Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/35

 

        

              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж,

 

            Нарийн бичгийн дарга *******

            Улсын яллагч*******

            Шүүгдэгчийн өмгөөлөгч*******

            Иргэний нэхэмжлэгч*******

            Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1968 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 55 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн сумын Насан туршийн боловсролын нэгжийн багш ажилтай, Дорноговь аймгийн сумын 4-р багийн 5-1-6 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,  Боржигон овогт********************* холбогдох эрүүгийн 2209000002303 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  С.Дарьзав нь Өүлэн ээж коллежийн 2003 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн D200314332 дугаартай "Боловсролын Бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Улаанбаатар хотоос үл таних хүнээс 1,200,000 төгрөгөөр худалдан авч 2004 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ашиглаж, 2023 оны 03 сар хүртэл буюу одоог хүртэл Насан туршийн боловсролын багшаар ажиллахдаа ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би Өүлэн ээж  коллежид сурч төгсөөгүй, 2008 онд худалдан авсан санаж байгаа юм. Мөрдөн байцаагч Дөлбадрах нь 2003 оны диплом байна, 2004 онд авсан байх гээд байсан. Тамгын газарт ажилд томилогдоход Идэр дээд сургуульд төгссөн дипломоор ажилд орж байсан. Би 1993 онд монгол бичгийн 45 хоногийн курс, дуу хөгжмийн курс төгсөж байсан. Сургуульд орохоосоо өмнө курс дамжаа төгссөн учраас сургууль болон, цэцэрлэгт ажилласан байсан. Хуурамч диплом гэдгийг мэдсээр байж ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. АББ гэдэг нь албан бус боловсрол гэж байгаа юм.” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “ Би 1986 онд  Ерөнхий боловсролын сургууль төгсөж, 1986-1987 онд Айраг суманд  лаборант багш, 1987-1988 оны хооронд  Замын-Үүд суманд пионерын удирдагч,  1988 онд Айраг суманд дуу хөгжийн багш, 2006 он хүртэлх үеийг санахгүй, суманд 2006 оны 06 сараас цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаад дараа нь насан туршийн боловсролын багш хийсэн. Монгол бичгийн  багш, архив бичиг хэргийн багш 45 хоногийн курст 1992 онд, Боловсролын их сургуулийн багшлах эрхийн сургуульд 45 хоногийн курст 2004 онд суралцаж үнэмлэх авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 98/,

           

            Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт, шинжилгээ хийсэн тухай танилцуулга /хх-ийн 11-22/

            Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн  багш нарын баримт бичгийн  зөрчлийн жагсаалтын 336 дугаарт Дорноговь аймаг, сум,**************, Өүлэн ээж коллеж,  бакалавр, 2003 он, D200314332  гэжээ /хх-ийн 29/

 

            Гэрч Ч.Энх-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...БШУЯамны сайд Л.Энх-Амгалангийн 2021 оны 12 сард гаргасан тушаалын дагуу ажлын хэсэг байгуулагдаж дээд боловсрол, ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсрол, мэргэжлийн хяналтын байгууллага, боловсролын ерөнхий газраас тус тус хүмүүс ажлын хэсэгт орж ажилласан. ...ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм. ...улсын хэмжээний цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтнуудын дипломыг өөрсдөөс нь хуулбар байдлаар гаргуулж аваад түүнийгээ архивын материал, системийн бүртгэл, төгсөгчдийн дипломын бүртгэл, захирлын тушаалууд зэрэг мэдээллийг тулгаж байж зөрчлийг гаргаж ирж байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 38-41/

 

            Гэрч Я.Номинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...энэ оны  03 сарын 02-ны өдөр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Боловсрол  шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны хяналт шалгалт, хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан. ...шалгалтын хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтны ирүүлсэн дипломыг харахад бүртгэлийн дугаарыг засварласан нь илтэд мэдэгдэхүйц засварласан, тамга тэмдэг, гарын үсэг дутуу, гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, бүртгэлийн дугаар давхардсан, хавсралтын бүрдэл дутуу, дипломын загвар буруу зэрэг зөрчлүүд 458 байсан. ...ажлын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй тайлбар өгөөгүй байгаа мөн Боловсролын мэдээллийн сангийн бүртгэлд боловсролын баримт бичгийг оруулсан боловч цахимаар буюу файлаар материал ирүүлээгүй зөрчлүүд байна” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44/

 

            Гэрч А.Танан-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Зөвхөн дээрх бүртгэл, мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг тодруулсан.  ...Ерөнхийдөө зөрчлийг 5 ангилсан бөгөөд 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5 гэх маягаар бичилт хийсэн байгаа.  Ангилсан кодыг уншихдаа 1.1 дипломын дугаар давхацсан, бусдын дипломын дугаарын ашигласан,  1.2 дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамч үйлдсэн, 1.3 тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас, 1.4 дээд шатны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас, 1.5 дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрснийг тус тус ангилсан” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48/

 

            Гэрч Н.Батбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Боловсролын салбарт esis  буюу боловсролын салбарын мэдээллийн  систем болон  hemis буюу дээд боловсролын удирдлагын мэдээллийн систем гэсэн хоёр мэдээллийн системийг ашигладаг. Esis системийг 2013 оноос хойш Боловсрол шинжлэх ухааны яам ашиглаад хөгжүүлээд явж байгаа, hemis системийг 2018 оноос хөгжүүлээд явж байна. Тухайн программд  мэдээлэл оруулахдаа боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүс нь анх орохдоо өөрсдөө юм уу сургууль, цэцэрлэгийн менежер, эрхлэгч нар мэдээлэл оруулдаг үнэн зөвийг нь аймаг, дүүргийн  боловсролын хэлтсийн ажилчид хяналт тавьж ажилладаг. ...зөрчилтэй диплом бүхий багш нарыг төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь төгсөгчдийн дипломын үнэн зөвийг систем нотлох боломжгүй зөрчилтэй эсэхийг тухайн сургууль нотолно. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил үе шаттайгаар  тасралтгүй хийгдэж байна тиймээс системд бүртгэлгүй шүүлт хийхэд байхгүй байна гэдэг нь системийн алдаа биш юм” гэх мэдүүлэг /хх-ийн 55-57/

 

            Гэрч Д.Анхзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай салбарын сайд Л.Энх-Амгалангийн 2021 оны 12 сарын 08-ны өдрийн А/446 дугаартай тушаалын дагуу ажлын хэсэгт орж ажилласан. Ажлын хэсгийн даргаар хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Ч.Энх-Амгалан ахалж  нарын бичгээр тус газрын ахлах шинжээч Б.Доржхуяг, хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Жавзанжаргал, ерөнхий боловсролын салбарын хүний нөөцийн бодлогын удирдлага зохицуулалт хариуцсан шинжээч Д.Наранзул, сургалтын байгууллагын хөгжил, орчин, хэрэглэгдэхүүний бодлого, төлөвлөлт хариуцсан шинжээч Б.Бадамжав, боловсролын мэдээллийн технологийн төвийн систем хөгжүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Батбилэг, Боловсролын ерөнхий газраас ахлах мэргэжилтэн Н.Батбилэг, Боловсролын ерөнхий газраас ахлах мэргэжилтэн Л.Батхангай, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас улсын байцаагч А.Танан-Эрдэнэ, Я.Номинцэцэг нарын хамт ажилласан” гэх мэдүүлэг /хх-ийн 60-63/

 

            Гэрч Д.Цэдэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...одоогийн байдлаар нийт 196 хүний мэдээллийг нарийвчлан тулгалт хийж үзсэн ба үүнээс 12 иргэн нь суралцаж төгссөн нь үнэн байна, харин үлдэгдэл иргэдийн хувьд бол манай сургуульд огт элсэн орж төгсөлт хийгээгүй энэ талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байна. Үүнийг бол бидний зүгээс хуурамч диплом хийлгэсэн гэж үзэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68/

 

            Иргэний нэхэмжлэгч*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...гаргаж өгөх санал хүсэлт байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, хуулийн дагуу шийдвэрлэнэ биздээ” гэх мэдүүлэг /хх-ийн 120-122/

 

            Дорноговь аймгийн сумын 2005 оны 06 сарын 25-ны өдрийн 38 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 75/

           

            Дорноговь аймгийн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2015 оны 08 сарын 18-ны өдрийн Б/10 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 76/

           

            Дорноговь аймгийн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын  2015 оны 08 сарын 31-ний өдрийн Б/15 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 77/

           

            “Өүлэн ээж” коллежийн 200314332 дугаартай*******ын “нийгмийн ажилтан, АББ-ын арга зүйч” бакалаврын диплом, хавсралт /хх-ийн 78-79/

 

            “Өүлэн ээж” коллежийн 200314332 дугаартай бакалаврын дипломыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 101/

 

            2022 оны 12 сарын 20-ны өдрийн Дорноговь аймгийн сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч А.Ариунаагийн тодорхойлолт /хх-ийн 115, 117/

 

            Шүүгдэгч*******ын ЕА68070902 регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 123/

 

            Шүүгдэгч*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт  /хх-ийн 126-133/

 

            Шүүгдэгч******* нь ял шийтгүүлж байгаагүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 134/

 

            Идэр дээд сургуулийн 200821798 дугаартай*******ын “бизнесийн удирдлага” бакалаврын диплом, хавсралт /135-136/

 

           *******ын “Багшийн  хөгжил” сэдэвт  дамжаанд суралцаж, 3,7 голч дүнтэй төгссөн гэсэн Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 2004 оны 06 сарын 18-ны сертификат, Монгол бичгийн  хоршоолол гэсэн үнэмлэх, “бага насны хүүхдийн хөгжил” сургалтад хамрагдаж 2,5 кредитийн агуулгыг судалсан гэсэн 2007 оны 12 сарын 01-ний өдрийн сертификат, “сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл, бага насны хүүхдийг хөгжүүлэх” сургалтын агуулга, аргазүй, үнэлгээ” сургалтад хамрагдсан гэсэн сертификат, “сургуулийн өмнөх боловсролын стандарт” 18 цагийн сургалтад хамрагдсан гэсэн сертификат, цахилгаан даралтат хөгжмийн курсэд сууж 3 кредит үзсэн гэсэн Соёлын коллежийн /2001 он/ сертификат зэргийн хуулбар /хх-ийн 139-147/

 

            Шүүгдэгч*******ын ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 149-151/

 

            Мөрдөгчийн үйлдсэн шүүгдэгч*******ын  2004 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн  2023 оны 03 сар хүртэлх ажилласан  жилийн  цалингийн жагсаалт /хх-ийн 215/

 

            Дорноговь аймгийн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/12 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 217/,

            Дорноговь аймгийн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 05 сарын 01-ны  өдрийн Б/13 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 219/

 

            Дорноговь аймгийн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2021 оны 08 сарын 02-ний өдрийн Б/05 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 221/

 

            Дорноговь аймгийн Айраг сумын 8 жилийн сургуулийн дунд сургуулийн захирлын 1987 оны 08 сарын 26-ны өдрийн 31 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 222/

 

            Дорноговь аймгийн Айраг сумын 8 жилийн сургуулийн дунд сургуулийн захирлын 1986 оны 07 сарын 07-ны өдрийн  40 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 226/

 

            Дорноговь аймгийн АДХ-ийн гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын  1987 оны 09 сарын 03-ны өдрийн 130 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 224/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн  шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч*******д  холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, хэрэгт бэхжүүлэгдсэн, нэг нь нөгөөгөө давхар нотолсон нотлох баримтууд гэж үзэв.

 

Гэм буруугийн талаар:

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын шүүгдэгч*******ыг “Өүлэн ээж коллеж”-ийн 2003 оны 06 сарын 05-ны өдрийн D200314332 дугаартай бакалавр зэргийн дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж 2004 оны 09 сараас эхлэн 2023 оны 03 сарын хүртэл хугацаанд  ашиглаж, Дорноговь аймгийн сумын цэцэрлэгийн эрхлэгч, дотуур байрны багш, насан туршийн боловсролын багшаар ажилласан гэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн байх бөгөөд шүүх шүүгдэгчид холбогдох зарим үйлдэл холбогдол нотлогдохгүй байна гэж дүгнэлээ. Тодруулбал:

 

Улсын яллагч нь шүүгдэгчийг хуурамч дипломыг ашиглан 2004 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн 2005 оны 03 сарын 09-ний өдрийг хүртэл Дорноговь аймгийн сумын сургалтын менежерээр,

-2005 оны 06 сарын 25-ны өдрөөс эхлэн 2013 оны 06 сарын 25-ны өдөр хүртэл Дорноговь аймгийн цэцэрлэгийн эрхлэгчээр,

- 2013 оны 08 сарын 01-ний өдрөөс эхлэн 2013 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл Дорноговь аймгийн сумын засаг даргын тамгын газарт нийгмийн  хөгжлийн бодлогын мэргэжилтнээр,

-2014 оны 03 сарын 03-ны өдрөөс эхлэн  2014 оны 06 сарын 02-ны өдрийг хүртэл  Дорноговь аймгийн Айраг сумын  цэцэрлэгийн багшаар,

-2014 он 09 сарын 01-ний өдрөөс эхлэн 2015 оны 08 сарын 17-ны өдрийг  хүртэл Дорноговь аймгийн Айраг сумын  цэцэрлэгийн багшаар тус, тус ажилласан гэж үзсэн байх бөгөөд энэ хугацаанд тухайн ажлуудад томилон ажиллуулсан гэх эрх бүхий албан тушаалтны шийдвэр болон дээрх ажлуудад томилогдохын тулд ямар шаардлага тавигддаг байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, ажилд томилогдохдоо D200314332 дугаартай бакалавр зэргийн дипломыг ашиглан хүсэлт гаргасан, эсэхийг шалган тогтоогоогүй атлаа ямар нотлох баримтыг үндэслэн хуурамч баримт бичиг ашигласан гэж буруутгаж байгаа нь тодорхойгүй байна.

 

Шүүгдэгч******* нь дээрх ажлуудад томилогдон ажиллаж байсан гэж 2023 оны 03 сарын 29-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгт дурдах боловч энэхүү мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг яллах үндэслэл болохгүй юм.

 

            Шүүгдэгч******* нь 1986 онд Ерөнхий боловсролын 10 жилийн дунд сургуулийг бүрэн дунд боловсролтой төгссөний дараа 1986 оны 07 сарын 07-ны өдрөөс эхлэн Дорноговь аймгийн Айраг сумын 8 жилийн сургуулийн дунд сургуулийн лаборант багш, дуу хөгжмийн багш,  Замын-Үүд 8 жилийн дунд сургуульд дуу хөгжмийн багш, Айраг, сумын цэцэрлэгт ажиллаж байсан байх бөгөөд тэрээр энэ үед дээд боловсрол эзэмшээгүй атлаа тодорхой курс, дамжаанд сурч, олж авсан мэдлэгээр багшийн ажилд томилогдож байсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн мэдүүлэг,

 

            -Дорноговь аймгийн Айраг сумын 8 жилийн сургуулийн дунд сургуулийн захирлын 1987 оны 08 сарын 26-ны өдрийн “Лаборант ******* нь багшаар  дэвшин ажиллах болсон тул  08 сарын 26-наар тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, ардын боловсролын хэлтсийн мэдэлд шилжүүлсүгэй” гэсэн  31 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 222/

 

            -Дорноговь аймгийн Айраг сумын 8 жилийн сургуулийн дунд сургуулийн захирлын 1986 оны 07 сарын 07-ны өдрийн “**************ыг лаборантаар ажиллуулсугай” 40 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 226/

 

            -Дорноговь аймгийн АДХ-ийн гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын “ 1987 оны 09 сарын 03-ны өдрийн “...7.Ерөнхий дунд боловсролтой *******ыг Замын-Үүд 8 жилийн дунд сургуульд 1987 оны 08 сарын 31-ний өдрөөс эхлэн дуу хөгжийн багшаар томилсугай” гэсэн 130 дугаартай тушаалын хуулбар зэргээр тогтоогддог бөгөөд түүний ажлын туршлагыг харгалзан холбогдох ажилд томилон ажиллуулж байсныг үгүйсгэх нөхцөл байдал байхгүй ба тэрээр 2004 оноос өмнө, түүнээс хойш 2015 оны 08 сар хүртэл хугацаанд дээрх ажлуудыг хийсээр ирсэн байдаг тул Өүлэн ээж коллежийн хуурамч дипломыг ашигласан гэж үзэх боломжгүй байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч*******ыг 2004 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн 2015 оны 08 сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд сургалтын менежер, цэцэрлэгийн багш, цэцэрлэгийн эрхлэгч, нийгмийн хөгжлийн бодлогын мэргэжилтнээр ажиллаж байсан гэх үйлдэл тогтоогдохгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Харин шүүгдэгч  С.Дарьзав нь “Өүлэн ээж коллеж”-ийн 2003 оны 06 сарын 05-ны өдрийн D200314332 дугаартай бакалавр зэргийн дипломыг бусдаас худалдан авсны дараа хуурамч гэдгийг мэдсээр байж, Дорноговь аймгийн сумын Ерөнхий  боловсролын сургуульд 2015 оны 08 сарын 17-ний өдрөөс эхлэн 2022 оны 11 сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд дотуур байрны багш, сургалтын менежер, насан туршийн боловсролын багшаар ажилласан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

 

            -Дорноговь аймгийн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2015 оны 08 сарын 18-ны өдрийн “Сүхбаатар овогтой*******ыг 2015 оны 08 сарын 17-ны өдрөөс эхлэн  дотуур байрны багшаар  авч ажиллуулсугай” гэсэн Б/10 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 76/

 

            -Дорноговь аймгийн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын  2015 оны 08 сарын 31-ний өдрийн “ Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны  багш**************ыг  2015 оны 09 сарын 01-ний өдрөөс  эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж,  насан туршийн боловсролын  багшаар авч ажиллуулсугай” гэсэн Б/15 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 77/

 

            -Дорноговь аймгийн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Насан туршийн боловсролын багш**************ыг 2017 оны 02 сарын 20-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, дотуур байрны багшаар авч ажиллуулсугай” гэсэн Б/12 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 217/,

 

            -Дорноговь аймгийн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 05 сарын 01-ний  өдрийн “Сүхбаатарын******* нь сургалтын менежерээр  ажилд орох хүсэлт гаргасан тул 2018 оны 05 сарын 01-ний өдрөөс эхлэн сургалтын менежерээр  авч ажиллуулсугай” гэсэн Б/13 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 219/

            -Дорноговь аймгийн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2021 оны 08 сарын 02-ны өдрийн “сургалтын менежер**************ыг үүрэгт нь ажлаас нь чөлөөлж, насан туршийн боловсролын багшаар авч ажиллуулсугай “гэсэн Б/05 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 221/,

 

            -Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт, шинжилгээ хийсэн тухай танилцуулга /хх-ийн 11-22/

            -Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн  багш нарын  баримт бичгийн  зөрчлийн жагсаалтын 336 дугаарт Дорноговь аймаг, сум,**************, Өүлэн ээж коллеж,  бакалавр, 2003 он, D200314332  гэжээ /хх-ийн 29/

 

            - Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт, шинжилгээ хийсэн гэрч Ч.Энх-Амгалан /хх-ийн 38-41/, Я.Номинцэцэг /хх-ийн 42-44/, А.Танан-Эрдэнэ /хх-ийн 46-48/, Н.Батбилэг /хх-ийн 55-57/, Д.Анхзаяа /хх-ийн 60-63/, Д.Цэдэвсүрэн /хх-ийн 67-68/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Түүнчлэн шүүгдэгчийн ашигласан D200314332  дугаартай дипломд “ Нийгмийн ажилтан, АББ-ын арга зүйч” мэргэшлийн БАКАЛАВРЫН зэрэг олгов гэж бичигдсэн байх бөгөөд АББ гэх товчлол нь албан бус боловсрол гэх утгыг илэрхийлэх талаар шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарладаг бөгөөд Боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “албан бус боловсрол” гэж боловсролын албан ёсны тогтолцооноос гадуур иргэнд боловсролын үйлчилгээ үзүүлэх зохион байгуулалттай үйл ажиллагааг, хуулийн 3.1.20-д  “насан туршийн боловсрол” гэж  бүх насны иргэд боловсролын албан болон албан бус хэлбэрээр ёс суртахуун, гоо зүй, иргэн, гэр бүл, шинжлэх  ухаан, амьдрах ухааны боловсролыг тасралтгүй эзэмших үйл ажиллагааг тус тус хэлэхээр заасан байна.

 

            Дээрх ажиллагааг Боловсролын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “ аймаг, нийслэл, сум, дүүрэгт насан туршийн болон албан бус сургалтыг зохион байгуулах..., эсхүл сургалтыг байгууллагыг түшиглүүлэн ажиллуулна” гэж заасны дагуу сумын Ерөнхий боловсролын сургууль нь насан туршийн боловсролын багшаар*******ыг томилж ажиллуулсан  байна гэж дүгнэх боломжтой байх тул шүүгдэгчийг 2015 оны 08 сарын 17-ны өдрөөс эхлэн дотуур байрны багш, насан туршийн боловсролын багшаар ажиллаж эхэлсэн гэж гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг тогтоосон болно.

 

            Мөн улсын яллагч нь шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг 2023 оны 03 сар хүртэл хугацаанд үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгчийг 2022 оны 11 сарын 14-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгааг танилцуулж, яллагдагчаар мэдүүлэг авсан /хх-ийн 88-91, 97-99/ байх тул гэмт хэрэг үйлдэж төгссөн цаг хугацааг 2022 оны 11 сарын 14-ний өдөр гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол” гэж хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн шинжүүдийг хуульчилсан.

Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн “хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэх шинжид тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүрэг болгосон баримт бичиг, тамга, тэмдэг, иргэний үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт зэргийг хуурамч болохыг мэдсээр байж эрх олгуулах, тодорхой үр дагавар үүсгэх, давуу байдал бий болгох зорилгоор хэрэглэх үйлдэл хамаарна.

Шүүгдэгч*******ын Дорноговь аймгийн сумын цэцэрлэгийн эрхлэгч, дотуур байрны багш, насан туршийн боловсролын багшаар ажилд орохдоо ашигласан “Өүлэн ээж коллеж”-ийн 2003 оны 06 сарын 05-ны өдрийн D200314332 дугаартай Боловсролын бакалавр зэргийн диплом нь хуурамч болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон учир түүнийг дээрх дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Тодруулбал, хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэрэг нь нэг удаагийн үйлдлээр үйлдэгдэхээс гадна гэмт санаа нь тасралтгүй хэрэгжиж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг, удаан хугацаанд үйлдэгддэг онцлогтой бөгөөд шүүгдэгч******* нь боловсролын бакалаврын зэрэг олгосон дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ажилд орохдоо ашиглаж, 2015 оны 08 сарын 17-ны өдрөөс эхлэн одоог хүртэл эрхлэгч, дотуур байрны багш, насан туршийн боловсролын багшийн орон тоонд ажиллаж, төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдаж, цалин хөлс авч, эдийн засгийн үр ашгийг тогтмол хүртэж, хууль бус үйлдлээ үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байгаа тул түүнийг удааширсан шинжтэй үйлдлээр хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэргийг  үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч нь өөрийнхөө үйлдлийн хууль бус шинжийг ухамсарласан атлаа ажилд орохын тулд хуурамч дипломыг ашиглаж, төрийн албан тушаалд томилогдон ажиллаж гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч*******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “диплом хуурамч гэдгийг мэдсээр  байж ашиглах” гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул “Өүлэн ээж коллеж”-ийн 2003 оны 06 сарын 05-ны өдрийн D200314332 дугаартай Боловсролын бакалаврын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Дээрх гэмт хэргийг үйлдэгдэхэд шүүгдэгч буруутай боловч нөгөө талаас  шүүгдэгчийг ажилд томилон ажиллуулж байгаа байгууллагаас эрх олгосон баримт бичгийг нягтлаагүй, мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт тавих байдал хангалтгүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Хохирлын тухайд:

Улсын яллагч нь шүүх хуралдаанд “ шүүгдэгч*******ыг 2004 оны 09 сараас  2023 оны 03 сарыг хүртэл хугацаанд 164,759,762 төгрөгийн цалин авсныг гэмт хэрэг үйлдэж олсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5-д зааснаар  улсын орлого болгон шийдвэрлүүлэхээр дүгнэлт гаргасан,

 

            иргэний нэхэмжлэгч*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “ шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, цалин орлогыг тооцож авах талаар бидэнд чиглэл өгөөгүй болно “ гэж мэдүүлсэн болно.

 

            Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг  үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ... албадан гаргуулах үүрэгтэй хэдий боловч тухайн олсон орлогыг мөрдөн шалгах ажиллагаанд нотлох баримтаар тогтоосон байх учиртай.

 

            Улсын яллагч нь хавтаст хэргийн 215 дугаар талд авагдсан мөрдөгчийн үйлдсэн шүүгдэгч*******ын  2004 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн  2023 оны 03 сар хүртэлх ажилласан  хугацааны цалингийн жагсаалтыг үндэслэн  164,759,762 төгрөгийг улсын орлого болгохоор дүгнэлт гаргасан бөгөөд мөрдөгч нь дээрх жагсаалтыг шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанаас хуулбарлан түүвэр хийснээс өөрөөр шүүгдэгчийн ажилд томилогдсон болон чөлөөлөгдсөн тушаалд цалин хөлс, нэмэгдлийг хувь хэмжээг тогтоосны дагуу тооцсон, эдийн засгийн шинжээч томилох, дүгнэлт гаргуулах гэх мэтээр нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

            Иймд прокурор гэмт хэрэг үйлдэж олсон орлогын хугацаа болон нийт мөнгөн дүнг нягт тооцож, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй байна.

 

            Эрүүгийн хариуцлагын тухайд:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

 

            Өмгөөлөгчийн зүгээс “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт  хэрэг үйлдсэн” гэж үзсэн бөгөөд шүүгдэгч нь нэг удаагийн тохиолдлоор бус удаан хугацаанд, үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн тул өмгөөлөгчийн санал үндэслэлгүй болно.

           

            Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан “ энэ хуульд заасан гэмт хэрэг  үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ “ гэсэн гэм буруугийн зарчимд нийцүүлэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Өмгөөлөгч нь шүүгдэгчид торгох ял оногдуулж, түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож өгнө үү гэсэн саналыг шүүх хүлээн авав.

 

            Бусад:

Шүүгдэгч******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Өүлэн ээж” коллежийн 2003 оны 06 сарын 05-ны өдрийн D200314332 дугаартай Боловсролын бакалавр зэргийн дипломыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч*******ыг “ Өүлэн ээж “ коллежийн 2003 оны 06 сарын 05-ны өдрийн D200314332 дугаартай Боловсролын бакалавр зэргийн дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж, 2004 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн 2015 оны 08 сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд  сургалтын менежер, цэцэрлэгийн багш, цэцэрлэгийн эрхлэгч, нийгмийн  хөгжлийн бодлогын мэргэжилтнээр ажиллаж байсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Шүүгдэгч******* овогт************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан”  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч**************ыг 2,000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

4.Шүүгдэгч******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, прокурор гэмт хэрэг үйлдэж олсон орлогын талаарх нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч*******т оногдуулсан 2,000,000 төгрөгийн торгох ялыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч******* нь 2,000,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2003 оны 06 сарын 05-ны өдрийн D200314332 дугаартай Боловсролын бакалаврын дипломыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвийн үргэлжлүүлсүгэй.

 

9. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.ЦЭРЭНХАНД