Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/38                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Ц  даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э 

Улсын яллагч Б.С 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б 

Шүүгдэгч Б.М  нарыг оролцуулан тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй явуулсан  хуралдаанаар

 

шүүгдэгч Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Айраг суманд 19.. оны .. сарын ..-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  хөгжимчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар баг,  оршин суух, хувиараа хөдөлмөр эрхлэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урд шийтгэлгүй, Б  овогт Б-ийн М-д / .. / холбогдох эрүүгийн 2320000000... дугаартай хэргийг 2023 оны 05 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Б.М-д Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.М  нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөрт шилжих шөнө 00 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар баг, Т-ын .-. тоотод Т.Ж-ыг шүүгээнээс дураараа мөнгө авлаа гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, сандалтай нь хойшоо унаган биед нь бүсэлхийн зүүн талын 3, 4 дүгээр нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн зөрүүгүй хугарал, хоёр зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд 5, баруун доод 2 дугаар шүдний эмтрэл, баруун тохойн зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч Б.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн буюу “ үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогчид 2023 оны 05 сарын 01-нд 3,400,000 гаруй төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд 778,000 төгрөг төлсөн, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө” гэж мэдүүлсэн мэдүүлгээс гадна

Хохирогч Т.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... М-ий гэрт очсон /хаягыг нь хэлж мэдэхгүй байна/ М-ий гэрт ороод бид гурав 2 шил архи хувааж ууцгаасан юм. Би архи ууж байгаад тасраад сэрсэн, тэгсэн өглөө болчихсон, айлын нэг өрөөнд ганцаараа шалан дээр баруун талаараа хэвтэж байсан, босох гэсэн босож болох бие өвдөөд зүүн талын түнх, нуруугаар өвдөж, хамар амнаас цус гарчихсан байхаар Ц ахыг дуудаж, бие өвдөж байгаагаа хэлээд Ц  ахаар түшүүлээд дотор 00-д нь хамар амнаас гарсан цусаа угааж арилгачихаад сумын эмнэлэг рүү үл таних хүний машинаар Ц  ахтай хамт явж хүргүүлж үзүүлсэн. Эмнэлэгт дээр "Нурууны Рентген зураг, Дусал тариа" хийлгэж байгаад вагон явах цаг болсон учир эмнэлэгээс явж вагонд сууж маргааш нь хотод ирээд шууд гэмтлийн эмнэлэгт ирж үзүүлж шинжилгээ өгсөн. Маргааш нь Хэнтийгээс аав ээж хоёр ирж намайг Хэнтий рүү авч явж 7 хоног эмнэлэгт хэвтэж байгаад 03 сарын 28-нд хотод ирж Шүүх эмнэлэгт үзүүлсэн. Би М-ийг урьд нь таньдаггүй байсан. Тэр өдөр танилцсан. М-ий гэрт бид гураваас өөр хэн нэгэн хүн байгаагүй. М-ийн гэрт очихоос өмнө Ц бид хоёр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэхдээ ухаан санаа хэвийн М  бас архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тоглолтоор очсон бид нар Б  нэртэй буудлын 2 давхарт 301 тоот өрөөнд байрласан. М-ий гэр нь Дорноговь Замын-Үүд Борхойн баг Т-ийн .. тоотод байдаг...Бид гурав хоорондоо маргалдсан эсэхийг огт санахгүй байна. Одоо биеийн байдал алхаж явах, хүндээр бие засах, суух зэрэгт нуруу түнхээр өвддөг юм идэхээр шүд өвддөг эмтэрчихсэн юм. Би тухайн үед тасарчихсан байсан Ц  ах миний биед гар хүрэхгүй намайг зодохгүй. Миний биед учруулсан хохирлыг М  надад учруулсан, М  өөрөө надад гар утсаар залгаж хэлэхдээ "чи бид хоёр хөзөр тоглож байхад чи намайг маллах гээд байхаар нь би уур хүрээд гараараа цохьчихсон тэгээд чи сандалтайгаа арагш уначихсан" гэж хэлсэн... Миний мөнгө бариад сууж байгаа зургийг чатаар явуулсан байдаг юм. Ямар ч байсан М  гэх хүнтэй би юм яриад суугаад байсан, бид хоёрын дунд ямар нэг хэрүүл маргааны шинжтэй зүйл гараагүй. Би арагшаа саваад шалан дээр унах шиг болоод тэрнээс хойш яг юу болсон талаар сайн санахгүй байна... М  ахын ярьж байгаагаар бид хоёр мөнгөөр хөзөр тоглож байгаад М гэх хүн намайг мөнгө авна гэж бодсон юм байлгүй, тэгээд намайг цохиод унагасан. Тэрнээс бид хоёрын дунд сая танилцсан хүмүүс учир ямар нэг хэрүүл маргаан гараагүй байх. М  гэх хүн намайг мөнгө аваад явна гэж бодоод цохиж зодсон.... Одоогийн байдлаар эмчилгээний зардалд Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Ж  сум руу жижиг тээврийн хэрэгслээр явсан бензиний зардал, Улаанбаатар хотоос Замын-Үүд сум руу ирсэн болон явах зардал нийт 3.409.950 төгрөг болсон. Надад учирсан хохирлоос 1.400.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байгаа. Санал гомдол байхгүй. Миний учирсан хохирлын төлж барагдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-11/,

Иргэний нэхэмжлэгч Х.Л-ын “ Тухайн гэмт хэргийн улмаас Т.Ж  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг, нийслэлийн түргэн тусламжийн төв, Гэмтэл согог судлалын  үндэсний төв, Ж  эмнэлгүүдээс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн  даатгалын сангаас   зардал гарсан тул Б.М-ээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/,

Эрүүл мэндийн даатгалын сангаас  зарцуулсан  зардлын задаргаа 778,000 төгрөг гэсэг лавлагаа /хх-ийн 21/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын  2023 оны 03 сарын 21-ний өдрийн “Т.Ж-ын биед бүсэлхийн зүүн талын 3,4-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн зөрүүгүй хугарал, хоёр зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд 5-, баруун доод 2-р шүдний эмтрэл, баруун тохойн зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо, ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэсэн 4298 тоот дүгнэлт  /хх-ийн 33-34/,

Хохирогч Т.Ж-ын Х  банкны 59........ тоот дансанд 2,000,000 төгрөг шилжүүлсэн баримт / хх-ийн 74/,

Т банкны 1009........ тоот дансанд 778,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-ийн 75/,

Хохирогчоос ирүүлсэн хохирлын баримт /64-66/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Иймд хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.М  нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан материаллаг хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Т.Ж-т нийт 3,400,000 төгрөг төлсөн нь хохирогчийн мэдүүлэг болон Х  банкны 59........ тоот дансны мөнгөн шилжүүлгийн баримтаар, мөн Т.Ж-т эмнэлгээс үзүүлсэн тусламж үйлчилгээний зардалд 778,000 төгрөг гарсныг тэрээр 2023 оны 05 сарын 01-ний өдөр төлж барагдуулсан нь Т  банкны  1009........ тоот дансны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул түүнийг энэ шүүзх хуралдаанаа бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Харин хохирогч нь 2023 оны 04 сарын 09, 12-ны өдрийн Н  шүдний эмнэлгийн баримт,  М  ХХК-д ажилладаг гэсэн тодорхойлолт, 2022 оны 01 сараас эхлэн 2023 оны 03 сарыг дуустал хугацааны нийгмийн даатгал төлсөн баримтыг цагдаагийн байгууллагаар дамжуулан 2023 оны 05 сарын 24-ны өдөр шүүхэд ирүүлсэн боловч нэхэмжлэл гаргасан эсэх, эсхүл хувийн байдлаа нотлох үүднээс шүүхэд ирүүлсэн эсэх нь тодорхойгүй байх бөгөөд тэрээр энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4500,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний баримт бичиггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б  овогт Б-ийн М  /../-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б  овогт Б-ийн М-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.М  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  хохирогч энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг  тус, тус дурдсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.М  нь 450,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.Ц