Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2025/0476

 

М******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч А.Сарангэрэл

Илтгэгч: шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Э*******

Нэхэмжлэгч: М******* ХХК

Хариуцагч: Боловсролын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: Боловсролын сайдын 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/06 дугаар тушаал, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/250 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2025/0223 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Э*******

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т Г.Л

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, Д.С, Х.О, Х.Э, Б.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Цэрэндаваа

Хэргийн индекс: 128/2024/0983/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч М******* ХХК-иас Боловсролын сайдад холбогдуулан Боловсролын сайдын 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/06 дугаар тушаал, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/250 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах-аар маргасан.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2025/0223 дугаар шийдвэрийн:

1 дэх заалтаар Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.5, 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалт, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, 10.10 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 112, 11.6 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч М******* ХХК-иас Боловсролын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Боловсролын сайдын 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/06 дугаар Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах, сурах бичгийн эх зохиох, хянах багийн бүрэлдэхүүн батлах тухай тушаалын 1 дэх заалтын сурах бичгийн эх зохиох, ... сурах бичгийг гэсэн хэсгийг хүчингүй болгож,

2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалт, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Боловсролын сайдын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/250 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч М******* ХХК-ийн захирал Р.Э******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1....Үндэслэх хэсгийн 19 дэх хэсэгт А/06 дугаар тушаалын 1 дэх заалтаас үзэхэд энэхүү багийн бүрэлдэхүүн нь нэгдүгээрт сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулах, хянах, хоёрдугаарт сурах бичгийн эх зохиох, хянах гэсэн хоёр үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх агуулгатай байх бөгөөд шүүх хариуцагч Боловсролын сайд нэг дэх чиг үүргийн хүрээнд багийн бүрэлдэхүүн баталсныг хууль зөрчөөгүй,

Үндэслэх хэсгийн 22 дэх хэсэгт маргаан бүхий тушаалаар байгуулагдсан багийн бүрэлдэхүүн сурах бичгийн эх зохиох, хянах чиг үүрэгтэй байгуулагдсан гэж дүгнэх үндэстэй гэж үзсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үеэр маргаан бүхий тушаалын хүрээнд сурах бичиг биш дасгал ажлын дэвтэр л хийсэн гэх тайлбарыг өгсөнГэвч хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтын сургалтын хөтөлбөр, сурах бичгийн эх зохиох ажлын ерөнхий зураглал-ын сургалтын орчин, сургалтын хэрэглэгдэхүүнд дасгал ажлын дэвтэр хамаарч байна. Ийнхүү нотлох баримтад авагдсан баримтаар анхнаасаа сурах бичиг хийх зорилгоор багийн бүрэлдэхүүн баталж, сургалтын хэрэглэгдэхүүн хийсэн нь тодорхой харагдах бөгөөд энэ хугацаанд сургалтын хөтөлбөр нь батлагдаж гараагүй хэвээр байсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үеэр тус тушаалын хүрээнд сурах бичиг зохиох ажил хийгээгүй бөгөөд хөтөлбөр боловсруулах багийг л баталсан, мөн энэ хугацаанд дасгал ажлын дэвтэр хийсэн гэж маргасан. Гэтэл нотлох баримтад авагдсан баримтаар анхнаасаа сурах бичиг хийх зорилгоор баталсан баг гэдэг нь тодорхой харагдана.

Маргаан бүхий тушаалын хавсралтаар багийг үндсэн 4 хэсэгт хувааж, нийт 254 хүний бүрэлдэхүүн баталсан байдаг. Үүнд:

1Удирдлага зохион байгуулалтын баг (14 хүнтэй)

2. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр боловсруулах баг (42 хүнтэй)

3. Бага боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичиг боловсруулах баг (157 хүнтэй)

4. Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичгийг хянах баг (41 хүнтэй)

3-т дурдсан Бага боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичиг боловсруулах баг гэдэгт хичээл хичээлээр нь тусад нь нийт 157 хүнийг баталсан байдаг. Гэвч тус 157 хүний хэн нь хөтөлбөр боловсруулах, хэн нь сурах бичиг хийх нь тодорхой бус буюу дотроо холилдсон, тус тушаалын хүрээнд хэдэн хувьд нь хөтөлбөр боловсруулж, хэдэн хувьд нь сурах бичиг зохиох ажил хийсэн нь тодорхой бус, одоогийн байдлаар хөтөлбөр батлагдсан эсэх нь ч мөн тодорхойгүй байгаа тул ялгаж салгаж ойлгох боломжгүй нөхцөл байдал харагдаж байна.

Мөн түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг ханган шийдвэрлэж, 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн рүү дараах нотлох баримтыг гаргуулахаар албан тоот хүргүүлсэн байдаг. Үүнд:

...тушаалыг батлахдаа сургалтын хөтөлбөрийн төслийг боловсруулах ажилд багш, эрдэмтэн, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, мэргэжлийн холбооны төлөөллөөс санал авах хуулийн заалтыг хэрхэн хэрэгжүүлсэн талаарх баримт,

...тушаалын хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийн төлөвлөгөө, хурлын тэмдэглэлсанал, дүгнэлт, тайлан:

Ажлын хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 29 дүгээр зүйлд заасан оролцогчийг сонсох ажиллагаа хэрхэн хийгдсэн, оролцогчоос ирсэн тайлбар, санал, шийдвэрийг хөтөлсөн хувийн хэрэг зэрэг болно.

Гэвч Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн хэрэгт ач холбогдол бүхий тушаалын хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийн төлөвлөгөө, хурлын тэмдэглэл, санал, дүгнэлт, тайланг ирүүлээгүй бөгөөд өмнө нь гаргаж өгсөн тушаал, шийдвэр зэрэг ач холбогдол багатай баримтуудыг шүүхэд хүргүүлсэн байдаг.

Тус тус нотлох баримтыг ирүүлээгүй тул маргаан бүхий А/06 дугаар тушаалтай холбоотойгоор ямар ямар зардал гарсан, одоог хүртэл сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын хүрээнд ямар ямар ажил хийгдсэн, зэрэг үйл баримт тогтоогдох боломжгүй байсан.

Бид анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ маргаан бүхий А/06 дугаар тушаалыг үндэслэн 844.440.000 төгрөгийн тендер зарлаж вакумжиж ажилласан талаар дурдсан. Хэрэв хөтөлбөр боловсруулсан хэсэг нь хуульд нийцсэн, сурах бичиг зохиох ажил хийсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол тус Вакумжиж ажилласан зардлыг мөн тус тус ажилд хуваарилж, хэдэн төгрөг хууль ёсоор зарцуулагдсан, хэдэн төгрөг хууль бусаар зарцуулагдсан талаар төлөвлөгөө, тайлан байх шаардлагатай. Тус зардал нь зөвхөн мэдэгдэж байгаа зардал бөгөөд маргаан бүхий А/06 дугаар тушаалаар нийт хэчнээн төгрөгийн зардал гарсан нь тодорхойгүй байна.

Маргаан бүхий захиргааны шийдвэр нь хууль тогтоомжийн шаардлагад бүрэн нийцээгүй, баг бүрэлдэхүүнийг хэлбэрийн төдий сонгон шалгаруулсан, улмаар багийн гүйцэтгэж байгаа үйл ажиллагаа нь хуульд заасан дүрэм журамгүйгээр явагдсан, төсвийн төлөвлөлт, зарцуулалт нь бодитой бус, хяналт сул, одоог хүртэл хийсэн ажлын тайлан нь байхгүй, тушаалын хавсралтаар баталсан багийн бүрэлдэхүүнийг ялгаж салгаж ойлгох боломжгүй нөхцөл байдалтай, нотлох баримтыг бүрэн гаргаж өгөөгүй байхад шүүх захиргааны актын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Захиргааны хэргийн шүүх нь захиргааны акт үндэслэл бүхий эсэхэд дүгнэлт өгөхдөө хоёрдмол утгагүй, ойлгомжтой шийдвэр гарах ёстой байтал албан тушаалтан өөрсдийн үзэмжээр тайлбарлан хэрэгжүүлэх боломжийг олгож, шүүх өөрөө захиргааны актыг тайлбарласан нь шүүхийн үндсэн зорилго, чиг үүрэгт нийцэхгүй гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2025/0223 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангав.

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2025 оны 2 дугаар сарын 06-ны өдөр гаргасан Нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийн 1, 2, 4, 5 дахь хэсэгт заасныг мөн өдрийн шүүгчийн 994 дүгээр захирамжаар хангаж шийдвэрлэсэн атлаа хэрэгт хамааралтай нотлох баримтыг цуглуулах ажиллагааг бүрэн хийгээгүй байна.

Тухайлбал нотлох баримт гаргуулах хүсэлтийн:

-ерөнхий боловсролын сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх журам батлагдсан эсэх,

-маргаан бүхий Боловсролын сайдын 2024 оны А/06, А/250 дугаар тушаалуудыг батлахдаа сургалтын хөтөлбөрийн төслийг боловсруулах ажилд багш, эрдэмтэн, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, мэргэжлийн холбооны төлөөллөөс санал авах хуулийн заалтыг хэрхэн хэрэгжүүлсэн талаарх баримт,

-маргаан бүхий захиргааны актуудын хүрээнд байгуулагдсан Ажлын хэсэг-ийн төлөвлөгөө, хурлын тэмдэглэл, санал, дүгнэлт, тайлан,

-Ажлын хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 29 дүгээр зүйлд заасан оролцогчийг сонсох ажиллагаа хэрхэн хийгдсэн, оролцогчдоос ирсэн тайлбар, санал, шийдвэрийн хөтөлсөн хувийн хэрэг-ийг тус тус нотлох баримтаар гаргуулах нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн, 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 01/132511-ний өдрийн 01/2020 дугаар албан бичгээр эдгээр баримтуудыг шаардахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баярмаагаас ...Хууль зүй, дотоод хэргийн яамнаас тус журмыг нэгдсэн бүртгэлд бүртгэсэн эсэх талаар хариу ирүүлээгүй..., ...яамны харьяа Боловсролын судалгааны Үндэсний хүрээлэнгээс гаргуулан авна уу гэх хариу ирүүлсэний дагуу 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 01/2214 дүгээр албан бичгээр тус хүрээлэнгээс сурах бичгийн эх зохиохтой холбоотой дээрх баримтыг тус тус шаардсан байна.

Гэтэл Боловсролын судалгааны Үндэсний хүрээлэнгийн 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 92 дугаар Нотлох баримт хүргүүлэх тухай албан бичгээр 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаар сургалтын хөтөлбөрийн төлөвлөлтийн асуудал хэлэлцсэн хурлын тэмдэглэл, мөн Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр боловсруулах явц хэлэлцүүлэгт зориулсан танилцуулга, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр боловсруулах, сурах бичгийн эх зохиох ажлын төлөвлөлт, явц төлөвлөлт-ийг нотлох баримтаар ирүүлсэн, харин бусад хэрэгт хамааралтай гэж үзсэн төлөөллөөс санал авах хуулийн заалтыг хэрхэн хэрэгжүүлсэн талаар, ажлын хэсгийн төлөвлөгөө, санал, дүгнэлт, тайлан, ажлын хэсгээс оролцогчийг сонсох ажиллагаа хэрхэн хийгдсэн талаарх баримт-ыг бүрэн ирүүлээгүй байхад энэ талаарх баримт байгаа эсэхийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчилд тооцогдоно.

Маргаан бүхий Боловсролын сайдын 2024 оны А/06 дугаар тушаалаар сургуулийн өмнөх болон бага боловсролын ...сурах бичгийн эх зохиох, сургалтын хөтөлбөр, сурах бичгийг хянах багийн бүрэлдэхүүнийг баталсан энэ тохиолдолд нэхэмжлэлийн болон давж заалдах гомдлын гол үндэслэл болсон сургалтын хөтөлбөр боловсруулах болон сурах бичгийг хянах, эх зохиох ажиллагаа хэрхэн явагдсан болохыг нэг мөр тогтоох шаардлагатай, гэвч шийдвэрт хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой баримтыг бүрэн цуглуулалгүйгээр маргааныг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэнгүй.

2.Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Боловсролын сайдын 2024 оны А/06 дугаар тушаалаар сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах, сурах бичгийн эх зохиох, хянах багийн бүрэлдэхүүнийг баталсан, мөн А/250 дугаар тушаалаар дээрх тушаалд буюу багийн бүрэлдэхүүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан байхад шийдвэрт зөвхөн А/06 дугаар тушаалыг захиргааны акт гэж дүгнэж, харин А/250 дугаар тушаалыг тусдаа эрх зүйн үр дагавар үүсгэсэн захиргааны акт биш гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл дээрх тушаалын аль алинаар нь багийн бүрэлдэхүүнийг л баталсанаас бус сурах бичгийн эхийг батлаагүй байна.

Түүнчлэн маргаан бүхий тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй талаар огт дүгнэлт хийсэнгүй.

Нэхэмжлэлийн үндэслэл, шүүхэд гаргасан тайлбар зэргээс үзэхэд компанийн эрх ашгаас илүүтэй ирээдүйн хүүхдүүдийн сурч боловсрох эрхийн талаар, мөн сурах бичгийн эх зохиох, санал авах, дүгнэлт гаргуулах үйл ажиллагааны журмаа батлаагүй байхад ажлын хэсгийг баталж байгаа нь хууль зөрчсөн, өөрөөр хэлбэл ямар ч дүрэм, журамгүйгээр, ойлгомжгүй, тодорхойгүй, чиг баримжаагүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа гэх зэргээр маргаж байх тул холбогдох тушаалын улмаас нэхэмжлэгч компанийн чухам ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн болохыг нэхэмжлэгчээс тодруулах, мөн шийдвэрт энэ талаар зайлшгүй дүгнэлт өгөх шаардлагатай.

Шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас ч маргаан бүхий тушаалууд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, чухам юуны тухай маргаад байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлүүд хоорондоо уялдахгүй гэх зэргээр хариу татгалзалаа илэрхийлсэн болохыг ч шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгасан байгааг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2025/0223 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

 

ШҮҮГЧ   А.САРАНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН