Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 00405

 

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 153/ШШ2019/00405

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Дуут сум, Босго багт оршин суух, .... дугаарын регистртэй, Орлъяс овогт Д-ийн Цгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч С.Мөнхцог

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Ц нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Довчин овогтой Ц миний бие 1964 оны 02 дугаар сарын 05-нд Ховд аймгийн Дуут сумын Бугатын Үнэт гэдэг газар төрсөн. Ховд аймгийн Дуут сумын 8-н жилийн дунд сургуульд 1974 оноос 1979 оныг хүртэл суралцаж байгаад өвчний улмаас сургуулиасаа гарч аав, ээж, эгч нарын хамт мал маллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр 1985 оны хавар манай гэр түймэрт орсны улмаас бичиг баримт устсан. Ийм учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Ховд аймгийн Засаг Даргын Тамгын газрын архивын тасгаас 70 дугаар дансны лавлагаа авч хэрэгт хавсаргасан. Иймд намайг 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дуут сумын Социализмын Зам нэгдлийн Цагаан бургас бригадад малчнаар, 1985 оны 08 дугаар сарын 01 -ний өдрөөс 1993 оны 08 дугаар сарыг дуустал Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Хүрмэн бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Д.Ц нь 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дуут сумын Социализмын Зам нэгдлийн Цагаан бургас бригадад малчнаар, 1985 оны 08 дугаар сарын 01 -ний өдрөөс 1993 оны 08 дугаар сарыг дуустал Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Хүрмэн бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Ц нь 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дуут сумын Социализмын Зам нэгдлийн Цагаан бургас бригадад малчнаар, 1985 оны 08 дугаар сарын 01 -ний өдрөөс 1993 оны 08 дугаар сарыг дуустал Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Хүрмэн бригадад малчнаар тус тус ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 421 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дуут сумын Цагаанбургас бригадын 1979 оноос 1985 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар архивын тасгийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 205 дугаартай лавлагаа

Хүсэлт гаргагчийн 1981 онд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1992 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн 0733197 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 126/101478 дугаартай гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 126/101445 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа,

Иргэн М.Шинэхүүгийн ...Би Өмнөговь аймгийн Хүрмэн сум, Хүрмэн багт мал маллаж амьдардаг. Ховд аймгийн Дуут сумын иргэн С.Цтэй 1985 оноос 1993 оны 08 дугаар сарыг хүртэл Өмнөговь аймгийн Хүрмэн сум, Хүрмэн бригадад хамтдаа мал маллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт,

Иргэн А.Эрдэнэбаярын ...Миний бие Д.Цтэй 1979 оноос 1985 оныг хүртэл Ховд аймгийн Дуут сумын Социализм нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь үнэн болно... гэх тодорхойлолт,

Иргэн Д.Дамбийгийн ...Миний бие Д.Цтэй 1979 оноос 1985 оныг хүртэл Ховд аймгийн Дуут сумын Социализм нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь үнэн болно... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.Цгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-д ааснаар Д.Баасанхүү улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Орлъяс овогт Довчингийн Цг 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дуут сумын Социализмын Зам нэгдлийн Цагаан бургас бригадад малчнаар, 1985 оны 08 дугаар сарын 01 -ний өдрөөс 1993 оны 08 дугаар сарыг дуустал Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Хүрмэн бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-д ааснаар Д.Баасанхүү улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ