Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагважаргалын Тунгалаг |
Хэргийн индекс | 118/2021/0025/З |
Дугаар | 118/ШШ2021/0045 |
Огноо | 2021-12-17 |
Маргааны төрөл | Бусад, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 118/ШШ2021/0045
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: З.Гончигбал болон Г.Чагнаадорж,
Хариуцагч: Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, хуралдаан даргалагч нар /Ч.Даариймаа, А.Цэндсүрэн/
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Б.Ууганбаяр, Б.Эрдэнэчимэг, Ө.Цэрэндорж, Б.Цолмонбаатар, Б.Ганбаатар,
Гуравдагч этгээд: Ч.Тойвгоо, Ю.Дэлгэрнасан, Я.Дарьбазар, Г.Амаржаргал, Б.Жавзансүрэн, Г.Ганбат, Д.Удолгор, Ж.Болд, Д.Дарханбаатар, Ц.Ариунбилэг, Ж.Болормаа, А.Төмөр, Д.Бат-Эрдэнэ, А.Мөнхсайхан, Б.Ганбаатар, С.Цэрэнням нарын хооронд гарсан Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны анхдугаар хуралдаанаас гаргасан захиргааны акттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.Гончигбал /онлайнаар/, түүний өмгөөлөгч О.Мөнхболд /онлайнаар/, Г.Пүрэвдорж /онлайнаар/, нэхэмжлэгч Г.Чагнаадорж, түүний өмгөөлөгч Т.Цэрэндагва /онлайнаар/, хариуцагч Ч.Даариймаа, гуравдагч этгээд Б.Ууганбаяр, Ө.Цэрэндорж, Б.Цолмонбаатар, Б.Ганбаатар, Ч.Тойвгоо, Ж.Болд, Г.Амаржаргал, Б.Бат-Эрдэнэ, А.Мөнхсайхан, Г.Ганбат, Ж.Болормаа, Д.УДолгор, А.Төмөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. 2020 оны ээлжит орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тухайд анхдугаар хуралдааныг хоёр удаа, өөр өөр байдлаар буюу Ардчилсан нам /9/, Монгол Ардын нам /12/-аас нэр дэвшин сонгогдсон төлөөлөгч нар тус тусдаа зохион байгуулж, шинээр сонгогдсон Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, Хурлын дарга, Тэргүүлэгчид, сумын Засаг даргыг сонгож томилуулахаар уламжлах, хуралдааны дэг батлах зэрэг асуудлыг хэлэлцэж, холбогдох тогтоолуудыг давхцуулан гаргаснаар энэ маргаан үүсжээ.
2. Нэхэмжлэгч З.Гончигбал нь Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр явагдсан гэх хуралдаанаас Хурлын даргаар сонгогдсон байх ба уг өдрийн анхдугаар хуралдааныг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох, уг хуралдаанаас гаргасан шийдвэрүүд /01, 02, 03, 04, 05, 06-р тогтоол/-ийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр явагдсан гэх анхдугаар хуралдааныг даргалсан А.Цэндсүрэн, Хурлын даргаар сонгогдсон Г.Чагнаадорж нарт холбогдуулан гаргажээ.
2.1 Нэхэмжлэгч Г.Чагнаадорж нь Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр явагдсан гэх хуралдаанаас Хурлын даргаар сонгогдсон байх ба 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр явагдсан анхдугаар хуралдаан болон уг хуралдаанаас гаргасан тогтоолууд /01, 02, 03, 04, мөн дугааргүй нэг тогтоол/-ыг илт хууль бус болохыг тус тус тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр явагдсан гэх анхдугаар хуралдааныг даргалсан Ч.Даариймаа, Хурлын даргаар сонгогдсон З.Гончигбал нарт холбогдуулан гаргажээ.
3. Нэхэмжлэгч З.Гончигбал нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр, нэхэмжлэгч Г.Чагнаадорж нь 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр тус тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагуудад дурдсан үйл баримтууд адил, нэг ажиллагаагаар нэгтгэн хэлэлцэх боломжтой хэмээн үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан үндэслэлээр тус шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн118/ШЗ2021/0187 дугаартай шүүгчийн захирамжаар дээрх нэхэмжлэлтэй захиргааны хэргүүдийг нэгтгэсэн.
4. Нэхэмжлэгч З.Гончигбал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Аймаг, Нийслэл, Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийг сонгох ээлжит сонгууль 2020 оны 10 сарын 15-ны өдөр улс орон даяар болсон...Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол Ардын Намаас 12, Ардчилсан намаас 9, нийт 21 нэр дэвшигч сонгогдсон. Миний бие олонхын санал авч сонгогдсон 21 нэр дэвшигчийн нэг юм. Алдархаан сумын Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дээрх нэр бүхий 21 төлөөлөгчдийг сонгогдсонд тооцох тухай 05 дугаар тогтоол гарсан. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт "Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид... зарлан хуралдуулна" гэж заасан байдаг бөгөөд өмнөх Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн "Сумын Төлөөлөгчдийн Хурлыг сонгох 8 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааныг хуралдуулах тухай 40 дүгээр тогтоолоор анхдугаар хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цагт хуралдуулахаар товлосон. Энэ тогтоолын дагуу 2020 оны 11-р сарын 30-ны өдөр Алдархаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан зарлагдаж, шинээр сонгогдсон 21 төлөөлөгчдөд зохих журмын дагуу мэдэгдсэн. 11-р сарын 30-ны өдрийн анхдугаар хуралдаанд Монгол Ардын Намаас нэр дэвшиж сонгогдсон 12 төлөөлөгчөөс 10 нь биеэр, 2 нь цахимаар нийт 12 төлөөлөгч оролцож, Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон 9 төлөөлөгч оролцоогүй. Энэхүү цаг үе нь Ковид-19 коронавируст цар тахал дотоодод бүртгэгдэж, хатуу хөл хорио тогтоосон үе байсан тул Улсын онцгой комисс, Аймгийн Онцгой комиссын заавар, зөвлөмжийн дагуу цахимаар төлөөлөгч нар оролцсон. 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн анхдугаар хуралдаанаар... сонгогдсон 21 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай тогтоол, хуралдааны дэг батлах тухай, Хурлын даргаар З.Гончигбал намайг сонгосон тогтоол, сумын Засаг даргаар Ю.Дэлгэрнасанг уламжлах тухай тогтоолуудыг гаргасан. Гэвч бүрэн эрх нь дуусгавар болсон өмнөх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Хурлын тамгыг хууль ёсоор сонгогдсон шинэ Хурлын даргад өгөлгүй, Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон 9 төлөөлөгчид шилжүүлсэн. Мөн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон 9 төлөөлөгч хуралдаж, 13 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай тогтоол, Хурлын даргаар Г.Чагнаадоржийг, Засаг даргаар Ч.Тойвгоог уламжлуулах тогтоолууд гаргаж, нэг орон нутагт 2 нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага байгаа мэт шийдвэрүүдийг гаргаж, хууль зөрчиж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.7-д Аймаг, Нийслэл, Сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно гэж заасан байдаг бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хуралдсан хуралдаан нь 9 төлөөлөгч оролцож, олонх хүрэлцэн ирээгүй тул хүчин төгөлдөр бус бөгөөд мөн миний бие Хурлын тамга өгөхийг Ардчилсан намын төлөөлөгчдөөс удаа дараа шаардсан боловч 2020 оны 12-р сарын 30-ны өдрийн хуралдаан хүчин төгөлдөр хэмээн маргаж өгөхөөс татгалзсаар байгаа болно... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ" гэж тодорхойлсон тул хариуцагчаар А.Цэндсүрэн, Г.Чагнаадорж нарыг татсан үндэслэл нь А.Цэндсүрэн нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хуралдсан гэх анхдугаар хуралдааныг хамгийн ахмад төлөөлөгч гэдгээр Хурлыг даргалсан, мөн уг хуралдаанаар Г.Чагнаадоржийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгож, шийдвэрүүд гаргасан байгаа нь захиргааны үйл ажиллагааг гардаж хэрэгжүүлсэн субъектүүд учраас дээрх 2 төлөөлөгчийг хариуцагчаар сонгосон болно... Ардчилсан намын төлөөлөгчдийн хууль бус үйлдлийн улмаас Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болж, Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрх, нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх зөрчигдөж байна...Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
4.1 Нэхэмжлэгч З.Гончигбалын өмгөөлөгч О.Мөнхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн 1-р шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3 дахь заалтад заасан нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг хүссэн нэхэмжлэл бөгөөд тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5 дахь заалтад заасан эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх" гэсэн шүүхийн шийдвэр гаргуулахыг хүссэн болно. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны ерөнхий хууль, захиргааны эрх зүйгээр зохицуулагдах эрх зүйн харилцаа үүссэн, байгаа эсэхийг тогтоолгох буюу тогтоох төрлийн нэхэмжлэлийн шаардлага учраас ямарваа нэгэн захиргааны акт байхыг шаардахгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл энэхүү шаардлага нь ямар нэгэн захиргааны акттай маргаагүй, ...2020 оны 11-р сарын 30-ны өдрийн анхдугаар хуралдааныг хүчин төгөлдөр гэдгийг шүүхийн журмаар тогтоолгохыг хүссэн болно ...энэ анхдугаар хуралдааныг хүчин төгөлдөр гэдгийг тогтоосноор уг Хурлаас гарсан шийдвэрүүдийг хүчин төгөлдөр гэж үзэж, нэхэмжлэгчийн болон уг анхдугаар хуралдаанд оролцож шийдвэр гаргалцсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн зөрчигдсөн эрх сэргэх юм. Гэтэл хариуцагч нар нь 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хуралдсан анхдугаар хуралдааныг хүлээн зөвшөөрөлгүй, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дахин анхдугаар хуралдааныг хуралдуулж, нэг суманд 2 өөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид бий болоод байгаа нь нэхэмжлэгч болон 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Хуралд оролцсон төлөөлөгчдийн болон сумын иргэдийн эрх ноцтой зөрчигдөж байна. Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5.3-д заасан нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг" хүссэн нэхэмжлэл бөгөөд тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5 дахь заалтад заасан "эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх" нэхэмжлэлийн шаардлагаас гадна 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хуралдсан гэх анхдугаар хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн", 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох"-ыг хүссэн агуулгатай юм. Иймд 2020 оны 10-р сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан сонгуулиар сонгогдсон Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2020 оны 11-р сарын 30-ны өдрийн анхдугаар хуралдааныг хүчин төгөлдөр болохыг тогтоолгуулж, хүлээн зөвшөөрүүлж, Ардчилсан намаас сонгогдсон Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2020 оны 12-р сарын 30-ны өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоож, уг хурлаас гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгож өгнө үү гэв.
4.2 Нэхэмжлэгч З.Гончигбалын өмгөөлөгч Г.Пүрэвдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цахимаар хуралд оролцох боломжтой эсэх асуудал дээр нэмэлт тайлбар хэлье. Хуралдааны дэг дээр хуралд цахимаар оролцуулж болно, болохгүй гэсэн зохицуулалт тодорхой бус байгаа. Гэхдээ шүүх хуралд ч гэсэн 3 өмгөөлөгч цахимаар оролцоод тайлбар үндэслэлээ хэлээд мэтгэлцээд явж байна. Өөрөөр хэлбэл хуралд оролцоно гэдэг нь орон зайнаас үл хамаарч тухайн оролцогч саналаа илэрхийлээд явж байгааг ойлгоно. Тиймээс цахимаар зайнаас орсон төлөөлөгч нарыг саналын эрхгүй байсан гэдэг бол үндэслэлгүй тайлбар гэж үзэж байна...гэв.
4.3 Нэхэмжлэгч Г.Чагнаадорж шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлдээ: ...Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд миний бие Ардчилсан намаас, хариуцагч З.Гончигбал нь Монгол Ардын намаас тус тус нэр дэвшин бусад нэр дэвшигчдийн хамт өрсөлдсөн. Монгол Ардын намаас З.Гончигбал болон бусад нэр бүхий нийт 12 нэр дэвшигч, Ардчилсан намаас бидний нэр бүхий 9 нэр дэвшигчид олонхын саналыг авч сонгогдсон. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, ...зарлан хуралдуулна гэж заасны дагуу өмнөх Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 40 дүгээр тогтоолоор анхдугаар хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11.00 цагт хуралдуулахаар товлосон. Гэвч уг анхдугаар хуралдаан нь товлосон өдрөө болоогүй, тодорхой шалтгааны улмаас Хурлын Тэргүүлэгчид 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаж, 41 тоот тогтоолыг гарган анхдугаар хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Гэтэл энэ өдөр хуралдаан болсон мэтээр тэр өдрийн Монгол Ардын намын бүлгийн хурлыг Ч.Дайриймаа даргалж, З.Гончигбалыг даргаар сонгож сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан гэж үзэж хуулийн дагуу болсон мэтээр шүүхэд нэхэмжлэл гарган маргаж байгаа нь хуульд нийцэхгүй, уг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр болсон гэх анхдугаар хуралдааныг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, 47.1.5, 47.1.6-д тус тус заасны дагуу илт хууль бус гэж үзэх үндэслэлтэй. Тиймээс тэрхүү хуралдаанаас гаргасан тогтоолууд /тамга тэмдэггүй/ ч мөн адил дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр илт хууль бус гэж үзэж байна. Учир нь энэхүү хуралдааны товыг намуудын бүлгийн дарга нарт мэдэгдсэний зэрэгцээ хурлын зохион байгуулалтын хэлбэрийн талаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т заасны дагуу 2020 оны 11 дүгээр сарын 27, 28-ны өдрийн 28, 29 дугаартай албан бичгүүдээр ...анхдугаар хуралдаан зохион байгуулахдаа халдвар хамгааллын дэглэмээ баримталж, товлосон хугацаанд танхимаар хуралдахыг мэдэгдье гэж намын бүлгүүдэд мэдэгдэл хүргүүлсэн байдаг.Түүнчлэн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймгийн Алдархаан сумын Ардчилсан намын бүлгийн дарга Б.Ганбаатараас ...Ардчилсан намын бүлэг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргад тус тус нэр дэвшүүлэхээ мэдэгдсэн 08 тоот тогтоолыг сумын Хуралд өгч, хавсралтаар Алдархаан сумын Засаг даргад нэр дэвшигч Ч.Тойвгоогийн намтар, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр дэвшигч Г.Чагнаадоржийн намтрыг хүргүүлсэн тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 11.3, 11.4...-т тус тус заасны дагуу нууц санал хураалтаар Хурлын даргыг сонгох нь тодорхой болсон. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-т Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална гэж заасны дагуу анхдугаар хуралдаан товлох асуудал нь 2016 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан дэгийн дагуу явагдах учиртай байсан бөгөөд уг 2016 онд батлагдсан хурлын хуралдааны дэгд онлайнаар төлөөлөгч хуралд оролцох зохицуулалт байхгүй тул хуралдааныг онлайн болон хосолсон хэлбэрээр зохион байгуулах боломжгүй. Ардчилсан намын бүлгийн хуралдаанаас Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хандан ...1-т улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосны улмаас Ардчилсан намын 1, Ардын намын 2 төлөөлөгч хуралд оролцох боломжгүй, 2-т 2020 оны ээлжит сонгуулиар Алдархаан сумын Өгөөмөр багт ялалт байгуулсан гэх 8 нэр дэвшигчийг хуулийн байгууллагуудад гомдол гаргасны дагуу захиргааны хэрэг үүсгэсэн, зөрчлийн хэрэг нээж шалгагдаж байгаа, 3-т Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргад тус намын бүлгээс нэр дэвшүүлэх тул нууц санал хураалтыг цахим хэлбэрээр авах боломжгүй, 4-т хуулийн дагуу ирцийн бүрдэл хангагдсан үед хуралд оролцох гэсэн үндэслэлүүдээр хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьсан тул Ардчилсан намын нэр бүхий 9 төлөөлөгчид 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11.00 цагт зарласан хуралдаанд оролцоогүй... 30-ны өдрийн 11 цагт эхлэх байсан анхдугаар хуралдааны ирц сумын Хурлын 21 төлөөлөгчөөс МАН-ын 10 төлөөлөгч ирснээр 47.6 хувьтай байсан нь хурал хийгдэх хууль зүйн үндэслэл бүрдээгүй. Хурлын Тэргүүлэгчдийн зүгээс хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хойшлуулах шийдвэрийг гаргаж тогтоолыг тухайн өдөр нь иргэний танхимд байсан анхдугаар хуралдаанд оролцохоор ирсэн байсан МАН-ын 10, онлайнаар гэх 2 нийт 12 төлөөлөгчдөд уншиж танилцуулж, АН-ын бүлгийн дарга Б.Ганбаатарт анхдугаар хуралдаан хойшилсон тогтоол гаргасан тухай мэдэгдсэн. Мөн Алдархаан сумын сонгуулийн хороонд энэ тухай албан бичгээр мэдэгдсэн. Гэтэл МАН-ын 10 төлөөлөгч өөрсдийн дураар, хууль зөрчин өөрсдөө хуралдааны хэлбэр, бэлтгэлээ хийж, Улаанбаатар хотоос зөвхөн МАН-ын 2 төлөөлөгчийг цахимаар нэмж оролцуулан хуралдаан хийснийгээ хуралдаан болсон мэтээр тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй тул Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр болсон гэх анхдугаар хуралдааныг болон уг хуралдаанаас гаргасан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
4.4 Нэхэмжлэгч Г.Чагнаадоржийн өмгөөлөгч Т.Цэрэндагва шүүхэд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, мөн хэргийн оролцогчдын тайлбар, мэтгэлцээнээс харахад 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаан, хурлаас гарсан шийдвэрүүд нь хууль бус болох нь тогтоогдож байна гэж дүгнэж байна. Нэхэмжлэгч Г.Чагнаадорж, А.Цэндсүрэн нарын нэхэмжлэлийн шаардлага болон бие даасан шаардлага гаргасан Б.Эрдэнэчимэг, Б.Ууганбаяр, Ө.Цэрэндорж, Б.Цолмонбаатар, Б.Ганбаатар нарын гаргасан бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлд Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийг хуульчилсан. 20.1.1-д Хурлын Тэргүүлэгчид нь хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулах, үйл ажиллагаатай холбогдсон санал шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх ийм бүрэн эрх олгогдсон байна. Хэрэгт авагдсан баримтаар анхдугаар хурлыг танхимын хэлбэрээр зохион байгуулна гэдгийг Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоол гаргаад мэдэгдсэн байна. Гэтэл үүнийг зөрчөөд 2 төлөөлөгчийг цахимаар оролцуулсан нь Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан тогтоолыг нь зөрчсөн байна. Энэ хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Хурлын Тэргүүлэгчид 11 дүгээр сарын 30-нд хурал товлосон өдрөө хурал явагдах боломжгүй болохоор нь хурлыг хойшлуулаад, товыг өөрчлөөд мэдэгдсэн байна. Энэ асуудлаар оролцогч нар маргадаггүй. Өнөөдөр энэ тогтоол хүчинтэй хэвээрээ байна. Хоёрдугаарт, Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Цолмонбаатарын бие даасан шаардлагад хурлын товыг мэдээгүй, мэдэгдээгүй асуудал дурдагдсан байдаг. Тэгэхээр төлөөлөгч бүр хуралд оролцох, санал тавих, асуулт асуух, хариулт авах гэх мэт хуульд заасан онцгой бүрэн эрхтэй. Энэ эрхийг нь хангаж өгөөгүй байна. Цахимаар оруулж болдог юм байна гэж бодоход Ардчилсан намын нэг төлөөлөгч бас Улаанбаатарт байсан учраас хуралдаа биечилж оролцох боломжгүй байсан. Гэтэл энэ төлөөлөгчийг төлөөлөгч гэдэг утгаар нь биш сөрөг намын хүн гэдгээр нь төлөөлөгчийнх нь оролцоог хангаагүй байдаг. Дараагийн дугаарт 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн улмаас гуравдагч этгээдүүдийн эрх ашиг яаж зөрчигдсөн гэхээр өмнө хэлсэнчлэн иргэдийн Төлөөлөгч бүр хуралд биечлэн оролцох, санал гаргах, санал өгөх, Хурлын дарга, Засаг даргад нэрээ дэвшүүлэх эрхтэй байтал энэ оролцоог нь огт хангалгүй, оролцуулалгүйгээр шийдсэн нь зөвхөн гуравдагч этгээд гэлтгүй бүх 21 төлөөлөгчийн эрхийг зөрчиж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус гэсэн үндэслэлээр гаргасан байгаа. Тэгэхээр төлөөлөгчдийн бүрэн эрх нь бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тогтоол гаргаснаар эхэлж дараагийн төлөөлөгчийг сонгосноор дуусгавар болно. Гэтэл 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааныг хэлбэр талаас нь харвал хамгийн эхний хэлэлцсэн асуудал нь дэг батлах тогтоол гарсан байна. Дараа нь Тэргүүлэгчид сонгох, хамгийн сүүлд төлөөлөгч нарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн дугааргүй тогтоол гарсан байна. Логик дарааллаар бол хамгийн эхэнд гарсан тогтоол 01 дугаартай байх ёстой. Тэгэхээр бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөөгүй байхад гаргасан захиргааны акт өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т зааснаар бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй бол уг акт илт хууль бус акт болохоор байгаа. Мөн энэ өдрийн хурал нь яагаад илт хууль бус вэ? гэхээр Тэргүүлэгчид хурлыг зарласан боловч тэр өдөр хурал явагдах боломжгүй байсан учраас хурлыг хойшлуулсан. Нэг ёсондоо хурал товлоогүй байхад өөрсдөө дураараа хурлаа хийсэн, бүрэн эрх нь баталгаажаагүй төлөөлөгч нар тогтоол шийдвэрүүд гаргасан байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, 47.1.4, 47.1.6, 47.1.7-л заасан зохицуулалтуудад хамаарна гэж үзэж байна. Эцэст нь хэлэхэд 11 дүгээр сарын 30-ны өдрийн хурлыг болсон гэж үзэх баримт хурлын тэмдэглэл байгаагаас тухайн өдөр хууль ёсны дагуу анхдугаар хуралдаан болсон гэдгийг нотлох өөр баримт байхгүй байна гэж хэлмээр байна. Иймд нэхэмжлэгч А.Цэндсүрэн, Г.Чагнаадорж болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв
5. Хариуцагч Ч.Даариймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Алдархаан сумын Сонгуулийн хороо нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон тухай 05 дугаар тогтоолыг гаргаж, олонхын санал авсан 21 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулсан. Монгол улсад болон дэлхий нийтэд гамшиг болоод байгаа Корона вирусийн анхны дотоодын халдвар Улаанбаатар хотод илэрч, 11 дүгээр сарын 11-ний өглөөний 06:00 цагаас орох гарах бүх хөдөлгөөнийг Улсын онцгой комиссын шийдвэрээр хааж, Засгийн Газрын 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06 цаг хүртэл сунгасан. Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 40 дүгээр тогтоол, Монгол Улсын Коронавируст халдвар Ковид-19-ын цар тахлаас урьдчилсан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7 дахь заалт, Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 3466, Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөмж чиглэлийн дагуу цахим болон танхимын хосолсон хэлбэрээр 2020 оны орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнд бий болсон иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 57.1 хувийн ирцтэйгээр Монгол Ардын намаас сонгогдсон 10 төлөөлөгч танхимд, 2 төлөөлөгч онлайнаар хуралдсан. Сумын Монгол ардын намын хорооны 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 22, 23 дугаартай албан бичгийг төлөөлөгч Д.Удолгор, А.Төмөр нар хуралд цахимаар оролцох хүсэлтийн хамт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд хүргүүлсэн боловч хариу өгөөгүй, хурлын үйл ажиллагаа, явуулахад компьютер, телевизор зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж өгөөгүйгээс бид өөрсдөө тоног төхөөрөмжөө бэлтгэж хурлыг үргэлжлүүлсэн. Төлөөлөгчөөр сонгогдсон Д.Удолгор, А.Төмөр нар Улаанбаатар хот руу эмнэлгийн ажлаар явж хөл хорионд орсон бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Аймгийн онцгой комисс зэрэг төрийн байгууллагуудын заавар, зөвлөмжийн дагуу болон төрийн үйл ажиллагаа тасралтгүй явагдах зарчмын хүрээнд Улаанбаатар хотод хөл хорионд орсон 2 төлөөлөгчийг цахимаар оролцуулж анхдугаар хуралдааныг зохион байгуулсан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Ардчилсан намын 9 төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд зориуд санаатайгаар оролцоогүй бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8 дахь заалт /хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно/-ыг зөрчсөн. Монгол Улсын Дээд шүүхийн одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 2009 оны 3 дугаар сарын 31-ний 08 дугаар тогтоолын 10-д заасан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-д заасан... хүндэтгэн үзэх шалтгаан.... гэдэгт эрүүл мэндийн байдал, албан томилолтоор явсан , ар гэрт нь гачигдал гарсан, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан бусад гамшиг тохиолдсон зэрэг хувь хүнээс өөрөөс нь үл хамаарах нөхцөл байдлыг ойлгоно гэж тайлбарласаар байтал хуралдаандаа огт оролцоогүй нь Цэрэндорж, Эрдэнэчимэг нарын бие даасан шаардлагад бичигдсэн тайлбараар нотлогдож байна гэж үзэж байна ...Тухайн өдөр төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулсан бөгөөд төлөөлөгчдийн олонх нь хуралдаанд хүрэлцэн ирсэн тул 57.1 хувийн ирцтэйгээр хуралдсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-д хуралдааныхаа дэгийг тухайн хурал өөрөө тогтоож хуралдаанаар хэлэлцэж өөрчлөх шаардлагатай зарим заалтыг төлөөлөгчдийн саналаар өөрчилж баталсан. Тухайн үеийн Хурлын дарга Б.Ууганбаяр нь анхдугаар хуралдаантай холбоотой дээд шатны байгууллага, холбогдох байгууллагын албан бичиг ирсээр байтал 2020 оны 11 сарын 27-ны өдрийн 28 тоот албан бичгийг танхимаар хуралдана гэсэн хууль бус шийдвэрийг гаргасан. Бид ямарваа нэгэн гадны нөлөөнд автахгүй, олон нийтэд нээлттэй байлгах зорилгоор хурлын үйл ажиллагааг Завхан аймгийн Шинэ Завхан телевизээр шууд дамжуулсан... Иймд уг хурлаас гарсан тогтоолуудыг хүчин төгөлдөр гэж үзэж байна... Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга асан Б.Ууганбаяр нь 2020 оны 12 дугаар сарын 30-нд дахин хууль бусаар анхдугаар хуралдааныг зохион байгуулж, Ардчилсан намаас сонгогдсон 9 төлөөлөгч 42.9 хувийн ирцтэйгээр анхдугаар хуралдаан гэх хурлыг хийж хууль бусаар Хурлын дарга болсон иргэн Г.Чагнаадоржид тамгыг шилжүүлэн өгсөн нь хуулийг үл тоосон, уландаа гишгэсэн явдал гэж үзэж байна. Миний бие Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 6 удаа төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгчийн хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасан Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь, ...нээж удирдана гэсэн заалт, 9 дүгээр зүйлийн 9.8-д Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа тухайн Хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болно гэж зохицуулснаас гадна хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно 23 дугаар зүйлийн 23.5-д Анхдугаар хуралдаанаар тухайн шатны Хурлын даргыг оролцуулан ...сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчдийг 5-7, ...төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно гэж заасны дагуу хуулийн хүрээнд анхдугаар хуралдааныг даргалсан гэжээ.
5.1 Хариуцагч А.Цэндсүрэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...миний бие Алдархаан сумын ард иргэдийн итгэлийг хүлээж, 2008 оноос хойш сумын Хуралд төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна... 2020 оны орон нутгийн сонгуулийн ур дунд Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 21 төлөөлөгчид МАН-аас 12, АН-аас 9 төлөөлөгч хамгийн олон санал авч, төлөөлөгчөөр сонгогдсон тул сумын Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр болж, анхдугаар хуралдааны товыг 2020 оны 11 сарын 30-ны өдрийн 11 цагт хийхээр 40 дугаартай тогтоолыг гаргасан, хуралдааны товыг намуудын бүлгийн дарга нарт мэдэгдсэний зэрэгцээ хурлын зохион байгуулалтын хэлбэрийн талаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т заасны дагуу 2020 оны 11 дүгээр сарын 27, 28-ны өдрийн 28, 29 дугаар албан бичгүүдээр ...анхдугаар хуралдаан зохион байгуулахдаа халдвар хамгааллын дэглэмээ баримталж, товлосон хугацаандаа танхимаар хуралдахыг мэдэгдсэн байдаг. Түүнчлэн 11 дүгээр сарын 27-ны өдөр сумын Ардчилсан намын бүлгийн дарга Б.Ганбаатараас ...тус намын бүлэг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргад тус тус нэр дэвшүүлэхээ мэдэгдсэн 08 тоот тогтоолыг сумын Хуралд өгч, хавсралтаар сумын Засаг даргад нэр дэвшигч Ч.Тойвгоо, Хурлын даргад нэр дэвшигч Г.Чагнаадорж нарын намтрыг хүргүүлсэн тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т "Аймаг, нийслэл, сум, дүүргийн ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг дөрөөн жилийн хугацаагаар сонгоно, 11.2-т "Сонгуулийн дүнгээр тухайн хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл Хурлын даргад эхэлж нэр дэвшүүлэх эрхтэй, 11.3-т "Тухайн хурлын Төлөөлөгчид Хурлын даргад өөрийн болон бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлж болно. 11.4-т "Хурлын даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хуний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж хуралдаанд оролцсон буюу 50-аас дээш хувийн санал авсан төлөөлөгчийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно" гэж тус тус заасны дагуу нууц санал хураалтаар Хурлын даргыг сонгох нь тодорхой болсон... анхдугаар хуралдаан 2016 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан дэгийн дагуу явагдах учиртай байсан бөгөөд уг хуралдааны дэгд онлайнаар төлөөлөгч хуралд оролцох зохицуулалт байхгүй тул хуралдааныг онлайн болон хосолсон хэлбэрээр зохион байгуулах боломжгүй. Ардчилсан намын бүлгийн хуралдаанаас сумын Хурлын Тэргүүлэгчдэд хандан ...1-т улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосны улмаас Ардчилсан намын 1, Ардын намын 2 төлөөлөгч хуралд оролцох боломжгүй, 2-т 2020 оны ээлжит сонгуулиар Алдархаан сумын Өгөөмөр багт ялалт байгуулсан гэх 8 нэр дэвшигчийг хуулийн байгууллагуудад гомдол гаргасны дагуу ...шалгагдаж байгаа, 3-т сумын Хурлын дарга, Засаг даргад тус намын бүлгээс нэр дэвшүүлэх тул нууц санал хураалтыг цахим хэлбэрээр авах боломжгүй. 4-т хуулийн дагуу ирцийн бүрдэл хангагдсан үед хуралд оролцох" гэсэн үндэслэлүүдээр хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьсан тул Ардчилсан намын нэр бүхий 8 төлөөлөгчид 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн анхдугаар хуралдаанд оролцоогүй. Уг хуралдааны ирц сумын хурлын 21 төлөөлөгчөөс 10 төлөөлөгч ирснээр 47,6 хувьтай байсан нь хурал хийгдэх хууль зүйн үндэслэл бүрдээгүй. Гэтэл сумын Монгол Ардын намын хорооны 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 23 тоот албан бичгээр ...анхдугаар хуралдааныг танхим болон цахим хэлбэрээр хослуулан хийх, Улаанбаатар хотод хувийн ажлаар явсан Д.Удолгор, А. Төмөр нарын хүсэлтийг үндэслэн онлайнаар оролцуулах гэсэн утгатай албан бичгийг сумын Хуралд ирүүлсэн байсан боловч үүнийг хүлээн авах хууль зүйн хувьд ямар ч боломжгүй. Ийнхүү Ардчилсан нам болон Монгол Ардын намаас тус тусдаа өөр өөр утга бүхий хүсэлтүүдийг гаргасан нөхцөл байдалтай холбогдуулан Хурлын Тэргүүлэгчид 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаж, анхдугаар хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах тухай 41 дүгээр тогтоолыг гаргасан. Гэтэл Монгол Ардын намын 10 төлөөлөгч өөрсдийн дураар, хууль зөрчин Улаанбаатар хотоос зөвхөн МАН-ын 2 төлөөлөгчийг цахимаар нэмж оролцуулан хуралдаан хийсэн нь хууль бус... Миний даргалсан хуралдааны тухайд: 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр анхдугаар хуралдаан болох талаар би 12 дугаар сарын 28-нд хурлын зарын урилга хүлээн авсан тул 30-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд суухаар очсон. Миний бие Төлөөлөгчдийн хамгийн ахмад нь байж таарсан тул анхдугаар хуралдааныг нээж даргалсан. Хурлаа нээж хамгийн түрүүнд төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай хэлэлцэж, 21 төлөөлөгчийг батлах байсан боловч хуралдааны явцад төлөөлөгчдөөс шүүх, цагдаад хэрэг үүсгэсэн 8 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх боломжгүй гэсэн саналууд гарснаар шүүхийн болон цагдаагийн асуудал нь шийдвэрлэгдсэний дараа бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөхөөр тогтож, бусад 13 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрсөн, Хурлын дэгээ баталсны дараа Хурлын даргыг сонгож, чөлөөлөх тухай хэлэлцэж Хурлын шинэ даргаар Г.Чагнаадоржийг сонгож, өмнөх дарга Б.Ууганбаярыг чөлөөлсөн тогтоол гаргасан, үүнээс хойш би хурлыг удирдаагүй, шинэ дарга удирдаад явсан. Миний хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т тухайн Хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, 23 дугаар зүйлийн 23.1-т "Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна", 23.6-д "Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь, нээж удирдана" гэж тус тус заасныг хэрэгжүүлэн ажилласан. Иймд зөвхөн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаан даргалсан гэдгээр хариуцагчаар тодорхойлон татсан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Гуравдагч этгээд Б.Цолмонбаатар, Б.Ганбаатар, Б.Эрдэнэчимэг, Ө.Цэрэндорж нар шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: З.Гончигбалын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт бие даасан шаардлага гаргасан. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр болж уг сонгуульд Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Ардчилсан намаас нэр дэвшин бусад нэр дэвшигчдийн хамт өрсөлдөн олонхын саналыг авч сонгогдсон. Сонгуулийн үр дүнд бүрэлдсэн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хурлыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д заасны дагуу өмнөх Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 40 дүгээр тогтоолоор 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11.00 цагт хуралдуулахаар товлосон. Цолмонбаатар миний тухайд 2020 оны 11 сард Улаанбаатар хот орсон ба хотод байх үед цар тахлын хөл хорио тавьж, аймаг руу явах боломжгүй болсон. Үүнийг Хурлын дарга Ууганбаярт мэдэгдэж, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанд очиж чадахгүй тул хуралдааныг хойшлуулах талаар амаар хэлсэн. Хөл хорио тавьсны дараах эхний ээлжээр 2020 оны 12 дугаар сарын 04-нд аймагт ирсэн. Гэтэл Монгол Ардын намын 10 төлөөлөгч нь 2 төлөөлөгчийг цахимаар нэмж оролцуулан хуралдаан хийснийгээ хуралдаан болсон мэтээр шүүхэд тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй... 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааныг хойшлуулах тухай Тэргүүлэгчдийн тогтоол гарч бүх хурлын төлөөлөгчдөд мэдэгдсээр байхад дахин зарлахгүй, бусад Төлөөлөгчдөд мэдэгдэхгүй оролцох боломжийг нь олгохгүйгээр, мөн Хурлын дарга, Засаг даргад Ардчилсан намаас нэр дэвшүүлэхээ мэдэгдсээр байхад нэр дэвшүүлэх ажиллагааны журмыг ч баримтлахгүйн зэрэгцээ хэрэв онлайнаар төлөөлөгчдийг оролцуулж байгаа бол Ардчилсан намын Улаанбаатарт байсан 1 төлөөлөгчийг давхар оролцуулах арга хэмжээ авах ч боломжийг олгоогүй нь бусад төлөөлөгчийн эрхийг маш ноцтойгоор зөрчсөн... Иймд Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр болсон гэх анхдугаар хуралдааныг болон уг хуралдаанаас гаргасан тогтоолуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.
6.1 Гуравдагч этгээд Б.Ууганбаяр бие даасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...миний бие Завхан аймгийн Алдархаан сумын ард иргэдийн итгэлийг хүлээж, 2012 оноос хойш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд өрсөлдөж сумын Хурлын төлөөлөгч, Хурлын даргын сонгуульт ажлыг 2019 оны 12 сараас 2020 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл гүйцэтгэсэн. 2020 оны 11 сарын 30-ны өдрийн Монгол Ардын Намын бүлгийн хуралд хамааралгүй ч уг бүлгийн хурлыг шүүх иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болсон гэж шийдвэр гаргах тохиолдолд төлөөлөгч миний эрх ашгийг ноцтой зөрчихөөр байгаа... 2020 оны 10 дугаар сарын 15-нд болсон орон нутгийн сонгуулийн үр дүнд Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 21 төлөөлөгчид Монгол Ардын Намаас 12, Ардчилсан Намаас 9 төлөөлөгч хамгийн олон санал авч, сонгогдсон тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр болж, уг хуралд миний бие Б.Ууганбаяр, тэргүүлэгч А.Мөнхсайхан, Т.Чанцалдулам оролцож, анхдугаар хуралдааны товыг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цагт хийхээр тогтоосон 40 дугаартай тогтоолыг гаргасан, хуралдааны товыг нэг бүрчлэн төлөөлөгчдөд хүргэх ёстой боловч Хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр хугацаагаар гүйцэтгэж байсан М.Алтанцэцэг нь зөвхөн намуудын бүлгийн дарга нарт мэдэгдсэн байсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зохион байгуулалтын хэлбэрийн талаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын гадна дараах асуудлыг өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ", 20.1.1-т Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн Тэргүүлэгчид ... төсөл боловсруулах, хэлэлцэх гэж тус тус заасны дагуу Тэргүүлэгчдийн 40 дүгээр тогтоолоор анхдугаар хуралдааныг танхимын зохион байгуулалттай хуралдуулахаар болсон. Гэтэл Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас анхдугаар хуралдаанаа цахим болон танхимын хэлбэрээр хослуулан 2020 оны 12 сарын 01-ний дотор хий гэсэн утгатай албан бичиг ирэхээр нь нэгэнт манайх анхдугаар хуралдааныг 2020 оны 11 сарын 30-нд танхимаар хуралдуулахаар тогтсон байсан тул анхдугаар хуралдаанд оролцвол зохих Алдархаан сумын МАН, АН-д 2020 оны 11 дүгээр сарын 27, 28-ны өдрийн 28, 29 дугаар албан бичгүүдээр ..анхдугаар хуралдаан зохион байгуулахдаа халдвар хамгааллын дэглэмээ баримталж, товлосон хугацаандаа танхимаар хуралдахыг мэдэгдье гэж мэдэгдэл хүргүүлсэн. Түүнчлэн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Алдархаан сумын Ардчилсан намын бүлгийн дарга Б.Ганбаатараас Хурлын дарга, Засаг даргад тус тус нэр дэвшүүлэхээ мэдэгдсэн. Ардчилсан намын бүлэг 08 тоот тогтоолыг Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өгч, хавсралтаар Хурлын даргад нэр дэвшигч Г.Чагнаадоржийн намтар, сумын Засаг даргад нэр дэвшигч Ч.Тойвгоогийн намтрыг хүргүүлсэн тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно", 11.2-т "Сонгуулийн дүнгээр тухайн хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл Хурлын даргад эхэлж нэр дэвшүүлэх эрхтэй", 11.3-т "Тухайн Хурлын төлөөлөгчид Хурлын даргад өөрийн болон бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлж болно", 11.4-т Хурлын даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын буюу 50-аас дээш хувийн санал авсан төлөөлөгчийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно гэж тус тус заасны дагуу нууц санал хураалтаар Хурлын даргыг сонгох нь тодорхой болсон. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-т "Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална гэж заасны дагуу 2020 оны сонгуулийн үр дүнд бүрэлдэн бий болсон шинэ иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь анхдугаар хуралдаанаараа 2024 он хүртэл хэрэгжих хурлынхаа дэгийг тогтоох ёстой тул анхдугаар хуралдаан товлох асуудал нь 2016 оны иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан дэгийн дагуу явагдах учиртай байсан бөгөөд уг 2016 онд батлагдсан хуралдааны дэгд онлайнаар төлөөлөгч хуралд оролцох зохицуулалт байхгүй байсан тул хуралдааныг онлайн болон хосолсон хэлбэрээр зохион байгуулах боломжгүй байсан. Алдархаан сумын Ардчилсан намын бүлгийн хуралдаанаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хандан "... 1-т улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосны улмаас Ардчилсан намын 1, Ардын намын 2 төлөөлөгч хуралд оролцох боломжгүй, 2-т 2020 оны ээлжит сонгуулиар Алдархаан сумын Өгөөмөр багт ялалт байгуулсан гэх 8 нэр дэвшигчийг хуулийн байгууллагуудад гомдлууд гаргасны дагуу 118/Ш32020/0125 дугаартай захиргааны хэрэг үүсгэх захирамж, 2023000261 дугаартай зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолууд гарч шалгагдаж байгаа, 3-т Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргад тус намын бүлгээс нэр дэвшүүлэх тул нууц санал хураалтыг цахим хэлбэрээр авах боломжгүй, 4-т хуулийн дагуу ирцийн бүрдэл хангагдсан үед хуралд оролцох гэсэн үндэслэлүүдээр хуралдааныг хойшлуулах хүсэлтийг тавьсан тул Ардчилсан намын нэр бүхий 8 төлөөлөгчид 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11.00 цагт зарласан анхдугаар хуралдаанд оролцоогүй... Хурлын Тэргүүлэгчид 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаж, анхдугаар хуралдааныг хойшлуулах эсэх асуудлыг хэлэлцэн анхдугаар хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах тухай 2020 оны 11 сарын 30-ны өдрийн 41 тоот Тэргүүлэгчдийн хурлын тогтоолыг гаргасан. Энэхүү хуралдааныг албан ёсоор хойшлуулсан тогтоолыг тухайн өдөр нь иргэний танхимд байсан анхдугаар хуралдаанд оролцохоор ирсэн байсан МАН-ын 10 төлөөлөгчид уншиж танилцуулж, Ардчилсан намын бүлгийн даргад мэдэгдсэн. Гэтэл Монгол Ардын намын 10 төлөөлөгч өөрсдийн дураар, хууль зөрчин Улаанбаатар хотоос зөвхөн Монгол Ардын намын 2 төлөөлөгчийг цахимаар нэмж оролцуулан хуралдаан хийсэн нь хууль бус... 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хурлаар намайг огт чөлөөлсөн тогтоол гаргаагүй тул уг өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоож, тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү... Мөн шүүх хуралдаан дээр бие даасан шаардлагаа нэмэгдүүлж байна. Миний Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажилласан үеийн буюу Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаан, уг хуралдаанаас гарсан 41 дүгээр, 12 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаан, хуралдаанаас гарсан 42 дугаар, 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаан, хуралдаанаас гарсан 44 дүгээр тогтоолуудыг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох шаардлагыг нэмж гаргаж байна... гэв.
6.2 Гуравдагч этгээд Ж.Болд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний 21 төлөөлөгчийн асуудал шүүхээр ороод явж байгаа. Нэгжийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-д Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно гэж заасан. Тэгэхээр 11 дүгээр сарын 30-нд Ардчилсан намын 8 хүн цугласан байсан. Сумын төв дээр бүгдээрээ байж байсан. Бид мөн арвуулаа байсан. Хотод хөл хорионд байсан 3 төлөөлөгч оролцохгүйгээр бид арван наймуулаа сууж байгаад Хурлын дарга, Засаг даргадаа нэрээ дэвшүүлээд асуудлаа шийдвэрлэх боломж байсан. Гэтэл яагаад энэ хуралд оролцоогүйг нь би ойлгохгүй байгаа. Тэгээд өдий хүртэл энэ асуудал шүүхээр яваад Алдархаан сумын 3000 иргэний эрх ашиг хөндөгдөж яваа нь энэ 8 хүнээс болсон гэж үзэж байна. Цаашид бид жил гаруй хугацаанд Ковид гээд хэдэн төрийн албан хаагч нь өдөр шөнөгүй постонд гарч ажилласан. Саяхнаас шүлхий гээд бас л постонд гарч байна. Ийм хүнд нөхцөлд сум орон нутгаа бодоод орон нутгийнхаа төлөө энэ шүүх хурлыг эцэслэн шийдвэрлэж өгөөч гэж хүсэж байна. Б.Ууганбаярын гаргаад байгаа бие даасан шаардлагын хувьд 11 сарын 30-аас 12 сарын 30-ны хооронд гаргасан шийдвэрүүдээ хүчинтэй юу, хүчингүй юу гэдгийг тогтоолгох гээд шаардлага гаргаад байх шиг байна. Миний ойлгож байгаагаар шүүх хурлаар энэ хэргийг шийдээд энэ асуудал тодорхой болно гэж бодож байна гэв.
6.3 Гуравдагч этгээд Ж.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх удаа Өгөөмөр багаас төлөөлөгчөөр сонгогдсон. Бид 8 хүний зөрчлийн хэргийн шүүх хуралдаан явагдаад бид нарын талд шийдэгдсэн. Хажуу талаас хөндлөнгөөс харж байхад Хурлын дарга Б.Ууганбаяр Хурлын нарийн бичиг Алтанцэцэгтээ анхдугаар хуралдааны товыг мэдэгдэх, зохион байгуулах үүрэг даалгавар өгөөд өөрөө ажлаа хүлээлгэж өгөхөөр бэлдэж байсан гэж ярьж байна. Гэтэл 11 сарын 30-ны өдөр Хурлын нарийн бичиг Алтанцэцэг байсан уу гэвэл байсан. Тэр битгий хэл бидний 10 төлөөлөгчийг гарч болохгүй гээд 14 цаг хүртэл бие засуулаа ч үгүй. А.Ганбаатар нь 15 цагийн үед ирээд бүлгийн хурал хийгээд нэг албан тоот оруулж ирж өгсөн. Тухайн үед Дуламжав, Алтанжолоо, Алтанцэцэг гээд төрийн албан хаагчид бүгд байсан. Одоо Хурлын нарийн бичиг хийж байгаа Алтанцэцэг хүртэл байсан. Хурлын протокол юм уу, нэг юм бичээд байсан. Гэтэл өдөр нь хуралдаа ирээгүй мөртлөө орой 21 цаг 30 минутад Ч.Тойвгоо, Г.Чагнаадорж нар орж ирээд түүнийг нь үзэж хараад яваад байсан. Тэгснээ маргааш нь бид нар тамгаа авах гээд очиход Б.Ууганбаяр би больчихъё гээд шууд Г.Чагнаадоржид тамгаа өгчихсөн. Би энэ залуучуудыг ерөөсөө ойлгохгүй байна. Боловсролтой сайхан залуучууд яагаад сум орон нутаг иргэдээ боддоггүй юм. Шүүх хурлыг өнөөдөр эцэс төгсгөл болгож өгөөч гэж хүсэж байна. Бид нарыг хөдөө яваад очиход хүмүүс та нар яасан Ардчилсан нам чинь өгөөгүй юу гэж ам асуудаг. Ер нь ийм асуудал 2016 оноос хойш гарч байгаа гэв.
6.4 Гуравдагч этгээд Д.УДолгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Болормаагийн тайлбартаа адил санаа бодолтой байна гэв.
6.5 Гуравдагч этгээд А.Төмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тухайн анхдугаар хуралдааныг хийх үед Улаанбаатар хотод хөл хорионд орсон байсан. Тийм учраас анхдугаар хуралдаанд цахимаар оролцоод саналаа нэгтгээд явсан. Түүнээс албаар хоцроод цахимаар орсон зүйл байхгүй гэв.
6.6 Гуравдагч этгээд Г.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Алдархаан сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 40 дүгээр тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны 10 цагт товлон хуралдуулахаар болсон. Энэ хуралд Ардын намаас сонгогдсон 10 төлөөлөгч иргэний танхимд бүрэн бүрэлдэхүүнээр ирсэн ба Ардчилсан намын 9 төлөөлөгчийг хуралдаа хүрэлцэн ирэхийг удаа дараа урьж албан бичгээр хүргүүлсэн ч хуралдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Ардчилсан намаас хуралд оролцоогүй шалтгаанаа тайлбарлаад байгаа шалтгаанууд бол хүндэтгэн үзэх шалтгаан биш. Ардчилсан нам Засаг дарга, Хурлын даргад өөрийн хүнээ нэр дэвшүүлэх эрх нээлттэй байсан. Бид Ардчилсан намынхныг хүлээгээд ирэхгүй болохоор нь хуулийн дагуу 14 цагийн үед хурлаа эхлүүлсэн. Хуралдаанаас тогтоол шийдвэрээ хуулийн дагуу гаргасан. Гэтэл анхдугаар хуралдааныг хойшлуулах тухай бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь хойшлуулах тогтоол гаргасан гэж тайлбарладаг. Уг хуралдааныг хойшлуулсан гэх тогтоолыг миний тухайд ямар нэг хэлбэрээр одоо хүртэл хүлээж аваагүй, хараагүй байна. Миний тухайд З.Гончигбалын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв.
6.7 Гуравдагч этгээд Г.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бусад оролцогч нартай санал нэг байна энэ хэргийг өнөөдөр эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв.
6.8 Гуравдагч этгээд Ч.Тойвгоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байна. 2 талаас гаргасан нэхэмжлэлд аль алинд нь миний хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байгаа. Ялангуяа 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ээлжит сонгууль болж сонгогдсон гэх 21 төлөөлөгчийн нэрс сонгуулийн хороонд хүргэгдсэн. Түүнээс хойш бүрэн эрх нь хэрэгжиж байсан Хурал анхдугаар хурлыг хуулийн 20 хоногийн дотор зарласнаар иргэдийн төлөөлөгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн анхдугаар хуралдааны товыг би мэдсэн. Тэгээд Ардчилсан намын бүлэг 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хуралдаж 2 намын төлөөлөгчийн тооны харьцаа ойрхон байсан учраас Хурлын дарга, Засаг даргад нэр дэвшүүлэх төлөөлөгч нараа ярилцаж, сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны бэлтгэл ажлыг хангуулах үүднээс Засаг даргын Тамгын газар, Хурлын ажлын албаныхан албан тоот хүргүүлсэн. Танхимаар хуралдана гэдэг нь 2 намын бүлгээс Хурлын дарга, Засаг даргад 2 хүн нэр дэвших нь тодорхой байна, дээрээс нь бүх аймаг, сумын Хурал танхимаар хуралдаж байгаа юм байна гээд Алдархаан сумын анхдугаар хуралдааныг танхимаар хуралдуулах шийдвэрийг Тэргүүлэгчдийн хуралдаанаас гаргаж 2 намын бүлэгтээ албан бичгээр хүргүүлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааныг миний зүгээс хууль бус хуралдаан болсон гэж үзэж байгаа. Хэрэв энэ хурлаа хүчин төгөлдөр гэж үзэж байгаа бол надад мэдэгдэх боломжтой байсан. Би тухайн үед ажил дээрээ байсан. Бүлгээсээ Засаг даргад нэр дэвших гэж байгааг Хурал мэдэж байсан. Гэтэл хурал болох гэж байгаа, болж байгаа гэж над руу хандсан зүйл байгаагүй. Тэр хурал нь тухайн өдрөө болоод үргэлжлээд өнгөрсөн юм шиг байгаа юм. Хамгийн гол нь 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаас гаргасан 04 тоот тамгагүй тогтоолыг үндэслэж, аймгийн иргэдийн Хуралд Ю.Дэлгэрнасан гэдэг хүнийг Засаг даргаар томилсон тамгагүй тогтоол үйлдэж аймгийн Засаг даргад уламжилж ингэснээр 2020 оны 12 дугаар сарын 16-ны Б/66 дугаар захирамжаар намайг сумын Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байдаг. Ингээд би Засаг даргын үүрэгт ажлаа өгсөн. Тухайн үед бүрэн эрх нь хэрэгжиж байсан Хурал сумын хурлын төлөөлөгчдийн анхдугаар хуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр дахин зарлаж 12 сарын 30-ны өдөр хийхээр товыг тогтоосон. Энэ Хурлаар сумын Засаг дарга Ч.Тойвгоо намайг сумын Засаг даргад нэр дэвшүүлж аймгийн Засаг даргад уламжилсан. Ингэж уламжлаад 7 хоногийн дараа аймгийн Засаг даргаас энэ хурлыг хүчин төгөлдөр бус болсон байна. 2020 оны 11 сарын 30-ны өдөр сумын Засаг даргаар Ю.Дэлгэрнасан томилогдсон байгаа учраас 12 сарын 30-ны өдрийн хурлын тогтоолууд хүчингүй байна гэж албан бичгээр мэдэгдсэн байдаг. Тэгээд 2021 оны 01 сарын 14-нд дахин хуралдаж намайг сумын Засаг даргад томилуулахаар дахин уламжилснаар өмнөх Хурлын үйл ажиллагаа дуусгавар болсон байдаг. Хуульд Засаг даргад нэр дэвшүүлсэн хүнийг томилох эрх бүхий албан тушаалтан нэг удаа буцаах боломжтой, тухайн хүнийг дахин нэр дэвшүүлбэл 5 хоногийн дотор томилох ёстой гэж заасан заалтыг зөрчсөн...11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаан нь илт хууль бус тогтоолуудыг гаргаж явуулснаар миний хууль ёсны эрх ашгийг илтэд зөрчсөн гэж үзэж байгаа гэв.
6.9 Гуравдагч этгээд А.Мөнхсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би тухайн үед Хурлын Тэргүүлэгч байсан... Хуульд Тэргүүлэгчид нэг удаа, сүүлийн удаа хурал зарлана гэсэн заалт байхгүй. Тэгэхээр одоо хүртэл өмнөх Тэргүүлэгчдийн бүрэн эрх хүчинтэй явж байгаа гэж ойлгож байна. Түүнийг шүүх харгалзаж үзээч. Яагаад гэхээр Хурлын дарга Б.Ууганбаярыг 12 дугаар сарын 30-нд огцруулсан, түүнээс өмнө огцруулсан талаар ямар нэг тогтоол шийдвэр гаргаагүй юм байна лээ. З.Гончигбалд би 2, 3 удаа хэлсэн. Нийлээд хурлаа хийе, бүлгийн нөхөдтэй уулзчихаад ир гэж хэлсэн. Тэгье гэсэн. Тэгтэл надад манайхан зөвшөөрөхгүй байна, нийлж хуралдахгүй гэж байна гэж худлаа хэлсэн. Энэ асуудлаар би Ж.Болд, Ц.Дайриймаа эгч хоёртой нэг, нэг удаа уулзсан. Би 2 дахь хуралдаан хуралдъя гээд санал тавихаар үгүй нэгээрээ байна гээд зүтгээд байсан. З.Гончигбалын анхны асуудал нэг дээрээ л яваад байгаа. Яагаад гэхээр 50 хоног нь дуусчихна. Тийм учраас эдний намын бүлэг эргүүлээд новширно гэж бодсон байх. Би З.Гончигбалд 50 хоног наана цаана гэж хэлэхгүй гэж хэлсэн... Сонгуулийн хорооны тогтоолыг, манайх ч, эднийх ч хэн хэн нь уншуулаагүй. Үүнийг шүүх харгалзан үзэхийг хүсье. Бүрэн эрхээ сайн дураараа зөвшөөрөлцсөн улс. Мөн манайхан анхдугаар хуралдаанаас зугтаасан асуудал байхгүй. Өнөөдөр ийм процесс болно гэж огт бодоогүй. Шүүхэд ч, хоёр талдаа ч хүндрэлтэй байна. Энэ асуудлыг нэг мөр шийдээд өгөөч гэдэгтэй санал нэг байна. Гуравдагч этгээд Ж.Болормаа гаргасан тайлбартаа 2016 оноос хойш ийм заваан зүйл болоод байгаа гэж байна. Энэ асуудал 2004 оноос эхтэй. Тэгэхээр би 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааныг хүчингүй гэж үзэж байна гэв.
6.10 Гуравдагч этгээд Б.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд шүүх хуралдаанд анх удаа оролцож байна. Эндээс хараад сууж байхад Ардын намын бүлэг нэг болохоор хуулийн дагуу юм яриад байгаа юм шиг, нэг болохоор хүн чанар яриад байгаа юм шиг, бөөрөнхий зүйл яриад байна. Миний тухайд танай хуралд суугаагүй, сүүлд нь бичлэгийг нь харж байхад хуулийн дагуу явагдсан гэж хэлэхэд хэцүү юм байна лээ. Бид нар хэн нь хэндээ тамга тэмдгээ өгөх нь хамаагүй анхдугаар хуралдаанд л орох хүсэл сонирхол маш их байсан. Хэдийгээр өөрсдөө ийм хүсэл сонирхолтой байсан ч эзэнгүй байгаа, хуралдаа ирж чадаагүй нэгнээ оролцуулахгүй үлдээх сэтгэл сонирхол бас байгаагүй. Гуравдугаарт, хурлын төлөөлөгч нар анхдугаар хуралдаандаа өөрийн биеэр оролцоно, хоёр талаас нэр дэвшүүлж байгаа бол нууцаар санал хураана гээд дэг дээрээ байдаг юм. Ийм учраас 11 сарын 30-ны хуралд мөр зэрэгцэж явсан нөхдийгөө оролцуулъя, ирцийн бүрдлийг хангуулах нь зөв юм гэж бүлгийн зүгээс шийдэж, Хуралд хүсэлт өгсөн. Тэгэхээр миний бодлоор Хурлын дарга хурал хойшиллоо гээд албан мэдэгдэл өгч байхад бид юу яриад байгаа юм гээд шууд ороод хуралд суух эрх зүйн үндэс байхгүй. Мөн 12 дугаар сарын 30-нд та нар хууль бус хурал хийлээ гэж байна. 12 дугаар сарын 30-ны хууль бус хурал гээд байгаа нь төрийн алба гэдэг бол залгамж халаагаараа үргэлжилж явах ёстой. Бидний энэ маргааны ард сумын иргэд, сонгогчид, төрийн албан хаагчид байгаа. Хурал төсөв мөнгийг нь баталж өгөхгүй бол энэ хүмүүс цалин мөнгөө яах вэ? ажил төрөл нь үргэлжлэх үү? нөхцөл байдал өдийдөө хүрлээ гээд 12 дугаар сарын 30-нд яагаад 2 нам нийлээд хурлаа хийж болоогүй юм. Тухайн үед нийлээд хурлаа хийе гэх асуудал яригдсан. Бид 12 дугаар сарын 30-нд сумын цаашдын үйл ажиллагааг, төрийн албаны үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахын тулд хурал хийхээс өөр аргагүй байсан. Гэхдээ Алдархаан сумын ард иргэд гэдэг хоёр намын хооронд хаягдаад, өшиглөгдөөд байж байдаг ард түмэн биш. Өгөөмрийн 8 төлөөлөгч шүүхийн ажилтай байсан шалтгаанаар түр батламжлахгүй байж болно. Гэхдээ үлдсэн 13 төлөөлөгчөө батламжлах боломжтой байсан учраас хурал хийсэн гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.1 Нэхэмжлэгч Г.Чагнаадорж нь Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаас Хурлын даргаар сонгогдсон байх ба 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр явагдсан анхдугаар хуралдаан болон уг хуралдаанаас гаргасан тогтоолууд /01, 02, 03, 04, мөн дугааргүй нэг тогтоол/-ыг илт хууль бус болохыг тус тус тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр явагдсан гэх анхдугаар хуралдааныг даргалсан Ч.Даариймаа, Хурлын даргаар сонгогдсон З.Гончигбал нарт холбогдуулан гаргажээ. /Хэргийн 2 дахь хавтасны 17-21 дүгээр хуудсанд/
1.2 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д Хурлын ...тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурна гэж заасны дагуу анхдугаар хуралдааныг даргалж, хуралдаанаас гарсан тогтоолууд дээр гарын үсэг зурж баталгаажуулсныхаа хувьд дээрх хуралдаан даргалагч, төлөөлөгч нар хариуцагчаар тодорхойлогдсон байна.
1.3 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Б.Ууганбаяр, Б.Эрдэнэчимэг, Ө.Цэрэндорж, Б.Цолмонбаатар, Б.Ганбаатар нар нь Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр явагдсан анхдугаар хуралдаан болон уг хуралдаанаас гаргасан тогтоолууд /01, 02, 03, 04, мөн дугааргүй нэг тогтоол/-ыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагыг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаан даргалагч Ч.Даариймаа, Хурлын даргаар сонгогдсон З.Гончигбал нарт холбогдуулан гаргажээ. /Хэргийн 1 дэх хавтасны 149-153, 155-159, 2 дахь хавтасны 44-46, 155-157 дугаар хуудсанд/
1.4 Мөн гуравдагч этгээд Б.Ууганбаяр нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад бие даасан шаардлагаа нэмэгдүүлэн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаан, уг хуралдаанаас гарсан 41 дүгээр тогтоол, 12 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаан, хуралдаанаас гарсан 42 дугаар тогтоол, 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаан, хуралдаанаас гарсан 44 дүгээр тогтоолыг тус тус хүчин төгөлдөр болохыг тогтоолгох шаардлагыг гаргасан байна.
2. Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар ...анхдугаар хуралдаанд төлөөлөгчийг цахимаар оролцуулсныг хуралдаанд хүрэлцэн ирснээр тооцох эсэх, тийнхүү цахимаар оролцуулсан хуралдаан ирцийн хувьд шаардлага хангах эсэх, сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр зарим төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхгүй байх эсэх, сонгогдсонд тооцогдсон төлөөлөгч нар эрх бүхий байгууллагад шалгагдаж буй шалтгаанаар анхдугаар хуралдааныг хойшлуулах үндэслэлтэй эсэх, анхдугаар хуралдааны товыг хуульд заасны дагуу хүргэсэн эсэх... талаар маргасан.
3. Маргаан бүхий захиргааны акт болох Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр явагдсан гэх анхдугаар хуралдаанаас гаргасан таван тогтоолыг тодруулж үзвэл:
Орон нутгийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгийн мэдээлэл болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 а /хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн асуудал/-д заасныг үндэслэн Монгол Ардын намаас нэр дэвшин сонгогдсон Я.Дарьбазар, Ч.Даариймаа, Г.Амаржаргал, З.Гончигбал, Б.Жавзансүрэн, Г.Ганбат, Д.Удолгор, Ж.Болд, Д.Дарханбаатар, Ц.Ариунбилэг, Ж.Болормаа, А.Төмөр, Ардчилсан намаас нэр дэвшин сонгогдсон Д.Бат-Эрдэнэ, А.Мөнхсайхан, Б.Цолмонбаатар, А.Цэндсүрэн, Б.Эрдэнэчимэг, Ө.Цэрэндорж, Г.Чагнаадорж, Б.Ганбаатар, С.Цэрэнням нарын нийт 21 хүний иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай дугааргүй тогтоол, /Хэргийн 1 дэх хавтасны 10-р хуудсанд/
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14 /Хуралдааны дэг тогтоож, батлах тухай/-д заасныг үндэслэн Хуралдааны дэг батлах тухай 01 дүгээр, /Хэргийн 1 дэх хавтасны 17-р хуудсанд/
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 /Хурлын даргад нэр дэвшүүлэх эрх/, 18 дугаар зүйлийн 18.1.1 б /Хурлын даргыг сонгох/-д заасныг үндэслэн олонхын санал авсан З.Гончигбалыг тус Хурлын даргаар сонгох тухай 02 дугаар, /Хэргийн 1 дэх хавтасны 18-р хуудсанд/
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 б /Хурлын Тэргүүлэгчдийг сонгох/-д заасныг үндэслэн З.Гончигбал, Ч.Даариймаа, Ж.Болд, Г.Ганбат, Ж.Болормаа нарыг тус Хурлын Тэргүүлэгчээр сонгох тухай 03 дугаар, /Хэргийн 1 дэх хавтасны 19-р хуудсанд/
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 /Хурлын даргад нэр дэвшүүлэх эрх/, 18 дугаар зүйлийн 18.1.1 1 /Засаг даргыг томилуулах/-д заасныг үндэслэн Ю.Дэлгэрнасанг сумын Засаг даргаар томилуулахаар аймгийн Засаг даргад уламжлах тухай 04 дүгээр тогтоол /Хэргийн 1 дэх хавтасны 20-р хуудсанд/-уудыг гаргажээ.
4. Маргаан бүхий захиргааны акт болох Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр явагдсан анхдугаар хуралдаанаас гаргасан зургаан тогтоолыг тодруулж үзвэл:
Орон нутгийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгийн мэдээлэл болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 а /Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн асуудал/-д заасныг үндэслэн Алдар багт нэр дэвшин сонгогдсон Я.Дарьбазар, Аргалант багт нэр дэвшин сонгогдсон Ч.Даариймаа, Г.Амаржаргал, Богдын гол багт нэр дэвшин сонгогдсон З.Гончигбал, Чигэстэй багт нэр дэвшин сонгогдсон Д.Бат-Эрдэнэ, Мандаат багт нэр дэвшин сонгогдсон А.Мөнхсайхан, Г.Чагнаадорж, Б.Эрдэнэчимэг, Ө.Цэрэндорж, Б.Ганбаатар, Б.Цолмонбаатар, С.Цэрэнням А.Цэндсүрэн нарын нийт 13 хүний иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 01 дүгээр тогтоол, /Хэргийн 1 дэх хавтасны 9, 43-р хуудсанд/
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14 /Хуралдааны дэг тогтоох/-д заасныг үндэслэн Хуралдааны дэг батлах тухай 02 дугаар, /Хэргийн 1 дэх хавтасны 44-р хуудсанд/
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 /Хурлын даргыг сонгох/, 18 дугаар зүйлийн 18.1.1 б /Хурлын даргад нэр дэвшүүлэх/, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 /Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах, батлах/, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоол /Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох/, Улсын их Хурлын 2007 оны 73 дугаар тогтоол /Улс төрийн албан тушаалын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоох/ зэргийг үндэслэн Г.Чагнаадоржийг тус Хурлын даргаар сонгох тухай 03 дугаар, /Хэргийн 1 дэх хавтасны 45-р хуудсанд/
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 б /Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх/, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 /Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах, батлах/, 38 дугаар зүйлийн 38.1 /Хурлын болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт тэтгэмж олгох/-д заасныг үндэслэн Б.Ууганбаярын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон үндэслэлээр Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай 04 дүгээр, /Хэргийн 1 дэх хавтасны 46-р хуудсанд/
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 б /Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх/, 12 дугаар зүйлийн 12.1.4 /Хурлын Тэргүүлэгчдийг сонгох/-д заасныг үндэслэн Г.Чагнаадорж, З.Гончигбал, Б.Эрдэнэчимэг, Ж.Болд, Б.Ганбаатар, Ө.Цэрэндорж нарыг тус Хурлын Тэргүүлэгчдээр сонгох тухай 05 дугаар, /Хэргийн 1 дэх хавтасны 47-р хуудсанд/
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 /тогтоол гаргах/, 18 дугаар зүйлийн 18.1.1 г /Засаг даргыг томилуулах/-д заасныг үндэслэн Ч.Тойвгоог сумын Засаг даргаар томилуулахаар аймгийн Засаг даргад уламжлах тухай 06 дугаар тогтоол /Хэргийн 1 дэх хавтасны 49-р хуудсанд/-ыг гаргажээ.
5. Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж, дүгнээд доор дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагууд болон гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагуудын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож дараах байдлаар шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгчид болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын дараах шаардлагуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр тус тус хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв. Үүнд:
Нэхэмжлэгч Г.Чагнаадоржийн нэхэмжлэлийн шаардлагаас Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр явагдсан анхдугаар хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг,
нэхэмжлэгч З.Гончигбалын нэхэмжлэлийн шаардлагаас Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн анхдугаар хуралдааныг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг,
гуравдагч этгээд Б.Ууганбаяр, Б.Эрдэнэчимэг, Ө.Цэрэндорж, Б.Цолмонбаатар, Б.Ганбаатар нарын бие даасан шаардлагаас Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр явагдсан анхдугаар хуралдааныг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлагыг,
мөн гуравдагч этгээд Б.Ууганбаярын шүүх хуралдаан дээр нэмэгдүүлэн гаргасан Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаан, уг хуралдаанаас гаргасан 41 дүгээр, 12 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаан, уг хуралдаанаас гаргасан 42 дугаар, 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаан, уг хуралдаанаас гаргасан 44 дүгээр тогтоолуудыг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох шаардлагыг доорх үндэслэлээр бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Тодруулбал, Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан болон Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааныг захиргааны акт гэж үзэж, түүнийг нэрлэн зааж гаргасан шаардлагуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх нийтийн эрх зүйн маргаанд хамаарахгүй гэж үзэж хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.
7. Нэхэмжлэгчдийн өмгөөлөгч нар дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох шаардлагад хамаарч байгаа хэмээн тодруулан тайлбарласан ба уг тогтоолгохыг хүсэж буй эрх зүйн харилцаа нь тухайн захиргааны байгууллагын гадагш чиглэсэн шийдвэр үйл ажиллагаатай хамааралтай бус зөвхөн дотогшоо чиглэсэн дотоод зохион байгуулалтын үйл ажиллагаатай холбоотой байх тул өмгөөлөгчдийн тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна гэж тодорхойлсон.
Энэ зохицуулалтаас харахад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдаан нь бие дааж дангаараа шууд үр дагавар бий болгодоггүй бөгөөд тухайн Хурлын дотоод зохион байгуулалтын хэлбэр буюу зөвхөн Хурлын шийдвэр /захиргааны акт/ гаргах ажиллагаа юм. Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргааны харьяалалд үл хамаарах захиргааны байгууллагын зөвхөн дотоод зохион байгуулалтын үйл ажиллагаа гэж үзэхээр байна.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно, Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна: 11.1.1 захиргааны акт, 11.1.2 захиргааны гэрээ, 11.1.3 захиргааны хэм хэмжээний акт гэж тус тус заасан тул иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдаан нь захиргааны байгууллагын гадагш чиглэсэн захирамжилсан үйл ажиллагаа, шийдвэрт хамаарахгүй, харин уг хуралдаанаас гаргасан тогтоолууд нь захиргааны актад хамаарахаар байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж зааснаас харахад Захиргааны хэргийн шүүх нь гадагш чиглэсэн үйлчлэлтэй захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг үндэслэн захиргааны хэргийг хянан шийдвэрлэх эрх хэмжээтэй байна.
8. Шүүх хуралдаан дээр нэмэгдүүлэн гаргасан гуравдагч этгээд Б.Ууганбаярын бие даасан шаардлагад дурдсан захиргааны актууд /Тэргүүлэгчдийн тогтоол/-аар шийдвэрлэсэн асуудлыг тодруулж үзвэл:
Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор ирц хүрээгүй үндэслэлээр анхдугаар хуралдааныг хойшлуулж, урьд гаргасан 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 40 дүгээр тогтоолыг хүчингүй болгох асуудлыг, /Хэргийн 1 дэх хавтасны 41-р хуудсанд/
2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 42 дугаар тогтоолоор дээрх анхдугаар хуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 15 цагт хуралдуулах асуудлыг, /хэргийн 1 дэх хавтасны 204-р хуудсанд/
2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор анхдугаар хуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 11 цагт хуралдуулах асуудлыг /хэргийн 1 дэх хавтасны 42-р хуудсанд/ тус тус шийдвэрлэсэн байгаагаас харахад уг тогтоолууд нь тухайн Хурлын дотоод зохион байгуулалтын асуудлаар гарсан бөгөөд захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдэх гадагш чиглэсэн үйлчлэлтэй захиргааны актын шинжийг агуулаагүй байх тул дээрх Тэргүүлэгчдийн тогтоолууд болон уг тогтоолуудыг гаргасан Тэргүүлэгчдийн хуралдаантай холбоотой бие даасан шаардлагыг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл ...шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, ...хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, 54 дүгээр зүйлийн 54.1-д Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана: 54.1.1 Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж тус тус заажээ.
Иймд нэхэмжлэгч нарын дээрх нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагыг тус тус хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
9. Нэхэмжлэгчид болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын доорх шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г.Чагнаадоржийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр явагдсан анхдугаар хуралдаанаас гаргасан Хуралдааны дэг батлах тухай 01 дүгээр, Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга сонгох тухай 02 дугаар, Тэргүүлэгчдийг сонгох тухай 03 дугаар, Сумын Засаг даргыг сонгох тухай 04 дүгээр, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай /дугааргүй/ тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг,
Гуравдагч этгээд Б.Ууганбаяр, Б.Эрдэнэчимэг, Ө.Цэрэндорж, Б.Цолмонбаатар, Б.Ганбаатар нарын Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр явагдсан анхдугаар хуралдаанаас гаргасан тогтоолууд /01, 02, 03, 04, мөн дугааргүй нэг тогтоол/-ыг хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагыг тус тус дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.
10. Завхан аймгийн Алдархаан сумын Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар тогтоолоор 2021 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр сонгогдсон 21 нэр дэвшигчийг Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцжээ. /хэргийн 1 дэх хавтасны 6-р талд/ Тэдгээр 21 төлөөлөгчийн 9 нь Ардчилсан намаас, 12 нь Монгол Ардын намаас нэр дэвшин сонгогдсон байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид... зарлан хуралдуулна гэж заасны дагуу Алдархаан сумын бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болох Б.Ууганбаяр /дарга/, А.Мөнхсайхан, Д.Чанцалдулам нар 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хуралдаж, анхдугаар хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11.00 цагт хуралдуулахаар товлон зарласан нь уг өдрийн хуралдааны тэмдэглэл, Хурлын тов тогтоох тухай 40 дүгээр тогтоол, гэрч Н.Алтанцэцэгийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /Хэргийн 1 дэх хавтасны 8-р, 2 дахь хавтасны 82, 92-р хуудсанд/
11. 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11.00 цагт товлогдсон анхдугаар хуралдааны зарыг Алдархаан сумын Ардчилсан нам, Монгол Ардын намын хороогоор дамжуулан сонгогдсон төлөөлөгч нарт мэдэгдсэн талаар гэрч Н.Алтанцэцэг нотлон мэдүүлжээ./Хэргийн 2 дахь хавтасны 82-р тал/
Ковид-19 коронавируст цар тахлын улмаас Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас анхдугаар хуралдааны товыг сумын Ардчилсан нам, Монгол Ардын намын хороодоор дамжуулан тухайн намаас нэр дэвшин сонгогдсон төлөөлөгч нарт хүргэснийг буруутгах боломжгүй бөгөөд гуравдагч этгээд Б.Цолмонбаатараас бусад төлөөлөгч нар анхдугаар хуралдааны товыг мэдэгдээгүй гэж маргаагүй болно.
Гуравдагч этгээд Б.Цолмонбаатарын тухайд анхдугаар хуралдааныг товлон зарлаж, тов мэдэгдэх үед Улаанбаатар хотод байсан байх ба анхдугаар хуралдаан болохоос өмнө буюу 2020 оны 11 дүгээр сарын 15-ны орчим уг хуралдааны товыг бусдаас дамжуулан мэдсэн талаараа гуравдагч этгээд Б.Цолмонбаатар шүүх хуралдаан дээр тодруулан тайлбарласан бөгөөд гуравдагч этгээд Б.Ууганбаяр /бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын даргаар тухайн үед ажиллаж байсан/ нь Б.Цолмонбаатарыг хөл хорио цээрийн дэглэмийн улмаас Улаанбаатар хотод байгаа тул анхдугаар хуралдааныг хойшлуулах талаар надад хэлж байсан хэмээн тайлбарлаж байгаагаас харахад түүнийг анхдугаар хуралдааны товын талаар мэдээгүй, тов мэдэгдээгүйн улмаас анхдугаар хуралдаанд оролцох эрх нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй.
Төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас анхдугаар хуралдаанд оролцож чадахгүй болсон нь анхдугаар хуралдааныг хойшлуулах нөхцөл болохгүй ба харин түүнийг хуралдаанаас чөлөөлөх үндэслэл болно гэх нэхэмжлэгч З.Гончигбалын өмгөөлөгчийн тайлбар үндэстэй.
12. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-т Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална гэж заажээ.
2020 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн анхдугаар хуралдааныг товлон зарлах, анхдугаар хуралдааныг нээж хуралдуулах үед урьд нь 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааны дэг /Хэргийн 1 дэх хавтасны 74-р талд/ гэх нэртэйгээр баталсан хуралдааны дэг мөрдөгдөж байсан байх ба уг хуралдааны дэгд анхдугаар хуралдааны тов болон хэлэлцэх асуудлын талаар төлөөлөгч нарт хэрхэн мэдэгдэх талаар нарийвчлан тодорхой тусгаагүй байна.
Мөн төлөөлөгч анхдугаар хуралдаанд заавал танхимаар биечлэн оролцох эсэх, эсхүл цахим хэрэгсэл ашиглан оролцож болох эсэх талаар дээрх хуралдааны дэгээр тодорхой нарийвчлан зохицуулаагүй байх тул төлөөлөгчөөр сонгогдсонд тооцогдсон А.Төмөр, Д.Удолгор нарыг өөрсдийнх нь хүсэлтийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанд цахимаар /зайнаас/ оролцуулсныг буруутгах боломжгүй бөгөөд нийт 12 төлөөлөгчийн ирцтэйгээр хуралдсан Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээрх өдрийн анхдугаар хуралдаанаас төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, Хурлын дарга, Тэргүүлэгчид, Засаг даргыг сонгох, хуралдааны дэг батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэн маргаан бүхий тогтоолуудыг гаргасан нь хуралдааны дэг болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно гэж заасныг зөрчөөгүй байна.
Төлөөлөгчөөр сонгогдсон А.Төмөр, Д.Удолгор нар анхдугаар хуралдаанд зайнаас оролцох талаараа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд хүсэлтээ ирүүлсэн нь гэрчийн мэдүүлэг болон тэдний 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн бичгээр гаргасан хүсэлт, Алдархаан сумын Монгол Ардын намын хорооны 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 23 дугаар албан бичиг зэрэг баримтууд /хэргийн 1-р хавтасны 198, 201, 202, 2-р хавтасны 83-р тал/-аар нотлогдож байна.
13. 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн анхдугаар хуралдааныг товлон зарлаж, зохион байгуулах үед Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178, 11 сарын 15-ны өдрийн 181 дүгээр тогтоолуудаар Ковид-19 цар тахлын улмаас улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байх бөгөөд уг хорио цээрийн дэглэм тогтоосон нөхцөл байдлын улмаас сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг аль болох цахим, танхим хосолсон хэлбэрээр явуулах чиглэлийг өгч байсан үйл баримт Улсын Онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 3466 дугаар, Завхан аймгийн Онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 80 дугаар, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 131 дүгээр албан бичгүүдээр тогтоогдож байна. /Хэргийн 1 дэх хавтасны 7, 191,195-р хуудсанд/
Эрх бүхий дээрх байгууллагуудаас чиглэл өгсөн, мөн Алдархаан сумын Монгол Ардын намын хорооноос анхдугаар хуралдааныг танхим болон цахим хосолсон хэлбэрээр явуулах талаар 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 23 дугаар албан бичгээр хүсэлт ирүүлсээр байхад Алдархаан сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ууганбаяр нь 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 28 дугаар албан бичгээр анхдугаар хуралдааныг танхимаар хуралдуулах талаар Монгол Ардын намын хороонд мэдэгдэж байсан байх ба энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д заасан мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах эрх бүхий этгээдээс өгсөн чиглэлд нийцээгүй байгааг дурдах нь зүйтэй.
14. Иймд төлөөлөгчийг анхдугаар хуралдаанд цахимаар оролцуулах нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг хангах бөгөөд сумын Хурлын дарга, Засаг даргыг сонгоход саналаа нууцаар гаргах боломжгүй гэх үндэслэлээр төлөөлөгч нарыг анхдугаар хуралдаанд цахимаар /зайнаас/ оролцсоныг нь үгүйсгэж, хуралдааны ирцэд тооцохгүй байх боломжгүй.
Өөрөөр хэлбэл, эрэмбийн хувьд төлөөлөгчийг хуралдаанд цахимаар оролцуулж, хуралдаанд оролцох эрхийг хангах нь эхний асуудал ба харин хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг шийдвэрлэхэд нууцаар санал гаргах эрх хангагдах эсэх нь түүнээс хойш үүсэх нөхцөл байдал байна.
Хэрэв Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д болон Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан хуралдааны дэгийн 7.7, 7.14-д тус тус заасан Хурлын дарга, Засаг даргад хоёр ба түүнээс дээш этгээд нэр дэвшсэн тохиолдолд нууцаар санал хураах-аар бол цахимаар оролцож буй төлөөлөгчийн санал нууц байх шаардлага хангагдахгүй тохиолдолд санал өгөхгүй байх, саналын таслах эрхтэйгээр оролцохгүй байх зэрэг эрсдэлийг цахимаар оролцож буй төлөөлөгч өөрөө хүлээх ба уг явдалд Хурлын дарга, хуралдаан даргалагч, төлөөлөгч нарыг буруутгах боломжгүй юм.
Иймд төлөөлөгчөөр сонгогдсон А.Төмөр, Д.Удолгор нарыг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн анхдугаар хуралдаанд цахимаар оролцуулсныг хуралдаанд хүрэлцэн ирсэн гэж үзэж, хуралдаанд оролцвол зохих 21 төлөөлөгчийн 57.1 хувь буюу 12 төлөөлөгч /танхимд биечлэн 10 төлөөлөгч, цахим хэрэгсэл ашиглан 2 төлөөлөгч оролцсон/-ийн ирцтэйгээр анхдугаар хуралдааныг эхлүүлсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасан хуралдааныг хүчинтэйд тооцох шаардлагад нийцсэн байна.
15. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь... нээж удирдана гэж заасны дагуу Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр явагдсан анхдугаар хуралдааныг төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь болох төлөөлөгч Ч.Даариймаа нээж, 12 төлөөлөгчийн ирцтэйгээр удирдаж эхлүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан хуралдааны тэмдэглэл /хэргийн 1 дэх хавтасны 12-р хуудсанд/, Шинэ Завхан телевизийн шууд дамжуулалтын видео бичлэг /htts:www.facebook.com/shztv/videos/140181297523369 хаягт байршсан/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх баримтуудаас харахад Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар эхлээд 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр сонгогдсон нэр бүхий 21 хүнийг тус Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай асуудлыг, түүний дараа Хурал дахь намын бүлэг байгуулах, хуралдааны дэг шинэчлэн батлах, Хурлын даргыг сонгох, сумын Засаг даргыг сонгох, Тэргүүлэгчдийг сонгох асуудлуудыг ээлж дарааллаар хэлэлцэн хуралд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар шийдвэрлэсэн байх тул Хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч баталгаажуулаагүй гэх нэхэмжлэгч Г.Чагнаадорж, түүний өмгөөлөгч Т.Цэрэндагва болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын тайлбар үндэсгүй.
16. Хурлаар хэлэлцсэн асуудлуудын дарааллаас харахад төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч баталгаажуулж, хуралдааны дэгийг баталснаас хойш Хурлын дарга, тэргүүлэгчид, сумын Засаг даргад нэр дэвшүүлж сонгох асуудлыг хэлэлцсэн байх ба уг нэр дэвшүүлж, сонгох асуудлууд нь дээрх 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн анхдугаар хуралдааны 01 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан хуралдааны дэг /Хэргийн 94-р хуудсанд/-ийн дагуу явагдсан байна.
Уг хуралдааны дэгийн 7.5-д Сонгуулийн дүнгээр Хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл Хурлын даргад эхэлж нэр дэвшүүлнэ, 7.6-д Хурлын төлөөлөгчид Хурлын даргад өөрийн болон бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлж болно, 7.7-д Хурлын даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын санал авсан төлөөлөгчийг Хурлын даргаар сонгогдсонд тооцож, хуралдаан даргалагч тамгыг гардуулж өгнө, 7.12-д Хурал дахь намын бүлгүүд Тэргүүлэгчид нэр дэвшүүлэхдээ олонх болсон нам, эвслийн бүлэг санал авч нэр дэвшүүлнэ, 7.13-д Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч нэр дэвшүүлэх эрхтэй..., 7.14-д Засаг даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын буюу 50-аас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар аймгийн Засаг даргад санал болгоно гэжээ.
Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д "Сонгуулийн дүнгээр тухайн Хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл Хурлын даргад эхэлж нэр дэвшүүлэх эрхтэй", 11.4-д Хурлын даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын буюу 50-аас дээш хувийн санал авсан төлөөлөгчийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно, 26 дугаар зүйлийн 26.2-д ...сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхын буюу 50-аас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно, 25 дугаар зүйлийн 25.1-д Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн ...олонхын саналаар ...батална гэж тус тус заажээ.
Дээрх зохицуулалтаас харахад Хуралд сонгогдсон төлөөлөгч нар эхлээд намын бүлэг байгуулж, түүний дараа төлөөлөгч Хурлын дарга, сумын Засаг даргад өөрийн болон бусдын нэрийг дэвшүүлэх эрхтэй байх ба уг эрхийг анхдугаар хуралдаан дээр хэрэгжүүлэхээр байх тул Хурлын дарга, сумын Засаг даргад Г.Чагнаадорж, Ч.Тойвгоо нарын нэрийг тус тус дэвшүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хууль болон хуралдааны дэгд заасан журмын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааны явцад Хурлын дарга, Засаг даргад тус бүр нэг, нэг хүний нэр дэвшүүлсэн үндэслэлээр илээр санал хураалт явуулж, Хурлын даргаар З.Гончигбал, сумын Засаг даргаар Ю.Дэлгэрнасанг, Тэргүүлэгчдээр З.Гончигбал, Ч.Даариймаа, Ж.Болд, Г.Ганбат, Ж.Болормаа нарыг сонгох тухай 02, 03, 04 дүгээр тогтоолуудыг гаргасан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.4, 23 дугаар зүйлийн 23.5, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2-д заасныг зөрчөөгүй байна.
17. Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцэж байх ёстой ба дээрх хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 12.1.3-т заасан хэлэлцэх асуудлуудаар санал гаргах, хуралдаанд таслах эрхтэй оролцох, асуудлыг шийдвэрлүүлэх зэрэг хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан боловч Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчид ... шүүхэд маргаан үүсгэсэн, цахимаар хуралдааныг явуулах боломжгүй гэх хууль бус үндэслэл зааж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр явагдсан анхдугаар хуралдаанд ирээгүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон ба энэхүү үйлдэлд нь хариуцагч 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн анхдугаар хуралдааныг даргалсан Ч.Дайриймаа, З.Гончигбал нарыг буруутгах боломжгүй, тэднээс үл хамаарах шалтгаанаар дээрх эрхээ хэрэгжүүлж чадаагүй тул Хурлын даргын болон төлөөлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэх нэхэмжлэгч Г.Чагнаадорж болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Ууганбаяр, Б.Ганбаатар, Ө.Цэрэндорж, Б.Эрдэнэчимэг, Б.Цолмонбаатар нарын тайлбар, шаардлага үндэслэлгүй байна.
18. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-д зааснаар Хурлын төлөөлөгч нь хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар зориудаар хуралдаанд оролцохгүй байхыг хориглосныг Ардчилсан намаас нэр дэвшин сонгогдсон нэр бүхий 9 төлөөлөгчийн тухайд зөрчиж 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн анхдугаар хуралдаанд оролцоогүй байна.
Алдархаан сумын Монгол Ардын намын хорооны дэд дарга З.Гончигбалын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 24, 25 дугаар албан бичгүүд /Хэргийн 107-108-р хуудсанд/-ээс харахад анхдугаар хуралдааныг товлосон хугацаанд хуралдуулах, хуралдаанд хүрэлцэн ирж оролцох талаарх хүсэлтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба болон сумын Ардчилсан намын хороонд тус тус хүргүүлсэн байгаа тул дээрх өдөр явагдсан анхдугаар хуралдаанд Ардчилсан намаас сонгогдсон нэр бүхий 9 төлөөлөгчийг зориуд оролцуулахгүйгээр хуралдсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
19. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн ...олонхын саналаар ...батална гэж заасны дагуу Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр явагдсан анхдугаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар батлан гаргасан маргаан бүхий тогтоолуудыг хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэлгүй бөгөөд тэдгээр тогтоолууд нь нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
20. Нэхэмжлэгч Г.Чагнаадорж, түүний өмгөөлөгч Т.Цэрэндагва нар Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн анхдугаар хуралдаанаас гаргасан маргаан бүхий тогтоолуудыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 /бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй/, 47.1.4 /захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус/, 47.1.6 /иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй/, 47.1.7 /түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй/ гэх үндэслэлүүдээр илт хууль бус гэж үзсэн нь доорх эрх зүйн дүгнэлтээр үндэслэлгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д захиргааны акт илт хууль бус болох шинжүүдийг тусгайлан зааж өгсөн байх ба маргаан бүхий захиргааны акт болох Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн анхдугаар хуралдаанаас гаргасан 01, 02, 03, 04 дугаартай тогтоолуудын хувьд дээрх илт хууль бус болох үндэслэлүүд тогтоогдохгүй байна.
Эдгээр тогтоолоор эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарлаагүй, харин эрх олгосон, дэг тогтоосон агуулгатай тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-д заасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны актууд юм.
21. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 18 дугаар зүйлийн 18.1.1 "а", 23 дугаар зүйлийн 23.5, 23.14, 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, Хурлын дарга, Тэргүүлэгчид, сумын Засаг даргыг сонгох, хуралдааны дэг тогтоох асуудлаар шийдвэр гаргах эрх хэмжээтэй байх тул маргаан бүхий тогтоолуудаар иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Түүнчлэн дээрх тогтоолуудыг Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан агуулга тодорхой илэрхийлэгдсэн, ямар нэгэн ойлгомжгүй хоёрдмол, эргэлзээтэй агуулга тусгагдаагүй байх тул бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэх үндэслэлүүдээр илт хууль бусд тооцох үндэслэлгүй.
22. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.5-д зааснаар Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтийг хянан шалгах бүрэн эрхийг тухайн Хурлын дарга хэрэгжүүлэхээр байх тул тэдгээр тогтоолыг гүйцэтгэх этгээд тодорхой бус гэж үзэхээргүй байна.
23. Харин "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай" гэх дугааргүй тогтоолыг хуралдаан даргалагч Ч.Даариймаагийн гарын үсгээр баталгаажуулсан хэдий ч хэвлэмэл хуудас хэрэглээгүй, хаанаас батлан гаргасан агуулга тусгагдаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-д заасан илт хууль бус захиргааны актад хамаарахаар байгаа хэдий ч дээрх тогтоолоор 21 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсний дотор нэхэмжлэгч Г.Чагнаадорж болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын нэр багтаж байгаа бөгөөд нэхэмжлэгчид эрх олгосон, эерэг үйлчлэлтэй байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй уг захиргааны актыг зөвхөн "батлан гаргасан байгууллага тодорхойгүй" гэх үндэслэлээр илт хууль бусд тооцох үндэслэлгүй юм.
Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан агуулгаас үзэхэд нэгдүгээрт, захиргааны байгууллага нь илт хууль бус шийдвэр гаргасан байх, хоёрдугаарт, энэ илт хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх гэсэн нөхцөлүүд давхар хангагдсан тохиолдолд маргаан бүхий захиргааны актыг илт хууль бусд тооцох ёстой бөгөөд эдгээр хоёр нөхцөл давхар хангагдаагүй тул Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаас гаргасан "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай" дугааргүй тогтоолыг илт хууль бусд тооцох үндэслэлгүй.
24. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д бичгээр гаргах захиргааны актад тавигдах шаардлагыг заасан ба 40.2.1-д заасан ...захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын тамга, захиргааны актын ...дугаарыг тодорхой тавих гэсэн шаардлагыг хангаагүй буюу Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай тогтоолыг хэвлэмэл хуудсаар гаргаж дугаарлаагүй, тамгаар баталгаажуулаагүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар дээрх тогтоолыг гаргасан захиргааны байгууллага болох Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоолын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр дээрх илэрхий алдааг засаж зөвтгөх боломжтой байгааг дурдах нь зүйтэй.
25. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгохоор заасан бөгөөд хүн, хуулийн этгээд нь хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах эрхтэй, харин захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус захиргааны актын улмаас үүсэх хууль бус боломжийг шаардах эрхгүй юм.
Иймд нэхэмжлэгч Г.Чагнаадоржийн болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Ууганбаяр, Б.Ганбаатар, Ө.Цэрэндорж, Б.Эрдэнэчимэг, Б.Цолмонбаатар нарын дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
26. Нэхэмжлэгч З.Гончигбалын Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүд /01, 02, 03, 04, 05, 06-р тогтоол/-ийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч З.Гончигбал нь Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн анхдугаар хуралдаанаас тус Хурлын даргаар сонгогдсон бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж, тухайлбал 22.1.1-д тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх, 22.1.2-д тухайн Хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, 22.1.7-д "Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан, өдөр тутмын үйл ажиллагааг удирдах", 22.1.14-д тухайн Хурлыг дотоод, гадаадад төлөөлөх... зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг тэргүүлэх, удирдах чиг үүрэг бүхий этгээд байна.
27. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид... зарлан хуралдуулна гэж заасны дагуу Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид сумын Хурал гэх/-ын Тэргүүлэгчид /Б.Ууганбаяр А.Мөнхсайхан, Д.Чанцалдулам нар/-ийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 40 дүгээр тогтоол /Хэргийн 1 дэх хавтасны 8-р хуудсанд/-оор тус Хурлын анхдугаар хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11.00 цагт хуралдуулахаар товлон зарласан.
28. Үүний дагуу Алдархаан сумын Сонгуулийн хорооны 2020 оны 05 дугаар тогтоолоор Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон нийт 21 төлөөлөгчийн 57.1 хувийн буюу 12 төлөөлөгчийн ирцтэйгээр хуралдсан 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр анхдугаар хуралдаанаар төлөөлөгч нарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, сумын Засаг даргыг сонгож, томилуулахаар аймгийн Засаг даргад өргөн мэдүүлэх, хуралдааны дэг батлах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, холбогдох тогтоолуудыг гаргасан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид... зарлан хуралдуулна, 23.7-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно, 25 дугаар зүйлийн 25.1-д Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн ...олонхын саналаар тус тус батална гэж заасантай нийцсэн.
Тодруулбал, 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр явагдсан анхдугаар хуралдаанаас Төлөөлөгч нарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, сумын Засаг даргыг сонгож, томилуулахаар аймгийн Засаг даргад өргөн мэдүүлэх, хуралдааны дэг батлах зэрэг асуудлуудыг хуульд заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэсэн байхад бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Б.Ууганбаяр, А.Мөнхсайхан, Д.Чанцалдулам нарын бүрэлдэхүүнтэй Тэргүүлэгчид 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дахин хуралдаж анхдугаар хуралдааныг хойшлуулж, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хуралдуулахаар товлосон нь хуульд нийцэхгүй бөгөөд уг хууль бус Тэргүүлэгчдийн 44 дүгээр тогтоолын дагуу зохион байгуулагдсан 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр явагдсан гэх хуралдаанаас гаргасан 01, 02, 03, 04, 05, 06 дугаар тогтоолууд нь хууль бус болно.
Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид... зарлан хуралдуулна, 9 дүгээр зүйлийн 9.8-д "Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа тухайн Хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болно" гэж зааснаас үзэхэд бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Б.Ууганбаяр даргатай Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тухайд анхдугаар хуралдааныг товлон зарлах талаар хуулиар олгогдсон бүрэн эрх 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 40 дүгээр тогтоолыг гаргаснаар, өмнөх төлөөлөгчдийн тухайд 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дугааргүй тогтоолоор шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр тус тус дуусгавар болжээ.
Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааны 15 дугаар тэмдэглэл /хэргийн 77-78-р хуудсанд/-ээс харахад уг Тэргүүлэгчдийн хуралдаан 14 цаг 15 минутаас 15 цаг 05 минутын хооронд хуралдаж анхдугаар хуралдааныг хойшлуулах асуудлыг хэлэлцсэн байх ба уг асуудлыг шийдвэрлэж байх үед сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 13 цаг 55 минутад эхэлж, хуралдааныг 12 төлөөлөгчийн 57.1 хувийн ирцтэйгээр үргэлжлүүлэн хуралдаж байсан нь тус анхдугаар хуралдааны 2020 оны 11 сарын 30-ны өдрийн тэмдэглэл /хэргийн 12-р хуудсанд/-ээр тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн анхдугаар хуралдаан хуульд заасны дагуу хуралдаж, төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч баталгаажуулан, бусад асуудлуудыг үргэлжлүүлэн хэлэлцсэн байхад бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Тэргүүлэгчид анхдугаар хуралдааны бүрэн эрхэд халдаж, уг хуралдааныг хойшлуулах талаар хэлэлцсэн нь хуульд заасан эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэхээр байгааг дурдах нь зүйтэй.
29. Тиймээс дээрх бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Алдархаан сумын Хурлын Тэргүүлэгчид анхдугаар хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш товлон зарлах, хойшлуулах, дахин зарлах талаар хэлэлцэн шийдвэрлэх эрхгүй тул тухайн Тэргүүлэгчдийн хууль бус 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Анхдугаар хуралдааныг хойшлуулах тухай 41 дүгээр тогтоол, 12 дугаар сарын 28-ны өдрийн "Анхдугаар хуралдааныг хуралдуулах тухай" 44 дүгээр тогтоолын дагуу явагдсан Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаас гаргасан тогтоолууд нь 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдаж, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр анхдугаар хуралдаанаа хийсэн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон уг хуралдаанаас сонгогдсон Хурлын дарга З.Гончигбалын Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 22 дугаар зүйлийн 22.1-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бөгөөд тус Хурлын үйл ажиллагааны хэвийн байдлыг алдагдуулсан байна.
30. Алдархаан сумын Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар тогтоолоор төлөөлөгчөөр сонгогдсонд тооцогдсон 12 төлөөлөгч дээрх анхдугаар хуралдааны товлогдсон цагт цугларсан боловч Ардчилсан намаас сонгогдсон нэр бүхий 9 гишүүн хүрэлцэн ирээгүйгээс уг хуралдаан цагтаа эхлээгүй бөгөөд хуралдаанд хүрэлцэн ирэх хүсэлтийг тэдэнд хүргүүлж байсан нь гэрч Н.Алтанцэцэгийн мэдүүлэг болон Алдархаан сумын Монгол Ардын намын хорооны 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 24, 25 дугаар албан бичиг /хэргийн 1 дүгээр хавтасны 107, 108 дугаар талд/, тухайн өдөр хийгдсэн Шинэ Завхан телевизийн шууд дамжуулалтын бичлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
31. Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд Ардчилсан намын бүлгээс санал хүргүүлэх тухай гэх баримт /хэргийн 2-р хавтасны 101-р талд/-аас дүгнэхэд Ардчилсан намаас нэр дэвшин сонгогдсон төлөөлөгчид /9/ нь ...Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 11-2-6 дугаар тойрог буюу Өгөөмөр багт нэр дэвшиж ялалт байгуулсан 8 нэр дэвшигч сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн, энэ талаар шүүхэд маргаан үүсгэсэн, 3 төлөөлөгч хөл хорио тогтоосны улмаас хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй болсон, нууц санал хураалт явагдах тохиолдолд хуралдаанд цахимаар оролцох боломжгүй гэх үндэслэлээр 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн анхдугаар хуралдаанд оролцоогүй байх ба энэ үйлдэл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-д Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно гэж заасныг зөрчжээ.
Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Өгөөмөр багт Монгол Ардын намаас нэр дэвшин сонгогдсон 8 төлөөлөгчийн тухайд сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн эсэх талаар шүүхээс шийдвэрлээгүй, тэднийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон шийдвэрээ Алдархаан сумын Сонгуулийн хорооноос хүчингүй болгоогүй байхад Ардчилсан намаас нэр дэвшин сонгогдсон 9 төлөөлөгч 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр явагдсан анхдугаар хуралдаанд дээрх үндэслэл, шалтгаанаар оролцоогүй нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй юм.
32. Сонгуульд нэр дэвшигч сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн нь санал хураалтын дүн гарсны дараа шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд тухайн шатны сонгуулийн хороо тухайн этгээдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлэх талаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-д тодорхой зохицуулжээ.
Гэтэл Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 118/ШЗ2020/0125 дугаар шүүгчийн захирамж /хэргийн 3 дахь хавтасны 101-р тал/, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 118/ШШ2021/0005 дугаар шийдвэр /хэргийн 2 дахь хавтасны 119-р тал/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 198 дугаар магадлал /хэргийн 2 дахь хавтасны 137-р тал/ болон Алдархаан сумын Ардчилсан намын бүлгийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн санал хүргүүлэх тухай албан бичиг /хэргийн 2 дахь хавтасны 101-р тал/ зэрэг баримтаас харахад 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Алдархаан сумын Өгөөмөр багт нэр дэвшин сонгогдсон төлөөлөгч нарын тухайд сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн тухай маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй байсан нь тогтоогдож байгаа болно.
Хойшлуулах үндэслэл бий болоогүй, хуульд заасан ирцийг хангаж хуралдсан Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн анхдугаар хуралдааныг бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Тэргүүлэгчид хойшлуулахаар шийдвэрлэж, дахин анхдугаар хуралдааныг товлон зарлах эрх зүйн үндэслэлгүй юм.
33. Иймд Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн анхдугаар хуралдаанаас хуульд заасан журмын дагуу Хурлын даргаар сонгогдсон нэхэмжлэгч З.Гончигбалын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тус Хурлын хууль бус 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01, 02, 03, 04, 05, 06 дугаар тогтоолуудыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч З.Гончигбалын нэхэмжлэлээс Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр явагдсан анхдугаар хуралдааныг хүчин төгөлдөр болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр явагдсан хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг, нэхэмжлэгч Г.Чагнаадоржийн нэхэмжлэлээс Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр явагдсан анхдугаар хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг, гуравдагч этгээд Д.Ууганбаяр, Ө.Цэрэндорж, Б.Эрдэнэчимэг, Б.Цолмонбаатар, Б.Ганбаатар нарын бие даасан шаардлагаас Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр явагдсан анхдугаар хуралдааныг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлагыг тус тус хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан гуравдагч этгээд Б.Ууганбаяраас шүүх хуралдаан дээр нэмэгдүүлэн гаргасан "Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаан, уг хуралдаанаас гаргасан 41 дүгээр, 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаан, уг хуралдаанаас гаргасан 42 дугаар, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаан, уг хуралдаанаас гарсан 44 дүгээр тогтоолуудыг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох" тухай бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.
3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 11.4, 23 дугаар зүйлийн 23.4, 23.6, 23.7, 23.8, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Чагнаадоржийн Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Хуралдааны дэг батлах тухай 01 дүгээр, Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга сонгох тухай 02 дугаар, Тэргүүлэгчдийг сонгох тухай 03 дугаар, Сумын Засаг даргыг сонгох тухай 04 дүгээр, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай /дугааргүй/ тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг, гуравдагч этгээд Д.Ууганбаяр, Ө.Цэрэндорж, Б.Эрдэнэчимэг, Б.Цолмонбаатар, Б.Ганбаатар нарын Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Хуралдааны дэг батлах тухай 01 дүгээр, Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга сонгох тухай 02 дугаар, Тэргүүлэгчдийг сонгох тухай 03 дугаар, Сумын Засаг даргыг сонгох тухай 04 дүгээр, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай /дугааргүй/ тогтоолуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах" тухай бие даасан шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
4. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 11.4, 23 дугаар зүйлийн 23.4, 23.6, 23.7, 23.8, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч З.Гончигбалын нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсгийг хангаж, Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай" 01 дүгээр, "Хуралдааны дэг батлах тухай" 02 дугаар, "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга сонгох тухай" 03 дугаар, "Ажлаас чөлөөлөх тухай" 04 дүгээр, "Тэргүүлэгчдийг сонгох тухай" 05 дугаар, "Сумын Засаг даргыг уламжлах тухай" 06 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Чагнаадорж, гуравдагч этгээд нараас тус бүр урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тал хувийг буюу төрийн сангийн 100090000941 дугаар данснаас нийт 140 400 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Г.Чагнаадоржид 35 100 төгрөгийг, гуравдагч этгээд Д.Ууганбаярт 35 100 төгрөгийг, гуравдагч этгээд Ө.Цэрэндоржид 35 100 төгрөгийг, гуравдагч этгээд Б.Ганбаатарт 35 100 төгрөгийг тус тус олгосугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэлийг хэсэгчлэн хангасан үндэслэлээр нэхэмжлэгч З.Гончигбалаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Чагнаадорж, А.Цэндсүрэн нараас 35 100 төгрөгийг /тус бүрээс 17 550 төгрөгийг/ гаргуулж, нэхэмжлэгч З.Гончигбалд олгосугай.
7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн
114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ