Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2025/0488

 

М******* ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.О*******

Нэхэмжлэгч: М******* ГХОХХК

Хариуцагч: Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Б.М*******, Ц.М*******, Б.Ц*******, Ч.С*******, Э.Э*******, Б.Х******* нар

Нэхэмжлэлийн шаардлага: 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн НА36230000002 дугаар нөхөн ногдуулалтын акт хууль бус байсан болохыг тогтоолгох

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2025/0267 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б

Хариуцагч Ц.М, Б.М

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Э.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Цэрэндаваа

Хэргийн индекс: 128/2024/0619/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч М******* ГХОХХК-иас Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Б.М*******, Ц.М*******, Б.Ц*******, Ч.С*******, Э.Э*******, Б.Х******* нарт холбогдуулан 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн НА36230000002 дугаар нөхөн ногдуулалтын акт хууль бус байсан болохыг тогтоолгох-аар маргасан.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2025/0267 дугаар шийдвэрээр:

Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, 41.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М******* ГХОХХК-иас Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн НА36230000002 дугаар нөхөн ногдуулалтын акт хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч М******* ГХОХХК-ийн дэд захирал Ж.О******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1....Хариуцагч татварын байцаагч нар М******* ГХОХХК-ийг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн №2120802003 тоот томилолтоор шалгаж эхэлсэн, 2021 онд Нарийн төвөгтэй хяналт шалгалт болгон үргэлжлүүлсэн гэж тайлбарладаг бөгөөд үүнтэй холбогдуулан 2020 оны эрсдэлийн үнэлгээ, татварын улсын байцаагч Б.Ц*******, Х.Наранчимэг нарыг чөлөөлсөн, Э.Цэвээндоржийг шилжүүлэн томилсон зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гарган өгсөн.

Гэвч 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн №2120802003 томилолтын хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дууссан /№9/ бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр №3621501182 тоот томилолт олгогдох хүртэлх 6 сар орчмын хугацаанд томилолтгүйгээр хяналт шалгалт явагдсан нь Татварын ерөнхий хуулийн 41.2-т заасан Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх... зохицуулалтыг, Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 3.5-д заасан Татварын алба хяналт шалгалтыг зөвхөн томилолттойгоор гүйцэтгэх... зохицуулалтыг тус тус зөрчсөн.

3.2. М******* ГХОХХК-д татварын хяналт шалгалт хийх үндэслэл болсон гэх Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Төлөвлөгөө батлах тухай А/142 дугаар тушаалаар 2020 онд татварын хяналт шалгалтад хамруулах эрсдэл бүхий татвар төлөгчдийн жагсаалтыг 2 дугаар хавсралтаар баталсан, уг хавсралтын №12-т М******* ГХОХХК-ийн нэр бичигдсэн байдаг.

Гэтэл Татварын ерөнхий газрын даргын тушаал гарч М******* ГХОХХК-ийг татварын хяналт шалгалтад хамруулахаар шийдвэрлэхээс 3 сарын өмнө буюу 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр №2120802003 дугаар томилолтоор М******* ГХОХХК-д татварын хяналт шалгалт хийж эхэлсэн нь Татварын ерөнхий хуулийн 35.10-т заасан Энэ хуулийн 35.4.3-т заасан эрсдэлийн үнэлгээ, шинжилгээний үр дүнг үндэслэн татварын хяналт, шалгалтад хамруулах татвар төлөгчийг сонгоно гэсэн, 41.4-т заасан Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана гэсэн, Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/264 тушаалаар батлагдсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 2.2-т заасан Татварын албаны эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааны журмын 6.3, 6.4-т заасан үндэслэлээр энэ журмын 2.1.1-д заасан (эрсдэлд суурилсан) хяналт шалгалтыг хийнэ гэсэн,

Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.11-т заасан Татварын албаны эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, хорооны журмыг эрсдэлийн удирдлагын стандартад нийцүүлэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж хуульчилсан, энэ дагуу Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 305 дугаар тушаалаар батлагдсан Татварын албаны эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, хорооны ажиллах журам-ын 6.4-т заасан Татварын ерөнхий газрын эрсдэлийн удирдлага хариуцсан нэгж нь энэ журмын 6.1.1-д заасан эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд Татварын ерөнхий хуулийн 35.10-т заасан татварын хяналт шалгалтад хамруулах татвар төлөгчийг... сонгоно гэсэн, 6.5-д заасан Татварын ерөнхий газрын эрсдэлийн удирдлагын асуудал хариуцсан нэгж нь эрсдэлийн үнэлгээний системээр тайлант оны "Эрсдэлд суурилсан хяналт шалгалтын төлөвлөгөө-г харьяа татварын алба тус бүрээр ЭУ-01 маягтаар боловсруулж, Татварын ерөнхий газрын даргын тушаалаар 3 дугаар сарын 1-ний өдрийн дотор батлуулна гэсэн зохицуулалтуудыг тус тус зөрчсөн.

Өөрөөр хэлбэл М******* ГХОХХК-нд татварын хяналт шалгалт хийхээр Татварын ерөнхий газрын даргын тушаал гараагүй, жагсаалт батлагдаагүй байхад татварын хяналт шалгалт хийж хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн. Эсхүл хууль бусаар татварын хяналт шалгалт эхлүүлчихээд араас нь баримт бичгийг нөхөн бүрдүүлсэн.

3.3.Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 2.6-д зааснаар хяналт шалгалтыг түүнийг гүйцэтгэх ажлын цар хүрээнээс хамаарч

- нарийн төвөгтэй хяналт шалгалт,

- энгийн хяналт шалгалт,

- хялбаршуулсан хяналт шалгалт гэсэн 3 хэлбэрээр хийдэг.

2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2120802003 дугаар томилолтоор М******* ГХОХХК-д энгийн хяналт шалгалт хийгдсэн бол 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 3621501182 дугаар томилолтоор хяналт шалгалтын хэлбэрийг өөрчлөн нарийн төвөгтэй хяналт шалгалт болгон хяналт шалгалтын баг томилсон байдаг.

Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/39 дугаар тушаалаар батлагдсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 3.7-д Энгийн болон хялбаршуулсан хяналт шалгалтын явцад дараах нөхцөл байдал үүссэн тохиолдолд хяналт шалгалтыг энэ журмын 2.6.1-д заасан хэлбэрээр/нарийн төвөгтэй хяналт шалгалт/ өөрчлүүлэх саналыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын хяналт шалгалтын нэгжид танилцуулгын хамт хүргүүлнэ.

3.8-д Энэ журмын 3.7-д заасан нарийн төвөгтэй нөхцөл байдал үүссэн талаарх танилцуулгыг тухайн нөхцөл байдлыг тогтоосноос хойш ажлын 5 өдрийн дотор дараах агуулгын хүрээнд бичиж ирүүлнэ.

3.16-д Хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгжийн дарга дараах тохиолдолд томилолтыг өөрчилж болно.

3.16.6-д хяналт шалгалтын хэлбэрийг өөрчлөх шийдвэр гарсан гэж тус тус зохицуулсан.

Татварын байгууллага хуульд заагдсан журмын дагуу хяналт шалгалтын хэлбэрийг өөрчлөөгүй, хяналт шалгалтын хэлбэрийг өөрчилсөн эсэх, түүний үндэслэл, тэр талаарх нотлох баримт байхгүй зэргээр татварын хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой хууль тогтоомжийн шаардлагыг ноцтой зөрчсөн.

3.4.Татварын ерөнхий хууль, Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журамд зааснаар татварын хяналт шалгалтын үндэслэл, төрөл, хэлбэр гэсэн гурван өөр ойлголт бий.

1.Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т зааснаар

-       эрсдэлд, эсхүл

-       татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн гэсэн татварын хяналт шалгалт хийж болох хоёр л үндэслэл хуульчлагдсан.

2.Тэгвэл Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар

-       бүрэн,

-       хэсэгчилсэн гэсэн хоёр төрлөөр хяналт шалгалтыг хийнэ.

3.Харин Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 2.6-д зааснаар

- нарийн төвөгтэй хяналт шалгалт,

- энгийн хяналт шалгалт

- хялбаршуулсан хяналт шалгалт гэсэн хяналт шалгалтын хэлбэрүүд байна.

Эдгээрийг зориуд дурьдаж байгаагийн шалтгаан нь анхан шатны шүүхийн шүүгч хууль тогтоомжоор ойлгомжтой тодорхойлогдсон татварын хяналт шалгалт хийх үндэслэл, татварын хяналт шалгалтын төрөл, хэлбэр гэсэн эрх зүйн өөр ойлголтуудыг хооронд нь хольж хутгах замаар, нарийн ялгаа заагийг гаргахгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэх хэсэгт хийсэн дүгнэлтээс тодорхой харагдана.

Хариуцагч татварын улсын байцаагчид нь М******* ГХОХХК-ийг хуульд заагдсан үндэслэлээр буюу эрсдэлд үндэслэн шалгаагүй болох нь 2021 оны 4 дүгээр сард үйлдэгдсэн 08/01 дугаарын Татварын хяналт шалгалт хийх тусгай удирдамж, 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 3621501182 дугаар Татварын хяналт шалгалт хийх томилолт зэрэгт эрсдэлд үндэслэн хийгдэж байгаа хяналт шалгалт болохыг тодорхойлоогүй байгаагаар нотлогдоно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1-т Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 34.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж хуульчилсан.

Маргааны гол үндэслэл болсон 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 3621501182 дугаар томилолт, түүний 6.1.Удирдлагын шийдвэрээр-Иж бүрэн гэсэн хэсгийг дүгнэхийн тулд дээр дурьдсан хууль тогтоомжийн зохицуулалт, тодорхойлолтоос гадна тухайн томилолтын өмнөх болон дараах томилолтуудыг ч гэсэн авч үзэх ёстой.

Тодруулбал 2021 оны томилолтын өмнөх томилолт болох 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2120802003 дугаар томилолтын 6.1-т Эрсдэлд суурилсан гэж хяналт шалгалтын үндэслэлээ бичсэн, 2021 оны томилолтын дараагийн томилолт болох 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 3624200844 дугаар томилолтын 6.1-т Эрсдэлд суурилсан-Бүрэн (Татварын маргаан таслах зөвлөлийн түдгэлзүүлсэн тогтоолоор) гэж зааснаас тус тус харахад Томилолт, түүний 6.1 дэх заалтад татварын хяналт шалгалтын Үндэслэл болон Төрөл аль аль нь бичигддэг болох нь нотлогдоно.

Хэрэв шүүгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, 34.2-т заасан зохицуулалтын шаардлагыг хангаж нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн бол дээрх нөхцөл байдлыг дүгнэх ёстой байсан.

3.5.Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т ...нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ гэж хуульчилсан бол,

41 дүгээр зүйлийн 41.13-т Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга баталж, мөрдүүлнэ гэж хуульчилсан.

Энэ дагуу Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн A/34 дугаар тушаалаар батлагдсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 7.1-т Нөхөн ногдуулалтын акт-ын загвар маягтыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална гэж, уг тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Нөхөн ногдуулалтын актын загварт татварын хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан, эсхүл татвар төлөгчөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу гэсэн хоёр үндэслэлийн алинаар нь хийсэн болохыг тодорхой тусгахаар баталсан байдаг.

Мөн журмын 7.6-д Нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх болон тогтоох хэсгээс бүрдэнэ гэж, 7.6.1-т тэмдэглэх хэсэгт хяналт шалгалтад хамрагдаж байгаа татвар төлөгчийн мэдээлэл, хяналт шалгалт хийх үндэслэл, өмнөх хяналт шалгалтад хамрагдсан байдал шийдвэрлэлт, татвар төлөгчийн татварын ногдуулалт, төлөлтийн байдал /татварын төрөл, он тус бүрээр/, хөндлөнгийн мэдээллийн ашиглалт, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн утга, дүн, зөрчсөн хууль тогтоомж, эрх зүйн баримт бичиг, татварын акт үйлдэх үндэслэл зэргийг тусгахаар, 7.8-д Нарийн төвөгтэй хяналт шалгалт хийсэн тохиолдолд хяналт шалгалтын ажлын тайлан бичнэ. Тайлан нь дараах мэдээллийг багтаасан байна, 7.8.1-т татварын хяналт шалгалтын зорилго, агуулга, үндэслэл гэж тус тус зохицуулсан.

Энэ дагуу татварын улсын байцаагчид хяналт шалгалтын ажлын тайлан бичээгүй байдаг бол тэдний гаргасан 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн НА-36230000002 дугаар Нөхөн ногдуулалтын актад Удирдлагын шийдвэрээр-Иж бүрэн гэж хяналт шалгалтын үндэслэл, төрлийг тодорхойлсон байгаагаар тэд хууль зөрчих замаар хуулиар зөвшөөрөөгүй үндэслэл болох Удирдлагын шийдвэрээр гэх хууль бус үндэслэлээр татварын хяналт шалгалт хийсэн болох нь тогтоогдоно.

Хэрэв татварын байцаагчид М******* ГХОХХК-ийг хуулиар зөвшөөрсөн үндэслэлээр буюу эрсдэлд үндэслэн шалгасан бол энэ талаараа Нөхөн ногдуулалтын актдаа хамгийн түрүүнд бичих нь тодорхой боловч тэгээгүй нь М******* ГХОХХК-ийг шалгах үндэслэл хуулийн дагуу бүрдээгүй байсны нотолгоо юм.

Хууль тогтоомж, дүрэм журмаараа ч татварын хяналт шалгалтын үндэслэлээ актдаа тодорхой бичих үүрэгтэй бөгөөд энэ дүрэм журмынхаа дагуу бичсэн үндэслэл нь Удирдлагын шийдвэрээр гэх үндэслэл юм.

Түүнчлэн хариуцагч татварын улсын байцаагчдын 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн НА-36230000002 дугаар Нөхөн ногдуулалтын актад гаргасан М******* ГХОХХК-ийн гомдлыг шийдвэрлэсэн Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 02 дугаар тогтоолд ... М******* ГХОХХК-ийн ...хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Удирдлагын шийдвэрээр иж бүрэн шалгалтыг татварын хяналт шалгалтын ерөнхий удирдамж, тусгай удирдамжийн хүрээнд 3621501182 дугаар томилолтоор... хийсэн байна гэж дүгнэснээр давхар нотлогдоно.

Өөрөөр хэлбэл энэ тогтоолд хариуцагч татварын улсын байцаагчид М******* ГХОХХК-ийг Татварын ерөнхий хуульд зааснаар эрсдэлд үндэслэн шалгасан талаар тэмдэглэгдээгүй, эсрэгээрээ удирдлагын шийдвэрээр шалгасан болохыг тусгасан байна.

Дээрх үндэслэл, нотлох баримтуудаар М******* ГХОХХК-д хуульд заагдсан үндэслэл, журмын дагуу татварын хяналт шалгалт хийгдээгүй, хууль зөрчсөн татварын хяналт шалгалт хийгдсэн болох нь тогтоогдож байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2025/0267 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангасангүй.

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох шийдвэр гаргана гэж заасан, гэтэл энэ тохиолдолд шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 5921 дүгээр захирамжаар татварын улсын байцаагчдын 2023 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн НА36230000002 дугаар нөхөн ногдуулалтын актыг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагаар захиргааны хэрэг үүсгэхээс өмнө энэхүү акт хүчингүй болсон, өөрөөр хэлбэл Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 2 дугаар тогтоолоор дээрх актыг түдгэлзүүлж, дахин шалгуулахаар татварын албанд буцаасны дараа мөн оны 5 дугаар сарын 7-ны өдөр НА-360000003 дугаар нөхөн ногдуулалтын акт гарснаар Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.12-т заасны дагуу өмнө гаргасан нөхөн ногдуулалтын акт хүчингүй болжээ.

Иймд хугацааны болон хууль зүйн үр дагаврын хувьд нэгэнт хүчингүй болсон актыг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагаар захиргааны хэрэг үүсгэх нь ач холбогдолгүй боловч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 8468 дугаар захирамжаар шүүхийн харъяаллын бус гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн мөн оны 893 дугаар тогтоолоор маргаж буй нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгчид татварын өр төлбөр төлөх үүргийг үүсгэж, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон, дээрх хуулийн 122 дугаар зүйлийн 122.7-д зааснаар энэхүү тогтоол эцсийн шийдвэр байх тул шүүх маргааныг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

2.Нэхэмжлэлийн болон давж заалдах гомдлын үндэслэл нь 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 3621501182 тоот Татварын хяналт шалгалт хийх томилолт-ын 6.1.Татварын хяналт шалгалтын төрөл: хэсэгт 6.1.Удирдлагын шийдвэрээр-иж бүрэн гэж бичсэнтэй холбогдуулж маргасан, энэ нь ч маргаан бүхий нөхөн ногдуулалтын акт болон Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 2 дугаар тогтоолд тодорхой тусгагдсан байна.

Татварын хяналт шалгалт хийх үндэслэл, хэлбэрийг Татварын ерөнхий хуулиар, харин төрлийг журмаар тус тус зохицуулсан байх бөгөөд дээрх томилолтын 6.1-д заасан Удирдлагын шийдвэрээр гэсэн хяналт шалгалтын төрөл хууль, журмын аль алинд нь байхгүй, тухайлбал уг хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т Татварын алба татварын хяналт шалгалтыг бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ гэж заасан, хэдийгээр давж заалдах гомдолд дурдсан Татварын ерөнхий газрын даргын 2029 оны А/264 дүгээр тушаалаар батлагдсан журам хүчингүй болсон ч тус газрын даргын 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам-ын 2.9-д хяналт шалгалтыг гүйцэтгэх ажлын цар хүрээнээс хамаарч энгийн, хялбаршуулсан, нарийн төвөгтэй хяналт шалгалтын төрлөөр хийхээр зохицуулжээ.

Иймд шийдвэрийн 13-т томилолтод /Удирдлагын шийдвэрээр-иж бүрэн/ гэсэн нь маягтад тусгагдсанаар хяналт шалгалтын төрөл боловч хууль зүйн хувьд хяналт шалгалтын хэлбэр гэх ойлголтод хамаарна гэсэн агуулгаар дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Мөн М******* ГХОХХК нь эрсдэлийн үнэлгээгээр 92.49 хувьтай гарсантай холбогдуулан эрсдэлд үндэслэсэн, иж бүрэн хяналт шалгалтыг хийсэн гэх хариуцагчийн тайлбарыг томилолтод Удирдлагын шийдвэрээр гэж бичсэнээр бүхэлд нь үгүйсгэх, цаашлаад нөхөн ногдуулалтын актаар тогтоогдсон зөрчлүүдтэй тухайлан маргахгүй байгаа энэ тохиолдолд зөвхөн татварын хяналт шалгалтын хэлбэрийг зөв тодорхойлсон эсэхээс хамаарч актыг хууль бус байсан болохыг тогтоохгүй, тогтоосноор ч нэхэмжлэгчид сэргээгдэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй болно.

Учир нь маргаан бүхий 2023 оны НА360000002 болон 2024 оны НА36240000003 тоот нөхөн ногдуулалтын актын аль аль нь нэхэмжлэгчийн 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд хүлээлгэсэн хариуцлага тул нэхэмжлэгчээс одоогийн хүчинтэй 2024 оны акттай маргахад нэгэнт хүчингүй болсон 2023 оны актыг хууль бус байсан болохыг тогтоосон эсэхээс үл хамаарч хууль зүйн хувьд ямар ч эерэг болоод сөрөг үр дагавар үүсгэхгүй.

Энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тодруулахад нэхэмжлэлийн шаардлага хангагдах тохиолдолд цаашид татварын хяналт шалгалтад хууль бусаар шалгагдахгүй байх эрх, ашиг сонирхол хамгаалагдана гэх боловч нэхэмжлэлийн шаардлага, тэр тусмаа Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 2 дугаар тогтоолоор маргаан бүхий актыг түдгэлзүүлсэн шалтгаантай энэхүү тайлбар тус тус нийцэхгүй байна.

Харин 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс өмнөх болон дараах 2020, 2024 оны томилолтуудад Татварын хяналт шалгалтын төрөл хэсэгт Эрсдэлд суурилсан-бүрэн гэж бичиж байсан талаар давж заалдах гомдолд дурдсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдох боловч энэ нь уг томилолтын дагуу хийсэн шалгалтаар илэрсэн зөрчилд ногдуулсан нөхөн ногдуулалтын актыг хууль бус байсан болохыг тогтоох хангалттай үндэслэл болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2025/0267 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М******* ГХОХХК-ийн дэд захирал Ж.О*******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ   А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ Д.ОЮУМАА

ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН