| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2023/0033/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/36 |
| Огноо | 2023-05-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Д.З
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э
Шүүгдэгч М.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Эрдэнэ суманд 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, зүтгүүрийн туслах машинч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, оршин суух, Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсгийн Замын-Үүд эргэх депод туслах машинч ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урд нь ял шийтгэлгүй, Е овогт М.ийн Н.т /РД:/-д холбогдох эрүүгийн 2320000000... тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч М.Н.ыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 07-ны шөнө 01 цаг 30 минутын үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Б.ын .-.. тоотод оршин суух иргэн А.ийн гэрт Э.О.тай маргалдаж гараараа цохиж, гэрийн гал зуух руу түлхэн унагаж, зүүн гарыг нь хутгаар зүсэж биед нь зүүн нүд, зовхи орчимд зөөлөн эдийн няцрал, цус хууралт, 2 нүдний салтанд цус хуралт, хүйсний баруун талд язарсан өнгөц шарх, зүүн бугалганы гадна дээд хэсэгт хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохиролучруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж байгаа талаар мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1/,
Хар өнгийн 12 см урт иштэй, 13 см урттай, нийт 25 см урттай хутгыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 12/,
Хохирогч Э.О.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Миний бие 2023 оны 03 дугаар сарын 06-ны орой найзын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад 21 цагийн орчимд хамт нэг байгууллагад хамт ажилдаг Замын-Үүд сум 2 дугаар баг Б .-.. тоотод амьдардаг А ахынд 0,5 граммын "Ерөөл" нэртэй нэг шил архитай гэрт нь ирсэн. Тэгээд би А ахтай авч ирсэн архи хувааж уугаад би өмнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул нилээн муудаад гэрийн зүүн талд орны урд талд хэсэг хугацаанд унтаж амарсан. Намайг А ахынд байж байхад шөнө манай ажлын Н орж ирээд та энд юу хийж байгаа юм бэ гэж асуухаар нь чи харанхуй шөнө юу хийж яваа юм бэ гэж хэлээд би босож ирээд бид хоёр хоорондоо хэрүүл маргаан хийх шиг болоод нэг, нэгийгээ гараараа цохиод түлхэж, гэрт байсан зуух руу намайг Н түлхээд гараад явсан. Мөн миний зүүн гарыг хутгаар зүсчихээд гараад гүйгээд явсан. Тухайн үед Н бид хоёр байсан тул О миний биед гэмтэл учруулсан. Би нилээн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд муудсан байсан тул яг юунаас болж хэрүүл маргаан гарсан талаар мэдэхгүй байна. Бид хоёр тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Н нь А ахынд орж ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүмүүс нэг нэгийнхээ үгийг даахгүй ийм асуудал гарсан юм шиг байна ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/,
Иргэний нэхэмжлэгч Х.Л.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... гэмт хэргийн улмаас иргэн Э.О нь эмнэлгээс тусламж үйлчилгээ авч, Эрүүлд мэндийн сангаас 347,500 төгрөгийн зардал гарсан тул М.Н-аас гаргуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “ Э.О-ын биед зүүн нүд, зовхи орчимд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 2 нүдний салстанд цус хуралт, зүүн бугалганы гадна дээд хэсэгт хатгагдаж, зүсэгдсэн ил шарх, хүйсний баруун талд язарсан өнгөц шарх гэмтлүүд тогтоогдлоо,... Дээрх гэмтлүүдийн зүүн нүд, зовхи орчимд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 2 нүдний салстанд цус хуралт, хүйсны баруун талд язарсан өнгөц шарх гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба зүүн бугалганы гадна дээд хэсэгт хатгагдаж, зүсэгдсэн ил шарх нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно” гэсэн 04/051 тоот дүгнэлт /хх-ийн 37-38/
Эрүүл мэндийн даатгалын санд 347,500 төгрөг төлсөн баримт /хх-ийн 105/
Хүсэлт хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 106/
Хохирогч Э.О-ын “ Миний бие Н-аас эмчилгээний зардалд 2,000,000 төгрөг авсан нь үнэн болно, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй“ гэсэн хүсэлт /хх-ийн 129/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан тухайн гэмт хэргийг шүүгдэгч М.Н үйлдсэнийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон байна.
Иймд хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Н нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Э.О-т 2,000,000 төгрөгийг төлсөн, хохирогч Э.О-т эмнэлгээс үзүүлсэн тусламж үйлчилгээний зардалд 347,500 төгрөгийн төлбөр гарсныг 2023 оны 05 сарын 15-ны өдөр төлж барагдуулсан нь хх-ийн 105-р хуудсанд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримт болон хохирогчийн шүүхэд гаргасан хүсэлтээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн 12 см урт иштэй, 13 см урттай, нийт 25 см урттай хутгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Е овогт М-ийн /РД: /-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Е овогт М-ийн Н-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч М.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн 25 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч М.Н нь 500,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц