Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 00407

 

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 153/ШШ2019/00407

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Манхан сум, Төгрөг гол багт оршин суух, .... дугаарын регистртэй, Сумалдай овогт Ц-ын -ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ц.Пи нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1963 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Ц.Пийн 3 дахь хүүхэд болж мэндэлсэн. 1979 оны 6 дугаар сард Ховд аймгийн Манхан сумын 8 жилийн сургуулийг төгсөөд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилчнаар ажилд орж 1979 оны 9 дүгээр сар хүртэл ажилласан. 1980 оны 09 дүгээр сараас Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн механикжсан салаанд ажилд орж засварчин, дагалдан жолоочоор ажиллаж байгаад 1994 оны 05 дугаар сараас Ховд аймгийн Манхан сумын Давшилт нэгдэлд тракторын жолоочоор нэгдэл тартал ажилласан. Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэл тараад Манай зам хоршоо болсон. Уг хоршоонд тракторын жолоочоор ажилласан. Иймд намайг Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд тракторын жолоочоор 1980 оны 05 дугаар сараас 1992 оныг хүртэл тракторын жолоочоор, 1992 оноос 1994 оныг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэл болон Баясгалант амьдрал компанид тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т ...нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх гэж заасан байна.

Иймд шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагч Ц.Пи нь 1980 оны 05 дугаар сараас 1992 оныг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд тракторын жолоочоор, 1992 оноос 1994 оныг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал компанид тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Ц.Пи нь 1980 оны 05 дугаар сараас 1992 оныг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд тракторын жолоочоор, 1992 оноос 1994 оныг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал компанид тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 409 дугаартай албан бичиг

Хүсэлт гаргагчийн 1991 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, 1979 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 153/ШШ2017/00557 дугаартай шийдвэрийн хуулбар

Хүсэлт гаргагчийн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байх үедээ авахуулсан гэрэл зураг,

Иргэн Ч.Ядамсүрэнгийн ...Би 1978 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1982 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байгаад цэргийн алба хаагаад 1985 онд цэргээс халагдсан. Ингээд тус нэгдэлдээ 1985 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхэлж ажиллаад 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ажиллаж байсан. Энэ хугацаанд Ц.Питай хамтдаа ажиллаж байсан нь үнэн болно... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ц.Пийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Сумалдай овогт Цэнджавын Пийг 1980 оны 05 дугаар сараас 1992 оныг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд тракторын жолоочоор, 1992 оноос 1994 оныг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал компанид тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ