| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2023/0003/э |
| Дугаар | 2023/ШЦТ/55 |
| Огноо | 2023-05-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Мөнхдөл |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/55
2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дугаар 2023/ШЦТ/55 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Б.Мөнхдөл,
Шүүгдэгч Н.М,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Нийн Мт холбогдох 2328000000079 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Шүүгдэгч Н.М нь 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн орчим Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруунсайханы 27-04 тоотод иргэн Б.Цтай маргалдан бие эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Н.М яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед би гэрээ янзлах гээд байж байхад Ц архи бариад ирсэн. Э байсан. Ц манайд очиж ууя гээд явсан. Уусан архи дуусаад дэлгүүр ороод буцаад очсон. Хамт архи ууж байхад жааз хагалаад уурласан. 2-3 хоног болоод очиход надад юм хэлээгүй. Би сургалтаар сум руу яваад 03 дугаар сарын 09-ний өглөө ирэхэд цагдаагаас дуудсан гэв.
Хохирогч Б.Цын мэдүүлэгт: 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн үед надтай сургуульд сурч байсан М нь миний танихгүй хоёр залуугийн хамт манайд ирсэн. Тухайн үед манай гэрт хүн байгаагүй би гэртээ ганцаараа байсан гаднаас тэр гурав орж ирэхдээ 0,75 литрийн нэртэй архи авч ирсэн. Тэр цаг хугацаанд бол би эрүүл гаднаас орж ирсэн гурван залуу архи согтууруулах ундааны зүйл ууж хэрэглэсэн байдалтай согтуу байсан. Тухайн гурван залуугаас Мыг нөгөө хоёрыг нь танихгүй. Авчирсан архийг ууж дуусгаад М нэг найзтайгаа хамт хүнсний дэлгүүр орж нэмж архи авчрахаар манайхаас явсан харин манай гэрт Мын найз гэх залуу цуг байсан нөгөө залуу Мыг буцаж ирэхээс өмнө манайхаас явчихсан юм. Чухам хаашаа явсан талаар хэлж мэдэхгүй байна. М буцаж ирээд надад уурлаж манай найзыг чи явуулчихлаа гэж хэлээд миний толгой хэсэг рүү цохисон тэрний дараа өөрийнхөө гутлын түрүү хэсэгт байсан ногоон өнгийн иштэй хутгаар миний хүзүү болон баруун гарыг зүсэж улмаар баруун хөлийн дотор хэсэгт гэмтэл учруулсан. Тухайн үед Мтой цуг явсан найз нь салгах гэж оролдсон боловч дийлдэхгүй намайг ална гэж хэлээд байсан тул би гэрээсээ гарч зугтаасан хүний утсаар түргэн тусламж дуудаж эмнэлэгт очсон тэгээд баруун хөл хэсэгт оёдол тавиулж эмчилгээ хийлгэсэн гэжээ. /хавтаст хэргийн 18 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч Б.Цын мэдүүлэгт: М бид хоёр багийн найзууд хэн хэнийгээ сайн таньж мэднэ. Эм авч тухайн үед хэрэглэсэн одоо би найзаасаа ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй гэжээ. /хавтаст хэргийн 21 дэх тал/
Гэрч Б.Цийн мэдүүлэгт: Миний дүү Цыг өчигдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр М гэх эрэгтэй зодож улмаар хутга гаргаж ирээд биед нь халдсан байсан гэжээ. /хавтаст хэргийн 23 дахь тал/
Гэрч М.Эын мэдүүлэгт: 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 11 цаг өнгөрч байхад Ц, М хоёр манай гэрийн гадна ирээд над руу утсаар залгаж гараад ир гэдгийг хэлсэн. Иймд өөрийн гэрээс найз Ууганбаатарын хамт гарч ирэхэд М, Ц хоёр 0.75 литрийн Хараа нэртэй тал архитай ирсэн. Манай гэрт орох гэхээр нь нялх хүүхэд байгаа манай гэрт архи уух боломж байхгүй гэдгийг хэлэхэд Ц манайх руу явъя гэсэн Ц манай хоёрын гэр өөр хоорондоо ойрхон байдаг тул Цын гэрт Ууганбаатар, Мөнх- Очир гэрийн эзэн Ц бид дөрөв очсон. Цын гэрт нь хүн байгаагүй тул нөгөө 0.75 литрийн Хараа нэртэй архийг Ц, М бид гурав хувааж ууссан харин миний найз Ууганбаатар бол архи ууж хэрэглээгүй. Ууж байсан архи дуусчихсан учир нэмж архи авахаар М бид хоёр хүнсний дэлгүүр явсан. Харин Цын гэрт Ууганбаатар, Ц хоёр үлдсэн. М бид хоёр Хүнсний дэлгүүр ороод буцаж Цын гэрт ирэхэд Цын хашааны баруун талаас явган алхаж ирсэн. Тэгээд Ууганбаатарыг яасан гэхэд Ц би тэр залууг хөөж байгаад ирлээ гэж хэлсэн. Гэрт нь ороод архи уух гэж байтал М зүгээр байгаа хүнийг чи яагаад хөөж туудаг юм бэ гэхэд Ц авдар байсан зургийн жаазыг гараараа цохиж шилийг нь хагалсан. Тэгтэл М гэнэт уурлаж Цын мөрнөөс бариад авсан би Мыг харахад зүүн гарт нь ногоон өнгийн иштэй хутга байсан. Тэр хоёр дундуур орж Мыг гэрийн зүүн талын ор луу түлхэж хааж зогссон. Тэгэхэд тэр хоёр хэн хэнийгээ ална гэж ярьсан. Би ангийн хүүхдүүд байж архи ууж чадахгүй гэхэд М уухаар авчирсан байсан архины шилийг нь Цын гэрт хагалсан тэгэхэд Ц гэрээсээ гараад баруун тийш явган явсан гэжээ. /хавтаст хэргийн 27-28 дахь тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 91 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Цын биед тархины доргилт, зүүн нүдний дээд болон доод зовхины цус хуралт, дагзны эсгэгдсэн шарх, баруун өвдөгний зүсэгдсэн шарх гэмтэл үүсчээ. Дагзны эсгэгдсэн шарх, баруун өвдөгний зүсэгдсэн шарх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хавтаст хэргийн 35-36 дахь тал/
Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12 дахь тал/
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт гэжээ. /хавтаст хэргийн 47 дахь тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 48 дахь тал/
Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 49 дэх тал/
Иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 50 дахь тал/
Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, зөрчлийн хэргийн шийдвэрлэлт /хавтаст хэргийн 52-57 дахь тал/
Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 58-66 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 67 дахь тал/
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 69-74 дэх тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:
Шүүгдэгч Н.М нь 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн орчим Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруунсайханы 27-04 тоотод иргэн Б.Цтай маргалдан бие эрх чөлөөнд нь халдаж тархины доргилт, зүүн нүдний дээд болон доод зовхины цус хуралт, дагзны эсгэгдсэн шарх, баруун өвдөгний зүсэгдсэн шарх гэмтэл учруулж бие эрх чөлөөнд халдсан үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.
Шүүгдэгч Н.М нь 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн орчим Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруунсайханы 27-04 тоотод иргэн Б.Цтай маргалдан эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Цын мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/, гэрч Б.Цийн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/, гэрч М.Эын мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 91 дугаартай шинжээчийн “ Б.Цын биед тархины доргилт, зүүн нүдний дээд болон доод зовхины цус хуралт, дагзны эсгэгдсэн шарх, баруун өвдөгний зүсэгдсэн шарх гэмтэл үүсчээ. Дагзны эсгэгдсэн шарх, баруун өвдөгний зүсэгдсэн шарх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй “ гэх дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Мын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ногоон иштэй хутга нь ахуйн зориулалтаар ашиглагдах ба бусдын эрүүл мэнд халдахад ашигласнаар хүйтэн зэвсэгт хамаарч байна.
Шүүгдэгч Н.Мын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Цын эрүүл мэндэд тархины доргилт, зүүн нүдний дээд болон доод зовхины цус хуралт, дагзны эсгэгдсэн шарх, баруун өвдөгний зүсэгдсэн шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 91 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч Н.М нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Цын бие эрх чөлөөнд халдаж, тархины доргилт, зүүн нүдний дээд болон доод зовхины цус хуралт, дагзны эсгэгдсэн шарх, баруун өвдөгний зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ц нь мөрдөн байцаалтын шатанд “М бид хоёр багийн найзууд хэн хэнийгээ сайн таньж мэднэ. Эм авч тухайн үед хэрэглэсэн одоо би найзаасаа ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй” /хавтаст хэргийн 21 дэх тал/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.Мыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Мын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Н.М хувийн байдлын хувьд зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Мын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ногоон иштэй хутга шүүгдэгчийн хүнс авахдаа хэрэглэдэг ахуйн зориулалтаар ашигладаг хутга ба бусдын эрүүл мэндэд халдахад уг хутгыг ашигласан үйлдлийг хүйтэн зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Н.М гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Н.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгч Н.М нь хэлэх зүйл байхгүй гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй байх зэрэг нь шударга ёсны зарчим байхаар хуульчилсан.
Шүүх шүүгдэгч Н.Мын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Мт шүүхээс оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.М цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн нийт урт 25 см, хар ногоон өнгө алагласан хуванцар бариул хэсгийн урт 12 см, ажлын хэсгийн урт 10.6 см хэмжээтэй Columbia гэсэн бичиглэлтэй метал хутгыг шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.М өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Нийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мт 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Н.М 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Columbia” гэсэн бичиглэлтэй хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
6. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ц шүүгдэгч Н.Моос хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч Н.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Н.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ