Т овогт Дсүрэнгийн Э /ЗК / мөн болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Эы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б