| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00382/И |
| Дугаар | 00410 |
| Огноо | 2019-08-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 00410
| 2019 оны 08 сарын 20 өдөр | Дугаар 153/ШШ2019/00410 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Зэрэг сум, Гүвээ багт оршин суух, .. дугаарын регистртэй, Номчийнхон овогт Ц-ий Цын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Ц.Ц нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1964 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багт Цэвээний ууган хүү болон мэндэлсэн. Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн дунд сургуульд 1972 онд 1 дүгээр ангид орж, 1980 онд 8 дугаар ангиа төгссөн. Улмаар эвлэлийн илгээлтээр малчин болж мал маллаж байгаад 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1986 оны 06 дугаар сарын 23-ны өдөр цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадад эцэг эхийн хамт малчнаар ажиллаж байгаад 1988 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Мөнхөөгийн Саруултай гэр бүл болж тус нэгдэлдээ үргэлжлүүлэн ажиллаж эхэлсэн. Иймд Ц.Ц намайг 1980 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Ц.Ц нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Миний бие хөдөө мал маллаж ганцаараа амьдардаг, мал харах хүн байхгүй тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна. Иймд шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагч Ц.Ц нь 1980 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ц.Ц нь 1980 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 261 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ бригадын 1980 оноос 1983 он, 1986 оноос 1991 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс
Хүсэлт гаргагчийн 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн 0774218 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 153 дугаартай лавлагаа,
Хүсэлт гаргагч Ц.Цын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 126/002554 дугаартай Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 126/002556 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа,
Иргэн П.Баатарбилэгийн ...Миний бие Ц.Цтай Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1980 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хамтдаа ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт,
Иргэн П.Зоригтийн ...Миний бие Ц.Цтай Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1980 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хамтдаа ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ц.Цын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Номчийнхон овогт Цэвээний Цыг 1980 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ