| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0238/З |
| Дугаар | 221/МА2025/0487 |
| Огноо | 2025-07-08 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2025/0487
К******* ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч А.Сарангэрэл
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Н.Т*******
Гомдол гаргагч: К******* ХХК
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Д*******
Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Татварын улсын байцаагч Д.Д*******ийн 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 0044815 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2025/0345 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн өмгөөлөгч Н.Т*******
Хариуцагч Д.Д*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бүжинлхам
Хэргийн индекс: 128/2025/0238/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдол гаргагч К******* ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Д*******ид холбогдуулан 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 0044815 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2025/0345 дугаар шийдвэрээр:
Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14, 4.1.15 дахь хэсэг , 17 дугаар зүйлийн 17.3.2, 17.3.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан К******* ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Д*******ид холбогдуулан гаргасан улсын байцаагчийн 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Н.Т******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1....К******* ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Д*******ийн 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 0044815 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргасан.
Шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар 28.5 дахь хэсэг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14, 4.1.15 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.3.2, 17.3.3 дахь хэсэгт заасныг баримтлан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Талуудын хооронд 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр байгуулагдсан №21А/1/64 тоот Орон сууц захиалгын гэрээ-ний дагуу нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч нь орон сууцны барилгыг ашиглалтад оруулан орон сууц, түүнтэй холбоотой баримт бичгийг захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч тал нь гэрээгээр тохирсон үнийг, тогтоосон хугацаанд нь гүйцэтгэгчид бүрэн төлж, захиалсан орон сууцаа хүлээн авах агуулгатай Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан гэрээ байгуулагдсан.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэгч нь өөрийн, эсхүл захиалагчийн материалаар хэлэлцэн тохиролцсон ажлыг гүйцэтгэх, харин захиалагч нь ажлыг хүлээн авч хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээх тухай зохицуулсан байна. Гүйцэтгэсэн ажлын үр дүн нь гэрээний зүйл байх талаар 343.2-т заажээ. Түүнчлэн ажил гүйцэтгэгч нь ажлын үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх талаар 343.3 дахь хэсэгт дурдсан байна. Төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс бүтээж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн тохиолдолд худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн зохицуулалт хэрэгжинэ хэмээн 343.4-т заасан байна. Захиалагч гэрээний үүргээ зөрчиж төлбөрийн хуваарийн дагуу төлбөрийг цаг хугацаанд төлөөгүй ба талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан алданги төлөх гэрээний эрх зүйн үр дагавар үүссэн болохыг шүүхийн мэтгэлцээний явцад гуравдагч этгээд хүлээн зөвшөөрсөн. Хэдийгээр энэхүү алдангийн дүн хэд байх талаар захиалагч, гүйцэтгэгч талуудын тохиролцоо нь захиргааны шүүхийн харьяалан шийдэх хэрэг биш боловч маргаж буй зөрчлийн актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй шууд хамааралтай үйл баримт юм. Гүйцэтгэгчээс захиалагчид төлсөн гэрээнд заасан алданги нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь гэх зөрчлийг үйлдээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 4.1.14-т төлбөрийн баримт гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг гэж зааснаас үзэхэд талууд гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу хууль ёсны гэрээ байгуулж, түүнийгээ харилцан эрх тэгш, хэлэлцэн тохирч дүгнэх шатанд үйл явц явагдаж байсан бөгөөд төлбөр тооцооны дүн гэх ойлголтод гэрээний үндсэн үнээс гадна хүү, алдангийн нийлбэр дүн буюу захиалагчаас гүйцэтгэгчид төлсөн нийт дүн нь гэрээний үнийн дүн болох учиртай. Нөгөө талаасаа захиалагч төлбөр төлөх графикт хугацаагaa хожимдуулснаас гүйцэтгэгч тодорхой хэмжээний нэмэлт төлбөрийг ханган нийлүүлэгч болон бусад туслан гүйцэтгэгчид төлөх үр дагавар үүсдэг бөгөөд үүнийг талууд урьдчилан тооцож алдангийг гэрээндээ тусгажээ. Түүнчлэн зөрчлийн акт гарахаас өмнө НӨАТ-ын баримт бичигдсэн нь Татварын байцаагийн албан шаардлагаар биш бөгөөд талууд гэрээний дагуу хэн алиндаа оногдсон үүргийн гүйцэтгэлийг дүгнэх процесс ажиллагаа явагдаж байсны үр дүнд төлбөрийн баримт олгогдсон байгааг гэрчилж байна.
14 дүгээр зүйлийн 14.3-т Албан татвар суутган төлөгч хоорондын бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрд төлбөрийн баримт олгох бөгөөд уг баримтуудыг дангаар, эсхүл хамтатган нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдэнэ, 17 дугаар зүйлийн 17.5-д Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно, мөн зүйлийн 17.6-т Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримтыг өөр дүнгээр олгосон, эсхүл төлбөрийн баримт олгохоос татгалзсан бол албан татвар төлөгч энэ талаар татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, эсхүл харьяа татварын албанд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгч нь төлбөрийн баримтыг олгоогүй буюу зөрчлийг үйлдээд байгаа үйл баримт биш юм.
Нэхэмжлэгч нь барилгын ажлын гүйцэтгэгчийн хувьд захиалагчтай байгуулсан гэрээгээ дүгнэх саналыг тавьж, улмаар гэрээнд заасан алдангийг тодорхой хэмжээгээр харилцан тохиролцохоор ярилцаад нийт гарсан төлбөр тооцоо-ны дүнгээр төлбөрийн баримт бичихээр ажиллаж байсан юм.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно, 17.6-д Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримтыг өөр дүнгээр олгосон, эсхүл төлбөрийн баримт олгохоос татгалзсан бол албан татвар төлөгч энэ талаар татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, эсхүл харьяа татварын албанд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж зааснаас үзэхэд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан зөрчлийн үндсэн гэм буруугийн шинж нь татгалзах байхаар хуульчилсан байна.
Нэхэмжлэгч нь төлбөрийн баримтыг өгөхгүй байх шууд санаатай үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй бөгөөд харин ч өгөх талаар захиалагчтай ажил хэргийн яриа явуулж байсан нь шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн ...хувь зээл санал болгож байсан юм. Түүнийг байгуулах уу, байгуулахгүй юу гэдгээ 100 хувь шийдээгүй. Гэхдээ очиж байгуулъя гэж ярилцаж байгаад больсон... Нэхэмжлэгч гэрээ байна гээд би байхгүй гээд гэрээ байхгүй нь нотлогдон... гэх тайлбараас нотлогддог.
Үүнээс дүгнэхэд Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Д*******ийн 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 0044815 дугаар шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-т Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино гэж, мөн зүйлийн 2-т Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна гэж заасантай нийцээгүй байна.
Иймд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн үйлдэлд нь тохирсон шийтгэлийг оногдуулаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангав.
1.Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар нэр бүхий иргэнд төлбөрийн е баримт олгоогүй гэсэн үндэслэлээр 45.257.540 төгрөгийн торгууль ногдуулсан талаар шийдвэрт Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан хэм хэмжээ хэрэгжих нөхцөл нь төлбөрийн баримт олгоогүй бол гэх нөхцөл бөгөөд төлбөрийн баримтыг нь тухай бүр өгөөгүй буюу Ц.Бийг шаардсан байхад тухайн үйлчилгээнд төлбөрийн баримт өгөөгүй, хуулиар тогтоосон хугацаанд төлбөрийн баримт өгөөгүй, хуульд заагаагүй бусад шалтгаанаар өгөхгүй гэдгээ илэрхийлсэн, өгөөгүй эс үйлдэхүй гаргаснаар зөрчил үйлдэгдэж төгссөн гэж үзнэ, хэдийгээр гомдол гаргагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр иргэн Ц.Бд 132.000.000 төгрөгийн төлбөрийн баримтыг гаргаж өгсөн байх боловч энэ нь зөрчил үйлдсэн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэх зэргээр маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийж, холбогдох хуулийн зохицуулалтыг буруугаар тайлбарлан хэрэглэсэн байна.
Зөрчлийн тухай хуулийн дээрх заалт нь бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь-тай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн зохицуулалт, гэтэл хугацааны хувьд улсын байцаагчийн шийтгэлийн хуудас 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдөр буюу К******* ХХК-иас иргэн Ц.Б*******өд төлбөрийн баримт олгосон өдрөөс хойш 1 хоногийн дараа гарсан байгаагаас үзэхэд хуульд заасан төлбөрийн баримт өгөөгүй гэсэн үндэслэлээр тус компанид хариуцлага хүлээлгэсэн нь буруу.
Учир нь энэ тохиолдолд төлбөрийн баримтыг хугацаанд нь өгөөгүйтэй холбоотой зөрчлийн шинж байж болохоос бус баримт олгоогүй гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх үед тухайн зөрчил үйлдэгдсэн төдийгүй арилаагүй байхыг шаардана.
2.Давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаснаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана гэснийг, мөн төлбөрийн баримтыг бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүрт өгөх үүрэгтэйг болохыг тус тус үгүйсгээгүй, гагцхүү шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулах үндэслэл болсон хуулийн зохицуулалт нь төлбөрийн баримт олгоогүй байх тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр заасан тул хэдийгээр хугацаа хэтэрсэн ч нэгэнт баримт олгосон нөхцөлд нөхөж торгууль ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэсэнтэй нийцсэнгүй гэж үзлээ.
Түүнчлэн Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар эрх бүхий албан тушаалтан шийтгэл ногдуулахдаа тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх-ийг тогтоосон байх шаардлагатай.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсэгт Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно, 17.6 дахь хэсэгт Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримтыг өөр дүнгээр олгосон, эсхүл төлбөрийн баримт олгохоос татгалзсан бол албан татвар төлөгч энэ талаар татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, эсхүл харьяа татварын албанд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж зааснаас үзэхэд К******* ХХК-ийн тухайд төлбөрийн баримт олгохоос татгалзсан гэж шууд буруутгах боломжгүй, энэ нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тус компанийн ерөнхий нягтлан бодогч М.Бийн өгсөн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 345 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 11.19 дүгээр зүйлийн 8.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.3-т заасныг баримтлан К******* ХХК-ийн гомдлыг хангаж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 00044815 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгон, тус компанийн өмгөөлөгч Н.Т*******ын давж заалдах гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН