Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 716

 

 

Д.Б-, П.А- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/00153 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Б-, П.А- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Ц-эд холбогдох

 

Орон сууцнаас албадан гаргуулах, зээлийн гэрээний үүрэгт 98 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах, өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би зарын дагуу П.А-тай Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 31 дүгээр байрны 16 тоот, 38,9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр худалдах, худалдан авахаар гэрээ хийж 50 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Байрыг үзэхэд Д.Ц- хүүхдийнхээ хамт байсан ба өмчлөгч П.А-гаас уг байрыг худалдан авч байгаа тул байраа суллах талаар хэлэхэд тэд зөвшөөрөөгүй. Би уг байрны өмчлөгч болж Ү-2201021653 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан тул хууль ёсны өмчлөгч мөн. Миний үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөх, ашиглах, захиран зарцуулах эрх зөрчигдөж байгаа тул Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 31 дүгээр байрны 16 тоотоос Д.Ц-ийг албадан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч П.А- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч, зээлдэгч Д.Ц-ийн хүсэлтээр 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 40 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлийг эргүүлэн төлөх хугацааг 2 сар хэтрүүлбэл хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,5 хувиар тооцон алданги төлөх нөхцөлтэйгээр зээлдүүлж, зээлийн барьцаанд түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн  18 дугаар хороо, 21 дүгээр хороолол Үйлдвэрчний эвлэлийн 31 дүгээр байрны 16 тоот хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү-2201021653 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг барьцаалж, зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Д.Ц- нь эхний 2 сарын хүүг төлсөн ба зээлийг эргүүлэн төлөх хугацааг сунгах тухай хүсэлт гаргасны дагуу гэрээг дахин 8 сараар сунгасан боловч 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртлэх нийт 10 сарын хүү болон үндсэн зээлийг өнөөг хүртэл төлөлгүй зээлийг эргүүлэн төлөх хугацааг 111 хоногоор хэтрүүлээд байна. Бидний хооронд байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний 2.7, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги тооцвол хэт өндөр дүн гарч байх тул мөн хуулийн 232.4-т заасан заалтыг баримтлан алдангийг 36 000 000 төгрөгөөр тооцсон. Д.Ц- нь дээрх гэрээний үндсэн дээр үндсэн зээл 40 000 000 төгрөг, хүү 32 000 000, алдангид 36 000 000 төгрөг, нийт 108 000 000 төгрөг төлөх үүрэгтэй байснаас 2016 оны 8 сард 5 сая төгрөг, 2017 оны 9 сард 5 сая төгрөг тус тус төлснийг алдангиас хасан тооцож түүнээс үндсэн зээл 40 000 000 төгрөг, хүү 32 000 000 төгрөг, алданги 26 000 000 төгрөг нийт 98 000 000 төгрөгийг хариуцагч Д.Ц-ээс гаргуулж нэхэмжлэгч П.А- надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Ц- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие нь 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Д.Бат-Эрдэнийн гуйлтаар өөрийн гэр бүлийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 31 дүгээр байрны 16 тоот хаягт байрлах 38,9 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2201021653 тоот гэрчилгээтэй байрыг 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр үл таних П.А-г дагуулан ирж П.А-гаас та мөнгө зээлдэн авч байгаа гэрээ байгуулчих гээд 40 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, барьцаанд нь миний байрыг тавиулсан. 4 сарын хугацаатай 40 000 000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээг байгуулсан боловч мөнгө огт хүлээн аваагүй. Ийм баримт ч байхгүй. Зээлдүүлэгч П.А- нь зээлийн үнийн дүнг бүгдийг нь Д.Бат-Эрдэнийн данс руу шууд шилжүүлсэн гэсэн. Д.Б- зээлсэн мөнгөө бага багаар нь П.А-д өгч байгаад үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байсныг нь сүүлд 2016 оны эхээр П.А-г “танай дүү мөнгөө өгөхгүй байна” гэж хэлэхэд нь л мэдсэн. П.А-д “ах нь чиний мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй шүү. Чи дансаар Д.Б-д өгсөн биздээ” гэхэд П.А- “би тэрийг мэдэж байгаа” гэсэн. Харин 2016 оны 4 дүгээр сарын сүүлээр П.А- ирээд “ахаа хоёулаа Д.Бат-Эрдэнийг хоёр талаас нь жаахан шахах хэрэгтэй байна, хоёулаа хуурамч Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийчихье, тэр гэрээгээр Д.Бийг айлгаж, шахаж байгаад би мөнгөө авчихна, мөнгөө авангуутаа тэр гэрээг устгачихъя. Таныг надаас нэг ч төгрөг аваагүйг миний дансны хуулга батална” гэж хэлсэн тул би П.А-д итгээд 68 сая төгрөгөөр өөрийн гал голомтоо зарж байгаа мэтээр дахин хуурамч гэрээ байгуулан гарын үсэг зурсан. Энэ хуурамч үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээн дээр заасан 68 сая төгрөгнөөс би нэг ч төгрөг аваагүй. Хууль мэдэхгүй байдлыг ашиглан эхлээд Д.Б-ийн өмнөөс П.А-тай 40 сая төгрөгний дүр үзүүлсэн зээлийн гэрээ, дараа нь П.А-гийн үгэнд итгэж, ноцтой төөрөгдөлд орон хуурамч үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.

Гэтэл хариуцагч Д.Б- нь тус шүүхэд орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг надад холбогдуулан гаргасан байсан тул би П.А-д холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн гэрээ болон үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан Д.Ц-, Д.И нарын П.А-тай байгуулсан 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон. Иймд Иргэний хуулийн 56.1.10-т заасны дагуу Д.Б-, П.А- нарын хооронд байгуулсан 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, тус орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээг миний нэр дээр гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Б- сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлээ дэмжиж байна. Хохирлыг барагдуулчихвал заавал байрнаас нүүлгүүлэх гээд байхгүй. Гэхдээ П.А-д энэ хүмүүс мөнгөө өгчихбөл миний мөнгийг өгөхөд татгалзах зүйлгүй гэдэг. Би зарын дагуу л холбогдож байрыг худалдаж авсан. Одоо байрнаас албадан гаргуулах шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Нэхэмжлэгч П.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: П.А- нь 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Д.Ц-ийн хүсэлтээр 40 сая төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, зээлийг эргүүлэн төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгээр зээлийн гэрээг бичгээр байгуулж, уг зээлийн барьцаанд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол Үйлдвэрчний эвлэлийн 31 дүгээр байр 16 тоот хаягт байршилтай Улсын бүртгэлийн Ү-2201021653 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг барьцаалж зээл олгосон. Зээлдэгч Д.Ц- нь зээлийг эргүүлэн төлөх хугацааг сунгах хүсэлт гаргаснаар зээлийн гэрээг 8 сараар сунгасан боловч энэ хугацаанд зээлийг эргүүлэн төлөөгүй ба цаашид зээлийг эргүүлэн төлөх боломжгүй болсон гэдгээ илэрхийлж уг зээлийн гэрээний үүргийг орон сууц худалдах-худалдан авах гэрээний эрх үүргээр сольж зээлийн гэрээг дуусгавар болгох санал тавьсныг П.А- хүлээн зөвшөөрч уг орон сууцыг худалдах-худалдан авах гэрээ байгуулж худалдан авсан. Ийнхүү уг орон сууцны өмчлөх эрхийн дагуу Д.Б-эд худалдсан. Гэтэл Д.Ц- нар уг орон сууцыг чөлөөлж өгөөгүйгээс гадна шүүхэд хандан П.А-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Уг нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэрсгийг өөрчлөн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаж шийдвэрлэсэн. Магадлалд талуудын хэн аль нь хяналтын гомдол гаргаагүй ба уг магадлал хүчин төгөлдөр болсон. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн аливаа хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан байдаг тул дээрх хэлцлийн үндсэн дээр хийсэн П.А-, Д.Б- нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа ба үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх зээлийн гэрээг байгуулах санаачилгыг би гаргасан, ахынхаа орон сууцыг барьцаалаад зээл авахуулсан, зээлийг би дансаараа хүлээн авсан зээлийн хүү төлбөрийг төлж барагдуулж байсан, шүүхээс тогтоосон зээлийн үлдэгдлийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Намайг шахах гэж ах маань П.А-тай гэрээ байгуулсан гэдэг. Энэ зээлийг би хариуцах ёстой гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Ц-ийг Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 31 дүгээр байрны 16 тоот 2 өрөө орон сууцнаас албадан гаргаж, 88 116 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 49 716 000 төгрөгийг хариуцагч Д.Ц-ээс гаргуулан нэхэмжлэгч П.А-д олгож, үлдэх 38 400 000 төгрөгийг болон хариуцагч Д.Ц-ийн хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг, нэхэмжлэгч П.А-гаас урьдчилан төлсөн 647 950 төгрөгийг, хариуцагч Д.Ц-ээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 407 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуудан нэхэмжлэгч Д.Б-эд, 406 530 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.А-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч П.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/00153 дугаар шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй хэмээн давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч П.А- нь хариуцагч Д.Ц-тэй зээлийн гэрээ байгуулж 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 40 сая төгрөг зээлдүүлсэн. Гэрээнд зээлийн хугацаа 4 сар байх, сар бүр зээлдэгч 8 хувиар тооцон хүү төлөх, зээлдэгч зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлбэл гүйцэтгээгүй үүргийн дүнгээс хоног тутам 0,5 хувиар тооцон алданги төлөх, зээлдэгч гэрээний хугацааг сунгуулах хүсэлтийг зээлдүүлэгчид тавьж болох нөхцөлүүдийг тохирч мөнгийг шилжүүлэн өгсөн. Дээрх зээлд Д.Ц- нь өөрийнхөө өмчлөлд бүртгэлтэй 2 өрөө орон сууцаа барьцаалж гэрээнүүдийг нотариатаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэрээний хугацаа 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр дуусахад зээлдэгч зээл, хүүг төлж барагдуулаагүй тул гэрээний хугацааг дахин 8 сар сунгах хүсэлтийг бичгээр гаргаснаар зээлдэгч тал гэрээний хугацааг сунгасан. Гэвч энэ хугацаанд зээл хүүг төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ба сунгалтын хугацаа дуусахад Д.Ц- нь төлбөртөө тооцон барьцаа хөрөнгөө шилжүүлэн өгөхөөр тохирч 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр барьцаа хөрөнгөө 68 сая төгрөгийн дүнгээр бодон худалдах-худалдан авах гэрээгээр зээдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Гэтэл зээлдэгч хожим нь ийнхүү үүрэгтээ шилжүүлсэн хэлцлээ шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулснаар дээрх худалдах-худалдан авах гэрээ хүчингүй болсноор зээлдүүлэгч зээлдүүлсэн мөнгөө хүү алдангийн хамт барьцаа хөрөнгөөс гаргуулахаар нэхэмжлэхээс өөр аргагүй байдалд хүрсэн. П.А- нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Д.Ц-ээс гэрээний үүрэг хариуцлагыг шаардаж нэхэмжлэл гаргасан ба энэ өдрийг хүртэл хугацаанд гуравдагч этгээд Д.Б- үүрэг гүйцэтгэгчийн үүрэгт тооцож 19 656 000 төгрөгийн хүү төлснийг зээлдүүлэгч хүлээн зөвшөөрдөг. Талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ түүнд тусгасан хүү, алданги тооцох хувь хэмжээ, хугацаа, гэрээ сунгах, шаардах эрх үүсэх зэрэг нь хуульд нийцсэн, уг гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хуульд заасан хэлбэр шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

Талууд гэрээний хугацаа сунгах нөхцөлийн талаар зээлийн гэрээний 3.3-т “Зээлдэгч зээлийн гэрээний хугацаа сунгуулах бол хүсэлт гаргаж болно” гэж тохиролцсон. Мөн Иргэний хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “гэрээнд заасан тохиолдолд хэлцэл хийх тухай саналд хариу өгөөгүй байгааг хэлцэл хийхээр хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ”, мөн хуулийн 222.5, 222.6, 222.7-д мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хэтэрсэн хугацаанд гэрээгээр тохирсон хүүг төлөх үүрэгтэй, үүргийн хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгэгч үүргийг шаардах зэрэг зохицуулалтууд хуульчлагджээ. Зээлдэгч П.А- нь гэрээний хугацаа сунгуулах тухай зээлдэгч Д.Ц-ийн хүсэлтийг хүлээн авч зөвшөөрснөө амаар илэрхийлсэн байдаг ба хуулийн дээрх заалтын дагуу албан ёсоор бичгээр хариу өгөөгүй нь хугацаа сунгасан талаар хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэл болж байгаа. Мөн гэрээний хугацаа сунгасан эсэхээс үл хамаарч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь хэтрүүлсэн хугацаанд гэрээнд заасан хүү төлөх нөхцөлөөс чөлөөлөгдөхгүй байхаар хуульд заасан. Иймд хууль болон гэрээний дээрх заалтуудын дагуу П.А- нь үндсэн зээл 40 сая төгрөг, хүүнд 18 744 000 төгрөг, алданги 29 372 000 төгрөг нийт 88 116 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэл бүхий юм.

Гэтэл шүүх талуудын хооронд гэрээ 8 сараар сунгагдаагүй гэж дүгнэн зээлдэгчийн хүү төлөх үүргийг 4 сараар тооцож 12 800 000 төгрөг төлөх үүрэгтэй гэж дүгнэн гуравдагч этгээдийн төлсөн 19 656 000 төгрөгийн 12 800 000 төгрөгийг хүүгийн төлбөрт, 6 856 001 төгрөгиийг үндсэн зээлийн төлбөрт тооцон 33 144 000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлийн 50 хувиар тооцон 16 572 000 төгрөгийн алданги бодож нийт 49 716 000 төгрөгийг хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Ингэж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн дээр дурьдсан зүйл заалтуудыг зөрчсөн, нэхэмжлэлийн шаардлагаас 38 400 000 төгрөгийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон, мөн нэхэмжлэгч Д.Б-, П.А- нарын хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах хэлцлийг ч хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцолгүй орхисныг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож буюу өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/00153 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Шүүх өмчийг улсын бүртгэл хийлгэснээр өмчлөх эрхтэй болох эсвэл хуулийн дагуу өмчлөх эрх олж авсан эсэхэд хуулийн үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, шударга бус шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан үндэслэлээр Д.Ц-, Д.И нарын П.А-тай байгуулсан орон сууц худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч Д.Ц- нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэсэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д заасан үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүхээс “Хариуцагч талын тайлбар, давж заалдах шатны шүүхийн Д.Ц- нар болон П.А- нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцсон магадлалаар тухайн орон сууцыг Д.Ц- хууль бусаар эзэмшээгүй гэх хэдий ч Д.Б- нь П.А-гаас худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан, энэ нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д заасан улсын бүртгэл үнэн зөв байх шаардлагад нийцэж байх тул нэхэмжлэгч Д.Б-ийн өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан гэх үндэслэлгүй болно” гэж хууль бус үндэслэл заан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Д.Б- нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр маргаж байгаа байрыг өмчилж аваад улмаар П.А-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тул энэ гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болох юм. Д.Ц-, Д.И нар нь П.А-тай байгуулсан орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгосны дараа улсын бүртгэлийн байгууллагад хандан өөрсдийн нэр дээр бүртгэл хийлгэхээр хандсан боловч Д.Б-ийн нэр дээр байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байгаа тул бүртгэлийг шинэчлэн хийх боломжгүй гэж хэлээд өргөдлийг хүлээн аваагүй тул шүүхэд сөрөг нэхэмжпэл гаргасан.

2. Нэхэмжлэгч Д.Б- нь Д.Ц-эд холбогдуулан орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ байранд Д.Ц-ээс гадна Д.И, Ц.Очирхүү нар бүртгэлтэй байнга оршин суудаг тул энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр боллоо гэхэд Д.И, Ц.Очирхүү нар маргаж байгаа байранд амьдран суух эрхтэй юм.

Шүүхээс “Хариуцагч Д.Ц-ээс маргаж буй байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг шаардлагын хувьд орон сууцны өөрт ногдох хэсгээр шаардлага гаргах нь хуульд нийцэх бөгөөд орон сууц нь гэр бүлийн гишүүд болох Д.Ц-, Д.И, Ц.О нарын дундын өмч байх тул дангаар өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг гаргах эрхгүй болно” гэж дүгнэснээс үзвэл тухайн байр Д.Ц-ийн эзэмшилд төдийгүй өмчлөлд байгааг шүүх хүлээн зөвшөөрсөн байна. Энэ тохиолдолд шүүх Д.Ц- нь сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь гаргах эрх бүхий эсэх, бусад эрх бүхий этгээд төлөөлөл олгосон эсэхийг шалгах ёстой байсан гэж үзэж байна. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам  зөрчигдсөн болохыг нотлож байна.

3. Уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд Д.Ц- нь П.А-тай байгуулсан гэрээний үүрэгт 49 716 000 төгрөг төлөх үүрэг хүлээж байна. Мөн Д.Ц- нь П.А-д өөрийнхөө өмчийн 2 өрөө байрыг зүгээр л чөлөөлж өгөөд орох оронгүй үлдэх болж байна.

Шүүхээс Д.Ц- нарын П.А-тай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хууль зөрчин хүчин төгөлдөр гэж үзэж байгаа бол харилцан тооцоо бодож суутгал хийсэн бол эсвэл байртайгаа, эсвэл зээлийн гэрээний үүрэгтэй үлдэх байсан гэж үзэж байна. Шүүхээс дүгнэсэний дагуу эсвэл П.А-аас 68 сая төгрөг нэхэмжлэх болж байна.

4. Шүүхээс маргаан бүхий хэргийг хянан шийдвэрлэхдээ энэ бүх гэрээ хэлцлийг буюу хүчин төгөлдөр бус хэлцлийг байгуулсан П.А- түүний төлөөлөгчийн зүгээс “Сөрөг нэхэмжлэгч Д.Ц-ийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна..,” гэж хэлсэн зөвшөөрөлд ач холбогдол өгч дүгнэлгүй орхигдуулсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Хариуцагч Д.Ц-эд холбогдуулан нэхэмжлэгч Д.Б- орон сууцнаас албадан гаргуулах, нэхэмжлэгч П.А- нь зээлийн гэрээний үүрэгт 98 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Нэхэмжлэгч П.А- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ 88 116 000 төгрөг болгон багасгасан байна.

 

Хариуцагч Д.Ц-, нэхэмжлэгч П.А- нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 40 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлийн гэрээ, мөн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, /1808/ Үйлдвэрчний гудамж, 31 байрны 16 тоот сууцыг 68 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ тус тус байгуулагдаж, нэхэмжлэгч П.А-гаас зээлийн мөнгийг хариуцагчийн эхнэрийн дүү Д.Б-д шилжүүлсэн болон маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч П.А- бүртгэгдэж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан үйл баримт тогтооджээ. /хэргийн 143, 84, 87 дугаар тал/ Түүнчлэн, нэхэмжлэгч П.А- нь дээрх орон сууцыг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч Д.Б-эд худалдаж, өмчлөгчөөр Д.Б- 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр бүртгэгджээ. /хэргийн 4, 91 дүгээр тал/

 

Д.Ц-, Д.И нарын П.А-д холбогдуулан гаргасан зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1653 дугаар шийдвэрээр шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн мөн оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 1513 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэсэн байна. /хэргийн 153-165 дугаар тал/

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Д.Б-, П.А нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл, учир нь Д.Ц-, П.А- нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бусад тооцсон тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулсан хэлцэл мөн адил хүчин төгөлдөр бус” гэж тайлбарлажээ. Гэтэл шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас үүссэн үр дагаврыг хэрхэн арилгуулахаар хариуцагч нэхэмжлэгч нарын хэнээс юу шаардаж байгаа болохыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн улмаас хэний ямар эрх ашиг зөрчигдсөн болон мөн хуулийн 56.4, 56.5, 56.6 дахь хэсгүүдэд зааснаар ямар үр дагаврыг арилгуулахаар хэнээс юу шаараж байгаа нь тодорхой байх учиртай.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч П.А- нь хариуцагч Д.Ц-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан байгааг шүүх бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа эсэх, үндэслэл, шалтгааныг нь асууж тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.0

 

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой байх нь нотлох баримтын талаар талуудын үүргийн хуваарилалт, нотлох баримтын үнэлгээ, маргааны үйл баримтын талаарх шүүхийн дүгнэлт, хууль хэрэглээ зөв болох учиртай. Энэ талаар шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх ажиллагааны явцад тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн буруутай гэж үзнэ.

 

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б-ийн гуравдагч этгээд Д.Б-эс гаргасан нотлох баримт шаардлага хангахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтын шаардлагыг хангуулж, хэрэгт хавсаргуулах тухай хүсэлтийг шүүх 2017 оны 12 дугаар сарын 05-ын өдрийн шүүгчийн захирамжаар хангасан боловч уг шүүгчийн захирамж биелэгдээгүй. Энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

Дээрх үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх ул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/00153 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ү-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349 950 төгрөгийг, хариуцагчийн өмгөөлөгч Г.Б-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                       

                                 ШҮҮГЧИД                                        Д.ЦОГТСАЙХАН

 

 

                                                                                          С.ЭНХТӨР