Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 05

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны "В" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг

Улсын яллагч С.Ариунаа

Хохирогчийн өмгөөлөгч А.Мэндсайхан

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Хохирогч Д.Энхтайван

Шүүгдэгч Т.Тэмүүжин нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чимчигэд овогт Төмөрсүхийн Тэмүүжинд холбогдох эрүүгийн 201611000440 дугаартай хэргийг 2016 оны 12 сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Гурванзагал суманд 1995 оны 6 сарын 20-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, газрын тосны оператор мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, 6 сартай хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 12-27 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Чимчигэд овогт Төмөрсүхийн Тэмүүжин /РД:ЖД95062016/

Шүүгдэгч Т.Тэмүүжин нь 2016 оны 10 сарын 05-ны өдөр 14 цагийн орчим Дорнод аймгийн Матад сумын 3 дугаар багийн нутаг "Зэрэглээт бүрд" ХХК-ийн Хүнсний дэлгүүрийн таамбарт иргэн Д.Энхтайвантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь цохиж бие мах бодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Тэмүүжин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Д.Энхтайван шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 10 сарын 05-ны өдөр цалин буусан. Бид нар 12 цагт эргэж цуглахаар болоод салцгаасан бөгөөд эргэж цуглах үед би архи авч уугаад их согтсон байсан. Яг юу болсныг би сайн мэдэхгүй байгаа юм. Нэг мэдэхэд эмнэлэг дээр  ирчихсэн, хажууд Тэмүүжин байж байсан.Тухайн үед ам ангайхгүй, зүүн шанаа хавдаад амнаас цус гарсан байсан.  Дараа нь Тэмүүжин би чамайг 2 алгадсан гэж хэлсэн. Би өөрөө мөнгөтэй байсан тул Тэмүүжингээс архи нэхээгүй байх гэж бодож байна. Тухайн үед хүн цохихоор тэнхээгүй байсан. Гэнэт тас няс гээд явчихсан. Тэмүүжин эмчилгээнд 2 сая төгрөг бэлнээр өгсөн. Одоо нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Гэхдээ удахгүй хот руу явж хадаасаа авахуулах ёстой байгаа. Тэр үед хохирол гарах байх гэж бодож байна гэв.

-Бичгийн нотлох баримт:

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 10 сарын 03-ны өдрийн 14004 тоот актын дүгнэлтэд: 1."Энхтайваны биед эрүү ясны зүүн булан болон ооч хэсгийн хоёрлосон хугарал, хагалгаа хийгдсэн байдал, нүүрний зүүн талын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Уг гэмтэл тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой" гэжээ. /хх-ийн 35/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 871 тоот актын дүгнэлтийн хэсэгт: 1.Энхтайваны биед эрүү ясны зүүн булан болон ооч хэсгийн хоёрлосон хугарал, хагалгаа хийгдсэн байдал, нүүрний зүүн талын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2 Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Уг гэмтэл тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой гэжээ. /хх-ийн 39/

-Хохирогч Д.Энхтайваны мэдүүлэг /хх-ийн 14-15/

-Гэрч Н.Жаргалын мэдүүлэг /хх-ийн 18/

-Гэрч Д.Сүрэнболдын мэдүүлэг /хх-ийн 19/

-Гэрч Х.Түвшинтөгсийн мэдүүлэг /хх-ийн 20/

-Гэрч Т.Батцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 24/

-Гэрч Э.Нямбатын мэдүүлэг /хх-ийн 26/

-Шүүгдэгч Т.Тэмүүжингийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 59/

-Шүүгдэгч Т.Тэмүүжингийн мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбарууд /хх-ийн 63-64/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 70/ зэрэг болно.

Шүүгдэгч Т.Тэмүүжин нь 2016 оны 10 сарын 05-ны өдөр 14 цагийн орчим Дорнод аймгийн Матад сумын 3 дугаар багийн нутаг "Зэрэглээт бүрд" ХХК-ийн Хүнсний дэлгүүрийн таамбарт хохирогч Д.Энхтайвантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Тэмүүжингийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Энхтайван, гэрч Н.Жаргал, Д.Сүрэнболд, Х.Түвшинтөгс нарын мөдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 10 сарын 03-ны өдрийн 14004 тоот дүгнэлт, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 871 тоот дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Тэмүүжинд холбогдох хэрэгт прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Т.Тэмүүжинг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Хохирогч Д.Энхтайван нь мөрдөн байцаалтын шатанд гэм хорын хохиролд нийт 1590400 төгрөгийг нэхэмжилсэн байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд  хохирогчийн зүгээс мөрдөн байцаагчийн шатанд гаргаж өгсөн эмчилгээний зардлын баримтуудыг нэг бүрчлэн бодож тооцож үзэхэд 281994 төгрөгийн  баримт болж байх бөгөөд бусад хохирлын баримтыг гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч нь хохирогчид бэлнээр 2000000 /хоёр сая/ төгрөгийг өгсөн байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй, цаашид эрүүний ясыг хадуулсан хадаасыг авахуулах зардлыг иргэний журмаар тусад нь гаргуулна гэж байх тул шүүгдэгчийг энэ эрүүгийн хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэстэй ба харин хохирогч нь цаашид гарах хохирлын бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст иргэний журмаар гаргуулах эрхтэй болохыг түүнд мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Тэмүүжин нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдан болон битүүмжлэгдэн ирээгүй болохыг шийтгэх тогтоолд дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Т.Тэмүүжингийн ЖД95062016 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олговол зохино.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1..Шүүгдэгч Чимчигэд овогт Төмөрсүхийн Тэмүүжинг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Төмөрсүхийн Тэмүүжинг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Т.Тэмүүжинд оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Тэмүүжинд оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, мөн зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэн ирээгүй бөгөөд ялтан нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид 2000000 /хоёр сая/ төгрөг өгсөн, одоогоор нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн түүний ЖД95062016 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуупбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.

Харин хохирогч нь цаашид гарах хохирлын зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Т.Тэмүүжинд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг 2017 оны 1 сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Б.ЭНХБААТАР