Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/168

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2023/0163

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Наранмөнх,

Шүүгдэгч ******* ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ******* ХХК-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2202007450074 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Хуулийн этгээдийн талаарх мэдээлэл:

 

******* ХХК /хувийн хэргийн дугаар******* , улсын бүртгэлийн дугаар №1911015026 /, регистрийн дугаар №****** / нь Ноос боловсруулах, барилгын дулаалгын материал, үйлдвэрлэл, гадаад дотоод худалдаа, ноолуур боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг,******* байрлах өөрийн байранд үйл ажиллагаа явуулдаг.

 

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,******* овогт*******ын******* /РД: /, аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч ******* ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд дугаар багийн нутаг дэвсгэрт хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны дугаартай хамтарсан тушаалын 3 дахь хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д орсон 50 килограммаар савласан 74 шуудай борийн хүчлийг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч******* мэдүүлэхдээ: “...Манай компани 2021 оноос хойш үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тухайн салбар нь Монголдоо шинэ салбар, таниулах хэлбэрээр эхлээд явж байна. 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тухайн цаг хугацаанд үйл ажиллагааг тогтвортой явуулж чадахгүй байсан. Бодисын өргөдлийг зөвхөн цахимаар өгдөг болсон байна лээ. ******* ХХК нь Монгол улсад хамгийн их үнэгүйдээд байгаа хонины ноосыг япон улсын стандартаар хамгийн тансаг дулаалгын материалыг эхнээс нь эцсийн шат хүртэл нь хийж байгаа үндэсний үйлдвэрлэгч компани юм. Би хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би байгууллагынхаа тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэдгийг 11 сар болтол мэдээгүй байсан ба 11 сард тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтээ гаргасан боловч систем нь болохгүй, алдаатай байна гээд хугацаа алдсан. Одоо тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдсан байгаа.” гэв.

 

Эрүүгийн 2202007450074 дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай “... ******* ХХК нь тусгай зөвшөөрөлгүйгээр химийн бодис ашиглаж хадгалж байна гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13 цагт Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошуучаас хүлээн авч тэмдэглэл үйлдэв.” гэх тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 5 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 187 дугаартай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай тогтоол /1 дэх хавтаст хэргийн 7-8 дахь тал/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай “ Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт байрлах дугаартай хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээтэй ******* ХХК нь химийн бодис ашиглах ноос боловсруулах барилгын дулаалгын материал үйлдвэрлэж байна. Уг компани нь химийн бодис ашиглах тусгай зөвшөөрөлгүй натрийн карбонат, шингэн саван, борийн хүчил гэх бодис ашиглаж, хадгалсан гэх ба уг химийн бодисуудыг хадгалж байгаа гэх агуулах нь ******* ХХК-ийн үйлдвэрийн хашааны ертөнцийн зүгээр баруун урд талд 8*8 хэмжээтэй цагаан тоосгон барилга байх ба уг агуулахын төмөр цэнхэр өнгийн хаалгыг онгойлгоход ертөнцийн зүгээр баруун хана дагуу цэнхэр өнгийн 200 литрийн багтаамжтай 20 ширхэг төмөр сав байв. Уг савнууд дээр кодтой гадаад үг үсэг орсон цагаан цаасан дээр бичсэн байсныг гэрэл зургаар харуулав. Уг 20 ширхэг төмөр савны 10 ширхэг төмөр сав нь химийн бодис гэх шингэн зүйл байгаа. Уг 10 ширхэг төмөр савны таглааг онгойлгох боломжгүй байсан тул гэрэл зургаар бэхжүүлэв, ...Уг агуулахын зүүн хана дагуу цагаан өнгийн шуудайтай, уг шуудай дээр НзВОз>99.6 гэсэн бичигтэй гадаад үсгээр бичсэн 50 кг жинтэй химийн бодис гэх зүйл байх ба уг шуудайтай химийн бодис нь 74 ширхэг байсныг үйлдвэрийн даргаийн хамт тоолж гэрэл зургийн аргаар тоолж, гэрэл зургийн аргаар бэхжүүлэв, ...агуулахын ертөнцийн зүгээр урд талын хана дагуу цагаан өнгийн шуудайтай химийн бодис гэх хуурай 50 кг-аар савласан зүйл байх ба уг шуудай дээр *********** 50 кг гэсэн бичигтэй гадаад үсгээр бичсэн хаяг шошготой байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн үйлдвэрийн дарга гэхийн хамт тоолоход 39 шуудай байв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 19-21, 22-25 дахь тал/,

 

Хэргийн газарт дахин үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 25-27, 28-30 дахь тал/,

 

Гэрчгийн мөрдөн байцаалтад 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мэдүүлсэн “...Тухайн компани нь хонины ноосоо угааж боловсруулахдаа борийн давс, , шингэн саван, натрийн карбонат нэр томьёотой бодисуудыг ашигладаг. ******* ХХК нь манай байгууллагад 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс хойш ажлын байрны дүгнэлт гаргуулах чиглэлээр ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй. ” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

 

Гэрчийн мөрдөн байцаалтад 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлсэн “...Манай компани ноосоор барилгын материал үйлдвэрлэхдээ ноосоо эхэлж угаахдаа химийн бодис болон шингэн саван, сода, далайн гаралтай борийн давс буюу хүчил ашигладаг.  Манай компани химийн бодис ашиглах гэсэн дугаартай Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 3 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл авсан. Хугацаа нь 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дууссан. Тэрнээс хойш тусгай зөвшөөрлөө сунгуулах гээд холбогдох шаардлагатай бичиг баримтуудаа бүрдүүлэн яам руу явуулах шатандаа явж байгаа. Тусгай зөвшөөрлийг сунгуулахын тулд Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газраас холбогдох дүгнэлт гаргаж авах ёстой байдаг ба тухайн холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэх шатандаа явж байгаа. Миний мэдэхээр 2021 оны 08 дугаар сараас 2022 оны 04 дүгээр сар хүртэл манайх үйл ажиллагаа явуулсан. Тэгээд 2022 оны 04 дүгээр сараас 10 сар хүртэл ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд 2022 оны 10 дугаар сарын сүүлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор гурав хоног ажиллаж ноосоо угаасан. Би тухайн бодисуудыг хэзээ хаанаас анх худалдаж авсныг мэдэхгүй. Намайг анх ажилд ороход гурван төрлийн химийн бодис байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 36 дахь тал/,

 

Гэрчын мөрдөн байцаалтад 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн “...Манай компани нь хонины ноос ашиглан барилгын дулаалгын материал хийдэг. Тухайн барилгын материалыг гаргаж авахдаа хонины ноосоо ялгаад угаадаг ба ингэхдээ борийн давс, сода, шингэн саван гэх гурван төрлийн химийн бодис ашигладаг. Манай компанийн химийн бодис ашиглах тухай зөвшөөрөл байгаа. Гэхдээ 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүчинтэй хугацаа дууссан. Тэгээд дахин тусгай зөвшөөрөл авах гээд холбогдох материалуудаа бүрдүүлэн хүсэлтээ өгөх гэж байгаа гэсэн. Би энэ компанид 2022 оны 09 дүгээр сард ажилд орсон ба намайг орсноос хойш ажиллахгүй байж байгаад 10 дугаар сарын 04-ний өдрөөс ажиллаад ноосоо ялгаж эхэлсэн. Тэгээд 10 дугаар сарын 14, 17, 18-ны өдрүүдэд ноосоо угаасан. Ноос угаахдаа химийн бодис болох 400 литр шингэн саван, 400кг содыг химийн бодис хадгалах агуулахаас гаргаж үйлдвэрлэлд ашигласан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 38 дахь тал/,

 

Гэрчийн мөрдөн байцаалтад 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн “... Манай компани 2016 оноос гурван төрлийн /борийн давс, сода, шингэн саван/ импортлох, ашиглах тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна. Тусгай зөвшөөрлийг 2019 онд сунгалтыг 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сунгасан. Манай үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл дууссан ба түүхий эд дууссан гээд зогссон байгаа. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас галын дүгнэлтээ 2022 оны 11 дүгээр сард авсан, Дархан дахь мэргэжлийн хяналтын газраас 2022 оны 12 дугаар сард ажлын байрны дүгнэлтээ авсан. Төрийн байгууллагаас авах химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрлийн бичиг баримтаа хөөцөлдөж байгаа. Манай байгууллагын агуулахыг энэ гомдолтой холбоотой лацадсан байгаа. Манай Агуулахыг лацдах үед манай байгууллагын ашигласан химийн хорт болон аюултай бодисын сав баглаа боодол агуулах дотор хамт лацдагдсан юм. Сав баглаа боодлоо мэргэжлийн байгууллагаар устгуулж дүгнэлт гаргуулж бичиг баримтын бүрдэлд оруулах шаардлагатай байна. Химийн бодисын хог хаягдлаа Налайх дүүрэгт байрладаг нэрийг нь мэдэхгүй компаниар уусгуулах гэрээг хийх түвшинд явж байгаа.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

 

Бүтээгдэхүүнээс дээш авах тухай 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай “Шалгуулагч хуулийн этгээд ******* ХХК, ...дээж авсан хугацаа 2022.12.30-ны өдөр 20 цаг 15 минут, ...бүтээгдэхүүний төрөл тоо сода 20гр, борийн  хүчил 20 грамм, шингэн саван 30грамм, ...акт тогтоосон , актыг танилцаж хүлээн авсан менежер ” гэх акт /1 дэх хавтаст хэргийн 49 дэх тал/,

 

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 282 дугаартай “...Дээж-1 гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн цагаан өнгийн нунтаг бодис нь борийн хүчил байна. Дээж-3 гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн цагаан өнгийн нунтаг бодис нь натрийн карбонат байна. Дээж-2 гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн бодис нь өнгөгүй, тосорхог, саармаг шинж чанартай байсан ба дээрх дээжид шинжилгээ хийх техникийн боломжгүй.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 53-54, 55 дахь тал/

 

Химийн хот болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах, устгах аж ахуйн үйл ажиллагааны 2014 оны 12 дугаар сарын *********** дугаартай ******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хуулбар /1дэх хавтаст хэргийн 64 дэх тал/,

 

Химийн хот болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах, устгах аж ахуйн үйл ажиллагааны  2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ********** дугаартай ******* ХХК-ийн тусгай зөвшөөрөл /1дэх хавтаст хэргийн 65 дахь тал/,

 

Химийн хот болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах, устгах аж ахуйн үйл ажиллагааны  2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай ******* ХХК-ийн тусгай зөвшөөрөл /1дэх хавтаст хэргийн 65 дахь тал/,

 

Байгаль орчин аялал, жуулчлалын яамны 2022 оны 12 дугаар сарын 22- ны өдрийн 06/7473 дугаартай "... ******* ХХК нь 2014 болон 2019 онд тус яамнаас химийн хорт болон аюултай бодисын тусгай зөвшөөрлүүдийг авч байсан байна.” гэх албан бичиг, хавсралт /1 дэх хавтаст хэргийн 107, 108-109 дэх тал/,

 

Байгаль орчин аялал, жуулчлалын яамны 2022 оны 12 дугаар сарын 22- ны өдрийн дугаартай "...******* ХХК нь 2019-2022 онуудад химийн хорт болон аюултай бодисын ашиглалтын тайланг тус яаманд хүргүүлсэн байна.” гэх албан бичиг, хавсралт /1 дэх хавтаст хэргийн 111 дэх тал/,

 

Гаалийн ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01- 2/3662 дугаартай "...******* ХХК /РД:******* /-ийн 2010 оны 01 дүгээр сарын 01-ээс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд гаалийн мэдүүлгээр импортолсон химийн бодис/25, 28, 34-р бүлгийн бараа/-ын мэдээллийг хавсралтаар хүргүүлэв.” гэх албан бичиг, хавсралт /1 дэх хавтаст хэргийн 127 дахь тал/,

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 227-228 дахь тал/,

 

******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 дэх хавтаст хэргийн 229-230 дахь тал/,

 

**************ийн мөрдөн байцаалтад гэрчээр 2023 оны 02 дугаар сарын 02, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгчөөр 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр тус тус мэдүүлсэн “... ******* ХХК нь химийн хорт болон аюултай бодис зохих зөвшөөрөлтэй хадгалж, ашиглаж, хадгалсан талаар бол мэдэж байсан. Харин химийн бодис хадгалах, ашиглах зөвшөөрлийн хугацаа дууссан талаар мэдээгүй. Химийн хорт болон аюултай бодисыг зохих зөвшөөрөлгүйгээр ашиглах, хадгалах зөвшөөрөл дууссан талаар, мөн Экологийн цагдаагийн албанд энэ асуудлаар шалгагдаж байгаа талаар тухайн үед нь мэдсэн. Тэрнээс хойш бичиг баримтаа хөөцөлдөж байна. Дээрх асуудлаас болоод манай байгууллагын агуулахыг лацадсан байгаа болохоор химийн хорт, аюултай хог хаягдлаа авч чадахгүй болсонтой холбоотой төрийн захиргааны байгууллагад тусгай зөвшөөрлийн бичиг баримтаа өгч чадахгүй байгаа юм. Би ******* ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцоно. Миний ажил үүргийн хувьд компанийн гадаад харилцаа, бүтээгдэхүүн, бизнес хөгжлийг хариуцан ажилладаг. Химийн хот болон аюултай бодисыг хэрхэн ашиглах, хадгалах талаар гүйцэтгэх захирал болон үйлдвэрийн дарга хариуцан ажилладаг. Манай компани нь өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх захирал хариуцдаг. Энэ тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг хариуцах гүйцэтгэх захирал Хятад улсад тоног төхөөрөмжийн судалгаа хийгээд явж байгаа. Хэзээ ирэх нь тодорхойгүй байгаа тул гүйцэтгэх захирлын оролцоогүй энэ асуудлаа шийдчихмээр байна. Миний хувьд адилхан оролцоотой байдаг. ...Манай компани эрх бүхий байгууллагаас химийн хот болон аюултай бодис ашиглах, хадгалах зөвшөөрөлтэй холбоотой бүх бичиг баримтаа бүрдүүлсэн байгаа. Мөн хүсэлтээ өнөөдөр өгч байгаа. ...Манай байгууллага тусгай зөвшөөрлийг 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 2019 онд хийлгэсэн. Энэ хугацаанд бид эрх бүхий байгууллагад өгөх тайлангаа цаг тухай бүр нь хариуцлагатайгаар хүргүүлж байсан. Бидний үйл ажиллагааны төлөвлөгөөгөөр зохих зөвшөөрөлтэй улсын хилээр оруулж ирсэн гурван төрлийн химийн бодисыг зөвшөөрлийн буюу 2019-2022 оны хугацаанд хэрэглээд дуусах байсан боловч давтагдашгүй хүчин зүйл болох Ковид-19 цар тахлын улмаас үйлдвэрийн ажиллагаа зогсож химийн бодисын үлдэгдэлтэй болсон. Бид гурван төрлийн бодис импортлох, ашиглах, хадгалах зөвшөөрөлтэйгөөр оруулж ирээд ашиглаж дуусаагүй байхад дээрх шалтгааны улмаас химийн хорт бодисоо ашиглаж үйлдвэрлэл явуулж амжаагүй байхад зөвшөөрлийн нэг эрх болох хадгалах эрхийн хугацаа дууссан байна. Тусгай зөвшөөрлийн хугацааг хянаж байх нь бидний үүрэг гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ бид зохих зөвшөөрлийн дагуу импортлож оруулж ирээд ашиглаж байсан болохоор цар тахлын улмаас төвөлгөөний дагуу үйлдвэр ажиллаагүй учир химийн бодис хадгалсан гэх асуудал болно гэж ойлгосонгүй нь бидний анзааргагүй байдлаас боллоо.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 45-46 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судав.

 

      Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

      Гэм буруугийн талаар:

 

      Улсын яллагч гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “Шүүгдэгч *********** багийн нутаг дэвсгэрт ноос, ноолуур боловсруулах, гадаад дотоод худалдаа, барилгын дулаалгын материал үйлдвэрлэл чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэргийн дугаартай******* регистрийн дугаартай ******* ХХК нь 2022 оны 5 дугаар сарын 28- ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд ******** багийн нутаг дэвсгэрт хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан "Химийн хорт болон аюултай бодисыг ангилалд хамруулсан бодисын жагсаалт"-д орсон 50 килограммаар 5 савласан 74 шуудай Борийн хүчлийг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байна. ******* ХХК нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна. Иймд шүүгдэгч ******* ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна.” гэв.

 

      Шүүгдэгч ******* ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч******* нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч ******* ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч*******ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь “...гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.”

Шүүгдэгч ******* ХХК-ийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

      Прокуророос шүүгдэгч ******* ХХК-ийг химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлджээ.

     ******* ХХК нь 2014 оноос эхлэн химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дуусаж холбогдох баримтаа бүрдүүлэн тусгай зөвшөөрлийн хугацааг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс дахин 5 жилийн хугацаагаар сунгуулсан нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

     Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэдэг нь химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан шууд санаатай үйлдлийг ойлгоно.

     ******* ХХК-ийн хувьд дээрх үйл ажиллагааг анхнаасаа хууль ёсны дагуу зөвшөөрлөөр явуулж ирсэн бөгөөд зөвшөөрлийн хугацааг хугацаа алдаж сунгуулжээ.

     Эрүүгийн эрх зүйн онолоор гэмт хэргийн дөрвөн шинж байх ёстой бөгөөд үүний нэг шинж нь л үгүйсгэгдвэл уг үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх хуулийн үндэслэлгүй юм. Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэргийн субъектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч ******* ХХК-ийн үйлдэлд гэм буруугийн санаатай хэлбэр үгүйсгэгдэж байна.

     Учир нь болгоомжгүй гэм буруугаар үйлдэгдэх тодорхой төрлийн цөөн тооны үйлдэл, эс үйлдэхүйг Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан.

     Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах нь хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

     Гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт үндэслэн гэм бурууг тодорхойлох нь зөвхөн материаллаг гэмт хэрэгт боломжтой байдаг бол хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт субъектийн хүсэл зоригийг зөвхөн үйлдлээр нь тогтоох шаардлагатай болдог. Иймд санаатай гэм бурууг хэлбэрийн бүрэлдхүүнтэй гэмт хэрэгт тогтоохдоо субъект өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарласан байдал болон түүнийг хүсэж үйлдсэн байдлыг шалгуур болгодог. Мөн субъект нь санаатай гэмт хэрэг үйлдэхдээ тодорхой зорилгод тэмүүлж байдгийг анхаарах нь зүйтэй.

Шүүгдэгч ******* ХХК-ийн хувьд дээрх хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, зориуд хүсэж үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байхад химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан гэж дүгнэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь ******* ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа дууссаныг мэдээгүй хайхрамжгүй хандсан ба зөвшөөрлийн хугацааг дахин сунгуулсан үйл баримт тогтоогдож байхад хугацаа хоорондын тасалдалтыг шууд гэмт хэрэг гэж үзэх нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд хохиролтой үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн хууль ёсны зарчмаар гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлдог. Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулах гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлд тодорхойлсон агуулгаар ойлгох бөгөөд уг гэмт хэргийн субъектив талын шинж нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой.

 Иймд прокуророос ******* ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2202007450074 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ******* ХХК-ийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураасан /“*******” ХХК-ийн няравд лацдаж хүлээлгэн өгсөн/ К84019Е111 кодтой 200 л багтаамжтай төмөр хоосон сав 10 ширхэг, Х3B03-99.6 хувь гэсэн бичигтэй, 50 кг савлагаатай цагаан өнгийн шуудайтай 74 шуудай борын хүчил гэх нутаг зүйл, GB210.1-2004.98.8 хувь гэсэн бичигтэй цагаан өнгийн шуудайтай 50 кг савлагаатай сода гэх хуурай нутаг 39 шуудай зэргийг эзэмшигч “*******” ХХК-д буцаан өгөхөөр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсэг, 36.6, 36.9 дүгээр зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

     1.Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ******* ХХК-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2202007450074 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч “*******” ХХК-ийг цагаатгасугай.

 

     2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч “*******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

     3.Шүүгдэгч “*******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хараагдсан  /“*******” ХХК-ийн няравд лацдаж хүлээлгэн өгсөн гэх/ К84019Е111 кодтой 200 л багтаамжтай төмөр хоосон сав 10 ширхэг, Х3B03-99.6 хувь гэсэн бичигтэй, 50 кг савлагаатай цагаан өнгийн шуудайтай 74 шуудай борын хүчил гэх нутаг зүйл, GB210.1-2004.98.8 хувь гэсэн бичигтэй цагаан өнгийн шуудайтай 50 кг савлагаатай сода гэх хуурай нутаг 39 шуудай зэргийг эзэмшигч “*******” ХХК-д буцаан олгосугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР