Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 00412

 

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 153/ШШ2019/00412

Ховд аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

    

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би,

нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Наран багийн 01-15 тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Ители овогт С-ы Кийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг, 2-3 тоотод оршин суух, .... дугаарын регистртэй, Эмч овогт Энхээгийн Бд холбогдох 648,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.К нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие 2018 оны 2 дугаар сарын 03-ны өдөр 798,000 төгрөгийн үнэ бүхий төмс хүнсний ногоо, алим жимс, өндөг өгсөн. Уг ногооны үнэ мөнгийг 3 хоноод шилжүүлнэ гэж хэлээд авч явсан боловч тухайн үед арай ядаж 150,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 648,000 төгрөгийг удаа дараа очиж нэхсэн боловч худал хэлээд өдий хүрлээ. Мөн шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандаж өргөдөл өгсөн боловч тэднийг утсаар дуудах, мэдэгдэх хуудас өгөх зэргийг үл ойшоон ирсэнгүй. Иймд 648,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Э.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр иргэн Мариягаас 538,000 төгрөгийн ногоо хүлээн авсан боловч бүгд хөлдүү зарах боломжгүй байсан. Гэвч иргэн Мария нь өгсөн үнээ нэмээд нөхөр С.Кийг явуулж байгаад гомдолтой байна. Миний бие нийт 648,000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сараас эхлээд төлнө. Татгалзах зүйлгүй. Хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.К нь Э.Бд холбогдуулан 648,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Б нь С.Каас авсан 648,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Кийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Бгаас 648,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 20,090 төгрөгийн тал хувь болох 10,045 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.

Хариуцагч Э.Б нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч С.Кийн нэхэмжлэлтэй, Э.Бд холбогдох 648,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 648,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Кийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 10,045 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.ОЮУН-ЭРДЭНЭ