| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2023/0031/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/34 |
| Огноо | 2023-05-12 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Б.С |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж
Нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч*******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч*******
Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын харьяат, 1985 оны 04 сарын 30-ны өдөр төрсөн, 37 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, зочид буудал, зоогийн газрын менежер мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдрах, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн хороо, Дарь-Эхийн 1-1129 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, ******* 1-17 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй,******* овогт********************* холбогдох эрүүгийн 2320000130025 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч******* нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Голомт банк"-ны урд талын засмал замаар 62-85 УНК улсын дугаартай Сонота 6 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 11.11 заалт"...тээврийн хэрэгслээр явган хүний зам болон хөвөөгөөр явахыг хориглоно" гэснийг тус тус зөрчиж улмаар явган хүний зам дээр зорчиж явсан мөргөж, биед зүүн хөлийн бүдүүн нарийн шилбэ яс дунд 1/3 хэсгийн хөндлөн хугарал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Тухайн үед бага хүүхэд өвдөж таараад Зөв санаа гэх эмнэлэгт үзүүлээд явж байсан юм. Тэгээд машин ардаас сигналдсан, угаасаа зогсох гэж байсан учраас баруун тал руу дараад зогсох гэтэл баруун урд гуперээр юм мөргөсөн, буугаад харахад хүүхэд байсан. Тэгээд шууд эмнэлэг яваад цагдаад дуудлага өгсөн. Миний буруу гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн ээж рүү эхлээд утсаар ярьж байгаад сүүлдээ эргэж тойрч чадаагүй, уучлалт гуйж байна. Эмчилгээтэй холбоотой гарсан зардал 241,700 төгрөг, замын зардал 393,727 төгрөг, ээжийнх нь цалин 1,044,341 төгрөг, нотлох баримт байхгүй боловч буудлын 60,000 төгрөг, такси 12,000 төгрөг, 2 кг ааруулын үнэ 60,000 төгрөг, мөн эмнэлгийн байгууллагын 351,000 төгрөгийг төлж барагдуулна. Би одоо 7 сартай хүүхэдтэй ажил хийхгүй байна, манай нөхөр хотод хувийн компанид ажилладаг, хохирлыг хуваагаад төлнө“ гэсэн мэдүүлэг
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Манай нөхөр 2018 онд аваарт орж нас барсан. Би 3 хүүхэдтэйгээ өрх толгойлон амьдардаг. Тэр өдөр ажил дээр байж байтал охин Ану-Үжин миний утас руу залгаад дүү машинд мөргүүлсэн, эмнэлэг дээр байна гэж хэлсэн, яваад очиход бага охин Бүжинлхамын зүүн шилбэ хөндлөн 2 хугарсан байсан. Одоо охины хөл бүрэн эдгээгүй, 60 хувьтай бороолж байна гэсэн. Улаанбаатар хот болон Сайншанд сум руу 2 удаа эмчилгээнд явсан. Өнгөрсөн хугацаанд охиноо асрах гээд ажлаасаа 2 удаа чөлөө авсан. Одоо эмчилгээний зардалд 241,700 төгрөг, Улаанбаатар болон Сайншанд сум руу явсан замын зардалд 393,727 төгрөг, миний хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааны цалин 1,044,341 төгрөг, нотлох баримт байхгүй боловч буудлын 60,000 төгрөг, такси 12,000 төгрөг, 2 кг ааруулын үнэ 60,000 төгрөг, нийт 1,811,768 төгрөгийг гаруулж өгнө үү. Мөн хүүхэд маань бүрэн эмчлэгдээгүй, цаашид эмчлүүлэх шаардлагатай байгаа тул эмчилгээнд зарцуулах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-ийн 100-101/
Гэмт хэргийн талаар дуудлага мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2/
Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-11/
Осол хэргийн газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн10/
Шүүгдэгч*******ийн согтуурлыг шалгахад 0,00 хувь үзүүлэлт илэрсэн гэсэн тэмдэглэл /хх-ийн 15/
Иргэний нэхэмжлэгч Х.Лхагважаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Тухайн гэмт хэргийн улмаас иргэн З.Бүжинлхам нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв зэрэг эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 351,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг*******ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаартай дансанд төлүүлэх” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/
Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн З.Бүжинлхамд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн зардлын дүнгийн лавлагаа /хх-ийн 30/
Насанд хүрээгүй гэрч Т.Ану-Үжингийн мөрдөн шалгах ажиллагаанд өсөн “ Би 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 14 цагийн орчимд өөрийн амьдардаг 115-26 тоот байрнаас төрсөн дүү Бүжинлхамын хамт хүнсний дэлгүүр орохоор гэрээс гараад төв талбайн хажуу талын хүнсний дэлгүүр орж үйлчлүүлчхээд гарч яваад 135 дугаар байрны зүүн талаар тойроод гарч ирээд Голомт банкны зүүн талаар хойшоо чиглэлтэй явдаг засмал замын зүүн талын эгнээний явган хүний замаар дүүгээ баруун талдаа хөтлөөд явж байтал хар өнгийн машин манай дүүгийн баруун тал руу мөргөхөд зүүн талаараа явган хүний зам дээр унасан. Манай дүү хөл хөл гээд уйлаад байсан. Нөгөө машин өнгөрч явж байгаад зогсоод нэг эмэгтэй хүн бууж ирээд манай дүүгийн хөлийг барьж үзээд эмнэлэг рүү явна гээд дүү бид хоёрыг машиндаа суулгаад эмнэлэг орсон. Манай дүүгийн зүүн талын хөл нь эвгүй болж, яс нь хугарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 сарын 06-ны өдрийн “1. З.Бүжинлхамын биед гэмтэл тогтоогдлоо.
2. З.Бүжинлхамын зүүн хөлийн бүдүүн, нарийн шилбэ яс дунд 1/3 хэсгийн хөндлөн хугарал гэмтэл тогтоогдлоо.
3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
4. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарах болно” гэсэн 04/014 тоот дүгнэлт /хх-ийн 43-44/
2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Төмөрбаатарын нь 62-85 УНК улсын дугаартай Сонота-6 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 заалт “ Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. “ 11.11 заалт “... тээврийн хэрэгслээр явган хүний зам болон хөвөөгөөр ... явахыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байна. Явган зорчигч Золбаярын Бүжинлхам нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна, ...Т.Дэлгэрцэцэг нь ... Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 11.11 заалтуудыг зөрчсөн нь осол гарах шалтгаан болсон байна” гэсэн 03/13 тоот техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-53/
Шүүгдэгч******* нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 85/
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн ажлын албаны “******* овогт******* нь тус багийн БОС-н гудамжны 1-17 тоотод ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт түр оршин суудаг нь болохыг тодорхойлов” гэсэн албан бичиг /хх-ийн 88/
Шүүгдэгч*******ийн ГЭ85043003 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 89/
Насанд хүрээгүй хохирогч З.Бүжинлхам нь 4 нас 11 сар 3 хоногтой гэсэн нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 94/
Хохирогч З.Бүжинлхамыг эмчлэхтэй холбогдон гарсан замын зардлын болон эмчилгээний баримт /хх-ийн 98, 101-102/
Техник үйлчилгээний газрын “ тус газрын салгалттай засварын мастер******* нь 2023 оны 01 болон 3 дугаар саруудад охин Бүжинлхамыг асрах шалтгаанаар ажлаас чөлөө авсан ба чөлөөтэй байх хугацааны цалингийн тооцоолол 2023 оны 01 сард 4 хоног, 3 сард 3 хоног, нэг өдөрт ноогдох үндсэн цалин нэмэгдлүүд нийт 1,044,341 төгрөг гэсэн” тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн
1.Гэм буруугийн талаар дүгнэвэл:
Шүүгдэгч******* нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Голомт банк"-ны урд талын засмал замаар 62-85 УНК улсын дугаартай Сонота 6 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ явган хүний зам дээр зорчиж явсан мөргөж, улмаар биед нь зүүн хөлийн бүдүүн нарийн шилбэний яс дунд 1/3 хэсгийн хөндлөн хугарал бүхий гэмтэл учруулсан байна.
Шүүгдэгч нь тухайн ослыг гаргахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 11.11 заалт"...тээврийн хэрэгслээр явган хүний зам болон хөвөөгөөр явахыг хориглоно" гэснийг тус, тус зөрчсөн, энэ нь осол гарах шалтгаан нөхцөл болсон талаар техникийн шинжээч хэрэгт тогтоосон байна.
Түүнчлэн насанд хүрээгүй хохирогч З.Бүжинлхамын эрүүл мэндэд учирсан “зүүн хөлийн бүдүүн нарийн шилбэний яс дунд 1/3 хэсгийн хөндлөн хугарал” гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах талаар Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.Гаваасүрэн нь 2023 оны 01 сарын 06-ны өдөр дүгнэлт гаргасан байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон шүүгдэгч нар танилцсан, энэ талаар ямар нэг маргаан гараагүй байна.
Шүүгдэгч*******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан, шүүгдэгчийн үйлдэл хохирогчийн биед учирсан гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүний мэдүүлгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж нотолсон нотлох баримт болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч*******ын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-11/, осол хэргийн газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн10/, насанд хүрээгүй гэрч Т.Ану-Үжингийн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Т.Бүжинлхамын биед учирсан гэмтлийг тогтоосон 04/014 тоот дүгнэлт /хх-ийн 43-44/, шүүгдэгч*******ийг Замын хөдөлгөөний холбогдох заалтыг зөрчсөн, энэ нь осол гарах шалтгаан болсныг тогтоосон 03/13 тоот техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-53/ зэргээр батлагдан тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд гэм буруугийн хэлбэрийг тодорхойлсон байх бөгөөд өөрийн үйлдэл эс үйлдэхүйн улмаас хор уршиг учрах ёстойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно гэж заажээ.
Шүүгдэгч******* нь замын хөдөлгөөнд оролцохдоо орчин тойрны ажиглаж, аюул осол болохоос урьдчилан сэргийлэх байтал хайхрамжгүй хандаж, хүний биед гэмт учруулсан байгааг болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгчийн үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
2.Хохирлын талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч******* нь энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 4-д зааснаар төлөөлөн оролцож байгаа оролцогчийн энэ хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээхээр заасан бөгөөд тэрээр насанд хүрээгүй хохирогч Т.Бүжинлхамыг холбогдох гарсан бүхий л зардлыг буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй юм.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч******* нь эмчилгээний зардалд 241,700 төгрөг, Улаанбаатар болон Сайншанд сум руу явсан замын зардалд 393,727 төгрөг, хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааны цалин 1,044,341 төгрөг, нотлох баримт байхгүй боловч буудлын 60,000 төгрөг, такси 12,000 төгрөг, 2 кг ааруулын үнэ 60,000 төгрөг, нийт 1,811,768 төгрөгийг гаруулахаар,
-мөн насанд хүрээгүй хохирогч Т.Бүжинлхам бүрэн эмчлэгдээгүй, цаашид эмчлүүлэх шаардлагатай байгаа тул эмчилгээнд зарцуулах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн шаардлагыг гаргасан.
Шүүгдэгч******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шаардсан шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлснээс гадна эмчилгээний зардал, замын зардал,*******ын хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааны цалин зэрэг нь хх-ийн 98, 101-102-д авагдсан нотлох баримтуудаар тогтоож байх тул нийт 1,811,768 төгрөгийг гаруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Түүнчлэн насанд хүрээгүй хохирогч З.Бүжинлхам нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв зэрэг эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ авч, 351,000 төгрөгийн зардал гарсан нь иргэний нэхэмжлэгч Лхагважаргалын мэдүүлэг, 351,000 төгрөгийн зардлыг лавлагаа зэргээр хэрэгт тогтоогдож байх тул шүүгдэгчээс шүүгдэгчээс 351,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Улсын яллагч “ шүүгдэгчид 6 сарын хугацаагаар Замын-Үүд сумаас гарах хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” санал гаргасан болно.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт бага насны буюу 7 сартай хүүхэдтэй талаараа мэдүүлдэг бөгөөд тэрээр ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг болох нь түүний ам бүлийн тодорхойлолтоор тогтоогдсон байх ба хүүхдүүдтэй холбоотойгоор Замын-Үүд сумаас зорчих зайлшгүй шаардлага гарахыг үгүйсгэхгүй юм. Иймд шүүгдэгчид торгох ял оногдуулах нь түүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Түүнчлэн******* нь бага насны хүүхэдтэй, ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар хохирол төлбөр төлөх байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч******* нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч******* овогт************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч*******т оногдуулсан 1,000,000 төгрөгийн торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч******* нь 1,000,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар зааснаар шүүгдэгч*******ээс эмчилгээний зардалд 241,700 төгрөг, замын зардалд 393,727 төгрөг, хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааны цалин 1,044,341 төгрөг, буудлын 60,000 төгрөг, такси 12,000 төгрөг, 2 кг ааруулын үнэ 60,000 төгрөг, нийт 1,811,768 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч*******д, гэм хорын хохиролд 351,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст /Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд шилжүүлэх/ тус, тус олгож, хохирогчийг хууль ёсны төлөөлөгч нь насанд хүрээгүй хохирогчийн цаашид эмчлүүлэх зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД