Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2022/00084

 

“Г К П ББСБ” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 158 дугаар шийдвэр,

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар магадлалтай,

 

Г К П ББСБ ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй

  Н.Г т холбогдох

 

61,658,853 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тогтохсүрэнгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 158 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус зааснаар хариуцагч Н.Гээс үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 61 658 853төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г К П ББСБ ГХОХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох хариуцагч Н.Гийн өмчлөлийн Дархан-Уул аймаг Дархан сум, 15-р баг, Мангирт 1 дүгээр хэсэг гудамж, 4в тоот, 1066 м.кв, Г-0000000000эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Дархан-Уул аймаг Дархан сум, 15-р баг, Мангирт 1 дүгээр хэсэг гудамж, 4в тоот, 158,5 м.кв талбайтай, Ү-0000000000эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймаг Дархан сум, 15-р баг, Мангирт 2 дугаар хэсэг гудамж, 4 тоот, 36 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн, автомашины гарааш, засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх-445 дугаар нээлттэй хорих ангид даалгаж шийдвэрлэжээ.

 

2. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 158 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тогтохсүрэн хяналтын гомдолдоо: 1. 2018.04.17-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2019.04.17-ны өдөр дуусгавар болсон. Гэвч зээлдүүлэгч тал болох “Г К П ББСБГХОХХК нь зээлдүүлэгчийг төлбөрийн чадваргүй болсныг мэдсэн атлаа гэрээ цуцлаж ямар нэгэн арга хэмжээ аваагүй, эсхүл тэр даруй маргааныг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаагүй мөртлөө гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс хойш хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж нэгтгэж хуримтлуулсаар 2020 он хүргэж уг асуудлаар шүүхэд хандсан нь зээлдүүлэгч тал нь өөртөө давуу байдлыг бий болгож байна. Зээлдэгч гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш хүү тооцох зорилгоор 5, 6 сарын турш хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж улмаар нэмэгдүүлсэн хүүг 2,204,430 төгрөг болтол нэмсэн байх тул уг нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2.Зээлийн хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасны дагуу зээлийн хүүг багасгаж давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсэг болох нэмэгдүүлсэн хүү 2,204,430 төгрөгийг хасаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

5. Нэхэмжлэгч Г К П ББСБ ГХОХХК нь хариуцагч Н.Гт холбогдуулан зээлийн үүрэгт 61,658,853 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, хариуцагч нэхэмжлэлд хариу тайлбар гаргаагүй, нотлох баримт ирүүлээгүй байна.

 

6. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй.

 

7. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон талуудын байгуулсан 2018.04.17-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр, хариуцагчийн биелүүлэх үүргийн хэмжээ, нэхэмжлэлийн шаардах эрх зэрэг эрх зүйн асуудлаар хоёр шатны шүүх хийвэл зохих дүгнэлтийг хийсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 166 дугаар зүйлийн 166.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

8. Хариуцагч талын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Учир нь банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд  мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсэн бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээнэ. Хариуцагч 2018.04.17-ны өдрийн гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй нөхцөлөөр зээлж авсан ба 13,754,100 төгрөгийг төлсөн боловч үүргээ бүрэн биелүүлээгүй, гэрээний хугацаа 2019.04.17-ны өдөр дууссан, хариуцагч нь 2019.12.18-ны байдлаар үндсэн зээл 44,444,000 төгрөг, гэрээний хугацааны болон хэтэрсэн хугацааны хүү 14,984,923 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,204,430 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар буюу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг багасгах талаар тайлбар гаргаж мэтгэлцээгүй тул шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд маргааныг шийдвэрлэсэн, “шүүхэд мэтгэлцээгүй асуудлаар”  хяналтын гомдол гаргасныг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 158 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 50,220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                       Х.ЭРДЭНЭСУВД

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                    Г.АЛТАНЧИМЭГ

                        ШҮҮГЧИД                                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                                П.ЗОЛЗАЯА

                                                                                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ