| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2023/0160/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/166 |
| Огноо | 2023-05-01 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0160/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,
Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Т.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт*******ын*******ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2318000890213 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* овогт*******ын******* /РД:******* / ,******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой,*******, мэргэжилтэй,******* ХХК-ийн******* ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч *******ыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 20-ноос 24-ний өдрийг хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан суманд 300 шил акцгүй вискиг 1 шилийг нь 90,000 төгрөгөөр 7-10 хоногийн хугацаанд зарж өгч чадна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэнгаас Jemison нэртэй 300 шил вискиг шилжүүлэн авч 16,800,000 төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын мэдүүлсэн “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөөрч байна.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт хэвээрээ байгаа. Би хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлсөн. Мөн улсын яллагчтай ял тохирсон.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2318000890213 дугаартай хэргээс:
Эд зүйл хураан авсан тухай “...Хохирол төлсөн 31 хуудас баримтыг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 12 цаг 39 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9, 10-40 дэх тал/,
Эд зүйл хүлээн авсан тухай “...Дарь финанс банк бус санхүүгийн байгууллагын зээлийн гэрээ 9 хуудас, дансны хуулга 3 хуудас, дугаарын гар утас руу мессеж бичсэн мессежний хуулбар 2 хуудас баримтыг 2023 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн 17 цаг 50 минутад хүлээн авч тэмдэглэл, үйлдэв.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 41, 42-56 дэх тал/,
Хохирогчгийн мөрдөн байцаалтад 2023 оны 01 дүгээр сарын 19, 03 дугаар сарын 14-ний өдөр тус тус мэдүүлсэн “...Би 2022 оны 07 дугаар сарын 20-ны орой 20 цагийн үед ********** байгууллагын гишүүн ******* гэх залуутай дугаарын утас руу нь холбогдож виски зарах хэрэгтэй байна. Дарханд виски авах боломжтой хүн байна уу гэхэд тэр хэр хэмжээний виски байгаа вэ, хэр хугацаанд зарах вэ гээд надаас асуухаар нь болж өгвөл 7-10 хоногт л зарчихмаар байна гээд хэлсэн чинь******* надад хандан би наад вискиг чинь аваад Дарханд зарчихъя гээд хэлсэн ба******* надад хэлэхдээ 7-10 хоногт зараад мөнгийг нь өгье гэж хэлсэн. Би тэр үед за тэгье гэж хэлсэн. Гэтэл******* тэр өдрийнхөө орой 22 цагт эргэж залгаад яг хэр их байгаа юм бэ. Би Эрдэнэт рүү бас явуулаад зарж болох юм байна. Би хоёр найзтайгаа ярьлаа гээд залгасан. Тэгээд би 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу тендерийн машинд 300 шил виски хийгээд******* руу явуулсан бөгөөд******* 2022 оны 07 дугаар сарын 21-ний орой 21 цагт над руу залгаад би вискинүүдээ хүлээгээд авчихлаа гээд над руу чатаар хүлээж авсан зураг явуулсан. Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс хойш 6 сарын хугацаанд өнөөдөр явууллаа, маргааш мөнгийг нь явууллаа гэсээр байгаад өнөөдрийг хүртэл надаас авсан вискинийхээ мөнгийг надад өгөөгүй. Би хүнээс сонссон чинь надаас авсан вискиний мөнгөөрөө Дарханд лоунж түрээслээд ажиллуулж байгаа гэж сонссон. Өмнө нь нэг байгууллагад нэг баг болж ажиллаж байх хугацаандаа олж авсан итгэл дээр дөрөөлөн надаас 7-10 хоногийн хугацаанд зараад мөнгийг нь өгнө гэж тохиролцон 27 сая төгрөгийн виски авсан, өнөөдрийг хүртэл надад мөнгөө өгөхгүй намайг хохироож байгаад би гомдол гаргаж цагдаагийн байгууллагаар шалгуулж байна. Би тухайн үед банк бус санхүүгийн байгууллагаас сарын 3,5 хувийн хүүтэй зээл авч тухайн вискиний мөнгийг төлсөн. Тийм болохоор би тэр вискиний мөнгө болон зээлийн хүү болох нийт 32,670,000 төгрөгөө нэхэмжилж байна. ...Би тухайн үед виски зардаг гэх дугаарын овогтой *********** гэх хүнтэй утсаар ярьж байгаад авч байсан. Миний авсан виски акцгүй байсан. Надад хэлэхдээ татваргүй барааны дэлгүүрээс бага багаар нь худалдан авч цуглуулж байгаад зарж байгаа гэж хэлсэн. Би виски авсанээс энэ вискинүүдийг чинь зарах гэхээр акцгүй бол зарж болохгүй юм шиг байна гэж хэлэх үед надад татварын акц өгнө гэж хэлээд 70 ширхэг акц өгснийг би*******д тухайн үед өгч байсан. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дахь тал/,
Хохирогчгийн “ ...хохирол бүрэн төлөгдсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 123 дахь тал/,
Гэрчн мөрдөн байцаалтад 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн “...2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр******* надтай утсаар яриад мөнгөний хэрэг гараад байна. Оронд нь надаас 50 шил Жемисон гээд виски байна, танайд хэрэгтэй юу зах зээлийн үнээр өгнө гэж хэлээд гуйсан. Би тухайн үед*******ыг таньдаг болохоор 50 шил вискиг 1 шилийг нь 80,000 төгрөгөөр бодож худалдаж авсан ба тухайн виски нь акц дагалдуулж өгсөн ч гэсэн би болгоомжлоод өөрийн хэрэгцээндээ хэрэглэсэн ба зарим нэгийг нь найз нөхөд болон хамаатнууддаа тараад өгөөд дууссан. Би тухайн үед авсан вискинийхээ мөнгийг нягтлангаар дамжуулаад*******д 4 сая төгрөг өгсөн. Сүүлд 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн цогцолборынхоо 2 давхрын кафег *******д түрээслүүлсэн бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд сарын 5 сая төгрөгөөр бодож түрээслүүлж байсан.******* нь түрээсийн төлбөрөө хоёр сарын хугацаанд өгч чадаагүй тул би*******д цаашид дахин түрээслүүлэх боломжгүй гэдгээ хэлээд түрээсийн гэрээгээ цуцалсан бөгөөд******* нь манай байгууллагад нийт 27 сая төгрөгийн өртэй үлдсэн. Тэр үед*******ын ажиллуулж байсан кафе дотор байсан эд зүйлийг нь битүүмжилсэн бөгөөд шүүхэд гомдол гаргаад 27 сая төгрөгөө нэхэмжилсэн. Тэгээд эвлэрүүлэн зуучлахаар тохиролцож тухайн эд хөрөнгийг нь шүүх үнэлээд 21 сая орчим төгрөгийг нь хассан бөгөөд үлдэгдэл 6 сая төгрөгийг нь 2023 оны 1, 2 дугаар сард багтаан төлөхөөр байсан. 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр*******аас өөрийн обьектыг хүлээж аваад байсан эд зүйлийг нь битүүмжлэх үед Жемисон гээд виски байгаагүй. 2022 оны 10, 11 сард би*******ын ажиллуулж байсан кафег шалгаагүй бөгөөд Жемисон вискигээ зарсан эсэхийг мэдэхгүй. Гэхдээ би тухайн үед*******д акцгүй виски зарж болохгүй шүү. Би хариуцлагыг нь хүлээдэг юм аа гээд сануулж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дахь тал/,
Гэрчын мөрдөн байцаалтад 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн “...Манай компанийн захирал 2022 оны 07 дугаар сард надад хэлэхдээ гэж хүнээс 13 сая төгрөгийн авлагатай юмаа. Наад хүнтэйгээ яриад өрөө хэзээ өгөх талаар асуу гэж хэлж байсан бөгөөд би тухайн үедтэй гар утсаар холбогдож яриад та өрөө хэзээ өгөх вэ гэж асуухад би энэ мөнгийг******* гэж хүнд өгчихсөн юмаа. Би*******тай яриад эргээд холбоо баръя гэж хэлсэн. Тэгээд над руу эргэж холбогдоод******* мөнгөө өгнө гэж байна гээд*******ын гар утсыг өгсөн. Би Тэгээд*******тай 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр холбогдсон чинь 14 хоногийн дараа мөнгийг чинь өгнө гэж хэлсэн бөгөөд 10 хоногийн дараа буюу 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр холбогдоход******* надад хэлэхдээ би мөнгө өгөх боломжгүй болчихлоо. Виски байна. Оронд нь өгч болох уу. 138 шил викси байгаа гэж хэлсэн. Тэр үед би захиралтайгаа холбогдоод болсон асуудлын талаар хэлэхэд захирал өгье гэж байгаа зүйлийг нь очоод авчих. Өр авлагаа хааж байвал болно гэж хэлэхээр нь би*******тай холбогдоход Драгоны тээш хадгалах газраас очоод авчих гэж хэлсэн бөгөөд би 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр үдээс хойш яг цагийг нь санахгүй байна. Тэр тээш хадгалах газраас нийт 138 шил Jemison гэсэн нэртэй 1 литрийн савлагаатай виски байсан. Хайрцагт хийчихсэн байсан вискинүүдийг би очиж авсан. Тухайн вискинүүдийг 11,040,000 төгрөгт бодож авсан бөгөөд үлдэгдэл 2 сая төгрөгийг нь захирал руу дансаар шилжүүлж өгсөн. Тэгээдий манай компанид төлөх ёстой өр төлөгдсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71 дахь тал/,
Гэрчий мөрдөн байцаалтад 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн “...Манай найз болох******* хоёр Герман улсад сургалтад цуг сууж байсан бөгөөдоор дамжуулж*******тай танилцсан. ********** ХХК-аас бетон зуураг авч байгаад******* бид хоёр 13 сая төгрөгийн өрөнд орчихсон юм. Манай найз******* нь 11 сая төгрөгт 138 шил виски бодож ******* ХХК-ийн ажилтанд өгсөн ба би 2,300,000 төгрөгийг нь дансаар шилжүүлж өгөөд өр төлбөрөө барагдуулсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73 дахь тал/,
Капитал зууч ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “...Jameson нэртэй 1 литрийн савлагаатай виски 300ш /шил/ эд зүйлийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн байдлаарх зах зээлийн үнэ цэнийг тогтоож шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. ...Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын чөлөөт бүсэд тухайн үед Jameson нэртэй виски 1 литрийн савлагаатай 1ш /шил/ нь 56,000 төгрөгөөр худалдаалагдаж байсан байна. Чөлөөт бүсийн тухайн үеийн үнээр тооцвол Jameson нэртэй 1 литрийн савлагаатай виски 300 ш /шил/ нь 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 16,800,000 арван зургаан сая найман зуун мянга/ төгрөг байна. ... Jameson нэртэй 1 литрийн савлагаатай виски 1ш /шил/ нь тухайн үед татварын тэмдэгтэйгээр 80,000 төгрөгөөр худалдаалагдаж байсан тул тухайн үеийн зах зээлийн үнэ цэнэ нь 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 24,000,000 /хорин дөрвөн сая/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /76, 77-78 дахь тал/,
*******ын яллагдагчаар 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр мэдүүлсэн “...Би 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөргаас 300 шил вискиг замын дайвар унаагаар дайлгаж Дарханд хүлээн авсан бөгөөд тухайн вискиг 7-10 хоногт багтаан худалдан борлуулахаар тохиролцож авсан боловч тухайн үед вискинүүд нь акцгүй байсан тул 10 хоногийн дараа акцаа хүлээж авсан боловч тухайн акц нь виноны акц байсан тул тухайн тохиролцсон хугацаанд зарж чадаагүй. Гэтэл тухайн вискины 138 шилийг өрөндөө өгөөд 40 шилийг зараад үлдсэнийг нь хувийн хэрэгцээндээ хэрэглээд дууссан. Акцаа авах гээд 14 хоног хугацаа үлдсэн хугацаанд төлөх боломжгийн найз гээдгээд залуу гарч ирээд тухайн вискиний мөнгийг надаас нэхээд яваад байж байгаад 2023 оны 01 дүгээр сард цагдаад өргөдөл гаргасан. Би хохирол 7,400,000 төгрөгийг шилжүүлж өгсөн ба ирэх 7 хоногийн Мягмар гарагт буюу 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр үлдсэн 14 сая төгрөгийг шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Тэгээд тооцоо дуусаж байгаа. Хохирогч 21,400,000 төгрөг өгчихвөл гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж тохиролцсон. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухамсарлаж байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 95 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон бусад хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч *******ыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,00 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2 сарын хугацаанд сар бүр 250,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч******* овогт*******ын*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 250,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР