Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 07

 

Mонгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны "В" танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг

Улсын яллагч Б.Ичинхорол

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Хохирогчийн төлөөлөгч Ө.Баярханд

Шүүгдэгч С.Алтансүх нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хотгойд овогт Сүхбаатарын Алтансүхэд холбогдох эрүүгийн 201611000387 дугаартай хэргийг 2016 оны 12 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 05 сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, СМУ-гийн 18-07 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ЖЮ74052715 регистрийн дугаартай, Хотгойд овогт Сүхбаатарын Алтансүх.

Шүүгдэгч С.Алтансүх нь зохих зөвшөөрөлгүй 32 килограмм Дэрэвгэр жиргэрүү ургамлыг 2016 оны 8 сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар баг Адгийн-Овоо гэх газраас бэлтгэж, Истана маркийн 56-68 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж Чойбалсан сумын 3-р багийн нутагт хилийн "Хавирга" боомтоор 2016 оны 08 сарын 22-ны өдөр гаргаж экологид 1600000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Алтансүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Хохирогчийн төлөөлөгч Ө.Баярханд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: С.Алтансүх нь Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг "Адгийн овоо" гэдэг газраас зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын жагсаалтад орсон Дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэсэн. Энэ нь жингээрээ 32 килограмм байсан. Экологи эдийн засгийн үнэлгээ нь 1 сая 600 мянган төгрөг болсон. Хэрэг нь манай сумын нутаг дэвсгэрт гарсан учраас намайг иргэний нэхэмжлэгчээр томилсон юм. Би хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлттэй нь танилцсан. Манай Засаг даргын тамгын газрын зүгээс нэхэмжилж байгаа зүйл байхгүй, гомдол саналгүй гэв. 

-Эд мөрийн баримтаар: 10 килограмм 200 грамм жинтэй Дэрэвгэр жиргэрүү ургамлыг,

-Бичгийн баримтаар:

-С.Алтансүхийн тайлбар /хх-ийн 4-5/

-Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт /хх-ийн 8-9/

-56-68 ДОР улсын дугаартай автомашины гэрэл зураг /хх-ийн 15/

-Мөрдөн байцаах ажиллагааны явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тогтоол /хх-ийн 20, 23, 25, 29, 32,35/

-Дорнод аймгийн Булган сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 36/

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 44-45/

-Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 46/

-Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 48/

-Дорнод аймгийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2016 оны 11 сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 69-71/

-Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн 01/274 тоот дүгнэлт /хх-ийн 77-78/

-Гэрч Д.Даваасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 63-64/

-Гэрч Д.Хэрлэнгийн мэдүүлэг /хх-ийн 65-66/

-Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 100/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105/ зэрэг болно.

Шүүгдэгч С.Алтансүх нь 2016 оны 8 сарын 19-21-ний өдрүүдэд Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар баг "Адгийн-Овоо" гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох Дэрэвгэр жиргэрүү нэртэй 32 килограмм ургамлыг бэлтгэж, тээвэрлэн 2016 оны 08 сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт байрлах хилийн "Хавирга" боомтоор "Истана" маркийн 56-68 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн хананд нууж улсын хилээр гаргасны улмаас байгаль экологид 1600000 /нэг сая зургаан зуун мянган/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч С.Алтансүх, хохирогчийн төлөөлөгч Ө.Баярханд нарын өгсөн мэдүүлэг, гэрч Н.Билгүүнзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2016 оны 11 сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн 01/274 тоот дүгнэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол,  эд зүйлийн үнэлгээ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Алтансүхэд холбогдох хэргийг Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч С.Алтансүхийг ховор ургамал болох Дэрэвгэр жиргэрүү ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн, тээвэрлэсэн, улсын хилээр гаргасны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд энэ хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас 1600000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан байх боловч хохирогчийн төлөөлөгч Ө.Баярханд нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзэх үндэстэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т "Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана" гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Алтансүхийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн "Истана" маркийн 56-68 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Хас банк болох нь 01215207 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Иймд Хас банкны эзэмшлийн "Истана" маркийн 56-68 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 сарын 26-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх" тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг эзэмшигч Хас банкинд олгож, машины үнэ болох 3000000 /гурван сая/ төрөгийг улсын орлого болохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчээс тээврийн хэрэгслийн үнэ гаргуулахаар шийдвэрлэсэн тул түүний эзэмшлээс Хэрлэн сумын 6 дугаар баг СМУ-гийн 18 дугаар байрны ** тоотын 13 м2 талбай бүхий орон сууцыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 сарын 24-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх" тогтоолыг хэвээр үлдээвэл зохино.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 10 килограмм 200 грамм дэрэвгэр жиргэрүү ургамлыг  Дорнод аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газарт олгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгч С.Алтансүхийн ЖЮ74052715 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг түүнд буцаан олговол зохино.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Хотгойд овогт Сүхбаатарын Алтансүхийг ховор ургамал болох Дэрэвгэр жиргэрүү ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн, тээвэрлэсэн, улсын хилээр гаргасны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1-д зааснаар шүүгдэгч Хотгойд овогт Сүхбаатарын Алтансүхийг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч С.Алтансүхэд оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5-д зааснаар шүүгдэгч С.Алтансүхэд оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, ялтаны засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг мэдэгдсүгэй.

5. Ялтан С.Алтансүх нь бусдад төлөх төлбөргүй /хохирогчийн төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гэсэн/, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 10 килограмм  200 грамм Дэрэвгэр жиргэрүү ургамлыг Дорнод аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газарт олгож, баримт бичгээр ирсэн ялтан С.Алтансүхийн ЖЮ74052715 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг түүнд буцаан олгосугай. 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар ялтан С.Алтансүхийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 56-68 ДОР улсын дугаартай "Истана" маркийн тээврийн хэрэгслийн үнэ 3000000 /гурван сая/ төгрөгийг улсын орлого болгосугай.

  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Хас банкны эзэмшлийн Истана маркийн 56-68 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 сарын 26-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх" тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг эзэмшигч Хас банкинд олгож, харин ялтан С.Алтансүхийн эзэмшлээс Хэрлэн сумын 6 дугаар баг СМУ-гийн 18 дугаар байрны ** тоотын 13 м2 талбай бүхий орон сууцыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 сарын 24-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх" тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтанд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, ялтанд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацааг 2017 оны 1 сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай. 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогчийн төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан С.Алтансүхэд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

                         

                          ДАРГАЛАГЧ                            Б.ЭНХБААТАР