| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00323/И |
| Дугаар | 00411 |
| Огноо | 2019-08-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 00411
| 2019 оны 08 сарын 20 өдөр | Дугаар 153/ШШ2019/00411 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Мянгад сум, Баянбулаг багт оршин суух, ... дугаарын регистртэй, Тольтон бургууд овогт Ц-ийн Бийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Ц.Б нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1968 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн сургуульд 1976 онд элсэн орж 1984 оны 06 дугаар сарын 10-нд 8 дугаар ангиа төгссөн. Улмаар Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Хонгио бригадад эцэг, эхийн хамт 1990 оныг дуустал тасралтгүй хоньчноор ажиллаж байсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт хийсэн байсан боловч би хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэний улмаас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1984 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Ц.Б нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Миний бие хөдөө мал маллаж ганцаараа амьдардаг тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна Иймд шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагч Ц.Б нь 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ц.Б нь 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 674 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио бригадын 1984 оноос 1987 он, 1989 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс
Хүсэлт гаргагчийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нээлгэсэн 1436351 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Хүсэлт гаргагч Ц.Бийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 126/002305 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 126/002304 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
Гэрч С.Амгалангийн ...Миний бие 1964 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын сургуулийн 4 дүгээр ангийг төгссөн. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 2 дугаар бригадад эцэг эхийн хамт 1970 оныг хүртэл мал малласан. 1970 оноос 1991 оныг хүртэл тус нэгдэлдээ малчнаар ажиллаж бафйгаад тэтгэвэртээ гарсан. Хүсэлт гаргагч Ц.Б нь 1984 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио бригадад эцэг эхийн хамт малчнаар ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг,
Гэрч Ж.Баттулгын ...Миний бие 1964 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын сургуулийн 4 дүгээр ангийг төгссөн. Улмаар сургуулиас гарч эцэг эхийн хамт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио бригадад хамтдаа малчнаар ажиллаж байсан. Тухайн үед Ц.Б нь 1984 онд 8 дугаар ангийг төгсөөд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио бригадад эцэг эхийн хамт малчнаар ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг болон Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Ерөнхий боловсролын сургуульд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ц.Бийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Харин хүсэлт гаргагчийн 1984 оноос 1986 оныг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэх шаардлага нь баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Тольтон бургууд овогт Цэвээгийн Бийг 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ц.Бийн 1984 оноос 1986 оныг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ