Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 00409

 

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 153/ШШ2019/00409

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Бичигт багийн 2-45 тоотод оршин суух, ПЮ68072619 дугаарын регистртэй, Боржигон овогт Сэрээтэрийн Нямдэлгэрийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Нямдэлгэр болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж нар нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1969 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн. 50 настай. Ам бүл 6. Нөхөр 4 хүүхэдтэй. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж 1977 онд Ховд аймгийн Жаргалант сумын 10 жилийн 2 дугаар дунд сургуульд орж суралцан 1987 оны 06 дугаар сарын 20 -нд 10 дугаар ангиа төгсөж улмаар УБ хотын Барилгын ТМС -д элсэн орж 1989 оны 06 дугаар сард төгссөн Ховд аймгийн Барилга угсралтын трестийн 8 дугаар бригадад өрлөгчнөөр 1989 оны 02 дугаар сарын 21-нд ажилд орж 1993 оны 12 дугаар сарын 01 -ний хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул ажлаас чөлөөлөгдсөн. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд миний Ховд аймгийн Барилга угсралтын трестийн 8 дугаар бригадад өрлөгчнөөр 1989 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 01 -ний хүртэл ажиллаж байсан үеийн баримт бичгийг Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас шүүлгэхэд ажилд орсон тушаал байгаа бөгөөд ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй ажилласан жилээ тогтоолгож чадахгүй хохирч байна. Иймд намайг Ховд аймгийн Барилга угсралтын трестийн 8 дугаар бригадад өрлөгчнөөр 1989 оны 02 дугаар сарын 21 ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 01 ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тоггоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч С.Нямдэлгэр нь 1989 оны 02 дугаар сарын 21 ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 01 ний өдрийг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын трестийн 8 дугаар бригадад өрлөгчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч С.Нямдэлгэр нь 1989 оны 02 дугаар сарын 21 ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 01 ний өдрийг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын трестийн 8 дугаар бригадад өрлөгчнөөр ажиллаж байсан болох нь

Хүсэлт гаргагчийн 1989 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нээлгэсэн 261386 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Хүсэлт гаргагчийн 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нээлгэсэн 0352207 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Иргэн П.Оюунбилэгийн ...Миний бие Ховд аймгийн Барилга угсралтын трестэд 1989 оноос 1993 оныг хүртэл С.Нямдэлгэртэй хамтдаа ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт,

Иргэн Г.Сонинтөрийн ... Миний бие Ховд аймгийн Барилга угсралтын трестэд 1989 оноос 1993 оныг хүртэл С.Нямдэлгэртэй хамтдаа ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С.Нямдэлгэрийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Сэрээтэрийн Нямдэлгэрийг 1989 оны 02 дугаар сарын 21 ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 01 ний өдрийг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын трестийн 8 дугаар бригадад өрлөгчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар С.Нямдэлгэрийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ